С.Амартайван: Намайг хүлгийн ертөнц мэддэг, шүлгийн ертөнц таньдаг, хүний ертөнц мэдэрдэг

Сэтгүүлч
9-р сарын 26 -нд

...Мандах наран зүг нутаг минь байдаг

Маргах юмгүй тэнд дулаахан байдаг

Мал нь тогтуухан хүн нь аядуухан

Мандах наран зүг нутаг минь байдаг...

Бараг л анхны маань хичээнгүйлэн сурсан нийтийн дуу. Одоогоос хэдэн жилийн өмнө “Тод магнай” сэтгүүлийн тусгай дугаарт Сүхбаатарын хийморилог уяачид халуун бүлээрээ саатсан юм. Их олон уяачийн амттай ярианы ард гарах гэж хэдэн ч өдөр компьютерийн ард сууснаа одоо санахгүй нь. Тэгэхдээ энэ дуутай анх “танилцаж” урт өдрүүдийг төвөггүй барж билээ.

Тэгвэл энэ дуу Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул, Монголын зохиолчдын эвлэлийн болон “Морин хуур” наадмын тэргүүн шагналт, яруу найрагч, сэтгүүлч Сумьяагийн Амартайваны уран бүтээл байлаа.


Харин энэ удаад  хайртай дууны маань эзэн эчнээ танил “Морьтны тэнгэр” номын нээлтээ “Интер ном" их дэлгүүрт зохион байгуулах нь тэр. Уг номын нээлтэнд МЗЭ-ийн тэргүүн, МУСГЗ До.Цэнджав, зохиолч, судлаач, МУСГЗ Д.Цогт-очир, яруу найрагч, сэтгүүлч, МУСГЗ Ай.Төмөр-Очир, Н.Лутбаяр, Монгол улсын Тод манлай уяач, улсын начин Ц.Дуламсүрэн нарын урлаг соёлын алдартнууд ирсэн байх аж.

Энэ удаад түүний шинэ номын тухай ирсэн зочид шагших агаад болоогүй бас түүх сөхнө. Чих дэлдийлгэн сонсох аваас С.Амартайван 2002 онд “Чоно голын унага” шүлгийн анхны номоо хэвлүүлж байж. Тухайн үедээ “Сүхбаатарын зам” сонины эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд “Морин хуур 2004” наадмаас хөгжмийн зохиолч Л.Энхтайваны аялгуу “Олонтой явсан аав” дуу нь тэргүүн байр хүртсэн гэнэ. Түүнчлэн яруу найрагчийн “Олонтой явсан аав”, “Наран мандах нутаг”, “Ай Сэлэнгэ минь”, “Арвагар хээр”, “Шүтээн аав”, “Түмэн нутаг”, “Орчлонд ганцхан ээж минь” шүлгүүд нь дуу болж, он цаг улирах ч өчигдөрийн мэт аманд хүлхэгдсэн хэвээр байгаа ажээ.

Эндээс харахад С.Амартайван найрагч “амаргүй” нэгэн бололтой... Түүний ийм нэгэн номын нээлт өнгөрсөн тавдугаар сард болсон нь энэ байлаа.

Харин өнөөдөр тэр өдрөөс хойш хоёр сар өнгөрч байгаа ч “Морьтны тэнгэр” номын тухай яриа хав халуунаараа л байх аж. Тиймдээ ч баяр наадмын өдрүүдээр Хүйн долоон худгийн дэнжээр буудалласан уяачдын зарим нэг гэрт уг номон дахь шүлгүүдээс уншихтай бас бус таараад авсан юм.

Бид явган улсаас арай илүү сэтгэдэг, илүү холыг хардаг

...Үүл сундалсан уул нуруудыг

Өдтэй юм шиг даваад гардаг

Үерлэж цалгисан мөрөн голыг

Сэлүүртэй юм шиг гатлаад ирдэг

Аян дайны замыг эзэнтэйгээ туулахад эцээгүй

Алтан туурайт хүлэг минь

Эрхт төрийн эрдэнэ билээ...  “Морьтны тэнгэр” номоос

Энэ номонд түүний 10 гаруй жилийн хугацаанд бичиж туурвисан бүтээлүүд багтжээ. Өөрөөр хэлбэл их ажлынхаа хажуугаар онгод хөглөсөн сэтгэлийн дуудлага ийнхүү шүлэгт “амилсан” байх аж.

Энэ тухайгаа “Бид нар морьтойгоо болохоор монгол төр, монгол хүн хийморьтой яваа юм. Бид явган улсаас арай илүү сэтгэдэг, арай илүү холыг хардаг. Тэгээд ч морьтны тэнгэр өөдөө байдаг” хэмээн дэлгэрүүлсэн билээ. Энэчлэн уг номонд морины тухай шүлгүүд 30-40 хувийг нь эзэлнэ.

Тодруулбал эдгээр шүлгүүд “Морьтны тэнгэр” бүлэгт багтах бол “Монголын тэнгэр”, “Хайрын тэнгэр” хоёр бүлэгт нутгаа магтсан, санагалзсан шүлгүүд, энэ хорвоод хүсч хайрлаж явдаг найрагчийн нандин бүхэн багтжээ. Номын өөр нэг онцлог нь монгол бичиг, хадмалыг хамтатгаж хоёр бичгээр хэвлүүлжээ.

Тиймдээ ч номын нээлтийг Сүхбаатар аймагтаа болон ӨМӨЗО-ны Хөххот, Шилийн гол аймгийн Шилийн хотод тус тус хийсэн юм.

Бурхан яруу найрагчид хамгийн гэгээн бодол, гэгээн авьяасыг өгсөн

Бидний наадмын өмнөхөн өрнүүлсэн яриа. Зочин маань Казахстаны нийслэл Астана одоогийн Нур-Султанд болсон Евро-Азийн зохиолчдын чуулганд оролцоод ирсэн сониныг дуулгаснаар бидний яриа эхэлсэн юм.


Казахстаны зохиолчдын холбоо, Нур-Султан хотын зохиолчдын холбоотой хамтран зохион байгуулдаг энэ чуулганд дэлхийн 20 гаруй орноос уран бүтээлчид ирсэн аж. Холын хүнээс үг дуул гэдэг дээ. Явсан газрын сонин сайхныг сонирхвол “Хүн төрөлхтний өмнө яруу найрагчид хамгийн их үүрэгтэй. Учир нь бурхан тэнгэр яруу найрагчид хамгийн гэгээн бодол, гэгээн авьяасыг өгсөн. Тэгээд үүгээрээ дамжуулан хүн төрөлхтнийг соён гэгээрүүлэх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг дэлхийн яруу найрагчид биелүүлсээр ирсэн. Цаашид ч энэ үүргээ илүү сайн биелүүлэх хэрэгтэй” гэсэн утга бүхий хэлэлцүүлэг боллоо. Ер нь Казахстан улс утга зохиолынхоо салбартаа их анхаардаг юм байна. Биднийг очсоны дараахан манай “Болор цом”, “Алтан өд” шиг  тэмцээнийхээ яруу найраг, өгүүллэг туужийн төрөлд шалгарсан хүмүүсээ шагнаж урамшуулж байна. Энэ шилдгүүдээ тодруулахын тулд сошлаар бүх бүтээлүүдийг нь хэлэлцүүлээд, уншигчдын саналыг авна. Мэдээж бас мэргэжлийн хүмүүс 30 хувийн саналыг өгдөг. Тэгээд нийлбэр оноогоор түрүүлсэн эхний 10 хүнд дундажаар 3000 долларын мөнгөн шагналыг олгох юм. Энэ зуур монголынхоо яруу найраг, утга зохиолоор бахархаж л явлаа. Эцэг өвгөдөөс маань яруу найргийн охь болсон олон бүтээлийг бидэнд өвлүүлэн үлдээсэн байна. “Хүрэн морь” найраглалын Лхагвасүрэн гуай, “Би хаана төрөө вэ”-гийн Явуухулан гуай ч гэдэг юм уу. Бидний бурхад болсон сайхан уран бүтээлчдийн бүтээлийн хүчинд мань мэт нь  хэдэн үг тэрлэж дараагийнхандаа хэрэг болох юм хийх сэн гэсэн хүсэл, тэмүүллийг өвөрлөж явна. Энэ арга хэмжээний үеэр хоёр ч шүлгээ бас уншаад амжсан. Сайхан л байлаа” хэмээн сонирхууллаа.

Энд С.Амартайван найрагч “Бороо гуйх шүлэг”, “Оспаны цагаан морь” шүлгээ уншжээ.

Оюутан цагтаа өөрийгөө тоосон анхны шүлгээ бичсэн

Олон жилийн өмнө сурагч хүү тэмдэглэл хөтөлж, мөр холбож явсан  нь өнөөдрийн эхлэл байлаа.  Тэр дундаа дөрөвдүгээр ангийн сурагч байхдаа хаврын амралтнаараа айлаас “Монголын шилдэг яруу найраг” нэртэй ногоон хатуу хавтастай, зузаан номыг олж авчээ. Тэгээд өнөөхөө орсон ч гарсан ч зав чөлөө л гарвал уншсаар бараг дуусгасан аж. Энэ  ном бяцхан хүүг хөглөж, цээжний мухарт “тийчлэн” байсан шүлэг бичих чин сэтгэлийг нь өдөөсөн хэрэг болсон гэлтэй. Тэндээс л “Хүрэн морь “найраглалыг бахдан уншиж, шүлэг нь багтсан томчуулын овог нэр намтар түүхийг нэг бүрчлэн ихэд хичээнгүйлэн цээжилж явсан гэх. Түүнээс хойш хүүг номгүйгээр төсөөлөх аргагүй болсон гэнэ.  Харин дунд сургуулиа төгсөөд Орост сурсан он жилүүдэд “Анна Каренина”, “Дөлгөөн дон”-ыг эх хэл дээр нь шимтэн уншиж, тэдний яруу найрагчдын бүтээлийг илүүтэй сонирхох болжээ.  Ингэж Нисэхийн сургуульд /Тэрээр Цэргийн нисэх хүчний сургууль төгссөн нисэхийн офицер хүн/ сурч байхдаа тэр нэгэн хаварт “уруу татагдан” хаврын тухай шүлэг бичсэн нь өөрийгөө тоосон анхны шүлгүүдийн нэг байв.  Дараа нь сургуулиа төгсөж ирээд Улаан-Үд сонины эрхлэгч, дэслэгч Элбэгдорж, дэслэгч Амартайван, Улсын тэргүүний жолооч ахлагч Хонгорзулын Бадамсүрэн, сургуулийн захирал ахмад Гомбосүрэн, ахмад Цогтсугар нарын яруу найргийн хорхойтон офицерууд баасан гараг бүрийн үдээс хойхно цугладаг байсан гэдэг юм билээ. Их сургуулийн энэ дугуйланд нэг жил яваад хөдөө явжээ. Харин тэр нэгэн өдөр аз тохиож, нутагтаа очоод, сумаас аймгийн төв дээр Сүхбаатар аймгийн хүүхдийн нэрт зохиолч Н.Доржцэрэнгийнд Данзангийн Нямсүрэнтэй танилцах сайхан завшаан тохиожээ. Буурал зохиолчийнд зочид тасрахгүй бөгөөд шүлэг найргийн амтанд шимтсэн улс нэг цугласан бол тийм ч амархан тарчихна гэж байхгүй. Энэ ч  бас сургалт байж таарчээ. Дараа нь зүүн бүсийн яруу найргийнхантай ханьсах болж, хамтдаа тэмцээн уралдаан зохион явуулна. Ингэж явсаар нэг л мэдэхэд тэмдэглэлийн дэвтэртээ нэлээд шүлэгтэй болж амжсан байв. Болоогүй шүлгүүд нь түрүүчээсээ дуу болж, “Морин хуур” наадмаас тэргүүн байрыг хүртлээ. /“Олонтой явсан аав”-аас хойш 40-өөд дуутай болжээ/

Энэ тухайгаа хожим нь “Уншсан шүлэг минь дуу болоод нэг түрүүлсэн, унаган адуу маань хүлэг болоод улсад нэг түрүүлсэн. Тийм учраас хүлгийн ертөнц намайг мэддэг, шүлгийн ертөнц намайг таньдаг, хүний ертөнц намайг мэддэг” хэмээн маадарна. Цааш нь “Тэнгэрлиг сайхан монгол оронд энэ сайхан ард түмний хүү болж төрөөд шүлэг бичиж, хурдан хүлэг уяж явна гэдэг дээдийн аз жаргал. Хүн заавал алтан ордонд суухад юм уу, хаан султан болоход аз жаргалтай байдаг юм биш. Өөрийнхөөрөө уйлж дуулж, хөөрөн баясч, өөрөөрөө амьдрах шиг сайхан юм байхгүй” болохыг сэтгэл догдлон хүүрнэнэ. 


Шүлэг бүр нас насанд өөр, өөрийн өнгөтэй ирдэг

Энэ “баян” эрхэм  энэ ондоо багтаан бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөсөн сониныг дуулгана билээ.

Тэр цагт мориныхон сонсох дуртай “Адуучны уяа”-гаа

...Анх л намайг мэдээ орохын цагаас

Аавын минь гэр дүүрэн хүнтэй байсан

Алс зайдуу отрын нутагт явлаа ч

Адуучны уяа морины даллагатай болохыг, харин хүүхнүүд 

...Бүсгүй минь чи дарс юм

Чи бол ув улаахан дарс юм

Ууж ханахгүй дарс юм

Чи бол дарс юм

Чи бол хорин жил иссэн дарс юм

Чи бол дарс л юм

Чи ертөнцийн бүх алтыг ухаад төлж дийлэхгүй ханштай дарс юм

Чи ер бусын жороор зөвхөн надад зориулж нэрсэн дарс юм

Чи бол дарс юм

Чи уруулд хүрмэгц л ухаан согтоох

Увидаст нэгэн дарс юм

Чи дарс юм аа ...

Согтоно гэдгээ мэдсээр байж чамруу тэмүүлсэн солиотой муу архичин юм аа би...

гэх шүлгийг нь “оригоор” сонсох сайхан завшаан таарах нь бололтой. Найрагч маань ч сүүлийн үед шүлгүүдээ сэргээн цаг гарган цээжлээд, бэлтгэлдээ орсон гэнэ билээ.

Түүнийхээр шүлэг бүр нас насанд өөр өөрийн өнгөтэй ирдэг гэнэ. Залуу цагийн шүлгүүд эгээ л соёолон шиг, исгэлэн дааганы давхил шиг, чавхны чулуу шиг байх жишээний гэх. Бас түүнийхээр хүн бүр өөрийн улиралтай гэнэ. Намар цаг хөнгөн гуниг тээж ирдэг болохоор энэ улиралд их олон шүлгийн ард гарчээ. Тэнгэр хямрахаар халуунаас хүйтэн рүү, хүйтнээс халуун руу шилжих үед хямардаг шүү дээ. Тэгээд магадгүй салхи шуурга дэгддэг эсвэл хур тунадас ордог. Тэрэн шиг нэгээс нөгөө рүү шилжихэд магадгүй сэтгэл эзгүйрээд, эсвэл ганцаардаад тэгээд өөрийн эрхгүй юм бичмээр санагддаг. Баярлах гомдохын хоёр туйл энгийн байгаа сэтгэлгээ, жирийн өдөр тутмын хэмнэлээсээ хэлбэлзэл рүү ороход л сэтгэлийн тэр өөрчлөлтөөс л онгод өөрийн эрхгүй ирдэг ч юм уу. Тэгж ирэхдээ сэргэлэн цовоо, сэтгэлийн ариун, бодол гэгээн байхад илүүтэй ирнэ. Тэрнээс ядарчихсан аль эсвэл хэтэрхий буртаглагдчихсан сэтгэлд ирэхгүй. Тийм учраас яруу найрагч сэтгэлийн ариун цэврийг дээд зэргээр сахих ёстой гэж боддог юм.


Тийм ээ, тэр бол Эрдэнэцагааны өвс өө

С.Амартайваны “Морьтны тэнгэр” номонд орсон “Би өвс юм” шүлэгт:

Хөх тэнгэрийн салхиар тоос хүртэж

Хөх тэнгэрийн хураас үндэс тэлж

Хан хурмастын нар өөд баясан тэмүүлсэн

Хатигины их талын өвс би

Өвгөд минь өргөн талын өвс байсан

Өнөөдөр хажууд минь налж унасан

Үр минь, үрс минь үндэс булаалдан урганам

Үүнээс илүү өвсний жаргал гэж юун

Арц хүжийн үнэр, тай тахилгын судартай

Алтан ургийн дээдэс зуун дамнан тахисан

Ахас ихэс минь нэрийг минь хэлэхээс цээрлэдэг

Авралт бүдүүн овооныхоо бэлийн өвс юм би

Элдэв бодис бордоонд энэ насандаа хордохгүй

Эрүүл газрын өвс юм би

Эм тангийн өвс юм би

Эргээд ургах өвс юм

Эрдэнэцагааны өвс юм аа.

Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Дөнгөтийн Цоодол түүний номын мялаалга үгэндээ:

“Сумьяагийн Амартайван гэж миний мэдэхийн нүдэнд дулаахан, сайхан монгол эр билээ. Хэнийд  ч ороод ирсэн гэр дүүрээд ямар ч ажил төрөл бүтэж бүрдээд явчихмаар хүн гэж байдаг даа. Тиймэрхүү л хүн. Гэхдээ бас түүнээс дутуугүй сонин хүн. Юу нь сонин юм бэ гэвэл тэр яруу найрагчийн хувьд авьяастай болохоор шүлгээ бичихгүй бол хэнд ч гэсэн хайран санагдмаар атлаа бичиж байгаа үгүй нь мэдэгдэхгүй бараа сураг тасардаг ерөнхийдөө амар тайван нь хэтэрсэн Амартайван.

Тэрбээр олон жилийн өмнө Чоно голын унага нэртэй шүлгийн түүврээ хэвлүүлсэн байх юм. Өөрөөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төв Чоно голд Егүзэр хутагтын хийдийн туурийн дээр төрсөн болохоор Чоно голын унага мөн. Харин энэ удаа “Морьтны тэнгэр” хэмээх яруу найргийн түүвэрт орох шүлгүүдээ ганзагалсаар манайд ирлээ. Найрагч маань хуучнаар Зөвлөлт холбоот улс гэж байхад “Цэргийн нисэх хүчний” сургууль төгсөж эх орныхоо цэлмэг хөх тэнгэрийг эзэгнэсэн нисэх хүчний хийморьтой албанаасаа “Адуу нутаг хоёр минь араас дуудаад байна Аав, ээж хоёр минь алсаас даллаад байна” гэж шүлэглээд нутаг усаа зорьж адуучин болсон хүн. Тэр нэгэн цагт сайн морь унаж зүүн аймгуудын нутгийг хөндлөн гулд туулж, хурдан хурц адууны сорыг цуглуулж явсан бол эдүгээ эх орон, эх дэлхийнхээ өнцөг булан бүрт хүрч бичсэн шүлгээрээ та биднийг олон газраар дагуулж олон хүнтэй учруулж байна. Энэ номын шигтгээ нь хүн төрөлхтөний баяр баясгалан яруу найргийн мөнхийн сэдэв болсон хайр дурлалын шүлгүүд болно. Ингээд амгайн чимээтэй, амьдралын үнэтэй туурвигч дүүдээ уран бүтээлийн улам их олз омогтой аз жаргал дүүрэн явахыг ерөөж байна” хэмээснээр энэ хэсгээ өндөрлөж байна.

ЗОЧИН ТАНЫ УРАН БҮТЭЭЛИЙН ИХ АЖИЛД АМЖИЛТ ХҮСЬЕ.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна