«Хантайширын хурд» МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяач Н.Чилхаасүрэн: 76 удаа нутаг усныхаа нэрийг дуурсгасан хүрэн мориныхоо оролцсон наадам бүрийг бахдалтай гэж боддог

А.Тэлмэн
2017 оны 8-р сарын 31 -нд

Говь-Алтай аймгийн Тайшир сумын уугуул, «Хантайширын хурд» МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяач Н.Чилхаасүрэнтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.

-Тайшир сумын уяачдын холбоо хэдэн онд байгуулагдсан юм бэ? Холбооныхоо үүх, түүхээс ярьж өгөөч. Хүмүүсийн яриагаар бол хамгийн отгон холбоо танайх юм шиг байна.
- Манай холбоо сумынхаа 90 жилийн ойн баярыг тэмдэглэхийн өмнөхөн буюу 2013 оны гуравдугаар сард нутгийн уяач залуусын санаачлагаар үүсгэн байгуулсан түүхтэй. Бүх багийн 40 гаруй уяачаасаа гадна Тайшир сумыг хариуцсан МСУХ-ны хоёр тэргүүлэгчтэйгээ нийлээд 50 орчим хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж Хантайшир уяачдын холбоог үүсгэн байгуулсан юм.
-ММСУХ байгуулагдсанаас бараг 20 жилийн дараа танай сум уяачдын холбоогоо байгуулсан байх юм. Хожуу юмаа?
- Хамгийн гол нь газар нутгийн байршил байна. Ер нь манай аймгийн хэмжээнд сумдын уяачдын холбоо хоёр жилийн дотор л байгуулагдсан. Сумын уяачдын холбоо аймгийн МСУХ-той хорших зорилгоор 2010-2013 онд идэвхижсэн. Өмнө нь Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын хоёр гишүүн “Уяачид та бүхэн жалгаар нэг морио уяж байхаар гал уяа болоод яв. Та бүгдийн адууны үүлдэр угсааг сайжруулахад бид тус нэмэр болъё” гэсэн юм. Хоёр гишүүний санаачлагаар хийгдсэн ажлын хүрээнд бид адууныхаа цусыг сайжруулж чадсан.
-Холбооныхоо бүтцийг танилцуулаач?
-Тэргүүн нь би. Нарийн бичгийн даргаар аймгийн Алдарт уяач Ж.Отгонбаатар гэж залуу ажилладаг. Тайшир сумын уяач, малчин, бизнесмэн нийлсэн 13 тэргүүлэгчтэй. Бидний гол зорилго бол сумаасаа төрсөн Алдарт уяач, сайн морьд, залуу уяач, унаач хүүхдүүдийнхээ алдар гавьяаг түмэн олонд таниулах юм. Холбоо үүсгэн байгуулагдсаныхаа намар “Хантайширын хурд” уралдааныг аймгийн хэмжээний болгож зохион байгуулсан. Холбоо байгуулагдаад хамгийн анх зохион байгуулсан уралдаан тэр юм. Уг наадамд гурван насны  морь уралдсан.   Тайшир сумынхаа наадмыг хийдэг Шар булагийн сайхан дэнж дээр тухайн уралдааныг зохион байгуулсан. Мөн уяачдын холбооныхоо шинэ жилийг жил бүр хийж шилдгийн шилдгүүдээ шалгаруулдаг. Тухайлбал, шилдэг хандивлагч, шилдэг зургаан насны морь, шилдэг уралдаанч хүүхэд, шилдэг уяач нараа тодруулдаг
-Дотоод дүрэм, журамтай болж гишүүдээсээ татвар авч эхэлсэн үү?
- Журам, тамга тэмдэг, логотой. Тэргүүлэгчид маань жилд нэг сая төгрөгийн татвар өгдөг. Төрийн бус байгууллага учраас үйл ажиллагаагаа өөрсдөөсөө санхүүжүүлдэг юм. Татварын мөнгөөрөө тухайн жилийн наадам, бүсийн уралдаанаа хийж сумынхаа шилдгүүдийг шалгаруулдаг. Мөн улс бүс, аймгийн уралдаануудад уяачдаа зохион байгуулалтад оруулж зардлыг нь  гаргадаг.  Бид уяачдаа нэгдсэн зохион байгуулалтанд оруулаад бүс, аймгийн чанартай уралдаанд оролцуулахыг зорьж ажиллаж байгаа.
-Гарааны төхөөрөмж, уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас тал дээр хэрхэн анхаарсан бэ?
- Бид анхныхаа уралдаанаар бүх асуудлыг шийдсэн. Өөрсдийнхөө хөрөнгөөр гарааны төхөөрөмжөө авчирсанаас гадна бүх унаач хүүхдэд хамгаалалтын хувцас хэрэглэлийг тарааж өгсөн. Геннисийн уралдаанд 20 гаруй уяач 17 морьтойгоо оролцсон. Бид  тэр том арга хэмжээнд нэгдмэл зохион байгуулалттай явсан л даа. Бидний морьд эхний 100 дотор л орж ирсэн. Бид холбоогоо байгуулаад сумын Алдарт уяач гэдэг цолыг олгодог болоод байгаа. Олон түрүүлсэн мориндоо цол хайрлах зүйл орхигдсон байсныг ахин сэргээж чадсан. -Хэдэн хүнд сумын Алдарт уяач цол олгосон бэ?
- Болзол хангасан ч цолоо аваагүй 13 уяачид олгосон. Түүнээс хойш гурван жилийн хугацаанд 10 уяачид цолыг нь олгоод байна. Мөн уяачдаа бүгдийг нь бүртгэлжүүлж, сумын морьдынхоо түүхийг аймгийн төв архиваас бүрэн гаргаж чадсан.
-Цаашид ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ? 
- Хамгийн эхэнд уяачдын өргөөтэй болох зорилготой байна. Тайшир сумын уяачид болон морьдын түүхэн баримтуудыг харуулсан үзмэр маягийн газар гэх үү дээ. Хүмүүс сонирхоод манай сумдын уяачид болон морьдын мэдээллийг аваад гардаг тийм өргөөтэй  болох зорилготой.
-Тайшир сумын хэмжээнд хурдан морины уяа сойлго тааруулдаг хичнээн хүн байна вэ? Тэдгээрээс улс, аймаг, сумын цолтой нь хэд байна?
- МУ-ын Алдарт уяач Бэгзийн Жамсран манай сумын хүн юм. Манай сум нийт 48 аймгийн Алдарт, сумын 23 Алдарт уяачтай. МУ-ын морь цоллооч дөрөв, морь сургалтаар МУ-ын спортын мастер болсон гурван хүнтэй. Сумын хэмжээнд гурван багийн 70 гаруй уяач бий.
-Адууны тоо, толгойгоороо аймагтаа хэдэд ордог вэ? Түмэн адууны баяр гэж хийж байсан болов уу?
- Хуримт баг 2006 онд Түмэн адууны баярыг зохион байгуулж байсан. Тухайн үед манай сум засаг, захиргааны таван багтай байсан болохоор адууныхаа тоо, толгойгоор тэргүүлдэг байлаа. Сүүлд хоёр багаа аймгийн төв рүү шилжүүлээд гурван багтай болсон. Өнгөрсөн жил 2000 орчим адуу тоолуулсан.
-Говь-Алтай аймаг үүсэн байгуулагдсан 70 жилийн түүхэнд хурдан морьдын уралдааны дийлэнх айраг, түрүүг Тайширын уяачид авсан гэж та хэлж байсан.  Тайширчууд нийт хэдэн түрүү, айргийг авсан бэ?
- 40 гаруй хувийг нь манай Тайшир сумын уяачид авсан. 2014 оныг хүртэл нийт 198 түрүү, 493 айраг хүртээд байна. Тайшир сумын уяачдын оргил үе 1930-1960 онд тохиож байлаа.
-Тухайн жилүүдэд танай уяачид ямар амжилттай наадаж байв. Хичнээн айраг, түрүүг авч байсан бол?
- Яг хэдэн айраг, түрүү авсныг би сайн мэдэхгүй юм. Говь-Алтайд анх 1971 онд азарга уралдсан байдаг юм. Тэгээд АХ-ын 60 жилийн ой хүртэл Тайшир сумын азарга аймгийн наадамд завсаргүй түрүүлсэн. 30 жилийн түүхийг авч үзвэл  20 гаруй морь түрүүлсэн байгаа юм. Аймгийн наадамд ингэж амжилттай уралдсан нь нутаг дэвсгэрийн онцлог буюу аймагтайгаа залгаа оршсонтой холбоотой байх. Гэхдээ Тайшир сум хурдтай байсан л даа.
-Тухайн үед аймгийн баяр наадамд давамгай амжилт үзүүлсэн уяачдаа нэрлээч?
- 1920, 1930 оны үед Загдсамбар гэж хүний хул хонгор адуу ноёлж байсан. Дараа нь Жамъянхиа гээч хүний хул хонгор адуу гарч ирсэн. Мөн Лосолын татанхай хээр ноёлж байсан юм гэдэг. 1960 оноос хойш Я.Монхорын хээр азарга ес, Д.Сандагийн хээр азарга тав, С.Дамдинсүрэнгийн хээр азарга мөн тав түрүүлсэн. Их насны морьд гэвэл Т.Аюуш, Дорж нарын бор морь байна. Энэ морь Аюушийн нэрээрээ гурав,  Доржийн нэрээрээ завсаргүй тав түрүүлсэн. Дараа нь Н.Жадамбын хээр морь тав,  Д.Бавуугийн хүрэн морь дөрөв түрүүлсэн байдаг юм. Нэгээс, хоёр түрүүлсэн маш олон алдартай хүлэг байгаа. Түүхийг харвал уяачид нь ч, морьд ч тэр удмаа дагаж амжилт гаргасан байдаг. Тухайлбал, С.Дашцэрэнгийн хул морьдын дараа Дашцэрэнгийн Төмөрбаатарын хул морьд дахин гарч ирсэн. Гэтэл өнөөдөр  Төмөрбаатарын Батсайханы халтар морь гэж унаган морь нь мөн амжилттай гарч ирж байна. Би өөрийнхөө тухай ярихад, миний хүрэн морь Чулууны Нямбуу гэж аавын минь унаган морины угшилтай. Тэгэхэд аавын халтар морь 1972 онд, аавын аавын морь 1964 онд, өвөөгийн аавын морь 1942 онд түрүүлж байсан.
-Тайшир сумын гурван үеийн уяачдыг нэрлэвэл?
-Далан багийн Самдангийн Дашцэрэнгийн үр удмууд байна. Дашцэрэнгийн хүү Төмөрбаатар, Төмөрбаатарын хүү Батсайхан гэж байгаа. Мөн Хуримт багийн Сундуйн Алтангэрэл гэж хүний ах дүүс элэг бүлээрээ мундаг сайн уяачид. Морьдынх нь угшлууд ч сумынхаа түүхэнд мөнхөрсөн. 1960 оноос өмнөхийг нэрлэвэл Жамъянхиа, Загдсамбар, М.Жадамба, М.Ямпил, С.Дамдинсүрэн, Дамдинсүрэнгийн Сандаг, Аюушийн Чулуун, Аюушийн Дорж гэж мундаг уяачид байсан. 1960-аад оноос хойш Чулууны Нямбуу, Түвдэнгийн Сампил, Дашцэрэнгийн Төмөрбаатар, Сундуйн Алтангэрэл, Жадамбаа, Бэгзийн Жамсран нарын уяачид байсан. 1970 оноос хойш Цогбаатарын Адъяасүрэн, Сампилын Гүррагчаа, Самбуугийн Сүхбаатар, Үржихийн Заяабаатар, Дуламын Отгонбаатар, Тогтохын Галсан, Батболд гээд ах дүүс байна. Мөн Хуримт багаас Ганзориг, Нямбуугийн Лхагвасүрэн гэж залуу гарч ирж байна. Бадарчийн Батдорж гэж аймгийн Алдарт уяач залуу бий. Ингээд л үе, үеэрээ гарч ирж байна даа.
-Танай сумын нэрийг гаргасан жороо морьдын талаар ярьвал?
- Жороо морь бол Тайшир сумын бас нэгэн түүх. Дээхнэ үед Ж.Норов гэж хүний толин сарт хээр гэж жил бүр түрүүлж дархлагдсан морь байсан. Х.Сандагдоржийн хул, хээр хоёр, Т.Сампилын хээр, бор хээр морьд аварга хүлгүүд байсан даа. Д.Сандагийн хул, Ч.Нямбуугийн шарман цавьдар гэж аймгийн баяр наадмын уран жороо морины шагналыг жил бүр авдаг байлаа. Мөн Далан багийн Д.Баатарын жороо цагаан, Лхагвын хүрэн алаг, Х.Баатарын хээр гээд олон морьдыг нэрлэж болно. Манай жороо морьд аймгийн баяр, наадмын түүхийн 70 хувийг эзэлдэг юм. Би түрүүлж ирсэн морьдыг л хэллээ. Айргуудаа тоолбол бүр их тоо гарч ирнэ. 
-Тэгвэл туулах чадвар сайтай, холч, уургач эсвэл монгол адууны гайхамшигт тэсвэр тэвчээрийг харуулсан домог болсон ямар морьд байдаг вэ?
- Олон хоногоор тэмээгээ хайхад унадаг морьдыг л хэлэх байх. Миний мэдэхээр аймгийн Алдарт уяач Б.Цогбаатар их сайхан том халтар морио тэмээнд унадаг байсан. Сумын наадамд болон бусад наадмаас айраг, түрүү авч байсан морь л доо. Б.Цогбаатар орох, орохгүй олон морийг уядаг байсан. Гэтэл тэр халтар морио яагаад уядаггүй байсан юм бүү мэд. Тэмээндээ л унаж байснаас өөрөөр тэр морины ид шидийг гаргаж байгаагүй. Тухайн үед хүмүүс хос морьтой тэмээнд явдаг байсан бол Цогоо гуай ганцхан халтар морио унаад явдаг байсан. Өөр хүмүүсийн аварга сайхан морьд байсан л даа. Гэхдээ хамгийн тод жишээ гэвэл энэ л байна.
-Та “Бид дөрвөн үеэрээ их морь түрүүлүүлсэн” гэж хэлсэн. Тэгэхээр та дөрөв дэх үеийн уяач байх нь. Хамгийн эхэлж морь түрүүлүүлсэн өвөг дээдсээсээ бидэнд ярьж өгөөч?
- Аюуш бол миний өвөөгийн аав юм. Энэ хүний хул морь 1922 онд анх түрүүлсэн. Дараа нь Аюушийн Чулуун гэж миний өвөөгийн бас нэг хул хонгор морь 1942 онд түрүүлсэн. Тэгээд 1972 онд буюу 30 жилийн дараа манай аавын халтар морь түрүүлж байсан. Үүний дараа 2000 оноос миний хүрэн морь гарч ирсэн. Тэр миний унаган морь. Дааган цагаасаа уягдаж нас нийлээд аймгийн наадамдаа долоон жил уралдахдаа дөрөв аман хүзүүдэж, хоёр айрагдсан. Тэгээд судлаад үзэхээр эдгээр морьд бүгд 18 настай түрүүлсэн байдаг. Миний морь идэрхэн насандаа том амжилтуудыг гаргасан. Би залуудаа олон алдаа гаргасан. Хэрэв өнөөдөр миний хүрэн морь байсан бол дөрөв аман хүзүүдэж, дөрөв түрүүлэх хэмжээнд байсан. Тухайн үед нэг муу өдөрлөг болсон ч аваачиж уралдуулдаг байлаа. Долоо, найм уралдуулаад аймгийн наадамд аваачдаг. Тэгээд л аман хүзүүдчихдэг. Хөөрхий амьтны хамаг бярийг дэмий зүйлд үрчихдэг байж. Тэр үед морь ачиж мэдэхгүй хөтлөөд явдаг. Завханы Отгон ч орно, Бигэр, Халиун ч орно. Хөөрхий амьтан наадмаар сэнсэрчихдэг байсан шиг байгаа юм. Нэг жил миний хүрэн морь дэндүү хурдан байлаа. Аав маань ирчихээд “Энэ жил миний хүүгийн хүрэн морь түрүүлнэ дээ. Сайн байна” гэсэн. Тэгээд сунгаанд явуулсан чинь санаанд хүрдэггүй.  Ааваас асуусан чинь “Маргааш хөлсөлчих” гэдэг юм байна. Тэгээд маргааш нь үүрээр хүрэн морио хөлсөлчихлөө. Яг хөлсөлчихөөд сууж байтал аав яарч, сандарч ирээд “Сая цаг агаарын мэдээ сонслоо. Тэгсэн наадмын өдөр бороо орох юм  байна. За турив нь өнгөрчихөж чи арай л их явчихсан байна. Чи түрүүгээ алдчихлаа” гэж байсан. Би бороо орох нь  моринд ямар хамаа байдаг юм гэж бодож байв. Далхсүрэн гэж Хөхморьт сумын мундаг уяач байдаг. Аав тэр хүний бор морийг түрүүлэх юм байна гэж хэлсэн. Тэгээд наадмын өдөр их насны морь уралдахаар гарахад бороо асгарсан. Тэгээд хүрэн морь маань Далхсүрэн гуайн бор морийг гурав залгаад алдаж байсан. Ингээд аавын хэлснээр Далхсүрэнгийн бор морь түрүүлж миний хүрэн аман хүзүүдэж байлаа. Тэгэхэд би цаг ууртайгаа уялдуулж морийг уядаг гэдгийг ойлгосон. Тэр үйл явдал болтол би морио аман хүзүүдээд байдгийг мэддэггүй л байсан. Тэр хол олон газраар хөтлөөд л яваад байдаг  байсан байгаа юм. Харин өөр морьдыг судлаад үзэхээр зөвхөн аймгийн баярт зориулж уяж байсан байгаа юм. Түүнээс хойш би олон газраар явж болдоггүйг ухаарсан. Ингээд зөв аргаар морио уяад эхлэхээр миний морьд зорьсон газар болгондоо амжилт үзүүлж эхэлсэн.
-Уяач хүн наадмаас наадмын хооронд суралцдаг, морь уях бол насаараа суралцдаг ажил юм гэдэг.
-Ухаантай нь ухаараад буцна.  Ахиад түрүүлэх юм чинь гэж бодоод цаашаа яваад байсан нь миний залуу насны алдаа байсан байгаа юм.
-Аав тань хэлдэггүй байсан юмуу?
- Аав хэлдэг байсан. Гэвч нутаг хол суурьшдаг мөн би морио уяад, аав малаа дагаад явчихдаг байсан юм. 
-Та аавынхаа тухай ярьж өгөөч?
- Миний аав 1942 онд Чулууны ууган хүү болж Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг бага Хулстай гэж газарт төрсөн. Айлын том хүү. Өөрөө А үсэг ч заалгаагүй. Харин дүү нар нь бүгд сургууль соёлоор явчихсан. Аав минь бичиг үсэг заалгаагүй ч бие дааж сураад ном, сонин уншиж, бичиг биччихдэг болсон гэдэг. 16 настайдаа Тайширын нэгдлээс адуу хариулахаар авч байсан. Нэгдлийн адууг 20 жил малласан даа. Тэгсэн хэрнээ Тайширын Сүхбаатарын зам нэгдэлд Засгийн газрын жуух бичгээр шагнуултлаа явсан байгаа юм. Дараагийн 20 жил нь нэгдэл тартал хонь хариулсан. Аймгийн сайн малчнаар дөрвөн удаа тодорсон. Аймгийн хошой Аварга малчин болж байсан. Мөн 2011 онд МУ-ын сайн малчин, МУ-ын зөвлөх малчин гэсэн хоёр цолыг нэг өдөр гардаж байсан юм. 2004 онд Тайшир сумынхаа 80 жилийн ойгоор аймгийн Аварга уяач болсон. Нэгдлийн адууг хариулахдаа өөрийнхөө адууг ч уяж байсан.
-Аавын тань нэрийг гаргасан ямар хурдан хүлгүүд байна вэ?
- Халтар морь нь зартай сайхан морь байсан. Одоо зургийг нь харахаар шинэ монгол адуу буюу эрлийз адуу шиг байгаа юм. Их сайхан давхисан. Хул, хонгор голдуу адуутай байсан.
-Халтар морь нь хэд түрүүлж, айрагдсан бэ?
- Халтар морь нь нэг түрүүлж, тав айрагдсан. Аав халтар морио түрүүлсэн жил их баярлаж байсан гэж ярьдаг. Тэр тухайгаа “Аав минь амьд байхад халтар морь түрүүлэхгүй яав даа гэж гомдож байсан” гэж ярьж байсан.
-Та аавыгаа ямар хэмжээний уяач байсан гэж дүгнэдэг вэ? Аавыгаа уяачийнх нь хувьд үнэлсэн тийм дурсамжаасаа хуваалцаач?
- Хүнээс юмаа харамладаггүй өглөгч зан нь манай ааваас авах ганц сайхан чанар нь юм.  Хүнд тус болохыг их хүсдэг. Ямар сайндаа хурдан шарга даагаа аймгийн баяр наадамд аман хүзүүдүүлчихээд ирсний маргааш найзынхаа хүүхдэд бэлэглэчихэж байхав дээ. Би хүүхэд  байсан болохоор уйлаад л үлдэж байсан. Цоллуулах гэтэл бэлгэнд өгсөн хүн нь аваад явчихсан. Тэр үед аман хүзүүдсэн даагыг шагнаж гитар, чемодан өгдөг байсан. Би даагаа цоллуулж гитар авах гээд байдаг. Гэтэл хүн нь аваад явчихсан. Манай аавын халтар морь түрүүлэхэд нугастай толь өгсөн. Харин өвөөгийн морь түрүүлэхэд  хөнгөн цагаан сав өгдөг байсан. Одоо тэр сав нь манайд байдаг юм.
-Та эцэг эхээс хэдүүлээ гэлээ?
- Би наймуулаа.
-Хурдан морийг олон жил унасан уу?
- Би их том биетэй хүүхэд байсан болохоор таван жил л унасан. Алдаг, оног айраг, түрүү авч байсан. Анх аавынхаа бор морийг унаж айргийн тавд хурдлуулж байсан. Дараа жил нь шарга даагаа унаж аман хүзүүдүүлж байлаа. Аавынхаа ганц, хоёр найзын морьдыг ч унаж байсан.
-Морь уяхын тухайд хэдийнээс эхэлсэн бэ?
- Үндсэндээ 1992 оноос л эхэлсэн дээ. Арван найман настай л морь уяж эхэлж байлаа. Түүнээс хойш завсаргүй морь уяж байна. Төрийн наадмаас айраг, түрүү алдаж үзээгүй дээ. Миний гаргасан том амжилт бол нэг морийг 19 жил уяж, 76 айраг, түрүү авахуулсан. Би нийт 30 гаруй морь уясан. Том, жижиг наадмаас нийт 230 гаруй айраг, түрүүтэй.
-Хүрэн морь тань яг энэ нутгийн унаган адуу юу?
- Миний өвөг эцгийн хул хонгоруудын удам. 1996 онд даагандаа уягдаж байсан. Даагандаа түрүүлж яваад замаасаа гараад зургаалчихсан юм. Тэгээд шүдлэндээ түрүүлсэн. Хавчиг хүртлээ сумандаа уралдаж байгаад томоохон  наадмуудад уягдаж эхэлсэн. Аавын нэр дээр олон жил цоллуулсан морь.
-Яг хэдэн онд таны нэр дээр ирэв?
- Би 2007 онд айл болсон. Тэгээд л миний нэрээр явна шүү дээ.
-Таны хүрэн морины оролцсон хамгийн чансаа өндөр уралдааныг нэрлэвэл?
- Миний нагац Мунаннамсрай гэж ерөөлч, магтаалч хүний 70 насны ойн баяр наадам болсон. Тэр наадамд гурван аймгийн 100 гаруй морьд уралдсан. Тэгэхэд түрүүлсэн зургаан насны морьдыг мотоциклиор байлсан юм. Би нагац ахынхаа наадамд хүрэн морио түрүүлүүлэхэд их баярлаж байлаа. 100 гаруй морины дунд явж байснаа барианд орохын үед гэнэт л дайраад түрүүлсэн. Тэр богино зайнд хурдан гэдгээ баталсан даа. Үнэхээр гайхамшигтай. Манай ах, дүү нар уралдааны бичлэгийг ахин, дахин ухрааж үзээд яг тэр тэсэрч орж байгааг харах дуртай. Би 76 удаа нутаг ус, аав ээжийнхээ нэрийг гаргасан хүрэн мориныхоо оролцсон наадам бүрийг бахдалтай гэж боддог.
-Та засгийн газрын тогтоолт наадмаас хичнээн айраг, түрүү хүртээд байгаа вэ?
- Хүрэн морь маань гурван удаа айрагдсан. Халзан азарга маань хязааландаа еслөж байсан. Мөн халзан азарга шүдлэндээ Завхан аймгийн 90 жилийн ой баруун бүсийн даншиг наадамд айргийн тавд хурдалж байсан. Соёолондоо Увсын даншигт морь будилж эхний гарсан морьдоос дөрөвт давхиж байсан. Энэ жилийн баруун бүсийн наадамд айргийн гурваар давхисан.
-Халзан азарга хаанахын азарга вэ?
- Халзан азарга Хэнтийн Баянхутагийн Шаргаа гэж хүний унаган адуу. Дээд угшил нь Уртын Гонгорын унаган цэвэр донир адуу.
-Халзан азарга тань аймаг орон нутгийн чанартай наадмуудад хэд айрагдаж түрүүлсэн юм бэ?
- Би дааганд нь авчирж байсан юм. Уг нь бүл ахдаа авчирч өсгөн ч голоод аваагүй. Ер олон хүн голоод аваагүй ээ. Гэтэл надад төрийн зарлигтай наадмаас хоёр айраг авч өгсөн. Хязааландаа аймгийн наадамд хол түрүүлсэн бол соёолондоо аман хүзүүдсэн. Мөн Алтайн шигшмэл хурд уралдаанд хол сайхан түрүүлсэн. Ер нь олон наадамд түрүүлж айрагдсан даа. Өнгөрсөн хавар аймгийн урд сумдын бүсийн уралдаан Дэлгэрэхэд болоход түрүүлсэн. Аймаг бүсийн 30 гаруй айраг түрүүтэй. Ховд аймгийн наад сумдын ойд бүгдэд нь айрагдаж, түрүүлсэн дээ.
-Өөр таны магнайг тэнийлгэсэн ямар хурдан хүлгүүд байна?
-Дорноговийн Дэлгэрэхийн МУ-ын Манлай уяач Дамба гэж хүнээс дамжиж ирсэн хүрэн буурал морь минь Геннисийн уралдаанд эхний зургаан морьтой эн зэрэгцэж байсан. Наадамчин олон руу орж ирэнгүүтээ 43-аар баригдсан. Тэр олон мянган морьдтой уралдсан гэхэд маш сайн байгаа юм. Тэр мориороо их сайхан наадсан. Өөр олон морьд бий.
-Зүүн зүг рүү өөрөө яваад адуу авчирдаг юмуу?
- Би сүүлийн 10 гаруй жил явсан. Энэ хугацаанд 200- 300 адуу ирсэн байхаа. Ирсэн болгон нь сайн давхисан түүхтэй шүү бас.
-Ааваасаа магтаал их сонсож байв уу?
- Аав маань “Чи тэгж байна” гэж зэмлэнэ үү гэхээс биш магтаад байдаггүй юм.
-Бүсийн наадамд морио айрагдуулахад аав тань юу гэж байв?
- Энэ сайхан морьдоо тогтоож уяж байгаад л баяр хүргэдэг юм. Уяач хүн мориныхоо амжилтыг тогтоох нь л их чухал.
- Хүрэн мориныхоо зодог тайлах ёслолыг хийсэн үү?
- Түүнийг би ганцаараа шийдэхээргүй болсон. Миний ах дүү, үр хүүхдүүд хүрэн мориныхоо зодгийг тайлж том баяр хийнэ ээ гэсэн. 2015 онд Говь-Алтай аймгийн МСУХ-ноос оны шилдгүүдээ шалгаруулсан. Тэр үеэр ММСУХ-ны 20 жилийн ойг тохиолдуулаад орчин цагийн өндөр дээд амжилт тогтоосон гэсэн бахархлыг хүрэн моринд маань хадгалуулсан. Би энэ олон сайхан хүлэг морьдын буянаар аймгийн шилдэг уяачаар хоёр удаа тодорсон. 
-Хамгийн сайхан наадмынхаа дурсамжаас хуваалцаач?
- Анх бие дааж морь уясан жил буюу 1998 онд сумынхаа наадамд 16 морьтой очиж 14 айраг авчихаад зогсож байсан минь хамгийн сайхан. Хоёр нь зургаалж байсан. 30 айрагны бараг талыг нь авсан. Их насны түрүү, аман хүзүү, азарганы түрүү, аман хүзүү, соёолонгийн аман хүзүү, айргийн гурав, хязаалангийн түрүү, шүдлэнгийн түрүү, дааганы айргийн дөрөв, тав гээд.
-Ийм бахтай сайхан наадам олон болтугай. Тайшир сумаасаа төрөх дараагийн улсын цолтон болоорой гэж ерөөе.
- За баярлалаа. Уяачдаа гал болгож төрийн наадамд оролцуулах зорилго бидэнд байна. Энэ зорилгынхоо төлөө ажиллана.
-Тайшир сумаас бүсийн наадамд орсон морьдыг нэрлээд хоёулаа яриагаа өндөрлөх үү?
- Манай Тайшир сумын Н.Цэрэнпунцагийн хүрэн морь хавчиг насандаа аймагт түрүүлсэн. Энэ морь Ховд аймагт болсон бүсийн уралдаанд айргийн гуравт хурдалсан. Тэгж Тайшир сум маань анхныхаа их насны морийг айрагт хурдлуулсан юм. Дараа нь Тайшир сумын халтар азарга 2006 онд баруун бүсийн даншигт аман хүзүүдсэн. Миний халзан азарга энэ жилийн даншиг наадамд айргийн гурваар давхисан. Тус наадамд манай сумын уяач С.Сүхбаатарын Мөнгөн хошуут гэж саарал соёолон айргийн дөрвөөр давхисан. 2008 онд аймгийн Алдарт уяач Ц.Адъяасүрэнгийн бор шүдлэн Ховд аймгийн даншиг наадамд айргийн тавд хурдалсан. Саяын Отгонтэнгэрийн тахилга наадамд миний хүрэн үрээ дөрвөөр давхисан. Бид гал уяаны зохион байгуулалтанд ороод иймэрхүү амжилт гаргаж эхэлсэн. Хурдан морины хөгжилд хувь нэмэр оруулж яваа та бүхний ажил үйлсэд Монголынхоо уяачид, унаач хүүхдүүд, морь сонирхогчдын өмнөөс баярлаж, талархаж явдгаа хэлье.
"Тод магнай" сэтгүүл Говь-Алтай аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна