Аймгийн Алдарт уяач Х.Санги: Ургамлаар уясан нь удаан, тариагаар явсан нь түрүүлдэг юм биш

А.Тэлмэн
2016 оны 11-р сарын 01 -нд

Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат, аймгийн Алдарт уяач Хоролын Санги гуайн яриаг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1937 онд Баянговь сумын нутаг Худаг хөөвөр хэмээх газар төржээ.
-Хурдан хүлгийн хийморьт сүслэх болоод хэдий хугацааг өнгөрөөж байна вэ?
-Багаасаа л адуунд дуртай хүүхэд явлаа. Энэ хүсэлдээ хөтлөгдөөд адуучин болж, цэрэгт явдагийнхаа өмнөх зун нэгдлийн адуунаас цагаан хондлойтой хүрэн даага уясан юм. Тэгээд Баянговь сумын наадамд тавлуулсан. Тэр бол 1958 он. Эндээс их урам авсан л даа. Улмаар 1961 онд цэргээс халагдсан жилээ Налайхын уурхайд ажилд орж, жилийн дараа нутагтаа  ирээд Худалдаа бэлтгэл ангид кассын эрхлэгчээр суусан юм. Энд хоёр жил ажиллахдаа адуу мал оролдмоор санагдаад, сэтгэл тогтдоггүй. Ингээд 1963 онд өөрийнхөө унаган шүдлэн үрээг уяж, намрын спартикиадад мордуулсан нь таваар ирдэг юм. Хойтон нь бас уяад түрүүлгэсэн. Эхэндээ таван жил хэртэй бага нас уяж байгаад 1968 оноос хээр морь, хурдан хүрэн азаргаараа цууд гарсан. Энэ амжилтаараа явсаар 1993 оны үеэс ах дүү хурдан зээрдүүд, бас жороогоороо наадах болсон юм. Ингээд 2000 он хүртэлх хугацаанд 16 түрүү, 41 айргийн амжилтаараа Баянхонгор аймгийн Алдарт уяач болж байлаа.
-Таны уясан морьдоос хамгийн өндөр амжилт үзүүлсэн ямар хурдан хүлэг байна вэ?
-Миний өөрийн унаган хүрэн азарга байна. Өөр нэг Жартгай хээр морь гэж байлаа. Өрөөсөн нүд нь жартгай болохоор ингэж нэрлэсэн юм. Энэ болохоор авмал адуу л даа. Их догшин морь байж билээ.
-Хүрэн азарга ямар амжилт гаргаж байв?
-Би ер нь азаргаар сайн уралддаг. Зургаан жил дараалан сумандаа түрүүлгэсэн. Төлүүдээс нь  2000 онд “шавхрууг” нь бараад дуусав. Зуданд нэг хэсэг нь яваад өгсөн. Ганц нэгийг нь тэжээж байсан ч тэр нь хортой байсан уу, эсвэл тэр жил тийм авлагатай байсан алдсаан. Уг нь өөрийнхөө морийг тэжээгээд үхүүлэх нь битгий хэл, өөрөөрөө хэвтсэн морийг босгоод л ирдэг хүн дээ, би. Харин тэр үед яагаад ч бараагүй.
-Хэдэн онд юм?
-2000 онд манай энд айхтар зуд болсон юм. Манай хүүгийнх дөрвөн адуу тэжээгээд дөрвүүлээ үхчихсэн. Тарган байсан ч цаг хэцүүдээд тураад тэжээл өгсөн ухаантай.
-Жартгай хээрийнхээ тухай ярьж өгөөч? Хаана, хаана уралдаж ямар амжилт гаргаж байв.
-Жартгай хээр бол баяр наадамд түрүүлж байгаагүй. Тэгсэн хэрнээ айргаар л орно. Хаанаас ч явсан ороод ирнэ. Татсаар байгаад ирдэг тийм морь байсан. Баянговийн нэгдлийн 20 жилийн ойгоор очиж уралдаж байлаа. Тэгэхэд унаач шинэ, дээр нь охин хүүхэд унаад гарсан, сугараад ирж байна. За энэ наадамд ч авах нь дээ гэж бодсон нэг 69 гарч ирээд урдуур нь хэрчихсэн. Тэгж байтал хойноос нь хоёр хээр морь ороод ирсэн ч миний морийг гаргадаггүй дээ. Ингэж булхайцаад Баянговийн хоёр морь орж, хээр морь гуравласан. Тэр наадамд миний хүрэн азарга зургаа түрүүлчихээд очиж уралдаад газраа алдаад аман хүзүүдсэн.
-Өөр ямар том наадамд оролцож байсан бэ?
-Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн 360 жилийн ойгоор гантай жил байсан ч тоо нэмье, тоосонд нь морио хутгаад авъя гэж  бодоод хүрч очсон. Гурван морь, нэг жороотой очоод нэг нь 99-ээр, хоёр нь 200 гаргаад ирсэн. Харин жороо нь 75 мориноос долоо дээр ирсэн. Гэхдээ тэр бас явдалтай уралдаан болсон. Үдээс өмнө 1000 гаруй морь уралдаж байгаа юм чинь. Бүртгэсээр байгаад тэр. Удаад байхаар нь майхан руугаа морьдоо явуулаад хүүхдүүдээ “эндээ байж бай” гээд үлдээчихсэн чинь Баян-Овоогийн морьдыг бүртгээд эргэчихдэг юм . Тэгэхэд тэр холоос гарсан хондон морио сайн л давхисан гэж боддог.
-Хондон хаанахын морь байсан юм?
-Манай унаган адуу. Би Жартгай хээрийг, хээр азаргатайгаа хүнээс авсан. Тэрнээс өөрийн унаган адуугаараа наадаж байсан.
-Жартгар хээр чинь хаанахын адуу билээ?
- Богдын Овгорын Бямбаагийн унаган адуу байсан. Хүнээр дамжигдаж ирсэн ааш муутай амьтан байгаа юм. Тухайн үедээ хивс тохом 1000-тай байхад өгөөд, дээр нь 150 төгрөг бэлнээр өгсөн. Одоогоор бол сая төгрөг юмуу. Жамъян гэж багш авчраад “жоохон ааш муутай морь байгаа юм. Тэрнээс гайгүй удамтай” гэж өгч байлаа. Ах нь одоо энд ирээд уралдаад байгаа Шархүүгийн хээр морь шүү дээ.  Авчихаад унаад явсан, явдаггүй ээ. Арай гэж унаж очоод адуундаа тавьчихсан. Удсан ч үгүй “энэ уул руу Шинжингийн адуун дотор бух шиг улаан морь, шарга үрээтэй бараа хараад л хамар хадаад байна” гэнэ. Би ч өнөө хээр байна даа гэж бодоод асуувал улсууд “мөн байна” гэлээ. За яаж барьдаг билээ л гэж бодсон. Тэгээд уургын бор морио унаад явсан уулын цаагуур хамар хадаад тачигнаад явчихсан. Цаашлаад нүүх гэж байсан айлын чөдөртэй адуунууд руу ороод сая нэг зогслоо. Хөлд нь суувал баригдах болов уу, яах бол гэж бодоод хөлд нь суусан хамраа татаад л ухраад байна. Би ч идэрхэн, адууны дайсан явлаа. Хөлд нь тушаад авчихвал болно гэж бодоод тушаад, хойд хөлийг нь чөдөрлөөд авсан. Тэгээд эмээллээд мордчихсон, булгинаа гэж тамтаггүй. Би жоохон давхиад ирье гэсэн хажууд байсан айлын хүн “чи мориноос унаж үхэхвий дээ яанаа. Наадах чинь яасан сүрхий морь вэ. Бор морио унаад явахгүй юмуу” гэж түгшсэн байртай хэллээ. Би ч зүгээр ээ гээд л зүтгэчихсэн. Ингэж “дүрсгүйтэж” эхэлсэн хээр морь тэр жилээ суманд уралдаад тавласан.
-Хэд айрагдсан юм бэ?
-1968-1980 он хүртэл уралдсан. Хөөрхий 25 хүртлээ хурдалсан. Бүүр 25-тайд нь манай том хүү унаад айргийн таваар ирж байлаа. Хойтон жил нь адуу туугаад явж байсан ганцаараа салаад Шар толгойн оройд гараад зогсчихсон. Юм ч бодсонгүй хойноос гүйгээд ирэх биз дээ гээд орхичихсон, байдаггүй ээ. Хүн амьтнаас сурвал “чиний хээр морь мухар гүний тэнд үхсэн хэвтэж байна лээ” гэх нь тэр. Жамаараа л явсан даа. Би толгойг нь аваад арын хаданд аваачиж тавьсан.
-Өөр таныг олонтаа баярлуулсан ямар хүлэг байв?
-Өөр нэг хондон азаргатай байлаа. Манай эндэхийн унаган адуу. Би худалдаж авсан юм. Надад ирээд хоёр түрүүлж, гурав айрагдаад зөнөсөн. Сүүлд отгон хүүдээ унуулж гурав дээр ирүүлээд, зодгийг нь тайлсан. Түүнээс нэг их удалгүй зуны нэг сайхан өдөр хөлөө жийж хэвтээд л яваад өгсөн дөө.
-Та азарганы уяа сойлгыг илүүтэй тааруулдаг бололтой. Ер нь азарга уяхад юун дээр онцгой анхаарах ёстой юм бэ?
-Азарганы уяаг хавраас эхэлдэг. Дөрвөн сарын 10-даас хөлсийг нь гаргаад, эмээлийн тоо 20 гараад ирчихсэн байхад зундаа уяа шаардахгүй. Зун 10,15 хоногийн уяа хийвэл хийнэ. Гэхдээ одоо ч өөр болж дээ. Хаврын уяа хийдэг ч юм уу, үгүй ч юм уу. Харж байхад өдөр болгон тарчлаагаад байх юм. Бидний үед ургамлаар л уяж байсан юм чинь. Тэгэхэд одоо унаган биеийг нь тариагаар нэг, дотроос нь тэжээлээр нэг бөмбөгдөхийг яана.
-Азарганы уяан дээр ороог нь гаргана гэж бас нэг ажил байна, тийм ээ?
-Тиймээ. Яг орооны үед сайн эдэлчихдэг юм. Тэгэхээр хаврын тэр гүйдлийг нь хориод байна гэсэн үг. Тэгж байсан азарга ер нь дээгүүр ирнэ шүү.
-Та хэдэн гүү хураалгадаг юм бэ?
-Сайн л бол таван гүү хураалгана. Хурдан азарганд олон гүү дэмий.
-Зун уяаны үеэр буцаж азаргасаад байхгүй юу?
-Гайгүй ээ. Гүүнүүдээ хамгаалахад л болно. Унаад хөлсийг нь гаргаад л тавиад байна. Тэгж хөлөргөөд хаяад байхаар гүүгээ дагаад яваад байна. Би хурдан хүрэн азаргаа хавар зогсоогоод хаядаг байсан. Тэгэхэд хүмүүс “энэ зун уралдахгүй ээ, хайран азарга” гэж л байсан. Харин зун нь ганцаараа тасархай ирж байлаа. Би ер нь азаргыг дандаа тэгж уяна. 20 гаруй хоног эмээллэчихнэ. Тэгээд л тавьчихна. Зургаан сараас хойш эмээллэхгүй байгаад наадмаас 11 хоног дутуу байхад догшин азарга авчирна даа. Тэгээд 10 хоног уячихаад 11-ний өглөө наадамд аваад очно. Тэгээд л гурав үсэргэнэ. Үсэргээнд өөрөө дэвхийгээд л ирнэ. Азарга чинь өөрийгөө уяад сурчихдаг юм. Тэгэхэд өнөөдөр улсууд өдөр болгон үсэргээд л, тамир оруулдаг ч юм уу, үгүй ч юм уу. Биднийг ид морь уяж байхад уяачид хоорондоо их найрсаг. Ойролцоо байгаа уяачид төдөнд үсэргэнэ шүү цугаараа ирээрэй гээд зарлачихна. Товлосон өдрөө ирцгээгээд үсэргэчихнэ. Тэрнээс ганц нэгээр нь тарлахгүй. Бөөн бөөнөөр нь л тарлана шүү дээ.
 “Хүлгийн сайныг унаж таньдаг, хүний сайныг ханилж таньдаг” гэж ахмадуудын үг байдаг даа. Тэр бол яг үнэн шүү. Морийг унаж л танина. Яахав гаднаас нь хараад энэ давхина, энэ явахгүй нь гэж бууна. Гэхдээ унаж байж илүү танина.  Эндээс морио ажиглана. Өлсгөөд байвал давхихаар байна уу, цатгаландаа илүү байна уу гэхчилэн. Зарим морь хөлс аваад л унаад байхаар дэвхийгээд байна, зарим нь муудаад ирдэг. Зарим нь махтай, бяртай хурдтай байдаг байхгүй юу. Яг л бөх шиг их иддэг тэр хэрээрээ ч бяртай. Би чинь хар багаасаа морийг үзэж явсан болохоор барагцааг  нь мэднээ. Ийм морь иймэрхүү явна, тийм морь тэгж давхина гэж.
-Уяа сойлго тааруулсан энэ жилүүдэд тохиосон хамгийн сайхан наадам хэзээ байв?
-Алийг нь сайхан, алийг нь муухай гэхэв. Бүгд сайхан байсан. Эндээс сумын 70 жилийн ойгоор хамгийн өндөр амжилт үзүүлсэн. Дөрвөн морь уяад дөрвүүлээ айрагт орж байлаа. Тухайн үедээ “Баянлигт морь уядаг хүн Санги л юм” гэж яригдаж явсан.
Тэр өдрийн айргийн таван морийг урьдчилаад хэлэхээр хүмүүс их гайхана. Далайгийн хурдан хүрэн морь гэж байлаа. Миний ах дүү хоёр зээрд морьтой ана мана үзэх адуу л даа. Битүүхэндээ “Далайгийн хүрэн морины өмнө орчихвол, эвгүй дээ. Уяа нь ямар ирдэг бол” гэж бодож суутал өнөөх чинь хүрээд ирлээ. Тэгээд “за ахаа миний хүрэн морь ямар байна” гэнэ. Тэгэхээр нь би хараад “хурдан морийг муу эзэн алж дээ. Би чиний хүрэн мориноос айгаад суусан одоо айхааргүй болчихжээ. Хоол нь багадчихаж. Яахав хүрэн морь хэсэг хөтөлнөө. Гэхдээ Шанаадаг дээр ирж чадах нь уу, үгүй юу тэгээд буцах байх даа. Харин хажуугаар нь миний хоёр хондон морь гараад ирэх юм байна” гэчихлээ. Тухайн үедээ дургүйлхсэн маягтай дуугүй яваад өглөө. Дараа нь ярихнээ дотроо “юу яриад байгаа юм, дээрэлхэж байх шив дээ” гэж бодсон гэсэн. Ингээд уралдсан нээрээ Шанаа жоохон өнгөрөөд  дайрагдаад унасан. Хойноос нь миний хоёр зээрд морь орж ирж дайраад гараад явчихсан юм. Түүнээс хойш өвгөн ёстой муухай хэлнэ шүү гэж толгой сэгсрэх улс олон болсон. Зарим нь ч сорих маягтай. Тэр жил морь дагасан юм. Тэгсэн хамт явсан миний үеийн уяачид  “чиний хонгор морь хэдээр ирэх үү” гэнэ. Би ч “хоолыг нь жоохон дутуулдуулчихсан. Нэг хөлс дутуу байгаа юм. Сайн давхилбал найм есөөр ирнэ, муу давхилбал 10-т л ирэх байх” гэж хэллээ. Ингээд хонгор морь 11 дээр ирсэн. Гэхдээ одоо ч мэдэхээ байж байна даа.
-Таны хүүхдүүдээс удам залган морь мал уяж байна уу?
-Би хоёр хүүтэй. Гэхдээ хүүхдүүд уяхгүй байна. Би чинь одоо чадал барагдаад, тэгээд ч унаач хүүхэд олдохгүй болохоор дэмий харж суух юм. Ноднин бага хүү Тод манлай уяач Д.Ононгийн адууных гээд нэг хул азарга авлаа л гэсэн. Том бандид бас хэдэн сайхан бага нас байна. Би ч   уралдуул гээд л аахилаад “дөмөгхөн шиг юм байвал надаар заалгаад уя. Заагаад өгье” гэнэ. Даанч таны уядаг цаг өнгөрсөн аав минь. Тэр цагийн морины уралдаан байхаа больсон гэх юм. Минийхээр ясны хурдтай бол тэжээлтэй, тариатай ялгаагүй л хурдлах юм шиг санагдахын. Хурд  орох бол хурдаараа л явна. Тэрнээс ургамлаар уясан нь удаан, тариагаар явсан нь түрүүлдэг юм биш шүү дээ.
-Нутгийн уяачид танаас морины талаар асууж сурна биз?
-Тийм хүмүүс олон бий. Манай сумын залуучууд асууна. “Энэ ямар янзын юм байна, давхих болов уу” гээд л ирцгээдэг. Би ч  мэддэг чаддагаа хэлж өгөөд буцаадаг. Сүүлд аймгийн Алдарт уяач Бямбасүрэнгийн Амараа нэг халзан сартай азарга авчраад асууж л байсан. Тэгэхээр нь “уяж чадвал наадах чинь хурдан амьтан байна даа” гэж хэлсэн. Хэдэн жил ч сайхан давхиулсан. Даанч ноднин хөлгүй болгочихлоо гэв үү, яав. Энэчлэн морь авахдаа ч асуудаг. Заримдаа ч би “морины эрдэмтэн байгаа биш, хэтрүүлж байнаа” гээд инээдэм болцгоодог юм.
1997 онд шавь нартайгаа сумандаа тайлан тоглолтоо хийсэн
-Ярилцлагынхаа энэ хэсэгт морь ярихгүй ээ. Улсын тэргүүний уран сайханчийн хувиар яриагаа үргэлжлүүлье?
-Ардын авьяастан гэх юмуу. Насаараа л урлаг уран сайхан, морь, бөх гэж явлаа.
-Уртын дуу дуулдаг байх нь ээ?
-Дуулнаа. Манай эндхийн чинь дууч ард түмэн. Бараг хүн бүр “Эр бор харцага”, “Эрдэнэ засгийн унага”, “Алиа номхон саарал”, “ Ар хөвчийн унага”, “Цомбон туурайтай хүрэн”, “Хөөрхөн халиун”, “Хөөрхөн зээрд”, “Хүрэн толгойн сүүдэр”, “Урт сайхан хүрэн”, “Алтанбогдын шил”, “Тэргэл бор”, “Шар талын цэцэг” дуунуудыг аялна гээч.
-Уртын дуугаар тэмцээн уралдаанд орж байв уу?
-1993 онд Баянхонгор аймагт болсон улсын уртын дууны тэмцээнд гурван дууны бүх бадгийг дуулж оролцож байлаа. “Эр бор харцага”, “Хүрэн толгой сүүдэр”, “Эрдэнэ Засгийн унага”-ыг дуулсан юм. Тэгээд уртын дууны нийгэмлэгээс цол авсан.
-Ямар цол байх уу?
- Улсын хэмжээний 33 дуучин ирж дуулснаас эхний тавд нь орж уртын дуу заах эрхийг олгосон юм.
-Та тэгээд уртын дуу зааж байна уу?
-Заанаа. Хүүхэд, хөгшчүүлд голдуу зааж байна. Болоогүй шавь нартайгаа 1997 онд сумандаа тайлан тоглолтоо хийсэн. Бас Халхголын ялалтын 50 жилийн ойн тэмцээнд оролцож байлаа. Тэгэхэд би цэргийн ангид нярав хийдэг байгаад урлагийн үзлэгт цэргийн ангийн салбаруудаас шалгарсан. Дараа нь улсад уртын дуугаар шалгарч дурсгалын тэмдгээр энгэрээ мялаасан сайхан түүх бий.
-Баянхонгор нутгийн аялгуу гэж өөр байх уу?
-Баянлигийн аянаас өөр. Гэхдээ би чинь мэргэжлийн дуучин биш шүү дээ. Ахмад дуучдаасаа сурсан хүн болохоор нутгийнхаа айзам аялгуугаар дуулдаг. Өнөөдрийг хүртэл буруу аялгуугаар дуулаад байна гэхтэй таарч байгаагүй л юм.
-Танд уртын дууны А үсгийг заасан ямар багш байв?
-Аав маань уртын дууг их сайхан дуулна.  Дуулахаар нь би хажууд нь очоод таг зогсчихдог байлаа. Ингээд арай том болоод заалгаж эхэлсэн. Аав маань анх “Шар талын цэцэг”-ийг зааж өгөөд “энийг дуулж сурвал дуулдаг болно. Гэхдээ сурахад хэцүү дээ” гэж хэлж байсан. Тэрнээс хойш дуулж эхэлсэн.
-Аав тань найр наадамд их уригддаг байв уу?
-Уригдалгүй яахав. Би хүртэл сумын баяр наадам хаана болно уригддаг байлаа. Харин одоо нас болсоон. Морин хуур татдаг байсан, одоо больсон байна лээ. Тэгээд ч залгамж халаа болсон сайхан дуулдаг залуучууд гараад ирлээ. Гэхдээ нэг үгийг хэлмээр санагддаг. Одооны залуучууд найр хуриман дээр дуулах, дуулахгүй дуу байдгийг ялгахгүй байх шиг. Найр хуриман дээр бэлгэ дэмбэрэлтэй дууг дуулна. Тэрнээс нэг янаг амрагийн гунирхсан, гутарсан дуунуудыг дуулахгүй. Аль сум билээ “Шалзад баахан шарга”-аар найр эхэлдэг гэж ярих юм билээ. Тэгэхэд манайхан бол дуулдаггүй цээрлэх жишээний. Тухайн газар газрын заншил өөр болохоор тэр юм уу.
-Танай нутагт ямар дуугаар найр эхлүүлэх үү?
-Манайхан “Эр бор харцага”, “Нарийн сайхан хээр”, “Ар хөвчийн унага”, “Хүрэн толгойн сүүдэр”  дуунуудаар эхэлдэг. Аль гоё үгтэй, гоё аятай дуугаар эхлүүлдэг. Манай энд “Тоорой банди”-ийг дуулдаггүй. Ая сайтай мөртлөө, үг нь гунихарсан болохоор тэр.
-Таны үеийн уртын дуучид хэн байна вэ?
-Ер нь нас ялгалгүй дуулна даа. Тэр дундаа сүүлийн үеийн хүүхдүүдэд биднээс илүү боломж байна. Тэд радио телевизээс хараад сурчихаж байна. Бүүр зүүн талын хүмүүс шиг дуулаад сурчихсан залуус олон болжээ. Энэ бол сайхан хэрэг.
-Уртын дууг бадаг давтахгүйгээр гурван өдрийн найранд дуулдаг гэж томчууд ярьдаг юм билээ?
-Тэр үнэн шүү. Нэг дууг ахиж дуулахгүйгээр дуулаад явчихдаг улс зөндөө. Ганцхан уртын дуу ч биш ардын болон зохиолын дууг ялгаагүй гээч. Бидний үед ч найр наадам цөөхөн байсан шиг байгаа юм. Жаран хэдэн оноос найр жоохон эхлэх загварт орсон санагддаг. Одоо бол хавтгайрсан байна.
-Та бол ааваасаа өвлөн дуулж байна. Тэгвэл таныг залган хүүхдүүд дуулж байна уу?
-Хүү маань аялдаг ч дуулах тийм дуртай биш. Харин нэг хөөрхөн шавь бий Батсайхан гэж. Сураад сайхан дуулж байгаад зарим нь орхичих юм. Уг нь би чинь төлбөр мөнгө гэж авахгүй ш дээ. Монголын маань өв соёлын нэгээхэн хэсгийг ч болов залууст өвлүүлээд үлдээхсэн гэж боддог.
-Ер нь уртын дуу дуулах нь ямар ач холбогдолтой юм бэ?
-Уртын дуу дуулсан хүн урт  насладаг гэж хөгшчүүл ярьдаг шүү дээ. Уртын дууны аялгуу цээжний гүнээс гарч ирдэг. Харин богины дуунууд бол хоолой цээжин талаасаа гарна. Тэр бүр холын амьсгал гардаггүй. Нөгөө талаар  дуу дуулдаг хүний элэг баясдаг. Элэг чинь хүний сэтгэл дагадаг. Энэ мэт олон талын ашиг тустай.  Биднийг хүүхэд байхад “шөнө дуу аялдаггүй, дандаа гонгиноод муу ёр” гээд л ярьдаг байлаа. Тэгсэн тийм биш юм. Орчин үеийн залуучууд яриад байдаг юм байна лээ. Стресс энэ тэр гээд. Тэрийг чинь оргүй арилгадаг юм бишүү.
-Тэгвэл сонссон хүнд ямар ач холбогдолтой байх уу?
-Тэр хүний дуулж байгаа сайхан энерги сонсож байгаад ч хүрнэ гэсэн үг. Уртын дуу сонсохоор нэг их сайхан уужрах шиг болдог доо. Урлагаар хүмүүжсэн нэгэн муу хүн болдоггүй ээ гэдэг. За бүжиг гэхэд л хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх жишээний.
-Та одоо бөх засаж байна уу?
-Бөх, морины цол дуудна. Тэр дундаа морины цолыг олон жил дуудсан. Бараг хориод жил болсон байх шүү.
-Энэ нутгийн ямар ямар алдартай хүлгийн цолыг дуудаж байв даа?
-Зөндөө зөндөө. Эндээс сүүлийн үеийнхээс нь сонирхуулахад Морин спорт уяачдын холбооны тэргүүлэгч гишүүн санагдана, Төмөрийн хурдан хүлгийн цолыг дуудсан. Одоо Дархан байна уу, Эрдэнэтэд байгаа Дондов гэж алдартай уяачийн зээрд, хээр морьд, Төмөрийн улаан хээр, шаазгай морийг цулбуур өргүүлэн цоллож явлаа.
Миний залууд Чоймонзын бор, цагаан ташаат, Цэмбэлийн Янзаган зээрд, Жамъянгийн бор, Аюурын содон шаазгай, Наваанхадын хүрэн, Найдангийн хурдан шаазгай азарга, Дуламын хурдан хээр гээд жараад ондоо “домог” болсон сайхан хүлгүүд их байв. Тэр үед морио ч уяад, цолоо ч дуудаад явдаг байсан юм. 
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай.

"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна