Сумын Алдарт уяач Д.Дүүжий: Манай энд урдаас адуу ирж байгаа ч дархад талын адуу л сайн давхиж байгаа

Сэтгүүлч
2019 оны 2-р сарын 20 -нд

 Сумын алдарт уяач Д.Дүүжий гуай найман жил туувар туусны дөрвөн жил нь Сэлэнгийн Цагаан арлын баазад агт туусан туршлагатай тууварчин байсан аж. Тэрээр агт тууж явсан үеийн түүх, орон нутгийн сайн уяачид, хурдан хүлгүүд, Дархад адууны тухай сонирхолтой сайхан яриа өрнүүлснийг хүргэе.

-Дархад цагаан адууны талаар та хэр мэдэх вэ?

-Дархад цагаан адууны цөм гэвэл хувьсгалаас өмнө Хогорогийн голд суман Зайсан гэж 1000 цагаан адуутай их буянтай хүн байж. 1000 адууны зогсоол чинь овоо юм байж таараа. Одоо ч бууц нь байдаг юм гэсэн. Тэр суман Зайсан гэдэг хүний их насны хоёр хурдан цагаан морь хоёулаа ээлжлэн түрүү, аман хүзүүнд давхидаг байж.  Сүүлд нэгдэл нийгмийн үед 300-400-гаад цагаан адууг ялгаад дөрөвдүгээр багийн малчин Дугар гэдэг хүнд маллуулж байгаад, хувьчлалаар ард түмэнд тарсан даа. Одоо бол Рэнчинлхүмбэд 400 цагаан адуу байна уу гэмээр ховордсон шүү дээ. Манайх гэхэд ганцхан цагаан гүүтэй. Бусад нь дан бор.

 Миний мэдэхийн Дамдингийн Пүүжий гэдэг хүн 40-50 орчим цагаан адуутай байсан. Одоо түүний хүү Батчулуун, хүргэн Батсуурь нарт цагаан адуу бий. Хогорогт Аюушийн Даваажав гэдэг хүн нэг ч бараангүй яс шиг цагаан адуутай. Дээхнэ үедээ тэр цагаан адуутай хүмүүс морь малаа уядаггүй, гадагш зардаггүй байсан болохоор хурдалсныг нь мэдэхгүй. Хоёрдугаар багт хурдан цагаан адуу байсан. Цанлиг Гүржав гэдэг хүний хурдан улаан морь яах аргагүй Хогорогийн голын унаган адуу. Суманд зургаа айрагдаж, хоёр түрүүлсэн байх.

-Хэдий үеэс дархад адууны зүс өөрчлөгдсөн юм бэ? Яагаад зүс нь өөрчлөгдсөн юм бол оо?

-1990-ээд оноос хойш бараан болчихлоо. Манай энд Хөвсгөл аймгийн Түнэл, Арбулаг гэх мэт ар талын сумдаас бараан адуу түлхүү худалдагдсан. Тэр адууны зүс манай дархад адууны зүсний солио болж хувирсан. Дээр нь цагаан адууг урагш нь хятадууд үнэ цохиж худалдаж авсан. Цагаан адуу угаасаа ховордож байгаа. Тэрнээс биш Төмөрбулагаас гүү авчирсантай онц их холбогдол байхгүй. Тэр бол Цагааннуурын сургуулийн хэрэгцээнд зориулсан адуу байсан.

-Уг нь дархад цагаан адуу, бас цагаан зүсийг нь хадгалж үлдвэл? 

-Дархад цагаан адууны зүсийг хадгалах зорилготой улс байдаг юм. Уналга эдэлгээнд сайн, хурдан хурц гэдгийг нь түмэн олонд харуулах хэрэгтэй болов уу. Мань мэтийн морь гэж савсагнасан, наадам хэсээд далбаганаж явдаг хүмүүсийн гарт орчихвол нэр нь аятайхан тодроод гараад ирэх болов уу гэж боддог. Манай Дархад ч хурд муутай биш, сайтай газар шүү дээ. Энэ улсаас цагаан азарган үрээ 2-3 жил хүсээд би авч чадахгүй байгаа юм. Ерөөсөө адуу зардаггүй тийм улсад дархад цагаан адуу бий.

-Та тууварт явдаг байсан гэсэн. Дархад адуу агтанд явж байсан уу?

-Найман жил мал туусан юм. Үүнээс дөрвөн жил нь Сэлэнгийн Цагаан арлын баазад агт, дөрвөн жил нь Ханх руу хонь, үхэр тууж хүргэдэг байв. Агтанд цагаан адуу зөндөө явдаг байсаан. Агт туугаад халх тал руу яваад ороход “Хөөх, дархадын агт ороод ирлээ” гээд хүмүүс дуу алддаг байсан. Яагаад тэгж гайхдаг байсан гэхээр 250-450 адууны дийлэнх нь цагаан. Бараан адуу цөөхөн байсан үе. Дөрвөн жил агт туухдаа хоёр удаа тус бүр 450, нэг удаа 311, нэг удаа 257 адуу туусан юм.

-Агт тууж байсан хүмүүстэй уулзаж ярилцахад ачуулах үедээ адуу тун өрөвдмөөр болдог гэж ярих юм билээ?

-Хэлээд яах вэ. Манай эндхийн Дамба гэж настай хүн нэгдлийн улаан үрээг тэргэнд хөллөж сумын төв рүү цөцгий зөөдөг байсан юм. Нэг жилийн наадмаар соёолон үрээгээ тэрэгнээс нь мулталж уралдуулсан байгаа юм. Тэгж нэг удаа уралдсанаас хойш нэгдлийн дарга нарын уналганы морь болж, их булгидаг догшин морь гээд 15-16-тай байхад нь агтанд өглөө.Тэр жил би агт туусан. Сэлэнгийн Цагаан аралд очоод Хар горхийн хашаа гэж авдаг газар нь хүргэлээ. Тэгтэл нөгөө улаан морь намайг хашаанд тээрцэглээд үүрсээд байдаг. Тэгэхээр нь Нацагдорж гэж монгол төлөөлөгчид энэ морийг сольж авч болох уу гээд болсон явдлыг ярьсан чинь “Орос даргад мэдэгдэлгүй гаргаад авчих” гэлээ. Тэгээд би тарган морио өгөөд, нимгэндүү хүч муутай морь сольж авч нутагтаа унаж ирсэн юм. Энэ нутагтаа ирээд 22-23 хүрээд нас мөнхөрсөөн. . Хил дээр адуу ачдаг газар би очиж үзсэн л дээ. Өндөрлөгтэй хашаагаар шахагдаж түрэгдсээр байгаад том том машинд орно. Нэг машинд нэлээн олон адуу ордог, тоог нь санахгүй байна. Нэг суурь буюу 1200 адуу найман машин болж байл уу даа. Найман машин болоод Орос руу явна. Цаашаа очоод юу ч болоод, яадаг ч байсан юм билээ. Адуунууд усны шувуу шиг шуугилдан янцгаалдаж, хангиналцсаар байгаад дуу нь тасраад цаашаа явна. Дандаа нааш хараастай, зүрх шимширмээр шүү. Тэгээд агтанд дөрвөн жил яваад, сүүлд нь нэгдлийн үхэрчин болсон.


-Тэр улаан морь танд ирээд булгисан уу?

-Намайг авчрах үед хөгшин морь байсан  боловч айхтар булгина. Ер нь шиднэ шүү дээ.23 хүргээд тогоо тосолсон доо, хөөрхий. Булгидгаараа зартай морь байсан юм.

-Ингэхэд таны морь уях болсон нь юутай холбоотой вэ?

-Манай аав морь уяж байгаагүй. Миний нагац ах, Нэгдүгээр багийн Элстэйн голын Мархий гэж морь уядаг хүн байлаа. Нэлээд хэд айрагдсан сайн жороо цавьдар, улаан морьдтой. Тэр үед тойргоор биш уртын зайнаас тавьдаг байсан. Дараа нь манай аавын адуунаас уяж, бага сургуулийн хүүхэд байсан би тэр морьдыг унаж л моринд дуртай болж, хожим уяа руу орсон хүн. Нагац маань нэг их том амжилтанд хүрээгүй, уясан морьд нь 10 дотор л давхидаг.   

-Та дархад адуугаар наадаж байв уу?

-Миний өөрийн адуунд цагаан адуу тун цөөн байсан. 1967 онд хүнээс шүдлэн цагаан үрээ авч, 1969 онд уяад соёолон Рэнчинлхүмбэ суманд удаалуулж байлаа. Мөн тэр зунаа унаган хар даага уясан нь түрүүлсэн. Тэгээд тэр жилээ цэрэгт явсан. Ирээд морь уяхгүй, тууварт явж нэлээн завсарлаж байгаад 1984 оноос эргэн уясан.  1984 онд энэ нутгийн хээр морь Алаг-Эрдэнэд зарагдсан байхаар нь хурдан байж магадгүй гэж авчраад есөн настай морь уяж Рэнчинлхүмбэ суманд 12-оор давхисан. Дараа жил нь 1985 онд Цагааннуур анх удаагаа сумын наадам хийхэд тэнд долоолсон. Дараа жил нь мундаг хурдтай байгаад хүүхэд жолоогүй болж, айлын гадаа тогтоогоод амжилтанд хүрээгүй. 1987 онд Цагааннуурт удаалж, хойтон жил нь түрүүлсэн. Тэгээд Буриад гэдэг манай найз яриад байхаар нь “За яах вэ, ав. Чи унагатай хоёр гүү өгөөд ав” гэсэн. 14 настай зарав уу даа. Түүнд очоод айхтар амжилтанд хүрч чадаагүй, 10 дотор давхиулсаар нас төгсгөсөн дөө. Тэр хээр мориор би анх уяагаа эхэлсэн. Түүнээс хойш жил алгасалгүй наадлаа.

-Хээр мориноос хойш ямар, ямар мориор наадав?

-Дахиад нэг хээр морь, хүрэн халзан азарга байлаа. Хүрэн халзан азарга маань Сампилын Гүржав гэдэг хүний унаган адуу. Баатарцогт гэж залуу эх нь үхсэн өнчин унага хүнд бэлгэнд өгсөн байсныг тэр хүн нь дахиад надад бэлэглэсэн юм. Би 11 дүгээр сард унага авч тэжээлд оруулсан. Дааганд нь уяж Цагааннуурт 57-58 даага давхихад 31-ээр ирж цулбуурдсан. Тэгээд шүдлэндээ түрүүлээд, хязааландаа гуравлаад, соёолондоо дөрөвлөдөг бил үү, гуравладаг бил үү дээ. Ямартай ч жил болгон айраг алдаагүй. Азарганд нэг, шүдлэнд нэг түрүүлсэн. Зургаан жил айрагдуулж, түрүүлгээд бас нэг найздаа өгсөн. Тэр маань аваад уялгүй онголж, гүү хураалгаад төлийг нь авч байгаа. Би энэ хүрэн халзан азарганыхаа үр төлөөр наадаж яваа.

-Төлүүдийнх нь хурдалсан түүхийг яривал?

-Төл хээр морь нь сумын наадамд найм түрүүлээд, жижиг баярт бол тоймгүй олон орсон. Очсон наадам болгондоо түрүүлж, хоёр л удаа айрагдсан. Тэгээд наймхан настайдаа хөл нь бэртээд уягдалгүй 12 хүргээд өнгөрсөн өвөл хөдлөхгүй байхаар нь хөөрхий бурхан болгосон.

Энэ хээр морины төрсөн дүү хар халзан морь мөн сайн давхисан. Цагааннуур, Рэнчинлхүмбийн наадам урд, хойноо болоход шүдлэндээ хоёуланд нь удаалсан. Хязааландаа мөн хоёр суманд наадаж хоёр түрүүлж, соёолондоо гурван суманд наадаж нэг түрүүлж, хоёр удаалсан. Тэгээд манай хүүхэд гэр бүл болж өрх тусгаарлахад өмчинд өгсөн. Дараа нь найзаасаа алаг шүдлэн авч уялаа. 


-Алаг шүдлэн таныг их баярлуулсан бэ?

-Алаг шүдлэн тэр жилээ амжилт гаргаагүй. Хязаалан жилээ Рэнчинлхүмбэд удаалаад, Цагааннуурт гуравлаад, соёолон Рэнчинлхүмбэд зургаалж, Цагааннуурт дөрөвлөсөн. Азарганд нэг түрүүлсэн. Тэр алаг азарганы үр төл надад байна. Халзан азарганы удмыг сэлбэсэн адуу бол алаг азарга байгаа юм.

Мархий нагацын адууны хатирч цайвар хул гүү надад байлаа. Тэр хул гүүнээс гарсан унага бүхэн надад хурдалсан. Цогтын бор халзан азарга, Ганболдын цоохор бор морь гээд уралдаж байгаа 5-6 адуу бий. Тэр гүүг 21 хүргэж нас өндөрлүүлсэн. Хул гүүний хүүгийн хүү нь манай хээр, хар халзан морьд бий. Эцэг нь халзан азарга. Манайх 40-өөд адуутай, тэр дотроос уявал бүгд л суманд айраг цулбууртай адуунууд байна. Манай хүүд ч уягдаж байна. Би ч уяанд чадал тэнхээ хүрэлцэхгүй, уяа дагаж зөнөсөн нохой шиг юм явж байх юм даа, хөөрхий.

-Хичнээн айраг, түрүүний амжилтаар хэдэн онд сумын Алдарт уяач цол хүртсэн бэ?  

- 2010 онд хүртэв үү дээ, 2008 онд ч хүртэв үү. Лав 10 гаруй айраг, түрүүтэй байсан. Би жил болгон Рэнчинлхүмбэ, Цагааннуурт наадаж айраг, түрүү авдаг. Ойрын хэдэн жил айргаас хойш цулбуурт орж үзээгүй. Одоо сумын 18-19 түрүү, 20 орчим айрагтай. Хатираа морины тав орчим айраг, дөрвөн түрүүтэй. 

-Танай хүүхдүүд морь уядаг гэсэн. Хэд нь уядаг юм бэ?

-Таван хүүтэй. Тавуулаа л уях гэж домнодог юм. Айхтар амжилтанд хүрч чадахгүй байна. Бага хүү тусдаа гараагүй, тэр л маш сайн уяна. Бусад айл болсон хүүхдүүд маань яах вэ бага сага наадамд айраг, түрүү хийдэг. Сумын наадмаас айраг, түрүү авч чадахгүй л байна. Том хүү Нямдорж л сумын наадамд ганц хоёр айраг, түрүү хийсэн.

-Таны оролцсон хамгийн сайхан баяр бахдалт наадам хэдэн онд тохиосон бэ?

-2011 онд сумынхаа наадамд их нас, даага хоёроо түрүүлгэж, хадам дүүгийн соёолон, шүдлэн хоёр түрүүлж, дөрвөн түрүү, хоёр айраг хүртэж байлаа. Тэр их сайхан наадам болсон.

-Хоёрдугаар багт морь сайн уядаг ямар ямар уяачид байна вэ?

-Манай баг Рэнчинлхүмбийн наадмаасаа айраг, түрүүгүй буцсан удаа тун ч байхгүй. Биднээс өмнөх уяачид гэвэл Гүржав, Гомбо , Түмэнжий, Загд гээд айхтар уяачид байв. Загд гуай, Гомбо гуай хоёр аймгийн Алдарт уяач, бусад нь сумын Алдарт уяачид. Бидний үед морь уяж байгаа нь Гомбын Пүрэв гэж сайн уяач байна. Хүү нь Хүчитбаатар гээд сайн уяач бий. Тэнгисийн адуу гээд тусдаа цөм  хэлбэрийн адуу уядаг, айл гэр болоогүй хүүхдүүд байна. Хүнбиш, Адъяахүү нарын залуучууд, холбооны дарга Дорж нар сайн уяж байна. Дорж нэлээн сүүлд моринд орсон боловч наадам олон болсон болохоор амжилттай сайн наадаж аймгийн Алдарт болчихлоо л доо. Ер нь идэвхтэй хүн. Загд гуайн хүүхдүүд морь сайн уяж байснаа сүүлийн үед нэг л унтранги байдалд орчихлоо. Отгонбаатар гэдэг хүү нь л уяад байна. Гүржав гуайн удмын уяачид гарч ирмээр, адуу мал сайтай л байх ёстой. Сураггүй л байх юм. Ер нь манай хоёрдугаар багийн уяачид дээр, дооргүй сайн, морь уях арга барил бусад улсаас арай өөр гэж боддог. Сумын наадмын айргийн 30 адууны 18, 19 медалийг нь аваад явдаг. Тэгэхээр уяачид ч сайн, адуу нь ч сайн гэж боддог.

-Дээхнэ цаг үедээ хурдалж байсан энэ багаас төрсөн их насны морьдыг эзэнтэй нь та нэрлэхгүй юү?

-Бүр дээр үед дээр ярьсан суман Зайсан гэдгийн хоёр цагаан морь сайн байсан юм гэнэ лээ. Түүхийг нь сонссоноос биш үзээгүй. Сүүлийн үед Гүржавын 5-6 айрагдаж, хоёр түрүүлсэн сайн улаан морь байлаа. Загд эмчийн алаг морь суманд 8-9 түрүүлсэн яг манай Төхийн унаган адуу. Дамба  гуайн Хавчиг хээр, Том хээр гээд айхтар морьд байлаа. Ганц жил л Хавчиг хээр нь айрагнаас мултарсан байх, хөгширтлөө давхихдаа түрүү хийгээгүй, айраг алдаагүй тийм хоёр морь байсан. Дамбын бас нэг бор морь суманд гурав угсраа түрүүлсэн. Бор морь тэр хээрүүдийн ах дүү. Нэг үедээ Дамба гуай чинь олон хурдан адуутай байсан хүн. Өөрөө настай, Буяндэлгэр гэж том хүү нь сайн уядаг байв. Том хүү нь Сумын Алдарт уяач байгаад өөд болсон. Одоо Батсүх гэж хүү нь морь уяж байна, Батсүхийн хүү нь ч уяж байна. Тэр адууны удам судар ер нь байгаа, үргэлжлээд хурдалж байгаа.


-Сайн азарганууд?

-Гүржав гуайн халтар азарга гэж суманд дөрөв түрүүлсэн хурдан адуу байлаа. Нэг өнжөөд уядаг уяатай. Яагаад нэг өнжүүлдэг юм гэхээр төлийнх нь чанар муудна, хурдан адуу гарахгүй гээд өнжүүлж уядаг туршлагатай хүн байсан. Тэнгисийн Даваадоржийн суманд дөрөв тав түрүүлсэн хар азарга байна. Яг удмыг нь хөөвөл урдуур гаралтай байж магадгүй, би сайн мэдэхгүй. Тэнгис талаас гарч ирж байгаа морьд тэр хар азарганы удам угшлын адуунууд. Баатарцогтын халтар азарга сайн байсан, төл нь ч нэлээн тарсан даа. Одоогоор бол сэргэлэн, наймаачин хүн. Одоо ч амьд сэрүүн бий. Нэлээд олон хурдан адуугаа гадагш дотогш зарсан. Тэр адууны удам миний адууны удамтай холилдсон юм. Би хоёр алаг үрээ авч, сайхан улаан даагатай жороо бор гүү өгсөн. Тэр улаан даага гүү болоод гаргасан адуунууд Цогтын бор халзан, Ганболдын бор гээд сайн давхиж байгаа азарга, морьд байна. Сүүлийн үед миний хүрэн халзан азарга сайн давхиж байна.  Суманд хоёр түрүүлж, дөрөв ч айрагдав уу. Надад  ноднин нас нийлсэн унаган хар азарга байгаа. Шүдлэн, хязааландаа Лхүмбэ, Цагааннуурт түрүүлж, соёолондоо уягдаагүй. Хавчигтаа 2017 онд сумандаа айрагдсан. Ер нь манай эндхийн адуу Дархад талаараа сайн давхиад байгаа шүү дээ. Урдаас адуу орж ирэх нь ирж байна. Айхтар онцгой ялгарчихсан, Дархад адуунаас илүү байгаа нь тодорч гарч ирэхгүй л байна.

-Бидний урилгыг хүлээн авч баг, орон нутаг, Дархад адууныхаа тухай сайхан яриа өрнүүлсэн танд баярлалаа. Эрүүл энх байж, урт удаан наслаарай.

Д.Энхтуяа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна