Хурдан морь судлаач, зураач А.Батболд: Мээрэнгийн цоохор бол Монголын Умардын бүжигчин юм

А.Тэлмэн
2017 оны 9-р сарын 18 -нд

Баянхонгор аймгийн Галуут сумын уугуул, хурдан морь судлаач, зураач А.Батболдтой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Морь шинжээч, зураач Батболд гэхээр мориныхон андахгүй. Таны энэхүү авьяас билэг хэнээс эхтэй гэж боддог вэ? Манай уншигчдад нутаг, ус дээдчүүлийнхээ талаар ярьж өгөөч?
-Манай удамд адуу мал сонирхдог хүн байгаагүй. Чин сүжигт Номун ханы зургаадугаар дүр Галсан-Ёндон гэдэг хүн чинь манай ээжийн төрсөн ах. Энэ хүмүүсийн ээж нь буюу миний эмээ болохоор Сайн Ноён хан Төгс-Очирын охин. Миний аавын талынхан болохоор улааны шашны томоохон лам нар байсан. Аавын аав нь сахал Жамбалдорж гэж  долоон хийдтэй дацан өөрөө барьсан хамба лам хүн. Түүнээс гадна манай өвөөгийн дүү Бат Гүн Шанзав гэж Монголын хамгийн анхны үндэсний сургуулийг өөрийн хөрөнгөөр барьсан хүн. 1915 онд 1200 лан мөнгөөр сургууль барьж, хүмүүсийг эрдэм номтой болгож байж. Үүнээс өмнө ямар ч хүн энгийн ардуудад зориулсан сургуулийг өөрийн хөрөнгө мөнгө, хичээл зүтгэлээр байгуулаагүй байдаг. Тэрхүү сургуулийн анхны төгсөгчдийн нэг нь Монгол хэлний тайлбар толийг бүтээгч Я.Цэвэл агсан юм.
-Тэрхүү сургууль яг хаана байгуулагдаж байсан юм бэ?
-Чин Сүжигт Номун Хан Гэгээнтний шавь хошуунд буюу одоогийн Баянхонгор аймгийн Галуут сумын тавдугаар багийн нутагт. Бүр тодруулбал Мандалын хүрээнд. 
-Таны дээдчүүл эрдэм номтой хүмүүс байжээ. Хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр холуур өнгөрсөн үү?
-Намайг төрөхөөс өмнөх явдал болохоор сайн мэдэхгүй байнаа. Ямар ч байсан 1932 онд аавыг 19 настай байхад өвөөг цаазаар авсан юм билээ. Тэгээд аав маань өвөөгийн баз хүргэн байсан Дэлэг гэдэг хүнээр овоглодог. Тухайн үед язгууртны үр сад эцгийнхээ овгоос татгалцаж эгэл ядуу хүнээр овогловол амьдрах боломж арай илүү байсан байх. Миний аав эцэг эхээс хоёулаа. Айлын том хүү, дороо нэг дүүтэй. Тухайн үед хамаатнууд нь өөрсдөөрөө овоглож зориглохгүй байхад Дэлэг гэдэг хүн л ганцаараа шийдвэр гаргаж ах дүү хоёрыг өөрөөрөө овоглож байсан юм билээ. Тэр хүн өөрөө найман хүүхэдтэй байсан гэдэг.
-Хэргэм зэргээс гадна хөрөнгө чинээ ихтэй хүмүүс байсан байх?
-Тэгэлгүй яахав. Мал хуйг нь малладаг 40 гаруй өрх айл байсан гэсэн. Ямар ч байсан коммунд 29 азарга адуугаа хураалгасан гэдэг юм.
-Танайхны адууны дээд талыг хөөвөл Чин Сүжигт Номун ханы бүгээнүүд болох нь ээ дээ?
-Чин Сүжигт Номун Ханы Гэгээн сүрэг гэдэг чинь дан цагаан адуу байсан юм гэнэ лээ. Гэхдээ энэ манайд нэг их хамаарахгүй ээ. Аав маань морь мал сонирхдоггүй байсан хүн.  Бага залууд нь аавын нэртэй улаан буурал морь  Сайн Ноён Хан Төгс-Очирын сүүдэр тохиосон наадамд түрүүлж өвөг эцэг маань хамбын хувцсаар шагнуулж байсан гэдэг юм.
-Танай аав ямар ажил алба эрхэлж байсан бэ?
-Багш, сургуулийн захирал, нягтлан хийсэн. Цэрэгт явж ирээд аймгийн эрүүлийг хамгаалах газрын нягтлан бодогчоор ажиллаж байгаад олон газар сургууль үүсгэн байгуулалцсан гэдэг. Тухайн үед бичиг үсэгтэй хүн цөөхөн байсан биз дээ.
-Та айлын хэд дэх хүүхэд вэ?
-Гурав дахь. Дээрээ хоёр өргөмөл эгчтэй, дороо төрсөн ганц дүүтэй. Дүү маань бас зураач. Аавын эцэг бас сайхан зурдаг хүн байсан гэнэ лээ. Тэр хүний зурсан хоёр авдар байдаг байсан. Ер нь манайханд зураач олон шүү. Соёл урлагийн дээд сургуулийн Санжаасүрэнгээс эхлээд 10 шахам зураач байна.
-Та хэдий үеэс зурж эхэлсэн юм бэ?
-Багаасаа. Гэхдээ би мэргэжлийн сургууль соёлыг нь төгсөөгүй ш дээ. Миний дээд талын гурван ах нас барчихсан болохоор аав маань намайг сургууль соёлд ор энэ тэр гэж шаардаагүй. Тэр хүний хувьд би амьд мэнд харагдах нь л чухал байсан байх. Гэхдээ хичээлдээ сайн байсан. Наймдугаар ангиа төгсөөд ТМС-д сурч, дараа нь нэг хэсэг цаг уурын үндэсний хүрээлэнд харуул гэдэг ажил хийж хаяа нэг хэмжээ авчихаад л онцын хийсэн зүйлгүй явдаг байсан. Тэгж байгаад л зургаа зурж эхэлсэн дээ. Дагалдан зураачаар ч ажиллаж л байлаа. Дэмчигийн Мягмар гээд хойно академи төгссөн Соёл урлагийн дээд сургуулийн уран зургийн ангийн багшийн дагалдангаар ажиллаж хөдөө гадаа их явсаан. Тэр хүн  надад их зүйл хэлж өгсөн шүү.
-Тэгээд хэдий үеэс хурдан морь сонирхон судлах болсон юм бэ?
-Нохойноос л хамаг юм эхэлсэн. 1960 онд Баянхонгор аймгийн төв одоо байгаа энэ газартаа нүүж ирсэн. Түүнээс өмнө Галуут суманд байлаа шүү дээ. Тэр олон хашаагүй айлууд дор бүрнээ нохой тэжээнэ. Нохой тэжээх гэдэг хэтэрхий түгээмэл үзэгдэл болсон. Ямар сайндаа Тоншуул сэтгүүл дээр  “Хонгор хотын нохой” гэдэг гарчигтай нийтлэл гарч байхав. Нохойн пайз гэдэг чинь дөрвөн оронтой тоогоор яригдана. 1000 хэд гээд л явчихна. Аймгийн төвийн хүүхдүүд юу хийхэв гэхээр нөгөө нохойнуудыг зодолдуулна. Би чинь аймгийн төвийн хүүхэд. Үеийнхнээсээ илүү гарахын тулд хамгийн шилдэг зодоонч нохойг олох хэрэгтэй биз дээ. Тийм нохойтой болох гэж гөлөг байхаас нь шилнэ. Шилдэг зодоонч нохой том байх албагүй, илүү зузаан бахим ч байдаггүй. Харин хөнгөн ястай, цус холилдсон Тайга Монголын эрлийз гэх мэт нохойнууд л илүү сайн зодолддог. Тэрний учрыг олох гэж их оролдоноо. Ингээд миний ярьдаг зүйл нохой, хийдэг ажил нохой зодолдуулах. Тэгээд нэг зун хөдөө оччихсон байсан аавын дүү эгч  “чи морь ярьж байгаач. Байнга нохой гэх юм” гэсэн. Зургаадугаар ангид байсан байх. Тэгэхээр нь нутгийн хүний соёолон үрээг хурдан юм байна гэсээр уяулчихсан чинь суманд 10-аадхан үрээ уралдаад түрүүлчихдэг юм.
-Санаандгүй хэлчихсэн юмуу, тэгж санагдсан юмуу?
-Баярмагнай гуай, Намнандорж гуайн хурдан морины шинж зэрэг номуудыг уншсанаас өөр юу ч мэдэхгүй. Тэгээд миний хэлсэн адуу түрүүлчихээр урам орно биз дээ. Дараа нь 20 гарсан хойноо Чойжилсүрэн гэдэг хүний хондон  морийг бас хурдан гээд уяулчихсан. Тэр хондон морь хүрэн Нацаг гэдэг хүн Архангайгаас авчирч яваад замдаа  бие нь муудаж Жөнгөө Чойжилсүрэн гэдэг айлын гадаа орхисон гүүнээс гарсан унага юм гэнэ лээ. Архангайн Төвшрүүлэхээс л ирсэн болов уу. Хондон морь манай аймгийн наадамд хоёр түрүүлж, хоёр айрагдан, суманд бол олон түрүүлсээн. Би тэр морийг гарцаагүй цустай адуу байсан гэж боддог.
-Багадаа морь мал унаж байгаагүй юу?
-Алсаасаа л авьяасгүй. Дээр нь Гэгээнтний ач хүү гээд нутгийнхан их эрхлүүлнэ. Би бага залуу байхдаа аавтайгаа их төстэй байсан шиг байгаа юм. Манай нутгийнхан сүйд болно. Тэгж байгаад бүр хожуу 1987 онд МУ-ын Алдарт уяач Дашдамба /Дамба/ ахтай нийлээд морь уяулах гэж үзсэн. Ер нь намайг хурдан морьтой холбогдоход нөлөөлсөн улс бол манай нутгийн Алдарт уяач Ядам, Дашдамба, Рэнцэндаваа Аварга, Бямбажав нарын хоёрдугаар бригадынхан юм. Ядам гуай бол онцгой авьяастай хүн байсан. 1981 онд Баян-Овоо суманд азарга уралдах гэж байсан усан бороо орохгүй юу. Тэгсэн өнөөдөр харлаг азарга холхон түрүүлнээ л гэж байна. Яагаад гэсэн. Адуу нэг бол солгой, нэг бол баруун талаараа хөдөлдөг. Яг хүн шиг. Гэтэл энэ харлаг азарга хоёр талаараа хөдөлдөг юм. Аль ч талаараа эхлээд хөдөлж чаддаг. Маш уран давхилтай гэж байна. Тэгсэн нээрэн борооны усанд тогтсон шалбаагийг уран сүлжсээр түрүүлсэн дээ. Ийм хүний дэргэд байсан хүн эрхбиш гадарлахтайгаа бололгүй дээ.
-Бат-Очирын харлаг азаргыг ярьж байна уу?
-Тийм. Ядам гуай надад ярьж байсан. “Энэ харлаг азарганд л хамаг учир байна. Түүнээс Бат-Очирт биш. Алаг азарганы хавирганы матаас гүйцэд мөртлөө урт, бүрэн эргэсэн. Сав бол ямар ч алдаа хийх боломжгүй. Муу уяачийг ч аваад явахаар. Энэн шиг гэдсэндээ эрдэнэтэй морь гэж байхгүй. Хоёр талаасаа тэгш, гэдэсний гол нь яг төвдөө гээд л... Адууны хавирга голдуу урдаасаа хавтгай эхлээд хойшоогоо матаас нь бөөрөнхийлж хээлдэг бол алаг азарганых шууд эхнээсээ хээлж бөөрөнхийлсөн. Мөр өргөнтэй. Гэдэс хөдөлнө гэж байхгүй. Гайхалтай гэдсэндээ авьяастай мал. Гэтэл би хээр азарганыхаа хоолон дээр өчүүхэн алдаа гаргахад л хойшоо ухрах гээд байдаг. Энэ алаг азарга олон түрүүлнээ” гэдэг байсан. Хэлсэн ёсоор нь олон түрүүлсэн. Ядамын хээр, Бат-Очирын харлаг хоёр чинь нэг нь ес, нөгөө нь долоо түрүүлж, манай сумын наадмын 16  жилийн түрүүг авсан азарганууд шүү дээ.
-Хар алаг азарганы удмыг мэдэх үү?
-Харлаг азарганы эцэг нь Жанцандорж гэдэг хүний харлаг азарга байсан юм. Тэр харлаг азаргыг Дүнгэр Бат-Очир гэж хүн Галуутын дөрвөн бригадаас тэмээгээр сольж авсан байдаг. Жанцандоржийн харлаг азаргыг  нэгдэлд очиход уясан хүн бол Анжигаан Загд гэж аймагт гурав түрүүлсэн хүрэн азарганы эзэн. Дараа нь Пүрэвсүрэн гэдэг хүн уяад, гурав дахь уяач нь Бат-Очир гуай байхгүй юу. Гурван эзний үед байнга л түрүүлж, айрагдаж байсан. Харин Бат-Очир гуайд ирээд харьцангуй олон жил уягдаж илүү амжилт үзүүлсэн. Гэхдээ тэр үед Цулын хондон азарга ноёлж, Бат-Очирын харлаг удаалдаг байлаа. Ер нь бол Ядам гуайн хээр азарга буугаад Бат-Очир гуайн уядаг том харлаг азарга залгасан. Сумандаа долоо түрүүлээд Баян-Овоогийн наадамд нэг түрүүлж, нэг аман хүзүүдсэн.
-Нутгийн хурдан азаргануудын тухайд ийм байж. Хэдий үеэс эхлээд хурдан хүлгүүдийг шинжих болсон юм бэ?
-Энэ бол миний сонирхлоороо хийж байгаа ажил. Хэн ч намайг үүнийг хий гээгүй. Хичээл сургалтаар заадаггүй, хувь хүний цэвэр мэдрэмжийн асуудал. Өөрөө дуртай юм болохоороо олон жил уйгагүй оролдсон. Хурдан морь  шинжинэ гэдэг сэтгэлгээ шаарддаг. Бөөрөнхийлөх ямар ч үндэсгүй. Дээр нь өөрийн итгэл үнэмшил байх ёстой. Гарамжав гуай нэг удаа “Түвдэнгийн алаг морийг би яасан ч хурдан морь гэхгүй” гэдэг юм байна. Улсад хоёр түрүүлчихсэн морийг яагаад тэгж хэлж байгаа юм бол гэсэн тэр хүний хурдан морь ийм л байх ёстой гэсэн итгэл үнэмшлээс өөр л байсан байна. Түүнээс биш алаг морь муу адуу биш. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр хүн болгоны хурд таних нүд, арга барил өөр. Дор бүрнээ өөр өөрийнхөө итгэл үнэмшлээр шинжиж сонждог. Миний хувьд ч ялгаагүй өөртөө зөв гэсэн итгэл үнэмшлээр морийг шинждэг. Алдсан байдаг л байх. Гэхдээ оносон нь арай илүү байлгүй дээ. Өнөөдрийг хүртэл миний бодитоор болоод фото зураг, бичлэгээс харахад хурдан хүлгийн төгс шинжийг агуулсан адуу бол Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын цуут хүлэг Нийгмийн хонгор л байна. Сүхбаатар аймгийн наадамд гурав түрүүлсэн их насны морь, гурав түрүүлсэн азарга гэж байдаггүй. Гэтэл тэр хатуу дэвжээн дээр Ардын хувьсгалын ойгоор 16 түрүүлсэн толгой шүү дээ.
-Таныхаар  хурдан морь ямар шинжүүдийг агуулсан байх ёстой вэ?
-Нийгмийн хонгор дээр яръя л даа. Хурдан моринд байдаг бүх шинжүүд нь байхаас гадна эрхтэн хоорондын зохицол маш сайтай. Жишээлбэл их том адууны далангийн булчин дэндүү зузаан хөшүүн байдаг бол Нийгэм хонгорынх тийм биш. Ер нь хэсэг бүр нь их гоё.
