МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Д.БАЯРАА: ҮҮР ЦАЙЖ ТЭНГЭР ДӨНГӨЖ ШАРГАЛТАХ ЦАГААР ШУВУУ ЖИРГЭЖ, АДУУ ШИР ШИР ХАЗЛАН ҮҮРСЭХИЙГ СОНСОН СУУХ НЬ ЮУТАЙ Ч ЗҮЙРЛЭШГҮЙ ЖАРГАЛ
Баянхонгор аймгийн Баянцагаан сумын уугуул, Монгол улсын Алдарт уяач Дамбын Баяраагийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Шигшмэл морьдын “Их хурд-6” уралдаанд хонгор азаргаа айргийн дөрөвт давхиулж, төвийн бүсийн уралдаанд түрүүлгэж байсан тэрээр 2014 онд МУ-ын Алдарт уяач цол хүртсэн билээ.
-Бидний урилгыг хүлээн авч редакцид маань зочилсон Алдартдаа талархал илэрхийлье.Ярилцлагаа таны унасан газар угаасан ус, бага насны дурсамжаас эхэлье. Ингэхэд аль сумын хүн билээ. Хэд хэдэн янзаар зарлагдаад байдаг?
-Миний аав, ээж хоёулаа Баянцагааных. Харин компани маань “Баянбулаг групп” нэртэй болохоор зарим нь түүгээр нь хөөж бодоод “Баянбулагийнх” гээд зарлаад байдаг. Өөр нэг хэсэг нь Баянцагааныг Баацагаантай андуурах нь бий. Тэгж зарлахыг нь сонсоод нутгийн улс “чи яагаад Баацагааных гээд байна. Аль ч талаараа бодсон Баацагааных биш шүү” гээд залгаж байдаг юм. Одоо “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад албан ёсоор Баянцагаан сумынх гэдгээ хэлчихье. Би тэнд төрж, тэнд сургууль соёл төгссөн хүн.
-Баянцагааны Баяраагийн дээдчүүл хурдан хүлгийн уяа сойлго тааруулдаг байв уу?
-Манай ээжийн талд ганц нэг уяач байсаан. Гэхдээ айхтар сүртэй амжилт гаргаж нэрд гарсан хүн байхгүй. Миний хувьд адуутай л холбогдох ёстой байсан юм байлгүй дээ. Багын моринд дуртай хүүхэд байгаад ажил амьдралын мөр хөөж 36 жил тасраад дахин морь уясан хүн. Манай нутаг бол говь, хангай хосолсон өвөлдөө тэмээгээ, зундаа адуугаа унадаг газар. Би хар нялхаасаа морь унаж байгаад 2009 оноос морь уясан.
-Уясан жилээ улсын наадамд шүдлэн айрагдуулсан юм байна шүү дээ. Бор үрээ хаанахын адуу вэ?
-Тиймээ, бор азаргаа шүдлэнд нь улсын наадамд аман хүзүүдүүлж, Ламын Гэгээний 370 жилийн ойд зээрд морио айрагдуулж их урам орсон хүн. Бор үрээ маань МУ-ын Алдарт уяач Цэдэв ахын унаган адуу. Би урьд жилийнх нь намар битүү даага авч байсан юм. Хавар нь нийслэлийн тэргүүн магнай хүлэг шалгаруулах уралдаанд хүүхэдгүй түрүүлж, зун нь улсад айрагдсан. Бор азарганы маань эцэг нь МУ-ын Алдарт уяач Тэрбишийн араб бор азарга. Харин эх нь Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Мөнхтөр буюу Мөнгөөлэйгийн халиун гүү байдаг юм.
-Ламын Гэгээнд хэдээр давхилаа?
-Зургаалсан. Дараа нь “Нийслэлийн хурд”-д хоёр түрүүлээд, одоо есөн настай азарга гүү хураагаад явж байгаа.
-Уралдахаа больсон уу?
-Тийм. Үр төлийг нь авахад анхаарч байна.Одоогоор охин голдуу төл гарч байна.
-Зээрд морь хаанахын адуу билээ?
-Галшар адуу. Хэнтий аймгийн Галшар сумын харьяат Мөнхтөр гэдэг хүнээс 2009 онд авч байсан юм. Та бүхэн мэдэх байх даа. Цэдэв ахын улсад аман хүзүүддэг харлаг морины эзэн.
-Алдартаар дамжуулж авчээ дээ?
-Тэгсээн. Цэдэв ах бид хоёр хэд хэдэн шалтгаанаар сайхан нөхөрлөдөг. Нэгдүгээрт хоёулаа Баянхонгорынх буюу нэг нутгийнх. Хоёрдугаарт нэг байшинд ажилладаг. Гуравдугаарт хоёулаа моринд дуртай. Дөрөвдүгээрт би Нийслэлийн морин спорт уяачдын холбооны тэргүүлэгч байсан. Дээр нь би моринд шинэ залуу, Цэдэв ах туршлагатай учраас заавар зөвлөгөө их авнаа.
-Зээрд морь хэдэн настай байсан юм бэ?
-12, 13-тай жаахан харимал адуу авсан шүү. Гэхдээ хөөрхий надад ирснээсээ хойш хангайн бүсийн уралдаанд дөрвөөр давхиад багахан наадамд 2-3 ч айрагдчихсаан.
-Танд ирэхээсээ өмнө ямар амжилт үзүүлсэн байсан юм бэ?
-Галшар сумынхаа наадамд нэг айрагдаад, Дорноговийн Иххэтэд хоёр, гурав түрүүлчихсэн байсан.
-Ингэхэд тэр олон жилийн дараа гэнэт яагаад морь уяхаар шийдсэн юм бэ?
-Яагаад тэгж хожуу дахин морь уях болсон бэ гэхээр 2008 онд би нутагтаа суварга босгож, наадам хийсэн юм. Зургаан насны морь уралдуулж, сумын начин цол олгосон барилдаан зохион байгуулж, өргөн дэлгэр өтгөн сайхан наадам болсон л доо.Нутгийн буурлууд хүрэлцэн ирж, эртний түүх хуучлаад багын мөрөөдлийг маань сэдрээчихгүй юу./инээв/ Тэгээд л ирэнгүүтээ МУ-ын Алдарт уяач Цэдэв ахаасаа хэдэн үрээ авч, Сүхбаатараас ч нэлээд хэдэн адуу авсан. Хамгийн гол нь миний авсан морьд цөм давхисан. Том жижиг наадмуудад айрагдаагүй адуу байхгүй. Ламын Гэгээнд айрагддаг зээрд морь маань гэхэд л улсын наадамд 11-ээр давхичихаад даншигт очиж айрагдсан.
-Морь уясан жилээ улс, бүсийн наадмаас хишиг хүртэх, тэр тусмаа нутагтаа болсон том наадамд их морь айрагдуулах сайхан мэдрэмж биз?
-Сайхан байлгүй яахав. Таних танихгүй хүмүүс утасдаж баяр хүргээд. Эхэндээ туршлагагүйтээд “хэн бэ?” гээд асуучихдаг байсан бол сүүлдээ нэр усыг нь асуулгүй “баярлалаа” гэдэг болсон. /инээв/ Улсын наадамд ч гэсэн морио айрагдана гэж бодоогүй. Гэр бараа бариагүй байсан шүү дээ.
-Та чинь Монголын хамгийн том гурван уралдаанд морь айрагдуулсан хүн байна шүү дээ. “Их хурд” уралдаанд айрагдсан хонгор азарга Дорнодын адуу гэдэг байх аа?
-Тиймээ, Матад сумын харьяат МУ-ын Алдарт уяач Гэлэгийн Чадраа агсны адуу. Би уг нь ондоо адуу авахаар очсон юм. Тэгсэн нөгөөхийг маань хүн аваад явчихсан байж таараад Чадраа агсан “миний хүнд өгсөн нэг үрээ бий. Тэр уг нь их зүгээр адуу” гэж хэлсэн. Өөртэй нь хамт морь уядаг байсан залуу юм билээ л дээ. Тэгээд “та надад Монхор ухаагийнхаа төлөөс ганц үрээ өгчихөөч дээ” гээд гуйдаг байж. Алдарт хариуд нь “заавал Монхор ухаа гэж байхаар зээрд морь юмуу өөр хурдан азарганы төлийг аваач” гэхэд “Монхор ухаагийн төлөөс л авна” гэдэг байсан юм гэнэ лээ. Тэгээд Алдарт “за яахав очиход чинь нэг гүү унагална. Эр ч гарсан, охин ч гарсан аваарай” гэсэн юм билээ. Тэгээд хүрээд ирсэн эр хонгор унага гараад хэлсэн ёсоороо өгсөн гэдэг.
-Тэгээд уяж байсан юм уу?
-Уяагүй, тал амтай битүү хязаалан аваад хавар нь “Нийслэлийн хурд”-д түрүүлгэсэн.
-Бор үрээнээс өмнө хийгдсэн наймаа юм байна шүү дээ?
-Яг нэг жил авсан адуунууд.
-Хонгор үрээгээ яагаад улсад уралдуулаагүй юм бэ?
-Шүдэлгээн дээр хасагдчихсан байсан. Тэр жил онцгой хурдан байсан ч хасчихсан. Би уг нь хонгортоо их найдлага тавьж байсан шүү. Дараа жил нь 2010 онд соёолон азарга 12-оор давхиад түүнээс хойш хоёр жил өнжсөн.
-Яагаад?
-Азаргатай ноцолдоод доголчихсон юм. Тэгээд 2011, 2012 онд өнжөөгөөд 2013 онд “Их хурд”-д дөрвөлж, Төв аймгийн 90 жилийн ой, төвийн бүсийн наадамд түрүүлсэн шүү дээ. Одоо үр төлүүд нь залган хурдалж байна. 2014 онд болсон Ламын Гэгээний 375 жилийн ойд төл хонгор даага нь дөрвөөр давхисан.
-Эр төл олонтой юу?
-Эхний жил гурван эр унага гарсан. Гурвуулаа л уралдаж байна. Уяа азарганд олон гүү өгөх боломжгүй. Тав зургаан гүү л өгдөг юм. Тэднээс нь жилдээ заавал нэг хоёр эр унага гардаг. Тэдгээр нь эцгийгээ дагаад давхих янзтай л байна. Эрдэнэтийн бүсэд соёолондоо түрүүлсэн тойруулга угшилтай халзан азарга над байдаг юм. Түүний төлүүдээс бас горьдож л байна. Эхэндээ би азарганаас бусад адууг уячих байх гэж боддог байлаа. Тэгсэн чинь харин эсрэгээрээ миний азарганууд илүү давхисан. /инээв/
-“Нийслэлийн хурд”-аас жилийн өнгөө тольддог юмаа даа?
-Сүүлийн хоёр жил нийслэлд уралдсангүй. Өмнө нь яагаад тогтмол “Нийслэлийн хурд”-д оролцдог байсан бэ гэхээр холбооны тэргүүлэгч учраас. Өөрсдийнхөө зохион байгуулсан уралдааныг өтгөрүүлж дэмждэг байсан гэхүү дээ. Нөгөө талаар уралдаан болох хугацааг эртнээс мэддэг байсан болохоор морьдоо тааруулаад бэлтгэдэг байсан юм. Нийслэлд үзүүлсэн амжилтаараа Алдарт уяач цол хүртсэний дараа надад Баянхонгор аймгаас Алдарт уяач цол олгосон.
-2009 онд улсын наадамд морь айрагдуулсаны тань дараа тантай ярилцаж байсан. Улсын наадамд анх морь айрагдуулж байгаа хүн гэхэд сэтгэл хөдлөл, хөөр догдлол ер анзаарагдаагүй. Сэтгэл хөдлөл багатай хүн үү?
-Яг үнэндээ би морь айрагдахад, цоллуулахад өөрөө очдоггүй. Яагаад гэхээр сэтгэл хөдлөлөө ил гаргачих гээд байдаг юм. Морь нь түрүүлж, айрагдлаа гээд хөлсөө гоожуулчихсан, амьсгаа нь давхацчихсан ярьж байгаа хүмүүсийг харахад яг үнэндээ таатай санагддаггүй. Ингэж хэлэхээр хүмүүс эмзэглэхвий дээ. Миний л бодол шүү.
-Зарим хүний хувьд хамгийн нандин, хамгийн жаргалтай мөч ч байж мэднэ?
-Морь түрүүлж, айрагдах шиг сайхан зүйл хаа байхав. Гол нь түүнийгээ хэрхэн илэрхийлэх вэ гэдэг л байгаа юм. Хүмүүс намайг бас ажиглачихсан. Хөдөө явж байхад “морь нь айрагдчихаад байхад яагаад ярилцлага өгдөггүй юм бэ” гэж асуудаг юм. “Их хурд”-д хонгор азаргаа айрагдуулчихаад хөлсний хашаа руу явах гэтэл машинд малгайгаа үлдээчихсэн байсан. Тэгээд туслах уяачаа явуулж малгайгаа авчруулаад очих хооронд манай найз хөтөлж ороод ярилцлага өгчихсөн байсан. /инээв/ Би яагаад тэгж хаширлаад, тойроод байдаг вэ гэхээр хамгийн анх Эрдэнэтэд халзан соёолон түрүүлгэчихээд гүйгээд орсон энд тэндээс баахан микрофон тулгаад, тулгамдсандаа юу ярьснаа санадаггүй юм. Туршлагатай сурчихсан улс бол аятайхан хэдэн өгүүлбэр хэлчихдэг л юм билээ. Төв аймгийн 90 жилийн ойгоор хонгор азарга түрүүлэхэд манай нэг найз “миний найз чадлаа шүү” гэж хэлээд нулимс унагахад нь бас л жигтэйхэн болж байна лээ шүү.
-Хүн хамгийн их баярлаж талархсан үедээ нутаг ус, эцэг эхээ санадаг гэдэг. Морь түрүүлгээд цоллуулж зогсохдоо, төрийн тэргүүнээс Алдартын тэмдгээ гардаж авахдаа та юу бодсон бэ?
-Ерөөсөө л уул ус, эцэг эхээ боддог юм билээ. Ер нь тэгээд морь түрүүлж, айрагдана гэдэг нутаг ус түшиж байгаагийн л илрэл шүү дээ. Ямар сайндаа наадамд нутгийн уулстайгаа цуг морддог гэж байхав. Чи бол уяачийн жаргал зовлонг хамгийн ойроос мэдэх хүн шүү дээ.
-Гадарлана аа...?
-Монгол улс оршин тогтнож байгаагийн илрэл бол эрийн гурван наадам. Монгол улсыг эрийн гурван наадамгүйгээр төсөөлөхийн аргагүй. Бидний үүх түүх, үндэс угсаа, бахархал гээд бүх зүйл Монгол наадамд хадгалагдаж байдаг.
-СГЗ, сэтгүүлч А.Баярмагнай гуай “эрийн гурван наадам Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа” хэмээдэг нь оновчтой тодорхойлолт ч байж мэднэ.
-Тийм, товч бөгөөд тодорхой.
-Уяачийн бахархал унаган адуугаараа наадах гэдэг. Говийн бүсийн уралдаан тэр бахархлыг өдөөсөн байх?
-Унаган адуугаа айрагдуулна гэдэг өөр мэдрэмж юм билээ. Нэгэн үе авмал адуугаар нааддаг байсан бол одооноос өөрийн унаган адуугаараа наадаж байна. Уяач хүний жаргал заавал морь түрүүлгэж айрагдуулахдаа бус. Өөрөө гардаж морио уяад өглөө үүр цайж тэнгэр дөнгөж шаргалтах цагаар шувуу жиргэж, адуу шир шир хазлан үүрсэхийг сонсон суух юм. Энэ бол юутай ч зүйрлэшгүй жаргал.
-Санал нэг байна. Уяачийн жаргалыг эдэлж яваа эрхэм Алдарт нутгийн адуугаа чанаржуулахад санаа тавьж байна уу?
-Зээрд азарганы маань төл Аварга зээрд нэртэй азарга Баянхонгорт сайн давхиж байгаа гэнэ лээ. Цэдэв ахаас авсан Сартынх нь төл үрээг найздаа зарсан. Их хурдан сайхан азарга болсон гэсэн. Би Сартын төл хоёр төмстэй үрээ аваад нэгийг нь найздаа өгсөн юм. Түүнээс гадна очсон морьд бас сайн давхиж байгаа дуулддаг шүү.
-Алдартын хүлгүүд аз өм дагуулан хурдлах болтугай. Миний асуулт энэ хүрээд жаргаж байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Төр түмнийхээ их цэнгэлд одтой сайхан наадаарай.
-Баярлалаа. “Тод магнай” сэтгүүлийн хамт олны цаашдын ажилд амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна