Увс аймгийн Зүүнхангай сумын уугуул, Гавьяат мал зүйч Д.Самданжамц: Олон жил морины комисст явсных гарааны төхөөрөмжийг шийдсэн гавьяатай хүн гэж өөрийгөө боддог

А.Тэлмэн
2016 оны 12-р сарын 07 -нд

Мориныхон дунд Самаг мэдэхгүй хүн цөөн биз. Хувь заяаны эрхээр зоо техникч мэргэжлийг эзэмшин  ХААЯ-нд хувиарлагдаад ганцхан жилийн дараа ахлах мэргэжилтнээр дэвшиж, хэлтсийн дарга, газрын дарга, сайдын зөвлөлийн гишүүн, МУ-ын Ерөнхий зоотехникчээр хүртэл ажиллаж 24 жилийг өнгөрүүлжээ. Харин бидний сайн мэдэх  Адуу судлалын секторын эрхлэгчээр ажиллах болсон нь 1992 он. Энд 20 гаруй жил ажиллаж олон арван судалгаа шинжилгээний бүтээл туурвихын ээрэгцээ хурдан морины салбар комиссын гишүүнээр ажиллаж ММСУХ-ны үйл хэрэгт ойроос оролцсоор ирсэн билээ. Ингээд олныг үл нуршин Сама Гавьяат түүхэн намтраа хэрхэн хүүрнэхийг хамтдаа сонирхъё.

-Таны бага насны дурсамжаас яриагаа эхэлье?
-Би Увс аймгийн Зүүнхангай сумын нутаг Цогтын худаг гэдэг газар төрсөн хүн. Хөдөөний хүүхдүүдийн адилаар найман нас хүртлээ эцэг эхийн гар дээр мал хариулж, унага даагатай ноцолдож өслөө. Ер нь багын л адуунд  сонирхолтой хүү байсан шиг байгаа юм. Морьтой хүн ирэхээр зөрж гараад морийг нь хараад уяан дээр зогсчихдог хүүхэд байсан гэж ээж аав, нутгийнхан ярьдаг юм. Ингээд сургуульд орж, намар 11 сар хүртэл гэрээсээ сургууль руугаа мориор явна. Гэр маань сумын төвөөс 10 гаран км зайтай. Харин хүйт орохоор яалт ч үгүй сургуулийн дотуур байрандаа орно. Харин хавар манайхан суманд ойртож ирээд буучихна. Би дахиад л мориор хичээлдээ явна. Ингээд сумын бага сургуулиа дүүргээд Баруунтурууны арван жилд очиж сурлаа. Хүүхдүүд Ханхөхийн нурууг даваад замдаа хонож, самар түүгээд өнөөхөө цайруулж нэг, нэг шуудай самартай сургуульдаа очно. Самраа зарна, эсвэл дэвтэр харандаагаар солино. Харин унаж очсон морио Баруунтурууны Сангийн аж ахуйн адуунд тавьчихнаа, тэндэхийн адуучинтай найзалчихаж байгаа юм. Хааяа хагас бүтэн сайн өдөр адуучин руу машин явбал сууж очоод морь малаа унаж, сумын төв хавиар эргэлдэнэ. Адуучин бид хоёр найзууд учраас арай гайгүй морийг нь унана. Ингээд өвлийн амралт болоход харьж чадахгүй ээ. Ханхөхийн нуруугаар мориор явах аргагүй болчихдог учраас хаврын улирлын амралтыг тэсэн ядан хүлээнэ. Амралт эхлэнгүүт л нутгийн хүүхдүүдтэйгээ нийлээд морио унаад замдаа гарна. Замд чоно дагана, улина, мөс цасанд халтирна гээд  бэрхшээл зөндөө гарна. Гэхдээ тоохгүй шүү дээ, харьж байгаа хүн. Ингээд хэд хоног амарчихаад морио унаад буцна даа.
-Багадаа хурдан морь унадаг байв уу. Та айлын хэд дэх хүүхэд вэ?
-Би айлын гурав дахь хүүхэд, дээрээ хоёр эгчтэй. Намайг морь унахад ээж жаахан дургүйцнэ. Харин аав нэг их юм хэлэхгүй. Би ч дурандаа л морь унадаг байсан юм. Манай тийшээ уралдааны зам газар хэцүү, уулын ар дагаж, хоёр гол гаталж очдог байсан. Бороо орсон үед бол хальтрахгүй байна гэж байхгүй. Одоо бодоход бартаат замын уралдаан болдог байж гэж бодогддог юм. Хоёр өдөр нааддаг, нэг өдөр гурван нас уралддаг байлаа.
Манай аав Дуламсүрэн гэж лам хүн байсан. Өөрөө морь мал гэж нэг их сүйд болохгүй. Харин хүүгийнхээ моринд дуртайг хэзээний олж харсан болохоороо найз нөхдөөсөө үрээ байдас хөтлөөд л ирнэ. Аавын Тэсэд байдаг найзаасаа авсан бор хээр морь сайн давхисан. Би өөрөө морио уяна, бас өөрөө унаж уралдана. Тэр хавиараа айраг, түрүү авчихна. Болоогүй ах дүү нартайгаа нийлээд хүн дагаж өөрийн сум, Өндөрхангай, Завхан аймгийн Тэс, Сонгины наадамд очиж уралдана гээч. Нэг их түрүүлж айрагдаж сүйд болохгүй ээ. Одоогийнхтой адил манай тэнд чинь морь хөлсөлнө барина гэхчилэн нарийн уяа хийдэггүй байсан юм. Намайг есдүгээр ангид байхад Өндөрхангайн 10 жилийн ой боллоо. Би нэг шар хээр үрээ уяад очсон өөдтэй давхисангүй. Их насны морь гаргах гээд байдаг, Өндөрхангайн Санжжав гэдэг хүний морь их агсам, унах хүүхэд олддоггүй. Тэгсэн намайг унаад өгөөч гэнэ. Уг нь би томдоод мориноос хасагдчихсан байгаа юм. Тэр үед морь унасан хүүхдэд 5 төгрөг, бакалан гутал өгдөг байсан. Ингээд бакалан гутал амлуулчихаад нөгөө хүний морийг унаад 8-аар давхиулсан. Тэрнээс хойш хурдан морь унаагүй.
-Таныг хүүхэд байхад морийг яаж уядаг байв?
-Өглөө их эрт босоод адуугаа авчирч, морио бариад уяна. Өдөр тийшээ услаад, орой тарлаад тавина. Хөлсөлж, нэмэхгүй. Одоо манай нутгийнхан төв халхын уяагаар уяж байна. Ноднин манай сум 90 жилийн ой болоход би морины комисст нь зөвлөхөөр ажилласан юм. Сумын ой, морин уралдаан аятайхан сайхан болсон байна. Морио уяж байгаа, хөлсөлж байгаа, хэрэглэж байгаа эм тариа нь төв халхын уяатай адилхан болжээ. Бас зүүн зүгээс адуу ч их авчирч.
Манай Увс аймаг чинь 87 мянган адуутай. Тэрний 45 хувийг Баядын гурван сум, Өндөрхангай, Зүүнхангайн адуу эзэлдэг. Энд улсын цолтон болох ганц манлай, 10 алдарт уяачтай. Энэ хүмүүсийн 60% нь Зүүнговь,  40% нь Өндөрхангайн уяачид байна. Зүүнхангайд ганц алдарт уяач байсан нь өөд болчихлоо. Үндсэндээ Тэс болон Ханхөхийн адуу л тэндээ ноёлж байгаа юм. Манай нутаг чинь ялаа шумуул ихтэй, зун нь халуун, өвөл нь хүйтэн, 25-30 орчим км газар гүйж усандаа ордог гээд өөр адуу нутагшихад хэцүү л дээ. Тэс адуу нэг их таргалдаггүй, хатуудуу яргай махтай, биеэр жаахан өндөр зэгзгэрдүү байдаг онцлогтой. Би үүнд хоёр гурван зүйл нөлөөлсөн байх гэж боддог. Гэхдээ Тува адуутай цус холилдсон гэдгийг зарим хүмүүс хүлээн зөвшөөрдөггүй юм. Нөгөө нь гүү барьдаггүй, ялангуяа баядын сумдад. Тэгэхээр унагандаа арай эрчимтэй өсдөг. Тэс адуунд хийсэн судалгаагаар 1 кг амьдын жин нэмэгдэхэд 15 литр сүү зарцуулдаг гэсэн тооцоо гарсан. Өөр нэг нь тэсвэр сайтай, тачигнасан хөлийн хурдтай биш ч өгсүүр газар, зай холдох тусам давхидаг.
-Танай Зүүнхангайн адуу ямар онцлогтой вэ?
-Манай Зүүнхангай, Өндөрхангайн адуу арай өөр. Бид Ханхөхий угшил гэж нэрлээд байгаа юм. Элсний адуу хангайн адуу хоорондоо их ялгаатай. Хангайн адуу Тэсийн адуунаас биеэр 3-4 см намхан, туурай нь уул хадандаа тохирсон цомбон туурайтай. Тэгэхэд Тэсийн адуу тэр их элс, усан дотор байдаг болохоор туурай нь далбагар. Манай сум чинь Ханхөхий сумын хамгийн сүүлийн шувтарга шүү дээ. Өндөрхангай, Баруунтурууны адуу Ханхөхийн 2000, 3000 метр өндөр уулын ар өвөрт бэлчээрлэн амьдарч байна. Харин Зүүнхангай сумынх бол арай гайгүй нэлээд урд тал руугаа буучихсан. Зүсний хувьд адуу байгаль цаг агаарынхаа нөлөөтэй холбоотойгоор хүрэн, зээрд бараан голдуу зүстэй. Ер нь наяад хувь нь бараан зүстэй, арьс зузаантай, үс их урт ургасан байдаг онцлогтой.
-Арьс зузаантай адуу  уяхад төвөгтэй байдаг болов уу?
-Тун хэцүү. Тийм амархан задрахгүй. Хөлсийг нь нэвт гаргана гэж их зовлон байна. Тэгэхээр Ханхөхийн адуунд их олон хоногийн уяа орно гэсэн үг.
Гол нь эдэлгээ сайн хийх хэрэгтэй байдаг юм. Уяачид маань ч сайн уяж байна. Баруун талд болсон уралдаануудад манайхны адуу арав дотор л давхиад байна. Хамгийн анхны баруун бүсийн даншиг Завханы Сар хайрханд болоход Өндөрхангай сумаас гурван адуу айрагдсан. Баруунтурууны оодон хээр соёолонд түрүүлж, Ядамсүрэнгийн хүрэн азарга гуравт орж, Сайннямбуугийн соёмбо хээр орлоо. Манай тэндээс төвд ирж уралдахад их хэцүү, зам  хол. Ирлээ гэхэд сэрвээний өндөр гарна. Тэгэхэд анхны “Их хурд”- д Баруунтурууны Ганбаатарын морь ирж дөрөвлөж байлаа. Сүүлийн үед баяд, халхын сумд, дөрвөдийн наад талын сумд морь уях арга барилд нэлээд дадаж байна. Сүхбаатар, Улаанбаатараас ч адуу их зөөх болж. Урьд бол Тува адуутай цус сэлбэгдэж байлаа. Хил хязгаар гэж байхгүй, айл саахалт ах дүү шиг болсон улсууд адуугаа солилцоно, бэлэглэнэ, заримдаа ч муу аргаар авна. Тэс, Баруунтуруун, Зүүнхангай уулаараа хил залгаа, нааш цаашаа солилцдог газруудтай. Одоо бодоход би ч оролцож байсан шиг байгаа юм. Намайг дөрөв, тавдугаар ангид байхад нутгийн ах нар адуунд сайн гээд оройхон хадлан дээр аваачна. Тэгээд “ах нь уядаг сайн морио бариад өгнө. Энэ хэдэн адууг ширүүхэн тууж, тэнд аваачаад өгчихөөд ирээрэй” л гэнэ. Би яах гэж байгаа юм гэж асууж ч байсангүй. Хүүхэд туугаад аваачаад өгдөг байлаа. Буцаад богц ганзагалуулаад явна. Тэрэнд нь цаг, Тува аяга сэлт байна. Надад Победь гэдэг цаг өгөөд аавдаа битгий хэлээрэй л гэнэ. Би нөгөө цагаа ангийнхандаа үзүүлээд, өөрөө зүүж гангарч явлаа. 
-Яагаад мал зүйч, мал аж ахуйн мэргэжлийг сонгосон бэ?
-Би сурлагатай сурагчдын тоонд ордог байлаа. Тэр үед Оросод л сурах их сайхан санагддаг байлаа. Ингээд сурлагын жагсаалтаар 3-т бичигдээд Киевийн их сургуулийн арьс шир, ангийн үсний технологи ангид хуваарилагддаг юм. Их л баяртай гэртээ ирж аавдаа хэлбэл миний аттестатыг харж сууснаа авдар дээр тавьчихлаа. Удсан ч үгүй хээр морь бариулж унаад явсан. Би Орос явна гэж хөөрөөд аавыг хаашаа явж байгаа юм гэж ч асуусангүй. Хоёр хоногийн дараа ирэхдээ Баруунтуруун ороод миний хуваарийг солиулчихаад ирсэн. Тэгээд хэл ус мэдэхгүй хүний нутагт хэцүү. Мал дагавал ам тосдоно гэдэг юм. Монгол мал аж ахуйн орон, чи мал аж ахуйн чиглэлийн сургуульд ор гэдэг юм. Би ч гомдоод баахан уйллаа. Тэгээд сургуульдаа явах болсон Ховдод шүлхий гараад сар шахуу хоригдчихлоо. Хорио тавигдаад очтол бүх сургууль ороод, гадаад явах нь яваад бид хоцорчих нь тэр. Амьтан хүнээс сурагласаар яваад Дээд боловсролын хороон дээр очвол нэг бичиг хийж өглөө. Өнөөхөө аваад хөдөө аж ахуйн дээд сургууль дээр очиж проектортой уулзлаа. Тэгсэн одоо өнгөрсөн, чи нэг бол цалинтай сургуулийн уурын зуухны качегар хий. Үгүй бол хагас жил цалингүй сур гэнэ. Ингээд эгчтэйгээ зөвлөлдөж байгаад цалингүй хагас жил сурч, дараа нь оюутан болж цалиндаа хүрч Зоо техникч мэргэжлээр төгссөн юм. Төгсөөд Хөдөө аж ахуйн яамнаас авсан шалгалтанд тэнцэж, шууд ажилд орсон. Эхний жил 200 шахуу хоног хөдөөгүүр явлаа. Ган тогтооно, зуд тогтооно, отор нүүдэл, төлийн бэлтгэл гээд л түмэн юманд явдаг байлаа. Ингэж явахдаа их юм сурсан. Тэгээд жил гарангийн дараанаас ахлах мэргэжилтэн болж, дараа нь хэлтсийн дарга, газрын дарга, сайдын зөвлөлийн гишүүн болж, Монгол улсын Ерөнхий зоо техникч болсон түүхтэй. Би хөдөө аж ахуйн яаманд 24 жил ажилласан. 1992 онд Мал аж ахуйн хүрээлэнд очиж, тэнд Адуу судлалын секторын эрхлэгчээр 20 жил ажиллаад тэтгэвэртээ гарлаа.
-Адууны судалгааны ажлаа 1992 оноос эхэлсэн байх нь ээ?
-Яаманд адуу хариуцсан мэргэжилтэн байхаасаа эхэлсэн. Тэр чинь 1984,1985 он байгаа юм. Тэнд байхдаа л хүрээлэн рүү очъё, адууны талаар юм хийе гэж боддог байлаа.  
Намайг сургууль төгссөний дараа 1973 он мал аж ахуйн экспедец гэж юм байгуулагдсан. Орос мэргэжилтнүүд болон манайхан оролцсон уг экспедец Монголд байгаа гайгүй гэсэн адуунуудыг судлахаар болсон юм. Би багаасаа адуунд сонирхолтой байсан болохоор эргэх нэрээр тэдэн дээр байнга очно. Тэгээд Тэсийн адууг судлах группт нь ороод адууг хэмжээд, пүүлээд, зураг хөргийг нь аваад “энэ их гоё адуу юмаа, хурдан болно доо” гэж өөртөө төсөөлөн боддог байлаа. Тэр үед яаманд хэлтсийн дарга Пүрэвээ гэж моринд их дуртай хүн байсан юм. Нэг өдөр намайг дуудаад “чи олон жил морины комисст явлаа, хурдан адууны ямар шинж байна бичээд өг” гэнэ. Сонинд ярилцлага өгөх гэж байсан юм байна л даа. Тэгсэн яг суугаад бичих гэсэн надад юу ч орж ирдэггүй шүү. Баахан ном уншлаа. Орос ном ч уншлаа. Тэр үед Намнандорж гуайн ном гол нь байсан, тэрийг уншлаа. Өөрөө монгол бичиг мэдэхгүй юм болохоор хууччуулаар “Халх журам”-ыг уншуулж, тэмдэглэл хийлээ. Сүүлд нь уяа сойлго, адуучдын туршлага гээд элдэв янзын юм хольж байгаад нэг юм бичээд хэлтсийнхээ даргад өглөө. Тэгсэн үнэхээр сайхан ярилцлага болж, эндээс намайг адуунд их сайн мэргэжилтэн гэдэг яриа гарах болсон юм. Тэр үед морин завод гэж бараг тарчихсан, хэд гуравхан адуутай байсан. Би хааяа очиж адууны зураг хөргийг нь авна. Нэг удаа Рагчаа даргатай хамт хөдөө явж байхдаа морин заводыг сайжруулмаар байна гэж асуудал тавилаа. Тэгсэн яаж сайжруулах юм бэ гэхээр нь мэргэжилтэн явуулж, Тэс, Баянцагаан, Галшар, Дархадаас гүү авчиръя гэлээ. Дарга тодорхой хариу өгсөнгүй. Гэхдээ удсан ч үгүй намайг дуудаж  дахин тодруулаад шууд л Увс аймгийн даргатай ярьж Баядын чинь хоёр сумаас 100 гүү авъя. Нэгдлийн адуунаас чинь хүн явуулж сонгуулна гэлээ. Тэгээд Хөвсгөл, Хэнтий, Төв аймгийн дарга нартай бас ярьчихаад “болох юм шиг байна. Сайд нарын зөвлөлийн тогтоолын төсөл бэлдээд ороод ир” гэлээ. Тэр үед би ХААЯ-ны Мал аж ахуйн үйлдвэрлэлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан юм. Тэгээд сайд нарын зөвлөлөөр хэлэлцүүлээд, дөрвөн тийш групп томилон явуулж, зуу зуун гүү сонгон авчруулсан.
-Та яагаад Төв аймгийн Баянцагааныг онцолсон юм бэ?
-Баянцагааны адууг энд тэндээс сэлбэгдчихсэн гэж үзсэн. Тэр үед улсын наадамд Баянцагааны адуу голдуу айраг түрүү авдаг байлаа шүү дээ. Ингээд авчирсан дөрвөн зуугаасаа хольж солигдоод, заримыг нь алдаад 320 гүүг Морин заводад аваачиж өгсөн. Тэгсэн чинь Жаргалантынхан заримыг нь хольж солиод ерөөсөө ажилладаггүй. Тэгэхээр цагаан тамгаар тамгаллаа. Азотоор тамгалсан анхны хүн бараг би болов уу. Анх Орост явж байгаад харсан юм. 10 л-ийн бетонд азотоо хийчихээд тэрэндээ дүрж тамгалж байлаа, их хөгтэй. Хэдхэн адуу тамгалаад нөгөө азот нь дуусчихна. Дахиад цахилгаан станц руу явж авна. Тэр үед залуучуудын сангийн аж ахуйн дарга Дашдэндэв гэж гавьяат эдийн засагч, адуунд их дуртай хүн байсан юм. Түүнд Морин заводын шинэ, хуучин адуу нийлээд 800,900-гаад адууг танайх руу шилжүүлье,  чи авах уу гэсэн авъя гэнэ. Энэ тухайгаа яамныхаа сайдад хэлтэл чи дандаа адууны талаар дэмий юм санаачилж байх юм гээд хүлээж авдаггүй. Тэгэхээр нь анх цуглуулахад дэмжсэн орлогч сайд Пүрэвээдээ хэлсэн дэмжээд, дахиад Рагчаа дарга дээр тогтоолын төсөл хийгээд орлоо. Тэгсэн тогтоолоор яахав балансаас балансад шилжүүл гэсэн миний гарын үсэгтэй бичгээр аймгийн захиргаанд нь шилжүүлчих гэлээ. Ингэж шилжүүлсэн нь өсөөд 2000 болсон. Үржлийн ажлын удирдагчаар нь би томилогдон, идэхийг нь ч, худалдахыг нь  ч мэддэг байлаа.
-Аль талаас ирсэн гүүнд аль азаргыг хураалгахаар илүү юм гарч байв?
-Хөвсгөлийн дархад адуу их тэсвэртэй юм билээ. Шуурга болоод бусад нь уруудаж байхад Хөвсгөлийн адуу сөрөөд л явж байдаг. Сүү ихтэй, аж ахуйн хэрэгцээнд их тохирсон, уралдахад нэг их муу явдаггүй юм. Тэсийн адуу нь бол гайгүй. Тэгэхээр Тэсийнх дээр Галшараар хийхээр маш сайн адуу гарч байсан. Гарсан хурдан төлөөс нь аж ахуй жилдээ 34,35-ыг борлуулна. Голдуу Баянхонгор, Өвөрхангайнхан авдаг байсан. Хажуугаар нь адуучид хулгайгаар бас их авсан. Тэгтэл өмч хувьчлал болж, Эрдэнэтийн Отгонбилэг агсан лав 500,600-г нь аваад явсан. Бас нэг хэсгийг нь талийгч Пунцагбалжир авсан. Тэгээд үлдсэнийг нь аж ахуй нь тараасан. Би давуу эрхээрээ Мал аж ахуйн хүрээлэнд зууг нь авсан. Өнөөх маань 200, 300 болж өссөн ч зуд болохоор хорогдоод байхаар нь ноднин Малын удмын санд 150 адуу хүлээлгээд өгчихсөн. Ингээд л миний адууны карьер дууссан даа.
-Эдгээр адуунууд дээрээ ямар ямар төрлийн судалгаа шинжилгээ хийж байсан бэ?
-Ямар жинтэй төрснөөс эхлээд 54 сар хүртэл өсөлт хөгжилтийн судалгааг хийсэн. Бүх омгуудыг хооронд нь харьцуулж үзсэн. Галшараар, Тэсээр нь хээлтүүлж үзсэн. Гарсан адууны сүү, мах нь ямар байна, жингээ хэр их алдаж байна гэхчилэн их олон төрлийн судалгаа хийсэн. Анх Монголд тэр Араб адууг чинь би оруулж ирж байлаа.
-2000-аад оны үед Ерөнхийлөгчид Араб адуу бэлэглэж байсан байхаа?
-Тэгсэн. Кувейтээс нэг Араб азарга бэлэглэснийг би очиж авсан. Лалын шашинтай орон шүү. Та өгснийг нь л аваарай гэсэн даалгавартай явлаа. Тэгээд очоод үзсэн 10 гаран настай азарга өглөө. Энэ нь очоод тэсэх болов уу, үгүй болов уу гэж бодоод нэг бага адуу авъя гэж санал тавилаа. Тэгээд байраар нь орж үзэх гэсэн Шейхын зөвшөөрөлгүй гээд оруулдаггүй. Арга оллоо, үүдний Пакестаныг нь найраад камерыг нь унтраалгаж ороод гурван юм нүдэлчихлээ. Өнөө гурвыг хөгшин азарганыхаа оронд авъя гэсэн чинь орж үзсэн байна гээд бөөн юм боллоо. Нөгөө үүдний Пакестаныг халах дээрээ тулахаар нь би ороогүй, интернетээр үзсэн гээд гүрийчихлээ. Ингээд нэг унага хөгшин азаргатай авчирсан. Би ирээд нөгөөхөө төрийн өмчид бүртгүүлчихсэн чинь Энхбаярын зөвлөхүүд Ерөнхийлөгчид өгсөн хувийн өмч гээд авна гэж зүтгэлээ.  Тэгэхээр нь Төрийн өмчийн хорооны тогтоол гаргуулаад ир, тэгвэл өгье гэсэн. Тэд яаж ч чадаагүй над дээр байж байгаад дууссан.
-Хөгшин азарга нь энд ирээд гүү хурааж чадсан юм уу?
-Хоёр гурван юм хураалгаад гурван төл авсан. Нэг хонгор азарга нь одоо удмын сангийн адуунд бий. Нөгөө нь Галын Баттөмөрт, гурав дахь нь болох жижиг хээрийг Ерөнхийлөгчид өөрт нь өгсөн.
  Ер нь энэ талаас оруулж ирж байгаа адууг бэлгийн замын өвчтэй эсэх, саажилттай үгүйг үзэж байхгүй бол болохгүй юм байна лээ. Тэр өвчтэй азарга байгаад жил гаруйхан болоод өнгөрсөн. Сүүлд нь Энхбаярт өөрт нь өгөөд, Налайхад Бадамсүрэнгийн зүчээнд хоёр сар болоод бие нь муудлаа гээд над дээр аваад ирсэн. Би ч эмчлээд сайхан болгоод өгсөн ч удаагүй үхсэн гэсэн.
-Таны унага дасан зохицох чадвар нь хэр байв?
-Арабаас авчирсан унага маань хязааландаа улсын баяр наадмын эрлийз ангилалд Мал аж ахуйн хүрээлэнгийн нэр дээр ороод түрүүлж байсан юм. Ер нь их сайн дасан зохицсон. Энэ Зайсангаар л тэнээд явдаг байлаа. Тэр унагаараа азарга тавьж Жаргалантын нэг хүрэн гүү хураалгасан. Бас надад хүний бэлэглэсэн хээр гүү байснаа хураалгасан. Гүү хураах чадвар муутай байсан. Чивийг нь чиглүүлж өгч байж оруулна. Тэгээд нэг өглөө гүү хураалгаад, тэгтэл цаашаа давж унаад, үхчихсэн. Найман настай байсан. Тэрийг малладаг байсан Увсын Цэнд-Аюушид анхны нь гал үр нэг морь бий.
-Тэр үед эрлийз ангилал гэж байсан юм уу?
-Улсын наадмаар ялгаж уралдуулдаг байсны хоёр дахь жил нь юм. Цэнд-Аюуш уяж байлаа.
-Одоо гаднаас адуу маш ихээр орж ирж байна. Эдгээр адуунаас эрүүл ахуйн шинжилгээ хангалттай сайн авч чаддаг болов уу?
-Өнөөдөр уяач болгон дор бүрнээ үржил хийж гаднаас адуу оруулж ирж байна. Энэ бол маш аюултай. Энэ хавар Төв аймгийн уяачдын зөвлөгөөн гурван бүсэд болсон. Төв аймгийн МСУХ-ны тэргүүн нь УИХ-ын гишүүн Батболд юм байна лээ. Би зөвлөгөөн дээр анхааруулж хэлсэн. Оруулж ирж байгаа адуугаа маш сайн шинжлүүлж байх хэрэгтэй. Хэдэн жилийн дараа амаа барих юм болохвий гэж. Урьд нь манайд адуунд бэлгийн замын өвчин огт байгаагүй. Гэтэл одоо байнга ярьдаг боллоо. Европоос ирж байгаа адуунууд их аюултай. Цаадуул чинь өвчтэй байсан ч эрүүл гээд л өгчихнө шүү дээ. Хойд хөршөөс орж ирж байгаа адуунд цус багадах өвчний шинжилгээг зайлшгүй хийх хэрэгтэй байдаг юм. Гэхдээ орж ирж байгаа адуунаас бэлгийн замын өвчнийг нь нарийн шинжилж чаддаг үгүйг мэдэхгүй байна. Өнөөдөр Өлзийт хорооллын бараг бүх уяач адуу гаднаас оруулж ирэх зөвшөөрөлтэй. Тэр нь ямар ч хяналт байхгүй. Тэрийг мэргэжлийн байгууллагууд, Мал эмнэлэг үржлийн газар ч юм уу, манай холбоо ч юм уу хяналтандаа аваад, нэг системд оруулж, түр карентинд байлгаад шинжилгээг нь авч баймаар байгаа юм. Ингэхгүй бол нэг л мэдэхэд Монгол адуунд заналхийлнэ шүү.  
-Өнөөдөр сум болгонд үржил селекци, эрлийзжүүлэлт хийгдэж байна? Ингэж уяач болгон хийж байгаа нь зөв үү?
-Үржлийн ажлын бодлого гэж байх ёстой. Хаа байгаа Өмнөговь, Увс, Баян-Өлгийд нөгөө эрлийз адуу оччихсон. Гарсан төлийг нь найз нөхөд нь худалдаж авч байна. Энэ нь удахгүй Монголоор нэг тарна ш дээ. Одоо манайд засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Мал эмнэлэг үржлийн газар гэж байна. Энэ агентлаг улсын Мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторитай хамтраад гаднаас орж ирсэн бүх адууг карентинд оруулаад, шинжилгээг нь хийлгээд, гэрчилгээг нь олгодог байх хэрэгтэй юм. Хоёрдугаарт манай эрдэм шинжилгээний хүрээлэн бол үржлийн ажлыг ямар чиглэлээр явуулах ёстой вэ гэдэг ерөнхий бүдүүвчийг гаргаж өгмөөр байна. Гуравдугаарт ХААЯ дуртай хүн болгонд тусгай зөвшөөрөл олгодгоо хязгаарлах хэрэгтэй. Миний сонссоноор уяачдад адуу оруулж ирэх 300 гаруй тусгай зөвшөөрөл байгаа юм билээ.
-Тусгай зөвшөөрлийг ямар шалгуураар олгодог юм бэ?
-Энэ тусгай зөвшөөрлийг одоо цэгцэлмээр байна. Түрүүнд нь олгосон зөвшөөрөл бүхий нөхдүүдээ эргэж шалгаад, байгааг нь хураагаад авах хэрэгтэй. Тэгээд цөөхөн мэргэжлийн байгууллагуудад нь төвлөрүүлээд, эдний хяналтан дор хиймээр байна. Тэрнээс гадна гэрчилгээ паспорттай болгож жигдрүүлээд, гарсан төлүүдийг нь нэмж бүртгээд яваад байвал цэгцрэх юм шүү дээ. Энэ бол төрийн байгууллагын хийх ажил юм. Ингээд хяналттай, бодлоготой болоод ирвэл дуртай газартаа аваачиж эрлийзжүүлэг хийх шаардлагагүй, тохирох газар нь л үржүүлэх болно. Тохирохгүй газар эрлийз аваачаад яахав эхний нэг хоёр нь давхиж болно. Цаашдаа тохирохгүй шүү дээ. Тэгэхдээ яахав яам ажлын хэсэг байгуулаад стратеги төлөвлөгөөгөө мал, мал дээр боловсруулж байгаа юм байна лээ. Би гэхэд адууны үржлийн ажлын хэсэгт нь байна. Энэ оны гуравдугаар улиралд багтаан стратеги төлөвлөгөөгөө боловсруулаад сайдын зөвлөлд оруулна гэсэн. Тэрэн дээр би өөрийн саналаа хэлж байгаа ч миний санал жаахан үнэгүйдээд байна.
-Та ямар сэдвүүдээр эрдмийн ажил бичиж, цол зэрэг хамгаалж байсан бэ?
-Би “Монгол адууны удам зүйн параметр” гээд удамшлын судалгаа хийсэн. Энд гүүнээсээ 75% удамшиж байна. Тэгэхээр сайн гүү маш их чухал гэдгийг гаргаж тавьсан. Хоёрдугаарт нь омгийн адуунуудыг алийг нь алинтай нь селекци хийвэл үр дүнд хүрэх вэ гэдэг үржлийн ажлын ерөнхий бүдүүвч схемыг гаргалаа. Гуравдугаарт Донын адуу, Араб адууг яаж үржүүлэх вэ гэдэг бүдүүвчийг нь гаргаж өгөөд, тэрний тэжээлийн зөвлөмжийг боловсрууллаа. Мөн Монгол адууны үржлийн зохистой хэмжээ, гүү хэдэн хувь, азарга нь хэдэн хувь байх ёстой вэ, хувь хүнийх ямар байна вэ, албан байгууллагынх ямар байна вэ гэдгийг гаргаж өгсөн. Тэгээд Монгол адууны махан ашиг шимийг насаар нь дагуулаад эдийн засгийн тооцоог гаргалаа. Энд мах нь ийм байна, сүү нь ийм байна, бэлчээрийг ингэж ашиглаж байна, тэжээвэл нэг жилд нас насанд ийм тэжээл өвс хэрэглэх юм байна, ийм хэмжээний ус ууна гээд тооцоолон гаргасан. Одоо тэр эрлийз хурлийз дээр л жаахан юм хийгээд байна. Монгол адууны азарганы үрийн судалгааг анх манай багийнхан хийсэн. Одоо хүмүүсийн оруулж ирсэн адуу арваад гүү хураагаад хоёрхон төл авлаа гэж над дээр ирдэг. Тэгэхээр нь үрийг нь авч үзэхэд хичнээн мянган эс байгаа мөртлөө ганц хоёрхон нь амьд идэвхтэй юм байх жишээтэй. Тэжээл нь тохироогүйгээс эхлээд энд олон шалтгаан бий. Ингээд энэ талын судалгаа хийж зохистой нормыг тогтоогоод өгсөн байгаа юм. Одоо залуучууд морио сайн уядаг болж, уях сонирхол ч их нэмэгдэж, морины үнэлэмж өслөө. Энэ нь уяачдын цол зэрэг өгдөгтэй бас холбоотой. Одоо Монголд 417 улсын цолтой уяач байна. Үүнээс Алдарт уяач 316, Манлай уяач 76, Тод манлай уяач 25 байна. Улсын цолтноороо Төв аймаг тэргүүлдэг. Энд 91 улсын цолтон бий. Хоёрт Ховд аймаг, гуравт Улаанбаатар хот, дөрөвт Завхан, тавд Архангай, зургаад Дундговь, долоод Сүхбаатар, наймд Өвөрхангай, есөд Говь-Алтай, аравт Дорнод жагссан байгаа юм. Намайг морь мал хариуцаж байхад улсын наадам л ганцхан болдог байлаа. Би чинь бас Морин спортын холбооны дарга хийж байсан хүн шүү дээ. Төв хорооны хэсгийн эрхлэгч Балдандаш гэж хүн намайг дуудаад, би төр засгийн ажил олон жил хийлээ, одоо хөгширлөө. Чи морь маланд дуртай юм байна гээд 50 мянган төгрөгтэй холбооныхоо ажлыг өгсөн. Морин спортын холбоо гэж Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн харьяанд байсан юм. Анхны арван цолыг би олгож байлаа.
-Яаж яваад морины комисст орсон юм бэ?
-Би чинь 1968 онд оюутан байхдаа Яармагт хурдан морины комисст өөрөө гүйж очиж байлаа. Тэр үед компьютер гэж байх биш. Бүх бүртгэлийг нь бичиж өгөхөөр комиссынхон дуртай хийлгэнэ. Ирсэн морийг тоолдог, таслагаа хийдэг, айрагдсан морьдын жагсаалт гаргадаг, дипломон дээр бичдэг ажлыг хоёр жил үнэгүй хийсэн. Тэр үед Лхагвасүрэн жанжин морины комиссын дарга хийдэг байсан.Тэгээд энэ хүүхдийг ингээд үнэгүй зараад байж болохгүй, хэдэн төгрөг өгөөрэй л гэнэ. Нөгөөдүүл төсөв байхгүй гэж хоорондоо ярина. Би ч тоосонгүй. Тэгсэн нэг өдөр Батлан хамгаалах яаман дээр ирээрэй гэнэ. Яваад очсон оруулдаггүй, буцаад алхаж байтал Лхагвасүрэн жанжин улаан номертой машинтайгаа ирж байхтай таарлаа. Тэгээд дотогшоо хамт орж, кассныхаа хүнээс 50 төгрөг өглөө. Би мөн их баярлаж билээ. Ингээд 1970 оноос эхлээд уржнанг хүртэл дөчин хэдэн жил баяр наадмын хурдан морины комисст ажиллалаа. Энд тоо бүртгэгч, цуваа бүртгэгч, цувааны ахлагч, шүдлэгч, даамал, дэд даамал, нарийн бичгийн дарга, орлогч дарга гээд бүгдийг нь хийсэн.
-Та баяр наадмын комисстдөчөөд жил ажилласан. Юун дээр илүү анхаармаар санагддаг байсан бэ?
-Тэр үед хүргэж уралдана гэдэг аюултай юм байсан. Морь дандаа дутуу эргэчихнэ. Бид зургаан төрлийн арга хийсэн, бүгдээрээ амжилтгүй болсон. Эхлээд хүүхдүүдэд жотоон гэж номер өгөөд үүнийгээ тэрийг цэрэгт аваачиж өгсөн морийг бүрэн эргэсэнд тооцно гэсэн чинь замдаа унагаачихаж гээчихэж гээд өөдтэй юм болоогүй. Тэгэхээр нь нэг цэрэг хоёр морь бариад эргүүлсэн чинь хүчрээгүй. Зарим морь нь цовхчино, зарим цэрэг нь морь мал мэдэхгүй, ганц хоёр морь алдчихаар бусад нь дагаад дутуу эргэчихээд байлаа. 3-рт хиймэл дагуулын хөөргөдөг шаар хөөргөөд, тэр хүрч эргэнэ гээд явуулж үзсэн хүүхдүүд учрыг нь олохгүй бүтэлгүйтсэн. 4-рт далан хийсэн. Далан дээр би их шүүмжлүүлсэн. Хорин хэдэн сая төгрөг газарт булж хаясан гээд. Далан тойруулах нь үр дүнгээ өгсөн ч сүүлдээ шороо нь суугаад намхан болчихоор дээгүүр гарч замаас нь дайрч ороод будилаантсан. Ингээд нэг удаа Япон явахдаа олон гараатай хаалтны араас буун дуугаар эргэдгийг үзээд олон морь эргүүлэхэд яаж хийвэл зүгээр вэ гэж бодож яваад Баасанхүү генералд хэллээ. Тэр үед Эрдэнэтийнхэн олс татаад эргэдэг юм хийсэн байлаа. Баасанхүү инженер хүн, бид хоёр янз янзаар л зурж үзлээ. Тэгээд гарааны төхөөрөмжийг анх Баасанхүүгээр хийлгэж байлаа. Одоо морь дутуу эргэхвий, замаас юм орохвий гэж бодох юм байхгүй сайхан болсон. Би өчнөөн жил морины комисст явсны үр дүнд энэ асуудлыг шийдсэн гавьяатай хүн гэж  өөрийгөө боддог. Одоо хамгийн хэцүү юм л эрлийз хурлийзыг ялгах байна. Цаашдаа ялгаж чадахаа ч болино доо яана.
-Ялгах энгийн бөгөөд хялбар гарц юу вэ, таныхаар?
-Ялгаж уралдуулах нь зөв л дөө. Энэ талаар сая ММСУХ бүх аймгаасаа санал авсан чинь 80-аад хувь нь ялгаж уралдуулахыг зөв гэж үзсэн байна. Тэгэхдээ одоо сум бүхэн болсон болоогүй эрлийз хурлийз хийж байгаа нөхцөлд цаашдаа үнэн зөв ялгахад улам л хэцүү болно. Хоёрдугаарт хуучин Жаргалант адуугаа яах юм бэ, тойруулгынхныг яах юм бэ? Тэгэхээр паспортжуулахаас өөр арга байхгүй болж байгаа юм. Мөн мэргэжлийн хүмүүсээр комиссоо бүрдүүлмээр байна. Ялангуяа шүдэлж байгаа, даамал хийж байгаа, үүлдэр тогтоож байгаа хүмүүсийг мэргэжлийн хүмүүсийг томилмоор байна.
-Адуу бол амьд энергитэй гэдэг. Олон жил морь мал гэж явлаа. Өөрийн нэр дээр адуу оруулж байв уу?
-Оруулалгүй яахав. Би чинь улсаас хоёр айраг, бүсээс нэг айраг авсан хүн. Төв аймагт хоёр ч айрагтай. Сумын наадамд бол бий бий. Намайг аймгийн Алдарт уяач бол гэхэд нь би үгүй л гэсэн. Тэрүүгээр би яахав дээ. Одоо нэг гайгүй азаргатай, ноднин дөрөв дахиж зургаад давхисан. Буяндэлгэрийн Жинст хонгорын төлийн төл байгаа юм. Надад Далай бэлэглэсэн. Бас нэг эрлийз азарган үрээ бий. Гэхдээ энэ жил уяхад хэцүү, өөдтэй хөлөрч өгөхгүй байна. Би уг нь Увс руу бор азарганы төл Эрдэнэгэрэлд байгаа хээрийгээ аваад явах гэсэн чинь сайн болохгүй л байна.
Адуунд ингэтлээ татагддагийн учир нь Монгол хүний генд байх шиг байгаа юм. Адуу хураасан газар очихгүй хүн гэж байхгүй, ирээд туслаад явдаг. Дээр үед  Увсын Тэсэд 100 адууны хэмжээ авахаар долоо хоногийн томилолттой очлоо. Нэгдлийн дарга нь Гомбосүрэн гэж байсан. Сувай адуу их болохоор хэцүү ш дээ. Тэгэхэд агтны хашаанд оруулаад гурав хоногийн дотор дуусгасан. Тэсийн залуус чинь айхтар, бүгдээрээ хоёр бугуйлтай ирээд эгнэж зогсож байгаад бугуйлаа шиднэ. Нэг нь бугуйлдаад алдахад дараагийнх нь бариад авна. Бугуйлдаад алдсан нөхөр хөлийг нь боож пүүн дээр тавьдаг ажилд томилогдоно. Ийм л сайхан. Ингээд Гомбосүрэн гуай маань тэр тусалсан залууст хоёр ямаа боож өгөөд, би ч ажлаа хурдан амжуулаад буцаж байлаа. Адуугаа тамгална гээд хоёр хүнд хэлчихсэн байхад аль хэдийнэ тарчихсан, энд тэндээс залуучууд бугуйлаа барьж ирээд туслана. Энэ мэтээр адууны ажил бүтэхдээ сайн байдаг юм.
-Энэ ажил мэргэжлийг сонгосондоо аавдаа баярладаг байх даа?
-Тэгэлгүй яахав. Эндээс хоолоо олж идэж, энэ ажил мэргэжлийг сонгосноороо олон түмнээрээ хүрээлүүлж, найз нөхөд олонтойгоо сайхан явна. Энд тэнд явахад манайхаар орооч, манай адууг нэг хараад өгөөч, надаас нэг гайгүй даага авчих гэх жишээний. Би чинь мал зүйчдийн холбооны ажил хийдэг ч адууны  талын юм байнга л үзнэ, уншина, бичнэ. Адуутай холбоотой арваад ном бичлээ. Одоо “Адууны аж ахуй” гэсэн ном гаргах гээд янз янзын юм оролдоод сууна. ММСУХ-ны 20 жилийн ойн эрдэм шинжилгээний хуралд илтгэлээ тавьчихаад номондоо орно доо. Үнэндээ энэ эрлийз хурлийз дээр эдэнтэй үзэл бодол нийлэхгүй юм. Би шууд хэлсэн. Энэ будилааныг чинь холбооны тэргүүлэгч, цолтой уяач чинь л хийж байна. Зарим нь энд сууж л байна, арга хэмжээгээ аваач, жирийн уяачид хэзээ ч ийм муухай юм хийхгүй гэж  хэлсэн. Энхболд дарга ч байсан.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээж байна?
-Удахгүй наадам болох гэж байна. Энэ жил нэлээд гантай байгаа ч манай уяачид морьдынхоо уяа сойлгоо сайн тааруулан айраг түрүү олныг авах болтугай. Мөн ММСУХ-ны 20 жилийн ойн баяр ирэх наймдугаар сарын 13,14-нд анх уяачдын холбоо байгуулагдсан Төв аймгийн Баянжаргалан суманд  болсон. Энд зургаан насны морьд уралдана. Уяачид маань өргөнөөр оролцож, айраг түрүү олныг авч сайхан наадаарай гэж ерөөе.

"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна