Тод манлай уяач Д.Баяраа: Хүрэн адууны сэтэртэй дээдсийнхээ буян хишигт тэтгэгдэн тэр зүсмийн хүлгүүдээр сайхан наадаж байна

А.Тэлмэн
5-р сарын 11 -нд

Хоёр жилийн өмнө Завханчууд дөрвөн Тод манлайнхаа мялаалга наадмыг сүр дуулиантайхан хийж, тав дахь дээд цолтон удахгүй төрөх биз ээ хэмээн бэлгэ ерөөл дэвшүүлж асан. Тэгвэл өдгөө цаст Очирваанийн нутгаас долоон Тод манлай уяач мэндлээд байна.  Дээд цолтнуудын эрэмбэнд дэндүү ахар хугацаанд дэвшсэн нас залуу, цус шингэн, амжилт арвин нэгэн хүмүүнийг зочин хоймортоо урилаа. Энэ бол мэдээж Дөрвөлжин сумын уугуул Тод манлай уяач Дайдийхүүгийн Баяраа юм. Хүрэн адууны сэтэртэй дээдсийнхээ буян хишгийг хүртэгч тэрээр ийн сэтгэлээ уудалсан билээ. 

Эцэг эхийн буян хишиг, өөрийн хичээл зүтгэлийн үр дүн юм

-Гахай жилийн ууган зочноор уригдсан Завхан нутгийн хийморилог эрхмийн амгаланг айлтгая. Цаст Очирваань нутгийн уяачдын хийморь асч сүүлийн хоёрхон жилийн дотор долоо болж дэвшжээ. Танд зургаа дахь Тод манлайн үнэмлэх хадгалагдан үлдсэн байх. 

- Тийм ээ. Нэрийнхээ эхний үсгээр бичигдсэн юм болов уу би Энхболд ахынхаа өмнө нь дуудагдсан. Хоёр жилийн өмнө дөрвөн Тод манлайн мялаалга наадам хийж байсан Завханчууд минь өдгөө долоон Тод манлай уяачтай болж, улсдаа дээд цолтнуудаараа эхний гурав дотор бичигдэж байна. Өнгөрсөн жил Тосонцэнгэл сумын уугуул Т.Галбадрах ах маань Тод манлай уяач болсон бол өнөө жил Эрдэнэхайрхан сумын уугуул Б.Энхболд ах бид хоёр төрийнхөө тэргүүнээс дээд цолтны үнэмлэх, энгэрийн тэмдгээ гардаж авлаа. 
-Тод манлай уяач гэдэг бол төрийн хэрэгт оролцогч уяачдад олгодог дээд цол. Таны хувьд харьцангуй богино хугацаанд энэхүү цолны болзлыг хангасан. Энэ аз өм, буян хишиг үү, аль эсвэл хичээл зүтгэл үү?
- Эцэг эхийн буян хишиг, өөрийн хичээл зүтгэлийн үр дүн юм. Өөрөөр хэлбэл өөрийн чинь асуусан бүх зүйл тэгш цогцолсны илэрхийлэл юм. Залуу уяачийн хувьд авмал голдуу адуугаар наадсан нь үнэн. Мөн авсан болгон минь давхиж, айрагдаж, түрүүлсэн нь үнэн. Үнэлж авсан адуунаас ганц халтар морь маань л айрагдаж чадаагүй. Улс, бүсийн уралдаанд айргийн араар орчихдог байсан юм. 
-Сүхээ ахаас авдаг шарга тань бас хараахан айрагт багтаагүй байх шүү.
- Хоёр том наадамд зургаалсан. 2009 оны Очирваанийн хурд, Говь-Алтайн 70 жилийн ойн уралдаанд тус тус зургаалсан. Шарга морь миний хамгийн анхны худалдаж авсан адуу маань байгаа юм. 
-Хэдэн адуугаар наадаж дээд цолонд хүрсэн билээ? 
- Шувуухай, Ялалт, хүрэн морь, хүрэн азарга гэхчилэн найман  адуу авснаас зургаа нь улс, бүсийн чанартай уралдаанд түрүүлж, айрагдсан байдаг юм. 


-Найман жилийн хугацаанд төрийн зарлигтай наадмаас хичнээн айраг, түрүү хүртсэн бэ?
- 21 айраг, түрүү авч Монгол Улсын Тод манлай уяач цолны болзол хангасан. 
-Чанар чансааны тухайд... 
- Миний хувьд дээд нас нь илүү. Ноднин доод насны амжилт нэг дутуу байсан юм. Тэгсэн өнгөрсөн жил Шувуухайн төл бүсийн наадамд айрагдаж, болзол хангагдсан даа. Ер нь миний хувьд дээд насны болзол түрүүлээд хангагдчихдаг. Алдарт авахад ч мөн тийм байсан. 
-Ихэнх уяачид тоо нь гүйцсэн ч дээд насны морьдын амжилт дутуу гэсэн шалтгаанаар хүлээлгэнд байдаг юм билээ? 
- Бага насны адуу бол яахав нэг жилийн унаганууд өөр хоорондоо уралдаж байгаа учраас бас ч учиртай. Харин дээд насны болзол хангахад амаргүй. Яагаад гэхээр азарга, их морины уралдаанд 10 жилийн унаганууд уралддаг. Тиймээс өрсөлдөөн ширүүн. Миний хувьд аз одоор ч гэх юм уу сайн хүлгүүд таарч дээд насны болзол амархан биелсэн. Ялалт хүрэн тав, хүрэн морь дөрөв айрагдан, Шувуухай хязааландаа азарганд уралдаад нэг түрүүлж, Төв аймгийн Сэргэлэн сумаас авсан хүрэн азарга Говь-Алтайн 70 жилийн ой баруун бүсийн уралдаанд айрагдсан. Ингээд нийтдээ 11 болчихож байгаа биз. 


Уяачийн хамгийн жаргалтай үе бол хавар

- Тийм байна. Хоёр оны зааг дээр алдаа оноо, амжилт бүтээлээ цэгнэдэг нь ёс юм. Өнгөрөгч нохой жил таны хувьд ямархан болж өнгөрсөн бэ? Би хувьдаа ололтын жил байжээ хэмээн дүгнээд байгаа. 
- Нохой жил үнэхээр сайхан жил байлаа. Хүрэн морь маань Монгол Улсын чансаа өндөр их насны морьдыг тэргүүлсэн. Дүнжингаравын хурд хаврын бүсийн уралдаанд айргийн гурав, АХ-ын 97 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн дөрөв, Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ой говийн бүсийн уралдаанд айргийн тавд тус тус хурдалж, ММСУХ-ны өндөр чансаатай их насны морьдыг тэргүүлсэн.Үүнээс гадна Шувуухай хүрний төл унаган адуунууд маань улс, бүсийн уралдаанд айрагдлаа. Унаган тамгатай адуугаа улсын наадамд айрагдахыг харах мөрөөдөл минь биелсэн үнэхээр сайхан жил байлаа. Шувуухай хүрний төл зээрд хязаалан улсын наадамд аман хүзүүнд хурдалсныг та бүхэн мэдэж байгаа шүү дээ. 
-Унаган тамгатай адуу айрагдах нь уяачийн хамгийн том бахархал даг шүү? 
-Тийм, тэр тохиолдолд илүүтэй баярладаг юм байна. Уяач хүний хувьд хамгийн жаргалтай үе хэзээ байдаг гэж бодож байна. 
-Зун...
- Хавар гүү унагалах цагаар. Гүүнээс минь ямар унага гарах бол гэсэн догдлолтой аз жаргалтай өдрүүд үргэлжилдэг болохоор тэр. Би гүү унагалах үеэр адуун дээрээ очиж сар болдог юм. Өглөө бүр шинэ төлийн баярт мэдээ дуулж, өдөржин түүндээ хөглөгдөөд... сайхан шүү. 
-Төрөхөөс нь өмнө гарах унагыг нь нүдэндээ зураглачихаад байдаг юм биш үү? 
-Тэгнэ. Анх сайн адуу цуглуулж байсан бол одоо сайн адуу гаргаж авахаар зорьж байна. Төрийн наадамд түрүүлж, айрагдсан хурдан азарганууддаа  унаган гүүнүүдээ хураалгачихсан. Гарсан эр болгон нь шахуу давхиж байна. Тэгэхээр бүр илүү урамшдаг юм байна. 


-Тэр мэдээж. Чансаа өндөр их насны морьдыг тэргүүлэх нь ч бас таатай мэдрэмж биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Монгол Улсын тэргүүн эрэмбэтэй их мориор тодорно гэдэг хамгийн том шагналыг нь авч байна гэсэн үг. 
-Сүхбаатар аймгийн Дарьганга сумын адуу гэдэг байх аа.
- Тийм. Би ер нь Дарьгангаас л адуу авдаг юм байна. Анх 2010 онд нэг хүрэн морь авч, улсын наадамд арав гаргаж давхиулаад, Говь-Алтайд болсон баруун бүсийн уралдаанд бас айргийн араар оруулж байлаа. 
-Яагаад Дарьганга гэж... 
-Яагаад ч юм тэгж л таараад байж. Хамгийн анх хүрэн морио аваад, дараа нь мөн халтар морио авсан. Тэгээд сүүлд хурдан хүрэн морио авлаа. Зүүн талаас олон адуу аваагүй  ч, авсан нь дандаа Дарьгангын морьд байх юм. /инээв/


-Эхний хүрэн морь Дарьгангын хэн гэж хүний адуу юм бэ?
-Ногоон Пүүжээ гэдэг хүнийх. Соёолондоо аймгийнхаа наадамд аман хүзүүдээд, сумандаа бол 2-3 түрүүлчихсэн хурдан морь л доо. Алтан овооны бага тахилгын уралдаанд  нэг хүрэн морь хадуурч байгаад холоо түрүүлэхийг харсан юм. Тэгсэн миний цоо шинэ машин гэнэт эвдрээд нэг айл бараадсан нь нөгөө хүрэн морины эзнийх байсан. Тэгээд л наймаа хийхээр болж, хүрэн морио авч байлаа. Хөлөндөө асуудалтай байсан тул өнгөлж явсаар улсын наадамд 12,13-аар давхиж, давхар уяагаар Говь-Алтай аймгийн 70 жилийн ой баруун бүсийн наадамд очиж айргийн араар орсон. Түүний дараа 2013 онд Завханы 90 жилийн ойд бас айргийн араар орсон. Тэр хүрэн морь юм л бол гүйчих гээд байдаг, нутаг амьтай адуу байгаа юм. Хэд хэдэн удаа гүйлгэж алдаад Малхын тал өнгөрөөж барьж авсан. Тиймээс сайхан хурдан хүлэг тэгж гүйж яваад муу санаатны олз болчих вий хэмээн эмээж, 2013 оны намар нутагт нь аваачиж тавьсан. Эзнийх нь яг Алтан овооны ёроолд байдаг  юм. Тэгээд дараа нь хурдан хүрэн морио худалдаж авсан. Би үүнийг эхний хүрэн морио нутагт нь буцааж сэтгэлийг нь амраасны буян гэж боддог. 


Хүрэн морь Онгонд уралдаагүй  бол “Их хурд”-д уралдах бяртайгаа үлдэх байсан юм билээ

-Магадгүй л юм. Адуу өөрт нь сэтгэл зүрхээ зориулсан хэн бүхнийг заавал баярлуулдаг юм шиг санагддаг шүү.
- Манай дүү Цэнгэл нутагт нь аваачиж тавьсан юм. Тэгсэн нутгийн бараа хараад унгалдаад, янцгаагаад сүйд болсон гэсэн. Хурдан хүрнийг маань надаас өмнө олон хүн үзэж сонирхсон юм билээ. Тэгээд голж шилээд аваагүй гэдэг. 
-Тийм гологдохоор гэж үү?
- Ер нь нүдэнд тусаад байхааргүй л дээ. Харин миний хувьд хотоос гарахдаа л тоглоом шоглоомоор “Төрийн наадамд түрүүлэх моринд явж байна аа” хэмээн ярьж явсан юм. Тухайн үед хоёр ч морь авна гээд бодчихсон байсан. Дарьгангад бэсрэг уралдаан болж байхтай таарч тэнд хүрэн морь тавладаг юм. Эзэнтэй нь уулзаад юм ярих гэсэн зугтаасхийгээд байхаар маргааш нь гэрт нь очлоо. Тэгээд наймаа тохирч, авахаар болсон доо.
-Танд тоогдсон шалтгаан нь юу юм бэ? 
- Хүрэн морины нэг давуу тал бол их зүрхтэй адуу. Хурдан моринд энэ бол чухал чанар. Үүнийг харсан. Мөн хамт явсан Гэрлээ ах маань “За, чи өөрөө л мэд дээ. Ер нь зүгээр биз дээ, ийм хурдан адууг юуг нь харах уу” гэсэн нь түлхэц болсон. Миний хувьд өмнө нь гаргасан амжилтыг нь сонсоод, мөн урьд өдөр нь давхилыг нь харчихсан тул болмоор санагдаад, авчихсан. Тэгээд Завханд ажилтай  байсан тул цаашаа шууд явчихлаа. Очоод зурагт харж байсан Онгонд болж байгаа уралдаанд миний авсан хүрэн морь уралдаад хол түрүүлдэг юм. Тэгэхээр нь бушуухан Сүхбаатарын Эрдэнэбилэг рүү яриад “Чи машин явуулаад тэр морийг ачуулаадах” гээд авчруулсан даа. 
-Үнэ мөнгөө өгч, баталгаажуулаагүй байсан юм уу? 
- Мөнгө төгрөгийг нь өгчихөөд, ачуулалгүй явчихгүй юу. Авчраад Дооёо, Гэрлээ ах хоёрт хүлээлгэж өгсөн дөө. Дооёо харчихаад “Арай л туранхай байна даа” гээд байсан.Үнэхээр  туранхай юм чинь. Фэйсбүүктээ тавьсан зургийг нь харж байсан уу?
-Үгүй
-
Нөгөө хоёр маань тордсоор байгаад сөргүүлж таргалуулаад их гоё болгосон. Дунд сунгаанд мордуулсангүй. 
-Хэнийхний морьдтой сунгаж байсан бэ?
- Манайхны сунгаанд Шагайгийн хүрэн, Зоригтын хул зэрэг хурдан морьд уралдсан. Хүрэн морио 2-3 км датуу тавихад өнгөлөөд байсан болохоор улсад айрагдах нь тодорхой гэж тооцож байсан юм. Тооцоо ёсоор аман хүзүүнд хурдалсан даа.
-Их хурдад мордуулсан уу?
- Мордуулаад, Цагаан хөтөл дээрээс татуулсан. Хэрвээ Онгонд уралдаагүй байсан бол “Их хурд”-д уралдах бяртайгаа үлдэх байсан юм билээ. Үнэхээр  бяр хүрээгүй л дээ.
-2017 онд яалаа?
- Улсад еслөөд, Өвөрхангайд болсон бүсийн уралдаанд 14, 15-аар давхисан. 2018 онд уяач солигдсон ч гурав уралдаад гурав айрагдсан. Ихбаяр дээр очиход “Би ганц л юмнаас айж байна. Хүний уяад улсад оруулчихсан адууг айрагдуулж чадахгүй бол яах вэ” гэж хэлсэн юм. Гэтэл шилдэг морь болтол нь уялаа, өөр яах вэ дээ. Үнэхээр энэ цагийн уяач юм билээ. 
-Та чинь “Унаган хурд”-аасаа гарчихсан юм уу?
- 2017 онд гарсаан. “Хүй мандал” галын гишүүн болсон. 
-Нохой жилийн шилдэг галын гишүүнтэй уулзаж байгаа юм байна шүү дээ. 

- Тийм. Манайх Шилдэг гал, Шилдэг морь, Шилдэг уяач гээд азарганаас бусдыг хүртсэн. 

Хамгийн үнэтэй авсан нь халтар морь

-Төрийн зарлигт том наадамд хараахан айрагдаж чадаагүй ч хурдан адуу гэдэг халтар мориныхоо талаар дэлгэрүүлээч?
- Завханы 90 жилийн ойтой гэхээр 2013 он болж таарах нь. Шувуухай соёолон их хурдан. “Дүнжингарав”-т түрүүлэх нь тодорхой байлаа. Гэрлээ ах, Дооёо хоёр соёолонд бүртгүүлчихсэн байсныг би өглөө нь солиод азарганд бүртгүүлээд шууд гаргачихлаа. Их цастай жил л дээ. Ойртож болдоггүй, Шувуухай хаана яваа нь мэдэгддэггүй. Тэгсэн Хишигээ ах утасдаад “Шувуухай 30-аадаар явж байна. Шахуулах юм уу” гэж байна. Тэгээд шахуулаад наймласан. Тэр өвөл би азарга тавихаар Самданжамц гуайгаас Ялалт хүрнээ авсан байсан юм. Зун нь сунгаан хийхэд Ялалт түрүүлээд байна. Тэгэхээр нь би “Эрлийз гүйцэхгүй байна гэж юу байх вэ” гээд Шувуухайг шахуулаад байсан чинь хөлөндөө эмзэг суучихсан юм. 
-Ялалт чинь хурдан адуу  шүү дээ. 
-Харин тийм. Тэр зунаа Завханы 90 жилийн ойд түрүүлэхэд нь мэдсэн./инээв/ Нутгийнхаа ойн өмнө азарганыхаа хөлийг болохоо байлгачихсан хүн чинь сандарна биз дээ. Тэгээд Дарьганга явлаа. Бор азарган соёолон үзэх гэж очоод, эзэн нь тохирсон үнээ нэмээд авч чадсангүй. Түүний урьд жил Шагдар гэж сайхан ахын “Жавхлант шарга”-д хязаалан айрагдчихсан халтар үрээг Хэнтийн Мэндээ бид хоёр авах гэж очоод бас чадаагүй юм. Тэгээд сэтгэл дундуурхан буцах гэж байтал халтар үрээний эзэн залуу таараад “Энэ жил хурим найр хийх гэж байгаа, та нар халтар үрээг авбал ав” гэсэн юм. Халтар морь соёолондоо хавчиг морьдын уралдаанд түрүүлсэн юм билээ. Миний хамгийн үнэтэй авсан адуу бол халтар морь. 
-Хэдээр авсан юм бэ?
-25 саяар авсан. Зун нь  Гэрлээ ах “нимгэн юм чинь” гээд дунд сунгаанд мордуулсангүй.Миний хувьд давхилыг нь үзмээр санагдаад болдоггүй. Тэгээд тэсэлгүй их сунгаанд мордуулаад замаас нь татуулахдаа  шөрмөсийг нь цохиулчихсан. Үнэхээр хурдан байсан адууг тэгээд улсад мордуулж чадаагүй. Зориулж авсан Завханы 90 жилийн ойд ч уралдуулаагүй. Харин азарга тавихаар авсан Ялалт хүрэн маань түрүүлж, даага айрагдан нүүр тахалж байлаа. 
-Халтар морь түүнээс хойш уралдаагүй юм уу?
-Жил бүр л миний халтар морь хурдан байдаг юм. Тэгээд яагаад ч юм наадмын үеэр л болохоо байчихдаг. Өнгөрсөн оны “Дүнжингарав”-ын сунгаанд их хурдан байсан ч айрагдаагүй. Эрдэнэтийн бүсэд айрагдчих болов уу гэж бодсон бас чадаагүй. Увсад ч ялгаагүй айргийн араар давхисан. Ер нь уралдсан болгондоо 6-15-ын хооронд  давхидаг адуу байгаа юм. Тэгэхээр нь өнгөрсөн жил Борнойн Баасанжав ахдаа бэлэглэчихсэн. Өвгөн ахыг баярлуулаад  л байгаа сурагтай байна лээ. 


-Бас нэг хурдан хүрэн морины сураг гараад байгаа. Энэ хаврын сунгаануудад хурдан байгаа дуулдсан. Ер нь та чинь хүрэн адуугаар сайн нааддаг юм байна шүү дээ.  
-Манай аавын тал хүрэн адууны сэтэртэй. Ер нь үе удмаараа хүрэн адуу тахиж шүтэж ирсэн хүмүүс. Түүнээс улбаатай юу, надад хүрэн зүсмийн адуу давхиад байдаг юм. Аавын авга ах Шагайлхагва гэж Завхан аймгийн Завханмандал сумын хүн бий. Тэр хавиар маш сайн уралдаж байсан нэртэй уяач. Одоо хүүхдүүд нь залгаад морь уяж байна. 
-2010 онд Говь-Алтай аймгийн 70 жилийн ой, баруун бүсийн уралдаанд гуравлаж том наадмын анхны айргийг авчирсан азарга тань мөн хүрэн зүстэй байж шүү дээ. 

-Тийм шүү. Сэргэлэнгийн Санж гэж залуугийн битүү хүрэн азаргыг Сүхээ ахаар /Алдарт уяач Б.Сүхбаатарыг хэлэв/дамжуулан авч байлаа.Санж Сүхээ ахын хамаатан юм билээ. Тэгээд шарга морь, хүрэн морь, хүрэн азаргатайгаа Говь-Алтай руу явж, азаргаа айрагдуулан, шарга морио зургаалуулж байлаа. Тэр жил манайхан их сайн уралдсан. Буяагийн хүрэн даага аман хүзүүдэж, хонгор халзан үрээ түрүүлсэн.

Шувуухай шиг төрийн наадамд гурван үеэрээ айрагдсан түүхтэй адуу олон биш байх

-Шувуухай хүрэн гэгч хурдан хүлэг бол Дайдийхүүгийн Баяраа уяачийн нэрийн хуудас юм. Монгол төрийн наадамд гурван үеэрээ айрагдсан энэ цуут хүлгийн тухай ярихгүй бол уншигчид намайг зэмлэх биз ээ.  
- Шувуухай хүрэн Тод манлай уяач Гэрлээ ахын маань унаган адуу гэдгийг хүмүүс мэднэ.Өвөг эцэг нь болох Туулай хээр азарга анхны Их хурдад 30-д давхиж, Зууны манлай хүлэг шалгаруулах бүсийн уралдаанд тавд хурдалж байсан юм билээ. Түүний төл ухаа азарга бага гурван насандаа улсын наадамд айрагдаж, Алтан овооны тахилга  болон Боржигоны бүсийн наадамд тус тус айрагдсан цуут хүлэг шүү дээ. Туулай хээр азарганы үр төлүүд улс, бүсийн наадмаас маш олон айраг түрүү авсан. 2013, 2014 оны үед 10 гаруй адуу улс, бүсийн уралдаанд түрүүлж, айрагджээ гэгдэж байсан. Одоо 30 нэлээд гарсан байх шүү. Энэ жил гэхэд гурван адуу улс, бүсийн наадамд айрагдлаа. Миний Шувуухай бол тэр мундаг азарганы үр юм. Удам нь мундаг, дээр нь дааганаасаа эхлээд хурдалсан болохоор хүмүүс авъя гэдэг байсан юм билээ. Гэрлээ ах сайн адуугаа өөрсдөдөө үлдээе гэж бодсон уу надад “Сайн адуутай бол” гээд бэлэглэсэн юм. Тэгээд 2011 онд шүдлэн улсын наадамд дөрөвлөөд, Тамирын хурдад түрүүлсэн. 2012 онд хязаалан улсын наадамд тавлаад, төвийн бүсэд түрүүлсэн ч тооцоогүй. Тэгээд тэр шөнөдөө ачиж очоод говийн бүсэд  арваар давхиулаад, дараа нь Есөн зүйлийн даншигт азарганд уралдуулан түрүүлгэж байлаа. 
-Мөнгөө өвөрлөөд ирсэн улсыг буцааж, танд л гэж өгсөн Тод манлайд мөнхөд талархаж явдаг биз?
-Тэгэлгүй яах вэ. Би Гэрлээ ах дээр ганц шарга адуутай ирсэн хүн. Адуунд дуртай адилхан эр хүний хувьд, мөн өөрийг нь хэмээн зорьж ирсэн болохоор надад өгөхөөр шийдсэн байх. Дээр нь Буяннэмэхийн ч нөлөө их байсан байх. Тэгээд л надад өгсөн дөө.
-Авах гэж ирсэн улс нь хэн байсан юм бэ?
-Миний мэдэхийн начин Батбаатар тэр үед 25 мянган доллартай ирж байсан. Мөн Хишигээ ах 35 мянган доллартай авах гээд ирсэн юм. Би Гэрлээ ахаас нууцаар хоёулангаас нь гуйгаад буцааж байлаа. 
-Үнэхээр танд бэлэглэсэн юм уу? Эсвэл бэлгэнд шахуу ирсэн адуу гээд тэгж хэлсэн юм уу?
- Тодорхой өртөг өгөлгүй яах вэ дээ. Би тэр үед мөнгө муутай, харин үнэтэй авсан нэг сайн эмээлтэй байсан юм. Авсан үнээрээ зарах гэсэн, авах хүн олддоггүй. Яаж ч олдох вэ дээ. Тэгээд авсан үнийхээ тал үнээр ченжид зараад Шувуухай хүрэнгээ авч байлаа. Тэгж зорьж авсан болоод ч тэр үү Шувуухай минь өөрөө хурднаас гадна үр төлүүд нь их хурдалж байна. Өнөө жил гэхэд хязаалан үрээ аман хүзүүнд хурдалж, өөрийн чинь хэлснээр төрийн наадамд гурван үеэрээ айрагдлаа. Ийм түүх тийм олон давтагдахгүй байх шүү.
-“Аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ” гэгчийг санаж Тод манлай ахдаа хүрэн хязаалангаа өгчээ дээ. Тэгж ойлгогдож байна. 
- Өнгөрсөн жилийн наадмын өмнө Хишгээ ахтайгаа уулзаж хүрэн үрээгээ өгөхөөр болсон юм. Тухайн үед Шувуухайг Хишигээ ах авбал авчихаар л байсан. Эр хүний жудаг заагаад “За, миний дүү нэг сайхан азаргатай бол доо” гээд надад үлдээсэн юм. Харин өнгөрсөн жил ахдаа Шувуухайгийнхаа төл унаган адуугаа өгсөн нь улсын наадамд аман хүзүүдлээ. Хэн хэндээ болсон байх. Тэр хүнийг ч баярлуулсан байх, би ч баярласан. Хүүхэд нь жаахан хаширлаагүй бол түрүүлчихээр байсан шүү. Эцэг шигээ суудаггүй, хөлийн хурдтай адуу л даа. Хожуу шахуулаад түрүүлэх боломжийг нь хаачих шиг болсон. 
-Шувуухай ч зоримог адуу шүү. 
-Гарсан төлүүд нь эцгийнхээ тэр шинжийг дуурайдаг. Товчхондоо эцэг талаа сайн татдаг. Шувуухайгийн хурд, тэвчээр хатуужил, суултгүй урагшилдаг зан байдлыг нь өвлөсөн байдаг. Би ингэж боддог юм. Адуу хүн хоёр ялгаагүй. Өвөг дээдсийнхээ аль сайн талыг дуурайдаг.Тиймээс ч бидний өвөг дээдэс хүний удам, хүлгийн угшлыг хар гэж сургасаар ирсэн байх. Адуунд нэг муу цус ороход хэдэн үеэр нь доош нь татдаг гэдэг шиг хүнд ч ялгаагүй тийм тал ажиглагддаг. Өөрөөр хэлбэл тааруухан  эхээс тааруухан л хүүхэд төрнө. Тиймээс залуучууд минь хань ижлээ сонгохдоо бодлоготой хандах хэрэгтэй. 


-Тийм л болохоор өндгөн сүй тавьдаг байсан бизээ. Уяачид “морь, хүүхэд, уяач гурвын хийморь цогцолж, хор нь дарагдаж байж сая түрүү, айраг хүртдэг” хэмээдэг. Та морьтны соёлд суралцаад арваад жил болчихож.  Дээр хэлсэн зүйл үнэн үү? Эсвэл зүгээр тогтсон хэлц юм уу? 
- Үнэн, үнэн. Анх морь уяхад хор шар хөдөлнөө. Тэгэхэд Гэрлээ ах маань “Хүний морь айрагдаж, түрүүлэхэд өөрийн юм шиг баярла. Тэгвэл морь чинь давхидаг юм аа” гэж. Тэр үг миний толгойд гүн суусан. Манай найз нараас морь уяж байгаа хүн олон байна. Тэдний морийг айрагдаж, түрүүлэхэд өөрийн юм шиг баярладаг. Өөрийн уясан морь айрагт багтахгүй наадам зөндөө л байдаг. Морь хурдан байсан хэр нь айрагдаж чадахгүй наадмууд олон шүү дээ. Тэр болгонд гуниж шаралхалгүй, харин  гал уяаны найз нөхдийн айрагдсан морьдоор бахархаж, чин сэтгэлээсээ баярлах хэрэгтэй юм билээ. Тэгж байтал нэг л өдөр өөрийн чинь морь айрагдаж, өрөөл бусад чинь яг л чиний нэгэн адил хөөрч догдлон баяр хүргэдэг. Мориныхны хамгийн сайхан чанар бол энэ. 
-Таны хор дарагдсан болов уу?
-Дээд цол авчихлаа, дарагдаа байлгүй дээ.
-Яагаад энэ асуултыг асууж байна вэ гэхээр 2012 оных шиг явдал дахин тохиолдвол тэр шийдвэрийг дахин гаргах уу гэдгийг мэдэх гэсэн юм. Та миний юун тухай ярьж байгааг ойлгосон байх. 
- Есөн зүйлийн даншиг наадмыг хэлж байх шиг байна.
-Яг тийм. Олон уралдсан хязаалан үрээг азарганд уралдуулж түрүүлгэсэн. Нэг талаараа бахархалтай ч нөгөө талаараа....
- 2012 онд Шувуухай маань үнэхээр хурдан байсан. Улсын наадамд таваар давхиад, хэдхэн хоногийн дараа болсон төвийн бүсийн уралдааны үеэр хүүхэд нь замдаа уначихаар нь дахин мордуулаад түрүүлсэн ч тооцоогүй. Тэгэхээр нь жаахан шаралхаад ч гэх юм уу тэр шөнө нь ачиж гараад өглөө нь говийн бүсийн уралдаанд мордуулж, арваар давхиулаад, хэдхэн хоногийн дараа Есөн зүйлийн даншигт очиж, азарганд уралдуулаад түрүүлгэж байлаа. 
-Тэр шийдвэрийг хэн гаргасан юм бэ?
- Гэрлээ ах азаргатай уралдуулчихъя гэхээр нь тавьчихсан чинь түрүүлчихсэн. Тэр наадмын дараа ММСУХ-ноос Шувуухайд шар жолоо хадгалуулсан. Соёолон үрээ азарганд уралдаад түрүүлж байсан ч, хязаалан үрээ түрүүлсэн тохиолдол бараг байхгүй байх. Тэр тусмаа улсын наадамд орсон азаргануудтай уралдаад шүү.
-Чухам тийм л учраас би танд дээрх асуултыг тавьсан юм л даа. 
- Одоо бол адуугаа бодоод нас өгсөж уралдуулах шийдвэрийг гаргахгүй байхаа. Сайхан хурдан хүлгүүдийн буянаар монгол төрийн наадам хийгээд бүсийн уралдаанаас олон айраг түрүү авч дээд цолонд хүрлээ. Цол дагаж бяр гэдэгчлэн залуучууддаа үлгэрлэх учиртай санагдана.


Цомхон хэрнээ чанартай адууг бий болгоё гэсэн зорилго тавин ажиллаж байна 

“Их хурд” уралдаанаас л хишиг хүртээгүй юм байна. Өнөө жил найм дахь удаагийн “Их хурд” уралдаантай. Цолоо морины олимпийн хишгээр мялаах ч юм бил үү. 
-Ерөөлөөр болог. “Их хурд”- аас бусад уралдаанаас олон сайхан айраг, түрүү хүртсээн. Одоо миний хувьд адууныхаа үржлийг сайн хийе, цомхон хэрнээ чанартай адууг бий болгоё гэсэн зорилго тавин ажиллаж байна. 
-Уяач хүний хамгийн хүнд үе хэзээ байдаг юм бэ? 
-Ямар утгаараа? 
-Сэтгэл санаа хийгээд бусад талаараа... 
- Наймдугаар сард. Сэтгэл эзгүйрээд яах учраа олохоо байчихдаг юм. Наадмууд дуусахаар эл хуль болчихоор тэгдэг байх л даа. Тийм сэтгэл санаа тавгүй үедээ би нутаг руугаа явчихдаг. Ижий, аавтайгаа элэг бүтэн байсан хамгийн жаргалтай үеийн дурсамжууд хадгалаастай тэр газар очихоор эргээд хүүхэд болсон мэт сэтгэл хөнгөрөөд ирдэг. Ер нь сэтгэл санаа жаахан тавгүйрхээд ирвэл нутагтаа очиж, уул усандаа мөргөөд, Очирваань хайрхандаа бараалхчихаар сэргээд ирдэг юм. Өнөө маргаашгүй нутаг явах санаатай байгаа. Хүмүүс намайг төвийн л хүн гэж боддог юм шиг байна лээ. Би чинь хөдөөний хүн шүү дээ. Миний иргэний үнэмлэхний хаяг Завхан аймгийн Дөрвөлжин сум Таван толгой баг гэж явдаг. Шилжиж төвдөхгүй л байгаа юм. 
-Тод манлайн мялаалга наадам Дөрвөлжин сумнаа болох нь ээ?
- Тэр талаар одоогоор бодсон юмгүй л байна. Ямартаа ч эхний ээлжинд нутгийн адууг чанаржуулахад өөрийн хувь нэмрээ оруулж, азарган үрээнүүд явуулсан. Манай Тавантолгой бригадад үржил хийгдэж байгаа. Завхан нутгаас төрсөн Тод манлай уяачид  нутгийн адууг чанаржуулах тал дээр санал нэгтэй байдаг. Тэдэнтэй хамтарч ажилланаа. 
-Нутаг амьтай хүү байх нь. Цомхон хэрнээ чанаржуу адуу бий болгох зорилготой гэлээ. Ямар байдлаар үржил хийж байна вэ?

-Сүүлийн хэдэн жилийн талцлаас болоод үржлийн нэг бодлого баримтлах боломжгүй байлаа. Өөрөөр хэлбэл ямар адуу уралдах нь тодорхойгүй болохоор мухардалд орчихоод байсан гэх юм уу даа. Гэхдээ бусдын жишгээр  дан монгол, 25 хувийн цустай, 50 хувьтай гээд гурван төрлийн үржүүлэг хийсээн. Миний харж анзаарснаар манай орны эрс тэс уур амьсгалд дасан зохицох чадвар өндөртэй нь 25 хувийн цустай адуу юм билээ. Мэдээж хурдлах талдаа бол 50 хувийн цустай нь илүү л дээ. 

Таны хувьд үржил селекцийн тухайд бусдаас давуу талтай. Учир нь таны ах энэ талаар мэргэшсэн хүн шүү дээ. 
-Тэгэлгүй яах вэ. Адууны генетикийн чиглэлээр мэргэшсэн Монголын цорын ганц доктор бол миний ах Доржсүрэн юм. Их олон жилийн турш суралцаж, энэ мэргэжлийг эзэмшсэн. Одоо ХААҮИС-д багшлахын зэрэгцээ мэргэжлийн хяналтын газар ажилладаг. Ах маань өөрөө моринд их дуртай. Бүр хэтэрхий их ч гэж хэлж болно. Адуунд жинхэнэ хайртай хүн гэвэл ахыгаа хэлнэ. Би заримдаа энэ хүн  “Гэртээ байдаг юм болов уу” гэж гайхдаг. Ярих бүрт жүчээн дээрээ, эсвэл ажил дээрээ  байнаа гэдэг. Өнөөдөр миний авсан морьд хурдалж буйд ахын оролцоо маш өндөр.


-Багадаа ахынхаа уясан морьдыг унаж байсан гэдэг байх аа?
-Тийм. Дооёо бүр багын адуунд дуртай хүүхэд байсан. Өнөөдөр түүнийхээ үр шимээр монголд цор ганц мэргэжлийг эзэмшиж, сайн адуу бий болгож байна. Бидний адуу нэг. Би гарсан унагануудаа гайгүйг нь сорчлоод ах дүүдээ өгч, заримыг нь зарчихдаг хүн. Харин Дооёо бол огт тэгэхгүй. Одоо манай адуунд байгаа аль сайн гэсэн болгон нь Дооёогийнх болчихдог. Ахынхаа тухай ярьсных нэг сонин түүх ярья. Манай ээж шанз буюу шударга хөгжим тоглодог хүн байсан юм. Нэг өдөр аав түүнийг нь эвдээд адууны хусуур хийчихлээ. Тэр нь ааваас Дооёод өвлөгдсөн. Ах маань ажил мэргэжлийн онцлогоор сүүлийн арав гаруй жил баяр наадмын комисст ажиллан, түрүүлж, айрагдсан морьдод үүлдэрлэг байдлын хяналт хийлээ. Тэгээд нөгөө хусуураараа түрүүлж, айрагдсан бүх морьдын хөлсийг хусдаг. Өөрөөр хэлбэл ээжийн тоглож байсан шударга хөгжмийн хулсаар хийсэн тэрхүү хусууранд сүүлийн арав гаруй жилийн турш түрүүлж, айрагдсан бүх морьдын хөлс нэвчсэн. 
-Сонин түүх байна. Би бас нэг сонин зүйл сонссон. Т.Батцоож, Ш.Мөнгөншагай нартай дунд сургуулийн найзууд гэж. Дунд сургуулийн нэг ангийнхан өнөөдөр монголын хурдан морины уралдааны өнгө төрхийг тодорхойлж байгаа нь сонирхолтой санагдсан шүү.  
- Яг нэг ангийнхан биш л дээ. Гэхдээ дунд сургуулийн сурагч байхаасаа нөхөрлөсөөр ирсэн. Сая МУ-ын Алдарт уяач цол авсан Б.Баярдорж, Улсын шилдэг уяач болсон Ц.Дамдин-Ядам нар мөн миний найзууд. Арван жилийн сурагч байхаасаа нөхөрлөсөөр өдийг хүрлээ. Өөрийн чинь хэлснээр үзэл бодол, сонирхол нэгтэй нөхөд минь өнөөдөр монголын хурдан морины уралдааны өнгийг тодорхойлж буй нь бахархалтай санагддаг.  
-24 жилийн түүхтэй ММСУХ сарын өмнө VII их хурлаа хийж, удирдлагын шинэ багтай боллоо. Уяач хүний хувьд, залуу хүний хувьд шинэ удирдлагуудаас юуг хүлээж байгаа вэ?
- VII их хуралд ирсэн төлөөгчдийн илт давуу саналаар сэрвээний өндрийг харгалзуулан уралдуулах шийдвэр гарлаа. Жирийн уяач бид тоглоомын дүрмээ тодорхой болгооч ээ гэдэг ганцхан том хүлээлттэй байсан. Тэр нь биеллээ. Нэгдсэн нэг ойлголтонд хүрсэн учраас цаашдаа маргаан мэтгээн, хэрүүл тэмцэл гарахгүй байх. Холбооны удирлагын багт залуучууд олноор орсон байна лээ. Тэд маань шинийг санаачлаад өдий зэрэгт хүрсэн холбоогоо сайхан аваад явах байх аа. ММСУХ-ны өмнөх удирдлагууд сайн ажиллаж, олон зүйлийг хийж хэрэгжүүлсэн. Үүнтэй маргах хүн гарахгүй байх. 
-Та тэргүүлэгч болсон уу?
- Үгүй. 
-Морио уяад явахыг илүүд үздэг бололтой. Залуу хүний хувьд морь хурдан байх үед аархах сэтгэл төрнө биз. Бодол сагаж, уруул давах үе хүний амьдралд байдаг шүү дээ.  
- Уяачийн үүрэг бол морио сайн уяж, хурд ирээр нь түмэн олноо цэнгүүлэх. Дараа жилийн наадам хүртэлх сайхан дурсамжийг бүтээх. Миний хувьд тэр үүргээ нэр төртэйгээр биелүүлэхийг илүүд үзэж байна. Харин аархах тухайд бол тийм зангүй шүү. Хэлж яримаар санагдах үе байлгүй яах вэ. Гэхдээ ил гаргасан нь цөөхөөн. Харин ч миний хувьд морь хурдлаад байхаар эсрэгээрээ нам жим байхыг хичээдэг. Утсаа унтраагаад, хүн амьтантай уулзалгүй, буйдхан байх нь амар санагддаг. Өнгөрсөн жил хүрэн морь их хурдан байсан. Тэгээд утас дуугарах тоолонд яс хавтайх шиг болдог юм билээ.
-Арилжаа наймааны санал ирэх вий хэмээн болгоомжилдог юмаа даа. Тулсан үед тэрэн шиг хэцүү зүйл байдаггүй бололтой юм билээ. Сүхээ ахтай уулзаж байхдаа түүнийг мэдэрсэн. 
- Өөр юу байх вэ дээ. Хүнд “үгүй” гэж хэлэх хэцүү. Би өөрөө хүний хурдан адууг гуйгаад авчихсан. Надаас авах гэсэн хүн мөн л тэрэн шиг сэтгэл өвөртлөөд ирж байгаа шүү дээ. Тэгэхээр зовлонг нь мэдсээр байж зарахгүй гээд байх хэцүү. Нөгөө талаараа зарах нь надад хэцүү. Ийм л зүйлийг мэдрэхгүйн тулд нам гүмхэн байхыг чухалчилдаг. 
-За тэгвэл шинэхэн Тод манлайн хувьд хамгийн сайхан наадам хэзээ тохиосон бэ?
- Наадам болгон сайхан. Сумын наадам байсан ч морь л уралдаж байвал тэр сайхан наадам. Би Баянцогт сумын наадамд халтар морио аман хүзүүнд хурдлуулчихаад жигтэйхэн баярлаж байлаа. Улс, бүсийн наадамд айрагддаг морьдоо сумын наадамд уралдуулахаад халтраас бусад нь айрагдаагүй гэхээр сонин байна уу. Юмны аз өм гэдэг тийм сонин. Тийм учраас наадмыг бага том гэж басаж болохгүй. Миний хувьд хамгийн ихээр догдлуулсан наадам бол мэдээж хүрэн азарга айрагдсан Говь-Алтай аймгийн 70 жилийн ой мөн өнгөрсөн 2018 оны улсын баяр наадам. Харин жаахан гундуухан наадам гэвэл 2016 оны Эрдэнэтийн даншиг. Морьд их хурдан байсан хэр нь ганц ч айраг аваагүй.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан шинэхэн Тод манлайдаа баярлалаа. Наадам бүхэн Говь-Алтайн 70 жил шиг сонихон басхүү ноднингийн төрийн наадам шиг гүн дурсамж үлдээх болтугай. Морьтны соёлыг түгээн дэлгэрүүлж, өвлүүлэн үлдээх үйлсэд нь амжилт хүсье.
-Баярлалаа. Ерөөлөөр болог. “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулан Монголынхоо нийт уяачдадаа хүлэг нь хурдан, хүүхэд нь цовоо байж, айраг, түрүү арвинтай сайхан наадахын ерөөл өргөе. Мөн Завхан нутгийнхаа ард түмний ажил үйлс улам бүр өөдлөн дэвжиж, өрнөн дэлгэрэх болтугай. Завхан нутгаас минь олон Тод манлай уяачид төрөхийн ерөөлийг өргөе. 

А.Тэлмэн

Тод магнай сэтгүүл 106 дугаар /2019 оны 2 сар/

3 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 202.131.239.190

    morind unen hairtai durtai ah baina lee moriig ni muulaad baisan aimgiin arslan zaluug bosohgui boltol ni delseed abna lee er ni ataman bairiin ah baina lee

    Reply
  • 202.126.88.211

    Тааруухан эхээс тааруухан хүүхэд төрнө гэж балиар ойлголт байна даа.

    Reply
  • 202.131.239.190

    bas l er hunii hugarhai daa

    Reply