Хүн болгоны хурдан морийг шинжих арга барил өөр шигээ, нутаг нутгийнх мөн харилцан адилгүй байдаг юм билээ. Жишээлбэл баруун аймгийнхан хурдан адуу бөгтөр, бэрэвхий нь богино байх ёстой  гэж үздэг бол зүүн талынхан бэрэвхий урт байх ёстой гэж үздэг. Гэхдээ ажиглаад байхад зүүн талынхны хурдан морийг үнэлэх үнэлэмж нь хамаагүй илүү. Түүнийгээ дагаад адуу нь ч сайн. Баруун тийш нь морийг яаж ч зөөгөөд зүүн талаасаа ерөөсөө илүү гарахгүй. Яагаад гэхээр  Сүхбаатарт хүчиллэг төрлийн ургамал нь ургадаг бол баруун тийшээ шүлтлэг төрлийн хүнд ургамал ургадаг. Энэ нь ясны бүтцэд нөлөөлж, баруун талын адууны ясыг хүнд, бат бөх болгодог. Хэрвээ та бүхэн идэж байгаа малынхаа хавиргыг ажигладаг бол зүүн талын хонины хавирга нарийн, баруун талынх их зузаан. Чөмгийг нь ташихаар зүүн талынх нь хариугүй нимгэн, баруун талынх нь хамаагүй илүү байдаг.
-Баруун аймгийнхан хэдэн жилийн дараа эндээс хурд зөөнө хэмээн ярьдаг нь боломжгүй зүйл байх нь ээ?
-Хэзээ ч тийм зүйл болохгүй. Зөвхөн ясны хувьд хүнд байгаад зогсохгүй. Мах нь ч нягтрал ихтэй хүнд. Та бүхэн итгэхгүй бол махны ченжүүдээс асуугаарай даа. Зүүн талаас ямар ч сайн үрээ, байдас авсан очоод өвс ургамал, байгаль цаг ууртай зохицоод яс, мах нь хүндээд ирнэ. Тэгэхээр тэндээс хурдан адуу зөөнө гэдэг боломжгүй зүйл. Сүхбаатарын адуу хурдан байгаагийн бас нэг гол хүчин зүйл нь Манжийн хааны торгон цэргийн унаатай холбоотой. Манжийн торгон сүрэгт Монголын бүх сор болсон адуунууд цугларч байжээ. Сүхбаатар аймаг 1942 онд байгуулагдаад 1952 оныг хүртэл айраг, түрүүний дийлэнхийг нь Уулбаян сум ганцаараа авдаг байсан. Ер нь Сүхбаатарын хурдан адуунуудын дээд удмыг хөөвөл Уулбаян, Мөнххааны гаралтай л байгаа. Хурдны цөм нь тэнд юм чинь. Сүүлийн үед Асгатын адуу хурдан л гэж байна. Яг үнэндээ Сүхбаатар аймаг байгуулагдсанаас хойш 50 жил Асгатын морьд аймгийн наадамд түрүүлж чадаагүй. 1992 онд Асгат аймгийн баяр наадмын анхны түрүүгээ авч байлаа. Сүхбаатарт олон бэсрэг угшил байдаг. Гэхдээ ихэнх нь үржлийн буруу бодлогоос болоод бүдгэрсэн. Хүүхэн Шүүлэнгийн хээр Махбуриадын улаан гээд нэрлэвэл олон доо. Яагаад гэхээр үүнийг бодлого барьж эмхэлж байсан хүн байхгүй. Харин Босоо цавьдар, Баадуу Доржийн адууны удам сайн хадгалагдаж одоо ч хурдалсаар байна. Үүнд Баадуу хэмээх Дорж гэж хүний нөлөө маш их байсан. Тэр хүн энэ удмын адууны хурдлах чадварыг маш сайн хадгалж, үржлийн зөв бодлого баримталж байж. Гэхдээ Монголд хамгийн түгээмэл буюу их тарсан адуу бол Дорноговийн Галсан бандийн адуу. Банди адуу одоо ч үндсэн хэв шинжээ хадгалсан хэвээр байна.
-Банди адуу ямар хэв  шинжтэй байдаг юм бэ?
-Банди адуу 1939 билүү, 1940 онд Хэнтий аймгийн наадамд түрүүлсэн Галсан бандийн Хүүхэн цагаан гэдэг азарганаас эхтэй. Банди адуу яргай махтай, аливаа адуунд нийлүүлэхэд махны чанарыг их сайжруулдаг. Гэхдээ арьсны бариагүй, буурал, будан голдуу зүстэй.
-Галшар адууг л хамгийн их тархсан гэдэг шүү дээ?
-Өвгөн ноёны адууны тарж хурдалсан ямар адуу байна гэхээр хүмүүс хариулж чадахгүй ш дээ. Сүхбаатарын адууг  цэнэглэсэн цоохор хонгор гэж азарга Дагмид Мээрэнгийн адуу. Агуу үр төлтэй азарга байсан. Норов хүрэн Дагмид адуунаас гаралтай. Өөрөөр хэлбэл тэр цоохор хонгороос эхтэй. Нэг үгээр хэлэхэд Мээрэнгийн Цоохор хонгор бол Монголын Умардын бүжигчин байсан байхгүй юу. Бөгөн адууны удмыг хөөвөл мөн л Мээрэн адуу болно. Одоо ид хурдлаад байгаа адуунуудын чинь эхийг тавьсан Баадуу Дорж гэж хүн “цоохор хонгорын удам ямар ч адуунд зохицоно. Ямар ч адуунд оруулсан эвддэггүй” гэж хэлж байсан нь оргүй үг биш шүү. Баадуу Дорж гэдэг хүний адуу өнөөдрийг хүртэл хурдалж байгаагийн гол шалтгаан нь нэг удмыг барьж үржүүлсэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл  бүх учир гурав гэсэн тоонд байна. Адуу гурван үедээ хурдаа хадгалж чаддаг. Дөрөв дэх үеэс алдана. Тиймээс дөрөв дэх үед нь буцаж цусанд нь оруулаад хурдлах чадварыг хадгалах хэрэгтэй.
-Хурдан морь сонирхон уяж эхэлж байгаа залуус зүүн аймгуудыг зорьж байна. Тэдэнд зөвлөөч. Ямархуу хэлбэр хийц, хэв шинжтэй адуу авбал зүгээр вэ?
-Зүүн талын адуу юугаараа илүү байдаг гэхээр сэрвээнээс дагз хүртэлх урд талын зай, сэрвээнээс хойшоо харгана овоо хүртэлх зайнаасаа урт. Ерөөсөө л энэ. Төв аймгийн адуу болохоор урд талын зай богино. Хар үгээр хэлэхэд морь биеийн хэмжээгээр сунаж, татаж тэр хэмжээгээрээ хурдалдаг. Урд талын зай урттай адуу буцааж эвхэх хөдөлгөөнийг хийхэд илүү хөнгөн биедээ зовиургүй. Өөрөөр хэлбэл сэрвээ харьцангуй хойно байрлалтай учраас  нуруу богино байдаг. Цандэлэгийн Соёмбо хүрэний эцэг Хандгай хүрэн агуу сэрвээтэй адуу. Зарим адууны сэрвээ дуусах газар Хандгайгийнх эхэлж байдаг. Ерөөсөө сайн төл өгөх азарганы гол шинж энэ. Гэхдээ Соёмбо хийцээрээ аавдаа хүрэхгүй юм билээ. Юу ярьж байгаад ийшээ орчихов./инээв/
-Зүүн зүгээс адуу авах гэж залууст зөвлөөч гэсэн?
-Ерөөсөө биеийн пропорцийг л харах хэрэгтэй. Гэхдээ манай залуучууд энд тэндээс адуу зөөж байхаар өөрийнхөө нутаг хошуунд байгаа шилдэг адуунуудыг бөөгнүүлж тэндээс угшил бий болгох оролдлогыг эхлээд хиймээр байгаа юм. Тэгэхгүй жил болгон шахуу Сүхбаатар явж багадаа 2-3 саяар адуу аваад хэд уралдуулаад хөлгүй болгочихож байна. Тэгээд дахиад явдаг. Ингээд бүтэхгүй ээ. Тэрний оронд үнэхээр адуугаа сайжруулмаар байгаа бол нэг удмын адуу л зөө. Ингэж удам удмаар нь үржүүлнэ гэж байхгүй. Би дээр ярьсан шүү дээ. Нэг адуу гурван үе дамжуулаад сайн төл өгдөг гэж. Түүнийг үндэс болгоод нэг удмын адуугаар үржүүлэг хийж сайн адуутай болох хэрэгтэй. Дээр нь сүүлийн үед ажиглагдаж байгаа нэг том асуудал бол азарганы сонголт. Өвгөн ноён “чиний адууны их насны морь л хурдан бол бүхэлдээ сайжирчээ гэж бод” гэсэн байдаг. Дулаан Дамдинжав гуай ч ялгаагүй “их насны морь нь хурдалж байгаа айлын адуунаас азарга тавь” гэсэн байдаг. Энэ нь азаргаа л зөв сонго гэсэн үг.
-Эрлийзжүүлгийн тухайд ямар бодолтой явдаг вэ?
-Манайхан маш түргэн хугацаанд өндөр амжилт үзүүлэх адууны төлөө л шуураад алс хэтээ бодохгүй байна. Би цаг үеийг сөрж эсэргүүцэж байгаа юм биш. Билэгдэмбэрэл бол их авьяаслаг, адууны төлөө чин сэтгэлтэй залуу. Гэхдээ минийхээр бол тун хэцүү зүйлд хүчээ сорьж байгаа хүн. Аливаа шинэ үүлдрийн адуу, мал, нохой гаргахдаа тэдний өвөг дээдэс хэдэн зуу, хэдэн мянган жил салбарласаныг тооцож үздэг. Энэ бол дэлхий нийтийн мөрддөг үржлийн онол. Английн цэвэр цусны адууг бий болгосон  Андулиз, Араб үүлдрийн адууны салсан цаг хугацаа 800-1200 жил гэж тогтоогддог. Генийн энэхүү зөрүүг арилгахын тулд 200 жил шаардлагатай гэсэн тооцоог гаргаад шинжлэх ухаанч бодлогын үндсэн дээр 200 гаруй жил оролдож байж, одоогийн цэвэр цусны Англи адууг гаргаж авсан. Гэтэл Монгол, Араб адууны генийн зөрүү  бараг 10.000 жилээр хэмжигдэнэ. Үүнийг давтан үржүүлэг хийж арилгана гэхэд багадаа мянган жил хэрэгтэй. Гэтэл манайхан ямар ч бодлогогүйгээр онол харалгүй ийм зүйл руу орчихоод, одоо бүр нийтээрээ хошуурч байна. Үүнийг нь тайлбарлаад өгчих ч хүн алга. Тэрний оронд Монгол адуугаа монголоор нь үржүүлэх хэрэгтэй. Ахалтек адуу гэж дуулсан уу.
-Дуулсаан.
-Энэ үүлдрийн адуу хурдаараа Англи адуунд хүрэхгүй. Бүр хамгийн шилдэг азарга нь Англи шүдлэнг гүйцэхгүй. Гэхдээ энэ бол тухайн үндэстний бахархал. Өөрийн гэсэн адуутай байна гэдэг бахархал байхгүй яах юм. Өөрөөр хэлбэл би үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр манайхаас өөр улс оронд ингэж үүлдэр хольдоггүй. Тухайн үүлдрийг цэврээр нь үржүүлдэг. Тиймээс залуучууд олсон хэдэн төгрөгөө зөв зүйлд зарцуулах хэрэгтэй. Яг үнэндээ энэ ирээдүйд аюул дагуулна шүү. Арай сийрэг “өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги” гэж хардаг залуус одоо эртхэн болих хэрэгтэй. 
 Тантай ярилцах сонирхолтой байлаа. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан хүлгийн хийморьт өнө мөнх ивээгдэж явааарай.

"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар

14 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 59.153.113.61

    Морь шинжих , зурах хоёр эрдэм нэг хүнд цогцлох нь ховор шүү.

    Reply
  • 103.229.123.243

    Хайртай ахдаа урт удаан наслахыг ерөөе

    Reply
  • 103.212.116.187

    Яалаа гэнээ. Морь, гүү ялгахгүй гэнүү. Архи зооглож байсан нь үнэн. Яг үнэндээ бол бол Баянхонгорт заяасан сод ухаантан. Маргах хүн байвал над дээр хүрээд ир. Сандагийн Батсүрэн.

    Reply
  • 66.181.161.111

    Энэ сдаагийн морь шинжих гэж юу байсын яс юман дээр морь гүүнээ ч ялгахгүй өвгөнт

    Reply
  • 202.126.88.175

    1997 онд морь яаж зурах вэ гэж байсан хүн хурдан сурсан байна шүү монгол адууг судлаад шинжээд барахгүй цаг хугацааны л ажил

    Reply
  • 202.126.88.175

    Мээрэнгийн цоохор адууны дээд угшил батлагдсан нь хэзээ юм бол

    Reply
  • 66.181.182.182

    Ёстой мундаг хүн байна. Монгол адууг Монголоор нь л авч үлдэх ёстой!

    Reply
  • 66.181.161.125

    Suhbaatart 3n jil daraallan turuulsn azarga bdgshde

    Reply
  • 202.55.188.39

    энэ цагийн хамгийн мундаг шинжээч

    Reply
  • 66.181.161.17

    Сайхан худлаа шаадаг сдаа да яс юман дээр морь ч унаж үзээгүй гар

    Reply
    • 66.181.161.111

      Морь унах нь битий хэл нохойтой ч байж шал худлаа сдаа хангай зах дээр архичин байсан хэзээдээ ч шинжээч болцын

    • 66.181.183.17

      морь шинждэг бол морь унадаг байх ёстой юу? өөрөө ч унадаггүй гэдгээ хэлж байна эргүү дагз вэ чи чинь, хүний ярианаас хэрэгтэйг нь тусгаж авч чадахгүй мал вэ

    • 192.82.68.86

      Аль чталаасаа зөв хүн дээ амжилт хүсье

  • 202.179.4.206

    Олноо гайхагдаж буй оюунлаг морь шинжээчдээ амжилт хүсье та

    Reply