Аймгийн Алдарт уяач Д.Дугар: Тарган ир гэдгийг хэрийн уяач олдог эд биш байх

А.Тэлмэн
2016 оны 12-р сарын 06 -нд

Хэнтий аймгийн Галшар сумын эрдэмт уяачдын төлөөлөл, аймгийн Алдарт уяач Д.Дугар гуайн яриаг эрхэм уншигч танаа хүргэж байна.
-Таны аав Дамдинжав нутаг усандаа хүндтэй уяач байжээ. Та болон таны ах дүү нар ч хурдан морьдын уяа сойлго тааруулах эрдмийг эцгээсээ өвлөсөн бололтой. Бага насны дурсамжаасаа манай уншигчидтай хуваалцаач?
-Аав минь намайг гурван настайгаас эхэлж моринд сургаж, таван настайгаасаа би хурдны морь унаж эхэлсэн. Аавтайгаа Буянт, Галшар, Дорноговийн Дэлгэрэх, Алтанширээ, Иххэтээр явж олон жил морь унасан. Аавынхаа Дүрвэдийн Дамбын адууны будан азаргыг унаж олон ч түрүү авсан даа. Би 13-тайгаасаа наадмын моринд хүнддэх болж, аавыгаа даган морины ажил хийж эхэлсэн. 19 насандаа цэргийн албанд явж, алба ажил эрхэлж байгаад 1975 оноос Галшартаа ирж суурьшсан юм. Тэр үеэс өөрөө гардан морь уяж эхэлсэн. 1970-1990 оны үед миний уясан морьд нэлээн сайн хурдалсан шүү. Эр хүнд аз хийморийн оргил үе гэж байдаг байх. Надад нэг хар азарга байлаа. Тэр суманд хоёр түрүүлж, дөрөв аман хүзүүдсэн. Түүний төл хар ногоон азарга суманд түрүүлж чадаагүй ч бас л дөрөв айрагдсан. Дараа нь их насны хээр морь гарч ирсэн. Тэр хээр морь суманд хоёр түрүүлж, дөрөв айрагдсан. Нэг түрүүлэхдээ манай нутгийн босоо адуу Балжиннямын улаан морийг идэрхэн байхад урд нь гишгэж түрүүлж байлаа. Миний хамгийн их баярласан мөчүүдийн нэг тэр. Босоо улаан 10 түрүүлж, гурав аман хүзүүдсэн морь байсан юм. Тэр үед “Би чинь уяач болоо юу даа” гэх шүү юм бодогдох юм билээ. Би аавыгаа дагаж улсын наадамд гурав явсан. Ааваасаа хойш мөн гурван удаа явлаа.
-Аавтайгаа хамт явсан улсын наадамууд ямархуу болдог байв?
-Намайг хүүхэд байх үед тэжээл гэж байгаагүй, морьд цагаан өвсөөрөө уралддаг, зам нэлээн бартаатай. Айдасын давааг давж Түргэний голыг огтолж уралддаг байсан. Тэр үед миний унаж уралдсан будан азарга Айдасын даваа хүртэл ганцаараа гарч яваад тэндээс Буянт ухаад ирэхдээ шогшоод, 100-д орж байсан. Аав маань жаахан нарийдуулж тавьсан юм болов уу даа. Мөн аавын арвай хээр толгойтой цагаан шүдлэн Айдасын даваа хүртэл ганцаараа давхиж байгаад Буянт ухаад арын адуунуудад баригдан 11-д орж байсан түүхтэй. Би өөрөө уяач болоод Буянт ухаагийн их наадамд хоёр удаа очсон. Тэр нь 1986, 2001 он. Хүйн долоон худагт 90 жилээр ганц удаа очиж уралдсан. Хүйн долоон худагийн зам цагаахан, даваа гүвээ, нугачаагүй сайхан юм билээ. Гэхдээ би морь айрагдуулж чадаагүй.  
-Таны адуунууд төрийн наадамд дээд тал нь хэдэд хурдалж байсан бэ?
-Хүрэн зээрд азарга даагандаа 11-д, түүнтэй чацуу хул халзан даага 19-д орж байсан. Тэр жил мөн хязаалан халиун морь 21-д ирсэн. 1980–аад оны дундуур очиж наадахад хонгор үрээ маань 30-аар, хээр морь 73, хар азарга 74-т орж байсан.
-Бүсийн наадамд очиж байгаагүй юу?
-Суманд үрээндээ айрагдсан миний будан азарга долоотой Дундговьд очиж аман хүзүүдсэн юм. Их хурдад очих эрхтэй байсан ч нэг хүн авъя гэж шалаад байхаар нь өгчихөөд ирсэн. Авсан хүн буурал азаргыг Их хурдад тавьсан, 100 гаруйгаар орсон гэнэ лээ. Түүний үр төл Дундговьд нэлээн хурдалж байгаа гэж ярьдаг юм.
-Таны аавын будангуудын угшил уу. Танайханд өөр ямар ямар угшлын адуу байна?
-Тийм. Тэр будан азаргыг Дүрвэдийн Дамбаас авсан. Манай ээжийн аав Жаран гэж олон цоохор адуутай хүн байлаа. Түүнээс хойш Жарангийн будан, Дүрвэдийн Дамбын будан хоёрын дундаас гарсан будан адуунууд өнөөг хүртэл удам тасраагүй хурдалж байгаа. Дээр хар азарга гэж ярьсан. Тэр бол Орлой гурван зээрдийн угшилтай. Манай аав уул гарал нь Түвшинширээ, Уулбаяны хүн л дээ. Түвшинширээгээс ирсэн Орлой адууны хар ногоон азаргыг манай аавд нэг найз нь бэлэглэсэн. Түүгээр манайх азарга тавиад хар адуу гарсан. Мөн Түвшинширээгийн Цээдээ Гомбо гуайн борлогууд гэж Банди адууны цагаан борлог азарга Түвшинширээгийн Баянчалай гэдэг хүнээс үрээ байхдаа ирсэн юм. Түүгээр азарга тавьсан. Тэр борлогийн үр төл алаг азарга тэр удмынх. Тэр борлог адуу Ширээтийн цагаан, Банди адуу хоёрын дундаас гарсан. Ер нь гүү мал солигдсон доо. Дагмид угшлын адуу ч байна. Урд Дэлгэрэхийн Банди угшлын адуу, Иххэтийн Зул адууны угшил ч бий.
-Таны аав Дэлгэрэхийн Онгой Адилбиш, Иххэтийн Нарангэрэл, Жагварал, Сүхбаатарын Баянчалай, Найдансүрэн гэх зэрэг сайн уяачидтай дотно байсан гэсэн. Зул хонгорын угшил танай аавыг байхад ирсэн үү?
-Тиймээ. Аавыг байх үед Онгоо Адилбишийн Зул хонгор азарганы төл гүү, байдас ирсэн. Ааваасаа хойш Иххэтийн Нарангэрэл гуайтай гүү байдас солилцож байлаа.Мөн Иххэтийн Дугын аав Гэлэгжамба гэж их хурдтай өвгөн байж. Тэдний удмын адуунаас манайх авсан. Дуга ч манайхаас аавыг амьд сэрүүн байхад хээр алаг үрээ авч уяж хурдлуулж байсан даа.
-Аав тань тэр хүмүүстэй хамтдаа наадамд явж байсан болов уу?
-Дэлгэрэх тэр чигт Хувын Жагварал, Ш.Тавхай, буурал Ишдоо гээд уяачид байсан. Тэдэнтэй цуг Алтанширээ, Дэлгэрэхэд наадаж байсан. Иххэтийн жаал Төмөр гэдэг уяач байлаа. Тэд манайх руу ирж уралдана, бид ч тийшээ очиж уралддаг байлаа.
-Цэргийн байгууллагын ажлаа өгөөд нутагтаа ирж суурьшсан гэсэн.Социализмын үед ажил албаныхаа хажуугаар морь уях хэцүү байсан уу?
-Хүн чинь дуртай ажлаа яаж ийгээд амжуулаад байдаг юм билээ. Би 60 гартлаа төрд ажиллаж, тэтгэвэртээ суугаад жил гаруй болж байна. Түрүүн ярьсан даа, миний хурдан буянгуудын ил давхисан оргил үе 1975-1980 оны сүүл хүртэл. Ер нь айраг цагаа тасрахгүй шүү. Энэ хугацаанд нийт 20 гаруй түрүү 60 гаруй айраг авчээ.
-Та сумын Алдарт уяач цолны дараа аймгийн цол авсан уу. Эсвэл шууд аймгийн Алдарт уяач болсон юм уу?
-Намайг аймгийн Алдарт уяач цол авах үед сумын цол олгож эхлээгүй байсан. Би 2010 онд шууд аймгийн Алдарт уяач цол хүртсэн.
-Анхны айраг, түрүүгээ хэдэн онд ямар хурдан адуугаараа хүртсэн юм бэ?
-1977 онд нэгдлийн 20 жилийн ойгоор хар азаргаа түрүүлгэж байлаа. Миний хамгийн баярт мөч тэр байсан. Дараа нь халиун халзан даага түрүүлгэсэн. Аавын ногоон морь даагандаа долоод орж байсан юм.
-Таны ярианд аймгийн наадам ер дурдагдсангүй. Аймагтаа наадаж байгаагүй юм уу?
-Аймгийн 50 жилийн ойгоор аавтайгаа хамт наадсан. Өвгөн ноёны наадамд шарга даагаа аман хүзүүдүүлж, хул шүдлэн үрээ дөрөвт оруулж байсан. МНТ-ны 750 жилийн ойд хээр морь, хул морь хоёр маань сайн байсан ч морьд будилаантаад орж чадаагүй. Зээрд азаргаа шүдлэн үрээ сумандаа түрүүлгэчихээд тийшээ очиж 21-д давхисан. Би ч хол ойрын наадмуудад морь хайрлахгүй явж байсан хүн.
-Энэ хурдан буянгуудаас таныг амжилтанд хүрэхэд хамгийн их жин дарж, үүрэг гүйцэтгэсэн нь аль нь вэ?
-Сүүлийн үед гарсан зээрд морь суманд нэг түрүүлж, ес айрагдсан адуу. Улсад гурван удаа очиж уралдсан. 90 жилийн ойгоор 104-т хурдалсан. Улсын 80 жилд дааганд нь аваачиж уралдуулаад 94-д орж байсан. Эргэхдээ Төв аймгийн Баяндэлгэрт Шувуун саарлын наадамд долоод хурдалсан. Шүдлэн, хязааланд нь олигтой уяж чадаагүй. Харин соёолонгоосоо авахуулаад айраг тасраагүй морь доо.
-Ах дүү гурав хамтдаа одтой наадаж, аавынхаа болон нутаг усныхаа нэрийг дуудуулсан сайхан дурсамж олон бий юу?
-2000 оны Галшар сумын наадамд миний зээрд морь гуравлаж, манай дүү Ганхуягийн хүрэн морь аман хүзүүдэж, тэр жил Хүрлээгийн буурал үрээ дөрөвт орж байсан. Миний морьд хурдалж байх оргил үед Хүрэлбаатар дүү унаач байлаа. Дундговьд миний буурал азарга аман хүзүүдэж байхад Хүрэлбаатарын хул үрээ айрагдаж байсан юм. Бид эхээс долуулаа. Манай хоёр дүү, хоёр хүргэн сумын Алдарт уяачид.
-Аав тань адууг яаж уядаг арга барилтай хүн байсан бэ?
-Манай аав ямар ч адууг тарган хөгөөр уяна. Тарган ир гэдгийг хэрийн уяач олдог эд биш байхаа. Миний хувьд тарган уядаггүй, ер нь эцээж уралдуулдаг. Эцээж уралдуулсан морь хөл гарандаа сэв багатай, өвчин эмгэг тусах нь ч гайгүй юм шиг санагддаг. Бидний амжилтын үр үндэс манай ааваас үүдэлтэй, энэ хүний л нөр их хөдөлмөрийн үр шим гэж бодож явдаг. Гэхдээ л ааваасаа тарган уяаг нь сураагүй хүн дээ би. Тэр үедээ ойлгож байгаагүй юм билээ. Одоо санахад  аав минь адууг уяхаас гадна нэлээн таньдаг хүн байж. 1970-аад оны эхээр Алтанширээ, Дэлгэрэхээс манай сумын наадамд олон уяач ирсэн. Манай аав соёолонтой очоод “Өнөөдөр миний соёолон хул азарга ч түрүүлэхгүй байхаа. Түрүүлэх соёолон адуу авч мордуулъя” гэж дуугарсан юм. Тэгээд уяан дээгүүр давхин Алтанширээгийн Дагданжадамба гэдэг хүнээс бор халзан соёолон морь авчирч мордуулсан. Тэр өдөр бор халзан морь түрүүлж, хул азарга нь дөрөвт айрагдаж билээ. Доржийн хонгор даага түрүүлдэг тэр жилийн сумын наадмаар бас нэг тавд орох даага авч мордуулаад, хонгор даага, халзан даага хоёр дээр ирсэн гэсэн. Халзан даага нь Нүхийн  Дугаржав гэдэг хүнийх. Тэрийг авч мордуулъя гээд аль аль нь зарахгүй гээд, болсонгүй гэж ярьж байсан юм.
-Уяан дээрээс нь хурд авахад ямар үнэ ханштай байсан бол?
-Түрүүлгэдэг хул соёолонг хазааранд нь нэг морь, тугалтай үнээ өгч авсан. Тэр үедээ давгүй л үнэ байсан. Тэр морь сайн хурдалсан.
-Ярилцсанд баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна