Аймгийн Алдарт уяач Н.Бадарч: Миний морьдоос хамгийн хурдан нь шархал морь байсан

А.Тэлмэн
2016 оны 11-р сарын 11 -нд

Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Бадарч гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
- Унаачаар гараагаа эхэлсэн уяачид олон. Та тэдний нэг болов уу?
-Би багадаа хүний морь унаж байгаад сүүлд нь аавдаа өөрөө морь авч уная гээд хурдан морь авч байлаа. Дорлигжав сайдын аав Дамбий гэдэг хүний хурдан морийг унаж байгаад л моринд дурласан. Намайг хурд ирлэн уяа тааруулахад энэ хүний нөлөө их байсан.
-Таныг унаач байх үеийн наадам ямархуу болдог байв. Тэр үед ямар, ямар хүмүүсийн морьд дархан байв?
-Намайг наадмын морь унадаг байхад маргаан ихтэй байсан. Миний унадаг Дамбийгийн хээр морь аймагт хоёр, гурван удаа түрүү магнайд хурдалсан. Тэрэнтэй Тэсийн хөх Халзан гэдэг хүний улаан морь өгөө аваатай л уралддаг, газар сунгадаг. Миний морь сайн байгаа түрүүлнэ гээд л марган, маргаанаа авах гээд уралдаж түрүүлсэн нь маргаанаа авдаг байлаа. Нэг Тэсийн наадамд газар сунгана л гээд газар сунгахаар хүүхдүүдэд нэг, нэг аяга хүйтэн цай уулгадаг юм. Дамбий хөгшин “хөх Халзангийн хүүхэд хүйтэн юм уувал уу, уухгүй байвал чи хатаж үхэв гэж, адилхан л уухгүй бай. Тэр морь хаана байна, зэрэгцэж байгаад тавь, цохиод тавибал цохиод тавь, татаад тавибал татаад тавь” гэсэн. Тэдний хүүхэд мориноос буусан ч үгүй, хүйтэн юм уусан ч үгүй, би ч бас мориноос буусангүй, уусангүй. Морьд эргэхэд цохиод тавьж байна, би дагаад л цохичихлоо. Хоёулаа холбоотой баахан явж байгаад хойшоо харсан чинь баахан тоос л байсан. Тэгж яваад миний морь хоцорч нөгөө улаан морь түрүүлээд, минийх аман хүзүүдсэн. Тийм л айхтар хоёр хурд байсан юм. Мөн хөх Халзангийн ах Жалцангийн буурал морь, хөх Халзангийн улаан морийг дайрахлаар нь хүрч хөтөлдөг, өөр морь хүрдэггүй тийм хурдан морь байж. Ургацын нэг том наадамд тэр Жалцан ирсэн байсан. Үсэргээнд намайг хойноос Дамбий гуай сундалж ирэхдээ “Чи өнөөдөр хол гарч болохгүй шүү, Тэр буурал морьтой хүн ирээд хөндлөн дайрах байх, тэр үед нь морио хүргэлгүй гараарай. Тэгэхээр чинь би чамайг сундалж авахаар тэр хөгшин дагаад явах байх. Би чамаас өнөөдөр ямар байна гэж асуухад муу байна гэж хэлээрэй” гэсэн. Үсэргээн дээр би ойрхон морьдын өмнө гараад амыг нь татлаа, буурал морьтой хүн, морио хойд хоёр хөл дээр нь зогсоогоод над руу хөндлөн дайрахад нь хээр морио цуг тавьчихсан буурал морь нэг дөхөж ирээд хоцорсон. Овооны өөд гараад морио татаад даргиулсан Дамбий гуай намайг шүүрч аваад хойноо суулгаад, морио хөтлөөд “Өнөөдөр ямар байна” гэхээр нь “Муу байна аа” л гэлээ. Сүүлд нь хүмүүс “Дамбийгийн хээр моринд шувуу хүрдэг юм байлгүй, буурал морь сүүлэнд нь ч хүрэхгүй хоцорлоо” гээд л шуугисан.
-Гайхалтай хурдан буянгууд байж. Таны удамд уяа тааруулсан хүн байв уу?
-Аавын цаадах удмыг би сайн мэдэхгүй. Миний аав хурдан халтар, хатирдаг халтар морьдтой сайн уяач байсан. Аавынхаа уясан морийг Зүүнговь, Малчинаар унаж түрүүлгэж л байлаа. Би нэгдэлд ажиллаж байхдаа 40 жилийн ойд хатирдаг морио уясан чинь наадамд явах болоод аавд “Морио тавьчихаад явах уу” гэсэн чинь “үгүй ээ, надад өгчих, би уяж уралдуулна” гээд аав аваад үлдсэн. Тэгсэн аав уяад, өөрөө унаж түрүүлгэсэн байсан. Би аавыгаа залгаад аяндаа хурдан морьтой нөхөрлөсөн. Миний хурдан шархал морь Зүүнговьд гурван удаа түрүүлсэн. Хатирдаг хүрэн морь Малчин, Хяргасаар явж түрүүлээд Зүүнговь сумандаа олон удаа түрүүлсэн. Бага насны цавьдар морь сумдад бас сайн давхиж байлаа.
-Та хэзээнээс гардаж уяа сойлго тааруулах болсон юм бэ?
-Би 22 настай л уяа эхэлсэн байх. Ажил тараад л морио аваад Бөөрөг рүү гарч хонодог, хол явах эрхгүй байсан үе. Шархал, хүрэн хоёр нэгдэлд байх үеийн адуунууд. Би архи тамхи хэрэглэдэггүй, уяачид хээр гарахаараа архи авч уудаг, намайг “Эр хүн архи ууж, тамхи татах ёстой, ёс журмаараа бай” гэдэг байсан. Тэгээд Зүүнговь сумандаа нэлээн хэдэн  түрүү авсан. Хатирдаг морьд ч 4-5 удаа түрүүлж байсан. Хяргас, Малчин суманд ч морьдоо түрүү магнайд хурдлуулж байсан. Жороо улаан морь нь тэмцээнд орж базаагаагүй, харин хатирдаг зээрд морь соёолон, хязааландаа сумандаа түрүүлсэн. Тэр үед наадам цөөн, түрүүлсэн моринд 22-ын торго, нэг цайтай, доод моринд нь цай, сахар, тийм л шагналтай байсан. Уяач хүн чинь бай шагнал боддоггүй, тэмцээн авч л байвал баярладаг шүү дээ. Дамбийгийн хурдан морийг аймагт оруулж байхад надад чихэр л өгдөг байсан. Гэтэл одоо чинь юу болж байна, сая төгрөг өгч байна шүү дээ.
-Зүүнговьд Баяннуурын унага хурдан гэдэг?
-Манай адуу Тэс  талдаа Нарийны голын унага. Аавын үед манай адуу Баяннуурт хавирдаггүй байсан сүүлийн үед Норовсамбуу Баяннуурын удмын морьдтой болсон. Манай адуу дээр үеэсээ зээрд зүстэй, одоо ч гэсэн яагаад тэгдэг юм, Норовсамбуу дандаа зээрд  адуу  авах юм. Норовсамбууд ах дүү гурван зээрд морь байдаг.
-Алдарт нүдэнд туссан адууг авч хурдлуулж байв уу?
-Хурдан морийг гадарлана аа. Норовсамбуугийн эхнэрийн аав Гомбосүрэнгээс жороо морь авч байсан. Худаа мэдэхгүй, аавд “Би жороо хөх морийг нь авмаар байна” гэсэн. Манайд Сарт хээр гэж уургын сайн морь байсан. Аав “Сарт хээрийг оруулаад ав гэнэ” гэхээр “өг, өг” гээд дээр нь тугалтай үнээ өгөөд авсан.  Жороо морио сүүлд Тэсэд нэг дөрөвт, нэг тавд оруулсан. Сарт хээрийг тэр аваад яаж давхиулсныг мэдэхгүй, Гомбосүрэн гуай сайн уургач байсан.
-Уургын сайн морьтой байсан та ч бас хоосонгүй биз?
-Морь бугуйлддаг,  хангал сургадаг л  байсан. Нэгдэл байгуулагдахад малаа өгчихөөд сумын төв рүү шилжин багийн бүлгэмд бичиг үсэг сураад барилгын техникч хоёр жил, бригадын тоо бүртгэгч, сүүлд нь нэгдлийн нярав 13 жил хийгээд тэтгэвэрт гарсан. Нэгдлийн няравын ажлаа хүлээлгэж өгөхөд 300 төгрөг дутаад 320 төгрөгийн цалингаасаа суутгуулж 20 төгрөг авч байлаа.
-Дээр үед морины маргаан их байсан гэлээ. Та өөрөө маргаанаа авч байсан наадам бий юу.
-Үгүй. Харин миний шархал морьтой  маргаж байгаад Дагва гэдэг хүний моринд нэгийн, надад хоёрын пайз өгчихсөн. Тэгсэн улс “Танай морь гарсан ш дээ, цагаан шугамны ард шархал морь түрүүнд гараад явчихсан” гээд шуугиад л байсан. Намайг морь уяж байхад хонгор Түдэв, Дагва, Кийрэв, Гөлгөн гээд алдартай сайн сайн уяачид байсан. Тэд бидэнд заахаас биш, биднээр юм хэлүүлнэ гэж байхгүй. Үгийг нь бишгүйдээ нэг сонсож зөвлөгөө авдаг байлаа. Гөлгөн морь гарахаас өмнө “Өнөөдөр тэр л гарах юм байна даа” гээд мэддэг айхтар уяач байсан. Нэг жил миний шархалтай намын дарга Дамдин, Батаахүү гээд сайн уяачдын хурдан морьд мордсон. Өнөөдөр ямар морь түрүүлэх вэ? гээд хүмүүс уяаны газар очоод асуусан “Өнөөдөр Бадарчийн шархал морь гарах байх даа” гэж хэлсэн юм. Би тэрийг нь сонсоод гарна ч гэж арай байхгүй байх гэж бодсон. Тэгтэл түрүүлээд л ирсэн. Тэгж л мэддэг сайн уяач байлаа.   Шархал морь сумандаа гурван удаа түрүүлсэн. Миний морьдоос хамгийн хурдан нь байсан.
-Танайд өөр уяа эвлүүлж байгаа хүн байна уу?
-Манай нэг дүү Цэнд-Аюуш гэж уяач Улаанбаатарт байна. Тэр бид хоёр л уяа эвлүүлэх юм. Дүү маань энд хэдэн морь авчраад орхиод явлаа, аймгийн 90 жилийн ойд тавих юм гэнэ.
- Ярилцсанд баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна