Аймгийн Алдарт уяач Ч.Содном: Хурдан тууртынхаа буянаар олон ч сайхан хүнтэй танилцсан даа

А.Тэлмэн
2018 оны 3-р сарын 12 -нд

Булган аймгийн Баяннуур сумын уугуул, "Шар тал" багийн харьяат, аймгийн Алдарт уяач Чойдоржийн Содномын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1955 онд Дашинчилэн сумын Дөргөнтийн Зүрхийн хөндлөн хэмээх газар айлын ууган хүү болон мэндэлжээ.

-Монголчууд бид уул хайрхандаа залбирч, сүлд хийморь, буян заяагаа даатгадаг сайхан уламжлалтай ард түмэн. “Тухайн хүний сайн сайхан яваа нь унасан газар, угаасан усаа хэрхэн эрхэмлэн хүндэтгэж яваатай нь салшгүй холбоотой” ч гэж үздэг. Энэ ч утгаараа хоёулаа ярилцлагаа төрсөн нутаг, төрөл садангуудынхаа талаар гэрэлт дурсамжаар эхлэх нь зүйтэй болов уу?
-Манай өвөг дээдэс хэдэн үеэрээ энэ нутагт идээшин амьдарч байсан. Хойд талын уулыг Хойд Баян-Улаан гэдэг юм. Манай хойгуур явсан зам бий. Уг нь жингийн зам юм билээ. Тэр замын хойгуур нутагладаг хүмүүсийг Ноёныхон, баруун тийшээ нутагладаг улсыг нь Эрдэнэ хамбынхан гэдэг юм.
Бид аавыгаа Ажаа гэж дууддаг юм. Миний ажаа Аюушийн Чойдорж гэдэг хүн байсан. Би өвөөгийнхөө талаар сайн мэдэхгүй, малчин хүн байсан гэдэг юм. Ганц хүүтэй, тэр нь манай ажаа. Үүнээс цаашихыг би мэдэхгүй л дээ.
-Өвөг дээдсийнхээ талаар томчуудаас асууж сурагладаггүй байв уу?
-Бидний үеийн багачууд ямар айлд ороод удаан суух биш, тавган дээрээс боорцог авч өгчихөөд л хөөгөөд гаргадаг байлаа. Томчуудтай зэрэгцэж суугаад ярианд оролцох нь бүү хэл, сонсох нь ч буруу гэсэн хүмүүжлээр л өссөн улс шүү дээ, бид.
-Аавыг тань адуучин хүн байсан гэж сонссон?
-Тийм ээ, 1935 онд төрсөн гэдэг байх аа. Есөн жилийн өмнө бурхан болсон юм. Далан нас арай хүрэлгүй л өөд болсон. 1960-н хэдэн оны үед цэрэгт татагдахад нь би бага хүүхэд үлдсэн гэдэг. 1968 онд цэргээс халагдаж ирээд 1973 он хүртэл сумынхаа “Туяа” нэгдлийн адууг хариулсан. Дараа нь нэгдлийн хонь хариулж байгаад тэтгэвэрт гарсан.
-Адуунд иртэй эр байсан байлгүй?
-Адуунд эв дүйтэй хүн байсан юм билээ. Эмнэг хангал дээр өөр хүн мордуулдаггүй, өөрөө л уначихдаг байсан гэж хүмүүс ярьдаг. Эмнэг догшин морь их унадаг байсныг нь би бүүр түүр санадаг юм.
-Хурдан морины уяа эвлүүлдэг байсан уу?
-Сонирхдог байсан ч нэгдлийн адуутай, цаг зав гардаггүй байсан биз дээ, шальтай уяагүй юм.
-Чойдорж гуай хэдэн хүүхэдтэй вэ. Та ууган хүү нь гэсэн байх аа?
-Тийм ээ, би ууган нь. Бид эцэг, эхээс 12-уулаа. Одоо 11 нь амьд сэрүүн байна. Дүү нарын маань дөрөв нь тэрсхэн хөвгүүд. Бие биенээ чирээд л хүн болгочихсон юм.
-Нэгдлийн адууг та ааваасаа залгамжилж аваад малласан юм уу?
-Аавын маллаж байсан адууны үлдэгдэл ганц, хоёр азарганд хураалгаж тасадсан адуу 1979 оны хавар хүлээж авсан юм. 100 гүүнээс 70, 200 гүүнээс 140 орчим унага авах нормтой. Хажуугаар нь хялгас, сааль сүүнийхээ нормыг бас биелүүлнэ. Энэ мэтээр ажиллаж байгаад 1991 оны хувьчлал хүртэл нэгдлийн адуу малласан.
-Танай адууг нэлээд чанаржуу, Жаргалантын морин заводын зургаан эрлийз адууны эр, охин төлүүдийн төлөөр цус сэлбэгдсэн гэж сонссон. Ингэхэд адууныхаа үүлдэр угсааг сайжруулах ажлыг хэзээнээс эхэлсэн юм бэ?
-1990 оноос өмнө ах дүүсээсээ азарга авч тавьдаг байлаа. Олон сайхан хурдан буянтай хөгшчүүд манай нутагт олон шүү дээ. Тэднээсээ азарга авч тавьдаг байлаа. Өмч хувьчлалаас хойш Жаргалантын морин заводын угшлын азарга тавьж байсан. Морин тойруулгын угшлын азарга ч тавьж байлаа. Тэр хоёр азарганаас сайхан хурдан төлүүд үлдсэн.
1970-аад оны үеэс манай адуу чанаржиж эхэлсэн юм шиг байна лээ. Сум орон нутагтаа унаган хүлгүүд маань түрүүлж, айрагдаж л байлаа. Би өөрөө уяад ч айраг, түрүү авч л байлаа. Улмаар Хэнтий, Сүхбаатар аймаг, Англи, Араб азарга гээд хурдан гэсэн адууны угшил бүрээр л цус сэлбэлээ. Өөрт байгаа маань ч, өрөөлд өгсөн маань ч айрагдаж, түрүүлээд л байна. Энэ бүхнийг хараад адуу маань нэлээд чанаржжээ л гэж ойлгоод байгаа даа.
-Хэдий үеэс морины уяа эвлүүлж эхлэв?
-Би 1977 оноос морь уяж эхэлсэн. Анх аавынхаа унаган бор морийг уяж түрүү хүртэж байлаа. Тэр үед ямар одоогийнхтой адил, олон уралдаан болох биш дээ. Цагаан сар, Майн нэгэн, наадмаар л уралдана. Аавын унаган хээр мориор ч бас сум орноосоо олон айраг, түрүү хүртсэн.
-Таныг хүмүүс хар азаргаар тань илүү мэднэ дээ?
-Тэгэлгүй яах вэ, тэр сайхан буяныхаа ачаар л би амьтан хүнтэй мэнд устай яваа юм шүү дээ.
-Хар азарга тань англи азарга төл байх аа. Удам угшлыг нь дэлгэрэнгүй яриач?
-Дорнодын Зоригоо гэдэг сайхан хүүгийн Англи азарганы төл байгаа юм. Би тэр сайхан азарганд гүү тавьсан. Тэр их сайхан буянтай гүү байгаа юм. Хар унагыг гаргасан хавар нь Дорнод аймгийн Цагаан-Уул суманд айхтар шуурга болоод эх нь үхчихсэн юм. Өнчин унага үлдэхээр нь Зоригоо өөр гүүнд авахуулж тэжээж байгаад намар нь явуулсан байсан.
-Та хар азаргаа хэдэн наснаас нь эхэлж уясан бэ?
-Дааганаас нь уяж эхэлсэн. Даагандаа хойд хайрханы тахилга болон сумын баяр наадамд тус тус түрүүлсэн. Хязааландаа Завхан аймгийн 70 жилийн ойн наадамд наймаар хурдалсан. Соёолонд нь өнжөөгөөд, хавчигаас нь томоохон уралдаануудад мордуулж эхэлсэн юм.  
-Хавчигтаа ямар, ямар амжилт үзүүлсэн билээ?
-2015 онд хавчиг жилдээ “Дүнжингаравын хурд”-д тав, Булганы бүсийн уралдаанд дөрвөөр давхиж, ММСУХ-ны 20 жилийн ойн  уралдаанд аман хүзүүдсэн. Хойтон жил нь уяж байгаад уяа нь эвлэж өгөхгүй болохоор нь тавьчихсан юм. 2017 онд “Дүнжингаравын хурд”, төвийн бүсийн уралдаанд айраг хүртсэн. Ингээд улс, бүсийн чанартай уралдаанаас нийт таван айраг хүртчихэж байгаа юм.
-Та ч улсын Алдарт уяач цолны болзол бараг хангачихжээ?
-ММСУХ-ны 20 жилийн ойн уралдаанд морин тойруулгын угшилтай эхтэй хээр даага бас айрагдсан юм. Хээр азарганы маань төл л дөө. Хээр даага маань тэр жилдээ Булганы бүсийн уралдаанд бас айрагдсан.
-2016 онд шүдлэн үрээ уралдаагүй юм уу?
-Уралдаагүй. Өнгөрсөн жил хязаалан төвийн бүсийн “Хангарьд” уралдаанд долоо, наймаар давхилаа.
-Орон нутагт шинэ цагийн адуу үржүүлэхэд хэр дөхөм байна вэ. Монголын эрс тэрс цаг уурт, тэр дундаа хөдөө нутагт зохицохгүй адуу л гэлцэх юм?
-Манай нутагт бол сайхан зохицоод л, үр төлөө өгөөд л явж байна. Одоо нэг, хоёрдугаар үеийн эрлийзүүд гарч ирж байна.
-Хар азарганы төлүүд хурдан уу?
-Хар азаргаа уядаг болохоор цөөхөн гүү тавьдаг юм. Охин л голдуухан унагалаад байна. Өмнөх хоёр, гурван жил манай энд хатуухан өвөл болсон, өвс муутай учир гүүнүүд хээл хаяад байлаа. Өнгөрсөн жил хоёр, гурван унага л гарсан. Нэг нь эр.
-Нутгийнхнаас гүү тавья гэсэн санал хэр ирж байна?
-Тийм санал ирэхгүй л байна.
Хар азарга маань өнгөрсөн өвөл сумандаа түрүүлсэн. Дашинчилэн сумынхаа 90 жилийн ойн наадамд бас түрүүлсэн юм.
-Та хэдэн онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн билээ?
-Би 2008 онд аймгийн Алдарт уяач цол хүртэж байлаа.
-Хар азарганаас өмнө юм байна шүү дээ. Тэгэхээр өмнө нь ч хурдан хурц хүлгүүд олон байжээ?
-Шаргал азарганы төл хул азарга нэг түрүүлсэн. Бүрэг сумын бүсчилсэн уралдаанд хээр хязаалан үрээ, хүрэн морь хоёр айрагдсан. Аймгийн Алдарт уяач цол хүртэхэд нэг адууны давамгай амжилт байгаагүй. Ерөнхийдөө сумын ой, аймгийн наадмын айраг, түрүүгээр л болзол хангачихсан юм. Сумын ойн уралдаануудыг аймгийн статусаар тооцдог учир 10 гаруй айраг, түрүүгээр аймгийн Алдарт уяач цол хүртэж байсан.
-Олон айраг хүртэж, одтой сайхан наадсан он жилүүд олон бий юу?
-Сумандаа бол олон бий. Зургаан насны адуу мордуулаад 3-4 түрүү авч байлаа. Гурван жил дараалан азарганы түрүү ч авч байлаа. Тэдний дунд унаган нь ч байсан, авмал нь ч байсан.
Манай Хандгай хүрэн ч сайхан азарга шүү дээ. Намайг олон ч сайхан хүнтэй танилцуулсан. Хэнтий аймгийн Баянхутаг сумын Цэрэн гэдэг хүнээс авсан юм. Цэрэн  Лхамсүрэн гэдэг хүнээс авсан юм билээ.
-Танайх хурдан хурц хүлгүүдээрээ эртнээс алдартай Төв аймгийн Заамар, Эрдэнэсант сумдын залгаа юм байна. Энэ ч утгаараа наадмынхаа түрүүг алдахгүй байх том үүрэг ногддог байсан болов уу?
-Айраг, түрүү алдалгүй л нааддаг юм. Би ч сүүлийн 3-4 жил морь мордуулсангүй дээ.
-Булган аймгаас төрсөн улсын Алдарт уяач цолтны анхдагчид Бүрэгхангай сумынх. Үүнтэй нэгэн адил Баяннуурт ч бас бахархаж омогших онцлог байж л таарна?
-Баяннуур сум Дашинчилэнгийн харьяа бригадын төв байсан юм. Сум сангийн аж ахуйгаас гарсан гадна дотны улс ирсэнээр шинэ сум бий болсон. Нутгийн унаган иргэд  шилжиж ирж энэ суманд харьяалагдсан түүхтэй. Энэ ч утгаараа 1990 оноос хойш л өргөн дэлгэр наадах болсон. Гэхдээ Дашинчилэндээ голдуухан уралдуулдаг юм.
Нутаг орныхоо нэрийг гаргасан сайхан уяачид маань бүгд бурхны оронд одчихлоо доо. Ардын хувьсгалын 60 жилийн ойн баяр наадмаар Дашинчилэн сумын наадмаас дөрвөн насны түрүүг нь авч байсан Лувсандагва гэж мундаг уяач байлаа. Сумын наадамд дөрвөн жил дараалан түрүүлсэн хурдан хүрэн азаргатай Бат-Аюуш гэдэг сайн уяач байлаа. Яндаг, Гомбожавын Дэмбээ, Пунцаг, Лувсанзэгвийн Мядаг гээд хурдан хурц хүлгүүдтэй уяач өвгөдөөрөө л бахархаж омогших юм даа.
-Та олон газар очиж наадаж үзсэн. Морины уяаны хувьд өөр газарт баримталдаггүй хэрнээ танай нутагт цээрлэдэг онцгой дэг ёс анзаарагдав уу?
-Айлын бууц дайруулдаггүй л гэдэг байсан даа. Бас гийнгоолсонгүй гэж зэмлүүлдэг байлаа. Одоо ч гийнгоолдог хүүхэд ч байхгүй болж.
-Хурдан хурц хүлгүүд олноороо төрөх нь нутаг орны өвс ургамал, байгаль цаг ууртай ч холбоотой мэтээр зарим ахмадууд тайлбарладаг. Тухайлбал, танай сумын хаагуур илүү хурдан хүлгүүд төрдөг вэ?
-Бригад байхад Дашинчилэн суманд очиж уралдуулахад урьд Туулын адууг л тамир тэнхээ сайн авдаг, бяртай адуу гэж ярьдаг байсан даа. Туул гол дагуу хойшоо, усандаа ойр, өвс ногоо ч сайн ургадаг байсан биз. Манай урд ч бас сайхан ургана л даа. Тэгэхдээ ер нь л хойд тал л давамгайлдаг байсан шүү, Дашинчилэнгийн унага арай л илүүрхээд байдаг юм.
-Нутгийн залуучууд танаас зөвлөгөө авахаар их ирнэ биз?
-Залуучууд маань хэн нэгнээс асуултгүй л адуугаа сайн мэддэг болчихсон шүү дээ. Би ч өөрийгөө сайн уяач гэж хэлэхгүй. Адуу сайн байж л уяач болж байгаа юм шүү дээ.
-Сайн адуу хүнийг сайн уяач болгодог гэдэг?
-Яг тийм, адуу болгоныг уяад байдаггүй л биз дээ. Нөгөөтэйгүүр адуугаа сайжруулаагүй байж морь уяж уралдуулна гэвэл миний ой ухаанд л лав багтахгүй.
-Тэгэхээр морь уяна гэхээсээ илүү адуугаа сайжруулах ёстой юм байна гэж ойлголоо, тийм үү?
-Зөв өө. Одоо шинэ цагийн адуу гээд л яриад байна аа даа. Энэ адуу Монголын аймаг, сум бүрт тарчихлаа. Нэгэнт ингээд үржчихсэн амьтныг эрлийз, хурлийз гэж гадуурхаад яах билээ. Бүгдээрээ л адуугаа сайжруулах хэрэгтэй. Түүнээс биш адуугаа сайжруулж байгаа нэгнийгээ ахиухан амжилт гаргачихаар л “эрлийз адуугаар айраг, түрүү авчихлаа” гэж матаад байж болохгүй л дээ. Нэгэнт уралдуулах л гэж байгаа бол цусыг нь холтгож байж л хурдыг нь сайжруулдаг номтой шүү дээ.
-Сайн адуутай байлаа гээд уяач хүн өөрөө төлөвшөөгүй, дөр суугаагүй бол ганц, хоёрхон уралдуулаад л хөлгүй болгоод, уралдаанаас гаргачихаж байна л даа. Тэгэхээр уяачийн эрдэм ухаан ч бас их чухал л санагддаг юм?
-Хүлгээ хайрлаж л чадахгүй байна л даа. Хэл мэдэхгүй амьтантай харьцаж байгаагаа ухаарахгүй байна.
-Та морь мал уяж байхдаа юуг цээрлэж, юуг бэлгэшээдэг вэ?
-Хэрүүл маргаан хийхгүй, архи дарс хэрэглэхгүй, нойроо харамлахгүй байх хэрэгтэй. Бас хүүхдээ сайн сургах ёстой.
-Дөрвөн эрэгтэй дүүтэй гэсэн. Дүү нар морь уядаг уу?
-Үгүй. Манай хоёр хүү бол уяна. Энэ хоёр маань л одоо гол ажлыг хийж байна даа.
-1990 оноос хойш хувийн аж ахуйтан болоод мал маллаж байгаа юм байна. Танайх олон адуутай юу?
-400-500 адуу байна. Бусад малын тоо толгой ч нэлээд өссөн. Гэхдээ олон малаар юу хийх вэ гээд зарж борлуулаад, тодорхой тоонд нь бариад байхыг боддог юм.
-Уяач хүн наадам болгоноос л ухаарал тээж үлддэг гэдэг дээ. Танд хамгийн том сургамж үлдээсэн наадам хэдэн онд, хаана тохиож байв?
-Алдаа, оноогоо дүгнэж чадаад байвал алс хэтдээ хэрэг болно. Дүгнэж чадахгүй бол яаж хэрэг болох вэ. Дүгнэж чадаж байгаа хүн л дараагийн наадамд алдаа гаргахгүй байж чадна шүү дээ. Би ч бас алдаа гаргаж л байсан. Гэхдээ тийм алдаагаа дүгнэж цэгнэж засаад, тийм амжилт гаргасан гээд хэлчихээр юм санаанд буухгүй л байна. 
-Тэгвэл таны хувьд хамгийн сайхан гэж ямар наадмыг хэлэх вэ?
-Наадам болгон нь л сайхан даа.  Уяач хүн наадам болгонд л хийсэн хөдөлмөрийнхөө үр шимийг хүртчих юмсан гэж очдог шүү дээ. Хөдөлмөр нь үр өгөөжөө өгөөд айраг, түрүү хүртчихвэл түүнээс сайхан наадам хаана байх билээ. Нөгөөтэйгүүр, айраг, түрүү хүртээгүй ч морь, хүүхэд эсэн мэнд бол наадам сайхан л болчихож байгаа юм. Ер нь тухайн хүн сэтгэлээрээ л сайхан наадах учиртай юм байна. Хүн бүртэй инээгээд мэндчилчихдэг, нутаг орноо мэдэлцээд сайхан танилцчихдаг байх хэрэгтэй.
-Бидний урилгыг хүлээж авч ярилцсанд баярлалаа. Төрийн хишиг хүртсэн уяач болоорой гэсэн ерөөлөөр ярилцлагаа өндөрлөе.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна