Аймгийн Алдарт уяач Л.Банзрагч: Том наадамд сурцгүй хүүхэд морио олон дундаас гаргаж

А.Тэлмэн
2017 оны 4-р сарын 20 -нд

Аймгийн Алдарт уяач Л.Банзрагч: Том наадамд сурцгүй хүүхэд морио олон дундаас гаргаж
чаддаггүй
-Аймгийн Алдарт уяач гэдэг аймаг орон нутагтаа ханасан цол. Энэ цолыг  та хэдэн онд авч байсан бэ?
-2008 онд авсан.
-Цол хүртэхэд жин дарсан ямар, ямар хурдан хүлгүүд байв?
 -Би анх унаган адуугаараа наадаж моринд орсон хүн. Одоо ч манай нутгийнхан мэдэж байгаа. Би 1980 онд Дорнодоос мал тууж яваад Батширээтээс Догсомын Жигжсүрэн гэдэг хүнээс нэг хүрэн халзан азарган үрээ авсан. Энэ адууны маань эх үүсвэр нь тэр хүрэн халзан азарга. Түүний төл тун сайн хурдалдаг. Өнөө ч манай сум орон нутагт сайн азарга, үр удам нь байдаг. Энэ адуугаараа би их наадсан. Сумандаа нэг түрүү, хоёр гурван айраг авсан. Явсаар, явсаар өдий хүртэл тэр адууныхаа удмыг л хурдлуулж явна даа. Олон жилийн хөдөлмөрийн маань үр дүн.
-Аймгийн Алдарт уяач багаасаа морь малтай ойр байсан уу. Хурдны морь унаж байв уу?
-Тэгэлгүй яахав. Багаасаа л адуу мал унаж, эзэмшиж байсан. Манай аав, аавын дээд талд уяач хүн байгаагүй ч би хүний морь унадаг байсан. Морь сайхан эзэмшсэн, унаж эдэлдэг, сургадаг хүүхэд байсан даа. Сонирхлоо дагаад л сайн адуу цуглуулж эхэлсэн.
-Унаач хүү ямар хүмүүсийн уясан морийг унадаг байв. Хэр сайн унаач байсан бол?
-Гайгүй унаач хүүхдэд тооцогддог байсан. Доржням гээд манайхны саахалт, сайн уяач өвгөн байлаа. Тэр өвгөний морийг унаж байсан. Өвгөнийг дагаад л 15-16 хүрээд уяач болох хүсэлтэй болсон.
-Сайн унаачаар морьдоо унуулах гэж өвгөчүүл булаацалдах уу?
-Тэр үед морь унадаг хүүхэд багачуул элбэг байсаан. Унаачийг булаацалдаж айхтар юм болохгүй. Би л хувьдаа өөрт таарсан морийг аятайхан унадаг гайгүй унаач байсан.
-Норовлингийн адууны онцлог нь ямар байдаг вэ?
-Манай Норовлингийн адуу бие хаа сайхантай. Олон сумын зааг нутаг тул адууны орц гарал сайтай нутаг гэж түмэн олон ярьдаг. Хэнтий талаасаа хамгийн зүүн талын сум, Дорнодын Баян-Уул, Цагаан-Овоо, Хөлөнбуйртай залгаа. Норовлингийнхон найр наадмаа сайхан хийдэг. Морь малаа будилаангүй эргүүлдэг дээ.
-1980-аад оноос морь уяж эхэлсэн үү. Социализмын үед тэр бүр ийш тийш явж наадаж чаддаггүй, уралдаан ч цөөн байсан гэлцдэг. 
-Тэр үед уяж л байсан. Би тасралтгүй 40 гаруй жил морь уяж байгаа. Харин уралдаан цөөхөн байсан, жилдээ наадмаар л морио уяна. Дамжиж их явдаггүй байлаа.
-Дорнодоос авсан азарган үрээндээ ямар гүү хураалгасан бэ. Түүгээр хэр наадсан бол?
-Тэрийгээ авч ирээд өөрийнхөө гүүг хураалгасан. Түүгээрээ олон жил наадсан даа. Тэр үед манайхны азарга хурдан ч байсан. Миний халзан азарга айраггүй яваагүй, харин түрүүлж л үзээгүй. Дандаа гурав, дөрөв, таваар давхина, ер нь байнгын л хурдалсан.
-Уяанд нь учир байсан юм болов уу. Тэгээд танай хурд яаж дэлгэрэв?
-Тийм ч байж мэднэ. Тэр үед надад ойр, ингээрэй тэгээрэй гээд хэлэх туршлагатай хүн байсангүй. Би өөрийнхөөрөө уясан. Хажууд түшигтэй хүн байсан бол өөр л байх. Гэхдээ манай авгай хар багаасаа хурдны морь унаж байсан. Манай хадам өвгөн аймгийн Алдарт уяач, хурдтай хүн байлаа. Биднийг тусдаа гарахад эхнэрийн инжинд нэг хээр гүү өгсөн юм. Тэр хээр гүү, миний халзан хээр азарга хоёрын тохироо сайхан таарсан даа. Тэр хоёрын дундаас гарсан эр болгон хурдан байсан. Хоёр жил эр төл гараад, дараагийн хоёр жил охин унага гараад л яваад байлаа. Тэр удам өнөө хүртэл надад бий. Манай Шижир Алдарт Хэнтий аймгийн 85 жилийн ойд соёолон морь түрүүлгэсэн. Мөн л тэр удмын адууны улаан хээр гүү байсан. Тэр  удмаас түрүүлж байгаа. Морь уяснаасаа хойш жилдээ айраг, түрүү тасрахгүй л өдий хүрлээ дээ. Халзан азарганы удам, хээр гүүний удам дээрээ нэмээд ганц нэг азарга дотроосоо тавьсан. Манай адууны удам сударт янз бүрийн адуу орон гаран л байна.
-Гадна аймгаас адуу авсан уу?
-Сүхбаатар аймгаас ганц нэг охин адуу авч байсан. Азарга сайтай хүн гүү авна. Гүү сайтай хүн гаднаас азарга авна. Тэр чинь тухайн уяачийн адууны онцлогоос хамаардаг байхгүй юу. Манайх азарга сайтай тул гаднаас сайн охин төл авах дуртай. Өөрийн нутагт сайн давхиж байгаа адууны эр төлөнд хүмүүс харам байна. Охин төлийг бол өгчихдөг. Тэгээд л би охин адуу цуглуулдаг даа. Норовлингийнхон намайг дандаа унаган адуугаараа нааддаг гэдэг.
-Хүнд адуу өгөх үү. Хэр гар сайтай хүн бэ, та?
-Би өөрөө ч хүнээс адуу авдаг, хүнд ч адуу өгдөг. Миний өгсөн адуу гадна дотногүй хурдалдаг. Их өгөөжтэй гардаг гэж боддог шүү. Манай суманд адуунаас маань аваагүй айл тун цөөхөн дөө. Ер нь нэг сайн азарга, нэг сайн гүүний удмууд салбарлаад л явчихдаг.
-Голдуу ямар зүстэй төл гардаг вэ. Гүүнээсээ шалтгаална биз?
-Хүрэн, хүрэн халзан, хээр гардаг. Мэдээж бас гүүнээс нь шалтгаална л даа. Хамгийн гол нь охин адуу ч бай, эр адуу ч бай, өөрийнхөө адууны хэв загварыг эвдэхээргүй байх хэрэгтэй. Тэр адууны хийц загварыг эвдмээргүй гэсэн үг. 
-Танай адууны хийц загвар ямархуу төрхтэй вэ?
-Манай адууны хийц загвар их цэвэрхэн, нутгийн олон уран хийцтэй гэж ярьдаг юм. Чих толгой цэвэрхэн, нарийхан, уртлаг. Уяхад тосон өнгөтэй тийм гоё цэвэрхэн адуунуудтай. Тиймээс гаднаас охин юм авахдаа тэр талаа барина. Энэ миний адуунд ороход өөр юм гаргахгүй, энэнд нь тавибал иймэрхүү адуу гарна гэж тооцоолно шүү дээ.
-Тэгээд бас угшлаа харна биз дээ. Хүний удам, адууны угшил гэдэг дээ.
-Угшил бол яах аргагүй харах гол юм шүү дээ. Эр ч бай, охин ч бай, сайн цус орсныг нь л харна. Тийм адуунуудын дундаас муу юм гарахгүй. Угшил хөөхдөө бас тохироог нь онцгойлон анхаарах хэрэгтэй. Тохироо бол генийн асуудал.
-Цаг үеэ дагаад хурдан морины хөгжил ч өөр болж. Уяаны ажилд тэжээлийн үүрэг их боллоо. Та үүнийг дагадаг уу?
-Тэгнэ ээ. Адилхан л тэжээл өгч уяад өнөө хүртэл хурдлуулж байна. Буурлын буян хэдэн адуундаа 2007-2008 оноос тэжээл өгч эхэлсэн. Хүн бүр тэжээл сонирхох болж, би ч дагаад өгч эхэлсэн. Бусадтай адил түвшинд ажиллахгүй бол нийгмээс хоцрох гээд байна.
-2008 онд аймгийн Алдарт уяач цол авчээ. Улсын цолонд хүрэхсэн гэх бодол байна биз. Ийшээ тийшээ гарч наадаж байна уу?
-Нэг хэсэг цаг үеийн ажилд баригдаад улсын алдарт болъё гэж зүтгэж байгаагүй. Гэхдээ би гарч уралдаж үзсэн. Хэнтий аймгийнхаа 85 жилийн ойн баяр наадамд очиж гурван адуу айрагдуулсан. Хоёр шүдлэн гурав, дөрөвт оруулаад, нэг даага дөрөвт хурдалсан. Анхны жил аймагтаа очиж байгаа нь тэр. Тэр ондоо өнөөх хоёр үрээтэйгээ Алтан-Овоонд очиж наадсан. Алтан-Овооны их тахилгад 500 соёолон гарснаас миний соёолон 25-д давхисан. Аймагт 300 гаруй шүдлэнгээс хүрэн шүдлэнгээ 17-д, бас 300 гаруй хязаалангаас 32-т оруулсан. Дараа жил нь Дорнод аймгийн Адуун чулууны баярт хүрэн соёолонгоо түрүүлгэн, Дадалын ойд тавласан ч орон нутгийнхан нь гадныхыг хасна гээд, хасагдаж зургаалсан. Аймгийн бүсийн уралдаанд тэр хүрэн соёолонгоо бас 17-д орууллаа. 2010 оны өвөл Дүнжингаравт явж хоёр их насны мориныхоо нэгийг 450-аас 32-т, нөгөөг 40 гаргаж давхиулаад, 50-иар барьж байсан.
-Улсад хэзээ наадсан бэ?
-Ардын хувьсгалын 90 жилийн ойгоор улсад очиж наадсан. Аймагтаа бид морио сунгаад, аймгийн шигшмэлд хул соёолонгоо гуравт айрагдуулаад, улсад 20-д орсон. 2011 оноос хойш явсангүй ээ. Том, том наадмуудад бид явахгүй байгаа нь дутагдал. Явдаггүй болохоор том наадамд сурцгүй хүүхэд морио олон дундаас гаргаж чаддаггүй. Морио аль хавьд явж байгаагаа мэдэхгүй. Юу болж байгааг ч баримжаалахгүй бэрхшээлтэйг нь анзаарсан. Тэр жил Дүнжингаравт очиход 2010 оны өвөл мундаг цастай байсан. Улсын наадамд уралдаад сурчихсан хүүхдүүд шал өөр юм билээ. Тэгэхээр унаачийг сургана гэдэг зөв асуудал. Явж уралдах нь зөв юм билээ. Гэтэл бидний ажил төрөл бас л асуудалтай. Хэдэн мал хараад өгөөч цалин хөлсийг нь өгье гэхэд найдвартай хүн олдохгүй байна. Амьдралын маань эх үүсвэрийг найдвартай харахгүй, чоно нохойнд идүүлчихвэл хайран.
-Та ч чамгүй сайхан нааджээ. Тэр олон дундаас сэтгэлд хоногшсон мартагддаггүй наадмын дурсамжаасаа яриач?
-Ардын хувьсгалын 90 жилийн наадмыг л ярина даа. 550-иад соёолон мордсоноос өөрийн адуугаа 20-д оруулсан. Улсын наадмын том довд морь  20 битгий хэл, 40, 50-д ч давхисан  сайхан. Гэр бүлээрээ төрийнхөө наадамд, түмэн олныхоо дунд сумаа төлөөлөн сайхан наадсан шүү. Хүүхэд маань их мундаг хүү байсан. Цагаан-Овоо сумынх, хоёр гурван жил надад морь унаж өгсөн. Одоо моринд томдчихсон 17-18-тай залуу давхиж яваа.
-Танайхнаас өөр морь мал уяж сойдог хүн байна уу?
-Манай аавын талаас уяач байхгүй. Би айлын хоёр дахь хүү. Өөрөө зургаан хүүтэй. Нэг хүүгээ авгайнхаа төрсөн эгчид өргүүлсэн. Тэр хүү маань их сайн морь уяж байгаа. Мөн отгон хүү минь сайн уяж байна. Өнөө жил сумын Алдарт уяач болсон. Зургаан хүүгээс гурав нь морь уяж байна даа.
-Ярилцсанд баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна