Аймгийн Алдарт уяач Г.Лхагвасүрэн: Хүрэн морь 27-той Уянгад дөрвөөр давхиж зодог тайлахад шаазгай хүрэн залган хурдалсан

Сэтгүүлч
6-р сарын 26 -нд

Өлзийт VII багийн харьяат, аймгийн Алдарт уяач Гаадагийн Лхагвасүрэн нь 1975 онд Уянга сумын хүн эмнэлэгт төржээ. Тэрээр Хөдөлмөрийн алдар алтан медаль, Уянга сумын 80 жилийн ой, “Арвагар хээр” МСУХ-ны 10 жилийн ой, ММСУХ-ны 20 жилийн ойн тус тус медальтай.  

-“Би гурав дахь үеийн уяач юм аа” гэсэн. Тэгвэл дээдчүүлийнхээ амжилтаас яриагаа эхлэх үү?

-Буурал аав Дамдины Лодой гэж Сайн ноён хан Намсрангийн торгон агтыг малладаг, адуучин хүн явлаа. Унаж явсан болон бусдад зарсан морь нь бүгд л хурдалдаг байдаг. Өөрөө морь уяхгүй л дээ. Гэхдээ мундаг уургач нэгэн явсан тухай мэдэх улс ярьдаг юм. Сайн ноёны уургач Лодой гэж тонгойгоод уурга шидэхэд нь морины хондлой дээр хоёр дөрөө нь дан хийж дуугардаг. Эрүү нь мориныхоо шилэнд хүрэн тонгойж уурга хаядаг байсан гэсэн. “Монголын эгшиглэнт” гэж кинон дээр хар шаазгай морьтой шарга морь уургалж буй хэсгээс дүр зураг нь хальтхан гараад өнгөрдөг. Даанч үүнээс илүү мэдэхгүй юм аа. Харин миний аав бол Лодойн ганц хүү Гаадаг гэж байгаа юм. Уг нь эцэг эхээс хоёул ч дүү Цэрэнтогтох гэдэг нь өөд болсон. Буурал аав манай аавд нэг хүрэн гүү авч өгсөн юм гэнэ лээ. Түүнээс гарсан хүрэн унагыг даага болгож уяад, олон ч наадамд уралдуулсан байдаг. Наадам ховор тэр цагт сумандаа 11 түрүүлж, тав айрагдан, хоёр аман хүзүүдсэн баримт байдаг юм билээ. 24 нас хүртэл нь уяад, тэр жилээ Тарагтын наадамд “Зодог тайлчихъя даа” гээд аваад очтол түрүүлчихсэн. Ингээд нэгэнт түрүүлсэн хойно яах билээ, зодог тайлуулахгүй буцаж л дээ. Тэгсэн Тарагтын нэгдлийн дарга Сэргэлэн гэдэг хүн “За, Гаадаг гуай та хойтон морио сайн уяад ирээрэй. Манайх аймагт уралдах морьтой шүү” гэж л дээ. Яах вэ, настай хүнийг хөгшин морьтойгоор ирж чадахгүй гэж бодоод ам асуусан нь тэр. 24-тэй хөгшин морийг дийлэхгүйдээ шаралхсандаа хэрэг. Одоо энэ Цэрэнжигмэд, Наалуусүрэн нарын нутгийн хэдэн уяачтайгаа морьдоо хөтлөөд, Асгатын Хар овоондоо гэртээ ирсэн байна. Гэтэл адуун дотроос нь эр шаазгай унага гарчихсан зогсож байхыг Наалуусүрэн гэдэг хүн их л анхааралтай ахин дахин тойрч үзжээ. Тэгээд “Хөгшин морины зодгон дээр гарсан унага хурдан байх. Бүгдээрээ Гаапуу гэдэг нэр өгье” гэсэн байдаг. Ингээд хүрэн морь 27-той Уянгад дөрвөөр давхиж зодог тайлахад шаазгай хүрэнд зодгийг нь шилжүүлсэн. Тэр цагаас Уянгад Гаадагийн Гаапуу олонд нэр гарч олон ч айраг, түрүүгээр хурдалсан түүхтэй. Биднийг багад аавыг минь их баярлуулсан хурдан хүлэг дээ. Аав 1960-аад оны сүүлээс 1980-ээд оны эхэн үе хүртэл 20 гаруй жил хоёр унаган мориороо наадсан хүн.

-Та бол аавынхаа уясан морьдыг унах уу?

-Би таван эгч, хоёр ахтай айлын бага хүү л дээ. Аавын уясан морьдыг ах нар л унаж хурдлуулдаг байлаа. Намайг 17-тойд аав минь бурхан болсон. Ямартаа ч уяаны эрдмээс нь бага сага сурсан юмтай л үлдэж билээ.

-Та хэзээнээс морь уяж эхэлсэн юм бэ?

-Улмаар адуунд дуртай сэтгэлдээ хөтлөгдөн зүүн аймаг руу явж Монгол улсын Алдарт уяач Жамбалшануу, Түмэнцогтын аймгийн Алдарт уяач Амараа, мөн Цогтоо гэж  залуугаас хурдан адуу авчирсан нь сайн хурдалсан шүү. Би тэргүүн Ганбаатар гэдэг залууд хурдан шарга азаргаа зарсан. Тэр Өвөрхангай, Баянхонгор аймгийн бүсийн уралдаанууд, сумын ойрхи наадмуудад 30 гаруй айраг, түрүү хийсэн байдаг. Миний уяан дээрээс мордож улсын бүсэд Ганбаатарын нэр дээр уралдаж түрүүлсэн нь хамгийн том амжилт нь байгаа юм. Түүнчлэн Төмөрчөдөрийн Нарантогтох гэж хуурай дүүдээ Хуурай хээр гэж сайн үрээ авчирч өгсөн нь олон түрүүлсээн. Мөн Лувсандаваагийн Оргой гэж  залууд буурал үрээ авчирсан нь хурдан байсан. Одоо бол унаган адуунаас маань хурдалж эхэлсэн. Баттөрийн цавьдар үрээ, “зузаан” Бор гэдэг хүнд зарсан хээр гүүний унага, Баяраа найздаа бэлгэнд өгсөн хул гүүний унага сайн давхиж байна. Төв аймагт Шануу гэдэг айлынхны унаган хурдан шарга үрээ, Жижигхэн хэмээх нэртэй шарга үрээ уралдаж гайгүй амжилттай байна. Яах вэ, нутаг орондоо зөв хэдэн адуу тараачихсан юм болов уу гэж боддог шүү. Ахынх нь амжилт нэг иймэрхүү.

-Ингэхэд нөгөө 24-тэй морь дараа жил нь Тарагтад очсон уу?

-Үгүй ээ. Нутагтаа очиход гадна нь эр шаазгай унага гарчихсан байна гэдэг үнэхээр сайхан бэлгэшээлтэй хэрэг шүү дээ. Гаапуу гэдэг чинь хамуур, малтуур гэсэн үг. Тэр утгаараа хавийн наадмын айраг түрүүг хамсан даа. Уянга сум, Өвөрхангайн хойд биедээ ёстой алдартай хүлэг байлаа.


-Хүрэн морь хэд хүрсэн юм бэ?

-27-той морь Уянга сумынхаа наадамд уралдаад дөрвөөр давхиж зодог тайлсан. Зодгоо шилжүүлэхдээ гарчихсан унагат гурван жил хадгийг нь шилжүүлсэн юм билээ. Тэр зодгийг хүлээж авсан унага болох Гаапуу шаазгай морь хангайн бүсийн хэдэн сумандаа алдартай хүлэг. Хөөрхий ээж маань 11 сард өвөл нь өнгөрөөд, аав хэдэн өнчин хүүхэдтэйгээ хоцорсон. Харин хойтон жилийн нь зун манай алаг морь хавчиг насандаа Уянгад анх түрүүлж билээ. Яваандаа хорвоогийн жамаар хүлэг, аав хоёр маань өтөлсөн дөө, хөөрхий. Хөвсгөл аймгийн Сандагдорж гэсэн байх аа, нэг яруу найрагч аавын минь тэр хурдан адуунд “Эргэмэл алагийн дууль” гэж найраглал шахуу юм бичсэн нь бий. Хэдийгээр би сургууль соёлоор явж, эрдэм номд шимтээгүй ч аавынхаа алаг моринд зориулж дууны шүлэг бас бичиж байлаа. Дуу ч болоогүй л дээ. Гэхдээ энэ удаад “Тод магнай” сэтгүүлд маань хэвлэгдээд гарчихвал түүх юм даа.  

Гангын наранд нь хагсартал сойгдсон

Газрын холд нь шувуу шиг дүүлсэн

Ганцаардах сэтгэлд нь баяр авчирсан

Гаапуу шаазгай минь хурдан хүлэг ээ

Гүн хэлбэртэй хүлэг минь, хүлэг минь

Гүйж цуцдаггүй ажнай минь, ажнай минь

Дөрвөн хөлдөө сүүн цагаантай

Түвшин зоондоо айраг мялаалгатай

Тэнүүн магнайдаа хадган чимэгтэй

Тэнгэр заяатай хурдан хүлэг ээ

Сууж сульддаггүй хүлэг минь, хүлэг минь

Сунаж хурдалдаг ажнай минь, ажнай минь

Уянга нутгийн минь хурдан хүлэг ээ

Ухаант аавын минь унаган адуу

Уяач бүгдийн сэтгэлд хоногшсон

Унаган цагийн босоо ажнай

Гарч цойлдог хүлэг минь, хүлэг минь

Дүүлж ирдэг ажнай минь, ажнай минь. Ээжийг  өнгөрсний дараа зун суманд түрүүлж ирснийг нь бодоод “Ганцаардах сэтгэлд нь баяр авчирсан” гэсэн юм. Аавын минь ганцаардсан сэтгэлд жаахан ч атугай баяр баясал авчирсан болов уу гэж боддог.

-Гаапуу шаазгайн амжилтыг дарааллаар нь яриад өгөөч?

-Би чинь алаг морийг хөгширч байхад морины хүүхэд байлаа. Тийм болохоор амжилтыг нв нарийвчлан ярьж мэдэхгүй байна. Ямартаа ч цүдийсэн том гэдэстэй, дөрвөн хөл нь бөгж цагаан хээр алаг морь байлаа.

-Алаг морь ямар удам угшилтай юм бэ?

-Их түүхтэй. Удмыг нь ярихаар Уянга сумын цээжин биений адуу гэж яригдах болно. Хайрхандулааны Пургил гэж хүн байсан юм гэнэ лээ. Тэр хүний адуунаас гурван хүрэн үрээ манай Уянга азарга тавихаар зарагдсан байдаг. Үүнээс нэг хүрэн үрээ нь Гаапуугийн эцэг. Хоёр дахь хүрэн азарганы төл аймгийн Алдарт уяач Амгаабазарын хурдан хонгор морь гэж бий. Дундаа үедээ мундаг хурдалсан адуу байгаа юм. Харин гурав дахь нь бол хүрэн азарга Шатарын Болоож гэдэг хүний дүү Батцэрэнгийн сарт морь. Энэ гурван адуу хүрэн зүстэй ах дүү гурван азарганы төл гэж ярьдаг юм билээ. 1970 хэдэн оны сүүлээс 2000 оны дунд үе хүртэл уралдсан адуунууд байх шүү. Манай аавын Гаапуу алаг морь Хайрхандулаан, Хан хөгшин угшилтай хүрэн азарганы төл. Эх нь энэ нутгийн унага байх. Тэр үед юу гэж зүүн аймаг руу явж адуу авчрав гэж.

-Хүрэн азарганы эхний төл нь танай алаг морь юм уу?

-Том хүрэн азарганаас Гаапуу гэж мундаг алаг морь гарсан. Энэ  алагийг ид хурдалж байхад Тал хээр гэж үрээ бас хурдан байлаа. Мөн л манай хүрэн азарганы төл. Хул гүүний Том хүрэн, Бага хүрэн, зээрд гээд хурдан адуунууд гарсан. Тэгж байтал тэрэгний шаазгай, хар шаазгай, Гаапуу шаазгай, уургын шаазгай, Тод шаазгай, Сул цагаан шаазгай гээд найман шаазгай морь нэг эхээс гарсан. Алийг нь ч хаана ч уясан давхидаг. Эднээс хамгийн хурдан нь Гаапуу байсан юм гэнэ лээ.

-Аавд тань хүрэн азарга ямар тохиолдлоор ирсэн байдаг юм бол?

-Манай аав Даруу зан гэдэг газар заводын сүү авдаг байлаа. Дээр үед чинь хүн бүхэн ажилтай сайхан үе байлаа шүү дээ. Хүмүүс орой адуугаа бөөгнүүлж, унаа морио солиод гаргадаг байж. Тэгсэн нэг орой аавын аав Лодой гэж 70 гарчихсан өвгөн Бүрдийн Улаан туг бригадаас унаа, хөтөлгөө хоёр морьтой давхиад ирсэн гэдэг. Тэгээд хамт адуу бөөгнүүлж өгчихөөд аавд “Эндээс аав нь хүүдээ ганц үрээ харлаа. Үүгээр азарга тавь” гэж бөгтөр зоотой, чанга арьстай жижигхэн хүрэн үрээг заажээ. Аав ч хэлсэн ёсоор нь авч азарга тавьсан түүхтэй.

-Хүрэн азаргыг уяж байсан юм болов уу?

-Аашийг нь дийлээгүй. Их ааш муутай, догшин адуу байсан юм гэнэ лээ.

-Өвөө тань сайн уургач байсан гэлээ. Аав тань адуунд сайн байв уу?

-60 хүрчихсэн өвгөн зайдан гүүн дээр уургаа тулаад морддог. Унасан гүү нь ухасхийхэд ер ойчдоггүй байж билээ. Мундаг л даа. Уяачийн хувьд би аавыгаа мэдрэмжтэй хүн байсан байх гэж боддог юм. Учир нь Бат-Өлзий сумаас “хааяа” Ганболд гэдэг хүн бор азарга уначихсан, наймаа хийх гээд айл сураад манайд ирсэн байж. Тэгсэн аав өнөө хүний унаж явсан нусгай бор азарган үрээг  “Авъя” гэж хоргоогоод, цаад хүн нь заралгүй явсан. 1993 онд байна уу даа. Дараахан нь “хааяа” Ганболдын бор гэж мундаг хурдан азарга болсон. Тухайн үедээ “Уянгын Гаадаг гэдэг өвгөн их хоргоолоо” гэж ярьж л дээ. Тэгсэн  Дондогширчин гуай нарын хашир өвгөчүүл “Цаад өвгөн чинь морь таньдаг хүн байгаа юм” гэснээр уясан юм билээ. Түүнээс өмнө манай сумын Ганбаатар гэдэг хүнд Олон тамгат гэж хурдан хээр морь байсан. 1989 онд байх аа, оныг нь сайн санахгүй байна. Ганбаатарт “Хоёр хээр үрээгээ сольчихъё” гэхэд нь өнөөх нь солиогүй. Догь өвгөнийг юм асуухаар “Энэ хэрэг болоод ингэж байгаа” гэж ойлгосон байгаа юм. Тэр Ганбаатарын хээр ч сайн давхисан. Энэ мэтээс харахад аав минь адуу таньдаг хүн байлаа.  Бас адуунд эрэмгий. Хэрвээ амьд сэрүүн байсан бол цолонд хүрсэн уяач байх биз ээ.

-Таны хоёр ах морь уядаг уу?

-Би л уяж байна. 1995 онд аав минь өнгөрч, тэр жил Зүүнбаян-Улаанд хар соёолон, хүрэн үрээ хоёртой очоод хар соёолонгоо наймаар, хүрэн хязаалангаа 17-гоор давхиулсан. Ирээд Уянгад хараа зургаа, хүрэнгээ нэлээн хойгуур давхиуллаа. Гэхдээ жижиг овооны тахилга, сургуулийн баяр, айлын хүүхдийн үсний баяраар бол айраг түрүүтэй л наадаад байсан. Надад таарсан хамгийн сайн адуу бол шарга үрээ минь байгаа юм. Монгол улсын Алдарт уяач Жамбалшануу гэдэг хүнээс авчирсан. Надаас арагдсанаасаа хойш миний уяан дээрээс улсын бүсийн уралдаанд нэг түрүүлж, уяанаас явснаасаа хойш улсын бүсэд дахиад түрүүлсэн. Өвөрхангайд өнөөдрийн хувьд Засгийн газрын тогтоолтой уралдаанд хоёр түрүүлсэн адуу байхгүй байх аа. Би чинь бас Чимэддагвад өгсөн хээр үрээгээ өөрөө уядаг байлаа. Сум орон нутагтаа түрүүлж, айрагдчихдаг, бага сага наадамд овоо хэд орсоон. Нарантогтохын хурдан хээр үрээ гэдгийг хязаалан, соёолон уяж амжилттай давхиулсан. Ах нь нийт 30-аад жил адууны сүүл боолоо доо. Харин ах нарын хувьд сургууль соёлоор яваад хөндийрсөн. Том ах маань одоо байхгүй ээ. Бурхан болсон. Дунд ах Бямбадорж адуунд сонирхолтой ч ажил төрөл нь тэр бүр амждаггүй бололтой юм билээ.

-Хэдэн онд аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн юм бэ?

-2018 онд цолоо авч байлаа. Баянхонгорын хоёр бүс, Өвөрхангайн хоёр бүс, тэгээд улсын бүсэд морь түрүүлгэсэн амжилтаараа аймгийн цол хүртсэн. Өмнө нь сумын Алдарт уяачийг 60 гаруй айраг, түрүүгээр 2013 онд авсан байна уу даа. Түүнээс хойш айраг, түрүүгээ тоолсонгүй. Жил алдахгүй цагаан юм амсчихаад л байдаг юм. Ноднин Төв аймгийн Борнуурт очоод шарга үрээгээ айрагдуулсан. Энэ жилийн тухайд юуг нь нуух вэ, уяаг нь давуулчихлаа. Том санаж улсын наадамд шарга үрээгээ уралдуулаад 84-т ирлээ. Их морь 130 гаргасан.


-Төрийн наадам ямар санагдав?

-Сайхан юм билээ. Зохион байгуулалт бол ярих юмгүй. Ямартаа ч төрийнхөө наадамд очоод морь, хүүхэд эсэн мэнд сайхан наадаад ирсээн. Төрийн наадамд морь уралдуулна гэдэг төрийн  хэрэгт оролцож байгаатай агаар нэг гэдэг. Гэхдээ эрлийз адуу гэж нэг хэцүү юм байх юм аа. Уул нь ялгаад уралдуулчихна гэх юм. Тэгээд ялгаад байна уу гэхээр маниусынхыг уралдуулахгүй байх юм билээ. Үүнээс өмнө аварга шаргыгаа ид хурдан байхад нэг очиж үзсэн. Нэг см өндөр байна гээд хасчихсан. Тэр жил Тэмүүлэнгийн халтар азарга түрүүлж байлаа шүү дээ.

-Дөрөв дэх үеийн уяачид бэлтгэгдэж байна уу?

-Би гурван охин, нэг хүүтэй. Бага охин энэ жил ХААИС-ийн адуу судлаачийн ангийг дүүргэнэ. Адуу судлаач болж байгаа юм. Миний охин чинь тавтайгаасаа л хурдан морь унаж, 200 гаруй айраг, түрүүг авчирсан байдаг. Өвөрхангай аймгийн Шилдэг уралдаанчаар хоёр ч удаа тодорхойлсон. Өвөрхангай аймгийн 80 жилийн ойд “зузаан” Борын бүүдэн морийг унаж холхон түрүүлгэж байлаа. Охин хүүхэд ч гэсэн адуунд их дуртай. Харин хүү маань таван настай. Энэ жил хүний газар хэнийгээ унуулна гэж гуйх уу, хүүгээрээ унуулсан. Чадаж байна лээ. Нэг жижиг наадамд түрүүгээр давхиад ирсэн.

-Та чинь төвийн уяанд суралцаж байгаа юм байна шүү дээ.

-Төв уяанд суралцаж л байна. Нарийндаа би адуу гэдгийг бүрэн судлах санаатай охиноо энэ чиглэлд сургасан хүн. Тэгэхгүй бол даралтны эм хүн бүхэнд таардаггүй шиг адуу бүрийн биеийн онцлог гэж байна.

-Асуулт маань энд хүрээд жаргаж байна. Ярилцлагаа таны хамгийн баяр бахдал дүүрэн наадмын дурсамжаар өндөрлөх үү?

-Жаргалантад болсоэ ТААЦ-ын 10 жилийн ойд зургаан адуу портерт ачаад очсон юм. Тэнд Пүрэвбаатар гэдэг хүний Хөхөөгийн хар азаргыг дөрвөөр, Нарантогтох дүүгийн хээр соёолон, өөрийнхөө шарга хязаалан хоёрыг түрүүлгээд, бор шүдлэн дөрвөөр, Даваасүрэнгийн Банди гэдэг дүүгийн зээрд даагыг түрүүлгэж, Дашзэвэг найзынхаа хонгор үрээг наймаар давхиулсан. Зургаан адуутай очиж нэгийг нь мултлаад, тавыг нь айрагдуулж, түрүүлгэчихэв ээ дээ. Тэгсэн Хайрхандулааны Баагий гэж миний хуурай дүү “Ах сайн наадаж” гэхээр нь би жаахан сэтгэл дундуур “Энэ хонгор халзан үрээ орсонгүй” л гэж үнэнээ хэллээ. Өнөөх маань “Лхагваа ах минь бид Хайрхандулаанаас зургаан портер адуутай ирлээ. Нэг л адуу орлоо. Тэгэхэд та зургаан адуутай ирж нэгийг нь мулталчихаад гаслаад байх юм. Тан шиг сайхан хүн энд алга” гэж билээ. Битүүхэн чамлалттай санагдаад байтал энэ үг тэр дор нь сэтгэл сэргээсэн. Яах аргагүй гоё санагдаж билээ. За тэгээд ах нь улсын бүсэд морь түрүүлгэж үзлээ. Өөрөөр хэлбэл, Өвөрхангайн Уянга сумаасаа хамгийн анх Засгийн газрын тогтоолтой наадамд морь түрүүлгэсэн хүн болсон.

-Хэдэн онд билээ?

-Өвөрхангай аймагт 2013 бил үү, 2015 онд хаврын бүсийн уралдаан Дүнжингаравтай давхцаж боллоо шүү дээ. Шарга адуу хоёр жил өнжөөд, дахиад улсын бүсэд түрүүлэхэд нь уяан дээрээс минь мордоогүй ч авчирсан адуу түрүүллээ гээд их баярласан. Найз нөхдийн маань морь түрүүлэх ч бидэнд баяртай санагддаг.

-Ийм баяр бахдалт наадам олон байх болтугай. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.

П.Ундраа

 

 

 

 

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.