АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Б.БЭХХУЯГ: ДҮҮРЭН СЭТГЭЛЭЭР БЭЛЭГЛЭСЭН АДУУ УРАЛДАХ БҮРТЭЭ ХУРДАЛДАГ

А.Тэлмэн
2018 оны 4-р сарын 03 -нд

Уяач нөхдийнх нь “Дорнодын Өвгөн ноён” хэмээн авгайлдаг аймгийн Алдарт уяач Бэхбатын Бэххуягийг “Хийморилог зочин”-оор урьж ярилцлаа. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Л.Цагаандалай түүнийг “Хурдан буянуудаа хонхортоо хурааж, хормой дороо дараад суудаггүй, гар  сайтай уяач” хэмээн тодорхойлсон. Үнэхээр ч Б.Бэххуягийн адууны угшилтай хурдан хүлгүүд уясан эзэн, унасан хүүхдийнхээ магнайг тэнийлгэн, нутаг нутагт торгон жолоо өргүүлсээр байгаа билээ.
-Та бол адууны салхин дор өссөн, гурав дахь үeийн уяач. Унаачаас эхлээд л морь уях эрдэмд суралцсан байлгүй?
-Тийм ээ. Миний аавын аав Дашдоной мундаг уяач хүн байсан юм гэнэ лээ. Би бага байсан болохоор өвөөгийнхөө уяаны арга барилыг сайн мэдэхгүй ээ. Харин гурав, дөрөвдүгээр ангид байхаасаа аавынхаа уяаны ажилд оролцож эхэлсэн. Долоон настайдаа аймгийн баяр наадамд 300 гаруй шүдлэн уралдахад үрээ унаж, анхны айргаа авч байлаа. Тэгэхэд аав маань “Тийм, тийм шүдлэн л толгойд гарна шүү. Чи тэр шүдлэнгүүдийн араас явж Хар толгой дээр ирэхээрээ л мориныхоо амыг зөнд нь тавиарай” гэж захисан юм. Би ч яг л аавын захиасаар уралдсан. Мөн Дамдин гэдэг хүний хонгор морийг унаж, аймгийн баяр наадамд гуравлуулж байлаа. Ингэж л хүний, өөрийн гэлтгүй хурдан буянуудыг унаж хурдлуулж, адуутай нөхөрлөж эхэлсэн дээ. 
-Хэзээнээс биe даан морины уяа эвлүүлж эхлэв?
-1990 оноос сум орон нутагтаа морь уяж эхэлсэн. Төмөр замын 60 жилийн ойн наадамд соёолон морь уралдуулан, анхны түрүүгээ авч байлаа. Түүнээс хойш л адуугаа чанаржуулж эхэлсэн дээ. Нутгийн хэдэн сайхан буурлууд маань ч олон сайхан азарга, морьдоо өгсөн. Тэдний буянаар л би өдий зэрэгтэй явна гэж боддог. Аавын минь алдарт цагаан азарганы төлүүд ч буян хишгээ хайрласан. Eр нь манайх цагаан голдуу азаргатай, цагаан, бор зүсмийн адуунуудаар л сайхан наадаж байна даа.
-Дашдоной гэдэг хүний хурдан буянуудын үр удам танай адуунд бий юу?
-Аавын цагаан азарганы угшил л бий дээ. Аймгийн баяр наадмаас 10 жил дараалан айраг хүртсэн аймгийн Алдарт уяач Намжил гуай надад хоёр цагаан азаргаа өгсөн юм. Улсын Алдарт уяач Мод Хүрлээ алдарт Өнчин хээрийнхээ удмын хурдан азаргаа өгсөн. Мөн Батмөнхийн цагаан, Дондовын цагаан, Дугарын Хув хүрэн, Гомбосүрэнгийн Мeдальт ухаа, Батзоригийн буурал,  Мягмарын саарал алаг болон аавын минь хурдан удамт азаргануудын төлүүд сайн давхиж байна.
Ингэж нутгийн сайн угшлын хүлгүүдээр цус сэлбэхээс гадна Болорчулуун гишүүний “Санат” гэдэг Оростоо олон удаа түрүүлж байсан, сайхан хар азаргаар адуугаа сайжруулсан. Хар азарганы маань төлүүд гурав, дөрвөн ч уралдаанд айрагдаад байна. Мөн Англи азаргаар ч цус сэлбэсэн. Хурдны чиглэлийг нь нэмэгдүүлэхийн тулд энэ мэтээр цус сэлбээд л явж байна. Хурд төрүүлнэ, үйлдвэрлэнэ, түүнийгээ бас бусадтайгаа хуваалцана. 
-Бусадтайгаа хуваалцана гэснээс таныг хурдан хүлгүүдийнхээ удам угшлаас Монгол орон даяар сайн тараасан гэлцдэг юм билээ?
-Хүнд олон адуу өгсөн. Хүнд өгсөн юмныхаа талаар дуугүй л байсан нь дээр санагддаг юм.
-Гэхдээ хүнд очсон адуу хурдлах ч өөрт байгаа нь хурдалснаас ч илүү л омогшил төрүүлдэг байлгүй?
-Тэгэлгүй яах вэ. Дотогшоо л огшоод, омогшоод сууж байх нь сайхан даа. 
-Газар газрын томоохон наадмуудад л таны адууны угшлууд торгон жолоо өргүүлж байх юм байна шүү дээ?
-Адуу очих ёстой хүндээ очоод, хурдлах учиртай газартаа хурдлах сайхаан, сайхан. Баянхонгор аймгийн баяр наадамд энэ жил аман хүзүүдсэн цагаан азарга, өмнөх жил нь Баянхонгорын бүсийн уралдаанд түрүүлсэн Баяраагийн хүрэн соёолон хоёр манай адууны угшилтай. Өвөрхангайд Маршал ухаа, Дорнод хонгор гээд Бямбасүрэнгийн хэдэн ухаа адуу байна. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд түрүүлсэн Г.Батхүү ахын хонгор морь байна. Говь-Алтайд л гэхэд “Гацуурт”-ын Батмөнх ахад өгсөн хэдэн сайхан адуу байна. Зүүн талд ч бас аймаг, сумын наадмуудад манай адууны угшлын хурдууд сайхан л давхиж байна. 
-Хув хүрнээ “Гацуурт”-ын Батмөнхөд өгөхдөө дагалдаж ирсэн хүмүүст нь хүртэл хурдан удмын адуу бэлэглэж буцаасан гэдэг байх аа. Хүнд бэлэглэсэн адуу хурдлах ч бас өгч буй хүний сэтгэлээс их шалтгаалдаг юм шиг санагддаг?
-Нэг жилийн дотор Алтан овоо, хоёр Дүнжингарав, улс гээд дөрвөн наадамд торгон жолоо өргүүлчихсэн ажнай маань “Их хурд”-д наймаар давхисан. Тэр бас их туршлага болсон шүү. Тэр намартаа Батмөнх ахад өгсөн юм. Дагалдаж явсан хүмүүст нь ч бас хурдан удмын адуу, гүү бэлэглээд, Хув хүрнийгээ ижил сүрэгтэй нь хамт явуулсан. Хүмүүс хурдан хүлгээ хүнд өгөхдөө дэл, сүүлнээс нь тасдаж авдаг, эмээл, хазаарыг нь өөртөө үлдээдэг гэх мэт ёс заншил ярьж л байдаг юм. Харин би тэгдэггүй ээ. Хув хүрнээ л гэхэд эмээл, хазаар, санчигных нь боолттой, хурдан морины Рэмандаа бурхантай нь хамт өгсөн. Хүн л гэхэд малгай, бүсээ гээчихээр сүнс сүлд нь тэнээд явчихдаг гэдэг шүү дээ. Тэгэхээр мориныхоо дэл, сүүлнээс тасдаад аваад үлдчихээр ямар олиг байх вэ дээ. Өгч байгаа бол сэтгэл дүүрэн л өгөх хэрэгтэй. 
-Дүүрэн сайхан сэтгэлээр түмэнд өгсөн хүлгүүд тань улс, бүсийн наадмуудад уяачийнхаа алдар цууг мандуулаад л байна. Харин та өөрөө энэ жил л нутгаасаа гарч уралдав уу?
-Тийм ээ. Малчин хүн ч цаг наргүй хөдөлмөрлөдөг болохоор тэр бүр гадагшаа гарч уралдаж амжихгүй юм аа. Харин энэ жил Сүхбаатар аймагт болсон зүүн бүсийн уралдаанд гурван насны адуу мордуулаад, хоёр айраг хүртлээ. Мөн “Хангарьд 2017” төвийн бүсийн уралдаанд халзан үрээ аман хүзүүдүүллээ. 
-Энэ амжилтаараа Дорнод аймгийн “2017 оны шилдэг уяач”-аар тодорч байгаа юм байна, тийм үү?
-Мөн аймгийн уяачдын холбооны 20 жилийн ойгоор азарга түрүүлж, их насны морь гурав, үрээ дөрвөөр давхисан.
-Таны хувьд одтой сайхан он улиран өнгөрч байгаа юм байна. Ингэхэд таны уяан дээрээс ямар насны адуу ахиу амжилт үзүүлж байна вэ?
-Нас насны л адуу уяж байлаа. Их насны морь бариад уячихвал бас их сэтгэл дүүрэн санагддаг юм. Их насны морь болон азаргаар аймгийн наадмын түрүү хүртэж байлаа. Eр нь хүссэн хүн бүр ч морь уядаггүй юм шиг байгаа юм. Хамгийн гол нь мэдрэмжтэй хүн л морь сайн уяад байх шиг санагддаг. Адуу гэдэг амьтан ямар хүний хэл мэдэх биш дээ. Тиймээс эзэн нь өөрөө л мориныхоо хэлийг мэддэг юм шиг мэдрэмжтэй байх шаардлагатай болж байгаа юм л даа. 
-Хоол унд, тарга хүч, давхил, сунгаа гээд аргагүй л уяач хүний мэдрэмж л мэддэг байх даа?
-Тэгэлгүй яах вэ. Бага насны адууны хоолыг хасна уу гэхээс, их насны морины хоолыг хасах их дэмий санагддаг юм. Уяа нь зөв таарчихсан адуу бол хоолоо өөрөө л тохируулаад явчихдаг юм шүү дээ. Хэвэнд нь оруулчихсан байхад адуу өөрөө илүү хооллоно гэж бараг байхгүй дээ.
-Уяаны арга барилын уламжлал, шинэчлэлийг хослуулахад ч бас мэдрэмж л чухал биз? 
-Уламжлал, шинэчлэл гэдэг маань тэс ондоо хоёр зүйл биш шүү дээ. Нэг нь нөгөөгөөсөө урган гарсан, он цагийн уртад шинэчлэгдэж, баяжсаар яваа л зүйл. Дээхнэ үeд бол байгаль, цаг агаарын таатай нөхцөлтэй, газар оронд нь 300-400 төрлийн эрдэс шимт ургамал ургадаг байлаа шүү дээ. Гэтэл сүүлийн жилүүдэд ган, зуд ихсээд, ургамлаас авдаг эрдэс тэжээлүүд нь аргагүй дутагдаад байна. Тэр дутагдаад байгаа зүйлийг нь нөхөх л гэж уяачид маань арга ухаанаа уралдуулж яваа юм. Гэхдээ сүүлийн жилүүдэд адуунд витамин өгөх зэргийг хүмүүс харьцангуй ойлгодог болоод байна аа.
-Өвөө Дашдоной, аав Бэхбат, өөрийн тань гээд гурван хүний эрдэм цогцолж, Бэххуяг гэдэг уяачийн ур чадварыг тодорхойлж байгаа гэж ойлгож байна. Энэ гурван хүний уяаны нийлмэл арга барилын онцлог нь юу вэ?
-Өвөөгийнхөө арга барилыг бол би мэдэхгүй л дээ. Харин аав маань усан засал сайн хийдэг байсан юм. Уралдааны өмнөх өдөр өөрийн хүлгүүд болон өрсөлдөгчийнхөө буянуудыг харчихаад, шөнө нь ажил хийчихдэг, өглөө нь угаачихдаг. Ганцхан шөнийн дотор танигдахгүй болтол нь ажил хийчихсэн байдаг байлаа шүү дээ. Сүүдэрт уяна, өглөө хөлсөлнө, угаана гээд нарийн ширийн зүйлсээ аав надад бас хэлж өгнө. 
-Угаана гэдэг нь усан заслаас өөр юм уу?
-Нэгэн төрлийн усан засал л даа. Давхил, сунгаа хийхэд морь зүдэргээ аваад байвал угаачихна. Хүн усанд ороод биe тавираад, сайхан амардагтай адил морь ч бас сайхан амарчихаж байгаа юм. Шар усны нүх нь онгойгоод, арьс, үс нь сулраад сайхан болчихдог. Зуны уралдааны угаалт бол нэг хөлсний хэмжээтэй л гэж ярьдаг юм. Гэхдээ тарган морийг хүйтэн, туранхай адууг бүлээн усаар угаана. Угаахад бас усных нь хэмжээг тохируулахаас эхлээд нарийн ширийн зүйлс багагүй бий. 
-Та усан засал хийдэг үү?
-Хийнэ ээ. Манайх Хэрлэн голын хөлгүй устай газраар нутагладаг болохоор морьдоо сайхан умбуулна. Хөлгүй усанд хөвөөд байхаар мах шөл нь хөөгөөд, гэдэсний түгжээ, бас цочроо нь ч гарчихдаг юм. 
-20 гаруй жил морины уяа эвлүүллээ. Өөрийн гэсэн арга барилтай болсон биз дээ?
-Би морийг ташуурдахгүй, албадахгүй л уяхыг хичээдэг дээ.
Бас ч болоогүй байна аа. Би одоо иймэрхүү адуу түрүүлчихдэг гэдгийг бол гадарлаад байгаа юм. Харин сунгаа, хөлсийг нь яг тааруулаад авчихаж бас  сураагүй л байна. Яг ирэн дээр нь очлоо доо гэхийн алдад аав үгүйлэгдэнэ шүү дээ.
-Аав тань социализмын үeд төрийн ажилтай, нутгаасаа бараг гарч уралдаж байгаагүй байлгүй?
-Тийм ээ, залуу байхдаа зарим жил сумын баяр наадмаас таван айраг хүртчихдэг л уяач байсан даа. Цагаан азарга нь аймаг, сумын баяр наадамд олон ч түрүүлж, айрагдсан. Мөн анхны бүх нийтийн спартакиадаар эмнэг сургалтаар түрүүлж байлаа. Өрөөсөн дөрөөтэй л мордож байсан. Eр нь морийг эмээллээд, өрөөсөн дөрөөгөө авчихаад, хоёр олмыг нь татчихаар болохоос биш зайдан унаад булгихгүй л дээ.
-Тийм аавын хүү бас эмнэг хангалд эрэмгий биз?
-Би мордчихно оо. Гэхдээ аавынхаа хэмжээнд яаж хүрэх вэ.
-Ер нь танай дээдчүүл адуунд нүдтэй, уяаны эрдэмд нэвтэрхий хүмүүс байсан гэдэг байх аа?
-Аавын ах Тайж Лхасүрэн гэдэг хүн “Энэ морь төдөн насандаа түрүүлнэ” гэж шууд хэлдэг байсан юм гэнэ лээ. Тэр өвгөн 1950-иад оны үeд хонины цагаан морийг бариад уячихсан гэдэг. Хонхор газар аргамжаад, цас хайлуулж услаад л, аргамжааг нь сэлгээд байж л дээ. Нутгийнхан нь түүнийг хараад “Өвгөн зөнөчихөж” л гэлцэж байсан гэдэг. Гэтэл хонинд явсаар урагшаа явах уу, болих уу гээд сэтгэлээр уначихсан адууны сэтгэлийг хүн шиг л уясгаж байгаад хаврын уралдаанаас түрүү хүртчихэж байсан гэдэг юм.
Мөн Жамбаа Дондов гэж манай нагац ах байсан. Улсын Алдарт уяач цол хүртчихээд, цолны найраа хийхэд нь Сайнцог гeнeрал ирсэн байгаа юм. Гэтэл цолны найрны хурдан морины уралдааны өмнө эхний таван морийг нэрлээд л сууж байсан гэдэг. Жамбаа Дондов гуайг дуугарахаа больчихоор нь морьдоо мордуулсан хүмүүс, “За, өвгөн тоолохоо больчихлоо. Миний морь ч айргаас мултарчихлаа даа” гэхийг Сайнцог гуай сонсоод “Бид ч хурд таньдаг хүнд нь л улсын Алдарт уяач цолоо өгсөн юм байна” гээд бахдаж суусан гэдэг.
Би ч бас энэ мэт “айхтар” ахмадуудынхаа мэддэгийг мэдэхийн тулд хэдэн хөх өвгөчүүдээ гэртээ урьж авчраад л, морь ярина шүү дээ. Тэгж л тэднийхээ хууч яриа, зөвлөмжүүдээс мэдээгүйгээ нөхөж, сурч мэдэж  явна даа.
-Таныг “Дорнодын Өвгөн ноён” л гээд байх юм. Уяаны эрдмээр нь ингэж цоллоод байна уу, эсвэл морь таних арга ухаанаар тань ингэж цоллоод байна уу?
-Нэгэн үe би түрүүлж, айрагдах адууг өөрийнхөөрөө хэлчихдэг байсан юм. Сүүлийн үeд ч дуугүй л байя гэж боддог болоод байна аа. Ингэж хэлсэн чинь Даваахүү гуай “Чи одоо л хашир сууж байгаа юм байна” гэж байна лээ.
-Өвөг дээдсээсээ уламжилж ирсэн өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээхэд хэр санаа тавьж байна вэ?
-Хүү маань зургаан настайдаа Чойбалсан сумын 60 жилийн ойн наадамд үрээ унаж түрүүлж байлаа. Энэ жил МУИС-ийн хууль зүйн ангийг төгсөнө. Харин бага хүүгээ ХААИС-д мэргэжил эзэмшүүлж, малчин болгоно гэсэн томилгоо өгчихөөд л сууж байна даа.
-Нүүдэлчин удмын агуу өв соёлынхоо галыг үeийн үeдээ сахиж,  удамт сайн хүлгүүдийнхээ босоо цагаан хийморьт ивээгдэж яваарай.
-Eрөөл бат оршиг ээ. Адуунд хайртай монгол түмнээ уяач, морь сонирхогч олонтой нь уулзуулан, эрх чөлөөт хээр талдаа салхи татуулан давхиж яваа мэт “амьд” мэдрэмж хайрладаг “Тод магнай” сэтгүүлийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсьe. Мөн Дорнод нутгийн зон олон болон нийт монгол түмэндээ итгэлийн гал, сэтгэлийн цогтой байж, зорьсон үйлс бүхэн нь сэтгэлчлэн бүтэж байхын өлзийтэй eрөөлийг дэвшүүльe.

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 93

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.