Сумын Алдарт уяач Д.Рэнцэндорж: Баянбараат, Баянцагааны адуу л улсын наадмаас айраг авдаг байсан юм даа

Сэтгүүлч
11-р сарын 08 -нд

Төв аймгийн Зуунмод сумын харьяат, сумын Алдарт уяач Данзангийн Рэнцэндорж 1943 оны хавар гуравдугаар сарын 15-нд төрсөн. 

-Таны аав Данзан гуай морь уядаг байсан гэл үү?
-Манай аав агент, сүү тосны тасгийн эрхлэгч, аж ахуйн дарга гээд есөн шидийн ажил хийхийнхээ хажуугаар нь бас морь уячихдаг хүн байв. Баянбараатын Шомбоо гэж улсад олон айраг түрүү авсан хурдан бор адуутай хүнээс хээр морь авч уяж байсан юм гэнэ билээ. Их том хээр морь байсныг би муухан санадаг юм. Тэр том хээр морийг АХ-ын 30 хэдэн жилийн ойгоор улсад манай ах Жадамба унаж уралдсан. Ахыг моринд томдоход тэр хээр морийг би нэг удаа унаж улсын наадамд 30 хэдээр давхиулж байлаа. Тэрнээс өмнө намайг таван настай байхад Баянбараатын их сайн уяач “атигар” Чимэд гэдэг хүний Намсрайн хээр гэж азарган дээр тэмээний ноосон утсаар даруулаад улсын наадамд уралдуулж байсан юм. Дорноговь аймгийн харьяат “халзан” Гонгор гуайн морийг би гурван жил унаж, Годон хээр морийг нь сумандаа хоёр ч удаа айрагдуулсан. 
-Морь унаж байсан хүүхэд уяач болох нь цаг хугацааны л асуудал. Хэдийнээс морь уяж эхэлсэн бэ?
-Намайг морь унаж өгсөн гээд “атигар” Гонгор гуай хул гүү өгсөн юм. Тэр хул гүүнээс эр хул унага гараад, би 1968 онд цэргээс ирээд намар нь тэр хулыгаа уяад зургаад давхиулж байсан. Сүүлд Сэргэлэн сумын “Авдархангай” нэгдэлд адуу хариулж байхдаа 1962 онд Готов гэдэг хүнээс цагаан морь авч, түүнийгээ Сүрэнхүү гэдэг айл гэр бүрж морь уралдуулахад түрүүлгээд л тэрнээс хойш моринд дуртай болсон доо.  


-Таны хамгийн олон хурдалсан ямар адуу байна вэ?
-Миний хамгийн их хурдалсан адуу бол халиун азарга. Халиун азаргыг манай ээжийн дүүгийн хүүхэд болох Жунайн Пүрэв гэдэг хүн өгсөн юм. Хоёр хусран даага байна, ах ирж нэгийг нь ав гэж хэлснийх нь дагуу очоод манай сумын уяач Балбар гуайн сэрээ тамгатай ногоон гүүг дагасан жижигхэн хусран халиун даагыг хөтөлж ирж байлаа. Эцгийнх нь угшлыг хөөх юм бол Дундговь аймгийн Товуу гэж хул голдуу хурдан адуутай өвгөний хул халзан азарга. Тэр хул халзан азаргыг манай сумын Лувсандагва гэж өвгөн Товуу гуайгаас аваад, ногоон гүүг хураалгаж гарсан төл нь халиун азарга. Тэгээд соёолон жилээс нь уяж Баян-Өнжүүл сумандаа анх айрагдаж байсан юм. Тэрнээс хойш сумандаа дөрвөн удаа айрагдаж, улсын наадамд хоёр удаа 10 дотор давхисан. Хувьчлалаас өмнө буюу 1980-аад онд улсын наадамд уралдсан санагдаж байна. Морины комисст байсан Самданжамц Алтанбулаг суманд цагаан сараар Нэмэх гэдэг айл дээр анхны даншиг наадам хийхэд тэнд Цэрэндоржийн Амгаан хээр алаг азарга, өөрийн халиун азаргаа уяж очоод, халиун азарга маань түрүүлж, алаг азарга аман хүзүүдсэн.  
-Халиун азарганы төлүүдээс нь хурдан юм гарсан уу?
-Төлүүдээс нь гэгэлтэй хурдан юм гараагүй. Ганц хурдалсан нь саарал толгойтой цагаан морь сумандаа нэг айрагдаад, нэг аман хүзүүдсэн. Халиун азарганы төлийн төл хээр морь сүүлийн үед гайгүй сайн давхиж байна. 
-Өөр ямар адуугаар наадаж байсан бэ?
-Хөгшин хул азарганы хүүхэд хул морь  улсад наймаар нэг давхиад, 14-өөр нэг давхиад, тэгээд айлын гэрийн найр энэ тэр гээд бага наадамд олон түрүүлсэн.  
-Улсын наадамд нэлээд явдаг байж. Аймагтаа хэр нааддаг байсан бэ?

- Улсад 1983  оноос Гина ахтайгаа очсон.  Гина ах манай эгчтэй суусан, хүргэн ах байгаа юм. Би морьдоо аймгийн наадамд голдуу 10, 20, 30 гаргаж давхиулдаг байлаа. Аймгийн 70 жилийн ойгоор миний халиун азарга наймд давхиад, Амгаан алаг азарга дөрөвт давхиж байсан юм.  


-Та тэгвэл сумын наадмын л айрагтай байх нь ээ?
-Би сумын наадмын 10 гаруй айрагтай. Тэр тусмаа Баян-Өнжүүлдээ их сайхан наадсан даа. Тарлан дэрс гэж Зоргол хайрхны  зүүхэнтээ наадмаа хийдэг байлаа. Манай нутгийн уяач “халзан” Даш гэж сайн уяач байсан юм. Тэр хүнийг дагаж сумынхаа наадамд очиж саарал толгойтой цагаан маань соёолондоо аман хүзүүдээд, азарганд Даш гуайн цагаан дэлт, Зоригтын хонгор хоёр нэг нь түрүүлж, нэг нь аман хүзүүдээд, Гина ахын дүү Адилбишийн хээр азарга тавлаж, миний халиун азарга зургаалж байлаа. Бас нэг жилийн наадамд хэний билээ дээ хар алаг азарга түрүүлээд, Даш гуайн цагаан дэлт аман хүзүүдээд, Базаржавын шарга халзан азарга гурвлаад, Адилбишийн хээр дөрөвлөөд, миний халиун азарга тавд давхиад хамт морь уяж байсан бид хэд азарганы айраг түрүүг хуваагаад авчихаж байсан юм. 
-Гина гуай улсад морь айрагдуулсан улсын цол чимэгтэй хүн. Та хурдан адуунаас нь авч байв уу?

-Гина ахын хээр морь улсад түрүүлсэн юм шүү дээ. Гэхдээ би адуу малаас нь авч байгаагүй ээ. Тэр үед чинь хаашаа ч байсан юм, бие биенээсээ адуу мал авъя гэдэггүй, худалдаж ч авдаггүй л байж. 


-Таны бас нэг хүргэн уяач гэсэн байх аа. Танайхан ер нь моринд ойр хүмүүс юм аа.
-Тийм. Сумын Алдарт уяач Алтанхуяг миний хүргэн дүү байгаа юм. Бид эхээс арвуулаа. Хоёрыг нь айлд өргүүлсэн байдаг юм. Хамгийн том эгч маань Гина ахын эхнэр. Одоо ч хөөрхий дөрвүүлээ л үлдлээ дээ. Нэг дүү маань малын эмчээр ажиллаж байгаад тэтгэвэрт гарлаа. Манай бага хүү Баянмөнх моринд аюулын дуртай байгаа. Хар хээр морь нь Сэргэлэнд хоёр гурван ч удаа арав дотор давхичихлаа. Хоёр удаа долоолж, нэг удаа наймласан. Алтанбулаг сумын наадамд зургаад давхисан.Ноднин Алтанбулаг сумын Түмэн адууны баярт гуравт давхисан. 
-Сургамж авч алдаанаасаа суралцсан наадам гэвэл?
-Би ер нь морь өлдүүлэх дургүй болохоор тарган, дутуудуу уяна. Өлдүүлэх вий гэж их болгоомжлоод шөнийн хоолыг нь ихдүүлээд байдаг хүн дээ. 
-Нутгийнхаа уяачидтай морь уяж байсан гэсэн. Тэднээс их юм сурсан уу?

-Хамт морь уяж байгаа хүмүүс нэгэндээ тийм ажил хий, тэг ингэ гэж барагтай хэлдэггүй юм шүү дээ. Хүний адуунд буруу ажил хийлгээд болохоо байлгачихна гэж боддог юм уу. Би ч яах уу, ийх үү гэж асуухгүй. Манай Баянбараатын улсад морио айрагдуулж байсан Намхайбат гэж өвгөн “Хүнээс морио яах уу гэж битгий асууж бай. Өөрөө уяж оролдож байж сурдаг юм шүү” гэж хэлж байсан юм. Наадамд уралдаад ирсний дараа жаахан юм ууж халж байгаад л хоол нь ихэдсэн байна, дутуу уяатай байна гээд хэлнэ шүү дээ.  


-Танаас дээшээ Баянбараатын ямар алдартай сайн уяачид байсан бэ?

- Даамий начин гэж хурдан бор азаргатай хүн байлаа. Бор азарга нь аймгийн наадамд Налгын буурал азаргатай хоёулаа цуг ирээд, маргааш нь дахиж уралдаж байсан юм гэнэ лээ. Урьд шөнө нь “атигар” Чимэд гуай авч хонож хоолыг нь тааруулж уралдуулаад Налгын буурлыг дийлж бор азарга түрүүлж байсан гэдэг. Сүүлд дуулж байхад бор азарга Баянцагааны адуу юм гэнэ лээ. “Атигар” Чимэд гуай бол бараан голдуу хурдан адуутай, хэний морь түрүүлж, айрагдахыг ер нь хэлчихдэг хүн байв. Энэний морь өнгөлөх нь дээ гэсэн нь яг л түрүүлнэ. Бас Мунжаа гэж лам хүн байлаа. Морь сайн таньдаг, социализмын шашин хориотой үед хааяа айл хунараар орж ном уншдаг байсан. Тэр хүн морь гарч байхад эхний таван адууг бүгдийг нь хэлэхэд, ганц нэг нь зөрнө үү гэхээс яг таарна. Дүү “халзан” Цэрэндаш нь морь уядаг, Мунжаа гуай дүүгийнхээ уяан дээр нь очиж шинжээд ийм тийм ажил хий гэж зааж зурдаг байсан гэдэг. Сүүлд аймгийн гандангийн хамба лам байгаад өөд болсон доо. Одоо 5 дугаар хороонд орон суурь нь байгаа. Манай Баянбараатын хурдан адуу урд талдаа байсан юм шүү дээ. Очирын Гомбосүрэн, “халзан” Цэрэндаш, Балбар гуай гэж гурван хүн бол улсын наадамд очоод ер нь айраг авна шүү. Ер нь Бараат, Баянцагааны адуу л улсын наадмаас айраг авдаг байсан юм даа. 

Д.Энхтуяа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна