Адууны үндэсний клиникийн Их эмч А.Наранбаатар: Бүх малаас адуу илүүтэйгээр стресстдэг

А.Тэлмэн
2017 оны 1-р сарын 31 -нд

Өнгөрсөн сарын дугаарт нийтлэгдсэн Монголд адууны үндэсний клиник байгуулагдсан тухай мэдээллийн мөрөөр олон уншигч илүү дэлгэрэнгүй  мэдээлэл өгөхийг хүссэн. Энэ дагуу “Эмч зөвлөж” байна буландаа адууны үндэсний клиникийн их эмч А.Наранбаатарыг урьж ярилцлаа. Хурдан морины зүтгэлтнүүд, эрхэм уяачид та бүхний мэдэхэд илүүдэхгүй, гарцаагүй мэдэж байх ёстой олон чухал зүйлийн талаар ярьсан тул анхааран уншаарай.

-Монголд адууны клиник байгуулагдсан тухай мэдээлэлд ихэд олзуурхаж байлаа. Хэзээ байгуулагдсан юм бэ?
-Өнөөгийн Монголын морин спортод адууны эмчилгээ, үйлчилгээний өндөр шаардлага тавигдаж байна. Өөрөөр хэлбэл уламжлалт арга технологийн хажуугаар нэн даруй орчин үеийн багаж тоног төхөөрөмж бүхий адууны төрөлжсөн малын эмнэлэг байгуулах шаардлагатай байна. Шинжлэх ухаан технологийн эрин гэгддэг 21-р зуунд хөлний гэмтлийн тухайд  цус буучихсан байна гэдэг ерөнхий нэг онош тавиад хатгаж ханах зэрэг тойм эмчилгээ хийгээд байж болохгүй байх. Бидний ярьдаг цус буух буюу хөл бүдүүрэн хавагнасан энэхүү эмгэг нь хэдэн зуун шалтгаантай. Жишээлбэл шөрмөсний гэмтэл байлаа гэхэд дотроо өнгөц нугалуурын гэмтэл үү, гүн нугалуурын гэмтэл үү, гэмтлийнх нь хэмжээ их байна уу, бага байна уу гэгчлэн цаашлаад шөрмөсний тасралт уу, суналт уу гэх мэтчилэн өөр өөр. Шандасны бэртэл байлаа  гэхэд өргөссөн байна уу, нэг талаасаа сунаж гэмтсэн байна уу. Гэмтсэн шандас нь яс хоорондын шандас байна уу, эсвэл бэрэвхийн үений туслах шандас байна уу гэх мэтчилэн маш олон янзын бэртэл байж болно.Бэртэлээс хамаараад үзүүлэх эмчилгээ үйлчилгээ нь харилцан адилгүй өөр. Гэтэл манайхан уламжлалт аргаараа цус буух гэсэн ерөнхий нэг онош тавиад уламжлалт арга буюу бидний нэрлэж заншсанаар хатгаж эмчилдэг. Хөнгөн зэргийн гэмтлийн  үед энэхүү арга нь цочроож гэмтэлтэй хэсэгт цусны эргэлт сайжрах замаар нөлөөлдөг ч өнчин ясны болоод, шөрмөс, шандасны бэртлийн үед ямар ч нөлөөгүй.Бүр эсрэгээрээ хатгаснаас болж бусад хэсгүүд гэмтэх, бохирдож тухайн адуу бүр хөлгүй болох ч эрсдэл үүсч болох аюултай. Энэ бүхнийг тооцож үзээд 2007, 2008 оны үед Хүйн долоон худагт улсын баяр наадмын үеэр ажиллаж, анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байсан бидний хоёр гурван малын эмч найз нар адууны үндэсний клиник байгуулах шаардлагатай хэмээн үзэж анх дуудлагын үйлчилгээг нэвтрүүлсэн юм.Өөрөөр хэлбэл яг газар дээр нь очиж үзэн оношлох, эмчлэх мөн зөвлөгөө өгөх. Ингэхийн тулд явуулын оношлогооны тоног төхөөрөмж шаардлагатай болсон. 2014 онд өөрсдийн боломж нөхцөлд тулгуурлан адууны хөлний шөрмөс шандасны гэмтлийн оношлогооны эхо аппарат, 2015 онд зөөврийн DR рентгэн аппарат оруулж ирсэн. Энэ ондоо багтаад эмчилгээ үйлчилгээ шаардлагатай болсон адуунуудаа байлгах эмнэлэг бүхий хашаатай болно. Ер нь бол эмнэлэг байгуулна гэдэг хэдэн зүтгэлтэй залуусын хийх ажил биш л дээ. Хөрөнгө мөнгөнөөс ихээхэн зүйл шалтгаална. Гэсэн хэдий ч бид шантралгүй бага багаар ахиулж, аажим аажмаар урагшилж байна. Нэрний тухайд цаашдаа өсөн дэвжиж үндэсний хэмжээний клиник болно гэдэг утгаараа өгсөн.
-Ямартаа ч эхний ээлжинд оношилж, зөвлөгөө өгч байгаа юм байна?
-Адууны клиник нь оношилгооны хэсэг, эмчилгээний хэсэг, халдварт болон халдварт бус өвчний хэсэг гэх мэтчилэн олон тасагтай байх ёстой. Бид өөрсдийн боломж бололцоон дээрээ тулгуурлаад эхний ээлжинд явуулын клиник ажиллуулж, уяачид хурдан морины зүтгэлтнүүдэдээ үйлчилж байна. Цаашдаа илүү боловсронгуй болгоноо.
-Явуулын эмнэлгийн тусламж үйлчилгээнээсээ харахад аль төрлийн эмгэг илүүтэй тохиолдож байна вэ?
-Хөлний гэмтэл давамгайлж байна. Мөн төрөл бүрийн халдварт өвчин, эсвэл урагдаж шалбарсан шарх сорвийн үед эмчид хандах нь элбэг байна. Өнгөрсөн зун бид 10-аад адууг дэргэдээ авч эмчилсэн. Зарим нэг нь үхлийн ирмэгт тулсан, зарим нэг нь хөлтэй болох найдваргүй болсон адуунууд байсан л даа. Тэднийг тодорхой хугацааны турш эмчилж сувилан эдгээгээд эздэд нь хүлээлгэж өгч, тэдний зүгээс их урам авсан. Бас хэтэрхий оройтсон байсан болохоор ямар ч эмчилгээ хийсэн авахгүй байсаар эндсэн адуу ч бий. Эмч хүний үүрэг бол боломжгүй байсан ч эдгээхийн төлөө  хичээх. Тиймээс уяачид, хурдан морины зүтгэлтнүүдэдээ тэгтэл нь хүндрүүлж хугацаа алдалгүй эмчид хандан хайртай хурдан хүлгүүдээ аварч байгаарай хэмээн захих байна. Ер нь манайхан мал эмнэлгийн тусламж үйлчилгээ, түүний үнэ цэнэ, үр дүнг бүрэн дүүрэн ойлгодоггүй юм шиг санагддаг. 
-Жишээлбэл...
-Яг үнэндээ адууны клиникийн тухай санаа бүр 2001 онд төрсөн. 2007, 2008 онд Хүйн долоон худагт улсын наадмаар ажиллаж үзээд эмнэлэг байгуулах гарцаагүй шаардлагатай юм байна гэдгийг ойлгож, эхний ээлжинд өөрсдийгөө хөгжүүлэх тал дээр анхааран Англи, Ирланд сүүлд Хятад руу хэд хэдэн удаагийн сургалт семинарт явж, адууны эмнэлэг ямар тусламж үйлчилгээ үзүүлдэг юм, үйлчилгээ үзүүлсэнийхээ төлөө ямар төлбөр авах ёстой юм гэхмэтчилэн нэг бүрчлэн суралцсан л даа. 2011 онд эдийн засаг сайн байх үед “хөрөнгө оруулъя, эмнэлгээ нээ” гэсэн саналууд цөөн бус ирсэн. Гэхдээ энэ бол дэлгүүр биш. Ажиллах эмч мэргэжилтнүүд нь чадвартай, тоног төхөөрөмж сайтай мөн хэрэглэж, харьцаж чаддаг байх ёстой. Мэргэжлийнхээ холбогдолтой мэдээллийг англи хэлнээс уншаад ойлгодог байх ёстой. Ер нь манай клиникийн дотоод харилцаанаас гадна, гадаад харилцаа илүү сайн шүү. Арабын Дубайн Шехүүдийн болон Английн сайн морины эмч нараас зөвлөгөө авч байна. Англи, Ирландын олон улсын мал эмнэлгийн байгууллагууд, лабораторитай хамтран ажиллаж байна.
-Адууны клиник хэдэн эмчтэй билээ?
-Гурван үндсэн, нэг туслах нийтдээ дөрвөн эмчтэй.
-Дуудлагаар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлнэ гэсэн. Ямар радуст үйлчилгээ үзүүлэх боломжтой вэ?
-Наадах чинь их чухал асуулт байна. Хаана л бол хаа хүрэх боломжтой. Одоогийн байдлаар баруун тийшээ Архангай,  зүүн тийшээ Дорнод, Сүхбаатараар нэлээд явсан. Бараг сардаа хоёр гурван ч удаа явчихдаг байх.Цаашдаа болж өгвөл нэг хүний дуудлагаар бус хэсэг бүлэг хүмүүсийн, цаашлаад уяачдын холбооны хүсэлтээр очдог болмоор байгаа юм. Нэгэнт зардал гаргаад очиж байгаа учраас аль болох олон хүнд үйлчилж, олон адуунд үзлэг оношлогоо хийвэл бидэнд ч тустай. Тиймээс “Тод магнай” сэтгүүлийн уншигч та бүхэн адууны клиникийн тусламж үйлчилгээ авахаар шийдсэн бол эргэн тойрондоо байгаа өөрийн тань нэгэн адил шаардлагатай байгаа хүмүүст дуулгаад адуугаа нэг дор цуглуулчихсан байвал хаа хаанаа хүндрэл багатай. Бүгд нэг дор цуглаж болдоггүй юмаа гэхэд ядаж хот айлаараа цуглачихаж байвал сайн байна.
-Дуудлагын хөлсний тухайд сонирхож болох уу?
-Явах газраасаа хамаараад харилцан адилгүй үнэтэй. Нэг зүйлийг хэлэхээ мартсан байна. Манай клиник Улсын мал эмнэлгийн байгууллага, лабороторитой хамтарч ажилладаг. Зарим тохиолдолд хамтарч үзлэг, оношлогоо хийдэг, энэ утгаараа ходоодны дуран буюу индэскобоор адууны амьсгалын зам хийгээд ходоод дурандах үйлчилгээг мөн үзүүлдэг. Ийнхүү дотор эртхнийг дурандах нь олон талын ач тустай. Жишээлбэл Хүйн долоон худагт ажиллаж байхад нэг ийм явдал тохиолдсон л доо. Нэг уяач яг наадмын өмнө морь худалдан авчээ. Тэгсэн нөгөө морь нь давхихаараа хамар нь дуугараад байдаг.Тэгээд сунгаанд уралдуулахаар хэсэг давхиж байгаад суучихдаг. Ийм шалтгаанаар бидэнд хандсан. Дурандаад үзсэн залгиур хоолойн дээд хавхлаганы хэсэгт саажилттай болж таарсан. Ийм эмгэгтэй адуу гүйцэд амьсгалж чадахгүй. Амьсгалын замын ийм эмгэгүүд уралдааны адуунд элбэг бөгөөд дээд хэсэг гүйцэд нээгдэхгүй учраас хүчилтөрөгчийн дутагдалд орж улмаар агаар орох явцад хоолой дээр дуу үүснэ.
-Ачаалал авч болохгүй нь байна шүү дээ?
-Тийм. Энэ мэтчилэн уяачид маань уях гэж байгаа морио эхлээд эмнэлгийн үзлэгт хамруулаад уралдаанд тэнцэх эсэхийг нь тогтоочихмоор байгаа юм. Гадаадад бол худалдаж авахын өмнө заавал эмнэлгийн үзлэгт хамруулна. Зөвхөн эрүүл мэндийн хувьд ч бус зан аашийг нь хүртэл судалдаг. Ингэж судалсаныхаа дараа мөнгөө төлөөд худалдаж авна. Монголчуудын хувьд хурдан адууны наймаа хийхдээ гэрээ контракт, хууль дүрэм гэхээсээ илүүтэй хүн чанар, жудаг гэдэг зүйлд тулгуурладаг. Уламжлалаа дагаж болох ч эрүүл мэндийн үзлэгт хамруулж хэвших нь хаа хаанаа хэрэгтэй. 
-Урьдчилан сэргийлэх үзлэг дунджаар ямар үнэ ханштай байдаг вэ?
-Хотын ойролцоо бол 300.000-350.000 төгрөг болно. Үүнд дотуур эрхтний дуран, хөлний шөрмөс, шандас болон үе мөчний рентгэн эхо үзлэг хамаарна.
-Хотод ойролцоо гэдэг нь...?
-61-н гарам, Өлзийт хороолол Налайх дүүрэг гэх мэтчилэн. Гэхдээ өнөөдөр утасдаад маргааш үзлэг хийлгэе гэж болохгүй. Яагаад гэвэл бид байнгын дуудлагатай байдаг учраас ядаж долоо хоногийн өмнө хэлэх хэрэгтэй. Мөн бид цэвэр цусны адуунуудын арчилгаа маллагаатай холбоотой бүх төрлийн зөвлөгөөг өгдөг.
-Цусны шинжилгээ авдаг гэж сонссон?
-Тийм. Халдварт өвчний оношилгоо, цусны шинжилгээ, цусны биохимийн шинжилгээ авна. Шүдний засал эмгэгийн эмчилгээ, туурайн засал эмгэгийн эмчилгээ, туулгалт, вакцинжуулалт, адууны аж ахуйн зөвлөгөө үйлчилгээ, хяналт үзлэг гэх мэтчилэн шаардлагатай бүхий л төрлийн үйлчилгээг үзүүлдэг. Мөн хүмүүсийн санал хүсэлтийн дагуу лекц семинар зохион байгуулж байна. Яваандаа адууны эрүүл ахуйн холбогдолтой зөвлөгөөний фэйсбүүкийн пэйж хуудас ажиллуулж, мөн телевизийн нэвтрүүлэгтэй болохоор төлөвлөж байна.
-Сайхан санаа байна. Уншигчид адууны эрүүл ахуйн холбогдолтой зөвлөгөөг маш их сонирхдог нь ажиглагддаг?
-Баярлалаа. Бид өнгөрсөн жил зайлшгүй шаардлагатай байсан арваад адууг тэжээж арчилсан тухай дээр хэлсэн шүү дээ. Зарим нь бүр хөл дээрээ тогтож чадахаа байчихсан байсан. Эмч хүн тийм адууг аваад яв гэж хэлж зүрхлэхгүй. Дээр нь эзэд нь ч гэсэн тодорхой хугацаанд үлдээх хүсэлтэй байдаг. Хаа холоос зорьж авчирсан морь зүгээр нэг адуу байдаггүй. Хүний үнэтэй хайрладаг амьтныг хариуцаад үлдчихсэн улс чинь зүгээр нэг хашааны мухарт байлгаад байж болдоггүй. Аль болох боломжийн хашаанд байлгаж, хамгийн сайн гэсэн эм тариа, бэлдмэлийг өгч, хамгийн сайн тэжээлээр тэжээдэг. Тэгж байж л 14-21 хоногийн хугацаанд нүд нь сэргэж, өнгө зүс орно шүү дээ. Ийм болгохын тулд бид бусдаас илүү ажилладаг. Зун бол бид шөнийн хоёр гурван цагт ч морин дээрээ л байж байдаг. Гэрэл тусгаад л, шаардлагатай дусал шингэн, эм тариаг нь хийнэ, боолтыг нь солино. Хүнээс ялгаагүй адууны эмчилгээ ч гэсэн цагийн хуваарьтай. Үүний дараа зарим нэг нь өдрийн маллагааны хөлс болох 30.000 төгрөгний тухай сонсоод “юу өгчихөөд ийм хөлс өгч байгаа юм бэ?” гэдэг асуулт тавьдаг. Гэтэл өвчтэй адуунд өгч байгаа сувилгааны тэжээлийн өөрийн өртөг 27,000 болдог. Дор орчихсон адуунд зүгээр хивэг, овьёос тэжээл өгөөд үр дүнгүй ш дээ. Хужир, эрдсээр баялаг тэжээл, уургийн бэлдмэлүүд өгөх ёстой. Нэмэлт витаминууд өгөх ёстой. Энэ бүхний өөрийн өртөг 27,000 төгрөг болдог. Бидний үйлчилгээний хөлс ердөө 3000 төгрөг болдог ч нүдэн дээр минь сэргэж, эрүүл болж байгаагаа адуугаа хараад сэтгэл ханамж урам зориг, эрч хүч авдаг. Зарим хүмүүс ирээд адуугаа таньдаггүй ш дээ. Та нар яаж ийм болгож чадав аа гээд гайхдаг.
-Нээрэн л тэгэх байх шүү?
-Адуу өөрөө сэтгэхүйтэй. Бүх малаас адуу илүүтэйгээр стресстдэг.Түүнээсээ болоод стрессээс шалтгаалдаг эмгэгүүд, ходооны шархтай болно. Тийм учраас бид зөвхөн эм тариа, бэлдмэл хийхээс гадна тухайн адууныхаа сэтгэл зүйтэй ажиллаж, тайвшруулах, угааж цэвэрлэх, массажлах зэргээр сэргээх үйлчилгээг давхар үзүүлдэг.
-Монголын хурдан морины хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй танай хамт олонд ажлын амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа
"Тод магнай" сэтгүүл №83

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна