Гурван үеэрээ төрийн хишиг хүртэгсэд

А.Тэлмэн
2017 оны 11-р сарын 20 -нд

Өдгөө цагийн гялалзсан од Монгол улсын Алдарт уяач Бандиагийн Баярсайхан, түүний хүү улсын залуухан Алдарт уяач Баярсайханы Лхагва-Очир нарын талаар товчхон өгүүлсү.
Ууган аварга малчин
Баярсайхан алдартын аав Чулууны Бандиа улсын аварга хоньчин хүн байлаа. Ууган аварга малчин Чулууны Бандиа Дундгoвь аймгийн Хулд нутгийн малчдаас анх түрүүлэн улсын аварга малчин цолыг хүртжээ. Буурал Бандиа булган сүүлээ унжуулж 30 гаруй улсын аварга сайн малчин энэ нутгаас төрөн гарсан. Цаашид ч хөдөлмөрч, ажилсаг зоноос нэр цуутнууд мэндлэн гарсаар байх биз ээ. Ч.Бандиа гуай төлөг маллаж энэ эрхэм алдрыг хүртсэн юм билээ. Тэр үед малыг суурилж малладаг, төлөг шүдлэн авна гэдэг яггүй алба байв. Ч.Бандиа цаг хатуурахыг мэдэрч нутгийнхаа Алагт ирж үзээд энд л өнөө жил өвөлтэй юм байна хэмээн тооцож нэгдлийн олон төлгийг мэнд авч гаран, тухайн жилээ улсын аварга малчин цолыг хүртсэн гэдэг. Онцгой наймааны ухаантай, амьдралын арга ихтэй хүн гэж ярих нь бий. Түүнийг манай нутгийнхан хээрээс арван ат олсон хүн гэж хэлэлцэх ч байдаг. Учир юу гэвэл мань хүн хээрээс арван үнэг агнасан байна. Агнасан үнэгээ орос цэргийн ангид орос хромон гутлаар арилжжээ. Хромон гутлаа эргүүлж атны үнэ хүргэсэн гэх. Ерөөсөө бизнесийн нарийн ухаантай хүнийг аль ч тогтолцоо барьж хорьдоггүйн жишээ энэ буюу. Аавын энэ эрдэм хүүд өвлөгдсөн л байж таараа. Урьдын монголчууд хүлэг морио шинжихээс гадна хүүхэд багачуудаа шинждэг билгийн нүдтэй улс байлаа. Ч.Бандиа Хулд сумын худалдаа бэлтгэл ангийн дарга Гөлөгийн Мижидийнхээс Баярсайхан хүүг өргөж авсан нь ч үүний гэрч гэлтэй. Б.Лхагва-Очир Алдарт харин өвөг эцгээ “Намайг мөн ч их хөөргөдөг байж билээ. Өвөөгөө байхгүй болоход миний хүү хоёр цагаантай л үлдэнэ дээ гэнэ. Тэгж их урам өгч тэмүүлэл нэмж байсан байх. Миний энэ хурдлаад байгаа адууны дээд талыг ч манай өвгөн авч өгсөн юм шүү дээ” гэнэ.
Унаган адууны хурд
Хурдан хар азаргаараа Бандиагийн Баярсайхан наадмын түүхээ эхэлсэн юм. Говь зүгийн ховор түмэн эхүүдийг шон дээрээ сойж байсан хурдны буянтай аавын хүү. Д.Гарамжав гуай “Их азтай хүлгийн тэнгэртэй хүнд цөөхөн хурдан адуу заяана” гэсэн нь бий. Өгүүлэн буй Алдартад маань нэгээр тогтохгүй аварга хүлэг заяасан. Хар азарга ёстой л эзнийх нь хэлээр “Уяна гэдгийг уяачдаа заадаг, уралдана гэдгийг хүүхдэдээ заадаг” аварга адуу байсан. Тэр цагт говийн уяачид төрийн наадамд тэнгэрийн хүлэг л уралддаг гэдэг төсөөллөөсөө болж олон аварга адуугаа нутагт нь уралдуулсаар өтлүүлсэн гэж боддог юм. Хар сайхан уяатай, төрд ирэхэд юм дуулгаж мэдэх адуу байлаа. Баярсайхан морь луу орсон цагаас айраг, түрүү тасарсангүй. Арга байхгүй аз өм ихтэй аавын хүү болой. Айлын адуу зарим жилээ онцгой хурдтай байдаг юм. Хэрэв адуу авах бол тэр жилийн төлөөс нь авах хэрэгтэй гэж Самаагийн Ганзориг Алдарт нэг удаа хэлж байсан. Бандиагийн Баярсайханы адуунд 2011 онд хурдны хур байсан жил байж гэж бодогддог юм. Тэр жилийн дөрвөн чацуу хүлэг улс, бүсийн уралдаанд айрагдаж, түрүүлсэн гэдэг маш ховор тохиол. Бас цаана нь аваргуудынхаа суу алдарт дарагдсан орон нутагтаа уралдаж байгаа сайн хүлгүүд байгаа. 2012 онд Дарьгангын Ш.Рагчаасүрэнгээс зээрд даага авахаар хүүгээ ихэд хорхойсоход Б.Баярсайхан алдарт манайх олон сайн даагатай гээд татгалзсан гэдэг. Мөндөр нэрт тэр аварга хүлэг удалгүй говь руу өндөр үнээр зарагдсан. Хашир уяач зөв тооцжээ. Түүний адуун сүргийн Рагчаасvрэнгийн зээрдтэй чацуу хоёр аварга морь, хоёр аварга азарга наадмаа хүлээн дүүхэлзэж байгаа. Морь луу ороод 16 жилийн уйгагүй хөдөлмөр, тооцоотой ажлынхаа үр шимийг хүртэж 2014 онд улсын Алдарт уяач цол хүртсэн. Бодлоготой, тууштай, ухаан зарсан ажил заавал үр дүнгээ өгдөг байна. Энэ айлын адууны босоо унага одоо л цээнд хүрч байгаа даа...
Улсын хамгийн залуу Алдарт
Монгол улсын Алдарт уяач гэдэг эрхэм цолыг хамгийн залуу насандаа хүртсэн хүн бол Баярсайханы хүү Лхагва-Очир юм. Аавын бий болгосон алт шиг адуун сүрэг, өөрийн авьяас билэг, хөдөлмөр, оюун ухаанаар тордож цөөхөн жилд тэр цол хүртсэн түүхтэй. Ер нь морь ажиглалт, түүнээс бодож сэдсэн ажил, засал арай л онцгой доо. Би өөрийн адуунд гарсан хүлгийг бол унаганаас нь харсан юм болохоор ингэж тэгж уяна гэж хэлж чадна. Харин хүний адуунд гарсан унагыг ийм тийм гэж шинжихэд хэцүү гэж даруухан зан гаргана. Гэхдээ Алтанбулагийн Б.Шагдаржавын хүрэн гэдэг морийг энийг л би уяж чадна даа хэмээн уяж улс, бүсийн уралдаанд айрагдуулж байгаа хүнийг бишрэхээс яахав. Лхагва-Очир Алдартын талаар өөрийн хүрээнд мэдэх морь шинжсэн, зөгнөсөн түүхийг дурдъя. 2013 оны улсын баяр наадамд хээр шүдлэн аман хүзүүнд хурдлав. Цуг байсан уяачдад “Өнөө жил Н.Энхсайхан ахын уяаны янзын сайн хул даага ирсэн дээ. Бараг л түрүүлчих болов уу” хэмээсэн байна. Төрийн наадамд цөөн ирсэн залуу уяачид баргийн хүн итгээгүй гэдэг юм. Харин үнэхээр л тэр жил Н.Энхсайханы уясан Н.Амарбаясгалангийн Галбын говийн хонгор хэмээгч даага төрийн наадамд түрүүлсэн билээ. Улсын наадмын дараа Хулд сумын ой болов. Обогоо Алдарт Төв аймгийн 90 жилд хурдан хээр үрээгээ (Улс хээр азарга) долоод хурдлуулаад сумынхаа наадмын сүүлийн өдөр ирсэн байв. Тэр жил Лууст мөн хүрэн шүдлэн түрүүлсэн байсан юм. Би Алдартаас “Лууст түрүүлсэн хүрэн үрээгээ яагаад замаас татуулчихав” гэвэл “Аа, хойшоо наадамд явж байгаад ирэхэд жаахан уяа алджээ. Бөрзийсөн байна. Хэд хоногоос сэргэчих байх аа” гэдэг байна. Би ч дотроо одоо татуулж байгаа адуу хэд хоногт яадаг юм бол гэж бодсон. Гэтэл нөгөө хүрэн чинь хэдхэн хоногийн ард Дэлгэрхангай сумын ойд айрагдаж эзнийхээ эрдмийг баталдаг байна шүү. Тэр хүрэн хязааландаа Ханбогдын ойд их хол түрүүлж, соёолон Дүнжингаравт айрагдаж, өнгөрсөн жилийн Трансын улсын бүсийг хөтөлсөөр аман хүзүүдсэн Баавар нэрт хурдан хүрэн азарга болсон билээ. Одооны энэ дийлдэхгүй байгаа олон хүрэн адууны хамгийн том ах нь. 2015 оны Хулд сумын наадмаар зохиогч би таван нас дагаж зураг дараад бүр залхаж гүйцээд дааганы гарч байгаа зураг дарчихаад алхаж явтал Обогоо “Машинд суучих, чиний том аппарат хэрэгтэй байна. Телевиз гээд дагачихмаар байна. Би нэг даага их горьдоод байгаа юм. Болвол улс авч явах санаатай. Өчигдөр морьд хоол ихдэж, өнөөдөр жаахан татах маягтай. Таарсан бололтой...” гэж байна. Машинд суулаа, гурван зээрд, нэг хонгор даага мордууллаа. Зээрд даагаа “Сая Цагаан-Овоонд юм хүргэлгүй ганцаар ирсэн юм. Зай холдохоор хэр явдаг адуу юм гэж бодоод энд тавилаа” гэж байсан юм. Даага эргэсэн цагаас мөнөөх зээрд хөтөлсөөр барианы адагт засмал дэлтэй халиун дааганд дайруулж аман хүзүүдэв. Халиун нь нөгөө таван суманд түрүүлсэн Мягмарсайханы хурдан халиун байсан юм. Алдарт “За улс ч арай болоогүй юм байнаа. Дараагийн наадам л" хэмээн инээсээр одож билээ. Хүрэн даага нь долоолсон. Намар нь Говь шанхын даншигаар сумандаа долоод хурдалсан данагар хүрэн даага түрүүлж, аман хүзүүдэж байсан Марзан нэрт зээрд даага дахин аман хүзүүдэв. Даланзадгад хотноо аав, хүү хоёр том наадмын хар нүдэнг хуваан хүртсэн нь тэр юм. 2015 оны намар уяачдын холбооны 20 жилийн ой гэж том улсын бүс болов доо. Обогоо хонгор халзан соёолон улс, Шанхад угсарчихаад авч очсон байжээ. Өөрийн унаган Ж.Эрдэнэбаатарын хүрэн үрээг мөн наадамд уяж очиж. Наадмын өмнө тайлбарлагч Б.Ганпүрэвт хандаж “Манай адууны энэ хүрэн үрээ энд бараг айрагтай байх аа. Гурваас хойш харахгүй гэж бодож байгаа” хэмээсэн нь ёсоор болж хонгор халзан нь аман хүзүүдэж, хүрэн гуравт хурдалсан байна. Тэр хүрэн үрээ Гөөгөөгийн хүрэн гэж говь зүгийн цуутай морь болоод байгааг бид бүхэн мэднэ. Зөвхөн зохиогч надад тохиолдсон учралууд л энэ. Өөр мэдэрсэн, мэдсэн юм их бий. Өөрөө даруу хүн тул ярих нь ховор биз. Бид Ононмөр хаванг домог түүхээс уншиж өссөн. Харин говийн нэгэн залуухан хархүү домгоо бичиж эхэлж байна. Бид үнэн мөнийг нь дэргэдээс нь харах азтай төржээ...

О.Наранбаатар

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна