Сайн адууны эрэлчин, шандаст шаргын эзэн Ажинбааг дурсахуй

Сэтгүүлч
1-р сарын 12 -нд

Их Шанхайн уяачид эрдэмтэй, эрэмгий хүлгүүд нь шандастай. Хурдны абшигт энэ нутгаас олон сайн уяачид төрж, үр хүүхдүүддээ морь уях их  соёлыг өвлүүлэн үлдээсэн байдаг.

Уншигч танд танилцуулахаар зэхэж буй эрхэм бол дэлхийн татах хүчинд ээрэгдэн энэ нутагт унасан хүмүүн юм. Их Шанхайн хэцээр нутаглах Равдансүрэн бол удам дамжсан уяач. Түүний аав Гүмд зуны аагим халуунд үл ажран морины сүүл шууж, түмнээ цэнгүүлдэг нэгэн байж. Равдансүрэн аавын энэ эрдмийг өвлөн морь уях болсон  агаад сум, орон нутгийн наадмаас айраг түрүү арвин хүртэж үр хүүхдээ морьтны соёлд дадуулан сургажээ.

Равдансүрэнгийнх арван хүүхэдтэй.1947 оны 6-р сарын 1-нд  мэндэлсэн ууган хүү Таванжин багаас аливаад хичээл зүтгэлтэй, басхүү гүйлгээ ухаантай, самбаач нэгэн байв. Худалдааны Техникумыг төгсөөд ЗХУ-д мэргэжил дээшлүүлэн суралцаж, нутагтаа ирмэгцээ худалдаа бэлтгэлийн ангид нягтлангаар орж. Нэгэн насны амьдралаа энэ байгууллагатай холбосон тэрээр 30-аад жилд нь дарга хийжээ. Түүнийг удирдаж байх үед Ханбогд сумын худалдаа бэлтгэлийн анги таван жил дарааллан төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, ажил үйлсээрээ улсдаа тэргүүлсэн сайхан түүх бий.


 Энэхүү хичээл зүтгэлийг нь үнэлж Гавьяатад тодорхойлсон ч намын гишүүн биш гэсэн шалтгаанаар царцааж. Аймаг ороод намын гишүүнээр элсч, Гавьяатын тэмдэг гялалзуулж болох байсан ч тэрээр хүчилсэнгүй. Ингээд хэсэг хугацааны дараа Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одонгоор шагнах тухай зарлиг хүлээн авч байжээ.

Таванжин бол тооны буюу ухааны хүн. Тиймдээ ч зөвхөн нэг зүйлд баригдалгүй олон салбарт хөрвөж, шинэ Үндсэн Хууль батлалцан, ардчилсан хувьсгал ялсны дараа сум орон нутгийнхаа анхны ИТХ-ын даргаар ажиллаж байж. Түүний хичээл

зүтгэлийг үнэлж, Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль болон бусад ойн медалиар шагнажээ.

Адууны тэнгэртэй Ажинбаа

Ажинбаа... Таванжинг нутгийнхан нь ийн авгайлна. Нутаг гэлтгүй говийн хэдэн аймагт энэ нэрийг дуулбал “аан Ажинбаа юу” хэмээн танимхайрах хүн олон. Аавынхаа уясан морийг унаж, салхи татуулан давхидаг байсан хүүхэд насны гэнэн хонгор дурсамжийг нь сэдрээдэг болоод ч тэр үү Ажинбаа ажлынхаа хажуугаар морь уяж, сумын баяр наадмын хурдан морины салбарын даргаар олон жил ажиллажээ. Жил бүрийн наадмын дараа ихэд нандигнах дэвтрээ  гаргаж ирээд тухайн жил хэний ямар морьд хэдээр давхисныг тэмдэглэж үлдээнэ. Өдгөө түүний тэрхүү тэмдэглэл санах ой болон үнэлэгдэж байна.

Нам төрийн шийдвэр, дарга цэргийн тушаал соёл, уламжлалаас дээгүүр байсан цаг тул зарим жил  наадам хийлгүй өнжих. Тэр жилүүдэд сумынхаа уяачдын хамтаар Баян-Овоо, Цогтцэций, Манлайг зорин уралдаж нутгийн нэрийг гарган наадна.


Ерөөс Ажинбаа нутагтаа морин спортыг хөгжүүлэхэд манлайлан оролцдог нэгэн. Сумандаа ММСУХ-ны салбарыг байгуулж, тэргүүнээр нь ажиллахын зэрэгцээ анх удаа өвлийн уралдааныг зохион байгуулж, азарга, их нас уралдуулж байв.

Нутгийн залуусыг морь уяхад уриалж, өөрийн мэдсэн сурснаа харамгүй хуваалцахын зэрэгцээ үр хүүхдүүд, дүү нартаа өвлүүлэн үлдээжээ.

Шандаст шаргын эзэн

Сайн хүлэг эзнээ алдаршуулдаг. Энэ өгүүлбэрийг эзэн уяачаа түмэнд таниулсан олон цуут хүлгийн талаар бичихдээ өмнөтгөл болгон ашигладаг. Ажинбаагийн сайн хүлэг бол өөрийн болоод Манлай, Цэций зэрэг залгаа сумдын наадамд олон түрүүлж, айрагдсан Нэгдэл шарга морь нь юм. Өдгөө ч ам дамжин яригдаж, домог болон мөнхөрсөн энэ цуут хүлэг 10 гаруй удаа түрүүлж, айрагдаад 1992 онд зодог тайлжээ.

Ажинбаагийн магнайг тэнийлгэдэг өөр нэгэн хурдан буян бол халзан азарга нь. Манлай сумын наадамд морь түрүүлгэчихээд байны үрээгээ сонгож авах болоход Төв аймгийн гаралтай адайр ааштай халзан үрээг онцолж, хожмоо түүгээрээ сайхан наадахын зэрэгцээ олон сайн төл авчээ.


Ажинбаагийн морьтны соёлд оруулсан хувь нэмэр, гаргасан амжилтыг нь үндэслэн 1996 онд аймгийн МСУХ-ны тэргүүн Р.Буянтогтох аймгийн Алдарт уяач цолыг гардуулахаар очтол “Жамбал амьд байхад би авахгүй ээ. Түүнд өг” хэмээн буцаасан этгээд түүх бий. Төрийн дээд шагналаас татгалзан сугарч үлдсэн түүнийг ятган сэнхрүүлэх аргагүй хэмээн үзсэн нутгийн удирдлага хүсэлт ёсоор аймгийн Алдарт уяач цолыг Жамбал уяачид гардуулан, Ханбогд сумаас төрсөн анхны орон нутгийн дээд цолтон болгож байв.

Сайн адууны эрэлчин

Ажинбаа олонтой хүн. Түмний хүндлэлт Дэмүүл арслангаас эхлээд чин журмын нөхөд олон. Биеийн хүчээр олноо баясгагч арслан найзынхаа хамтаар дүү Энхжаргалыгаа дагуулан Хан Хэнтий аймгаар явж, хоёр даага авчран азарга тавьсан нь эдний адууг нэлээд сэлбэжээ.


Ажинбаагийн хийсэн адууны наймаа үүгээр тогтохгүй. Баян-Овоо сумын Солио хэмээх Гэндэнгээс олон сайхан гүү авч, унаган нутгийн буурал уяачидтай дотно нөхөрлөн Шанхайн хэцээс хурд хуваалцсан гээд тоочоод байвал нэг хэсэг хөвөрнө. Ганцхан жишээ хэлэхэд 1992 онд Цогтцэций сумын Хоньбаатараас хүрэн даага авч, хоёр жилийн дараа сумынхаа 70 жилийн ойгоор айрагдуулж байв. Адууныхаа чанар чансааг дээшлүүлэх санаа бодол төдийлөн ихгүй цаг үед түрүүлж сэрэн, хурд хуваалцсан тэрээр нэгэн захиасыг ёсчлон биелүүлдэг байсан тухай нутгийнхан ярих. Тэр нь “Цэцийн цагаан овоог баясгавал Шанхайн хэц баярладаг юм шүү” гэсэн эцгийн захиас. Нэгдэл шаргынхаа уяаг тааруулахаар тэнгэрийн орноо залрах хүртлээ тэрхүү захиасыг ёсчлон биелүүлж, хүлэг эрдэнээ дээдлэгч өвгөдийнхөө үйл хэргийг үргэлжлүүлэх хойч үеэ бэлтгэн засчээ.

А.Тэлмэн

9 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 103.212.117.91

    Нутгийн нэгэн сайхан буурлын тухай үнэн сайхан дурсамж бичсэн Тэлмэндээ баярлалаа

    Reply
  • 66.181.161.23

    агуу ухаан аргагүй л ёс ч хүн юм.

    Reply
  • 122.201.21.127

    Эр хүн байжээ. Ичиж үхмээр юмнууд энгэртэй алтангадастай л явах юм.

    Reply
  • 66.181.161.14

    Нагац ах минь нартад ховор заяах нандин чанар бүхнийг цогцлоосон сайхан хүмүүн явлаа

    Reply
  • 66.181.161.4

    Нагац ах минь үнэхээр гайхамшигтай хөдөлмөрч хүн байлаа... Х.Тэлмэн танд баярлалаа.

    Reply
  • 66.181.161.15

    Морьтон монголчуудын мөнхийн омогшлийг түмний хүртээл болгодог “Тод магнай” сэтгүүлийн хамт олонд баярлалаа

    Reply
  • 66.181.161.96

    Ах минь хииморьтой эр хүн байсан юмдаа

    Reply
  • 66.181.161.15

    Ene hvnii tuhai saihan dursamj bichsen hvnd talarhal ilerhiilie

    Reply
  • 66.181.161.15

    Goy baina.

    Reply