Аймгийн Алдарт уяач Ж.Баярсайхан:Аймагт их нас дөрвөөр, соёолон аман хүзүүгээр давхиулчихаад цолоо хасуулан, банга хүртэж явлаа

Сэтгүүлч
2019 оны 3-р сарын 13 -нд

Өлзийт I  багийн харьяат  Жамъянгийн Баярсайхан нь 1949 оны зун Эрдэнэцагаан сумын нутагт Рашаан цайдам хэмээх газар айлын хоёр дахь хүүхэд болон мэндэлсэн.  Цэргийн гавьяаны улаан тугийн одон,  “Алтангадас” одон,  Байлдааны медаль, аймаг, сумын Хүндэт  тэмдэг, ММСУХ-ны “Уяачийн алдар” одонгоор тус, тус шагнагдсан аймгийн  Алдарт уяач юм.

-Таны хүрэн соёолон нэлээн хурдан байсан бололтой. Хаанахын адуу вэ?

-Миний хүрэн соёолон чинь алдартай хурдан Гоё хүрэн  азарганы хоёр дахь төл. Сүүгүй даага сумын наадамд таваар ороод, сургуулийн 50 жилд дөрөвлөж, 2015 онд аймгийн зүүн бүсэд есөөр орсон. Тэр жил манай Асгатын 90 жилийн ой болсон хойд өсгийг нь тасадчихаад уралдуулж чадаагүй юм. Тэгээд  шүдлэн сумандаа түрүүлээд, аймагт очиж  ахиад түрүүлсэн. Ноднин хязаалан сумандаа тавласан. Хязаалан жилээ засаатай байхад нь алдчихаад бүсэд уралдуулах гээд олоогүй. Дараа нь намар авчраад агталчихсан. 

 -Энэ жил уралдуулав уу?

-Энэ жил би олон морь уясангүй ээ. Алтан овоондоо нэг хязаалан дан уяагаар явуулна. Ноднин шүдлэн суманд аман хүзүүдээд, аймгийн бүсэд жаахан тамир дутсан уу, 15-аар орчихоод байгаа юм.

 -Ингэхэд хүрэн морь чинь Балтав гуайд очоод хэр давхисан бэ?

-Би энэ хавар тавдугаар сарын сүүлчээр зарсан юм. Тэгээд улсад уралдах болсон хүүхэд нь ташуураа булаалгаад, төхөөрөмжин дээр будилсан шиг байна лээ. Олигтой давхиж чадаагүй. Бараг тарлаад ташуургүй орж ирсэн юм гэсэн. Дараа нь бид барахгүй нь ээ гээд манай гадаа ирээд буулаа. Уяач нь ч бас ирсэн л дээ. Тэр үед манай хүү үзсэн “Явахгүй байна” гэж байсан.

-Уяаг нь олтол удах байх, тийм ээ?

- Тийм ээ. Гэхдээ өнөөдөр бол сайхан л ирлээ. Цөөхөн атлаа чанартай уралдаан боллоо. Энэ хар адуу гэхэр суманд түрүүлсэн манай хүргэний адуу байгаа юм. Цоохор адуу чинь Уулбаяны мөн л хоёр, гурав орсон адуу. Тэгээд яах вэ, эхний гуравт аятайхан давхиад ирвэл цаашаа уяаны учраа олчих байх.

-Хэрвээ нууц биш бол хэдэн төгрөгний наймаа хийгдсэн юм бэ?

- Би хүнтэй адил 40,50 саяар наймаа хийж үзээгүй ээ. Үнээ тохирч өгөөд бэлгэнд засаатай хар шүдлэн эмнэг адуу өгсөн. Тэгсэн ноднин надтай уулзаад “Таны адуу айхтар хурдалж байна шүү. Азарга тавих адуу сонирхож байна” гэхээр нь “Ах нь хоёр хүрэн адуу тэжээж байгаа, дуртайгаа үзээд ав” гэлээ. Тэгсэн үзэж, үзэж байгаад “Ах аа, би хязааланг нь авъя. Эх нь залуу юм байна. Та хэдэн төл авахыг бод” гээд Гоё хүрэнг эхтэй нь үлдээчихээд Тайван зээрдийг авсан. Эд нэг эцэгтэй эгч дүүсийн төл байгаа юм.

 -Эцэг нь ямар азарга байдаг юм бэ?

- Миний нэг хээр азарга бий. Одоо ч нэлээн хөгширсөөн, хөөрхий. Энэ азарганы маань эцэг тал нь Хүүхэн Шүүлэнгийн хээрийн цус орсон. Уулбаян гарлын адуу. Эх нь манай өөрийн унаган адуу байгаа юм.

 -Хээр азарга уягдаж байв уу?

- Шүдлэн уяад их хурдан байлаа. Харин хязааланд нь манай хүүхэд ойчоод явуулахаа больсон. Тэгсэн хүү нууцаар 16-тай хүүхэд зайдлуулж явуулаад зугтааж байгаад 10-аар орсон. Яах вэ, том хүүхэд  эвдээд өгсөн байхгүй юу. Тэгээд хавчиг гүү хураалгаад, төлүүд нь хурдлаад эхэлсэн.

  -Орой хураалгажээ?

- Тийм ээ, орой хураалгасан.  Манай муу аав чинь байхдаа хавчиг болгоод хураалга гэдэг байсан юм. Тэр үедээ цаад учир шалтгааныг нь асууж ч байдаггүй. Залуу байхад бас гэнэн байжээ. Түрүүнд нь манайд их хурдан азарга байсан. Намар хавчиг албаар хоёр гүүтэй ирж байж хураалгаж байлаа. Энэ мэт аргалж болдог гэж аав хэлдэг л байлаа. Тэгэхэд миний Гоё хүрэн чинь хязаалан улсад есөөр орохдоо хоёр гүүтэй очиж байлаа шүү дээ.

 -Ороо ихтэй азарга байх нь?

- Бүүр дийлдэхгүй гээч. Хойд хашаанд морь янцгаахад ногттой бол намайг чирээд л хойд хаалгаар гараад өнөө хашаа руу ороод явчихна.  Одоо бол тэжээлийн адуунууд бол бүүр дийлдэхгүй бололтой. Тэр витамин энэ тэр бол ялангуяа засаатай адууны ороог илүүтэй оруулаад байдаг юм билээ. Би хүн дуурайж витамин өгөөд, сүүлдээ ороо нь ороод дийлдэхээ байсан.

 -Хээр азаргандаа хавчигт нь хэдэн гүү өгөх үү?

- Зургаа, долоон гүү өгөөд эр унага цөөхөн төрсөн л дөө. Гэхдээ гарсан эр болгон нь хурдалсан. Хамгийн том нь гэхэд Улааны Тайван зээрд бол дараагийнх нь миний Гоё хүрэн гээд явна. Гоё хүрэнгийн дүүг чинь манай цагдаагийн газрын дарга байсан Говь-Алтайн Батбаатар аваад нутагтаа очоод тавлуулсан. Одоо энэ Чавх хонгор гэж Луусын Эрдэнэчулуун Манлайн хонгор азарга энэ жил хавчиг болж байна уу. Тэр чинь даага хоёр, гурав түрүүлээд, шүдлэн их тарган байгаад тавлаж, хязаалан дийлдэхгүй гүү өгсөн байгаа юм. Тэгээд төл нь гэж жаахан шаргал адуу гарсныг уяагүй. Тамир суулгах санаатай гэж байна лээ. Бас Архангайн Цогбаярын Буурал духт хүрэн байна. Энэ Буурал духт хүрэнгийн гурван хязаалан бүсийн наадамд дараагаараа орж байсан юм даа.

 -Хээр азарганы тухай ярьж байгаа биз дээ. Эндээс хамгийн онцгой хурдалсан төл нь гэвэл?

- Улааны Тайван зээрд, миний Гоё хүрэн байна. Миний хүрэн чинь Тайван зээрдээс хамаагүй илүү л дээ. Даанч яагаа ч үгүй хөлгүй болчихсон юм. Улсад ирэх, очих хоёр талдаа уралдуулна. Бүүр нэг удаа эрлийз гэж авч үлдээд шүдээр хасах гээд чадахгүй болохоороо гаргаад явуулсан. Тэгснээ эргэж барьж авчраад ганцааранг нь хашаанд уячихаад өндөр байна гээд бөөн хэл ам боллоо. Наадамчин олон “Сүхбаатарын хүрэн адууг явуул” гэж хашгираад л. Сүүлдээ ч дайрч орох гээд байхаар нь мордуулсан. Тэгэхэд хязаалан 345 яваад өгчихсөн. Хойноос нь нэг жийптэй хүн хөөгөөд есөөр орсон. Тэндээс ирээд л хөлгүй болсон, хөөрхий. Гоё хүрэн бол бие өндөр, мэдэхгүй газар бол эрлийз гэж л харна. Бэлэн хурдтай. Үзүүр дээрээ ямар ч морьтой ирсэн гарах гээд л зүтгэнэ. Тарган ч байсан, эцэнхий ч байсан уралдаж ирээд ядрахгүй. Намайг гурван жилийн дотор их ч баярлуулсан, буянтай амьтан. Гэхдээ наадмаас ирж буцахад машин дээрээс харайчих гээд үгүй мөн хэцүү дээ. Би чинь аймаг ортлоо нусаа гоожуулаад ачаан дээр яг бариад л явна шүү дээ. Болоогүй ээ, өнөөхтэй чинь хүн шиг хэрэлдэнэ. Тэгж зандарч байгааг андахгүй мэднэ. Хашаанд орсон ч хоёулаа. Би чинь өвөлдөө гэртээ тоотой орно. Хашаандаа л өнжинө. Хүйтэнд хөлд нь тос бүлээсгээд хийх гэхээр дургүйгээ хүрвэл цавчаад асгуулчихна. Эргээд тос халааж ирээд үглэнэ. “Чи яаж байгаа юм” гээд л. /инээв/ Ингэж загнаад очоод хөлийг нь барихаар өөдөөс хялам, хялам хараад хөлөө өргөөд зогсоно оо. Тийм сайхан адуу байлаа.

-Одоо байгаа биз дээ?

- Бий, бий. Дааган цагаас нь эхлээд л олон хүн авъя гэж ирсэн. Би өгөөгүй юм. Үнэндээ тэр хотынхон чинь уяж чаддаггүй юм байна лээ. Нэг л их том цолтой улс.

-Хээр азарганы дараагийн төлүүд нь яаж давхисан бэ?

-Дөлгөөн зээрд гэдэг нь даагандаа хоёр айрагдаад Улаанд очсон. Энэ жил хавчиг азарга болж байна. Энэчлэн зарим жил ч дөрөв, таван эр унага гараад хүн амьтанд өгөхийг нь өгнө. Өөрсдөө ганц нэгийг нь уяна. Гэхдээ унаач хүүхэдгүй болохоор шимтэн уяж байсангүй л дээ. Манай хүү чинь эхнэртэйгээ хэдэн малтай. Бүл цөөдөөд байх юм.

-Таны Гоё хүрэн эх талдаа ямар угшилтай юм бэ?

- Эх нь Уулбаяны М.Баазарын дэлтэй хээрийн төл. Тэр хээрийн төлөө Гөлөгсайхан хүнд бэлгэнд очсон нь Наранд их хурдалсан олон сайхан хурдан адуу гарсан. Тэрний төл нь Гоё хээрийн эх байгаа юм.

-Гоё хээрээ дааган цагаас нь уясан уу?

- Гоё хүрэн даагандаа аймгийн Аварга хүлэгт түрүүлээд, Сүхбаатар суманд болсон Нийгмийн хонгорын нэрэмжит уралдаанд ахин түрүүлж, аймагт хол түрүүлсэн. Дорнодын бүсэд улсад орсон бүх эрлийзүүд очиход ганцхан монгол даага тавлаж байлаа. Тэр чинь 2009 он. Тухайн үед эрлийзийг хасдаггүй байсан. Лав 17 эрлийз даага мордсон санагдана. Хойтон жил нь аймгийн Аварга хүлэгт түрүүлээд, Хэнтийн бүсэд очиж аман хүзүүдсэн. Тэгээд хязаалан 90 жилд авч очиж байлаа.

 -Харин Тайван зээрдийн эх ямар угшилтай гэлээ?

- Хуучны үндсэн адууны  хээрэгч гүү байсан. Гоё хүрэнгийн эхтэй эгч дүүс л дээ.

-Тайван зээрдээ хаана, хаана уралдуулж байв?

- Тайван зээрдийг даага, шүдлэн уяагүй. Ингээд 2008 онд эмнэг шүдлэн адуутайгаа яваад, 2008 онд Алтан овооны тахилгын жил манайх 180 адуу алдчихсан. Айхтар зуд боллоо шүү дээ. Тэгсэн зургаан сард эмнэг шүдлэн ганцаараа хүрээд ирдэг байгаа. Гоё хүрэн болохоор долдугаар сарын 3-нд нурууных нь хальс арилаагүй нялх унагатай эх нь гүйж ирсэн. Тэгээд Тайван зээрдийг чинь барьж авч сургаад, тэр дундаа уяад овоондоо мордуулсан. 200 гаруй үрээнээс 100 хэдээр л орсон байх аа. Дараа нь овооны наадмаас гурав хоногийн дараа болсон Хаан уулын том тахилгад эхний гурван адуунд ирсэн. Гэсэн ч явган улсын адагт ирээд үргэж зогсчихоод долоогоор орсон. Түүнээс сарын дараа Улааныг  ирэхэд бэлэглэсэн юм.

-180 адуунаасаа олсон уу?

- Олдоогүй ээ. Хоёр хүрэн азарга, байдастай байсан бол одоо өсөж үржээд 300-гаад шахуу адуутай болох гэж байна.


  -Улаан гишүүнд хязаалан очоод яаж, яаж давхилаа?

- Хязаалан тэжээгээд их тарган байсан. Тэгсэн наадмаар “Ах аа, нөгөөхийн чинь хүчийг дийлдэггүй ээ” гээд утсаар ярьсан. Дийлэх байлгүй гээд эрлийз хасдаггүй байхад 600 гаруй хязаалан уралдахад 13-аар ороод, соёолонгийн өвөл нь хоёр уралдаад нэгд нь аман хүзүүдэж, нөгөөд нь түрүүлсэн. Зун нь уралдаад есөөр орсон. Хавчиг жил нь хүү бид хоёр урд сунгалтын үеэр очиж үзээд уяа сойлгын талаас нь хэлж өгсөн. Улаан чинь өөрөө ажил ихтэй. Та хоёр мэд л гэнэ. Тэр жил чинь Улс халзан гэхчилэн “томчууд”-тай уралдаад гуравласан. Дараа нь “Тамирын хурд”-д аман хүзүүдсэн.

 -2011 онд яаж уралдсан юм бэ?

- 2013 оны “Их хурд”-д хөтөлж яваад наймаар ороод улсад 10-аар давхиад дахиж оруулж чадаагүй. Одоо энд байгаа гэсэн.

 -Тайван зээрдийн төлүүдээс яаж давхиж байна гэнэ.

- Түрүүчийн төл нь соёолон, хавчиг морь байгаа гэсэн. Гэхдээ олигтой явуулж чадахгүй л байна.

 -Одоо Гоё хүрэнгийн хэдэн төл танд байна вэ?

- Уяагүй эр даага хоёр гурваараа байна.

 -Өөр чинь, Ж.Баярсайханы хээрийг таны адуу гэдэг бил үү?

- Наадах чинь миний унаган морь биш шүү. Хэнтий аймгийн Баянхутаг сумын л нэг хүний адуу. Том хүү бид хоёр шинжээд, долоон сая төгрөгөөр үнэлж авсан. Даанч эзнийх нь нэрийг санадаггүй ээ. Гэхдээ манай хүүг сайн танина л даа.

-Хэдэн онд долоон сая төгрөгөөр авах уу?

- 2012 онд авсан санагдана. Тийм, тийм 2012 онд юм байна. Тайван зээрдийг улсад айрагдсаны дараа жил шүү дээ. Тэр үед хүн харахын аргагүй адуу ирсэн юм аа. Тэгээд сайхан тарга тэвээрэг авахуулж байгаад уяад ирсэн жилээ Асгатад аман хүзүүдээд, Их уулын тахилгат мөн аман хүзүүдсэн. Хойтон жил нь өнжөөд 2015 онд Сүхбаатар сумын Хаан уулын тахилгад 100 гаруй мориноос хол түрүүлсэн. Дараа нь наадмаар  очиж аман хүзүүдээд, сумынхаа 90 жилд түрүүлсэн. Тэндээсээ буцаж аймгийн бүсэд очиж аман хүзүүдсэн. Гэвч хөл нь жаахан муудаад энэ жил хотод нэг хампааны дүүд аваачаад өгчихөөд байгаа юм.

 -Та хэдтэй морь авсан гэлээ?

- Найм, естэй л байсан болов уу. Бүдүүн морь л авсан юм даг.

 -Аавын тань дээдчүүл морь уяж байв уу?

- Байгаагүй ээ. Манай аав Нинжээ Жамъян  чинь Байтаг богдын байлдаанаар долоон жил яваад ирж байлаа. Тухайн үедээ галын шугаманд нь Хорлоогийн Дамбатай нэг салаанд явсан гэсэн. Нөгөө Улсын баатар Дамба шүү дээ. Аав маань их гярхай, ажигч, адуунд эрэмгий, жижигхээн биетэй нэгэн байлаа. Авсан морь болгон нь орох гээд байдаг. Сүүгүй даага их сайн уядаг байлаа. Энэ сумын анхны “Алтангадас” одонтой, Одон Жамъян гэж яригддаг хүн байлаа.

-Аав тань нэгдлийн үед ямар мал маллаж байсан юм бэ?

- Хонь маллаж байсан. Нэгдэл байгаагүй үед багийн адуу гэдгийг хариулж явсан байдаг юм. Битүү адуу их шинжиж авна. Бас наймаа хийнэ.

-Аав тань хурдан морийг шинжихдээ юуг нь чухалчлан үзэх үү?

- Тэр талаар нь ёстой асууж явсангүй. Ямартаа ч Асгатад хоёр, гурван морь авах гэхэд нь би “Ээ, байдаг л хэдэн морь байна” гэж хэлээд авахуулаагүй өнгөрч байсан юм. Сүүлдээ би аавынхаа барилаар гайгүй хардаг болоод хэд хэдэн айхтар хурдан адуу авсан шүү. 1980 хэдэн онд Мангал гэж өвгөнөөс битүү хязаалан адуу аваад зохиолчдын баярын уралдаанд хол түрүүлгэж байсан. Азарга тавьсан юм. Пүрэвжав гэж хүний явуулдаггүй улаан адууг гуйсаар байгаад хоёр жил аваад Асгатын Дулмаа хонгор гэдэг алдартай хонгор морийг хязааланд нь дарж явлаа. Өөрөөр хэлбэл улаан морь түрүүлсэн юм.

-Та өөр хаанаас адуу авч байв?

- Бүрэнцогтоос сайн адуу авчирсан. Хэнтийн босоо цавьдар, Баадуу алагийн төл шаргач гүү авчирсан нь эр хүрэн унага гаргаж олон ч жил айраг түрүү авлаа. Би чинь Халзангийн Манлай уяач Ухна гэж өвгөний хүргэн нь болох хүн байгаа юм. Тэгээд тэр Ухна өвгөний адуунаас манайд ембүү азарга гэж ирээд олон ч төл өгсөн.  

 -Аав тань сумын наадмаас хичнээн айраг, түрүүтэй вэ?

- Тоолж байсангүй ээ. Сум аймгаас 20 хэдэн юм байгаа байлгүй дээ. Сүхбаатар сумандаа болон гадагшаа гарч уралдахдаа сайхан л нааддаг байлаа. Аавыг ид морь уядаг байхад одоо шиг олон уралдаан болох биш дээ. Тав, зургаан л адуутай, 17-гоос дээш бодгүй үе шүү дээ. Тэгээд жилдээ нэг удаа төрийнхөө наадамд ёс болгож оролцоно. Хааяа өвөлдөө нэг морио уралдуулна.

-Та морь уяад удаж байна уу?

- Би ч багаасаа адуунд дуртай хүүхэд явлаа. Анх чинь тавтай морь унаж сурсан байх шүү. Тэр үеэс майханд унтаж үзээгүй, гуйсаар байгаад аавынхаа дэргэд л унтана. Тэгээд шөнө аав босчихвол дагаад морины хажуу руу дайруулчих гээд гүйнэ. Нойроо харамлаж үлдэхгүй л дээ. Хөдөөний хүүд ганц чаддаг юм бол морио манах шүү дээ. Хөл өвдвөл сууна, заримдаа мөлхөнө, шороо идчих вий гээд нүд цавчихгүй харна. Яг л сэрүүлэг шиг гэж байжээ. /инээв/ Тэгээд мориноос хасагдаад зав чөлөөндөө сайн аавын хажууд морь уяж эхэлсэн. Харин 1991 онд тэтгэвэртээ гараад ахин морь уяж байна. Наана нь аймагт их нас дөрвөөр, соёолон аман хүзүүгээр давхиулчихаад цолоо хүртэл хасуулж, арга хэмжээ авахуулж явлаа. Би чинь 1949 оны үхэр жилтэй хүн байгаа юм. Одоо нас 70 хүрч байна. Хөл гар гайгүй шүү. Аавыгаа  гөрөөгөөр явж байхад би төрсөн юм гэсэн. Дээрээ нэг эгчтэй, айлын хамгийн их хүү. Ээж минь 85-тай, аав маань 75-тай ойчсон. Бид эцэг эхээс 13-уулаа. Миний эгч чинь 70 гарсан хөгшин хотод амьдарч байна.

 -13-уулаа өтөлнө гэдэг сайхан юм шүү. Танаас бусад нь морь уяж байв уу?

- Манай хоёр, гурван эрэгтэй дүү бага сага уяна аа. Гэхдээ олигтой явуулахгүй юм. Зарим нь унаач хүүхэдгүй. Наадам эхлэхэд дөрөв, таваар нь бариад цувуулж тавьсаар заримдаа нэг хоёртой л очдог. Энэ жил нэг дүү маань азарга таваар оруулсан. Түүний хувьд энэ зун хоёр ч айраг авчихлаа. Ааваас хойш насаараа морь уяж байгаа хүн дээ.

 -Танай адуунаас гадагшаа их гарсан уу?

- Дундговь, Улаанбаатар хот, Архангай, Говь-Алтай руу их гарсан. Биенээсээ сураг сонсоод хүрээд л ирдэг юм.

-Хамгийн үнэтэйдээ хэдээр зарах уу?

- 30 сая хүргэсэн. Нэг хүрэн морио Дундговийн уяачдын холбооны дарга Ганхүүд өгсөн. Энэ хүрэнийг чинь би өөрөө шинжиж авсан юм. Манай сумын адуу л даа. Би долоотой бил үү наймтай авсан бил үү. Тухайн үедээ  10 сая төгрөгөөр зургаан сард бүүр морь бариад эхэлчихсан үед л авсан юм даг. Тэр жилээ ч есөөр ороод, хойтон нь Аварга хүлэгт есөөр ороод Ганхүү ирж авъя гэхээр нь өгчихсөн.

 -Хүрэн зүсмийн адуугаар сайн нааддаг юм аа даа?

- Тийм шүү, хүрэн зүсмийн адуу илүү хурдалдаг. Хүрэн голцуу адуутай.

 -Та адуу авахдаа юуг нь онцлон хардаг вэ?

- Толгой, дөрвөн мөчийг хардаг. Толгой бол хатингар махгүй, урт байна. Хамар монхордуу. Гэхдээ одоо ч иймэрхүү адуу ховор болчихсон юм. Тэгээд хойд борви тэнэгэр, салтаа уужим тийм л адуу сайн даа. Сайн адууг алхаж байхад нь биш дэргэж шогшиж байхад араас нь сайн харах хэрэгтэй. Гэхдээ морь мэддэг хүн ховор л доо. Үнэндээ морь хурдлахад наадмын өм гэж юм бий. Морь, хүүхэд уяач гурав нийлж тухайн өдрийн аз хиймориор морь хурдалдаг юм.

  -Та нутгийн сайн уяачдын талаар мэддэгээсээ бидэнд ярьж өгөөч?

- Би чинь 1980 хэдэн онд ээж аавыгаа амар мэнд байхад нь Асгатын төлөөлөгчөөр ирж байлаа. Ажил албанаасаа болоод энэ тэнд их явлаа. Тийм болохоор өөрийнхөө төрсөн сумынхыг байтугай, ажиллаж байсан сумаасаа ч сайн мэднэ шүү. Намайг энд ирж байхад чинь одоо аймагт амьдарч байгаа Тонгоо Мажигсүрэн гэж өвгөн байлаа. За тэгээд Шагдаржав, Батмөнх, Махбуриад нарын сайн уяачид байлаа. Махбуриад гэхэд улаан азарганы төл, улаан азарга хоёроор л их тоглосон. Манай аав тэр хоёр их хампаан. Би ч заримдаа амралтаараа ирж таараад мэнд мэдэхээс цаашгүй явлаа. Манай аав шиг олон хүүхэдтэй, нэгдлийн мал маллаж явсан хүн гэдэг.

 -Та ямар уяачтай ойр дотно явав?

- Мажигсүрэн өвгөн байна. Хүү нь манай аавын төрсөн дүүгийн охинтой суусан юм. Өвгөн бид хоёр нилээн ойр дотно. Одоо ч би морь айрагдвал багшдаа очно л доо. Багшаа гэж бодож явдаг юм. Заримдаа хоёулаа үеийн юм шиг хууч хөөрнө. Манай өвгөн хуучны Асгатын хурдны  талаар сайн ярина даа.

    Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Урилгыг маань хүлээн авч ярилцсанд баярлалаа. Морь уях төрийн хэрэгт нь амжилт хүсье. 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна