Монгол Улсын гавьяат мал зүйч, профессор Д.Самданжамц: Монгол адууны удмын санг хамгаалах шаардлагатай байна

А.Тэлмэн
2018 оны 4-р сарын 30 -нд

Энэ сарын 20-ны өдөр ХААИС-ийн Эрдмийн танхимд "Монгол адууны удам зүйн тогтолцооны зарим асуудлууд" сэдэвт онол-үйлдвэрлэлийн зөвлөгөөн боллоо. Тус зөвлөгөөний чиглүүлэгч нь Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн бөгөөд ММСУХ-ны Тэргүүний үүрэг гүйцэтгэгч М.Мөнхбаясгалан зөвлөгөөнийг нээж үг хэлэн, Монголын Мал зүйч, үржүүлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал, Монгол Улсын Гавьяат мал зүйч, профессор Д.Самданжамц "Монгол адууны өнөөгийн байдал, цаашид анхаарвал зохих зарим асуудлууд", ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн захирал, доктор /Ph/ О.Баатарцогт "Малын генетик нөөцийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах зарим асуудлууд", БНСУ-ын Хангёны үндэсний их сургуулийн профессор Кон Хон Шиг "Адууны үүлдэрлэг байдлыг микросателлигийн аргаар үнэлсэн судалгааны үр дүн", Мал эмнэлэг, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Молекул биологийн лабораторийн эрхлэгч, доктор /Ph/ П.Мягмарсүрэн "Молекул генетикийн лабораторийн хүчин чадал, өнөөгийн боломж", тус хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Д.Отгонсүрэн "Адууны геномын бүтэц оквенс" илтгэлийг тавьсан юм. Ингээд ММСУХ-ны Тэргүүний үүрэг гүйцэтгэгч М.Мөнхбаясгалангийн хэлсэн үг,  Монгол Улсын Гавьяат мал зүйч, профессор Д.Самданжамцын тавьсан "Монгол адууны өнөөгийн байдал, цаашид анхаарвал зохих зарим асуудлууд" илтгэлийг уншигч танаа хүргэж байна.

ММСУХ-ны Тэргүүний үүрэг гүйцэтгэгч М.Мөнхбаясгалан: Бид салбарынхаа хөгжил дэвшлийг дэлхийн хэмжээнд харж, судалж, үнэлж дүгнэх ёстой
-Монгол адууны удам зүйн тогтолцооны зарим асуудлаар зохион байгуулж буй онол үйлдвэрлэлийн зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Өнөөдрийн зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, БНСУ-ын Хангёны үндэсний их сургуулийн профессор Кон Хон Шиг, ХААИС-ийн ректор, доктор, профессор Т.Хэрүүга, ХААХХҮЯ-наас Малын генетик нөөцийн тухай хуулийг батлахад оролцсон н.Чой-Иш, Малын удмын сангийн үндэсний төвийн дарга н.Цолмон, ММСУХ-ны гишүүд, уяачид болон тэдний төлөөлөл гээд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна.
Өнөөдөр монгол адуунд тулгараад байгаа үндсэн гол асуудлуудын талаар эрдэмтэн, судлаачдынхаа үгийг сонсъё гэсний үүднээс бид энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа билээ. Бидний амьдарч буй энэ зуунд дэлхий маань хүртэл шинжлэх ухаанч маягаар хөгжин дэвжиж байна. Монгол Улс ч бас дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах учиртай. Тэр дундаа нүүдэлчин түмнийхээ уламжлалт их соёлын өвийг тээн, хойч үедээ түүчээлж яваа уяачид болон морин спортын зүтгэлтнүүд бид өөрийн салбарынхаа хөгжил дэвшлийг дэлхийн хэмжээнд харж, судалж, үнэлж дүгнэдэг байх ёстой гэж бодож байна. Нөгөөтэйгүүр, бидний мэдэж байгаагаар монголчууд бид Адууны яамтай болоод 755 жил болж байна. Түүнээс өмнө 3-4 мянган жилийн өмнөөс монголчууд адууг гаршуулж эхэлсэн гэдэг. Өнгөрсөн хугацаанд адуу малаа уналга ачилга, уралдаан, хүнс гэх мэт олон чиглэлээр өсгөн үржүүлж ирсэн билээ.
1990 онд зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш ММСУХ байгуулагдаж, хурдан морины бодлого, шийдвэрийг тогтоодог, уралдаан зохион байгуулдаг, уяачдынхаа эрх ашгийг хамгаалдаг байгууллага болон хөгжсөөр өнөөдрийг хүрсэн. Хөгжлийн явцад янз бүрийн асуудал гарч ирж байгааг ч бүгд харж байна. Гэвч бид өнөөдөр хурдан морины гэж ярихаасаа илүү монгол адууны өв соёл, монгол адууны генийн тогтолцоо, цаашлаад монгол адууг дэлхийд тодорхойлох арга аргачлалыг зохиох гэх зэрэг судалгаа шинжилгээ, онол практикийн асуудлуудыг дэвшүүлэн тавьж ярилцах нь зүйтэй.
ММСУХ маань сүүлийн жилүүдэд ХААИС-ийн харьяа эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Бидний хамтын ажлын үр дүнд өнгөрсөн оны 12 дугаар сард Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хууль батлагдсан.
Түүнчлэн ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн захирал, доктор О.Баатарцогт гэж Солонгост 10 жил ажиллаж, гадаад, дотоодын эрдэм шинжилгээний ажил, онол практикийг судалсан хүн ч өнөөдөр бидний дунд сууж байна. О.Баатарцогтын эрдмийн анд, доктор Кон Хон Шиг ч хүрэлцэн ирсэн. Өнөөдөр бидэнд судалгаа шинжилгээний ажлаа танилцуулна.
Ийм өргөн бүрэлдэхүүнтэй цуглан зөвлөлдөж байгаагийн хувьд монгол адууны генийн тогтолцоо, цусны дээжийг тодорхойлоход бидний хувьд боловсон хүчний байдал, лаборатори тоног төхөөрөмж, бусад санхүүгийн бололцоо хэр байна вэ гэдгийг ч бас ний нуугүй ярилцацгаая.
“Монгол адууны удам зүйн тогтолцооны зарим асуудал” сэдэлт онол-үйлдвэрлэлийн зөвлөгөөн нээснийг мэдэгдье.

Монголын Мал зүйч, үржүүлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал, Монгол Улсын гавьяат мал зүйч, профессор Д.Самданжамц: Монгол адууны удмын санг хамгаалах шаардлагатай байна
-Та бүхний амар амгаланг айлтгая. Солонгосоос зочин эрдэмтэн ирж, дэлхийн морин спортын талаар ойлгоц өгөх гэж байгаатай холбогдуулан, монгол адууны аж ахуйн ерөнхий тоймыг танилцуулъя.
Ер нь генетик тогтолцооны асуудлаар ярих цаг аль хэдийнэ болсон. Нэлээн хэдэн жилийн өмнө Содномцог бид хэд асуудал боловсруулаад, хэлэлцүүлэхээр ярилцсан боловч  ММСУХ маань шийдлээ олохгүй байсан юм. Харин тэр цаг мөч нь өнөөдөр ирж байгаа юм байна гэж ойлголоо. Нэгдсэн үндэсний хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас гаргасан хамгийн сүүлийн судалгаагаар дэлхийд 59 сая адуу, нийт 3.7 тэрбум мал байна. Үүний дотор Монгол Улс 2017 оны байдлаар адууныхаа тоогоор зургаад, үхрээр 66, тэмээгээр 15, хониныхоо тоогоор 14, ямаагаар 10 дугаар байрт жагсаж байна. Адуугаар АНУ, Мексик, Хятад, Бразил, Аргентин эхний тавд жагсаж байна. Харин бог малаар Хятад тэргүүлж байна. 
Манай гараг дээр байгаа адууны дийлэнх нь буюу 60 шахам хувь нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст өргөргийн 30-60 градуст тархсан байна. Өөрөөр хэлбэл, Европ, Ази, Хойд Америкт 35 сая орчим адуу байгаа юм. Өнгөрсөн жил Монгол Улсад 66,2 сая мал тоологдсон. Манай улсын адууны тоо 2001 оноос, ер нь сүүлийн 20 жил тогтвортой байж 2013 оноос овоо өсч гурван сая 900 мянга гаруй болоод байна. Гэвч нийт малын 6-хан хувийг л эзэлж байгаа юм.
Харин тархацын хувьд Монгол Улсын адууны 70-80-аад хувь нь хангай, баруун болон төв бүсэд байна. Тодруулбал, 550 мянга нь хангай, 850-иад мянга нь төвийн бүс, 500 мянга нь баруун, 700-гаад мянга нь зүүн бүс, 35 мянга орчим нь Улаанбаатарт байна.
Монгол малын удмын санд албан ёсоор бүртгэгдсэн адууны хоёр үүлдэр, хоёр омог, үхрийн гурван үүлдэр, нэг хэвшил, тэмээний дөрвөн үүлдэр, хонины 13 үүлдэр, гурван үүлдрийн хэсэг, гурван үржлийн хэсэг, гурван омог, ямааны долоон үүлдэр, дөрвөн омог байдаг. 500 гаруйхан тэмээтэй мөртлөө дөрвөн үүлдэр бий. Нийт 45 үүлдэр, омог Монгол Улсад байна. Хамгийн сүүлд 2016 онд Галшар адуу шинээр батлагдсан. Энэ нь дотроо Тэс, Дархад гэсэн хоёр омогтой. Монгол адуунд: 
1. Үрсэн төлсөх
2. Сүрэглэн ижилсэх
3. Бэлчээр сонгон нутагших
4. Шинэ орчинд хялбархан дасан зохицох
5. Эзэндээ номхон, алс холоос эргэж гүйх
6. Цаг агаарын өөрчлөлтийг урьдчилан мэдрэх. (Сүүлийн үеийн судалгаагаар хоёр хоногийн өмнө, 24 цагийн өмнө мэдэрдэг гэсэн байгаа юм)
7. Азарга бүр тодорхой тооны гүү хураах
8. Эхээ гишгэхгүй байх, үр төл, байдсаа сүргээс хасах
9. Сүргээ хамгаалах, дагуулах
10. Төрөлхийн өвчлөмтгий биш гэсэн арван мундаг онцлог бий. Ийм онцлогтой адуу дэлхийн бэлчээрийн маллагаатай болон бусад үүлдрийн адуунд байхгүй.
Монгол адууны үүлдрээс хамгийн их тархсан нь Галшар адуу. Манай ХАА-н яамнаас гаргасан судалгаагаар Галшар адуу 14 аймгийн 230 гаруй суманд тархсан байна. Цэвэр Галшар адуу л гэхэд 90 мянга байна. Үүний дараа Тэс адуу орж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Тэсийн голын ай савд байдаг гурван аймгийн 11 суманд 81 мянган адуу байна.
Мөн 26 мянган Дархад адуу байна. Жаргалант адууг яамнаас Чойжил даргын тусламжаар явж бүртгэж, 200-гаад адуу байгааг тогтоосон байдаг. Гол цөм нь таван суманд байна гэсэн судалгаа гарсан.
Малын тоогоор Монгол Улсад Өвөрхангай аймаг таван сая малаараа тэргүүлдэг. Сумдын хувьд Дундговь аймгийн Эрдэнэдалай сум малын тоо толгойгоороо тэргүүлдэг. Адуугаар Архангай, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий аймаг тэргүүлдэг бөгөөд эдгээр аймагт нийт 312-381 мянган адуу байна. Сумаар яривал Сүхбаатар аймгийн гурван сум тэргүүн эгнээнд жагсаж байна. Тодруулбал, Эрдэнэцагаан 42 820, Баруун-Урт 42 747, Мөнххаан 41 210 адуутай. Үүний араас Булганы Сайхан, Өвөрхангай Хужирт жагсаж байгаа юм. Булганы Сайхан л гэхэд сүүлийн найман жил сумдыг адуугаараа тэргүүлж байгаад өнгөрсөн жилээс хойшоо ухарсан.
Тэгвэл адууны аж ахуйг хөгжүүлсний ашиг тус нь юу юм бэ гэсэн асуулт урган гарч ирнэ. Монгол Улс сүүлийн дөрвөн жилд 80-90 мянган литр гүүний сүү бэлтгэж байна. Бэлтгэж байгаа нийт сүүний 74.5 хувийг айраг үйлдвэрлэх бүс гэж нэрлэдэг Булган, Архангай, Өвөрхангай, Төв, Дундговь аймгийн 23 сумаас бэлтгэдэг. Айраг үйлдвэрлэдэг бүс Сайханаас эхлээд Төв аймгийн Баянцагаанаар дуусч байгаа юм.
Мах үйлдвэрлэлийн хувьд улсын хэмжээгээр 700 мянга гаруй тонн мах үйлдвэрлэдэг. Үүний 80-аад хувийг адууны мах эзэлдэг. Өөрөөр хэлбэл, мал аж ахуйн бүтээгдэхүүний 10 хувийг зөвхөн адууны аж ахуйгаас гарган авч байгаа гэсэн үг.
Үүний дараагийн танилцуулах зүйл бол адуун сүргийн бүтэц. Үүн дээр би хоёр, гурван зүйл дээр тогтож ярья гэж бодож байна. Ер нь манай улсын адуу сүүлийн 20 жилд ерөөсөө 2.5-3 сая дотор хэлбэлзэж байгаа. Үүний дотор гүүний эзлэх хувь маш бага буюу 25 хувиас хэтэрдэггүй. Жилд 500-600 мянган унага бойжуулдаг. Гэтэл зүй бусын хорогдол, дотоод хэрэгцээ нь 50 хувийг аваад явчихдаг. Ийм сүргийн бүтэцтэй болчихоод байгаа юм. Түүнээс гадна морь 20-30 хувийг эзэлдэг. Бид ч морио бараг хэрэглэхээ больсон. Тэгэхээр гүүний эзлэх хувийг 35 хувиас дээш гаргая гэсэн санал байна. Харин морио 20 хувиас хэтрүүлэхгүй байя. Үүний оронд өсвөр насны адууныхаа тоог нэмэгдүүлье.  Айл өрх ч, албан байгууллага ч, нэг азарга адуутай айл ч адилхан ийм бүтэцтэй байвал хамгийн зохимжтой юм байна гэсэн санал дэвшүүлж байгааг минь та бүхэн анхаарч, болгоогоорой гэж хүсье.
Монгол Улс сүүлийн 10-аад жил 7-20 гаруй мянган төл бойжууллаа. Дундажаар 100 эхээс 70-80 төл бойжуулж байна. Адууны зүй бусын хорогдол ч асар багассан. 2010 онд 360-аад мянган адуу хорогдож байсан бол одоо 30-40 мянган адуу хорогдоод байгаа. Энэ  бол тун сайшаалтай хэрэг. Харин адууны хэрэглээний зарлага сүүлийн хоёр жил 400 орчим мянга болоод байна. Уг нь өмнөх онуудад 200 гаруй мянга байсан юм. Магадгүй энэ нь зах зээлтэй холбоотой байх.
Үүн дээр нэмээд хоёр, гурван санал хэлье. Нэгдүгээрт, монгол адууны удмын санг хамгаалж, ашиг шимийг чиглэлүүдээр сонгон үржүүлж, айраг, сүү, мах бэлтгэл, хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулъя. Үүнээс гадна гадаадын зарим орноос адуугоруулж ирэхдээ зөвхөн мэргэжлийн байгууллага, мэргэжилтний хяналтан дор шинжлэх ухааны үндэстэй сонгох бөгөөд үржүүлгийн аргыг хязгаарлагдмал хүрээнд хийхгүй бол хүн бүр дураараа адуу оруулж ирдэг болсныг Мал эмнэлэг, үржлийн газар, Хөдөө аж ахуйн яам онцгой анхаарах шаардлагатай байна. Тодруулбал, уналга эдэлгээ, уралдаан, хүнсний гэх мэт үржүүлэх чиглэлээ тодорхой болгож өгмөөр байна. Ингэснээр төрөлжсөн үүлдрээр сайжруулж боломж нээгдэнэ. 
Хээлтүүлгийн үндсэн аргын тухайд аль нэг чиглэлээр сайжруулах эрлийзжүүлэгт стратеги төлөвлөгөө маш чухал. Үүнийг манай ХХААХҮЯ анхаарах хэрэгтэй. Тусгай зөвшөөрлийг олгохгүй бол манай Монгол Улсад байхгүй байсан адууны цус ойртох буюу анемия, бэлгийн замын үрэвсэлт өвчин их гарч, цаашид монгол адууны удмын санд хохирол учруулж болзошгүй байгааг анхаарах нь зүйтэй.
Бодлогын тухайд Монгол Улсад монгол адууны тоог дөрвөн саяас хэтрүүлэх шаардлагагүй. Гүүний хувийг 35-40-д бариад, морины эзлэх хувийн жинг 20 болгоод, адууг бордож мах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх арга хэмжээ авмаар байна.
Хоёрдугаарт, адууг байгаа бүс нутагт нь цэврээр нь үржүүлэх бодлогыг үндсэн цөм болгох шаардлага байна. Улмаар дээр хэлсэнчлэн мэргэжлийн байгууллага, мэргэжилтний хяналтан дор хязгаарлагдмал хүрээнд эрлийзжүүлэг явуулах нь зүйтэй. Эцэст нь одоо үүсээд байгаа эрлийз, монгол адууг ялгах асуудлыг зөвхөн гадна сонирхлын шинжээр бус генетик тогтолцоог нь нарийн судалж тогтоосны үндсэн дээр шийдвэрлэх боломж байгаа эсэхийг эрдэм шинжилгээний байгууллагууд, эрдэмтэдтэй хамтран судалж, энэ хэлэлцүүлгээр зохистой шийдэлд хүрнэ гэдэгт итгэж байна.
Илтгэлийнхээ төгсгөлд бяцхан танилцуулга хийхэд манай уяачдын холбооноос гаргасан судалгаагаар Монгол Улсад 100 мянган орчим уяач бий. Үүний 400 гаруй нь улсын цол зэрэгтэй. Тухайлбал, адуучдаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар 8, Улсын баатар 2, Улсын аварга адуучин 58, Улсын аварга малчин 25, гавьяат цолтон 5, эрдэмтэн 15, улсын цолтой уяач 400, эмнэг сургалтын мастер 268 гаруй төрсөн.
Эцэст нь дүгнэн хэлэхэд, монгол адуу бол монгол хүнд алдар гавьяа, нэр хүнд, эр зориг, уламжлал шинэчлэл, тэсвэр хатуужил, эрүүл  чийрэг бие бялдар, урт нас, зөв хүмүүжил, хийморь золбоо авчирдаг амьтан юм шүү.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Тэмдэглэсэн: У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна