АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ч.ГАНЦОГТ: САЙХАН ЗАЛУУСТАЙ ГАР НИЙЛЖ, СЭТГЭЛ ДҮҮРГЭХ АМЖИЛТ ОЛНЫГ ҮЗҮҮЛЖ БАЙНА

Сэтгүүлч
2018 оны 8-р сарын 21 -нд

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Чулууны Ганцогт “Хийморилог зочин” булангийн 2018 оны анхны зочноор оролцож байна. 2015 онд зээрд үрээгээрээ одтой сайхан наадан төрийн зарлигт наадмаас хоёр айраг хүртсэн тэрээр:
-Хөдөлмөрийн  гавьяаны улаан тугийн одон
-Алтангадас одон
-АХ-ын 80, 90 жилийн ойн медаль
-ММСУХ-ны 20 жилийн ойн медаль
-”Эрдэнийн очир” одон
-”Уяачийн Алдар” одон
-Худалдаа үйлчилгээний Тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялааж байсан юм.

-“Алтан унжлагат” хэмээх гал тахиа жил монголчуудын хувьд аз хийморьтой сайхан жил байлаа. Тун удахгүй “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилтэйгээ золгох гэж байна. Монголчууд бид жилийн солбилцол дээр өнгөрсөн оны ололт амжилтаа дүгнэн хэлэлцдэг сайхан уламжлалтай ард түмэн. 2017 он танд ямар үр бүтээл, ололт амжилтыг авч ирэв дээ?
-Зуншлага сайхан байлаа.Түүнийгээ дагаад адуу маань ч эрчтэй байлаа. Улирч буй жилд би гурав, дөрвөн томоохон наадамд морьд мордуулжээ. Тухайлбал, хээр азарга маань улсын баяр наадамд 11, говийн бүсийн уралдаанд 17-гоор давхисан бол  Говь-Алтай аймагт болсон хаврын бүсийн уралдаанд Угалз хүрэн маань 18-д хурдалж. Мөн 2017 онд Дундговь аймгийн Хулд, Сайхан-Овоо, Өмнөговь аймгийн Ханбогд сумдад болсон арваад наадамд оролцож, тодорхой хэмжээний амжилт үзүүлсэн байна. “Тэнүүн говийн хурд” галынхны маань хувьд ч бас амжилтаар дүүрэн жил болж өнгөрлөө. Манай галынхан өнгөрөгч онд улс, бүс, өвлийн бүсийн уралдаануудаас нийт хоёр түрүү, 13-14 айраг хүртжээ. 
Байгууллагын маань ажил үйлс ч мөн жилээс жилд өргөжиж, хүрээгээ тэлсээр байна. Хамт олны маань дундаас төрийн хүндэт шагналуудаар нэлээд хэдэн хүн шагнагдлаа. Би ч бас баяр наадмын босгон дээр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаасан. Энэ мэтээр хичээл зүтгэл, ажил хөдөлмөрийг маань төр түмэн маань үнэлж дүгнэсэн сайхан жил улирч байна.
-Зөвхөн морины тухайд ч биш, хувь хүн, бизнес талдаа ч амжилт бүтээлээр цалгисан сайхан жил байжээ. Ингэхэд та төрийн наадамд хэд дэх жилдээ морь мордуулж байна вэ?
-Тав дахь жилдээ төрийн наадамд морь мордууллаа. Өмнө нь оролцож байсан ч нэлээд хэдэн жил морь уялгүй завсарласан. Энэ жил улсын баяр наадамд 11-ээр давхисан хээр азаргыг би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Мөнхөө гэдэг залуугаас үрээ байхад нь авсан юм. Ноднин “Говьшанхын хурд”-д зургаалсан. 
Энэ жил би төрийн наадамд хоёр гурван насны морьд уясан боловч зарим нь шүдээрээ тэнцсэнгүй. 
-Төрийн зарлигтай буюу улс, бүсийн уралдаанаас хоёр ч айраг хүртсэн. Төрийн зарлигт наадмын анхны айргийг авч ирсэн зээрд үрээтэйгээ хэзээ, хэрхэн учирч байв?
-2014 онд Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Будын Дуламсүрэнгээс авсан юм. Суманд даагандаа гурваар давхисан үрээ авч өвөл нь тэжээгээд, хойтон жилээс нь уралдуулж эхэлсэн. Тэгээд Дорноговь аймгийн өвлийн бүсийн уралдаанд айргийн дөрөв, Налайхад болсон “Хангарьдын хурд”-д айргийн гурваар давхиулсан. Тэр жилийн зун улсын баяр наадамд 250-иад шүдлэнгээс 139-ийг хасахад, миний үрээ хасагдчихсан байсан. Харин мордсон 98 дотор нь манай галын Д.Эрдэнэбулганы хонгор шүдлэн түрүүлж байлаа. Улсын наадмын дараа “Говьшанхын хурд-5” уралдаанд Эрдэнэбулганы улсад түрүүлдэг хонгор үрээ мөн түрүүлж, миний зээрд үрээ аман хүзүүдсэн. Ингэж төрийн зарлигтай наадмаас аман хүзүү авч, би гэдэг хүн мөн  их баярласан даа. 
-“Говьшанхын хурд-5” наадмын дараа давхар уяагаар ММУХ-ны 20 жилийн ойн уралдаанд бас айрагдсан билүү?
-Тийм ээ, “Говьшанхын хурд-5”-аас 14 хоногийн дараа уяачдын холбооны 20 жилийн ойн баярыг Говьсүмбэр аймгийн Их-Уулын энгэрт өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн. Намрын эхэн сарын сайхан цаг ч байсан. Газар газрын хурдан хүлгүүд давхар уяагаар оролцож байлаа. Миний зээрд үрээ 100 гаруй шүдлэнгээс айргийн гуравт хурдалсан. Тэгэхэд улсын наадамд түрүүлсэн хонгор үрээ айргийн дөрвөөр хурдалсан. Энэ дашрамд, Эрдэнэбулган дүүдээ баярлаж явдгаа уламжилъя. 
-Зээрд үрээ Сүхбаатарын адуу гэсэн үү? 
-Тийм. Эцэг нь Дуламсүрэнгийн саарал гэж Сүхбаатар аймгийн Халзан сумандаа алдартай азарга байсан. Эх нь саарал гүү. Би эхтэй нь авсан юм. 
-Улсын баяр наадамд уралдуулалгүй хасчихсан гэлүү. Таны урам ч бас багагүй л хугарсан байх даа?
-Тэгэлгүй яах вэ. Улсын баяр наадмын өмнөхөн болсон Дорноговь аймгийн бүсийн уралдаанд улсад түрүүлдэг хонгор гурав, миний хүрэн үрээ дөрвөөр давхисан юм. Улсын баяр наадамд хонгорыгоо ороод ирэхээр “Миний хүрэн мордсон бол...” гэж бодогдож л байсан шүү. 
-Тэр жил та улсын баяр наадамд хэдэн насны адуу мордуулсан юм бэ?
-Дөрвөн насны морь мордуулсан. Зээрд үрээ мордсонгүй. Буурал азарга 31-ээр, бор морь 37, 38-аар давхисан. Хүрэн үрээгээ хасуулчихсан. Хонгор даага маань нэлээн араар ирсэн.
-Та 2013 оноос морь уяж эхлээд, хоёр жилийн дараа л бүсийн уралдаанаас айраг хүртчихжээ?
-Тийм ээ, “Тэнүүн говийн хурд” гал 2014 онд байгуулагдаад, галын тэргүүнээр Лантуугийн Алтанхуяг сонгогдсон юм. Миний бие тэгэхэд Хулд сумын уяач Дэмчигцоодол, түүний хүү Эрдэнэбулган, Эрболд, яруу найрагч Баянмөнх, дуучин Төрмандах, Мөнхбаяр, Будын Энхбат, Эрдэнэ-Очир тэргүүтэй нутгийнхаа залуусыг уриалан нэгтгэж байлаа. Арав гаруй залуус нэгдэж, “Тэнүүн говийн хурд” галыг анхлан зохион байгуулалтанд оруулж, дүрэм журмаа баталсан. Улмаар Дундговь аймаг, Улаанбаатар хот хоёрт нэг, нэг жүчээтэй болсон. Хөдөөнийхийг нь Эрболд, Улаанбаатар хотынхыг Эрдэнэбулган хариуцаж, хоёр талд уяхаар болоод залуус маань хүч хөрөнгө, сэтгэл санаа, оюун ухаанаа нэгтгэж, хурдан сайхан хүлгүүдээ авч ирж, галаа үүсгэн байгуулж байлаа. Ингээд удаагүй байтал улс, бүсийн наадамд манай галын үрээ түрүүлсэн. 
Дэмчигцоодолын Эрболдын Тэнүүн хонгор гэж улсад цуутай азарга бий. Энэ жил Говь-Алтай аймагт болсон хаврын бүсийн уралдаанд түрүүллээ. Дундговь аймгийнхаа улсын бүсийн уралдаанд гурваар давхилаа. Энэ хурдан азарга гал байгуулагдахаас өмнө улс даяар цолоо дуудуулчихсан байсан. Улс, бүсийн таван түрүү, таван айрагтай домогт хурдан азарга ид уралдаж байна. 
Би ч бас галдаа нэгдээд удаагүй байхдаа бүсийн наадмаас айраг хүртсэн. Энэ сайхан залуустайгаа олон жил сайхан наадаж, сэтгэл дүүргэх амжилт олныг үзүүлж байна даа.
-Зээрд үрээ 2016 онд хэр давхисан бэ?
-“Тавантолгой транс”-ын 50 жил, говийн бүсийн уралдаан гэж болсон. Тэр уралдаанд манай галын улсад түрүүлдэг хонгор гурав, миний зээрд зургаагаар давхисан.
Зээрд үрээ маань Өмнөговь аймгийн Цогтцэций, Дундговь аймгийн Сайхан-Овоо, Хулд сумд Өмнөговь аймгийн наадам гээд олон наадмаас айраг, түрүү авч ирсэн. Хүрэн үрээний медаль л гэхэд надад 13-14 байна. Дааганаасаа л амжилт үзүүлж эхэлсэн юм. Одоо соёолон болж байна даа.
-Ноднин жил улсын баяр наадамд мордуулсан уу?
-Дундговийн бүсийн уралдаанд очоод, хөл нь жаахан муудчихсан болохоор нь  уралдааны дундаас татуулчихсан. Улсын баяр наадамд мордуулсан боловч цаг болчихсон хойно бариад хоцорчихсон.
-Одоо соёолон азарга гүү хурааж байгаа байлгүй. Эхний төл нь энэ хавар гарах нь ээ?
-Тэгнэ.
-Ямар нэгэн нэр өгсөн үү?
-Угалз гэдэг юм.
-Яагаад Угалз гэж нэрлэсэн юм бэ?
-“Говьшанхын хурд-5” наадмын шүдлэн ирсний дараа жигтэйхэн шороо тавиад, шөнөжингөө үргэлжилсэн юм. Говийнхон үүнийг Угалз гэж нэрлэдэг дээ. Бидний харснаар 20-30-аад майхан, 5-6 гэр байсан. Өглөө босоход ганцхан гэр, манайхны зэрэг 2-3-хан майхан үлдээд, нүүх нь нүүгээд, хийсэх нь хийсчихсэн байсан. Говьд ховорхон болдог шороон шуурга тавьсны дараагийн өдөр мордоод аман хүзүүдсэн болохоор нь Угалз хүрэн гэж нэрлэсэн юм. 
-Аймаг болон нийслэлийн Алдарт уяач цол хүртэхэд тань нөлөөлж, эзнээ олонтаа баярлуулж байсан өөр ямар ямар хурдан буянгууд бий вэ? 
-Дундговь аймгийн зүүн бүсийн уралдаан Цагаандэлгэр суманд болоход хүрэн үрээ айргийн гурваар давхисан. Тэр уралдаанд буурал азарга маань бас аман хүзүүдэж, “Мандалын хурд”-д айргийн дөрвөөр давхисан. Хээр азарга Өмнөговь аймгийн наадамд гуравласан. 2016 онд Тавантолгойн бүсийн уралдаанд зургаалж байлаа. Хээр азарганы л гэхэд долоо, найман медель байна. Буурал азарганых ч мөн адил. Угалз хүрнийх арав гарчихсан. 
Миний хувьд улс, бүсийн уралдаанаас гадна аймаг, сумын тэгш ойн наадмаас хүртсэн 20 медалийн амжилтаараа 2015 онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн юм. Хойтон жил нь нийслэлийн Алдарт уяач цол хүртэж байлаа. 
-Та Сүхбаатараас нэлээд хэдэн хурдан хүлэг авчээ. Өөр хаана, хаанаас сайн угшлын адуу цуглуулсан бэ?
-Сүхбаатар, Хэнтий, Дорнодоос авсан. Хэнтийн Батноров, Норовлин руу явж арваад адуу авч байлаа. Дорнод аймгийн Цагаан-Овоогоос бас арваад адуу авсан. Улсын Алдарт уяач Батзориг гэж Дорнодын Цагаан-Овоогийн хүнээс сайхан халзан азарга авсан. Дорнодын Цэндбаатар Алдартаас сайхан хүрэн үрээ авсан. Хоёр, гурван жилийн хугацаанд зүүн гурван аймаг болон Өвөрхангайгаас 50-иад адуу авсан байдаг юм.
-Сайн авчээ. Шинэ цагийн адуутай юу?
-Шинэ цагийн адууны цустай нэг хязаалан үрээ авсан. Одоо нас бие гүйцэж байна. Гурван төл бий. Одоохондоо уяж уралдуулаагүй л байна. Газар газрын сайн гүү авч ирж, сайн угшил гаргаж уралдуулах сонирхолтой л хүн дээ, би.
-Адуунд угшил, хүнд удам гэдэг. Таны өвөг дээдэс морь уяж байв уу?
-Цус, ген дагадаг байх аа. Аав, ээж хоёрын маань өвөө, эмээ нар нь сум орон нутагтаа алдартай, сайн малчид байсан. Өвөө нар нь сайн ч уяачид байсан. Би сумын төвийн хүүхдүүдийн нэгэн адилаар мэдээ орсон цагаасаа зуны амралтаараа өвөө, эмээ дээрээ очдог байлаа. Тэр зуны өдрүүд л намайг малд хайртай болгож, морь уях замыг минь засч өгсөн юм болов уу даа. 
-Яагаад 2013 он хүртэл хурдан морьтой холбогдоогүй юм бэ. Эв нь таарахгүй яваад байсан юм уу, эсвэл төв суурин газар албан ажилтай болоод амждаггүй байв уу? 
-Би чинь багадаа адууны хүүхэд байлаа. Ээжийн аав нь Цэрэндаш гэж цэргийн заан цолтой хүн байсан юм. Өвөө маань 1960-аад оны үед Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд “Социалист хөдөлмөрийн төлөө” бригадыг анх байгуулсан юм билээ. Хамгийн сонирхолтой нь, тэр бригадыг адуугаар байгуулсан юм . Намайг бага байхад бригадын адуу гурав, дөрөв, таван мянгаараа суурилдаг байлаа. Арваад гэр ярайтал эгнүүлээд барьчихсан байдаг сан. Ингэж адуугаа суурилан маллаж, гүүгээ саацгаана. Сувай адуу нь л гэхэд тусдаа хоёр, гурван суурь болчихно. 
Маш олон гүүн зэлтэй. Гүүний суурийг хариуцсан хүмүүс нь үүрээр гэрээсээ гараад л гүүнүүдээ зэлээ тойруулж уяад, бараг л зэлэн дээрээ цайгаа уух нь холгүй л гүүгээ саацгаана. Тэднийг орж ирэхэд дараагийн ээлж нь солигдоод гарна. Ингэж л завгүй хөдөлмөрлөсөн “Социалист хөдөлмөрийн төлөө” бригадын тэр олон адуун дунд л миний бага нас өнгөрсөн юм. Тэр олон залуусын уургалах, булгиулах, давхиулах, уях зэргийг харж бахдаж, “ийм сайн адуучин болох юмсан” гэсэн хүсэл өөрийн эрхгүй цээжин дотор оволзож өссөн дөө.
Иймэрхүү байдалтай амжилттай явж байтал Цэвээндаш өвөө маань бурхан болоод, эмээ хоёр охинтойгоо үлдсэн юм. Адууны хүнгүй болсон болохоор бригадаасаа гарч, хувийн хоёр азарга адуутай үлдсэн. Би тэр адууг нь малладаг байлаа. Есөн настайгаасаа л өглөө эрт босч, эмээдээ унага татаж өгч, адууны хүн болсон доо. 
-Та эмнэг догшин сургахдаа бас гарамгай биз?
-“Алтны дэргэдэх гууль шарладаг” гэдэгчлэн намайг жаахан хүүхэд гэж гололгүй даага сургуулдаг байсны ачаар их юм сурсаан. 15, 16 нас хүртлээ эмнэг хөөрхөн л булгиулчихдаг байлаа.
-Морь уяад, гайгүй давхиулаад эхлэхээр эргэн тойрныхон ч бас уруу татагддаг даа. Гэрийнхэн тань хэр дэмждэг вэ?
-Дэмжинэ ээ. Манай аавын аав жаал Нацаг гэдэг хүн байлаа. Тэр хүн сумандаа морь сайхан уядаг байсан. Тухайн үедээ хоёр ч удаа малаа нийгэмчлүүлж байсан гэж хөгшчүүд ярьдаг юм. Миний санаж байгаагаар 1970-аад оны үед Дундговь аймгийн Эрдэнэдалай сум байгуулагдсаны 50 жилийн ой болсон юм. Тэр ойн баяраар манай жаал ахын хоёр насны морь түрүүлж, нэг насны морь аман хүзүүдэж байлаа. Аварга Хорлоогийн Баянмөнх гуай улсын заан цолтой байхдаа тэнд урилгаар очиж барилдаж түрүүлж байлаа. Тэр бол надад асар их урам өгсөн, сайхан наадам байсан юм. Өөрөө морь уяад түрүүлгэчихсэн юм шиг л догдолж, сэтгэлд тодхон дурсамж үлдээсэн наадам байсан даа. Тэр наадмаас хойш л бие дааж морь уях гэж оролддог, есдүгээр сарын 1-нд сургуулийнхаа баярт ганц, хоёр даага авч ирж уралдуулдаг болсон. Морь уях ажлын маань эхлэл тэгж л тавигдсан юм. 
-Тэгвэл та ч эртний уяач байх нь ээ. Морь уяад ирэхээр түүнийг дагасан олон асуудал яригддаг даа. Эмээл, хазаар тэргүүтнээс эхлээд тамга тэмдэг хүртэл олон зүйлийг сэргээх шаардлага гараад байх шиг санагддаг юм?
-Тийм ээ, сэргээх зүйлс олон байна. Монгол дээл, малгай, бүс, гутал бол монгол эр хүний салшгүй нэгэн хэсэг, өвөг дээдсээс уламжилж ирсэн соёл юм. 
Тамганы хувьд манай Нацаг өвөөгийнх саран тамгатай байсан юм. Өвөө тамгаа 50-иад жил хэрэглээд, аавд өвлүүлсэн. Аав 40-өөд жил хэрэглээд надад өвлүүлсэн. Би тэр тамгыг нандигнан хадгалдаг юм. Надад ирээд арваад жил болж байна. Одоо би тэр тамганы саран дээр нь од нэмээд, саран дэвсгэртэй одон тамга хэрэглэж байна. 
-Ингэхэд танай адуу хаана байдаг юм бэ?
-Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Цавчирт байдаг юм. Мөн Партизаны сангийн аж ахуйн хойд талын Халзангийн аманд манайхны жүчээ бий. Тэнд ч бас бий.
-Хаврын уралдааны тов гараагүй ч гэсэн уяачид морь малаа тэжээж, хөнгөрүүлэх ажлууд хийгээд эхэлжээ. Та ч бас ирэх жилийн уралдаануудад бэлтгэж л байгаа байлгүй?
-Арав гаруй адуу оруулж ирээд тэжээж байна. Уралдааны тов гарчихвал ажлаа улам эрчимжүүлж, ойр зуур сунгаа хийж эхэлнэ дээ. 
-Урган гарч буй нохой жил таны хувьд олз омгоор дүүрэн сайхан жил байх болтугай. Төрийн зарлигт наадмаас олон айраг, түрүү хүртээрэй гэсэн ерөөлөөр ярилцлагаа өндөрлөе.
-Баярлалаа, ерөөл бат оршиг ээ. “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад хань, гэр бүлийнхэндээ болоод галынхандаа талархаж явдгаа илэрхийлж, сар шинэдээ сайхан шинэлэхийг ерөөе.  

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 94. 2018 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна