Аймгийн Алдарт уяач Д.Сумъяасүрэн: Ихэнх хурдан адуу эцгийнхээ хурдыг, эхийнхээ бие галбирыг дуурайсан байдаг

А.Тэлмэн
2017 оны 11-р сарын 06 -нд

- Төрийн баяр наадамд шүдлэн үрээ айрагдулсан танд нийт наадамчдын өмнөөс баяр хүргэе?
-Баярлалаа. Энэ жил улсын баяр наадам зохион байгуулалт сайтай, дэгтэй сайхан боллоо. Эрлийз, монголоор нь ялгаж уралдуулсанд хөдөөгийн хөх уяачид бид баяртай байна.
Миний хувьд өмнө нь 1998, 1999 онд улсын баяр наадамд морьд мордуулсан ч хараахан амжилт гаргаж чадаагүй.
- 1998, 1999 он гэдэг чинь Яармагийн дэнжид уралддаг байсан үе. Тэр үеийн наадмыг одоогийнхтой харьцуулахад давуу болоод дутагдалтай тал нь юу байна?
- Талбай, зам засалт гэх мэт наадмын бэлтгэл ажил болоод зохион байгуулалт сайн хийгддэг болжээ. Тэр үед бүх зүйл нь байгаагаараа, монгол маягаараа л наадчихдаг байлаа.
- Тэр үед монгол, эрлийз холиод уралдуулчихвий гэсэн айдас бол байгаагүй байх,  тиймээ?
-Тийм шүү. Одоо бол монгол, эрлийзээр ялгах асуудал их хүнд байна. Зайг нь жаахан холтгоод хольж уралдуулбал яадаг юм бол гэсэн бодол ч төрж л байна.
- Та ямар мэргэжилтэй билээ?
-Зоотехникч.
- Ер нь эрлийз монгол адууг ялгах буюу үүлдэрлэг байдлыг тогтооход гол ажиглах ёстой зүйл нь юу юм бол?
-Шанаа, хошуу хоншоор, аман хүзүү эд нар бол шал өөр. Гэхдээ монголжчихсон шинэ цагийн монгол адуу гэж байна. Энэ бол монгол эхийнхээ талыг давамгай барьсан шинжүүдтэй учраас монгол адуунаас ялгарах юм байхгүй. Гадаад үзэмжээр нь ялгах ямар ч арга байхгүй. Ерөнхийдөө ихэнх хурдан адуу бол эцгийнхээ хурдыг, эхийнхээ бие галбирыг авчихсан байдаг юм. Энэ  ч утгаараа манайхан одоогоор бүрэн дүүрэн ялгалт хийж чадахгүй байна л даа.
- Шүдлэн наснаас хамгийн олон буюу 198 үрээ хасагдсан. Энэ дунд олон монгол адуу хасагдчихлаа гэсэн яриа гарч байна. Та ингэхэд хэдэн насны адуутай төрийн наадмаа зорьж ирсэн бэ?
-Би ганц л шүдлэн үрээтэй ирсэн. Энэ даага, шүдлэнгүүдийн ялгарах шинж нь их тодорхой л доо. Тиймээс ч сайн ялгагдаж байгаа хэрэг. Мөн шүдлэнг сайн ялгачихсаны дараа хязааланг ялгахад хялбар болчихож байгаа юм. Харин даага, соёолонгийн хувьд уяачид өөрсдийн хүслээр эрлийзүүдээ мордуулалгүй үлдээх тохиолдол олон гарсан.
- Хамгийн гол нь сэрвээний өндөр ч юмуу. Ямар нэгэн үзүүлэлт заагаад уралдуулчихъя гэхээр адуугаа сайжруулж, эрлийз адуутай болж амжаагүй хөдөөний уяачид уралдах боломжгүй болно гэсэн тайлбар хийдэг л дээ. Та орон нутагт морио уяж байгаа хүн. Бодит байдлыг хамгийн сайн мэдэж байгаа байх?
-Хөдөөгүүр бол адууныхаа цусыг сайжруулж, эрлийзжүүлэх ажил эхлэл төдий л байна даа. Харин нэлээд сайн хольчихсон хүмүүс бол Улаанбаатар хотыг тойроод л амьдарч байна. Хөдөөгийн уяачдаас дан адуугаар дагначихсан, адууныхаа цусыг сайжруулаад, эрлийзжүүлчихсэн хүн ганц, хоёр л байгаа. Гэхдээ гурав, дөрвөн жил ялгаж байгаад аяндаа ялгаж чадахаа болих байх. Учир нь, монгол талаа давамгай барьчихсан адуунууд олширч байна. Одоо ч гэсэн намхан биетэй, монгол адуу шиг гадаад төрхтэй хэрнээ эрлийз цустай адуунууд хурдалж л байна шүү дээ. Тийм адуунууд явах км-ийг нь уртасгасан ч адилхан л уралдана. Энэ  ч утгаараа ялгалтын асуудал тун удахгүй сонин биш болно доо.
- Дундговь бол улсын баяр наадамд сүүлийн жилүүдэд давамгай амжилт үзүүлж байгаа аймаг. Энэ нь Дундговийн адуу эртнээсээ чанаржуу, тэр чанараа одоо ч алдаагүй хийгээд уяачид нь ч өндөр мэдлэг мэдрэмжтэй байгааг илтгэж байна. Ингэхэд танай адуунд өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн унаган адуунууд голчилж байна уу, эсвэл авмал адуунууд зонхилж байна уу?
-Өвөг дээдэс маань морь дагнан уяж байгаагүй ээ. Миний үеэс л эхэлж уяж байна. Хүүхдүүд маань зүүн, баруун, төвийн бүсээс олон адуу авч ирсэн. Миний хувьд мэргэжлийн үүднээс энийг ямар гүүтэй нийлүүлбэл хурдан адуу гарах вэ гэх мэтийг зохицуулах ажлаа хариуцаад л явдаг юм. Манай аймгийн хувьд эртнээсээ л адуу сайтай, одоо ч тэр сайхан хурдан буянгуудын удам тасраагүй үргэлжилж байна. Говийнхон их ажилсаг хүмүүс байдаг юм. Тэр ч утгаараа мориндоо, мориныхоо ажилд түлхүү анхаардаг, сайн хөдөлмөрлөдөг учраас улсын хэмжээний уралдаануудад тогтмол амжилт үзүүлж байгаа болов уу гэж боддог.
- Та хэдий үеэс өөрийн нэртэй морьдоо наадамд мордуулж эхэлсэн бэ?
-Би төрд алба хашиж байгаад 2004 оноос ажлаа жаахан хөнгөлөөд, орон нутагт өөрийнхөө нэр дээр морьд уралдуулж эхэлсэн юм.
- Сум, аймгийн баяр наадмын нийт хичнээн айраг, түрүүтэй вэ?
-Би аймаг, улсын чанартай наадмаас 12 айраг, нэг түрүүтэй. Гурван жилийн өмнө аймгийн Алдарт уяач цол хүртсэн.
- Үүнээс өмнө улсын чанартай уралдаанд морь айрагдуулж байв уу?
-Тийм. Бүсийн уралдаануудаас гурван ч айраг хүртсэн. Тодруулбал, Өвөрхангай аймгийн хангайн бүсийн уралдаанаас хоёр айраг хүртэж байлаа. Мөн 2012 онд билүү дээ, Морины шүтээний ойн наадамд Өсгий цагаан хул морь айрагдуулсан. Мөн “Говьшанхын хурд 2015”-д өсгийн цагаан хээр даага айргийн таваар давхисан. Өвөрхангайд би дандаа их насны мориор л айраг, түрүү хүртээд байдаг юм.
- Энэ жил аль бүсийн уралдаанд морьд мордуулав?
-Говийн бүсийн уралдаанд шүдлэн үрээ аман хүзүүдлээ. Бусад эрлийз, монголууд нь бүгд айргаас мултарсан.
 Баярлалаа, сайхан наадаарай.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна