НМСУХ-ны тэргүүлэгч Ш.Үнэнбат: 1921 оноос хойш тасраад байсан "Хүрээ цам-2015" даншиг наадамд азарга мордуулж, айраг амслаа

А.Тэлмэн
2016 оны 12-р сарын 17 -нд

“Хийморилог зочин” булангийн шинэ зочин “Бармон” группийн Ерөнхийлөгч, Нийслэлийн Алдарт уяач Ш.Үнэнбат байлаа.
-НМСУХ-ны ам бүлд багтаж, удирдлагын багт ажиллах болоод хэдэн жилийн нүүрийг үзэж байна вэ?
-Шинэ зохион байгуулалтанд орохоос өмнө холбоондоо тэргүүлэгчээр ажиллаж байлаа. Би чинь 2010 оноос морины ажилд нэлээн идэвхитэй оролцож эхэлсэн хүн. Өөрөө ч морь мал сонирхож эхэлсэн үе л дээ. Мориор танилцсан олон ч найз нөхөдтэй болсон. Улмаар холбооны тэргүүлэгч Үүрцайх “тэргүүлэгч болооч” гэсэн санал тавиад, хоёр гурван ч удаа хуралд нь сууж үзсэн. Ингээд саналыг нь хүлээн аваад бид хамтдаа одоогийн “Хангарьд”, хуучнаар “Нийслэлийн тэргүүн магнай хүлэг” шалгаруулах уралдааныг зохион байгуулж байлаа. Энэ уралдаанд уясан морио ч айрагдуулж одтой наадсан.
-Хэдэн он гэсэн үг билээ?
-2012 он байгаа юм. Өдгөө Хангарьд уралдаан уяачдын хүсэн хүлээдэг, чансаатай наадмуудын нэг болжээ.
-Тухайн үед /2011 онд/ холбооноос ямар, ямар ажлыг хийж байсан бэ?
-Холбооны тухайн жилийн хамгийн том ажил нь хавар гурав, дөрвөн сарын үед зохиогддог “Нийслэлийн тэргүүн магнай хүлэг” шалгаруулах уралдаан байдаг. Мөн тухайн жилдээ нийслэлийнхээ Алдарт уяачдыг тодруулна. Түүнчлэн Даваа гуайн тэргүүлдэг Монголын үндэсний морин уралдааны холбоотой хамтарч, “Холч морьдын уралдаан”-ыг зохион байгуулдаг байсан. Мөн жилдээ хоёр, гурван удаа уяачидтайгаа цуглаж ажлаа дүгнэнэ. Дэмжлэг туслалцаа үзүүлэх үүднээс, тусламж хэрэгтэй амьжиргааны түвшин доогуур хүмүүст тусалдаг. Энэчлэн өнгөрсөн хугацаанд олон ажлыг амжуулсан л даа. 
-Шинэ зохион байгуулалтанд орох саналыг холбооны гишүүд өөрсдөө гаргасан юм уу?
-Төв холбооноос салбар холбооны хувьд дүрэм журмандаа нийцүүлэн шинэчилсэн зохион байгуулалтаар ажиллах саналыг хүргүүлсэн. Үүний дагуу үйл ажиллагаагаа тогтмол, өргөн цар хүрээтэй болгох үүднээс Мөнхбаясгалан тэргүүн өөрөө удирдан зохион байгуулж, бүх гишүүдээ цуглуулж хуралдсан юм. Энэ бага хурлаар ингэж шинэчлэх нь зөв гэдэгтэй бүгд санал нэгдэж, хамтдаа хүчээ нэгтгэн ажиллаад хоёр жил болж байна.
-Түүнээс хойш хоёр ч удаа “Хангарьд” уралдаан зохион байгуулагдлаа. Зохион байгуулалтанд нь оролцсон “Хангарьд-2015”уралдааныхаа онцлогоос дурдаач?
-Салбар холбоод болох Налайх, Багахангай, Партизан гэхчилэн дүүргийнхээ уяачдын үйл ажиллагааг дэмжих үүднээс өнгөрсөн жил “Хангарьд” уралдаанаа Налайхад зохион байгууллаа. Ингэж буурь сэлгэсэн нь нэгд уяачдын холбоогоо сурталчлах давуу тал боллоо. Мөн Налайхын наадмын талбайн морин уралдааны зам талбайг стандартад нийцүүлэн засаж шинэчилсэн нь бас нэгэн бүтээлч ажил болсон гэж олзуурхаж байгаа. Налайхад ахмад уяачид олон байдаг юм билээ. Тэднийхээ сэтгэлийг тэтгэж, хийморийг нь сэргээе гэж бодсон юм. Дараагийн удаад Налайхынхан маань шинэ наадмын талбайдаа уралдахаар болсонд бид ч баяртай байгаа. Мөн Налайхын уяачдын холбооны тодорхойлолт, Налайхын Засаг даргын хүсэлтээр амьжиргааны түвшин доогуур хоёр айлд уяачдын “Хишиг өргөө” таван ханатай гэрийг  бэлэглэлээ. Энэ мэтчилэн наадам зохион байгуулсан газрынхаа иргэдэд аль болох хүртээмжтэй байх тал дээр анхаарч ажилласан. 
-Ингэхэд та аль нутгийн хүн бэ?
-Миний аав Завхан аймгийн Идэр сумын хүн.  Аав маань Идэр сумын Халуун усны аманд эхээс мэндэлсэн гэдэг юм. Энэ сайхан нутаг усаа дээдлэн манайхан ургийн овгоо  Халуун ус хэмээн нэрлэсэн. Өөрөөр хэлбэл бид чинь Ялгуусан хутагтын үр сад юм шүү дээ. Би анх моринд ороод Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээрээ овоглож явдаг байлаа. Өнгөрсөн хугацаанд сумын наадмаас эхлээд аймгийн бүсэд морь айрагдуулан одтой наадаж ирсэн. Харин өнгөрсөн жилийн улсын баяр наадмаас эхлээд өвөг дээдсийнхээ нутаг усны нэрийг гаргахсан гэж хүсээд Завхан аймгийн Идэр сумаараа  овоглож  байгаа. Нутгийн тэнгэр хардаг гэж үнэн байх шүү. 1921 оноос хойш тасраад байсан “Хүрээ цам 2015” даншиг наадамд азарга мордуулж, айраг амслаа. Үүндээ их баяртай байгаа. 
-Даншиг наадмын зохион байгуулалт ямар санагдсан бэ?
-Бидний өвөг дээдэс зөв цагтаа нааддаг байжээ. Хангай  дэлхий өгөөжөө хайрлаж, амьтай болгон тарга хүч авч, яг л малын зоо тэнийнэ гэдэг шиг сайхан үед хийлээ. Энэ үед наадах нь зөв юм гэж хувь хүнийхээ хувьд бодсон. Яваандаа Хүрээ цам наадмыг жил бүр уламжлал болгон явуулахаар болсонд талархаж байгаа. Яг энэ цаг хугацаандаа, сайхан  зохион байгуулаад явбал Монголдоо нэр хүндтэй том наадам болох нь дамжиггүй бизээ.
-Шигшмэл морьд ирж уралдсан байх шүү?
-Тиймээ, улс бүсийн наадамд уралдсан морьд ирсэн. Энэ даншиг тухайн жилийн отгон наадмын нэг байсан шүү дээ. Чансаатай наадам байсан гэж би хэлнэ.
-Хээр азарга тань хаанахын удам угшилтай адуу вэ?
-Дорнод аймгийн Хэрлэн сумын аймгийн Алдарт уяач Эрдэнэцогт гэж хуурай ах маань шүдлэнд нь бэлэглэж байлаа. Түүний аймагтаа түрүүлж, айрагдсан Ивээл хүрэн азарганых нь төл байгаа юм. Би гэхдээ дээд удмыг нь сайн мэдэхгүй байна. Ахын сэтгэл шингэсэн бэлэг шүдлэн цагаасаа хойш 10-аад наадамд айрагдчихаад байна.
-Танд ирэхээсээ өмнө уягдаж байсан юм уу?
-Эрдэнэцогт ахад байхдаа суманд гурав орчихсон байсан. Надад дөрвөн медальтай адуу өгсөн юм. Өдгөө Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат аймгийн Алдарт уяач П.Гантуул уяа сойлгыг нь тааруулж байна. Би чинь уяач гэхээсээ илүү морины зүтгэлтэн  хүн л дээ. Өвөрхангайд сорилго уралдаанд хоёр азарга маань гурав, дөрвөөр тус тус орсон. Тэгээд Өвөрхангайн Баянгол сумын 90 жилээр айрагдсан. Харин хязаалан жилээ Өвөрхангайд гуравлаж байлаа. Өнгөрсөн жил даншгаар айргийн дөрвөөр хурдаллаа. Үндсэндээ надад ирээд дөрвөн медаль нэмчихээд байгаа хүлэг.
-Та Улаанбаатар хотын унаган ч  удмаа хөөвөл Завханы хүн. Гэсэн атлаа яаж яваад Өвөрхангайнхантай холбогдчихсон юм бэ?
-Би морины найз нөхөдтэйгээ нийлээд “Цэцээ гүн” галыг байгуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Богд уулынхаа ноён оргилоор ийнхүү нэрийдсэн бид анх есөн гишүүнтэй байгуулагдсан юм. Эдний нэг гадаадын хөрөнгө оруулалтын газрын тамгын газрын дарга Төмөрбаатар гэж ах бий. Төмөрөө ах, аймгийн Алдарт Гантуул нар хамаатны улс. Ингээд хээр соёолонгоо Гантуултай ярьж байгаад уяулахаар болж, Өндөр гэгээндээ уралдуулахаар газар дөхүүлсэн юм. Өвөрхангайнхан бол эртнээс зүүнтээгээс хурд зөөсөн улс шүү дээ. Тэр утгаараа өнөө цагийн  чансаатай газрын нэгэнд хурдан хүлгэдээ сойж байгаа гэж өөрийгөө боддог.
 Би чинь хоёр, гурван уяачтай хүн. Зүүн талдаа Дорнодод Эрдэнэцогт ах дээр хоёр, гурван үрээ  байна. Тэднийгээ тэнд нь  уралдуулчихдаг бол төвийн хэсэгт Мөнхбатаа Тод манлай дээр бас хэдэн адуу бий. Харин баруунтаа Өвөрхангайд байна. Мөн дөрөв дэх уяач маань Завхан аймгийн Тэсийн голд байна. Улсын Алдарт уяач Базаррагчаагийн хүү аймгийн Алдарт уяач Бат-Очир гэж найз маань Тэсийн голын унага бэлгэнд өгч түүнийгээ уяж байна.
-Олон газар уралддаг байх нь ээ?
-Тухайн бүс нутагт нь дасгаж байгаад уралдуулах санаатай. Тэгэхгүй бол холын замд буруу зөрүү ачихаас эхлээд хөлийг нь гэмтээх, тухайн нутгийн өвс ногоо таарахгүй байх гээд асуудлууд гарах юм. Тэгэхээр яг газар оронд нь “дасгал сургуулилт” хийж байгаад дөрвөн бүстээ уралдах санаатай. Шинэ арга барил технологи гэх үү дээ.
-Тэгээд Өндөр гэгээнд уралдуулсан уу?
-Үгүй ээ, Говьшанхад очоод 13-аар давхиулсан. Улсад ч бас 13-аар ирсэн л дээ. Улаанбаатар хотод найман сард “Хүрээ цам 2015”-т азарганд мордуулаад айргийн тавд орсон.
МОРИНЫ СОЁЛ МАШ ЭНГИЙН АХУЙГААС ЭХЭЛДЭГ ЮМ БАЙНА
-Морь уяж байгаа хүнд адууны удам угшил гэдэг маш чухал. Мөнхбат Тод манлай дээр хаанахын ямар удам угшилтай адуунууд уягдаж байгаа вэ?
-МУ-ын Тод манлай уяач Мөнхбат дээр Хэнтий аймгийн Батноров сумын Уртын Дамдинжав гэж хүний адууны гаралтай, Батхүүгийн Толин хулын төлийн төлөөс гарсан загал азарга байгаа. Би 2014 онд авсан юм.  Нутаг орондоо уралдаж, сум овооны наадам болон хоёр, гурван суманд айрагдчихсан долоо, найман медальтай азарга бий. Бас Тод манлай уяач Мөнхбат 2015 онд Хутагтын хурдад  түрүүлсэн ухаа азаргаа надад бэлэглэсэн. Сая бид нэгдүгээр сарын 6-нд морьдоо ёсоллоо. Одоо Тод манлай дээр манай “Цэцээ гүн” гал төвлөрч байна.
-Өнөө жил хэдэн адуу тэжээсэн бэ?
-Гурван талд долоо, найман адуу тэжээж байна. Нийтдээ 20 гаруй адуу болчихов уу даа.
-Та бол хотын унаган хүүхэд. Юу таныг моринд “урвуулсан” юм бэ?
-Манай галын гишүүн Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, аймгийн Алдарт уяач Дамбажав найз маань их нөлөөлсөн л дөө. Мориныхон Гаалийн Дамба гэхээр андахгүй. Би 2004,2005 оноос эхлээд найзыгаа олон жил балиашиглаж явлаа. Тэгээд Дамбажав маань надад хурдан зээрд үрээ бэлэглэж, өөрөө уяж өгсөн юм. Ингэж монгол хүний цусанд байдаг морины хорхой “сэдэрсэн” шиг байгаа юм. Нэг л мэдэхэд гурав, дөрвөн азаргатай болчихсон байсан. Үүнээс нэг их удалгүй бас морины зүтгэлтэн болж, улс бүсийн уралдааны зам, морь шүдэлгээний хашаа, хөлсний хашааг холбооны даалгавраар засаж янзалдаг боллоо. Яваандаа хаана наадам болно би давхиж очоод, бэлтгэл ажлыг базаадаг болж, нэг мэдэхэд өөрийн эрхгүй мориноос холдох аргагүй болчихсон.
-Хэдэн онд нийслэлийн Алдарт болсон юм бэ?
-2012 онд Нийслэлийн Алдарт уяач цолыг авсан.
-2010 оноос хойш хичнээн айраг, түрүүтэй болоод байгаа вэ?
-Нарийн тоолж байсангүй. Сум, дүүрэг, аймгийн бүсийн наадмуудаас айраг, түрүү олныг авсаан. Эндээс 2012 онд Дундговийн Дэрэн суманд болсон аймгийн бүсийн наадамд Дэлхий хээр азаргаа аман хүзүүдүүлсэн. Найз нарын өгсөн нэр л дээ, Дэлхий хээр гэж. Ингэж томоохон наадмаас анхны айргаа амсаж байлаа. Төв аймгийн Ж.Мөнхбат гуайн хүү Ариунболд гэж уяачаас авч байсан юм. Ер нь тэр жилээ их хурдан байсан л даа. Дундговь аймгийн бүсэд орчихоод 2012 ондоо “Нийслэлийн тэргүүн магнай хүлэг” шалгаруулах уралдаанд дөрөвлөсөн. Тэгэхэд Наранбаатар найзын маань азарга тавласан юм. 2015 оны Хангарьдыг зохион байгуулсан Наранбаатар их сургуулийн нэг ангийн найз. Манай ангийнхан бидний моринд орсныг мэдээгүй ч явахад зэрэгцээд морьдоо цоллуулж зогслоо. Үүнээс хойш ангийнхан мэддэг болсон доо.
-Хурдан морь сонирхож эхэлснээс хойш таны амьдралд ямар ямар өөрчлөлтүүд орсон бэ. Хотын уяачид үүнийг илүү мэдэрдэг шиг санагддаг.
-Эр хүний жудаг гэдгийг жинхэнэ утгаар нь мэдэрч байна гэж болно. Ёс жудагтай, хийморилог эрчүүдийн дунд орохоор их өөр юм билээ. Хотын хүүхдүүд компьютер, гар утсаа л мэдэхээс биш хөдөөгийн амьдрал, морь мал хайрлахын ач тусын талаар А ч үгүй өсөж байна. Тэгвэл манай хоёр хүү намайг морь уядаг болсноос хойш олон зүйлийг сурч мэдэж авч байгаа нь харахад андашгүй. За тэгээд гэр бүлийн хүрээнд монгол ахуй дэлгэрч,  мэндлэх, хүндлэх, зочлохоос эхлээд монгол ёс заншлаа илүү их мэддэг болсон. Морины соёл маш энгийн ахуйгаас эхэлдэг юм байна.
-Ингэхэд та ямар мэргэжилтэй хүн бэ?
-Удам дамжсан барилгачин гэж хэлж болно. Миний аав Шагдаррагчаа МУ-ын Гавьяат барилгачин. 1990-ээд оны үед Барилгын яам гэж байхад орлогч сайд хийж явсан хүн. Харин ээж маань барилгын эдийн засагч. Ээж аав хоёр маань таван хүүхэд төрүүлж өсгөсөн улс. Өнөөдөр бид тавуулаа барилгын салбарт ажиллаж байна. Би барилгын инженер мэргэжилтэй. Манайхан 1995 онд барилгын компанийнхаа суурь тавьж, ээжтэйгээ ажлаа эхлүүлж байлаа. Харин өнөөдөр гэр бүлийн жижигхэн компани маань группийн хэмжээнд хүрчээ. Ямартаа ч аливаа ажилд тууштай явбал амжилтанд хүрч болдогийг биеэрээ мэдэрч явна.  
-Одоо ямар, ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Саяхан “Бармон трэйд“ гэж охин компаниа байгуулж, 20,000-иод м2 талбайтай орчин үеийн Big худалдааны төвөө нээлээ. Бид орон сууц, худалдаа үйлчилгээ, барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг. “Бармон“ групп маань Улаанбаатар хотынхоо хөгжил цэцэглэлтэнд гар бие оролцож, гэр хорооллын дахин төлөвлөлтөөр Чингэлтэй дүүргийн 10-р хороо, Дэнжийн 1000 орчмын 40 га газарт 4800-гаад айлын орон сууц барихаар болсон. Төслийн ажил өнөөдөр ид дундаа явагдаж байна.
-Томоохон бүтээн байгуулалтаасаа сонирхуулаач. Мэдээж харах бүрт бахдал төрдөг байх даа?
-Тэгэлгүй яахав. Байшин барилгууд зөндөө л байна. Гэхдээ энд онцлоход би барилгын инженер болоод ганц л гоё юм хийсэн гэж боддог. Энэ бол Барилгачдын талбай гэж Туул рестораны хажуугийн талбай юм. Тухайн үед объектыг барьж барилгачдын хөшөө босгох ажлыг Барилгын яамнаас надад даалгаж байлаа. Ингээд өөрийн байгуулсан Батмонгол констракшны хамт олонтойгоо барилгачдынхаа хөшөө дурсгалыг босгосондоо баярлаж явдаг. Бас Дундговь аймагт Наранцацралт агсны хөшөө дурсгалын цогцолборыг барьж байлаа. Энэ сайхан ажлыг хийхэд маш олон уран гартай барилгачид оролцсоноос багын найз Чойндоогийн Дашдорж маань гол ажлыг нь нугалсан даа. Уран гартай мундаг залуу байдаг юм.
-Танай компанийн нэр ямар учиртай юм бэ?
-Бармон гэж хоёр утгатай. Барилгачин Монгол гэсэн үгийн товчлол Бармон болж байгаа юм. Нөгөө талаар Бар Монгол болохын бэлгэдэл. Ерээд оны үед Азийн зургаа дахь бар болох нь хүн бүрийн мөрөөдөл байлаа.
-Сонирхолтой л юм. Бидний яриа энэ хүрээд өндөрлөж байна. Сүүлийн асуултыг танд үлдээж байна.
-Баярлалаа. Өнөөдөр Монголынхоо өв соёлыг хадгалж, хойч үедээ түгээн дэлгэрүүлэхийн төлөө зорьж яваа уяачдын ажлыг зөвөөр ойлгож байгаасай. Энд мориор дамжсан асар их өв соёлоос гадна асар их хүмүүжлийн ач холбогдолтой зүйл явж байна. Түүнчлэн морийг дагаад олон хүн ажилтай орлоготой амьдарч байна шүү дээ. Тэгэхээр уяачдыг ажил олгогч, өв соёл тээгч гэдэг талаас нь харж, ойлгоосой гэж бодох юм. Монгол түмнийг морины босоо цагаан хийморь үргэлж ивээх болтугай.
-Гарч байгаа Бичин жил танд ивээл хишгээ харамгүй хайрлаж улс, бүсийн наадмаас олон айраг, түрүүг авчрах болтугай.
-Баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна