МАНЛАЙ УЯАЧ Б.БААСАНЖАВ: ЭЦЭГ ӨВГӨДИЙНХӨӨ ҮЕЭС АДУУ ГЭДЭГ АМЬТНЫГ ШҮТЭЖ, ХАЙРЛАЖ ЯВСНЫ БУЯН БИЗ ЭЭ ГЭЖ СҮСЭГЛЭДЭГ

А.Тэлмэн
2017 оны 11-р сарын 10 -нд

Орон нутгаас төрсөн Манлай уяач цолтнуудын нэг Борнойн Баасанжавтай Завхан аймагт болсон Нүүдэлчдийн соёлын наадмын үеэр уулзаж ярилцлаа. Тэр бол Завхан нутгийн нэрийг цуурайтуулж яваа, Баруун бүсийн уралдаануудаас ганзага хоосон буцаж үзээгүй уяач билээ. Түүгээр ч зогсохгүй, бөхийн зүлэг ногоон дэвжээнээ ид хавыг гайхуулан барилдаж, 45 насандаа сумын наадамд түрүүлээд, зодог тайлсан тэнхээтэй эр. Гэвч “Манлай уяач хэмээх эрхэм цолыг хүртсэн маань адуунд хайртай өвөг дээдэс, алтан туурайтнууд хийгээд Завхан нутгийн минь ач буян” хэмээн өгүүлэх нь “эрдэмт хүн даруу, их мөрөн дөлгөөн” гэдгийн бодит илрэл болов уу.

БАЙГАЛЬ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАЖ, ҮР ШИМИЙГ НЬ ХҮРТДЭГ ЭРТНИЙ УЛАМЖЛАЛАА ХАДГАЛЖ, ҮР ХОЙЧДОО ӨВЛҮҮЛЖ ҮЛДЭЭХ НЬ МАЛЧИН БИДНИЙ ҮҮРЭГ
-Нүүдэлчдийн соёлын наадам хэмээх өргөн цар хүрээтэй арга хэмжээ Завхан нутагт болж өндөрлөлөө. Энэ наадам таны амьдралд бас нэгэн давтагдашгүй дурсамжит хуудсыг нээсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Нүүдэлчдийн соёлын наадмын талаарх сэтгэгдлээ манай уншигчидтай хуваалцана уу?
-Бид бол эртний арвин түүхтэй нүүдэлчдийн удам. Өвөг дээдэс маань эртнээсээ л хүлэг сайн морьдоо уяж сойн, үхэр тэргээ хөллөж, тэмээ хөсөглөн, жилийн дөрвөн улирлын турш уудам сайхан нутагтаа хөндлөн гулд нүүдэллэн амьдарсаар ирсэн. Хэдийгээр дэлхий нийтийн хөгжил дэвшлийг дагаж, дийлэнх нь суурин соёлд уусаж байгаа ч энэ сайхан нүүдэлчний уламжлал маань хөдөө орон нутагтаа хадгалагдсаар байгаа. Энэ бүхнийг залуу хойч үeдээ төдийгүй гадныханд сурталчлах зорилгоор нүүдэлчдийн өв уламжлал, соёл заншлыг багтаасан сайхан арга хэмжээ зохион байгуулсанд жирийн малчин хүний хувьд асар их баяртай байна. Цаашид ч бас дөрвөн жилдээ нэг удаа ч хамаагүй, уламжлал болгон зохион байгуулаасай гэж хүсч байна.
Нутгийнхан маань ч үүнд асар их ач холбогдол өгч, өргөн дэлгэр оролцлоо. Манай гэр бүлийн хувьд гурван айраг хүртлээ. Тодруулбал, миний хүрэн азарга дөрөв, дүүгийн хүрэн морь гурав, Арьхадын хүүгийн хул үрээ таваар хурдаллаа. 
-Ганзага дүүрэн сайхан нааджээ?
-Хурдан тууртын буянаар уралдаан наадмаас ганзага хоосон буцаж байсангүй ээ. Завхан нутгаас төрсөн Тод манлай уяачид маань сайхан хурдан хүлгүүдийнхээ удмаас сум бүрт нэг, нэг үрээ бэлэглэлээ. Энэ бол нутгийн адууны цус сэлбэгдэж, угшлыг сайжруулахад оруулж буй томоохон хувь нэмэр юм. Манай сумын уяачдын холбооны тэргүүлэгчид ч бас Тод манлай уяачдынхаа энэхүү ач буяны хариуг барихаар бодож ярилцсан зүйлс цөөнгүй бий. Ярилцсанаа удахгүй ажил хэрэг болгож, эд нарыгаа баярлуулсан сайхан арга хэмжээ зохион байгуулна аа.
-Тод манлай уяачид азарган үрээ бэлэглэсэн. Танайд хэнийх нь таарсан бэ?
-Дагвадорж Тод манлайн үрээ таарсан. 
-Тэдний адуу нэлээд чанаржуу дуулддаг шүү?
-Тэгэлгүй яахав. Олон жилийн адууны төлөө зүтгэж яваа хүн дээ.

-Нүүдэлчдийн соёлын наадмын жагсаалыг хараад “Бид ч их олон зүйлээ гээж байгаа юм байна даа” гэх бодол  эрхгүй төрсөн. Хамгийн энгийнээс нь дурдахад, дийлэнх нь үндэсний хувцсаа иж бүрэн өмсчихөөгүй байх жишээтэй. Танд ч бас надтай адилхан бодол төрсөн болов уу. Эсвэл нүүдэлчний соёл дундаа амьдарч байгаа малчин хүн учраас огт өөр өнцгөөс ч харсан байж болох юм?
-Адилхан л зүйл бодогдож байлаа. Наад захын жишээ дурдахад, бид одоо мотоциклиор хонио хариулдаг болчихлоо шүү дээ. Энэ мэтээр шинжлэх ухаан, техник технологи хөгжихийн хэрээр л бид нүүдэлчин уламжлалаасаа холдоод байна. Нүүдэлчдийн соёлын наадмын үеэр үхэр тэрэг, тэмээн хөсөг гэх мэт уламжлалт зүйлүүдээ хараад “Бид амьдралдаа ямар олон буруу хэвшлүүдийг хэрэгжүүлж, ямар олон зөв зүйлсээ гээж яваа юм бэ дээ” гэж бодогдсон. Тэрэг чарганы дугуй ядаж л автомашин шиг хөрсөнд эвдрэл өгөхгүй шүү дээ. Бид ингэж л эрт дээр үеэсээ байгаль дэлхийгээ хайрлаж, үр шимийг нь хүртсээр ирсэн. Үүнийг хадгалж үлдэх, үр хойчдоо өвлүүлж үлдээхэд хөдөөгийн малчид бидний үүрэг их чухал. Тиймээс уламжлалт өв соёлоо сэргээн, амьдрал ахуйдаа хэрэглэж л байх хэрэгтэй байна даа.
-Эрдэнэхайрхан сумын Нарангийн энгэрийнхэн одоо ч тэмээн хөсгөөр нүүдэг хэвээрээ гэнэ лээ.  Танай нутгийнхан яаж байна вэ?
-Манай Сантмаргац бол говь, хангай хосолсон нутаг. Элс ихтэй учраас мотоцикль унаж давхиад байх боломж нь ч бас хязгаарлагдмал. Энэ идээгээ боловсруулна. Энэ мэтээр уламжлалаа түлхүүхэн хадгалж яваа нутаг гэж боддог. Манайд энэ мэт уламжлалт нүүдэлчин амьдралаа тэр чигээр нь авч яваа сум цөөнгүй бий.
-Тэгээд танай нутгийн адуу бяртай байдаг байх нь. Элсний адуу бяралхаг гэдэг шүү дээ?
-Тийм шүү. Жаахан таваг муутай л байдаг юм. Түүнээс биш элсэндээ зохицчихсон их бярдуу. Хангай болон зүүн зүгээс авч ирсэн адуу бол хоёр, гурван манхан даваад л явахаа больчихдог юм.
Үхрийн сүү олон талын ашиг тустай. Морины хөлс их задгайрна, бүх төрлийн хорыг тайлна.

ҮХРИЙН СҮҮ ОЛОН ТАЛЫН АШИГ ТУСТАЙ. МОРИНЫ ХӨЛС ИХ ЗАДГАЙРНА, БҮХ ТӨРЛИЙН ХОРЫГ ТАЙЛНА
-Тахиа жилийн уралдаанууд отголж байна. Манлай хаагуур наадав даа?
-Сумандаа наадсан. Олон морь тавиагүй ч азарга түрүүлж, их насны морь айрагдлаа. Энэ жил гантай байгаа учраас Өндөрхангай, Далантүрүү, Тахилт, Цэцэнхайрханы өврөөр отор нүүдэл хийж байна. Бид тариа хэрэглэдэггүй, жаахан овъёос л амсуулдаг юм. Мөн үнээ болон гүүний сүү өгдөг. Энэ ч утгаараа зун, намрын дэлгэр цагт өвс ногоо хөөж, малдаа тарга авахуулдаг.
-Гүүний  саамыг хязаалан хүртэл л өгөх нь зүйтэй юм билээ гэлцдэг. Үнээний сүүний тухайд ямар хэмжээгээр хэдэн нас хүртэл нь өгвөл зохистой вэ?
-Би өглөө, оройдоо нэг, нэг литрийг өгдөг. Үнээний сүү янз бүрийн хордлогод их сайн, бас адуунд их сайн сэргэлт өгдөг юм. Саагаад л түүхийгээр нь өгчихдөг.
-Үхрийн сүү уулгаж сургана гэдэг нилээд ярвигтай ажил байх, тийм үү?
-Морьдоо уралдахаас нь сарын өмнөөс л монгол үнээний сүү уулгадаг. Саасныхаа дараа жаахан сахар юмуу глюкоз олдвол холиод  өгчихдөг юм. Адуу чихэрлэг юманд дуртай л даа. Дааганаас нь эхлээд сургачихдаг. Анхандаа уух дургүй байвал цай сүлж байгаа юм шиг усаар шингэлээд, өнжөөд нэг өгдөг юм. Сүүний амтыг нэг авчихаараа асуудалгүй л дээ. Тэгээд наадам ойртоод ирэхээр гурав хоногийн өмнөөс сүүгээ хасчихдаг.
-Хасахгүй бол бас сөрөг нөлөөтэй юу?
-Сүү нь хамраар нь гарах зэргээр давхианд жаахан тээр болоод байдаг юм шиг байна лээ. Овъёос ч гэсэн жаахан дараад байдаг шүү дээ. Тиймээс байгалийнх нь сайхан өвс ногоо, усаар нь л тэжээсэн нь хамгийн зөв арга гэж боддог доо. 
-Үхрийн сүүг  саамтай сөөлжүүлж өгдөг юм уу, эсвэл дангаар нь өгөх нь зүйтэй юу?
-Ган, зудтай цагт бол манай нутгийнхан гүүгээ барьдаггүй юм. Тиймээс үнээний сүү өгдөг. Харин дэлгэр сайхан зун болбол саам өгчихнө. Үхрийн сүү олон талын ашиг тустай. Морины хөлс их задгайрна, бүх төрлийн хорыг тайлна.
-Бүх адуунд ижил хэмжээтэй өгчихдөг юм уу?
-Би бол бүгдэд нь адилхан л хоёр литрийг өгчихдөг юм. Гэхдээ мэдээж бүсийн уралдаанд мордуулах санаатай адуунууддаа л өгнө. Түүнээс биш сумын баярт мордуулах адуундаа сүү өгч сүржигнээд байхгүй л дээ. Гэвч бас жил болгон өгөөд байхгүй ээ. Ган, зудтай жил нь адуугаа тэнхрүүлэх зорилгоор сүүгээр тэжээдэг.
-Би таны ярианаас өвөлдөө огт тэжээдэггүй юм байна гэж ойлголоо?
-Зөв, зөв. Цагаан сарын дараа өвс ургамал хараахан гарч амжаагүй, цагаан өвс муудчихсан үe байдаг даа. Тэр үед жаахан овъёос, улаан хивгээр сар хэрийн хугацаанд тэжээдэг юм. 
-Тустай зөвлөгөө хайрласан танд баярлалаа. Ингэхэд Мнлай нутгийн адуугаар  наадаж байна уу. Эсвэл нийтийн жишгийг дагаад зүүн талаас хурд сэлбэсэн үү?
-Зүүн талаас цус сэлбэж, англи эрлийз азарга авч тавьсан. Одоо төлүүд нь шүдлэн болцгоож байна. Монгол адуу нь Хүнгийн гол, Давсны гол, Баяннуурын угшилтай. Хүнгийн голын адуу дээр үеэсээ л их хурдтай, тойрсон хэдэн сумандаа төдийгүй аймгийн баяр наадмаас айраг, түрүү алддаггүй байлаа. Манай адуу ч бас Хүнгийн голын угшилтай. Алдархаан сумын 50 жилийн ойд түрүүлсэн миний хөгшин цагаан морь бол Хүнгийн голын адуу. Би нэлээд харьсан хойно нь аваад жил дараа Алдархаанд түрүүлгэж байсан.

-Хурдан алаг тань мөн тэр голын адуу гэдэг билүү?
-Тиймээ. Би eр нь Хүнгийн гол, Давсны гол гээд энэ тойронгийн адуугаар л нааддаг юм. Тойрсон хэдэн сумд болоод Баруун бүсийн наадмаас нэгэн хэсэгтээ л айраг алдаагүй дээ. Одоо нас нилээд хөгширлөө. Гэвч хүн гэдэг амьтан юманд сэтгэл ханадаггүй юм байна. Өндөрхангайн баярт бэлтгээд үрээнүүдээ тавиагүй л байна. /Увс аймагт болсон Ханхөхий хайрханы тахилга баруун бүсийн уралдааныг хэлэв/ Энд авч ирсэн хоёроос бусад нь тэнд уралдана. Ламын гэгээний баярт аман хүзүүдэж, Дөрвөлжингийн ойд соёолондоо түрүүлж байсан хар морь маань Нүүдэлчдийн соёлын наадамд жаахан хадуурчихлаа.

ХҮНГИЙН ГОЛЫН АДУУ ХЭЗЭЭНЭЭСЭЭ ХУРДАЛСААР ИРСЭН
-Хүнгийн голын адуу онцгой хурдан байдаг нь юутай холбоотой юм бол. Байгаль цаг агаарын зохилдлого, өвс ургамлаасаа шалтгаалж байна уу, эсвэл удамшил юм болов уу?
-Аль аль нь хосолж байгаа байхаа. Миний эцгийн эцэг их хурдтай хүн байсан гэдэг. Өөрөө сайн адуутайгаас гадна наймаа арилжаа нэлээд хийдэг. Ингэж миний дээдэс эртнээс адуугаа чанаржуулж ирсэн.  Одоо би залгамжлан адуугаа чанаржуулах гэж хэрдээ зүтгэж байна. 
-Танай адууг хурдан гэх юм билээ. Тэгж ярих уяачтай нэг бус таарч байсан ?
-Тийм шүү. Аймгийн баяр наадамд дөрвөн удаа түрүүлж байсан Нямзааны алаг азарга, түүний төлүүдэээс эхлээд  Зүүнхангайн хурдан хар азарганы удмаас хүртэл авсан.  Хүний энэ механик үйлдлээс гадна байгалийн зохилдолгоо бас их нөлөөлж байна.
Манай нутаг бол харьцангуй ган, зуд болоод байдаггүй. Элсэндээ их амттай, чанартай ургамалтай болохоор мал их амархан тэнхэрдэг  онцлогтой. Бас Хүнгийн голын ус гэдэг чинь ариун бөгөөд тунгалаг рашаан шүү дээ. Шинжээчид Хүнгийн гол, Холбоо нуур, Баяннуурын усыг шинжилж үзээд хүн, малын эрүүл мэндэд хамгаас сайн, дотор гэдсэнд ямар ч хор нөлөө үзүүлдэггүй гэдгийг нь тогтоосон байдаг. Түүгээр ч зогсохгүй, хүний уух ёстой хоёр, гурван төрлийн рашааныг дотроо агуулдаг гэсэн байна лээ. Ходоод нь өвдсөн хүн болон архи уусан хүн Хүнгийн голын уснаас уугаад л эрүүлжчихдэг юм.
-Эрт дээр цагаасаа усны тунгалагийг сорчил гэдэг байсан. нь учиртай байжээ?
-Хүнгийн голын уснаас ундаалсан адууны хөлс их задгайрдаг нь ажиглагдсан. Мөн элсний ургамал малыг их сайн тэнхрүүлдэг, тарга хүч ч сайн авахуулдаг. Харин дадаагүй болохоороо ч тэр үү, хангайн борог өвсөнд гарч ирэхээрээ л адуу жаахан муудчих гээд байдаг юм. Энэ ч утгаараа ус, ургамалд бас их учир байх шиг байгаа юм шиг санагддаг. Тиймээс ч би Хүнгийн голоо л бараадаж, морьдоо уядаг.
-Энэ голын адуу ямар онцлогтой вэ?
-Дээхнэ үед цагаан голдуу зүсмийн адуу байдаг байсан юм. Одоо удам угшил, цус нь нилээд холдоод, бараан дэвсгэртэй зүс давамгайлж байна. Биеэр бол нэг их том биш, жинхэнэ монгол адууны хэв шинжийг хадгалсан адуунууд л байдаг юм. Дээхнэ үед Мондгойн цагаан, Рэнцэнгийн бор гээд алдартай сайхан морьд олон байлаа. Мондгойн цагаан л гэхэд сумын наадамд 10 түрүүлсэн ажнай. Завханмандалын 367 морины уралдаанд би авч очиж, түрүү байг хүртэж байлаа. Мотоциклиор байлсан анхны уралдаан байсан юм.
-367 морины уралдаан чинь яг социалист систем задрахын өмнөхөн болсон билүү?
-Тийм. 1989 онд болсон юм. Дараа нь 1995 онд Рэнцэнгийн бор морийг уяж, Сар хайрханы наадамд айрагдуулж байлаа. Тэр наадамд миний сартай хүрэн үрээ хязааланд аман хүзүүдсэн. Миний төрсөн ах Дөрвөлжингийн нэгдлийн дарга, Хөдөлмөрийн баатар Б.Доржсамбуу Ш.Отгонбилэг агсантай хамтран тэр наадмыг зохион байгуулсан юм. Тэр наадмаас хойш  адууны шандас хурдыг нилээд сайн үнэлдэг болсон юм шүү дээ. Ямар сайндаа л миний барилдаад авч чадаагүй морийг хүрэн маань хоёрхон жил уралдаад авчихаж байх вэ дээ. /инээв/

45 НАСАНДАА СУМЫН НААДАМД ТҮРҮҮЛЭЭД ЗОДОГ ТАЙЛСАН

-Барилдах гэснээс та сумын баяр наадамд нилээд хэдэн удаа түрүүлсэн гэдэг байх аа?
-Би сумын баяр наадамд 15 удаа түрүүлж, гурван адуу шагналд нь авч байлаа. Тухайн үед
2 м 50 см 22-ын торгон дээр нэг цай юм уу, сахар тавьж өгдөг байсан юм. Морины бай ч бас адилхан. Нэгэн үе ч уламжлалаа дагаад эр хүн бүр л зодог шуудаг өмсөөд, дэвдэг байлаа шүү дээ. Одоо ч барилдахаасаа илүү морь руу л хошуурцгааж байна. Арга ч үгүй юм уу даа, багийн өдөрлөгийн түрүү морийг л мотоциклиор байлж байна шүү дээ.
-Эрийн гурван наадмын хоёроор нь нааддаг юм байна. Хэдэн наснаасаа эр бие чангарч, бөхийн дэвжээнээ зодоглож эхэлсэн бэ?
-Би 1971 онд Эрдэнэхайрханд наймдугаар анги төгссөн. Зун нь сумын баяр наадамд зодоглоод түрүүлж байлаа. Түүнээс таван жилийн дараа Сантмаргазын 20 жилийн ой болсон юм. Би тэгэхэд Шарын голын усны аж ахуйн техникумын газар зохион байгуулалтын ангийн хоёрдугаар курст сурч байлаа. Увсын хэдэн бөхчүүдтэй хамт Сантын ойн наадамд барилдаад түрүүлсэн. Улмаар аймгийн нэгдэл дундын 10 жилийн ойн наадамд мөн түрүүлсэн. Самбо, жүдогоор ч бас давхар хичээллэж, жүдо бөхийн спортын мастер цол хүртэж байлаа.
Жүдо бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний  68, 74 кг-ын жинд ээлжилж ордог байлаа. Идэрчүүдийн Аварга шалгаруулах тэмцээнд хоёр ч удаа дөрөвдүгээр байрт шалгарч байлаа. Сүхбаатарын Чулуун, Говь-Алтайн Давааням, Увсын Тулгаа гээд мундаг залуучуудтай хамт жүдогийн дэвжээнээ ноцолдож явлаа. Улсын Аварга шалгаруулах тэмцээнд гурав, дөрвөн ч удаа орсон. Үндэсний бөхөөр бол 45 хүртлээ барилдсан.
-Хэдэн наснаасаа морьтой ноцолдож эхэлсэн бэ?
-1982 оноос эхэлсэн. Морио уяад л, бөхөө барилдаад л явдаг байлаа. 
-Бөх, морь хоёр нэг саванд багтахгүй гэдэг яриа ч бас байдаг. Эр хүний ид хавыг гайхуулсан энэ сайхан спортоор хоёулангаар нь оролдож, тэгш сайхан амжилт үзүүлж явсан хүний хувьд энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Сонгины төвийн нээлтийн баяр дээр миний хул морь, алга үрээ, хул соёолон гурав гурвуулаа түрүүлээд, би ч бас түрүүлж байлаа. Даанч хул морь маань түрүүлж ирээд л амьсгал хураачихсан юм. Тэгэхэд манай нутгийн Сангижав гэдэг хүн “Чи бушуухан хоёрын даваанд уначихаад хүрээд ирэхгүй дээ. Нэг сумын наадамд морь, бөх хоёр хоёулаа түрүүлнэ гэж байдаггүй. Тийм зүйл болбол амьтны хэл ам тойрдоггүй юм. Нутгаас минь төрсөн ганц сайхан хурдан морийг хавчигт нь үхүүлчихлээ. Чи яасан мунхаг хүн бэ?”гэж загнаж байсан юм. Би бас мөчөөгөө өгөхгүй “Морийг хүн олдог болохоос биш морь хүнийг олдоггүй юм. Би дахиад л хурдан морь олчихно, надад дахиад л хурдан морь төрнө” гэж билээ. Энэ мэтчилэнгээр хүмүүс морь, бөх хоёр нэг газар зэрэгцээд сайн явж болдоггүй л гэдэг. Гэвч би залуудаа аль алийг нь орхиж чаддаггүй байсан юм аа. Харин нас ахиад ирэхээрээ морьтойгоо илүү ойр болсон.
-45 насандаа зодог тайлсан гэсэн. Хамгийн сүүлийн наадамдаа хэд давсан бэ?
-Сумын баяр наадамд түрүүлээд л, зодог тайлсан.

БИ ГУРАВ ДАХЬ ҮЕИЙН УЯАЧ 
-Борнойн Баасанжав гэгч эрийг танихгүй хүн баруун бүсэд цөөн. Төрдөө үнэлүүлж, түмэндээ хүндлүүлж яваа нь адуунд элэгтэй дээдсийн минь буян гэж бодогдох уу?
-Бодогдолгүй яахав. Би гурав дахь үеийн уяач болж байна. Өвөөгийнхөө тухай би дээр ярьсан.
Хүнгийн голын цагаан, бор голдуу хурдан адууг үржүүлж байсан гэдэг юм. Би даанч өвөөгөө харж байгаагүй. Аав маань нилээд өндөр нуруутай, 100 гаруй кг жинтэй, их бяртай хүн байсан. Тэмээгээр отор хийдэг, морь зэргийг бол татаад л унагачихдаг, тэмээ ноослох үед эмнэг, дөрвөн шүдтэй атыг хойд хөлөөс нь сунгаж, мушгиад  унагачихдаг хүн байлаа. Аав маань биднийхээ дэргэд өндөр сайхан наслаад, 82 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн.
-Айхтар тэнхээтэй хүн байж. Нэгдэл нийгмийн үед ямар мал маллаж байсан бэ?
-Нэгдлийн адуу малладаг байсан. Манайх амины цөөн хэдхэн чанартай адуутай айл байлаа. Түүнийгээ нэгдлийн адууны аль сайнаар сэлбэнэ.
-Хориотой байгаагүй юу?
-Эмнэг догшныг нь сургаад урамшуулалд нь авна л даа. 75 даага сургахад гурван даага бэлгэнд  өгдөг. Аав маань морь сайн таньдаг болохоор сайн угшлын даагануудыг нь шилж авдаг байсан юм шиг байна лээ.
-Ингэхэд эцэг эхээсээ хэдүүлээ вэ?
-Бид эцэг, эхээс есүүлээ. Таван эмэгтэй, дөрвөн эрэгтэй. Эр, эмгүй л адуунд эрэмгий өссөн.
-Борной гуай эцэг, эхээс олуулаа юу. Бүгд аав шиг тань биерхүү, бяртай хүмүүс байв уу?
-Тавуулаа юм гэнэ лээ. Аав маань айлын отгон хүү байсан юм. Би Нүдэн Жүүжээ гэдэг ахыг нь л муухан мэддэг юм. Харин ээж маань бол жижигхэн биетэй. Гэвч барагтай морины булгианд унадаггүй, адуунд эрэмгий хүн байсан. 
-Аав, ээж хоёр тань хоёулаа Сантмаргазынх уу?
-Тийм ээ. Ээж Давсны гол, аав Хүнгийн голынх. Цэцэн-Уул, Сантын залгаа нутаг л даа.
-Сартуулын хошуу гэдэг байх аа. Та тэгэхээр Сартуул хүн байх нь ээ?
-Тийм ээ, би жинхэнэ сартуул хүн.

ЦАГААН МОРЬ ШИГЭЭ ГАНЦ АДУУТАЙ БОЛ БИ ТӨРИЙН НААДАМД ЖИЛ АЛГАСАХГҮЙ ОРОЛЦОХ БАЙЛАА

-Сайн хүлэг эзнээ сайн уяач болгодог гэдэг. Анх ямар морь уяж байсан бэ?
-Аавынхаа жаахан шар халтар мориор л эхэлж байлаа. Би багадаа унадаг байсан юм. 15, 16 нас хүрээд нөгөөхөө уяж эхэлсэн. Бас нэг халтар морь ч гайгүй давхиж байсан. Тэр нь манай ээжийн талын буюу Давсны голын адуу л даа. Морьд гайгүй хурдлаад эхлэхээр би бөхөө орхиод, морь руугаа түлхүүхэн орчихсон юм. Барилдахаа больсоноос хойш 1995 онд Сархайрханы даншиг наадамд сартай хүрэн маань хязааландаа аман хүзүүдсэн. Сартай хүрэн маань Увсын Тавантэс талын угшилтай, жаахан Тувагийн эрлийз цустай, том биетэй морь л доо.
-Сайн хүлэг эзнээ хайж явдаг гэдэг. Ямархан учрал тохиолоор таарч байсан бэ?
-1995 онд хязаалан үрээ таван адуугаар авсан юм. Тухайн үед хөдөөгийн малчид мөнгө төгрөг гэж ярьдаггүй, адуугаа адуугаар л сольдог байлаа. Сартай хүрэн маань надад ирснээсээ хойш олон ч түрүү авчирсан даа. Хамгийн анхны өндөр байтай уралдаан гэвэл Ш.Отгонбилэг агсны сонгуулийн сурталчилгааны уралдаанд түрүүлж, 500 мянган төгрөгийн шагнал авч байлаа. 
-Хүрэн үрээ тань хэдэн нас хүртлээ уралдсан бэ?
-13 нас хүртэл нь уралдуулаад, 14-тэйд нь Тод Манлай уяач Цандэлэгт өгчихсөн. Би Тод манлай уяач Цандэлэгтэй нилээд дээр үеэс адууны наймаа хийж эхэлсэн юм. Тод манлай маань Сүхбаатар аймаг руу хүнд өгсөн гэнэ лээ. Тэнд очоод өвлийн бооцоот уралдаанд нилээд дээгүүр давхилаа гэж дуулдсан. 
-Зарим уяач тухайн наадамд зориулж, сайн адуу худалдаж авдаг. Зарим нь адууныхаа ерөнхий угшлыг сайжруулах зорилгоор сайн адуу цуглуулдаг. Таны хувьд?
-Сайн адуу олж авах зорилго л тээдэг дээ. 
-Сархайрханд таны бас нэг морь айрагдсан байх аа?
-Тийм. Цагаан морь айрагдсан. 
-Хүнгийн голын унаган хүлгийнхээ тухай жаахан дэлгэрүүлээч?
-Тэр цагаан морь надад ирэхээсээ өмнө сумандаа хэд хэд айрагдсан.  Би авбал уячихмаар л санагдаад эзэнд нь хэлтэл “манай энэ морь хоол ихтэй бол явдаггүй юм. Хоол багатай л сайн давхидаг юм” гэдэг юм. Тэр үед би хоршооны захирлаар ажиллаж байсан юм. Хятадаас сайн чанарын гурил, будаа оруулж ирдэг. Тэгээд нөгөө хөгшинд нэгэн удаа “Би цагаан морийг чинь авъя” гэсэн чинь “Тэг. Манай нэг хүү гэрлэх гэж байгаа юм. Гэрийн мод өгөөд ав. Дөрвөн цагийн л хоолтой явдаг адуу шүү. Дөрвөн цагаас илүү хоол өгвөл наадах чинь цулбуур авахгүй шүү” гэдэг юм байна. Авсныхаа дараа Сархайрханы баярт бэлтгээд, дөрвөн цагийн хоол өгөөд 12 км-ийн үсэргээнд мордуулчихсан чинь ганцаараа их хол тасраад явчихлаа. “Үнэн юм байна” гэж яриад сууж байтал 10 км яваад суучихдаг юм байна. Тэгээд Норсонгийн хар морь, миний цагаан алаг хоёрын ар дээр гурваар давхисан юм. Маргааш нь эрт тавьчихаад, 10 цагийн хоол өгч байгаад, нэг өдрийн дараа дахиад 12 км-тээ үсэргэлээ. Гараа нь жаахан хоригдчихсон, гурав, дөрвөөр л гарсан байх.  Тэгснээ долоо, найман км яваад л тасарчихсан. Тэр туршлагаараа 10 цагийн хоол өгөөд Завханмандалд хол тасархай түрүүлгэж байлаа. Түүнээс хойш олон түрүүлсээн.
-Өмнөх эзэн нь хоолыг нь багадуулж, тамирдуулаад байдаг байж дээ?
-Тийм. Хоол нь дуусаад л явахаа байчихаад байсан юм билээ. 10 цагийн хоолтой, өдөрт нэг аяга овъёосны нэмэгдэлтэй мөн ч олон түрүүлсэн дээ. Би 17-тойд нь авсан юм. 18-тайдаа Баянхайрхан, Тэс, Зүүнхангай, Баруунтуруун, Зүүнтуруун, Зүүнговь гээд тойрсон хэдэн сумдад хэд хэдэн ч удаа түрүүлсэн. Түүний араас алаг морь залгаад гарч ирсэн юм. 
-Та бараг зодог тайлах гэж байгаа морь авчээ. Танд ирээд хэдэн жил уралдсан бэ?
-Хоёр жил уралдуулсан. 20-тойдоо хөлөө жаахан дарчихсан. Тэгээд би 10 гаруй хүүхэдтэй, нутгийн нэг бууралд “Зул бариарай” гээд өгчихсөн юм. Тэргүүнийг нь авч үлдсэн. Надад одоо ч байгаа. 
-Та ярианы эхэнд “Хүнгийн голын адуу бие жижигтэй байдаг” гэж хэлсэн. Харин цагаан морь бол бие хаа сайтай, сайхан том морь байсан гэж байна. Онцгой л хүлэг байж дээ?
-Тийм ээ, гайхалтай сайхан адуу байсан юм. Цагаан морь шиг морьтой бол би төрийн наадамд жил алгасалгүй л оролцох байлаа. Мордуулснаас хойш км газар яваад л тархинд гардаг адуу. Арынхаа морьдоос улам л холдоод байна уу гэхээс биш ойртуулахгүй шүү дээ. Надад түүн шиг хурдан адуу дахиж заяагаагүй. Гэвч олон сайхан хүлгийнхээ буянаар Монгол Улсын Манлай уяач гэдэг эрхэм цолыг хүртсэн. Эцэг өвгөдийнхөө үеэс адуу гэдэг амьтныг шүтэж, хайрлаж явсны буян биз ээ гэж сүсэглэдэг юм. 
-Цагаан морины араас залгаж хурдалсан алаг морь нь хаанахын ямар угшилтай адуу вэ?
-Цонжид гэдэг хүний унаган адуу. Эцэг алаг азаргыг нь манай авга ах  хязааланд нь худалдаж аваад, азарга тавьсан юм. Улмаар би авч уяад, сумын баяр наадмаас тав, зургаан түрүү хүртсэн. Зүүнхангайд хар азарга түрүүлж, миний алаг аман хүзүүдсэн юм. Тэгсэн чинь манай аймгийн Нямзаан гэдэг уяач сонирхоод эхэлсэн. Би ч тэр хар азаргыг сонирхож байсан учраас алаг азаргаа зарчихсан юм. Нямзаанд очоод алаг азарга маань бас сайн давхисан. Харин надад төл алаг морь нь хурдалж аймгийн баяр наадамд дөрвөн ч удаа түрүүлсэн. 
-Алаг морины эх нь хаанахын угшилтай, ямар гүү байсан бэ?
-Манай өөрийн унаган  хул хээр гүү байсан юм. 
-Алаг морь бие жижигтэй гэж сонссон. Ингэхэд алаг азарга бие, хэлбэр хийцээр ямаршуухан адуу байсан бэ?
-Алаг азарга бол их биерхүү адуу. Харин алаг морь эхийгээ дуурайсан бие жижигтэй, нимгэн арьстай. Алаг морь ч бас олон түрүүлсэн дээ. Нэг жилийн дотор найман ч түрүү хүртсэн. Тодруулбал, Баянхайрханы 60 жилийн ойн наадамд түрүүлээд,  гурав хоногийн дараа болсон. Баянтэсийн ойд очиж ахиад түрүүлсэн. Залгуулаад, Тэсийн наадам, Дөрвөлжингийн сургуулийн ой гээд мордсон наадам бүртээ л түрүүлдэг байсан даа.
-Та алаг морио хэдэн наснаас нь эхэлж уясан юм бэ. Танай нутагт багад нь уядаггүй, бүдүүрсэн хойно л уяад байдаг юм шиг байна?
-1995 оны даага байгаа юм. Би дааганаас нь эхэлж уясан. Даагандаа Сархайрханы даншигт зургаагаар хурдалж байлаа. Тэгэхэд өөр нэг хээр даага гурваар хурдалсан.
-Шүдлэнгээсээ айраг хүртэж эхэлсэн юм уу?
-Сонгино, Цэцэн-Уул, Тариат гурав нийлж Адууны баяр хийхэд даагандаа түрүүлсэн юм. Сантын баярт ч бас түрүүлсэн. Шүдлэндээ түрүүлж ирээд уначихсан юм. Завханмандалын ойн наадамд Увсын шилмэл хүлгүүд ирж уралдахад алаг морь маань соёолондоо түрүүлж байлаа. Тэр наадамд их насны цагаан морь, шүдлэн үрээ хоёр маань бас түрүүлж, бор хээр азарга маань аман хүзүүдсэн. Ингээд нэг наадмаас дөрвөн түрүү, хоёр айраг хүртэж байлаа. 
-Алаг морь хэд хүртлээ уралдсан билээ?
-19 хүртлээ уралдсан. Одоо 23-тай сүрэг дотроо давхиж яваа.  
-Олон жил уралдсан адуу наадам дөхөхөөр өөрийгөө сойчихдог. Алаг морь тань наадам дөхөхөөр уяа бараадаад, бие хаагаа хөнгөрүүлэх байдал ажиглагдаж байна уу?
-Тийм ээ, уяан дээр ирээд зогсчихдог юм. Би жаахан тэжээл амсуулаад, орой адуутайгаа явуулчихдаг юм. Морьд уяхаар, хүүхэд гийнгоолохоор уяан дээр гүйгээд л ирдэг юм. Адуу гэдэг хүнээс ч ухаантай амьтан юм даа. Одоо ид уралдаж байгаа энэ хар морь, хүрэн азарга хоёр бол ямар ч машин дотроос гаргахаар ганцхан үнэрлээд л, дөрвөн хөл дээрээ харайгаад гараад ирдэг юм. Их эвтэйхэн буучихдаг. Ингээд л бүх юманд дадаад сурчих юм байна шүү дээ.

УРАЛДААНЫ БАЙНД 22 МОТОЦИКЛЬ АВСАН БАЙНА ЛЭЭ
-Завханмандалын ойн наадмаас анхны мотоциклийн байгаа авч байсан гэсэн. Та морины бай шагналд нийт хичнээн мотоцикль авч байв. Тоолж үзэв үү?
-Тоолж үзсээн, нийт 22 мотоцикль авсан байна лээ. Унахыг нь унаад, зарахыг нь зарчихдаг. Мөн 2011 онд Увсын даншиг наадамд шүдлэн үрээ түрүүлж, бай шагналд нь УАЗ-69 машин авч байлаа.
-Та ер нь адуугаа цатгаландуухан л мордуулдаг юмаа даа?
-Би морины хоол хасах дургүй. Ер нь бүтэн онгойчихсон морь хоолонд сойгдоно гэж байхгүй л дээ. Идээд зогсохоор нь шөнө нэг цагийн амралт өгчихдөг юм. Адуу чинь их нойртой амьтан шүү дээ. Зогсоогоороо ч, хэвтээгээрээ ч унтана. Бүтэн онгойгоод, хөлс нь задгайраад сайхан болчихоор нь хоолыг нь ханатал өгчихдөг юм.
-Өвөг эцгийн тань цуглуулсан Хүнгийн голын хурдан угшлын адуунуудын шандаст хүлгүүд таны уяан дээр тасралтгүй л хурдалсаар байгаа юм байна. Алаг морины дараа ямар хурдан ажнай амжилтынх нь буухиаг залгамжилж хурдлав?
-Увс талаас дамжигдаж ирсэн хар морь хурдалсан. Мөн Сант, Хүнгийн голын унаган адуу болох халзан морь байна. Энэ хоёр маань Эрдэнэхайрханы тахилгат гурав, дөрвөөр дарааллан ирж байлаа. Уржнан жил Тэлмэнд бас аман хүзүү, гурваар дарааллан ирсэн. Тэгэхэд Хадуушкагийн хээр гэж эрлийз хээр морь түрүүлсэн юм. Манайх аймгаасаа хол болохоор аймгийн наадамд тэр бүр очиж чаддаггүй юм. Уржнан билүү дээ, Батбаяр бас баяр зохион байгуулсан. Хар морь маань тэр наадамд аман хүзүүнд хурдалж байгаад хадуураад, дөрөвлөсөн. Тэр жилдээ Дөрвөлжингийн сургуулийн ойд түрүүлсэн. Ноднин сумандаа түрүүлээд  Идэрт болсон Ялгуусан гэгээн Хамбын гэгээний баярт аман хүзүүдсэн. Энэ жил хаврын уралдаанд түрүүлээд сая Нүүдэлчдийн соёлын наадамд хадуурчихлаа. Одоо Увсын тахилгын наадамд бэлтгэж байна.
Харин халзан морины маань хөл нь жаахан дараад, энэ жил өнжөөчихлөө. 
-Баруун бүсийн наадмаас айраг алдаггүй Баасанжав Манлай төрийн  зарлигт наадмаас хичнээн айраг, түрүү хүртээд байгаа вэ?
-Тэсийн даншигт сартай хүрэн морь аман хүзүү, хээр морь гурав, хязаалан таваар давхиж, гурван айраг хүртсэн. Хээр нь Цэцэн-Уулын Цэрэнбазарын хээр гэж хурдан сайвар морь байсан юм. Цэцэн-Уулдаа хэд хэдэн удаа түрүүлчихсэн, 15, 16-тай морь би авч байлаа. Тэгээд “Их хурд”-д тавиад хүүхэд нь уначихаар нь Содномцог гуайд бэлгэнд өгчихсөн.
Мөн Говь-Алтай аймгийн Дэлгэрийн даншигт хээр шүдлэн үрээ айрагдсан. Түүний өмнө Говь-Алтайн баруун бүсийн даншигт халзан хязаалан гурваар давхисан. Тэр наадмаас би хоёр айраг хүртсэн. Мөн Баян-Өлгийд болсон даншигт бор хээр морь аман хүзүүдэж, нэг айраг авсан.
-Хээр үрээ хаанахын адуу билээ?
-Хүнгийн голын унага. 
-Ховдод болсон баруун бүсэд хүрэн азарга сайн давхисан. Тэр хаанахын адуу билээ?
-Ховдод давхиад байгаа хүрэн азарга Тод манлай уяач Цандэлэгийн адууны угшилтай юм. Дээгүүрээ бол Жамбагын Аварга зээрдийн угшилтай. Цандэлэгийн Соёмбо зээрдтэй эцэг нэгтэй шахам юм билээ. Тэр хүрэн азарга Увсын даншигт гурваар давхиж байлаа. Тэгэхэд халзан азарга айрагдаж, шүдлэн үрээ түрүүлж байлаа. Тэлмэнд болсон даншиг наадамд Цандэлэгийн Соёмбо түрүүлж, халзан азарга аман хүзүүдсэн. 
-Халзан азарга мөн л Хүнгийн голын унаган адуу юу?
-Сантын Пүрэвжал гэдэг хүний унаган адуу. Хязааландаа нэлээн сайн давхисан даа.
-Таныг азаргаар голдуухан нааддаг юм болов уу гэж ажиглаж байлаа. Тэгтэл их насны морьдоор л голдуухан сайхан нааддаг байжээ?
-Би ер нь их насны мориор л эхэлсэн хүн дээ. Сүүлийн үед л азаргаар голдуухан наадаж байна. Бас бага насны адуу нилээд сойж байна. 
-2015 онд Увсын баруун бүсэд яаж наадсан билээ?
-Очилгүй яах вэ. Их насны морь маань гурваар ирсэн боловч дундуур нь морь хийгээд, бөөн холион бантан болгочихсон юм. Тэгээд их насны морио барьж чадаагүй юм.
-Одоо Ханхөхийн тахилгат хэдэн насны адуу мордуулахаар бэлтгэж байгаа вэ?
-Хоёр хүрэн, нэг цоохор гээд гурван азаргатай очно. Цоохор азарга нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын адуу. Хөвсгөлийн нэг нөхөр ачиж ирээд “Даагандаа Хөвсгөлд түрүүлсэн, Сүхбаатар чигийн адуу байна. Таван саяар өгнө” гэхэд нь би авсан юм. Ноднин Цэцэн-Уул, Сонгино, Санмаргазаар уралдаж хэд хэдэн айраг хүртсэн. Бас нэг шүдлэн үрээ, соёолон, их насны хоёр морь тавина.
-Та 2003 онд Монгол Улсын Алдарт, ноднин Манлай уяач цол хүртсэн. Хэдийгээр орон нутгийн уяачдыг дэмжих, цол хэргэмд хүргэх зорилгоор бүсийн уралдаануудыг зохион байгуулж байгаа гэх ч хаа газрын уяачид тэжээлтэй, дөрвөн улирлын уяатай адуугаа ачиж авч ирээд, хөдөөгийн уяачдын цол авах боломжийг хаачихдаг. Энэ ч утгаараар орон нутгаас улсын цолонд хүрэх бас нилээд хэцүү л санагддаг юм. Та үүнтэй санал нийлэх үү?
-Тийм ээ, хэцүү хэцүү. Нэгдүгээрт, газар хол болохоор бид тэр бүр улсын наадамд очиж оролцож чаддаггүй. Хоёрдугаарт, байгаль дэлхий жил бүр ивээлээ хайрлахгүй шүү дээ. Гуравдугаарт, Улаанбаатарын уяачид болоод орон нутгийн уяачдын уяаны арга барил эрс ялгаатай. Миний бодлоор Улаанбаатарын уяачдын хувьд морь уяна гэдэг нь нэг ёсондоо шинжлэх ухаан, мэргэшил болчихож. Тэд адуугаа эмчилгээнд оруулж байгаа аятай л тарьж, тусгай тэжээлээр бордож байна. Харин бид бол өвсөөр нь голдуухан уралдуулдаг. Гэхдээ хар морь, хүрэн азарга хоёр маань гайгүй байгаад байвал хойтон жилээс төрийн наадамдаа очиж хурдан хүлгийнхээ тоосыг өргөх бодол байна. Бас хоёр, гурван гайгүй шүдлэн байна. Англи цустай азарга байна. Эрхэмбаяр Аваргын цолны мялаалгын наадамд шүдлэн үрээ түрүүлж байсан юм. Түүнээс хойш би бараг уяагүй. Төлүүд одоо ид гарч ирж байна. Энэ жил л гэхэд 10-аад эр унага гарсан. дээр нь хүрэн азарганы маань төлүүд ч бас байна. Аварга хүрэн, цоохор азарганы төлүүд ч бий. Эднийхээ үр төлөөр наадна даа. 
-Унаган адуугаараа наадах уяачийн том бахархал гэдэг дээ? 
-Ээ дээ, тэгэлгүй яахав. Унаган тамгатай адуу том наадамд түрүүлж, айрагдахад дээшээ нэг юм хөөрөөд л явчихдаг юм шүү. Ах нь дээдсийн буян хурдан тууртын хишгээр төрдөө үнсүүлж Манлай уяач хэмээх эрхэм цолыг хүртлээ. Нэгэнт эрхэм цолонд хүрсэн тул зөвхөн өөрийн адуугаа сайжруулаад зогсохгүй тойргийн сумд, цаашилбал Завхан аймгийнхаа адууны удам угсааг сайжруулж, хурдыг таслахгүй байх юмсан гэж хичээдэг. Өөрөөр хэлбэл өнөөдөр айраг түрүү авахаасаа илүүтэй өнө хойчдоо уралдах сайн адуу гаргаж авахаар зорьж байна. Тэгж бодож олон жил зүтгэсний үр дүн эхнээсээ гарч адуу маань жигд сайхан хурдалж байна. Манай адууг гайгүй гэж дуулаад  Ховд, болон  Увс аймгийн уяачид ирж наймаа хийсэн. Увсын Өлгий, Өмнөговь сумдад очсон даага бүгд л сайн давхиж байгаа гэнэ лээ.  
-Нэгэн насны хөдөлмөрөө зарцуулсан угшил сайт адуун сүргийг өвлөн авч, морь уях эрдэмд шамдах залуус бэлтгэгдэж байна уу. Манлай хэдэн хүүхэдтэй вэ?
-Би гурван хүүхэдтэй. Хоёр охин, хоёр бандитай байсан боловч нэг хүү маань багадаа эндчихсэн юм. Ганц хүү маань одоо “Тавантолгой”-д эдийн засагч, менежерээр ажиллаж байна. Амралтаараа ирж, морьдоо уялцдаг л юм. Мөн хоёр хүргэн маань хамжилцана. Бас эгч, дүү нарын хүүхдүүд  морь уяцгааж байна. Ямартаа ч өвөг эцгээс маань улбаатай адуунд эрэмгий удам маань үе дамжин үргэлжлэх л шинжтэй байна.
 Борнойн гуайн хүүхдүүдээс та Эрдэнэцогт дүүгийнхээ хамт уяаны эрдмийг нь залгамжлаад явж байгаа. 

-Морины уяа эвлүүлдэг өөр хүн бий юу?
-Балжинням гээд манай нэг дүү ноднин талийгаач болчихлоо. Том ах маань Хөдөлмөрийн баатар Доржсамбуу гэж байсан. Одоо манай дүү нараас Эрдэнэцогт л байна даа. Бүсийн уралдаанаас тав, зургаан айрагтай. Улсын Алдарт уяач цолонд нилээд дөхчихөөд явж байна.
-Эрийн гурван наадмын хоёроор нь наадаж буй Манлайн хувьд бахдалт наадмууд олон биз. Тэдгээрээсээ хамгийн нандиныг нь хуваалцаач?
-Сумын ойн наадмууд л сэтгэлд их тодхон үлдсэн байдаг даа. Хөдөөгийн сумдын баяр наадам ямар нэгэн хэл ам, хэрүүл шуугиангүй, зохион байгуулалт сайтай, их сайхан болдог юм шүү дээ. Сантмаргазын 20, 30, 60 жил, Завханмандалын 70, 80 жилийн ойн наадмууд их сайхан дурсамж үлдээсэн байдаг.
Морь уяна гэдэг чинь бүтэн жилийн хөдөлмөр. Уяач хүн морьтойгоо л адилхан бүтэн жил сойгддог. Тиймээс ч ямар нэгэн будилаан гарахаар их гомдолтой санагддаг юм. Бидний арвин их өв соёл болсон эрийн гурван наадам маань тодорхой журам, заншилтай. Эрийн гурван наадамд оролцож буй хүн хүнтэй хэрэлдэж, муудалцдаггүй, хиншүү хярвас гаргаж болдоггүй. Наадам дуустал архи дарс амсаж болохгүй. Энэ мэтийг мэдэхгүй байгаа залуустаа хэлж захиж л явдаг юм.
-Бидний урилгыг хүлээн авч, чин сэтгэлийн сайхан яриа өрнүүлсэн танд баярлалаа. Монголчууд бид “Төрийн минь сүлд өршөө” хэмээн сүсэглэдэг ард түмэн. Энэ ч утгаараа төрдөө ивээгдсэн Тод манлай уяач болоорой гэсэн бэлгэ дэмбэрэлтэй ерөөлөөр ярилцлагаа өндөрлөе?
-Тэр ерөөл бат оршиг ээ. Уяачид биднийгээ морь сонирхогч түмэнтэй минь холбох гүүр болдог “Тод магнай” сэтгүүлийн хамт олондоо амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна