Аймгийн Алдарт уяач Д.Батсүх: Морио уяад бүтэн сар нойргүй явах нь ч бий

А.Тэлмэн
2017 оны 5-р сарын 11 -нд

Увс аймгийн Малчин сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дорлигийн Батсүхтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
- Малчин сумын МСУХ-г үүсгэн байгуулагч, анхны тэргүүнтэй уулзсан болохоор холбоо хэрхэн байгуулагдсан талаар ярилцах нь зүйтэй байх.
- Анх адууныхаа үүлдэр угсааг сайжруулж, чанаржуулъя гэдэг үүднээс уяачдын холбоо байгуулахыг санаачлан 2004 оны зургаадугаар сарын 03-нд хэсэг уяачтай хамтарч сумын МСУХ-г байгуулсан. Холбоо 15 хүний бүрэлдэхүүнтэй, 10 тэргүүлэгчтэй байгуулагдан, миний бие тэргүүнээр сонгогдсон. Тухайн үед 15 мянган төгрөг нийлүүлж  санхүүжилтээ босгож байлаа шүү дээ. Ах нь малын эмч, морь шүдэлдэг, мөн төрийн албан хаагч болохоор ажил алба давхцаад больё гээд дээрээс ч санал дэвшүүлэн залуу үедээ халаагаа шилжүүлсэн. Найман жил уяачдын холбоог удирдаж одоо тэргүүлэгч болсон. 
- Малчин сум хичнээн хүн амтай, тэднээс хичнээн нь морь уядаг юм бэ?
- Манай сум 2014 оны эцсийн байдлаар 138.216 толгой мал, 3110 хүн амтай байснаас зуу гаруй хүн морь уяж байгаа. Уяачдын холбооноос салбарлаад “Тэнгэр”, “Тэнгэрийн хүлэг” гэх хоёр гал байгуулагдаад байна.
- Холбооны тэргүүний анхны ажил юу байв. Ер нь ажилласан найман жилийн хугацаанд ямар, ямар томоохон ажил хийж хэрэгжүүлсэн бэ?
- Тэр үед манай сумын морь бүс, сумын уралдаанд амжилт муу байсан. Тиймээс Тэс, Хөвсгөлийн адууг ашиглан адууныхаа чанарыг сайжруулахаар ажилласан. 1990 оны нэгдлийн 40 жилийн ойгоор ганцхан дааганы түрүүг авч, бусдыг нь гадны морьдод алдаж байлаа. Өмнө нь Тэс сумынхан манай наадмыг ирээд авчихдаг байсан бол сүүлийн таван жил бүх малын 50 хувь, адууны чанар сайжирсан. Ноднин жил гэхэд сумын баяр наадмаар нэг ч түрүү алдаагүй энэ нь “За Малчинд дахиж ирэлтгүй юм байна, түрүү авах тухай ойлголт байхгүй” л гэсэн үг. Таван настай буюу халхын хэлдгээр хязаалан, соёолонгоосоо эхлээд гадны морьдод хурдаа алдахаа больсон.  Малын төрөлх чанар, тэвчээр, амьдрах чадвар, илт сайжирсан. Хурдны үндсэн сайжруулагч нь эцэг нь байх уу, эх нь байх уу гэхээсээ илүү сүүлийн үед Ер нь Зүүнговь, Тэсээс биш Хэнтий, Дорнод, Сүхбаатар чигт хурд ихтэй гээд байна. Гэхдээ орчин нөхцөлд нь тэнцэх үү, үгүй юу, амьдрах орчинг нь судалж байж л авчрах хэрэгтэй. Тэрнээс арван саяар морь худалдаж аваад ирдэг манай орчинд тэнцэхгүй, говийн дулаан газрын мал энд метр цасанд онд орох уу, үгүй юу гэдгээ судлахгүй бол дунд нь иргэд хохирч болох эрсдэлтэй.
- Чанартай адуутай болохын зэрэгцээ уяачдынхаа хөдөлмөрийг үнэлж алдаршуулах талаар ажилласан байлгүй?
- Сумын уяачдын холбоо байгуулагдаж байхад ганц Сүхбуян гээд аймгийн Алдарт уяач байсан бол өнөөдрийн байдлаар аймгийн Алдарт уяач 15, сумын Алдарт уяач 30 орчим болж алдар цолонд хүрцгээсэн байна.
- Мэргэжлийн хүний хувьд Тэс адууны одоогийн байдлыг юу гэж хардаг вэ?
- Манай адуунд бэлэн төрсөн голомт байхгүй, энд ганцхан бэлчээрийн онцлог, бор өвсний хурд л бий. Нэмэгдэл гэвэл овъёос л өвөлд нь өгнө, тэглээ гээд санаан зоргоор идэхгүй. Тариа энэ тэр хийхгүй, бэлчээрт гүйж байхад  нь барьж аваад өвсийг нь тааруулаад л уралдуулна. Гэхдээ манай адууны бие давжаарч байна. 10 сард цас орж, таван сард цас хайлдаг, долоон сар нь цастай байдаг эрс тэс уур амьсгалтай холбоотой. Ийм орчинд амьдарч байгаа мал чинь амьдрах чадвар нь сайн боловч бие нь төлждөггүй. Тиймээс л үржил селекци хийн цусыг нь холтгох хэрэгтэй байгаа юм.  
- Нэгэн үе Тэс адуу, Тэсийн голын унага гэж их яригддаг байсан. Сүүлийн үед Сүхбаатар адуу л дийлж хурдалж байна. Энэ талаарх таны бодол?
- Би цусны селекци сайжирсан гэж харж байгаа. Нэг нь давамгайлах биш, нийт уралдаж байгаа нь цус нь холдсон учраас Тэс нь ч, Хэнтийн Галшар нь ч адилхан болчихож байгаа юм. Ер нь аливаа морийг уяхад зөвхөн сэтгэлээр уяж болохгүй, морьтойгоо харьцаж л байвал давхина. Сүхбаатарын морь зургаан туурайтай, Малчины морь хоёр туурайтай биш. Малыг зөв л эдэлж,  цусыг нь холдуулах хэрэгтэй. Адууг гурав, дөрвөн үе цусыг нь холдуулбал ямар ч байсан юм гарна. Хурдан байхаа больё гэхэд өдрийн уналга даах чадвартай болж бие нь төлжинө, мах нь элбэгшинэ, өнгө зүс нь сайжирна.
-  Та холбоог байгуулахдаа адууны үүлдэр угсааг сайжруулах, чанаржуулах тал дээр анхаарч ажилласан гэсэн. Малчин сумын адуу аймаг дотроо аль, аль сумын, гаднаас гэвэл хаанахын адуутай сэлбэвэл илүүтэй тохирдог юм бэ?
- Манай аймгийн зүүн талын найман сум эрс тэс уур амьсгалтай, харин баруун талын сумд харьцангуй уур амьсгал нь зөөлөн, баядын найман сум гэдэг юм. Энэ сумдын адуутай үржил селекцийн хувьд, бэлчээрийнхээ хувьд, байгалийнхаа хувьд зохицдог ч байгалийнхаа тэвчээрийн хувьд харьцангуй өөр. Манайх Тэс, Зүүнговь, Хэнтий, Сүхбаатарын адуунуудтай туршсан. Гэхдээ хоёр, гурав дахь үеэсээ сайжирдаг. Жишээлбэл, эхний жил нэмэлт гүү авчраад төллүүллээ гэхэд тэр нь давжаа гардаг ч юм уу. Дараа дараагийн үед орчиндоо зохицоод төл нь сайжирч харьцангуй үр дүн гардаг.
- Ер нь нутгийн ямар, ямар хурдан буянгууд үе дамжин яригддаг юм. Сүүлийн үед хурдалж байгаа ямар адуунууд байна вэ?
- Манай нутаг хурдны удамтай нутаг л даа, тиймээс яг үндсэн сайжруулагч бол нутгийнх байсан. 1930 хэдэн оны үеийн алдартай хурдууд гэвэл Билэгдэмбэрэлийн хул, Хү.Баатарын Онгоц цагаан гээд хүүхэд байхын мэддэг, унадаг байсан буянгууд байна. Эдгээр уяачид энэ хавиараа л уралддаг байсан. Мөн Цээсүрэнгийн хээр гээд сумандаа 10 удаа түрүүлсэн морийг сумын 30 жилийн ойгоор дархалж байсан. Хөшөө бүхий цэцэрлэгт хүрээлэнг нь байгуулах гэж байна. Манай сум өнөө жил сум байгуулагдсаны 90 жилийн ойгоо хийх бэлтгэл ажилд орчихсон байна. 
- Та аймгийн Алдарт цолыг ямар амжилтаар хүртсэн бэ?
- Би аймаг, сумын хэмжээнд 10 түрүү, 10 хэдэн айрагтай хүн. 2006 онд аймгийн Алдарт уяач болсон. Хамгийн сүүлд халиун азарга байлаа. Сумандаа таван түрүү, найман айрагтай. Угшил нь холхон, цусыг нь холтгон өөрөө туршиж үзсэн юм. Тэрний төлүүд байна. Гэхдээ манай энд нэг хэцүү нь морь сайн давхидаг, халхууд шиг өдөржин хашааны гадна байдаггүй. Тавиа л бол 30-40 км алга болчихно. Би айраг түрүү хүртэн намайг баярлуулж байсан 12 морио хулгайд алдсан. 
- Халиун азарга угшил нь холхон гэсэн. Ямар угшилтай адуу вэ?
- Эцэг нь Тэс угшилтай, эх нь миний өөрийн хээр гүү. Баруунтурууны ойд орчихоод наашаа явж байхдаа айрагдсан таван морио алдчихсан.
- Хурдан хурцаа хулгайд өгчихөөр ямар сайн байх вэ дээ?
- Ер нь хэцүү, тэглээ гээд өөрийнхөө хариуцлагагүйнх болохоор хэнийг буруутгах билээ. Халиун азарганы угшил Дөрвөд талдаа харьцангуй илүү. Манай нэгдүгээр багийн хойд тал Наранбулагтай залгаа, дөрөвдүгээр баг Хяргастай залгаа, харьцангуй хурд өөр шүү. “Баян хайрхан” гээд гуравдугаар баг хуучин хурдтай байсан. Сүүлийн үед хүмүүс нь морь сонирхохдоо тааруу болж. Бид чинь моринд сарын ажил хийдэг шөнөжин нойргүй хонож хооллодог байлаа. Одоогийн залуучууд өглөө барьж уяад тавихыг уяаны ажил гээд байгаа юм.Тэгж морь уядаггүй л юм, морь уяхдаа уяач хүн зэлэн дээрээ сайн хөдөлмөр хийх ёстой хөлс авч, хоол ундыг нь тохируулж, хүнтэй харьцаж байж уяач болдог.
- Өөр ямар хурдан адуунууд байна?
- Миний хээр азарга сумандаа дөрөв түрүүлчихсэн. Одоо 14-тэй азарга ойдоо уралдуулаад дархлан төлийг нь авъя гэж байгаа юм. Төлийг нь аваад хүмүүст төлөөс нь өгье гэж бодож байгаа.  2005 онд Шар бүрдийн даншиг будилаад 107 азарга явснаас 10 нь үлдэн 97 нь ирсэн юм. Тэнд халиун азарга 17-гоор ирээд хасагдсан. Бидэнд гадагшаа явдаг боломж байхгүй болохоор энд тэнд уралдаж чадахгүй юм. Наранбулагийн Балжинням Аваргын алдрын наадамд айргийн таваар давхисан. 
- Ингэхэд морь уях эрдэмд шамдах болсон нь хэнээс эхтэй вэ?
- Манай аав Дорлиг Малчин нэгдэлийн анхны адуучин хар Цэвээн гэж хүний хажууд адуучин болж 30 гаруй жил нэгдлийн адуу малласан. Аав маань адуугаа маллаж байгаад эрт өнгөрч,  дүү нь манай адууны угшлыг авч явсан. Одоо Төв аймгийн Баянчандмань суманд 73-тай хөгшин бий, Малчин сумандаа насаараа морь уясан. Баатарын Онгоц цагаан гээд Малчинд нэртэй морийг нь би зургаан настай унаж 30км уралдаж л явлаа. Тэр үед эмээл хазаар гэж байхгүй, зайдан унана. Ингэж моринд хорхойсох болсон. Одоо намайг залгамжлаад манай хоёр хүүхэд морь уяж байна. Бидний үед уяачид сунгаа, үсэргээн хийн хоорондоо ярилцдаг, бие биедээ зааж зөвлөдөг байлаа.Одоо чинь уяачид хувь хувьдаа бодолтой болчихож. Морио давхиулчихаад л сайн, муу алийг нь ч мэдэхгүй алга болчихдог болж.
- Авга ах тань Төв аймаг руу яагаад шилжчихсэн юм бэ?
- Хүүхдүүд нь Төв аймаг руу яваад, Баянчандманьдаа морь уяж л байна. Ахад уяач хүнд байх ёстой олон чанар бий. Их гярхай “Чи урьд шөнө морио хоолтой хонуулсан уу, хоол дутуу хонуулсан уу” гэж ирээд “Шөнө 12 цагт барьж уях ёстой байсан чинь барьж уяагүй байна, унтсан байна” гээд л яг хэлнэ. Би ч гурав дахь үеийн уяач, хүүхдүүд дөрөв дэх болж байгаа юм.
- Танай сум тогтмол уралдаантай биз дээ?
- Манайх жил болгон уяачдын холбооны баяраа хийнэ. Өвөлжилтөөсөө хамаараад малын тэвээрэг, тарга гайгүй бол баярын урд сунгаа маягаар хийдэг ч юм уу. Ер нь өвлийн уралдаан байхгүй, гадагшаа дотогшоо явах нэг нь явна. Харин сүүлийн үед ургийн баяр гэж хийдэг болж дээ. Манай уяачдын холбооны Батхүү гэж сүүлийн үед сайн уяж байгаа хүүхэд бий. Одоо ч өмнөхөө бодвол гал уяа гээд зохион байгуулалтанд орж бүгд ярилцан шийдвэр гарган, галууд хоорондоо өрсөлдөн уяа улам л чанаржиж байна шүү дээ.
- Ярилцсанд баярлалаа. Уяа эвлэг морь хурдан байг.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна