Өлгий сумын МСУХ-ны тэргүүнД.Ванчинхүү: Манай уяачид өнгөрсөн жил амжилтаараа аймагтаа тэргүүлсэн

А.Тэлмэн
2017 оны 1-р сарын 18 -нд

Увс аймгийн Өлгий сумын уугуул, сумын МСУХ-ны тэргүүн Д.Ванчинхүүгийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Өлгий сумын МСУХ байгуулагдсан цагаасаа хийж хэрэгжүүлж буй томоохон ажлуудаасаа танилцуулна уу?
-Байгуулагдаад арав гаруй жил болж байгаа Өлгий сумын МСУХ-ны анхны тэргүүнээр аймгийн Алдарт уяач Дорж ажиллаж байлаа. Харин би хоёр дахь тэргүүн аймгийн Алдарт уяач Одвогийг залган ажиллах болоод дөрвөн жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд сум орон нутагтаа хурдан морийг хөгжүүлэх ажил нэлээн олныг хийлээ. Бид угсардаг, байрлуулдаг гарааны төхөөрөмжтэй боллоо. Хурдан морьдын барианы газрыг тохижуулж, наадамчдын тав тухтай орчныг бүрдүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллалаа. Сүүлийн жилүүдэд манай суманд хурд өсч байна. Уяачид ч олноор нэмэгдлээ. Үүнийг дагаад мориор дамжсан үндэсний өв соёлыг хойч үе, залуустаа түгээж байна гэж ойлгож байгаа. Түүнчлэн уяачдын маань чадвар өсч, Увс аймагтаа дээгүүрт бичигдэх амжилтыг үзүүлдэг боллоо. Увс аймгийн Тэс, Зүүнговь, Баруунтуруун, Ховд аймгийн Чонон саарлын удам Мянгадаас адуу зөөдөг байсан бол сүүлийн үед Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Дорноговь, Төв, Сэлэнгээс хурдан үрээ авчирч, адууныхаа цусыг сэлбэж сайжруулж байна. Үүний үр дүнд гарсан төлүүд нь сум орон нутагтаа айраг түрүүнд хурдалдаг боллоо. Өнгөрсөн жил гэхэд Увс, Ховд, Завхан аймгийн сумдын ойнуудад манай уяачид очиж, 40 гаруй айраг, түрүү авсан амжилтаараа Увс аймагтаа тэргүүлээд байгаа юм. Мөн энэ жил сумандаа аймгийн баруун бүсийн уралдааныг зохион байгуулж, гурван аймгийн 13-14 сумын хурдан морьд шандсаа сорьж уралдлаа. Эндээс манайхан 11 айраг түрүүг нь авч, ирсэн зочидтойгоо эн тэнцүүхэн наадацгаалаа. Сүүлд төвийн бүсэд очиж нэг түрүү, хоёр айраг авлаа. Энэчлэн жилээс жилд амжилтын хуудсаа зузаатгасаар л явна.
-Улсын бүс, ялангуяа баруун бүсийн наадмуудад амжилттай оролцсон уяачдаа нэрлээч?
-2005 оны Увс аймагт зохиогдсон баруун бүсийн даншигт нутгийн унаган адуунууд болох хоёр соёолон айрагдаж байлаа. Энэ нь аймгийн Алдарт уяач Баасансүрэнгийн хүрэн, аймгийн Алдарт уяач Даваасүрэнгийн хүрэн юм. Мөн төрийн тахилга наадам буюу Хан Хөхийн тахилга наадамд Энхбаярын бор даага түрүүлж, Баасансүрэнгийн хүрэн, Даваасүрэнгийн хүрэн тус тус айрагдлаа. Харин 2012 онд болсон Хан Хөхийн тахилгаар шүдлэн үрээ тавлаж, өөр нэг шүдлэн зургааллаа. Мөн Ховд аймагт зохиогдсон “Алтайн унага-1999” баруун бүсийн наадамд арав дотор хурдалсан бол Завханы Тосонцэнгэлд болсон даншгаар 10-20-ийн дотор ирлээ. Манай уяачид Сонгино, Тосонгийн 90 жил, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын наадам, Ховд аймгийн хойд талын сумдын баяр, хойшоо Увс аймгийн Тэсээр нааддаг. Баруун тийшээ тэр дундаа Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан аймагт очиж уралдаад айрагтай ирцгээнэ. Харин энэ жилийн хувьд Увс аймагт зохиогдох баруун бүсийн наадамдаа зохион байгуулалттай оролцохоор эртнээс бэлтгэлээ хийгээд байна.
-Холбооны гишүүдээс аймаг, сумын цолтой хичнээн уяач байна вэ?
-Манай суманд 2014 оныг хүртэлх бүртгэлээр 120 гаруй уяач бий. Энд Төв, Булган, Сэлэнгэ, Дархан, Улаанбаатарт шилжсэн уяачид ч байна. Тэднийг оролцуулбол 200-гаад болох байхаа.  
Жилээс жилд моринд орох залуусын тоо ч нэмэгдсээр  байна. Тэр хэрээр амжилттай наадаж буй залуу  аймгийн Алдартууд ч олон боллоо. Сумын хэмжээнд аймгийн Алдарт уяач 33 байдаг ба тэднээс өдгөө 28 нь уяа сойлго тааруулж, үр хойчдоо зааж зөвлөж явна. Эндээс 60-аас дээш настай ахмад уяач тав, зургаа байгаа бол  50 гарсан мөн тооны хүмүүс бий. Энд зөвхөн морь уях биш морийг эмчилж, хатгадаг эрдэмтэй улс ч байна. Жишээ нь Чулуун, залуу уяач Сайнжаргал, аймгийн Алдарт уяач Гомбо, Канчиннагва нар морийг эмчилнэ, буруу эдэлгээнээс үүссэн эмгэгийг арилгана. Энэ арга ухаанаа ч залуу хойч үедээ өвлүүлж  буй морины төлөө гэсэн зүтгэлтэй улс байна.  Бас хурдан морины талаар судалгаа шинжилгээ хийдэг Жамбал гэж хүн байдаг юм. Түүний архивт манай сум байгуулагдсанаас хойших бүх наадмын морьдын цуваа хадгалагдаж байгаа нь түүхийн үнэт өв болж үлдэх бизээ. Тэргүүний хувьд энэ архивыг ном болгон олны хүртээл болгож хэвлүүлэхээр төлөвлөсөн.
-Орон нутгаар явж байхад сумын удирдлага уяачдын холбоогоо тэргүүлэх нь олон давуу талтай юм шиг санагдсан. Та санал нэг байна уу?
-Би сумынхаа Засаг даргын албыг хашдаг. Мэдээж давуу тал их бий. Миний хувьд уяачдадаа илүү ойртож, тэдний жаргал зовлонг  илүү ойлгодог боллоо. Тэднийгээ амжилтаа ахиулахад сум орны зүгээс хэрхэн дэмжиж туслах уу гээд  олон асуудлыг шийддэг болсон байна. Энд унаач хүүхдүүдийн эрхийн асуудал ч багтаж байгаа юм. Манай хүүхдүүдийн 80 хувь нь хамгаалалтын хувцастай.  Түүнчлэн сум орондоо зохион байгуулж буй наадмыг эмх замбараатай, наадамчид, уяачдын ая тухыг хангасан нөхцлийг бүрдүүлэхийн төлөө хичээн ажиллаж ирлээ. Томоохон бүсийн наадам, даншиг гээд 100-гаас цааш км-т явах уяачдадаа дэмжиж, бензин шатахууны тусламжийг үзүүлнэ. Энэ жишгээр Увс аймгийн даншигт зохион байгуулалттайгаар гарахаар төлөвлөөд байгаа юм. Миний хувьд холбоо толгойлж яваагийн хувьд өөрөөсөө зохих хэмжээний хөрөнгө мөнгөний тусламж гаргах нь ч бий. Жилийн эцэст уяачдынхаа цайллагыг ивээн тэтгэж, шилдгүүдээ шалгаруулж шагнаж урамшуулах жишээний.
-Та уяачдаа дэмжин ажиллахаас гадна өөрөө ч морь сонирхож, уяа эвлүүлдэг бололтой юм?
- Авга ах маань уяач хүн. Би эднийд морь унаж өслөө. Аав маань тухайн үед нэгдэл гэж байхад төрийн алба хашиж байсан болохоор морь мал уяж байсангүй. Одоо манай удмынхнаас Дэндэв гуай, би, ах дүүгийн хүүхдүүд гээд нэлээд олуулаа уяа эвлүүлцгээж байна.
         Хожмоо сургууль соёлоо төгсөж ирээд би сумын ЗДТГ-т нийгмийн даатгалын байцаагчаар ажлын гараагаа эхэлж байлаа. Энэ үеэс сумын баяр наадмын морины комисст жил болгон орж ажилладаг болсон. Тэр олон хурдан тууртын тоосонд хийморио сэргээж, найз нөхөд, ах дүүгийн морь ороод ирэхэд хамтдаа баярлаж  багагүй хугацаа өнгөрөөсөн юм. Улмаар өөрөө гардан уях болоод 6-7 жил болж байна. Намайг моринд орсноос хойш манай Өлгийн уяач залуусын тоо нэлээн өсөөд байгаа шүү. Ямартаа ч адуунд элэгтэй явсных миний цавьдар намайг олонтоо баярлууллаа. Аймгийн баяр наадам, бүсийн наадам, бас бус том баярт хурдалж байгаа буянтай амьтан даа. Дорноговийн Дэлгэрэх адуу байгаа юм.
-Моринд орсноор таны амьдралд олон өөрчлөлт гарсан уу?
-Хүмүүжлийн олон талын ач холбогдолтой. Жишээ нь архи уудаг байгаад морь уяж эхэлснээс хойш 15 жил уугаагүй. Морь нь сайхан давхиж, залуучуудад үлгэр дуурайлал болж яваа уяач байна. Ер нь адуутай нөхөрлөж яваа хүн хийморь дагуулж явдаг юм. Аль ч наадамд адуугаараа овоглогдож, морь хүүхэд нь эсэн мэнд зурхай дотор ороод ирэхэд Монгол эр хүн бүр омогшдог, баярладаг шүү дээ. Сүүлийн жилүүдэд манай сумын иргэд морио их дэмждэг болсон. Тэр утгаараа морины соёлд суралцаж, баяр наадмыг зохион байгуулалтын өндөр түвшинд хийдэг боллоо. Хүүхдээ дээдэлдэг боллоо. Малаа дээдэлдэг боллоо. Наадамчин олноо хүндэлдэг боллоо. Мориороо гангардаг боллоо гээд сайхан зүйл олныг харж болно. Анх бид “Морьтой Монгол наадам”-ыг хийж байлаа. Энд бүгд морьтой жагсаж, морьтой наадмаа үздэг юм. Одоо уламжлал болж, хүмүүсийн тоо ч нэмэгдэж байна. Бүүр төвд амьдардаг хүн ч морио унаж ирээд наадамдаа оролцдог.
-Увс аймгийн олон сум 90 жилийн ойтойгоо золгоод байгаа юм билээ. Өлгий сумын хувьд 50 жилийн ойгоо хэзээ хийж байв?
-2019 онд манай сумын 60 жилийн ой тохионо. 2009 онд болсон 50 жилийн ойгоор ганцхан их насны морь таваар айрагдуулж байлаа. Эндээс олон хүн морио сайжруулах ёстойг ойлгосон. Тэгэхэд хотоос манай нэг уяач ах ирсэн юм. Ах наадам үзчихээд, “адуутай болоорой” гээд  азаргаа бэлэглээд явж байлаа. Тэр жилээс хойш  дор бүрнээ хичээснийх сүүлийн зургаан жилд амжилт эрс нэмэгдээд байгаа.
Манайх 2700 хүн амтай жижиг сум. Гэсэн атлаа 15 зараалын морь ирлээ гэхэд доод тал нь 3-4 морь авах жишээний. Тиймдээ ч Өлгий суманд морь зарагддаг гэсэн яриа ч бий. Өөрсдөө явбал 10-аас дээш тооны адуутай ирнэ. Өнгөрсөн жилийн 11 сард явж адуу авчирсан. Сая ч бас явлаа.  Энэ мэтчилэн адуугаа сайжруулах ажлыг хийж байгаа болохоор итгэл дүүрэн байна.   
-Суманд улсын баяр наадмаас гадна хичнээн уралдаан зохион байгуулдаг вэ?
-Жил бүр хаврын уралдаанаа хийдэг уламжлалтай. Энэ жил аймгийн бүс болгож хийлээ. Зун улсынхаа баяр наадмыг хийж, намар багуудын наадам үргэлжилдэг. Дунд нь зөвшөөрөл авсан төгсөлтийн баяр, ургийн баярууд бас байна.
-Уралдааны зам хэр вэ?
-Манай уралдааны зам маш гоё шүү. Эхэндээ сайхан цагаан талаар уралдаж байгаад барианы хагасаас эхлээд харгана, элстэй хөдөө болчихдог юм. Энд тэргүүн машин, эмнэлгийн машин хоёр л явна.
Манай суманд зохиогдож байгаа баяр наадмыг зорьж ирсэн уяачдаа маш их дэмждэг. Сая дөрвөн сарын нэгэнд болсон бүсийн уралдаанд Ховд, Баян-Өлгий, Увсын Наранбулаг, Завхан сумдын уяачдадаа машин гаргаж өгч, дүрэм журмаа танилцуулаад морь дагуулсан. Энэ нь уяачдыг хооронд нь танилцуулах, туршлага солилцох, нутагтаа очиход нь мэнд устай, тусалж дэмжих гээд давуу талтай. Гэхдээ морь мэддэг хүнийг л морь дагуулахыг чухалчилдаг. Нэг хүний морь халиад явлаа гэхэд эргүүлээд өгчихдөг, хүүхэд мориноос унахад суулгаад явчихдаг моринд элэгтэй хүмүүсийг морь дагуулахаас биш, зүгээр л  морины тоосонд орох гэж дарвиж яваа хүн дэмий. Үүнийг бусад уяачдын холбоо ч ажилдаа тусгах нь зүйтэй юм болов уу гэж боддог.
- Увс аймагт хатирч, жороо морьдын уралдаан ч явагддаг. Танай суманд энэ уралдааныг хийдэг үү?
-Хийлгүй яахав. Хатирч, жороо морьдын уралдаанаа хийдэг. Зун улсынхаа баяр наадмаар найман насны морьд уралдуулдаг юм. Тухайн үедээ бид төсөв мөнгөний байдлаас болоод тав, арван мянган төгрөгийн бооцоо тавиад уралддаг байлаа. Өнгөрсөн жилээс төсвөөсөө тав, гурван цаас гаргаад уралдуулдаг болсон. Хуучин манайд тус тус 30-40 жороо, хатирч морьд уралддаг байлаа. Одоо бол арав гаруй морь явдаг болсон. Тооны хувьд цөөрчихөөд байна. Энэ бас л авч үлдэх өв соёлын нэг хэсэг гэж боддог юм. Хуучин цагт жороо морь азарган үрээнээс илүү үнэ өртөгтэй байлаа. Мөнгө хатуу байхад арав, таван бодоор хатирч, жороо морь авч байсан улс ч байсан гэдэг.
-Цаашид хийж хэрэгжүүлэхээр ямар, ямар ажлыг төлөвлөөд байна вэ?
-Бид адууныхаа чанарыг сайжруулахад анхаарал хандуулан ажиллах болно. Өнөөдөр энд Увсын Зүүнговь, Тэс, Өлгий, Сүхбаатар, Хэнтий, Дорнодын хурдны чиглэлийн адууг  уяачид маань өсгөж байна. Тэгэхээр энэ хэмжээнд хурдыг нь барих шаардлагатай юм. Магадгүй Сүхбаатараас адуу зөөдөг байсан бол энэ удам угшлаа хадгалж чадвал хэдэн жилийн дараа манайхаас авдаг болно шүү дээ. Тиймдээ ч хурдны сүргийг бий болгож, удам угшлын дэвтэр хөтлөх хэрэгтэйг уяачдадаа байнга хэлдэг юм. Дээрээс нь энэ том өв соёлыг унаган төрхөөр нь хадгалж үлдмээр байна. Өөрөөр хэлбэл, зургаа, долоон настай хүүхдээрээ морио унуулчихдаг, хангалаа сургаад уначихдаг, гүүгээ бариад саачихдаг, айраг, цагаагаа хийчихдэг, адууныхаа эдлэл хэрэглэлийг өөрсдөө базаадаг гээд л. Сүүлийн жилүүдэд баруун аймгууд халх уяа буюу морьдоо тэжээж уралддаг боллоо. Хавар ажлаа хийгээд, намар нь тарга хүчийг нь хадгалуулдаг дэг жаягт орчихлоо. Бид ч цаг үетэйгээ хөл нийлүүлэн ажиллахыг зорьж байна.
-Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажил үйлсэд өндөр амжилт хүсье.

"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна