Аймгийн Алдарт уяач А.Галбадрах: МИНИЙ ЦЭГЭЭНТЭЙ ЗҮЙРЛЭХ АДУУ ГОВИЙН ГУРВАН АЙМАГТ ХОВОРХОН

А.Тэлмэн
2018 оны 1-р сарын 15 -нд

Өмнөговь аймгийн Манлай сумын Жаргалан багийн харьяат аймгийн Алдарт уяач Аюурзанын Галбадрах 1956 онд төрсөн бөгөөд  IV, V, VI –р таван жилийн гавшгайч, Эвлэлийн төв хорооны малчин залуу Алтан медаль /1974 он/, ММСУХ-ны 20 жилийн ойн медаль, ХХААЯ-ны Тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнагдаж байжээ.
-Таны адуу малтай холбогдсон түүх хэзээнээс эхэлдэг вэ?
-Би 1971 онд долоодугаар ангиа төгсөөд, илгээлтийн эзэн болж мал дээр гарсан юм. Аав, ээжийнхээ хамт нэгдэлд орж, гурван жил ямаа, нэг жил үхэр маллаад 1975 онд цэрэгт татагдсан. Улаанбаатар хотод 013 дугаар анги холбооны бателионд гурван жил цэргийн алба хааж байлаа. 
-Цэргээс халагдаж ирээд морь уяж эхэлсэн үү. Эсвэл цэрэгт явахаасаа өмнө уядаг байв уу?
-Би мал дээр гармагцаа л морь уяж эхэлсэн хүн. 1971 оны намар 11 дүгээр сард “Далай багийн өдөрлөг болно” гэхээр нь хязаалан, шүдлэн хоёр уясан боловч хязаалангийнхаа хөлийг жаахан эвгүй болгочихоод, шүдлэнгээ л давхиулсан юм. Манай ээжийн ах, Монгол Улсын Алдарт уяач Ц.Жанж гэж мундаг хүн бий. Тэгэхэд Жанж ах маань л надад зааж зааварлаж байлаа. Ахынхаа заавраар уяад, шүдлэн үрээгээ түрүүлгэж, их ч урамшсан. Дараа нь 1974 онд өөрийн сумын ойд морь уяж чадаагүй, харин Ханбогд сумын 50 жилийн ойд зургаан настай азарга, долоотой морь, нэг эмнэг шахуу шүдлэн үрээтэй очсон. Тэгэхэд азарга, морь хоёр маань аман хүзүүдэж, шүдлэн зургаагаар давхиж байлаа. Энэ мэтээр мал дээр гарснаасаа хойш цэргийн алба хаасан гурван жилээс бусад бүхий л хугацаандаа морины хөлстэй хутгалдаж явна. Энэ хугацаанд туслах үйлдвэрлэл, нэгдэл нийгэм, сум орон нутагт хийгээгүй ажил бараг байхгүй. Баг бригадын дарга, агент, нярав гээд нэгдлийн хаана боловсон хүчин хэрэгтэй байна, тэр бүхнийг л хийж явлаа.
-“Сайн хүлэг эзнээ хайж явдаг” гэдэг. Буян хишгээ хайрласан сайхан ажнайгуудынхаа тухай дэлгэрэнгүй ярьж өгөөч?
-Ээжийн маань аавынх сайн адуутай айл байсан. Тэгээд ээжийн өмчинд хоёр гүү өгсөн юм билээ. Тэр хоёрын төлүүд их сайн давхисан. Уяаны барагтай алдааг тоохгүй л давхичихдаг байлаа шүү дээ. Би хүүхэд байсан болохоор нарийн ширийн зүйлийг сайн мэдэхгүй, Жанж ахынхаа зааварчилгаагаар л уядаг. Ахынхаа уяаны эрдэм, адууныхаа шандас хурдны буянаар олон жил сайхан л наадлаа. 1980 оны үед унаган адуунаасаа азарга, соёолон хоёр сумын баяр наадамд түрүүлгэсэн. Мөн 1974 оны намар Ханбогдын нэг тугч Төв аймгаас авсан гээд алаг морь, хар ногоон байдас хоёр хөтлөөд ирсэн юм. Би тэр хар саарал байдсыг нь авсан. Түүнээс гарсан хар унагаар нь азарга тавьсан. Гарсан төлүүд нь ч сайн давхисан. Жаргалант багийн уяач, миний найз Сайнбилэг тэр хар азарганд хоёр гүүгээ тавьдаг юм. Ухаа гүүнээс нь хоёр сайн цэгээн эр унага, хэдэн сайхан цэгээн охин унага гарсан. Охин цэгээнүүдийнх нь төлийг би дүү нартаа хуваагаад өгчихсөн. Мөн цэгээн морио би соёолонд нь Манлай, Ханбогд хоёр суманд түрүүлгэж байлаа. Тэгэхэд Ханбогдын наадамд манай найз их насны морьтой, би соёолонтой очсон юм. Тэгээд бид хоёр морь, соёолон хоёроо солиод тавьсан. Хоёулаа л түрүүлсэн. Би ч ерөөсөө 60 нас хүртлээ гурав, дөрвөн цэгээн мориор наадсан хүн. Хамгийн сүүлд баруун чигийн нэг хүүхдээс цэгээн соёолон худалдаж аваад Ханбогдоос эхлээд бишгүй олон түрүүлгэсэн. 2007 онд билүү дээ, аймгийн наадамд их насны морьдын уралдаанд манай сумын гурван морь дарааллан ирсэн юм. Тэгэхэд манай сумын Төрийн хээр түрүүлж, Мөөгөөгийн зээрд аман хүзүүдээд, миний цэгээн гуравлаж байлаа. 
-Цэгээн мориныхоо амжилтыг жаахан дэлгэрүүлээч?
-Хавчиг зургаан настайд нь манай суманд их олон морь уралдсан юм. Манай дүү унаж байлаа. Би уг нь “Чи сайхан хөнгөн яваад ирээрэй, битгий шахаарай” гэж захисан юм. Мөн Дархан суманд угсаагаараа ирж, түрүүлж, аман хүзүүддэг манай нагац ахын хүрэн, бор хоёр морь байлаа. Тэр хоёрыг орж ирэхэд манай соёолон хөндий явж байсан юм билээ. Нагац ахын хоёр морь ч туг хараад л зүтгэчихэж байгаа юм. Тэгэхэд манай дүү давхиж очоод, хоёр морины дундуур хийгээд аман хүзүүдүүлж байлаа. Даанч би тэр жил нь Мандахад уяад, жаахан оёг суулгачихсан. Хамгийн сүүлд 2005 онд 20-тойдоо Ноён угсааны хүмүүсийн хөшөөний нээлтийн наадамд 11-ээр давхисан. 
-Оёг олоогүй бол их хурдан адуу байжээ?
-Говьд бүү хэл, халхын хавтгайд уралдах адуу байсан гэж боддог юм. Дэндүү гоё, цэвэрхэн, бие их жижигтэй адуу. Үсэргээ, хөлсөнд би ганцаараа л явна. Хүнтэй ханилж явж болохгүй. Морь болгон адилгүй шүү дээ. Нөгөө хүн маань морио явуулахын тулд гүүглэнэ, чүүлнэ. Тэгвэл миний цэгээн ухас ухасхийгээд байдаг юм. Бас ташуур өгвөл л ухасхийчихнэ. Харин ганцаараа, ташуургүй эвтэйхэн явбал амархан хөлрөөд л ирнэ. Дарж л явахгүй бол ерөөсөө их задгай явдаг адуу. Тээр ард явж байгаа хүн морио “чүү” гэхэд л энд оволзож байдаг морь байлаа. 
-Эцэг нь ямар азарга байсан юм?
-Эцэг нь 1971 онд түрүүлсэн хээр азарга, 1974 онд худалдаж авсан хар саарал хоёрын дундаас гарсан унага  байсан юм. Эх нь Сайнбилэгийн ухаа гүү. Манай сумын хэрээ Гомбо гэж дээр үеийн мундаг хурдтай өвгөн байсан юм. Тэр өвгөний адууны угшилтай Мижидийн хээр гэдэг азарганы угшилтай гүү байгаа юм. Энэ хоёрын дундаас их цэгээн, бага цэгээн гэж ах, дүү хоёр хурдан ажнай төрсөн юм. Ханбогдод түрүүлдэг нь бага цэгээн.
-Бага цэгээнийг хэдэн наснаас нь уяж эхэлсэн бэ?
-Хэнз даага байсан учраас дааганд нь уяж чадаагүй. Харин шүдлэнд нь уясан боловч сумын баяр наадамд суулгачихсан. Тэгээд намар нь сургуулийн ойн уралдаанд дүүгээрээ уяулсан юм. Тэгэхэд айрагдсан. Хязааланд нь би Дундговийн Өлзийтөд их цэгээнийх нь хамт аваачиж уралдуулсан. Тэгэхэд бага цэгээн айргийн дөрвөөр давхисан. Би тэр үед бригадад тоо бүртгэгчээр ажиллаж байлаа. Тэр үеийн нэгдэл нийгмийн ажил гэж тоймгүй их байлаа. Тэр ч утгаараа хөлслөх хугацаа тун бага. Дүү нарыг л хөлсөлчихөөрэй, хоол ундыг нь тохируулчихаарай гэж захиад орхичих. Тэгээд уяагаа үлдээчихээд төв рүү явчихсан хойгуур Дундговийн Өлзийтийн өргөн Дашдаваа гэдэг уяач манай уяан дээр ирээд явсан юм билээ. Тэгээд миний хоёр цэгээнийг харчихаад “Энэ ч ёстой морь юм даа. Даанч эзэн нь юм хийсэнгүй дээ” гэж хэллээ гэдэг юм байна. Би ч тэр үгийг сонсоод өөрийгөө ажил төрөл ихтэй гэж өмөөрөнгүй бодоод “Хойтон жил л уясан шиг уяна” гэж ам гарсан юм. Тэгээд сумандаа түрүүлгэчихээд, Ханбогдод аваачиж түрүүлгэсэн нь тэр л дээ. Миний цэгээн ч муухан хүнээс дээр амьтан. Хоол ундаа өөрөө тохируулчихна. “Хоолтой морь 20-ийн өмнө” гэж хууччуулын үг байдаг даа. Ээжийн маань аав ч бас “Хоолыг нь багадуулсанаас хоолтойхон давхиулсан нь дээр шүү. Хоол, хүүхэд хоёроо даадаггүй малыг уяад юу хийх вэ” гэдэг хүн байсан юм. Би ч тэр сургаалиар нь хоолтойхон л уячихдаг юм.
-Бага цэгээн 20 хүртлээ уралджээ. Их цэгээн нь хэд хүртлээ уралдсан бэ?
-Бага цэгээн сайн давхиж байсан учраас ах цэгээнийг нь бараг уядаггүй байсан юм. Зүгээр л эрэл гэх мэт зүйлд унадаг байлаа. Тэгэхэд ямар мотоцикль гэж байх биш, 20 км байсан ч, 50 км байсан ч мориор л явна. Тийм унаанд задгай унахад дэндүү сайхан хүлэг байсан. Хамт яваа улсын морийг сарвайтал нь цогиулаад л хатираад байлаа. 
-Бага цэгээнийг одоо ид давхиж байгаа морьдын аль нэгэнтэй нь зүйрлэвэл?
-Миний цэгээн морьтой зүйрлэх адуу говийн гурван аймагт ховорхон доо. Би онгирч байгаа ч юм биш. Би цэгээнээ халхын довон дээр л уралдаж байх заяатай төрсөн хүлгүүдийн нэг гэж боддог. Хэрэв өнөөдрийнх шиг нийгэм нь сайхан, бүх боломж нь нээлттэй байсан бол төрийн наадамдаа аваачиж уралдуулахад түрүүлдэггүй юм аа гэхэд айрагдах л байсан байх.
-Та “Их хурд”-д оролцож байгаагүй юм уу?
-Явж байгаагүй ээ. Цаг хатуухан байсан болохоор аймаг руу л явж уралддаг байлаа. Тэр үед машин тэргэнд ачна гэж мэдэх биш, уяаны морьдоо хөтлөөд л явна. Eрөнхийдөө тамир муутай, уяа дутуу морьтой хүн холын наадамд явснаас яваагүй нь дээр байдаг юм байна лээ. 
-Бага цэгээн аймгийн баяр наадамд айрагдаж байв уу?
-Үгүй ээ, би аймаг руу нэг удаа авч очоод, айрагдуулж чадаагүй юм.
-Аймгийн Алдарт уяач цолны болзол хангахад тань хамгийн их жин дарах амжилт үзүүлсэн хүлэг гэвэл ямар адуугаа нэрлэх вэ?
-Би 2013 онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн юм. Энэ цолыг авахад хамгийн их жин дарж амжилт үзүүлсэн хүлгүүд гэвэл Ханбогдын наадамд түрүүлсэн хээр азарга, бас нэг цэгээн морь хоёрыг л хэлнэ дээ. Тэр цэгээн морийг би 1974 онд Ханбогдод түрүүлгэчихээд, цэрэгт явчихсан юм. Намайг цэрэгт байх хооронд ах маань уяж байгаад залууханд нь унагачихсан. Харин хээр азарга маань сумын баяр наадамд олон удаа айрагдсан. Үр төлүүд нь ч сумын баяр наадамд бишгүй олон айрагдсан. Бас манай тэр ахын хүрэн азарга сумандаа том, жижиг наадмуудад олон түрүүлсэн.Би 1980-аад оны үед дөрөв, таван жил адуу туусан хүн байгаа юм. Тэгж тууварт явж байхдаа Дорнод, Сүхбаатарын бэлтгэлийн адуунаас нэлээд хольж сольж, адууныхаа цусыг сэлбэсэн. Даанч тэднийхээ идийг нь үзтэл уяж, уралдуулж чадаагүй. Сүүлийн үед бага адуунууд ч нэлээд гарч ирж байна. 
-Сумын баяр наадмаас нийт хичнээн айраг, түрүүтэй вэ?
-Дээхнэ үед сумын баяр наадмаас л хэтэрдэггүй байлаа. 10 гаруй түрүү, 30-аад айраг байгаатай байх шүү. 
-Нагацын талаасаа уяач удамтай юм байна. Авга нарын тань дунд морь уядаг хүн байв уу?
-Аавын талд морь уядаг хүн байгаагүй. Манай нагац ах болон өвөө маань л морь уядаг байсан юм. Би ч тэднийгээ болон нутгийн сайхан өвгөчүүлээ дагаж морь уяж эхэлсэн хүн.
-Та хэдэн хүүхэдтэй вэ. Өв уламжлах уяачид тодорч байна уу?
-Ах нь нэг хүү, хоёр охинтой. Хүүхдүүд бүгд албан ажилтай. Морь малд шимтэхгүй л байна. Миний нас ч ахичихлаа. Би гурван настайдаа хөлнийхөө дунд чөмгийг хугалаад, 1987 онд шилбээрээ хугалчихсан юм. Өнгөрсөн жил бас хуучин хугархайныхаа тэрүүгээр дахиж бэртээгээд, морь мал ч уяж, унаж чадаагүй. Энэ жил ганц морь л хөлслөх гэж оролдлоо. Уралдаанч хүүхэд олохоос эхлээд морь уях ч бас ярвигтай болоод байна шүү.
-Ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай.
-Тэр ерөөл бат оршиг ээ.

"Тод магнай" сэтгүүл. Манлай сумын тусгай дугаар. 2017 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна