“Мянганы хурд” МСУХ-ны тэргүүн Н.Батболд: Тэргүүний хувьд адууныхаа үүлдэр угсааг сайжруулж, аймагтаа биш, гадагшаа том довонд гарч уралдахын төлөө зорьж явна

А.Тэлмэн
2017 оны 4-р сарын 14 -нд

Увс аймгийн Тариалан сумын уугуул, аймгийн Алдарт уяач, “Мянганы хурд” МСУХ-ны тэргүүн Н.Батболдтой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Тариалан сумын МСУХ хэдэн онд байгуулагдаж байв?
-1992 онд санаа нийлсэн хэдэн хүн мөнгөө нийлүүлээд, сумын наадмын хурдан морины уралдааныг медальтай болгох ажлыг эхлүүлсэн юм. Энэ нь холбооны эхлэл байсан бөгөөд 1999 онд албан ёсоор МСУХ байгуулагдсан түүхтэй. Мянган ууланд хурдан морины том овоо бий. Энд нэгэнтээ морь барьдаг, морь уралддаг байсан гэдэг утгаараа уяачид санаа нийлэн холбоогоо “Мянганы хурд” хэмээн нэрийдсэн. Гэхдээ одоо Мянган уулд зам нь бартаатай, үер усанд элэгдсэн учраас уралдахаа больсон л доо. Одоо Шар бүрд гэдэг нуураас наашаа Хүрэн хадны ам гэдэг газар уралдаж байна.
Анхны тэргүүнээр манай аав, малын эмч Намсрай сонгогдон 2009 он хүртэл ажиллаж байлаа. Аавын дараа сумын Засаг дарга Цолмон 2012 он хүртэл ажиллаж, холбоо албаны ёсны тамга тэмдэгтэй болсон юм. Тэрнээс өмнө ямар нэгэн үйл ажиллагаа явуулахад Засаг даргын тамгаар баталгааждаг байв. Харин би холбооны гурав дахь тэргүүн байгаа юм. Холбооны  тэргүүлэгчдээр 9 аймгийн Алдарт уяач ажилладаг. Харин холбооны нарийн бичгийн даргаар байгаль орчны байцаагч Цогоо ажиллаж байна. Тэрээр бас хурдан морины комиссын нарийн бичгийн даргын албыг хашдаг. Өдгөө Тариалан сумын хэмжээнд хөдөө жилийн дөрвөн улиралд морь уядаг 50-иад хүн бий.
-Увс аймгийн хэмжээнд анхны холбоодын нэг бололтой. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудаасаа танилцуулаач?
-1999 оныг хүртэл манай суманд үндэсний баяр наадмаас өөр наадам болдоггүй байв. Харин холбоо байгуулагдсанаар орон нутагтаа морин спортын хөгжүүлэхээс ажлаа эхэлж анхны уралдаанаа хийж байсан. Тухайн үедээ шагнал гэх юм байхгүй, түрүүлсэн морио хониор шагнаж байсан нь түүх болон үлджээ. Түүний дараа би 2012 онд би аймгийн Алдарт уяач болчихоод зургадугаар сарын 1-нд өөрийнхөө нэрэмжит дааганы уралдааныг явуулсан юм. Үүнээс улбаалан жил бүр тухайн жилийн шинэ аймгийн Алдарт уяач дааганы уралдааныг явуулдаг болсоор уламжлал боллоо. 2013 онд тэргүүн асан Цолмон дарга, өнгөрсөн жил Пүрвээ энэ уралдааныг амжилттай зохион байгуулаад байна.
Үүнээс гадна уяачдынхаа хөдөлмөрийг үнэлэх, адууныхаа үүлдэр угсааг сайжруулах, өөр салбар холбоотой харилцаа холбоо тогтоох ажлыг явуулсаар ирлээ. Энэ тал дээр уяачид маань ч идэвхитэй байж, дор бүрнээ адуугаа сайжруулах ажлыг хийж байна. Үүний үр дүнд сүүлийн таван жилд манай адуу эрс сайжирсан гэж хэлнэ. Түүнчлэн өнгөрсөн хавар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа хэлэлцээд морины гарааны төхөөрөмжтэй боллоо. Төхөөрөмжнийхөө “шидийг” үзэж, нээлтийн уралдааныг энэ тавдугаар сарын 10-нд хийсэн. Энэ нь манай анхны хаврын уралдаан байгаа юм. Нөгөө талаараа энэ жил сумынхаа түүхт 90 жилийн ойг тэмдэглэнэ. Үүнтэй ч холбогдуулж морьдоо гарааны төхөөрөмжинд сургах үүднээс урьтаж ийнхүү сайхан уралдаад авлаа.
-90 жилтэй холбогдуулаад өөр ямар ажлыг хийж байгаа вэ?
-Барианы газрыг тохижуулах ажил ид дунд явна. Энд наадамчдын тав тухыг хангахад анхааран ажиллаж байна. Үүнд боловсон бие засах, амрах асар, хоолны газар гээд л багтах юм.
- “Мянганы хурд”-ынхан сүүлийн жилүүдэд ямар ямар амжилт гаргаад байна вэ?
-Хавартаа аймгийн төвийн бүсийн бооцоонд оролцож, тогтмол айрагтай наадаж байна. Өнгөрсөн жил Түргэн, Сагил, Өлгий, Өмнөговь, Ховд, Бөхмөрөн сумдад наадаж, Ховд сумын 90 жилд азарга айргийн дөрвөөр ирлээ. Бөхмөрөн суманд азарга түрүүлгэлээ. Харин энэ хонин жил гарсаар төвийн бүсийн уралдаанд 10 дотор уралдлаа. Нэг морь нь будилаад хойшоо орчих шиг боллоо. Энэ хавар цасан шуургатай байгаад морьдын уяа жаахан алдуурсан.
-Тариалан сумын адуу ямар онцлогтой вэ. Аль цаг үед илүү хурдалж байв?
-Манай сумын адуу бие жижиг ч тэсвэр тэвчээр сайтай. Ялангуяа уулын өөдөө өгсүүр, бартаатай замд сайн явдаг. Харин товгор ч юм уу, элстэй газар муухан гүйдэг юм. Дээхнэ үед Тохомтын алаг гэж хурдан азарга сайн давхиж байсан. Залгаад 1970-80-аад оны үед Маамуу даргын хээр, хоёр Далай гуайн морьдч аймагт данстай хурдан хүлгүүд байлаа. 1994-95 оноос хойш гэхээр Нүүдэлийн халтар азарга, Жавын их насны саарал морь, Толягийн алаг азарга гээд айраг түрүүнд л хурдална гэнэ шүү дээ. Сүүлд Агваандоржийн хээр морь, хүрэн халзан азарга нь очсон газартаа л цулбуур өргөн цоллуулдаг байлаа. Гэхдээ хээр морь нь одоо хөгшрөөд уралдахаа больчихсон. Азарга хөлгүй болсон. Мөн  Батбуянгийн хонгор халзан азарга аймаг, сумандаа олонтаа түрүүлж, айрагдсан. Сүүлийн үеэс Цолмон даргын хонгор азарга их сайн хурдалж байгаа. Миний нэг хээр морь байна. 2004 оноос хойш найман жил сумандаа түрүүлж, бусад сумын наадам айрагдаж байлаа. Харин 2005 оны баруун бүсийн даншигт Батбуянгийн хээр даага зургаалсан бол 2011 онд Найдандоржийн жороо хүрэн морь дөрөвт ирсэн юм.Гэхдээ манайхан ч Увсаасаа гадагшаа гарахгүй л байна.Тэгэхээр холбооны тэргүүний хувьд адууныхаа үүлдэр угсааг сайжруулж, аймаг дотроо биш, гадагшаа гарч том довонд уралдахын төлөө зорьж явна. Би малын эмч мэргэжилтэй хүн. Хотод ХААИС-ийг төгсөөд таван жил болж байна. Тэр утгаараа үржил селекцийн ажил дээр түлхүү анхаарал хандуулж байгаа.
-Энэ жил баруун бүсийн уралдаан танай аймагт зохион байгуулагдана. Боломжийг алдахгүйн төлөө бэлтгэлдээ эртнээс орсон болов  уу?
-2011 оны даншгаас хойш урд зүгийн адуу гүйж байна гэхээр нь манай сумынхан Сүхбаатар, Дорнодоос адуу их авч байна. Энэ жил гэхэд 70 адуу ачигдаад гарчихсан гэнэ. Түрүүлээд ирсэн нэг хэсгийг нь тэжээж байна. Дээр нь нутгийнхаа адууг сайжруулаад Тэс, Зүүнговь, Өндөрхангай сумаас ч адуу авчирлаа. Мөн галын зохион байгуулалтанд орж, сумынхаа 90 жил, цаашлаад аймгийнхаа ойд очиж уралдахаар дор бүрнээ бэлтгэлдээ гарсан. Уг нь манайхны амжилт  ахиад л яваа юм. Хэдэн жил нутагтаа өрсөлдөгчгүй явж ирсэн болохоор морин уралдаан хойшоо суусан тал бий. Бидний хувьд  нутгийнхаа дэвжээг хамгаалах том ажил байна даа. Манай сумын багахан хэмжээний ойд Өлгий, Өмнөговь, Наранбулаг, Ховд, Түргэн, Улаангомын морьд ирж уралддаг. Томоохон ой болбол Тэс, Зүүнговь, Сагил, Давстаас ирнэ шүү дээ. Эндээс ямархан чансаатай наадам болдогийг харж болох юм. 
-Жороо, хатир морьд уралдуулах уу?
-Сүүлийн хоёр жил уралдуулсангүй. Энэ жил ойгоороо уралдуулна даа.
-Таны хувьд жилдээ хэдэн насны морь уядаг вэ?
-Би зургаан насны арваад морь уядаг юм. Ар гэр, хүн хүчний байдал, цаг заваасаа шалтгаалаад зарим жилганц нэг уралдана. Зарим жилдээ арай олон уралдах жишээний. Малын эмч болохоор хаврын цагт вакцин, туулгалт гээд явчихдаг болохоор хүссэнээрээ мориндоо цаг гаргаж чадахгүй л  байгаа юм.
-Аймгийн чанартай наадмын хичнээн айраг, түрүүтэй болоод байгаа вэ?
-Дөрвөн түрүү, гурван айрагтай. ҮүнээсХовд сумын 80 жил, Өмнөговь, Түргэн, Наранбулагийн наадмуудаас дөрвөн түрүү авсан. Одоогоор аймгийн баяр наадамд явж үзээгүй л байна.
-Хэдэн оны аймгийн Алдарт юм бэ?
-2012 онд 25-тайдаа аймгийн Алдарт уяач болж байлаа. Энд миний хээр морины амжилт их нөлөөлсөн. Их насандаа гурван жил дараалан гурван том ойд түрүүлсэн юм шүү дээ. Одооноос гурван дүү давхиж эхлээд байна.Нэг нь болох хээр соёолон дөрвөн сарын аравдаар Түргэн сумын наана болсон бооцоот уралдаанд айргийн тавд хурдаллаа. Тэгээд аймгийн төвийн бүсэд уралдуулсан ч харамсалтай нь бэртэл авчихлаа.
Нөгөө талаас одоо Сэлэнгэ аймагт амьдарч буй Батбуян гэж уяаны багшийн маань нөлөө их бий. Бид олон ч наадамд хамтдаа явснаас 2005 онд манай сумын багийн ойн наадамд 21 морь уяж очоод 19-ийг нь түрүүлгэж, айрагдуул тун ч сайхан наадсан. Үүнээс хоёр нь миний унаган адуу, бусад нь багшийн өөрийн болон уяж өгдөг нутгийн хүмүүсийн морьд байсан юм.
Түүний аав нь манай сумын нэгдлийн адууг маллаж байсан, адуучин Нүүдэл гэж аймгийн Алдарт уяач хүн байсан юм. Өдгөө хоёр хүү нь болох Маамуу, Батбуян нар нь аймгийн Алдарт уяачид байгаа юм. Бас нэг ах нь МУ-ын эмнэг сургалтын спортын мастер Самбуу гэж хүн байлаа.
-Ярилцлагын өмнө морины комиссын дарга аавтайгаа морь  дагадаг байсан тухай ярьсан. Уяач болоход аавын нөлөө их байсан болов уу?
-Манай аав адуу сонирхдог ч өөрөө уяж байгаагүй. Төрийн албан хаагч байсан учраас морь уях боломж ч байсангүй. Гэхдээ сайн адуу цуглуулж, сайжруулсных надад олон сайн адуу ирсэн.Намайг багад аав Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумаас азарга авчирч тавьсан юм. Ингээд төлүүдэд нь хойд талын Тувагийн эрлийз азарга тавиад, гарсан төлүүдэд нь Сүхбаатар угшилтай Батбуян ахын хурдан азарганы төлөөр азарга тавьсан. Сүүлд Зүүнговь сумын адуугаар азарга тавиад байна. Ер нь гүүгээ сайжруулаад, эр төлүүдээр нь уралдаад, охин төлүүдэд нь ондоо сайн азарга тавиад л явна. Бас тусдаа хурдны чиглэлийн цустай хэдэн адуу үржүүлж байна. Ер нь манай суманд шинэ цагийн адуу байхгүй. Би цус сайжруулах зорилгоор үржүүлж байгаа юм. Манай нутгийнхан монгол адууныхаа үүлдэр угсааг алдахгүй, цэврээр нь байлгах бодлогыг баримталж явна. Мэдээж хажуугаар нь хурдны чиглэлээр шинэ цагийн адууны төл авч байна. Мөн Сүхбаатар, Дорнод, Хэнтийгээс ч авчирлаа.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Та бүхний зорьж зүтгэж байгаа ажилд амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна