АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ О.МӨНХБАТ: МОРЬ УЯАД АНХ УДАА СУМАНД ХУЛГАР ХАЛТАР ДААГАА ТҮРҮҮЛГЭЖ ЯВЛАА

А.Тэлмэн
2018 оны 4-р сарын 12 -нд

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Баянхайрхан багийн харьяат, аймгийн Алдарт уяач Ойдовын Мөнхбаттай ярилцсанаа хүргэж байна. Тэрээр 1969 оны хавар сумын хүн эмнэлэгт айлын тав дахь хүүхэд болон мэндэлсэн бөгөөд Эрүүл мэндийн Тэргүүний ажилтан аж.

-Баян-Уулынхан хурдаараа аймагтаа тэргүүлдэг гэлцэх юм. Үүний нууц юу байна аа?
-Манай баг өвс ургамал нь тэгширсэн адууны нутаг байгаа юм. Тиймдээ ч тэмээнээс бусад малын тоогоороо сумандаа тэргүүлдэг. Баян хайрхан чинь цагаан морины сахиустай гэж би дуулсан юм. Хайрхандаа мөргөж залбираад явахад зам мөр тэгширдэг тухай олон хүн ярина шүү. Өнөөдөр энд манай багийн 140 өрх буюу 540 хүн амьдарч байна. Энэ хайрханд зориулан манай сумын унаган хүү Доржсүрэн гэж хүн шүлэг бичиж, Сэр-Од ая хийсэн дуу бий. Л.Банзрагч анх эхэлж дуулж олонд хүргэсэн байдаг. 
-Хэдий үеэс энэ хайрхныг тахидаг болсон юм бэ?
-Эрт дээр үеэсээ юм байна лээ. Харин сүүлийн жилүүдэд “Дэвжих трэйд”-ийн захирал Мижидийн Ганболд санхүүг нь гаргаад тахиад байна.
-Яг энэ уулын бэлээс төрсөн ямар хурдан хурц хүлгэд байна вэ?
-Санаанд орж байгаагаас манай нагац Отгоны аав, хөгшин аав нарын морьд их сайн давхиж байсан. Бас Гүнсэн бамбын морьд яригддаг л байлаа. Максын ах дүү хоёрын хөгшин аав Аюушийн ааяагийн морьд ч хурдан. Манай аав чинь Өртөө зээрдийг хоёр, гурван жил хэртэй уясан. Анх өртөө үүсгэн байгуулагдахад Өртөөний зээрд морь хурдаараа тодорч хэсэгтээ л яригдсан юм билээ. 
-Өртөөний зээрд чинь танай эндхийн адуу юм уу?
-Манай зүүн талын Шар усны адуу байгаа юм. Шүдлэн үрээ байхад нь сархаан Балт гэж хүн “энэ хурдан адуу байна. Энийг хоёр толгойгоор ч хамаагүй ав” гэж хүргэн ахдаа зааж өгчээ.  Хэлсэн ёсоор нь хүргэн ах нь авсан нөгөөх нь унаад явдаггүй гэнэ. Тэгэхээр нь голоод аавын нагац Сономд үхрийн уналганд өгчихжээ.  Гэсэн ч үхэр гүйцэхгүй байна гэж ахин гологдоод өртөөнд очсон байгаа юм. Тэгсэн Чойжилжав, Шийлаа бужаа гэдэг хоёр хүн бугуйлтай морио алдаад. Нөгөөдөхийг чинь унаад хойд голын талаас хөөгөөд их голд аваачиж гүйцээд,  сүүлдээ хааш нь ч хөдөлгөхгүй болгож, анх хурд нь тодорсон гэдэг. 1952 оны 10 сарын 1-нд Өртөөний адууг авч маллаж Чойжилжав гуай анх Өртөө зээрдийг гурван сарын 10-даас таван сарын 10-д гартал хоёр сар гаруй эдэлж, адуу малын үс ноос авах, хулжиж загтаж ороолсон адууг эргүүлэх зэрэгт нэлээд эдэлж, анх уясан гэдэг. Тэр үед Чойжилжав гуай 16 настай байжээ. Тэгээд 53 онд анх түрүүлгээд, түүнээс хойш таван жил 57 он хүртэл тасралтгүй түрүүлгэчихээд цэрэгт яваад Өртөөний адууг манай аав Ойдов авсан. Харин аав маань уяад дөрвөн наадамд түрүүлгэсэн. Ер нь энэ сумандаа алдартай адуу. Харахад жоохон биетэй шар үснээсээ салдаггүй амьтан. Анхны тар сунгаанд ахидаггүй ч газар холдох тусам л хурдалдаг. Хүний дуунаар их зориг ордог. Өдөржин уяан дээрээ зогсоод хөлөө сойдоггүй, хэвтдэггүй, ширээ шиг дөрвөн хөл дээрээ зогсож байдаг зэрэг онцлогтой адуу байжээ. Сүүлд сумын Заан Авд Бадарч гэдэг хүнд очоод жил орчим уяад нэг түрүүлээд, 1962 онд зодгийг нь тайлсан гэж ярьдаг. Авд Бадарч нь өөрөө барилдаж сумын наадамд 10 түрүүлсэн бөх хүн. Авдад байхдаа нэгэн хүйтэн өвөл аарагийн Улаандэл гэдэг газар босоогоороо үхсэн байсан. Сүүлд нь хавиргыг нь үзэхэд завсаргүй үргэлж байсан гэдэг. 
-Сайн адуу бол эх, эцгээ дагадаг. Танай багт хамгийн их тархсан нь ямар азарганы төл байна вэ?
-Хулгар халтрын удмын нэлээн азарга бий шүү. 
-Аавын тань дээдчүүл морь мал уяж байсан юм болов уу?
-Аавын дээд үе аавын аав Бэгз гэж хүн байсан. Харин Бэгзийн аав Пунцаг гэж тайж хүн байсан гэдэг юм. 
-Аав тань ямар ажил алба эрхэлж байв?
-Өртөөний адуу маллаж байгаад дараа нь тэтгэвэрт гартлаа хонь маллаж, хоёр ч удаа аймгийн Аварга малчин болсон. Миний аав чинь 1929 онд Бэгз гэж хүний анхны эхнэрийн тав байна уу зургаа дахь хүүхэд болж мэндэлсэн. Хувиараа л бичиг үсэг сурсан бөгөөд ном их уншдаг хүн байлаа. Цэрэгт байхдаа ариун цэврийн зааварлагч байсан гэдэг бөгөөд халагдаж ирээд морь малтай холбогдсон. 1969 оны айхтар зуднаар адуу мал их цөөрсөн дөө. Тэгэхэд гурван халтар гүү авснаас төлүүд нь 1990-ээд оны үед хурдалж эхэлсэн. Тухайн үедээ азаргагүй байгаад нэгдлийн адуун дээр байлгаад гарсан төлүүд. Харин сүүлдээ өөрийн гэсэн азаргатай болсон л доо. Цөөхөн хэдэн азаргатай айлын нэг байлаа. Аав адуу их сайн танина. Азаргаа ч их ойр ойрхон солино. Миний мэдэхээр хээр азарга, бор азарга байсан. Бас Максын хөгшин ааваас нэг хүрэн азаргыг хоёр толгойгоор үнэтэй авсан гэж ярьдаг. Мөн Хүйсийн говийн адуучин Дашбалжир гуайгаас нэг бор азарга авч байсан гэдэг. Тэдний үр төлүүдээр манайхан наадах болсон. 
-Ямар, ямар адуугаар наадаж байсан бэ?
-Тэр үед чинь сумандаа л уралддаг байлаа шүү дээ. 1968 оны зуднаар нэгдлээс хул даага авсан нь соёолондоо хоёр түрүүлсэн. Түрүүн ярьсан гурван халтар гүүний нэгээс нь гарсан таван эр төл бүгдээрээ  суманд айрагдсан. Тэрнээс ганцхан охин төл гарсан нь дараа нь их олон болсон. Түүний хамгийн том нь Баярын халтар гэж ахын нэрийн халтар морь соёолон хүртлээ түрүүлсэн. Дараа нь Эрдэнийн зээрд гэж мөн л олонтаа айрагдаж түрүүлсэн. Том ахын хул морь ч даагандаа түрүүлж байсан бол ах Эрдэнийн хээр морь даагандаа айрагдсан. Наана бас нэг бор хээр морь байсан нь шүдлэн үрээ сумын наадамд айрагдаж байлаа. Энэ мэт олон сайхан хурдан буян заяасан билээ. 
-Та ээж ааваасаа хэдүүлээ юм бэ?
-Бид зургуулаа. Дөрвөн эрэгтэй, хоёр нь эмэгтэй. Эндээс хоёр ах маань аймгийн Алдарт уяач цолтой. 
-Таны хувьд хэдий үеэс морь уясан юм бэ?
-Би 1992 онд цэргээс халагдаж ирээд л морь уяж эхэлсэн. Тэр жил хулгар халтар даагаа сумандаа түрүүлгэж байлаа. Энэ нь манай бага халтар гүүний төлийн төлөөс гарсан юм. Харин эцэг нь нэгдлээс авсан хар азарга байсан. Манай ахад тэр бага халтрын төл олон хурдан морьд гарсан. Хулгар халтар шүдлэндээ сумын ой болоход айрагдаж чадаагүй. Харин 1995 онд хязаалан үрээ Сар хайрханы даншигт долоогоор орж байлаа. Тэр үед  морь ачна гэж байсангүй. Хөлөөр нь авч очиж байгаа нь тэр. Тухайн үед МУ-ын Алдарт уяач Дамдинбазар, аймгийн Алдарт уяач Нанжид, манай аймгийн Алдарт уяач Батбаяр ах бид нар нэг гал болж хамт явсан юм. Санаанаас гардаггүй сайхан наадмуудын нэг л дээ. Ингээд дараа жил нь соёолондоо Дарви сумын ойд хол түрүүлж, хавчигтаа өнжөөд нийлсэн жилээ сумын уяачдын баяр, сумын наадамд тус тус түрүүлсэн. 1999 онд болохоор аймагт очиж түрүүлсэн бол 2000 онд 14-ээр ирээд, 2001 онд дөрөвлөсөн. 2002 онд мөн аймагт, 2003 онд уяачдын баярт тус тус түрүүлсэн. 2005 онд Отгонбаяр начны наадамд тавлаад зодог тайлсан. 
-Хэдэн оноос аймгийн баяр наадамд уралдсан гэнэ ээ?
-1999 онд анх очиж байгаа нь тэр. Би хулгар халтраа, ахынхаа Идэрийн халтартай, Баяр ах өөрийнхөө хондон морийг хээр үрээтэйгээ аваад явж байлаа. Тэгээд халтар азарга, халтар морь түрүүлээд, хондон морь аман хүзүүдээд, шар хээр хязаалан үрээ дөрөвлөж мөн ч одтой наадсан даа. Ингэж аймгийн баяр наадмын өм нээгдсэн юм. 
-Таны хулгар хээр ямар хэлбэр хийцтэй, ямархуу уяа сойлготой адуу байсан бэ?
-Арьс султай, их гоё хийцтэй адуу. Уяа хөнгөн. Тэр үед ямар тэжээнэ гэж байсан ч биш. Өвөл онд сайн оруулаад хавар эрт ногоо идүүлээд уралдуулчихдаг байлаа.
-Хэдэн гүү өгөх үү?
-Тав, зургаан л гүүтэй байсан. Хатуухан өвөл үрэгдэнэ үү гэхээс гүү сувайрах асуудал бол гардаггүй. Өнөөдөр хулгар хээрийн охин төлүүдээс гарсан унага бүхэн сайн давхиж байна. Харин эр төлөөс нь гэвэл нэг хар морь байна. 2003 онд соёолон сумын наадамд аман хүзүүдэж, Шаргад очиж нэг айрагдсан. 
-Таны нэрийг гарган хурдалсан өөр ямар хурдан морьд байсан билээ?
-Миний хулгар хээрийн хамгийн том охин төлөөс гарсан хар шүдлэн үрээ 2008 онд Ховдын Алтайн даншигт гуравлалаа. Даагандаа уягдалгүй, шүдлэнд нь сургаад уяж эхэлсэн. Тэр жилээ аймагт очиж айрагдчихаад, Ховдод очсон юм. Уг нь их онцгой хурдан адуу байсан ч өвчин тусаад үрэгдсэн, хөөрхий.
-Засгийн газрын тогтоолт наадмын анхны айраг байсан уу?
-Тэгсэн ерөөсөө л том наадмын анхны айраг. Бас Батжаргал ахын бор даагыг уясан нь гурваар давхисан. Тэрний дараа 2010 онд бүсийн уралдаанд азарга аман хүзүүдүүлж, халтар морь дөрөвлөсөн. Харин  2013 онд Завханы 90 жилийн даншиг наадмаар Батжаргал ахын халиун шүдлэн түрүүлээд, манай дүү Баатархүүгийн бор үрээ гуравласан. Энэ халиун нь хулгарын эр төлийн төл. Харин эх нь Сүхбаатар аймгийн Онгуу Манлайн  дүү Хүрэлбор гээч хүний унаган адуу болох Олнуудын шаргын угшил орсон гэж өгч байсан. Тэрнээс л гарсан даа.Нөгөө бор үрээ нь хулгарын охин төлөөс нь төрсөн юм. 
-Өөр ямар адуугаар наадаж байв?
-Өөр ч гойд хурдан хүлэг гарсангүй дээ. Дандаа найз нөхөд, хүмүүсийн морийг л уяж байна. Гэхдээ бүл цөөтэй болохоор олон бишээ. Уг нь уявал ч уячихмаар байх юм. Би чинь 2005, 2011 онд Улсын наадамд очиж уралдсан. Эхний жил нь хоёр шүдлэнтэй яваад нэг нь 32-оор, нөгөө нь 88-аар орсон. Харин хоёр дахь удаад нь дөрвөн адуутай явсан. Гэвч их ханиадтай жил байлаа. Ямартаа ч Батжаргал ахын соёолон үрээ 10-аар  ирсэн. 
-Адуугаа сайжруулах ямар ажлыг хийж байна даа?
-Өөрийн хэмжээнд оролдоод л байна. 2006 онд Сүхбаатар аймгаас азарга, гүү авчирсан бол 2010 онд нэг азарган үрээ авчирлаа. Дараа жил нь бас азарган үрээ, гүү авсан. Тэдгээрээс Ухна Манлайн хүү Адьяахүү, Онгуу Манлай, МУ-ын Алдарт уяач Даатгал хээрийг уядаг байсан Сэргэлэнбаатарын адуунууд байна.  Ер нь юм дуулгах байхаа л гэж найдаж байгаа адуунууд даа. Даанч уяж  чадахгүй юм. Тэрнээс Засгийн газрын тогтоолт наадмаас айраг авчих болов уу. 
-Засгийн газрын тогтоолтой наадмуудаас хичнээн айраг түрүүтэй болоод байгаа вэ?
-2008 онд шүдлэн, даага айраг. 2010 онд азарга, их нас айраг. 2012 онд бор даага айрагдсан. Харин 2013 онд Завханы даншигт халиун шүдлэн түрүү, шүдлэн бор үрээ гуравлаад, Онгуу халтар долоолсон. 2016 онд Амарсайханы бор үрээ шүдлэнд айргийн тавд орсон Одоогоор улсын бүсийн наадмаас нэг  түрүү, долоон айраг аваад байна. 
-Тэгвэл аймгийн статустай наадмаас хэдэн айрагтай болж байна вэ?
-2009 онд аймагт болсон хаврын бүсийн уралдаанд даага, шүдлэн, хязаалан түрүүлгэж байлаа. Мөн аймгийн баяр наадмаас хэд хэдэн айраг түрүү авсан. Хулгар хээрийн хоёр түрүү, нэг айраг, Идэр ахын хээрийн түрүү байна. Өөр 2007 онд Онгуу халтарыг соёолонд айрагдуулсан бол 2008 онд даншигт айрагдсан бор даага  аймагт түрүүлсэн. Хар үрээ бас аймагт айрагдчихаад давхар уяагаар очиж байсан. 2009 онд хаврын бүсийн гурван түрүү авсан. 2012 онд сумдын баруун бүс болоход халиун түрүүлээд, Онгуу халтар айрагдаад, миний Хос хээр гэдэг хулгарын унага айрагдсан. 2014 онд Ховдын Дарви сумын 90 жилд халиун үрээ гурваар, даншигт очиж 14-өөр орсон. 2011 онд Алтайн бахархал наадамд Онгуу халтар аман хүзүүдсэн. 2016 онд хонгор азарга Дарви сумын ойд дөрөвлөөд, хавар Тайширт болсон сумдын бүсэд түрүүллээ. 
-Ах нарынхаа амжилтаас сонирхуулаач?
-Том ах аймгийн Алдарт уяач Идэр гэж хүн бий. Дараагийн ах мөн л аймгийн Алдарт уяач Батбаяр гэж хүн одоо Төв аймгийн Угтаалд амьдарч байна. Ах нарын уясан морьдоос Идэрийн халтар гэж дааганаасаа соёолон хүртлээ суманд завсаргүй түрүүлж, аймагт очиж түрүүлсэн хурдан хүлэг байлаа. 2000 онд 70 жилээр өнгөлж яваад даанч хүүхэд нь уначихсан. Миний хулгар хээрийн ах байгаа юм. Бас Баяр ахын хүрэн морь чацуу хэрнээ халтар нь түрүүлээд, хүрэн нь аман хүзүүддэг. Бүр ёс юм шиг гээч. Батбаяр ахын хээр азарганы төл ч их сайн давхисан. Сарт, хар морь, шар хээр үрээ, шар хээр азарга гээд л. Энэ дашрамд Төв аймгийн Угтаалд суугаа Батбаяр ахдаа хүлэг морь нь хурдан байхыг ерөөе өө.
-Гурав дахь үеийн уяачид дараагийн залгамжлагчдаа бэлтгэж байна уу?
-Бат-Эрдэнэ ахын хүүхдүүд цөмөөрөө миний морьдыг унаж өссөн. Одоо уяачид болсон. Манайх бол 2 охинтой. 
-Та  бага эмч байх аа?
-Тийм ээ, би 1987 онд 10 жил төгсөөд Говь-Алтай аймгийн анагаахад элсч, 1989 онд төгсөөд цэрэгт явсан. Халагдаад иртэл зах зээл шилжилтийн үе таарч шууд мал дээр гарсан. Харин 2005 оноос хойш мэргэжлээрээ ажиллаж байна. 
-Ярилцлагаа таны хамгийн сайхан баяртай бахтай наадмын дурсамжаар өндөрлөе?
-Эхэндээ ч дур сонирхолдоо хөтлөгдөөд морь уяж эхэлсэн. Яваандаа илүү шимтэх болж, улмаар төрийн хэрэг болчихдог юм байна. Анхны даншгаас айраг авсан 2008 оны тэр наадмыг дурсахад цаанаа л сайхан даа. Ингээд ярилцлагынхаа төгсгөлд сонирхуулахад миний хулгар халтарт зориулж манай сумын яруу найрагч Ерөөлт гэж хүн шүлгийг бичиж, хөгжмийн зохиолч МУГЗ Цэвээнравдан гуай аяыг  нь хийж, МУГЖ С.Ганзориг дуулсан дуу байдаг юм.
...Хөрстөд нөмөглөсөн тоосон дундаас
Хөлсөөрөө ирлэгдэн цойлох ажнай
Хүнхэрийн дэнжид татсан шонгоос
Үүлэнд туссан хулгар халтар аа ...  гэж.
-Ярилцсанд баярлалаа. Уясан хүлэг нь хурдан байж, удахгүй улсын цолонд хүрэхийн цагт дахин ярилцъя.

"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна