Аймгийн Алдарт уяач Г.Ариунболд: Адуун сүргийн манлай хурдан азаргануудаа төрийн зарлигт наадмуудад түрүүлгэж, айрагдуулан одтой сайхан наадлаа

Тэлмэн
2017 оны 3-р сарын 18 -нд

Энэ удаагийн Зочин хойморт Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ганбаатарын Ариунболд уригдсан юм. Энэ цагт азаргаар одтой наадаж яваа аатай эрчүүдийн нэг тэрээр богино хугацаанд орон нутгийн дээд цолонд хүрч амжсан нэгэн билээ.
Анхандаа морь худалдаж аваад бушуухан л айрагдуулахын өвчтэй явлаа
-Өнөө жил Ариунболд уяач адуун сүргийн манлай азаргаар одтой сайхан наадлаа. Он гарсаар хаа хаана наадаж, ямар амжилт гаргасан билээ?
-Тиймээ, энэ жил сайхан наадлаа. Би сүүлийн гурав, дөрвөн жил аймгийнхаа болон улсын бүсийн уралдаануудад тогтмол оролцож байгаа. Өнгөрсөн хавар Өвөрхангай аймагт болсон Засгийн газрын тогтоолт бүсийн уралдаанд хоёр азаргаа дараагаар нь оруулж, айрагдуулсан. Түүнчлэн Баянгол суманд болсон аймгийн зүүн бүсийн уралдаанд хээр азарга маань гурваар, халиун азарга маань таваар давхисан. Харин Өвөрхангайн баруун бүсийн уралдаанд Сүхбаатар аймагт түрүүлсэн хонгор азаргаа түрүүлгэж, их насны зээрд морио аман хүзүүдүүллээ.
-Өвөрхангайн уралдаанууд өтгөн чанаржуу болдог байх шүү.
-Ер нь манай хаврын бүсийн уралдаанууд чанартай сайн болдог л доо. Эндээс залгуулаад төрийнхөө баяр наадамдаа оролцож үзлээ.
-Хавар цөөнгүй уралджээ. Хугацааны хувьд зайтай байсан юмуу ?
-Шинийн зургаан буюу хоёрдугаар сарын 20-доос эхэлж, дараагийнх нь шинийн 15-нд болсон. Үргэлжлүүлээд улсын бүсийн уралдаан долоо хоногийн зайтай болсон санагдана. Би чинь азаргануудаа 11 сар гаргаад  л тэжээгээд эхэлчихдэг юм. Өвөл хаврын уяагаа өөрөө гардаад Уянга суманд байх жүчээндээ хийчихдэг юм.
-Нээрэн тохилог сайхан жүчээтэй дуулддаг шүү?
-Уянгадаа жүчээ барьчихсан. Аавтайгаа нийлээд өөрсдийнхөөрөө л тэжээж байна. Тэрнээс би тэр уяачдын нутаг гэгдэх  Өлзийтөд нь морь тэжээж явсангүй. Манайх чинь хангай газар, өндөрлөгдүү сэрүүн уур амьсгалтай болохоор ногоо  нэлээд орой гарна. Тийм болохоор хавар ногоо дагаад оторлодог болсон. Энэ жилийн хувьд таван сарын дундуур  жүчээнээс морьдоо гаргаад Булган аймгийн Рашаант сумын засмалаас урагш хоёр, гурван км-ын зайтай Эрдэнэсант сумын зааг дээр ногоолоод, улсад ирж уралдуулсан. Тэгээд улсаас баруун бүс рүү явлаа.
-Төрийнхөө наадамд хэдэн насны морьдтой ирсэн бэ?
-Улсад ганцхан хээр азаргатайгаа очиж, мордуулаад 13-аар давхиуллаа. Анхны удаа гэхэд сайн байсаан.
-Өмнө нь улсад ирж байгаагүй бил үү?
-Анх удаа ирж байна. Түүнээс өмнө 2014 онд «Дүнжингаравын хурд» хаврын бүсийн уралдаанд хээр азаргаа соёолон, халиун азаргаа хавчиг байхад нь ирж уралдуулаад хээрийг нь  11-ээр, халиуныг нь 18-аар давхиулж байсан.
-Халиун азаргаа яагаад улсын наадамд мордуулаагүй юм уу?
-Халиун азаргаа зөвхөн баруун бүсэд зориулж уясан юм.
-Төрийн их баяр наадам ямар санагдав? Анх удаа ирж байгаа гэдэг утгаараа нэгийг бодогдуулсан болов уу?
-Улсын наадам сайхан байлгүй яахав. Газар газрын шандаст хурдан хүлгүүд ирж байгаа болохоор ямархан уралдаан болох нь тодорхой шүү дээ. Гэхдээ хөдөөнөөс монгол адуутайгаа ирж байгаа уяачдад амаргүй л юм байна. Голдуу эрлийз адуу л амжилт үзүүлдэг бололтой.
-Орон нутагт, жишээ нь Өвөрхангайнхан ялгалтаа сайн хийх үү?
-Манай аймгийн хувьд сайн ялгачихнаа. Бүс ч бас гайгүй. Монгол адуу 90 хувьтай мордож байх шиг байгаа юм. Харин улсад бараг 50 хувь нь эрлийз байх шигээ. Тэр дундаа бага нас бол бүүр хэцүү болчихож.
-Ингэхэд сум орон нутагтаа наадаж байгаа юу?
-Нааднаа, наадалгүй яахав. Өнөө жилийн тухайд гэхэд л Уянга сумынхаа наадамд хээр соёолонгоо түрүүлгэж, зээрд халзан морио аман хүзүүдүүлсэн. Мөн хоёр азаргаа аман хүзүү, айргийн гурваар давхиуллаа.
-Улсын наадмын дараа Говь-Алтай аймагт болсон баруун бүсийн уралдааныг зорьж, одтой хийморьтой наадсан. Бүсийн наадмын талаарх сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Энэ жилийн баруун бүсийн уралдаан нартай, хуртай сайхан боллоо.  Газар газрын шандаст хурдан хүлгүүд ирж оролцсон. Миний хувьд хоёр дахь удаагаа баруун бүсийн уралдаандаа оролцлоо. Түрүү жил аймгийнхаа төвийн бүсийн уралдаанд морьдоо уралдуулсан. Ер нь сүүлийн гурван жилийн хугацаанд бүсийн уралдаануудад тогтмол оролцож байгаа. Өнөөдөр аль ч газрын уралдаанууд чанга болсон үе л дээ. Тийм үед баруун, зүүн, говь ч бай дараагаар оруулна гэдэг олон тохиох аз биш санагддаг. Тэр дундаа азарга гэдэг утгаараа бүүр сайхан. Би чинь өмнө нь Ховдод очиж, хээр азаргаа соёолонд нь гуравлуулж, халиун азаргаа есөөр хурдлуулж байлаа.
-Энэ хэмжээний амжилт үзүүлнэ хэмээн тооцож байв уу?
-Хэрвээ би хүнээр уяулж байсан бол тэр өдрийн аз таарчихжээ гэхсэн. Харин миний тухайд сүүлийн гурван жил энэ хоёртойгоо ноцолдож байна.  Үнэндээ горьдож л байлаа. Учир нь энэ хоёр маань сүүлийн гурав,  дөрвөн жил яг л миний санаснаар тогтмол амжилт гаргаж байгаа. Үүн дээр наадмаа олох олохгүйн учир бас байх шигээ. Үүний өмнө том, жижиг уралдаанд тав, зургаан удаа түрүү, аман хүзүүгээр хурдалсан. 2015 онд аймгийнхаа наадамд түрүү, аман хүзүүгээр хурдалж байлаа. Бүсийн уралдаануудаас ч дөрвөн түрүү хүртлээ. Тийм болохоор аль алийг нь түрүүлчих байхаа гэж бодсон.
-Итгэлтэй байжээ...?
-Уяач бүхэн л морио айрагдаж, түрүүлнэ гэж уядаг шүү дээ.Тэр утгаараа горьдож байсан. Би чинь улсын наадмын өмнө хээр азарганыхаа уяаг алдаж буруудуулсан хүн.
-Яаж тэр вэ?
-Урьд өдөр нь тулгуу ачиж ирээд тэр л дээ. Тэгээгүй бол улсад тав дотор орчих байсан болов уу. Тав биш юмаа гэхэд арав дотор багтахаар байлаа. Уг нь Цагаан хөтөл дээр 50-н хэдээр гарч ирсэн юм шүү дээ. Харин баруун талд очиход дан уяатай халиун азарга маань хурдан байсан. Би ч санасан юмаа хийчихсэн болохоор додигор байгаа юм. Тэгээд арай том унаачаа хээр азарган дээрээ, наймтайг нь халиун дээрээ мордуулсан. Хээр азарганыхаа хүүхдэд “түрүүлгэнэ гэж л уралдаарай. Ах нь улсын наадамд хоол алдчихсан. Гэхдээ энэ удаад засаж чадсан” гээд том хүн шиг аминчлан захисан л даа. Ингээд уралдахад хээр азарга зөнгөөрөө давхисаар, халиун нь тэлж уралдсаар дараагаар орсон.
-Хээр нь түрүүлсэн бил үү?
-Хээр нь түрүүлж, халиун нь аман хүзүүлсэн. Хоёулаа сайхан зайтай хол ирсээн.
-Уяаны хувьд ялгаатай юу?
-Ондоо л доо. Хээр азарга бол шүдлэн цагаасаа эхэлж уягдсан адуу. Би сүүлийн жилүүдэд яг өөрөө гардан уяж байна. Тэгэхээр занг нь сайн мэддэг гэх үү дээ. Энэ жил долоотой болохоор өнжөөчихье гэж бодсон ч тэссэнгүй. Харин халиун нь наймтай. Даанч өнгөрсөн хаврын улсын бүсийн уралдаанд алдаа гаргаснаас санасандаа хүртэл амжилт гаргаж чадсангүй. Уг нь Дүнжингаравт уралдуулчихмаар л байлаа. Гэхдээ аймагт  улсын бүсийн уралдаан болно гэхээр нь яваагүй. Улсын бүсийн урдын урд өдөр дөрвөн км-т хоёуланг нь сунгадаг байхгүй юу. Гэтэл ам нь дийлдэхгүй, хоорондоо уралдаад явж өгсөн л дөө. Бүүр амыг нь дийлэхгүй, хээр азарганы хүүхэд унаад, 20-иод км-т нэг нь сул, нэг нь хүүхэдтэй давхиад байгаа юм. Тэгж тэгж жүчээний хаалганд хүрээд гүйцэгдсэн. Яг л ир нь орчихсон байгаа биз. Ер нь гурван азарга маань гурвуулаа ир нь орчихоод байсан л даа. Тэгээд аймгийнхаа баруун бүсийн уралдаанд хонгор азаргаа түрүүлгэсэн. Нөгөө хоёроо үлдээчихсэн. Тэгсэн улсын бүсэд яг санасандаа мордуулж чадсангүй. Яахав хоёулаа зүтгэж уралдаад хоёр, гурваар орсон. Минийхээр аймгийнхаа баруун бүсэд гурвуулаа дараагаар орчих болов уу гэж бодсон юм.
-Уяа нь орохоороо андашгүй юу?
-Хээр азарга бол бие жижигтэй ч чанга махтай. Халиунаа бодвол хатуу уяатай. Жоохон хөлс түгжих гээд байдаг юм. Тэрийг нь мэддэг болохоор алсаас нь эхлээд сүүл рүү нь зөөлрүүлж уядаг. Энэ жилийн тухайд долоо  хүрээд бас жоохон эвгүйтэх янзтай байлаа. Харин халиун нь арай зөөлөн уяатай.
-Азарга мордоход ямар харагдаж байсан бэ?
-Азарга мордоход халиун сайн байсан л даа. Гэхдээ хооронд нь нийлүүлж уралдуулахгүй  байгаад л байсан юм. Сунгаан дээр ч ялгаагүй. Тэгээд уралдаанаас хоёр, гуравхан хоногийн өмнө хээрээр халиуныхаа ажлыг хийлгэхэд  барагцаа харагдсан. Халиун нь дийлж уралдсан юм.
-Баянхонгорын Хүрээмаралын уяачдын баяраар хоёр азаргатайгаа очоод оруулчихсан байхаа?
-Тиймээ хоёулаа уралдаж, халиун нь түрүүлээд, хээр нь аман хүзүүдсэн. Даншгийн өглөө хамт явсан найз маань тэнгэрээс бараан үүлийг олж харчихаад бараан азарга түрүүлэх нь гэж “оношлодог“ байгаа. Тэгэхээр нь хүүхдийг нь солиод мордуулчихсан.
-Хээрийнх нь хүүхэд арай илүү туршлагатай юу?
-Туршлагатай. Нөгөөх нь насаар арай бага  юм. Азарганууд маань уяанаас гадна хоол нь хүртэл ялгаатай. Хооллох цаг нь ч өөр, шөнө хараад хонож байгаа юм. Өглөө харсан хоёулаа л эвшээж байна. Тэгэхээр нь битүүхэн баярлаж л байлаа. Тэгсэн үзүүр дээрээ хоёулаа ирээд, хээр нь дийлж түрүүлсэн. Уг нь халиун нь илүү зоримог л доо, хээрээсээ. Хээр нь араас зүтгэж уралдах гээд байдаг зантай. Тэгээд халиундаа газар хожуулчихдаг юм. Хатуу уяатай болохоороо бас тэгдэг байж мэднэ. Харин халиун нь хөнгөн, дэврүүн гэх үү дээ. Уралдаж ирээд сая нэг сэтгэл нь амардаг шиг байгаа юм. Тэгэхэд хээр нь арай тайван зантай.
-Танай аймгаас хэдэн хүн явсан бэ? Нийт хичнээн айраг түрүү хүртэв.
-Арваад уяач явсан. Үүнээс би нэг түрүү, нэг айраг авч, Отгоннасан Манлай шүдлэнгийн айраг хүртсэн. Харин Нохойцагаан их морио арваар орууллаа.
-Баянхонгорын Хүрээмаралд аль нь түрүүлсэн билээ?
-Халиун нь түрүүлж, хээр нь аман хүзүүлсэн.
-ММСУХ-ны чансаа өндөр азаргануудад эрэмбэлэгдэх нь тодорхой бололтой?
-Тэгэх байхаа.Материалаа өгчихсөн байгаа. 
Хоёр жилийн дотор аймгийн Алдарт цолны болзлоо хангасан
-Хаанахын адуунууд юм бэ?
-Халиун нь Дорнод аймгийн Чойбалсан сумын Бүрнээ гэж хүний унаган адуу байгаа юм. 2012 онд хязаалан үрээ байхад нь авч байлаа.
-Танд ирэхээсээ өмнө ямар амжилт үзүүлсэн байсан бэ?
-Сумынхаа наадам болон бага сага уралдаанд хоёр, гурав айрагдчихсан байсан. Хязааландаа хавар болсон Матадын уралдаанд дөрөвлөсөн. Энэ уралдааныг “Дорнын унага” галаас зохион байгуулж явуулсан. Тэр үед би сайн адуу асууж сураглаад явлаа. Гэтэл Чойбалсанд манай дүүгийн нөхөр Гантулга гээд залуу маань “Манай суманд хоёр үрээ байна, та үзэхгүй юмуу” гэж хэлсэн. Би ч яваад очсон унаган эзэн болох Бүрнээ ах маань байхгүй байв. Тэгээд халиун үрээг үзэхэд шууд л таалагдсан. Өөрөө адуугаа гардан уядаг хүн чинь олон юм харна л даа. Адуу нь ч хурц адуу байсан. Хөл гарыг нь бариад үзлээ, таалагдаж байна. Биеийн тэнцэл нь ч янзтай сайхан байсан. Намайг хашаанаас гаргахад дөрвөн хөл дээрээ тогтож ядаад л, тийм сэргэлэн. Үүнээс үүдээд би Эрэмгий нэрийг өгч байлаа. Ёстой л эргэлзэж тээнэгзэлгүй 100 хувь таалагдаад авсан адуу байгаа юм.
-Нууц биш бол хэдээр авч байсан юм бэ?
-20 гаргаад л авч байлаа. Тухайн үедээ хамт явсан улсад бол хэцүү л үнэ санагдсан гэдэг юм. “Сумын болон овооны наадмаас л айрагтай адууг үнэтэй авлаа“ гэж зэмлэх ч хүн байсан.
-Хэдэн сард та авчирч байгаа билээ?
-Хавар 4 сард авчраад ногоонд гаргачихсан. Тэгээд шууд зуны уяанд ороод нэг овооны наадамд гурваар орсон. Тэр үед Даваадоржийн хар түрүүлсэн. Харин Нохойцагааны цавьдар гэж Дүнжингаравт айрагдаж, Говьшанхад аман хүзүүдсэн адуу аман хүзүүдсэн. Хоёр чансаатай адуутай эн тэнцүүхэн уралдаад айргаар багтахад нь “би ямар ч байсан буруу таниагүй юм байна“ гэж дотроо баярласан. Залгаад нэг том овооны наадамд уралдаж, дөрөвлөсөн. Аймгийнхаа наадамд Адьшаагийн хонгорыг түрүүлэхэд нь халиун аман хүзүүдэж, урд жил нь аймгийнхаа 80 жилийн ойгоор айргийн дөрвөөр орсон хонгор маань гуравласан. Тэр жил анх морь өөрөө гардаж уяад хоёр үрээгээ аймгийнхаа наадамд хоёр, гурваар хурдлуулж их л баярлаж байлаа. Халиун, хонгор хоёр маань нэг жилийн унага. Залгаад нэг наадамд уралдаж халиун нь түрүүлж, хонгор нь аман хүзүүлсэн юм. Тэр жилээ халиун азарга дөрөв уралдаж, дөрөв орсон.
-Хонгор азарга хаанахын хэний адуу вэ?
-Сүхбаатар аймгийн Асгат сумын Цэдэвсүрэн гэж хүний адуу. 2011 онд шүдлэнд нь авч байлаа. Хонгор азарга бол нимгэндүү, шавилханжижиг адуу. Арьс үс ч нимгэн. Даагандаа Сүхбаатар аймагтаа түрүүлчихээд надад ирж байлаа.
-Сүхбаатар аймгийн баяр наадамд уу?
-Тиймээ, 2010 онд аймгийнхаа баяр наадамд түрүүлээд, Асгатад аман хүзүүлсэн. Бас тэр жил болсон Егүзэр хутагтын ойд айргийн дөрвөөр хурдалчихаад байлаа. Ийм болохоор нь би ямар ч эргэлзээгүй авсан юм. Надад сүүтэй шүдлэн ирсэн. Тэр жил нь улсад уралдуулчихмаар л байлаа. Даанч уяа сойлгыг нь тааруулж байсан ах маань зөвшөөрөөгүй. Арга ч үгүй биз дээ. Уяа нь оройтчихсон л доо. Ингээд наадмаа болиод аймгийнхаа 80 жилд уралдуулахаар боллоо. Тэгсэн хэд хоногийн өмнө нь ханиад хүрчихдэг байгаа. Тэр жил хаа сайгүй ханиад их байсан л даа. Хөөрхий ханиадтай мордуулаад айргийн дөрвөөр давхиж, одоо энэ Болдбаатарын халиун тавлаж, Сугарын хул зургаалсан юм.
-Халиун азарга дараа жилүүдэд нь яаж давхив?
-Дараа жил нь халиун, хонгор хоёр маань азарган соёолонгууд болоод аймгийнхаа наадамд мордуулсан юм. Тэр жил “Түүхэнд мөнхөрсөн төрийн их хүлгүүд” гэж их том наадам  долдугаар сарын 21-нд хийнэ гэж байсан юм. Тэрний өмнө аймгийнхаа наадамд халиун, хонгорыгоо жоохон дутуухан уяатай мордуулж зургаа, долоогоор хурдлуулаад байсан юм. Гэтэл  “Төрийн их хүлгүүд” наадам хойшлочихлоо. Тэгээд “Өвөрхангайн хурд” наадамд очиж халиун нь аман хүзүүлж, хонгор нь дөрөвлөсөн.  Харин хавчиг жилээ  2014 онд нь хаврын баруун, зүүн бүсийн уралдаанд хоёуланд нь түрүүллээ. Тэр жил манайх улсын бүсийн уралдаан хийсэн юм. Хэрвээ мордуулсан бол түрүүлэх байсан л даа. 11, 12 азарга л мордох байсан болохоор чансаатайг нь бодоод Дүнжингаравт мордуулаад, 18-д орсон. Тэгээд тэр жилээ аймгийнхаа наадамд гуравлачихлаа. Ховдын даншигт очоод есөөр орлоо. 2015 оны тухайд мөн л аймагтаа уралдаж, хээр нь дийлээд, халиун нь аман хүзүүлсэн.  Өнгөрсөн онд чинь том жижиг аль ч уралдаанд хээртэйгээ хоёулаа уралдаад байсан л даа. Тэгээд хээр нь тав, зургаа ч түрүүлчихэв үү. Халиун маань ч дөрөв, таван удаа аман  хүзүүлсэн. Нэг өдөр хоёуланг нь салгаад хоёр сумын ойд тавьсан хоёулаа түрүүлээд ирж л байлаа. Хээр нь Уянгад, халиун нь Зүүнбаян-Улаанд түрүүлэх нь тэр.  Харин Өндөр гэгээний наадамд үлийд бүдрээд хүүхэд нь унасан.  Хээр азарга бас хэд бүдрэхээр нь татуулчихсан. Энэ жилийн тухайд бол аймгийнхаа болон улсын бүсийн уралдаанд хоёулаа айрагдаад, улсад нэг нь арван хэдээр орж, баруун бүсийн даншигт түрүү, аман хүзүүгээр хурдаллаа.
-Яриагаа хээр азарганы амжилтаар үргэлжлүүлье?
-Хээр азаргаа би шүдлэн цагаас нь би гардан уяж байна. Эцэг нь Дорноговь адуу байгаа юм. Аав маань Хэнтийдээ дөрөв түрүүлсэн Хуягтын будан гэж азаргыг авч байлаа. Түүний төл л дөө. Эх нь миний Сүхбаатар аймгийн Уулбаянаас авчирсан хар ногоон гүү байсан ч авчраад хоёр жилийн дараа хулгайд алдчихсан. Яах аргагүй л манай тэнцсэн унага даа.
-Дааганд нь уяагүй юм уу?
-Уяагүй. Харин би шүдлэн уяж, аймгийн наадамдаа мордуулаад, долоогоор орсон. Дараа жил нь хязаалан аймагтаа аман хүзүүлсэн.
-Шүдлэндээ ганц л уралдсан байх нь ээ?
-Үгүй ээ бага сага уралдаануудад уралдуулсан. Манай тэндхийн овооны наадамд хоёр ч удаа айрагдсан. Харин соёолон жилээ аймгийнхаа баруун, зүүн бүсийн уралдаанд хол сайхан түрүүлсэн болохоор тэр жил  Дүнжингаравт ирж уралдаад 11-т ороод есөд баригдсан юм. Тэгээд зун нь хэд хэдэн бага сага уралдаануудад түрүүлж, айрагдсан байгаа. Баянхонгорын Баацагаан сумын ойд дөрөвлөсөн.
-Тэр жил аймагтаа уралдаагүй юм уу?
-Уралдаагүй. Шууд баруун бүсийг зорьсон. Тэгж явах замдаа Баацагааны ойд дөрөвлөчихөж байгаа юм. Бас Ховдын даншигт очиж гуравлаад, буцахдаа наашаа эргэж Ерөөлтийн халзан морины наадамд түрүүлсэн. Тэр чинь Ховдын Чандманьд болсон наадам. Тэндээсээ Говь-Алтай руу ирж, Максын уралдаанд дөрөвлөсөн.
-Ноднин хавчиг азарга яаж уралдав?
-Ноднин том, жижиг уралдаанд тав түрүүлсэн. Аймагтаа ч түрүүлсэн байгаа. Уг нь Сэлэнгийн хаврын улсын бүсийн уралдаанд явах санаа байсан ч чадаагүй. Очсон бол мөн л юм дуулгах байсан болов уу.
-Ер нь бол азаргаар л наадаад байна уу?
-Тиймээ, азарга надад нүүртэй л дээ. Би ер нь азарга тавих адууг, аль болох газар газраас авахыг илүүд үздэг. Одоо надад боломжийн идэрхэн насны хэдэн сайхан азарга бий. Энэ азарга чинь хөдөлмөр их шаардана. Би чинь бүл цөөтэй, өөрөө уядаг болохоор өвөлдөө дөрөв, таван азарга л оруулаад уячихна. Зундаа хоёр, гурваас хэтрэхгүй байна.  Мэдээж бага насаа ч орхихгүй л дээ. Энэ жил гэхэд бага гурван насны унаган адуугаа уялаа. Эндээс соёолон гэхэд Хэнтийн Мөрөн угшилтай хээр үрээ байгаа. Баруун бүсэд мордуулсан хөтөлсөөр яваад ойрхон ирээд суучихсан.
-Төрийн зарлигтай улс, бүсийн чанартай наадмаас хичнээн айраг, түрүү хүртээд байна вэ?
-2014 оны бүсэд нэг хээр соёолон гуравласнаар наадмын өм нээгдэж байлаа. Түүнээс хойш дөрвөн ч удаа оруулчихаад байна. Одоогоор нэг түрүү, дөрвөн айрагтай.
-Удам дамжсан уяачдын нэг та яг хэдий үеэс морь мал гардан уяад хэдэн жилийн хугацаанд дээрх амжилтыг гаргаад байгаа билээ?
-Аав маань аймгийн Алдарт уяач хүн байдаг. Өвөө ч ялгаагүй морь уяна. Тийм болохоор бага нас адууны захад өнгөрлөө шүү дээ. Багадаа дөрвөн жил хэртэй хурдны морь уналаа. Яваандаа морь уях эрдэмд илүүтэй хорхойсох болж, 2009 оноос хүнээр уяулж эхэлсэн. Гурван жил хэртэй ингэж яваад өөрөө бие даан уяад мөн гурав, дөрөв жил болж байна.
Анхандаа ч морь худалдаж аваад бушуухан л айрагдуулахын өвчтэй явлаа. Гэхдээ амьдрал чинь хүнийг өөрөө сургаад өгчихдөг юм бишүү. Энэ бол биш гэдгийг ойлгосон л доо. Айраг, түрүүнээс өмнө хийх, бодох зүйл асар их юм билээ.
-Тэгвэл ч богино хугацаанд аймгийн Алдарт уяач болсон юм байна даа?
-Ердөө гурван жилийн дотор цолны болзлоо хангасан л даа. 2009 ондоо аймгийнхаа наадамд хязаалан үрээ түрүүлгэж, бүүдэн морь, зээрд үрээ айрагдуулж эхэлсэн. Дараа жил нь маш олон айраг, түрүү авсан. Ер нь аймгийн наадам өнжилгүй жил бүр оролцож, уясан морьдоо оруулсаар ирлээ.
-Мөн 2014 онд шилдэг уяач болсон тиймээ?
-2014 онд аймгийн бүсийн наадмаас дөрвөн түрүү, аймгийн наадмын азарганы айргийн гурав, хязаалангийн айргийн гурав, Ховдын даншгийн соёолонгийн айргийн гурвыг нь авсан. Манайх чинь шилдгүүдээ аймгийн наадам, аймгийн бүсийн наадам, улсын бүсийн наадам, улсын баяр наадмын амжилтыг харж шалгаруулдаг уламжлалтай.
-Нэгэн үе морь уяна гэдэг нас тогтсон хүний ажил мэтээр ойлгодог байлаа. Харин сүүлийн үед залуус моринд их орж байна. Үүнийг нөгөө талаас нь харах юм бол цаана нь ар гэр ажил төрөл орхигдоод байх шигээ. Та юу гэж бодож байна?
-Тиймээ. Морь уяна гэдэг тийм амар ажил бишээ. Ар гэр их хамаатай. Гэхдээ нэгэнтээ л морь уяж, алдар цолыг нь авсан бол морио мэдэрдэг, өөрөө уяж чаддаг байх нь зүйтэй. Миний хувьд цол дагаж бяр гэгчээр үүнийг илүүтэй ойлгосон л доо. Манай дээд үед  өвөөгийн ах Палам гэж сайн уяач байлаа. Аймгийн наадамд хэд хэдэн удаа азарга түрүүлгэж байсан хүн. Түүний хүрэн азаргыг тухайн үеийнхэн андахгүй ээ. Ер нь азаргаар л нааддаг байсан юм. Энэчлэн дээдчүүл маань морьдоо өөрсдөө л уяж ирсэн. За тэгээд сэтгэл байвал ажлыг амжуулна ш дээ. Би чинь одоо 500 км-ын цаанаас ч морио уях нь байна. Бас их хөдөлмөр шаарддаг ажил
Хэдийгээр өвөө, аав маань морь уяж байсан ч би тэр нарийн ширийнийг нь мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор үзье гэж бодоод 2012 оны хавраас эхэлсэн л дээ. Шат шатаар нь үзье гэж бодсон юм. Түрүүнд нь сумынхаа наадамд сайхан наадъя гэсэн бол дараагийн удаад аймаг, тэгээд улсын бүс, улс гэх жишээний. Би чинь 2012 онд арван хэдэн адуугаа аваад хаа байсан 1000 км явж, Дорнодын талд өвс идүүлж байлаа. Тэр жилээ таван сарын 1-нээс хойш сарын хугацаанд Хэрлэнгийн хөвөөн дээр эдэлгээ уналгаа хийгээд ирсэн. Зуны морьдыг эртнээс бэлтгэж, бяр тэнхээ суулгах хэрэгтэй гэж өвөө маань захидаг байлаа. Тэдгээр авч явсан морьдоос гурван их насыг нь уяж сумынхаа наадамд нэг, хоёр, гурваар нь оруулж, тэр жил мөн сумандаа хоёр азарга айрагдуулж, аймгийнхаа наадамд хоёр азарга зургаа, долоогоор хурдлуулж, хоёр хязаалан үрээгээ хоёр, гурваар давхиулж байлаа. Эндээс их урам орсон л доо.
-Тэрнээс хойш жил бүр зүүн тийшээ ногоолчихдог болсон юм байна, тиймээ?
-Тиймээ, гурав дөрвөн жил туршилтын маягаар явж байна. Манай байгаа газар чинь өндөрлөг, сэрүүхэн байдаг болохоор ногоо их орой гардаг юм. Тэгэхээр өөр арга хайхаас аргагүй болж байна л даа. Энэ мэтээр суралцаад л явна. Ямартаа ч тууштай зүтгэснийхээ хүчинд 2016 он гарсаар аймгийн бүсийн наадамд одтой наадаж, азарганы түрүү, хоёр айраг, их насны аман хүзүү, улсын бүсийн уралдаанаас нэг түрүү, гурван айраг авлаа. Аймгийн бүсийн дөрвөн түрүүг нэг өдөр авч үзлээ. Аймгийн наадамд азарганы түрүү, аман хүзүүг авч үзлээ.  Улсын наадамд хээр азаргаа дээгүүр давхиулж, улсын бүсийн наадамд хоёр азарга айрагдуулж, сүүлд нь түрүү, аман хүзүүгээр оруулсан гээд бахархах он цагийг бүтээж явна. Энэ бол хоёргүй сэтгэлээр зүтгэж хөдөлмөрлөсний маань үр дүн юм даа.
-Та айлын хэд дэх хүүхэд юм бэ?
-Би айлын хоёр дахь хүүхэд, дээрээ нэг эгч, доороо гурван дүүтэй. Манай аав ээжийн талынхан хоёулаа малч гаралтай моринд дуртай хүмүүс.  Би чинь аавынхаа аав Гончиг өвөө дээрээ өссөн хүн байгаа юм.  Өвөө бас морь сайн уяна. Гончигийн шарга, аавын зээрд морь хоёр нэг үеийн хурдан морьд байсан. Түрүү, аман хүзүүгээр ч хурдалдаг байлаа. Үүнийг би их бэлгэшээж явдаг юм. Тэгээд ч аав, өвөөгийнхөө уяаны эрдмээр морьдоо уяж байна. Өвөө маань их насны морийг алсаас нь зөөлөн сайхан эдэлгээгээр уяж байгаад сүүл рүүгээ аргамжчихдаг хүн байсан юм. Сум нэгдлийн даргын алба хашдаг хэрнээ ажил төрлөө зохицуулаад морио уячихна. Одоогоор над шиг гэх юмуу. /инээв/ Ер нь манай аав, ээжийн талынхан моринд их дуртай.
Манай аав чинь эхлүүлсэн бол заавал гүйцээх ёстой гэж сургаж хүмүүжүүлсэн. Өөрөө ч тийм хүн. Бага залуудаа морь уясан л бол заавал айрагдаж түрүүлгэж байж санаа амарна. Тийм болохоор би чинь анх морь уяад их ч гологдсон доо. “Хэрвээ би чиний оронд байсан бол“ гээд л эхэлнэ. Тэгээд бас зааж зөвлөнө. Энэ нь намайг бас их хурцалж өгсөн. Чи чадна, сур, хичээ л гэж хэлдэг юм.
-Морь уях төрийн хэрэгт үе дамжин шамдаж буй танайханд  сайн сайхан бүхнийг хүсч, хурдан тууртын босоо цагаан хийморьт үе удмаараа өнө мөнх ивээгдэж явахын ерөөл өргөе өө. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Монголын хурдан морины уралдааны архив болсон «Тод магнай« сэтгүүлийн хамт олондоо талархал илэрхийлж, монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэх гэгээн үйлсэд нь амжилт хүсье.
-Баярлалаа. Ерөөл бат оршиг 

"Тод магнай" сэтгүүл №80

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна