МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Н.ЗОРИГТ: ХҮЛЭГ ЭРДЭНЭЭ СЭТГЭЛДЭЭ ДЭЭДЭЛЖ ЯВДГИЙН БУЯНААР МОРЬД МИНЬ САЙН ДАВХИДАГ

А.Тэлмэн
2017 оны 12-р сарын 14 -нд

Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул,”Туушин” ХК-ийн захирал, Монгол улсын Алдарт уяач Намсрайжавын Зоригтын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.

-Алтан унжлагат гал тахиа жилийн сар шинийн босгон дээр Монгол Улсын Алдарт уяач хэмээх эрхэм цолны эзэн болсон танд баяр хүргэе.
-Баярлалаа. “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад моринд хайртай Монгол түмнийхээ амрыг айлтгая. 
-Ярилцлагаа шинэхэн Алдартын хамгийн нандин дурсамжаар үргэлжлүүлье. Унасан газар, угаасан ус, бага нас гэдэг ямар ч хүний хувьд өнө мөнх эрхэм байдаг шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Миний бага нас Говь-Алтай аймгийн Шарга сумын нутаг, Хасагт Жаргалан уулын бэлд өнгөрсөн. Монгол улсын дархан цаазат үзэсгэлэн төгөлдөр хайрхан бий. Нутгийнхан бол Гурван богд хэмээн нэрийддэг юм. Миний нутаг уул, ус, ургамал, мод нь тэгширсэн хангай, говь, талтай ховор сайхан байгальтай. Тийм сайхан нутагт хүүхэд ахуй цагаа аз жаргалтай өнгөрүүлсэн. 
-Аав тань ямар ажил алба эрхэлж байсан хүн бэ?
-Манай аав Гонгор баатар, зорьж Бүх холбоотын гадаад худалдааны академийг дүүргэсэн дээ. Үндсэндээ би Оросод есөн жил суралцсан.
-Оросоор бол ус цас байх нь ...
-Яринаа, ярина. Мөн англи хэлтэй. Худалдааны академид англи хэл заадаг юм. ЗХУ-ын гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гол мэргэжилтнүүд бэлтгэдэг нэр хүндтэй сургууль учраас  англи, франц, хятад, монгол, араб хэл хүртэл заана шүү дээ. 
-Англи хэлтэй боловсон хүчин одоотой харьцуулахад цөөн байсан байх шүү?
-1990 онд ардчилсан хувьсгал ялахад манай Монгол улсад хангалттай боловсон хүчин бэлтгэгдсэн байсан шүү. Тэр боловсон хүчний нөөцөөр Монгол улсад өнөөгийн улс төр, бизнесийн өөрчлөлт явагдлаа. Өөрчлөлт шинэчлэлтийг мэдлэг боловсролтой хүмүүс л хийдэг.
-“Туушин” компанийн захирал ямар ажил алба эрхэлж байсан бэ?
-Сургууль төгсч ирээд одоогийн Төрийн тусгай хамгаалалтын газарт инженерээр ажиллаж байлаа. Гадаадын том төлөөлөгчдөд үйлчилдэг машин, жолооч нарыг хариуцдаг их хариуцлагатай ажил байсан даа. Тэнд гурван жил ажилласан. Тэгээд багын дур сонирхолдоо хөтлөгдөн Гадаад худалдааны яамны Автонефть импортын нэгдэлд мэргэжилтнээр ажиллаж байгаад хойшоо сургуульд явсан. Төгсч ирээд Эдийн засаг, гадаад харилцаа хангамжийн яамд ажиллаж байгаад 1990 онд одоогийн Туушин компаниа байгуулж байлаа. Тухайн үед Монгол улс ганцхан тууш замаар Оросоор дамжиж хэдэн социалист оронтой холбогддог. Өөр тээврийн ямар ч холбоогүй байсан. Нээлттэй эдийн засагтай болсон Монгол улсад дэлхийн бусад улс орнуудтай эдийн засаг, гадаад худалдааг явуулахад тээврийн асуудал тулгамдаж байлаа. Тиймээс бидний эрхэм зорилго бол Монгол улсыг дэлхийн тээврийн сүлжээнд холбох явдал байсан. Түүндээ ч хүрч чадсан. Эхэндээ тээвэр зуучийн ажлыг ойлгохгүй мэдэхгүй хүмүүст үйлчилнэ, тэдний итгэлийг олно гэдэг амаргүй байсныг нуугаад яахав. Харин одоо бол бүхэл бүтэн эдийн засгийн салбар боллоо.
-Алдартын хурдан морьтой холбогдсон түүх хэзээнээс эхэлдэг вэ?
-2010 онд “Туушин” компанийн 20 жилийн ой тохиосон. 20 жилийн ойгоороо сайхан Монгол наадам хийж хамт олноо цэнгүүлье хэмээн эртнээс төлөвлөж 2009 оны намар Сүхбаатар  аймаг руу морь авахаар явсан юм. Замдаа 13-р зуун цогцолбор орчмоос Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Чулуун гэдэг хүний унаган 10 настай хээр морь авсан. Цаашаа яваад Эрдэнэцагаан орж Байгальхүү гэж хүнээс хамар цагаан хар хязаалан авч билээ. 
-Өмнө нь сураг ажиг тавиад зорьж очсон юм уу? Замд таарч нүдэнд нь туссанаа авсан юм уу?
-Хар үрээ даагандаа бага жижиг наадмуудад айрагдаж байсан юм билээ. Хээр морины хувьд ч ялгаагүй жижиг наадмуудад түрүүлж байсан гэсэн. Энэ хоёроос гадна Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баясгалан гэдэг залуугийн адуунаас нэг унага авлаа. Хөдөө адууны бэлчээр дээр нь очиж харж байгаад авчихсан. За ингээд нэг их морь, нэг унага, нэг хязаалан үрээ, гурван гүүтэй болчихлоо. Өвөл нь нөгөө хэдийгээ тэжээгээд хавар уралдуулсан хар үрээ нь Максын нэрэмжит уралдаанд аман хүзүүддэг юм. Миний анхны айраг тэр. Зун нь улсын наадамд хээр морь аман хүзүүдээд, хар соёолон маань 22, даага маань 23-аар гээд уясан морьд маань цөм одтой давхисан. Миний уяачийн түүх ингэж л эхэлсэн.
-Аз өмийн тухай ийм л үед ярих ёстой байх?
-Тэгэлгүй яахав. Манай уяач Жамьянсүрэн бас залуу. Мориор бол битүү.
-Ингэхэд уяачтайгаа хэрхэн танилцсан юм бэ?
-Жамьянсүрэнгийн ах нь манай хүргэний ангийн хүүхэд. Энэ утгаараа анх танилцан өнөөдрийг хүртэл олон жил хамтарч байна даа. 
-Алтайн уяачид их морь дараагаар нь оруулсан 2010 оны наадмыг мартахын аргагүй. Тэр буухиа 2012, 2013 онуудад үргэлжилж, Алтай нутгийн уяачийн морь төрийн наадмын түрүү хүлгээр шалгарч байлаа?
-Тэр жил Балдандоржийн хонгор түрүүлж, миний хээр аман хүзүүдсэн. Бараг хондлой дарааллан орж байлаа. Бахтай сайхан байсаан. 2010 онд Говь-Алтай аймаг үүсч байгуулагдсаны 70 жилийн ой тохиож танай сэтгүүлд өгсөн ярилцлагандаа “нутгийнхаа ойд их морь аман хүзүүдүүлж бэлэг барилаа” гэж хэлж байлаа. Монгол хүний амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг их сайхан үг шүү. Хамт олноо баярлуулах зорилготой морь авахаар явж байхдаа Дарьгангын талаар Жаахан шаргыг хангинуулчихаад би “улсад морь түрүүлгэнэ” гэж хэлж явсан юм шүү. Улсын наадамд хээр морио айрагдуулчихаад хөтлөөд гэр лүүгээ алхаж явахад солонго татчихсан байх жишээтэй. Их сайхан бэлгэшээлтэй  санагдаж билээ. 
-Улсын наадамд  их морь түрүүлгэнэ гэдэг үгийг зүгээр ч нэг хэлчихээгүй байлгүй?
-11-нд их насны морь мордуулахдаа “өнөөдөр хүлэг төрж, хүү мэндлэх байхаа” гэж хэлсэн юм. Яагаад гэхээр надад хээр морь маань түрүүлчих юм шиг мэдрэмж төрж баярын совин татаад байсан юм. Тэр үед манай уяачийн эхнэр нь амаржих гээд эмнэлэгт хэвтчихсэн байлаа. Тэгээд нээрэн морь айрагдсаны дараа эхнэр нь амаржиж хүүтэй болсон доо. 
-Ёстой л амны бэлгээс ашдын бэлгэ гээч болж дээ?
-Тийм. Бэлгэтэй сайхан явдал болсон. Тэр үгийг зүгээр ч нэг бэлгэ бодоод хэлчихээгүй л дээ. Хээр морь эзнээсээ өөр хүнийг ойртуулахгүй, жигтэйхэн ааштай болчихсон. Цаанаа л нэг цог золбоотой харагдаад байсан юм. 
-Шигшмэл морьдын “Их хурд-5” уралдаанд оролцсон. Хэдээр давхисан билээ?
-Гарцаагүй айрагдана гэж бодож байтал жаахан суугаад долоод орсон. Гэхдээ их сайхан шимтэй уралдаан болсон шүү дээ. Хээр морь минь төрийн наадамд аман хүзүүдэж, “Их хурд-7” уралдаанд долоод давхисан амжилтаараа тэр жилийнхээ шилдэг есөн их насны морьдын наймд бичигдэж байлаа. 
-2011 оны “Нүүрэнтэйн хурд”-д хар азаргаа айргийн таваар хурдлуулж, төрийн зарлигт наадмын хоёр дахь хишгээ хүртсэн байдаг. Хар азарга хаанахын адуу вэ?
-Нөгөө Эрдэнэцагаанаас авдаг хамар цагаан хар үрээ чинь хавчиг азарга болчихгүй юу. Өмнөх жил нь /2010 онд/ Багануурын 30 жилийн ойд хар азарга маань соёолон аман хүзүүдээд нөгөө даага маань дээгүүр давхисан. Дараа жил нь 2012 онд “Нүүрэнтэйн хурд”-д түрүүлсэн.
-2013 онд “Дүнжингаравын хурд”-д аман хүзүүдээд улсад 12-оор давхисан билүү?
-Тиймээ.
-Төв аймгийн 90 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд хонгор морио айргийн дөрөвт хурдлуулсан байдаг. Энэ хаанахын адуу вэ?
-Сүхбаатар аймгийн адуу. Би хүнээр дамжуулж авсан юм. Миний хувьд голдуу битүү авч нааддаг. Хонгор морь ч ялгаагүй, битүү адуу. 2013 оны хавар Бат-Эрдэнэ Тод манлай нэг наадам хийгээд, уяачтайгаа ярьж байгаад түүнд уралдуултал 30-н хэдээр ирсэн. Тэгээд л “за энэ хурдлах адуу байна“ гээд уяулсан даа. Төв аймгийн 90 жилийн ой төвийн бүсийн уралдааны их насанд 540-өөд морь уралдсан шүү дээ. Хул морь, хонгор морь хоёр маань тэр олон хүлгийг уралдааны замын ихэнхи хэсэгт өнгөлсөн. Тэгж байтал хонгор морины эмээл нь сугарч бөгс рүү нь ороод, хүүхэд нь овсгоотой тулдаа айрагдуулсан. Эмээл нь тэгж саатуулаагүй бол миний хонгор морь түрүүлэх байсан шүү. 
-Хул нь хэдээр орсон бэ?
-Хул морь суугаад 12-т орсон.  
-Хул морь Сүхбаатар аймгийн Халзан сумын адуу гэдэг байх аа?
-Тийм. 2010 онд улсад их морь айрагдуулчихаад намар нь явж хоёр, гурван адуу авсан юм. Хул морь тэгэхэд хязаалан үрээ ирж байлаа. Халзан сумын харьяат Жамьяншарав гэж хүний адуу. Хязаалан үрээ Халзандаа түрүүлээд, Асгатад аман хүзүүдсэн байсан. 2011 онд соёолон морь Багануурт болсон бар жилийн отгон наадамд гурваар давхиад, 2014 онд улсад есөлсөн. 2015 онд болохоор Дүнжингаравт аман хүзүүдээд, Булганд болсон хангайн бүсийн уралдаанд дөрвөлж, ММСУХ-ны 20 жилийн ойд таваар давхиад энэ амжилтаараа ММСУХ-ны шилдэг есөн их насны морины нэгд бичигдсэн шүү дээ. 
-Өнөө жил мөн чансаа өндөр хүлгээр эрэмбэлэгдсэн. Өнгөрсөн жилийн улсын наадмаар зарлагдаж байгаад алга болчихсон. Хэдээр орсон бэ?
-Өндөр хүчдэлийн шон хүртэл зургаагаар явж байсан шүү дээ. Тэгж байтал бороо ороод жоохон суучихсан юм. Тэгээд давхар уяагаар Эрдэнэтэд болсон хангайн бүсийн уралдаанд түрүүлж ММСУХ-ны чансаа өндөр морьдын долдугаарт эрэмбэлэгдсэн. 
-Хангайн бүсэд хэдэн насны морьтой очсон бэ?
-Их морь, шүдлэн насны морьдтой очсон. 
-Шүдлэн нь...
-Хар азарганы маань төл. Дундуур давхисаан. Хар азарганы төлүүд түрүүч нь хязаалан болж байна. Эцгийнхээ шийрийг хатаагаад гайгүй уралдчих болов уу гэж боддог юм.
-Их насны морь өм нээдэг хэмээн бэлгээшэх нь бий. Битүү голдуу адуугаар нааддаг хүний хувьд энэ үгтэй санал нэгдэх үү?
-Бэлгэшээлгүй яахав. Миний хувьд хамгийн дээд тал нь суманд түрүүлж байсан адуу л авсан. Гэхдээ огт уралдаж байгаагүй битүү морь аваад түрүүлгэж, айрагдуулах илүү бахдалтай юм билээ. Надад заяасан энэ сайхан хурдан хүлгүүдээрээ их бахархаж омогшиж явдаг. Морь уяна гэдэг ганц өөрийгөө бус түмэн олныг цэнгүүлж буй хэрэг. Морин уралдаан үзээд олон хүн омогшдог. Тэндээс хийморио бадраадаг. Дээр нь ар өврийн хаалгагүй хамгийн шударга өрсөлдөөн бол морин уралдаан юм. 
-Залуус морь сайн уяж байна. Тэдний нэг нь танай уяач Жамъянсүрэн?
-Тэгэлгүй яахав. Мундаг, мэдрэмжтэй сайн залуу. Бид сайхан нөхөрлөж үнэнчээр зүтгэж байгаа. Хаа хаанаа хариуцлагаа сайн ухамсарлана. Эзэн, уяач, унаач аль аль нь хариуцлагатай байж морь айрагдана шүү дээ. 
-Уяачийн эрдэм сайн байлаа гээд цэвэр монгол адуугаар наадах аргагүй боллоо гэлцэж байна. Шинэ цагийн адуутай юу?
-Байхгүй ээ. Би шинэ цагийн адуутай болохгүй. Монгол морьдоороо л наадна. Монгол адуу бол агуу шүү дээ. Дэлхийг дөрвөн туурайгаараа тамгалсан энэ агуу  амьтнаас нүүр буруулж болохгүй. Миний өвөг дээдэс хэдэн үеэрээ энэ л монгол адуугаа унаж эдэлж, уралдуулж давхиулсаар ирсэн.  Манайхны дээдчүүл, аав маань чандмань тамгатай байсан. Би түүн дээр нь дөл нэмээд дөлтэй чандмань тамгаар адуугаа тамгалж байгаа.  
-Тантай уулзахаар ирээд буудлын нэг давхарт байрлах зурагны талаар тодруулна даа гэж бодож байлаа. Хэний ямар нэртэй бүтээл вэ?
-Отгонбаяр гэж нэрд гарч буй залуу зураачийн бүтээл. Одоо Германд амьдардаг юм билээ. Би энэ зургийг зориуд захиалж зуруулсан юм. Энэ зураг хийгээд миний тухай Урлагийн Гавъяат Зүтгэлтэн Жамъян гуай “70000 морины тоос” гээд маш сайхан эссэ бичиж "Өнөөдөр" сонинд нийтэлсэн байна лээ. 
-70000 адуу байгаа байх нь ээ?
-Тэрнээс ч олон байхаа. Би 2009 онд МУ-ын Гавъяат эдийн засагч цол хүртээд найрынхаа урилган дээр Хасаг Жаргалан уулынхаа зургийг тавьж “Хүлэг мину, нутаг мину” хэмээн бичиж байсан юм. Хүлэг мину хэмээн бичсэний учир би 18 настай нутгаас гарахдаа хурдан хээр морио ахдаа үлдээгээд ирсэн. Хээр морь минь байнга л сэтгэлд бодогдож нүдэнд харагдаж байдаг учир түүнээ санагалзан “Хүлэг мину, нутаг мину” хэмээн бичсэн хэрэг л дээ. Тийн хүлэг эрдэнээ сэтгэлдээ дээдэлж явдгийн буянаар морьд минь сайн давхидаг байх. Энэ зургийг сайн ажиглавал Бурхан халдун уулыг мориор дүрсэлсэн байгаа. Чингис хаан дэлхийг монгол мориныхоо туурайгаар тамгалсан юм шүү. Монгол шиг ийм агуу бахдам түүхтэй их гүрэн дэлхийд байгаагүй гэсэн санааг гадаад, дотоодын зочдодоо уран зургаар илэрхийлж байгаа юм. 
-Гүн агуулгатай нүд хужирлам сайхан бүтээл байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсан Алдартдаа дахин баярлалаа. Ажил үйлс нь өөдлөн дэвжиж, аргамаг хүлгүүд нь алтан жолоо өргүүлсээр байх болтугай.
-За баярлалаа. “Тод магнай” сэтгүүл их гоё сэтгүүл. Монголынхоо энэ соёлыг сурталчилж морин спортоор хичээллэх, морь уях, энэ соёлоороо бахархах хүсэл тэмүүлэлийг залуучуудадаа төрүүлж буй та бүхний гэгээн үйлсэд улам их амжилтыг хүсье ээ.
-За баярлалаа.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна