"МАНЛАЙН ХУРД" МСУХ-НЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, СУМЫН АЛДАРТ УЯАЧ Д.ХОТОЛБААТАР: ААВЫН МААНЬ БУУРАЛ ДУХТ МАНЛАЙН АДУУНЫ ЦУСЫГ СЭЛБЭСЭН ГЭДЭГ ЮМ

А.Тэлмэн
2017 оны 12-р сарын 11 -нд

Өмнөговь аймгийн Манлай сумын Жаргалант багийн харьяат, «Манлайн хурд« МСУХ-ны нарийн бичгийн дарга, сумын Алдарт уяач Дэлгэрийн Хотолбаатар 1984 онд төрсөн бөгөөд  Тэргүүний ардын авьяастнаар тодорч, ММСУХ-ны 20 жилийн ойн медалиар энгэрээ мялааж байжээ.
-“Манлайн хурд” МСУХ-ны нарийн бичгийн даргаар хэд дэх жилдээ  ажиллаж байгаа вэ?
-Би энэ албыг аваад хоёр жил болж байна. Өмнө нь манай холбоонд нарийн бичгийн даргын орон тоо байгаагүй юм. 2016 оны уяачдын хурлаар энэ орон тоог баталж, би анхны нарийн бичгийн даргаар нь томилогдсон. Одоо манай МСУХ-ны тэргүүнээр Н.Мөнхтайван, дэд тэргүүнээр Бат-Эрдэнэ нар ажиллаж байна. Тэднийг Манлай сумын МСУХ-ны хоёр дахь үеийнхэн гэж ойлгож болно.
-Манлай сумын МСУХ хэдэн онд байгуулагдсан юм бэ?
-1995 оны хавар буюу улсын уяачдын холбоо байгуулагдаагүй байхад манай сумын Бандийн Батхүү, манай аав С.Дэлгэр, Жингээгийн Бат-Эрдэнэ нарын хүмүүс нэгдэж, уяачдын холбоог байгуулахаар хэлэлцсэн гэдэг. Улмаар тэд нутгийн уяачдыг цуглуулан хуралдаад холбоогоо албан ёсоор байгуулж, тэргүүнээр нь Г.Батбаярыг томилсон байдаг. Г.Батбаяр энэ албыг 17 жил хашсан. Түүний дараа Алтангэрэлийг тэргүүнээр сонгосон. Харин одоо гурав дахь тэргүүн нь ажиллаж байна.
-Сумын хэмжээнд хурдан хүлгийн уяа сойлго тааруулдаг хичнээн уяач байна вэ?
-Дөрвөн багийн 150-иад уяач МСУХ-д бүртгэлтэй байна. Тэдгээрээс аймгийн Алдарт 20 гаруй төрөн гараад байна. 
-Аль насныхан зонхилж байна вэ?
-Дийлэнх нь залуучууд. Ер нь сүүлийн гурав, дөрвөн жил залуучууд моринд нэлээд идэвхитэй орцгоож байна. Ахмадууд ч бас уламжлалаа алдахгүй, сайн уяцгааж байна. Хамгийн гол нь, морь уяна гэдэг хөрөнгө санхүү их шаарддаг ажил болчихож. Нөгөөтэйгүүр, уламжлалт бус орчин цагийн уяагаар уясан хүлгүүд л сайн харайж байна. Энэ ч утгаараа ахмадууд маань залуучууддаа халаагаа өгөх тал руугаа хандаж байна даа.
-Манлай сумын хэмжээнд жилдээ хичнээн уралдаан болдог вэ. Сумын МСУХ үүнээс хэдэд нь зохион байгуулагчаар оролцож байна вэ?
-Сумын МСУХ жил бүрийн наймдугаар сарын 8, 9-нд Уяачдын баяраа гардан зохион байгуулдаг. Энэ баяраар жилдээ гурван бага нас уралдуулдаг. Мөн сумын баяр наадамд зохион байгуулагчаар оролцдог. Түүнчлэн дөрвөн баг маань тус бүртээ овооны тахилга наадмаа зохион байгуулна. Ингээд хаврын уралдаантайгаа нийлээд жилдээ 7-8 уралдаан болдог юм. Уяачдын холбоо тэр болгонд гар бие оролцдог. 
-ММСУХ-ноос баталсан стандартыг орон нутагт болж буй уралдаанууд хэр хангадаг юм болоо. Тухайлбал, танай суманд энэ стандартыг хангаж чадаж байна уу?
-Хамгийн гол нь, хүүхэд хамгааллын асуудал яригдаж байгаа юм. Энэ ч утгаараа манай уяачдын холбоо том, жижиг гэлтгүй бүх уралдааны үeэр стандартын хувцас хэрэглэлээр жигдрэх шаардлага тавьдаг. Eрөнхийдөө бүгдийг дүрэм журмын дагуу хийхийг хичээдэг. Гэвч гарааны төхөөрөмжийг багийн наадмууд дээр тэр бүр гаргаж өгч чадахгүй байна. Одоогоор сумын статустай уралдаануудад л гаргаж байгаа. 
-Та бол энэ нутгийн нэртэй уяачдын нэг, аймгийн Алдарт уяач Дэлгэрийн хүү.  Энэ ч утгаараа моринд хорхойсоход тань хамгийн ихээр нөлөөлсөн хүн нь аав тань болов уу гэж таамаглаж байна?
-Тэгэлгүй яахав. Аав маань 1961 оны тавдугаар сарын 7-нд төрсөн хүн. Бага наснаасаа л адуу малтай нөхөрлөж, нэгдэл нийгмийн эмнэг хангалыг сургаж өссөн. Улмаар 1981-1983 онд аймгийн техникумд хөдөлмөрийн багшаар ажиллаж байгаад цэрэгт татагдаж, халагдаж ирээд л морь уяж эхэлсэн юм билээ. Манай нутгийнхан аавыг  маань Морьтой Дэлгэр л гэдэг юм. Тухайн үeдээ бас нутгийн адууны үүлдэр угсааг сайжруулахад хувь нэмрээ оруулж, Төв аймгийн Баян-Өнжүүл сум руу хоёр морьтой гараад, гурван адуу хөтлөөд ирж байсан гэдэг.
-Авч ирсэн адуунууд нь хэр хурдалсан юм бол?
-1991 онд явсан. Гэтэл тэр жил ханиад, зуд хоёр давхацчихсан. Авч ирсэн хоёр үрээнийх нь нэг зуданд үрэгдээд, нэг нь үлдсэн. Гэхдээ үрээний төлүүд нь нэлээд гайгүй давхисан.
Аав дараа нь Дэлгэрэх, Иххэт рүү хөтөлгөө морьтой гарсан. Талдаа 400, 500 км газар мориор л давхичихдаг байлаа. Хэд хоногийн өмнөөс морьдоо бэлтгэн сойж байгаад л өглөө эрт гараад явчихна. Сар гаруйн дараа адуу хөтлөөд л ирдэгсэн. Азарга, үрээ, гүү нэлээд авч ирдэг байсан даа.
-Дэлгэрэхээс авч ирсэн адуунууд нь хэр давхисан бэ?
-Дэлгэрэхээс авч ирсэн адуу олигтой амжилт үзүүлээгүй. Харин сүүлд Өндөршилийн Сумъяахүү гуайгаас хоёр охин даага авч ирсэн. Түүний төлүүд одоо ч сайн давхиж байна. Мөн Лхасүрэн гэдэг хүнээс авсан дааганых нь гурав дахь үeийн төлүүд одоо ид давхиж байна. Аав маань газар газрын хурдан хүлгүүдийг цуглуулахаас гадна нутгаасаа ч адуу мал нэлээд авдаг байсан. Энэ ч утгаараа манай адууны угшил гайгүй сайжирсан л даа.
-Аавын тань цуглуулсан адууны төлүүд нутагтаа болон өөр аймгуудад хэр тархсан бэ?
-Аавын минь Буурал духт азаргаар л Манлай уяачийнЗанданбал адууны цусыг сэлбэсэн гэдэг юм. Аав Манлай уяач, Дундговйн сахал Содномпил гуайгаас долоотой азарга авсан гэдэг. Буурал духтын удам угшлууд одоо ч сайн давхиж байгаа.
Нутгийнхан нь ч авч ирсэн адуунуудаас нь нэлээд авсан. Даанч нутгийн адуу ид сайжирч эхлэхэд аав маань бурхны орноо зорьсон юм. Түүнээс хойш надаас олон хүн азарган үрээ болон гүү авсан. Одоо аймгийн Алдарт уяач Батбаярын буурал гэж манай Буурал духтын удмын адуу байна. Аавыг маань амьд сэрүүнд адууныхаа цусыг хамгийн сайн сэлбэсэн нь аймгийн Алдарт уяая Сономпил гуай. Хүү нь Мөнхбат гэж уяач бий. Сономпил гуайн Өвгөн хүрэн азарганд манайх гол гүүнүүдээ тавьдаг байсан юм. Одоо 15-тай азарга байна. Түүний төлүүд сайн хурдалж байна. Тэднийх ч бас манай адуугаар цус сайн сэлбэсэн.
-Аймгийн Алдарт уяач цолны болзол хэдэн онд хангасан бэ. Eр нь нутгаасаа гарч уралдаж байна уу?
-Аав маань 1996-2000 оны хооронд хамгийн амжилттай наадсан. Тэр жилүүдэд сумын чанартай наадмаас л  гэхэд 56 айраг, түрүү хүртлээ гэж байсан санагдаж байна. Хамгийн сүүлд 2000 онд Өлзийтийн наадамд таван адуутай очоод нэг түрүү, хоёр аман хүзүү, нэг айраг хүртээд ирж байлаа. Аав тэр жил бурхан болсон л доо. Харин хойтон жил нь аймгийн Алдарт уяач цолыг аавд нэхэн олгосон юм. Яг хэдэн айраг, түрүүгээр цолны болзол хангасныг нь би тодорхой мэдэхгүй байна. 
-Нэг наадмаас айраг, түрүү  бөөнддөг байжээ дээ?
-Тиймээ. Нэг удаагийн хаврын уралдаанд аав маань гурван соёолон, гурван их насны морь уяж, хоёр түрүү, дөрвөн айраг хүртэж байлаа. Eр нь уясан болгон нь айргаас мултарч байгаагүй дээ. 
-Та эцэг, эхээс хэдүүлээ юм бэ?
-Манай аав хоёр охин, хоёр хүүтэй. Би ууган хүү нь байгаа юм. Манай бага дүү сургууль соёлын мөр хөөсөн хүн байдаг юм. Энэ жил л орон нутагтаа ирж, надтай хамт морь уяж байна.
-Өөрийн тань хувьд хэзээнээс бие даан морь уяж эхэлсэн бэ?
-Би 2002 оноос бие даан морь уяж эхэлсэн. Энэ хугацаанд аймгийн статустай наадмаас нэг түрүү, зургаан айраг хүртлээ. 2008 онд сумын Алдарт уяач цолны болзол хангасан.
Бие даан уяж 2003 онд аймгийн баяр наадамд азарга, их нас, соёолон, хязаалантай очоод соёолон тав, хязаалан гурваар давхиулж байлаа. Харин азарга 10-н хэд, их насны морь есөөр давхисан. 
-Аав тань адууныхаа угшлыг сайн сайжруулжээ. Гэвч аливаа зүйлийг байнга зүлгэж, тордох хэрэгтэй байдаг. Энэ тал анхаарал хандуулж байна уу?
-Чадлынхаа хэрээр хичээж л явна. Би ч бас дүүтэйгээ адилхан сургууль соёл хөөцөлдөөд явчих санаатай байсан. Аавын удмыг залгаж, адуугаа өсгөж үржүүлэх хүнгүйдчих гээд голомтоо сахиж нутагтаа үлдсэн юм. Түүнээс хойш 15 жил адуутай нөхөрлөж байна. Сүүлийн үед азарган үрээ гаднаас авч, адууныхаа цусыг сэлбэх ажил нэлээд хийж байна.
Тухайлбал, хоёр жилийн өмнө Эрдэнэтийн аймгийн Алдарт уяач Сахиагийн Мөнхбатаас Тангаа Манлайн унаган адуу болох Жаргалант угшилтай халтар азарга авчирч тавилаа. Мөн 2014 онд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас өндөр Чулуун гуайн Өндөр зээрд азарганы төл зээрд үрээ авч ирж, азарга тавьсан. Тэр азарга маань сая Сумын сайхан азарга шалгаруулах тэмцээнд хоёрдугаар байрт шалгарлаа. Мөн Мөнххаанаас манай хүргэн хонгор шүдлэн үрээ авч ирсэн. Манайд ирээд, хязаалан үрээ сумын 90 жилийн ойн наадамд түрүүлж байлаа. Одоо сайхан азарга болчихсон байна.
Аймгийн Начин Амарсанаагаас хүрэн үрээ авч азарга тавьсан. Дундговийн Дэрэнгээс Сүхбаатарын Уулбаян сумын угшилтай хар азарга ч авч ирж тавилаа. Одоо би найман азарга адуутай. Тэдний нэг нь манай унаган азарга байна. Эх нь Сумъяа гуайн унаган хонгор гүү, эцэг нь манай Өвгөн хүрний төл Том ухаа азарга байгаа юм. Гүүнүүд бол бүгд манай унаган адуу. 
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Олон олон наадамд тод магнай, торгон жолоо өргүүлэх болтугай.
-Баярлалаа. “Тод магнай” сэтгүүлийн хамт олонд ажлын өндөр амжилт, уншигч олонд нь хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
"Тод магнай" сэтгүүл. Дугаар 90

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна