Адууны шүдний зохион байгуулалт бүтэц

Сэтгүүлч
3-р сарын 22 -нд

Адууны аж ахуй тэр дундаа хурдны чиглэлээр өсгөн үржүүлж байгаа үржлийн аж ахуй, адуун завод, морин тойруулгын аж ахуй нь үржлийн бүртгэл журнал хөтөлж гэрчилгээжүүлсэн байдаг тул адууны насыг хялбархан тодорхойлж болдог.

Адууны насыг шүдээр нь тодорхойлох аргыг эртний Грекчүүд мэддэг байсан бөгөөд энэ аргыг амьдрал ахуйдаа хэрэглэж байжээ. Эртний гүн ухаантан  Аристотель (384-322).  "Амьтан түүх" номондоо адууны сүүн шүд, байнгын ясан шүд гэсэн хоёр янзын шүд байдаг бөгөөд сүүн шүд нь байнгын ясан шүдээр солигдох хугацаагаар адууны насыг тодорхойлох боломжтой гэж бичиж үлдээсэн байдаг.

Бэлчээрийн мал аж ахуй эрхлэн хөтөлж ирсэн нүүдэлч малчид, алдарт уяачдын адууны соёлын салшгүй нэг хэсэг болж  бидэнд өвлөгдөж ирсэн үнэт соёлын нэг нь адууны насыг шүдний ургалт, өөрчөлтөөр тодорхойлж ирсэн арга байна. 

Адууны эрхтэн систем дотроос хамгийн их өөрчлөгддөг нь шүд байдаг учраас адууны шүдний энэхүү өөрчлөлтөд тулгуурлан адууны насыг тодорхойлно. Адууны шүд нь маш бат бэх биеийн хэсгийн хамгийн хатуу ясан эд бөгөөд адуу шүдээрээ ургамалыг ёзоороор нь тэгш хазаж тасалж, зажилан анхан шатны механик боловсруулалт хийж ходоодонд хоол боловсруулахад бэлэн болгоход зориулагдсан, нөгөө талаар гадны нөлөөний эсрэг хазаж довтлох, үр удмаа хамгаалахад чиглэсэн чухал эд эрхтэн юм. Амьтны шүд бүтцийн хувьд гадуураа эмаль паалан, дотроо дентин гэж яснаас ч хатуу эдээс тогтсон мэдрэлийн болон цусны судсаар холбогдсон өвөрмөгц тогтоцтой эрхтэн юм.

Адууны насыг тодорхойлох үндсэн үзүүлэлт нь тухайн адууны төрсөн сар, хоног хугацаа байдаг ба манай орны нөхцөлд адуу нь 5-7 сард нийлүүлэг, үржилд орж гүү ихэнхдээ 4,5,6-р сард унагалдаг. Унага ихэнх тохиолдолд шүдгүй төрдөг бөгөөд нас нэмэгдэхийн хирээр шүд ургаж гүйцдэг бөгөөд нас гүйцсэн адуу 40 шүдтэй, гүү соёогүй байдаг ба 36 шүдтэй байна. Гэхдээ хааяа эрмэг гүүнд соёо ургах нь байдаг хэдий ч энэ нь төдийлөн элбэг тохиолдоод байдаггүй.


Дээд эрүүнд Үш 6+Со 2+ Ар 6+ 6

Доод эрүүнд Үш 6+Со 2+ Ар 6+ 6

Таних тэмдэг:  -  Үш- үүдэн шүд

  • Со- соёо
  • Ар- араа

                        

Өсвөр адууны унаган буюу сүүн шүд ургах, элэгдэж тэгшрэн унаж байнгын шүдээр солигдох хугацаагаар тодорхойлдог бол цаашид байнгын шүдний цөгц элэгдэж хэлбэр нь өөрчлөгдөх, цөгц бүрэн арилах   байдлаар түүний нас, үржилд  ашиглах хугацааг тодорхойлдог.

        Адууны шүд солигдож ургах үйл явц бүтэн жилийн туршид явагддаг бөгөөд Монгол адууны шүдний өөрчлөлтийг Монгол орны бэлчээрийн маллагааны нөхцөлд жил, улиралын хөдлөлзүйгээр нарийвчлан судалж тогтоосон судалгааны материал өнөө хир байхгүй байна.

Хэвлэлийн тоймоос үзэхэд бэлчээрийн маллагаатай манай орны нөхцөлд адуу ихэнхдээ сүүн шүд элэгдэн унаж, байнгын ясан шүдээр солигдож шинээр шүд цухуйх үйл явц хуанлийн 11-12 сард эхэлж хавирах ирмэг гадаргуу нь 5-6 сард түрж урган тэгширч ирдэг тухай тэмдэглэн үлдээсэн байдаг. Зуны дунд сар буюу 7-8 сард болж байгаа наадмын үед шүд үндсэндээ солигдож ургаж  гүйцсэн байдаг бөгөөд миний энэхүү бүтээлд үзүүлж байгаа шүдний ургалтын байдал нь шүд бүрэн солигдож дууссан 7-р сарын үед авсан фото зураг ашигласан болно.  

Унага өвс гоочлох үеэсээ үүдэн гол хоёр шүд цухуйж эхэлдэг. Хоёр нас хүрэхэд голын үүдэн хоёр шүд унаж байнгын шүдээр солигдно. Нэг нас хүртэл унага, өвөл сарваа гэж нэрлэх бөгөөд нэг нас хүрэхээр нь даага гэж нэрлэдэг. Хоёр настай адууг шүдлэн гэнэ. Даага болон шүдлэн адууны шүд ижилхэн сүүн шүд байдаг. Шүдлэнгээс хязаалан насанд шилжих үеэс эхлэн сүүн шүд байнгын ясан шүдээр солигдох үйл явц эхэлдэг. Энэ үед сүүн элэгдэж  доош сууж шүд нь унадаг тул өвс тэжээл тасдаж идэх чадвар муудаж энэ хирээрээ тарага тэвээрэгт нөлөөлдөг тул шүдлэнд нь шүт гэсэн үг гарсан байна. Гурван настай адууг хязаалан гэх бөгөөд энэ насанд голын хоёр үүдэн шүд байнгын ясан шүдээр солигдсон байна.  Дөрвөн настай адууг соёлон гэх бөгөөд голын дөрвөн үүдэн шүд байнгын ясан шүдээр солигдож захын үүдэн шүд үлдсэн байдаг ба энэ шүд нь байнгын ясан шүднээс тод цагаан элэгдэж мөлийсөн жижиг шүд байдаг тул малчид хув цагаан гэж оновчтой нэрлэсэн байдаг ба мөн дөрвөн настай адуунд соёо ургадагийг үндэслэн соёолон гэж нэрлэдэг байна. Таван насанд бүх үүдэн шүд ургаж гүйцсэн байх бөгөөд энэ насны адууг хавчиг насны адуу гэж нэрлэдэг. Адуу байнгын шүдтэй болсоны дараа үүдэн шүдний цөгцний элэгдэл, цөгц ховилний хэмжээ хэлбэрээр манай малчид 20 нас хүртэл төвөггүй тодорхойлдог.

Адууны шүдний ургалт, солигдол нь тухайн адууны төрсөн цаг хугацаа, арчилгаа маллагаа тэжээллэгийн нөхцөл байдалтай уялдан тэр бүр нэг хэвэнд цутгачихсан мэт ижилхэн байдгүй бөгөөд энийг морь шүдлэгч хүн солигдсон байдал хэлбэр тогтоцыг нь сайтар харж тодорхойлох хэрэгтэй юм. Мал аж ахуйн практикт эрт гарсан унаганы шүд ижил насны адуунаасаа  эрт солигдон өөрчлөгддөг гэж үздэг ч энийг нарийвчлан судлаж нэг мөр болгосон судалгааны материал өнөө хир алга байгаа юм, гэхдээ дөрвөн сард гарсан унага наадмаас хойш буюу 7-р сард гарсан унагатай харьцуулах аргагүй юм. Зарим ахмад уячдын ярих нь өвөл онд сайн орсон бол шүд нь эрт өөрчлөгдөх, азарган үрээний шүд агталсан үрээнийхээс арай эрт цухуйх гэхчилэн зарим жижиг ялгаа гардаг талаар тэмдэглэсэн байдаг.

Адууны сүүн болон байнгын шүдний цухуйх, ургаж гүйцэх, элэгдэж солигдох хугацааг дараахь байдлаар үзүүлсэн байна.

Адууны шүдний ургалт, өөрчлөлт

Үзүүлэлт

Унаган шүд

Байнгын шүд

Үүдэн шүд

Голын шүд

Төрөөд, эхний долоо хоногт

2.5-3.0 настайд

Дунд шүд

4-6 долоо хоногтойд

3.5-4.0 настайд

Захын шүд

6-9 сартайд

4.5-5.0 настайд

Соёо

=

4.0-5.0 настайд

Аранга араа

=

5.0-6.0 настайд

Солигддог араа

2-р араа

Төрөөд 2 долоо хоногтойд

2.5 настайд

3-р араа

Төрөөд 2 долоо хоногтойд

3.0 настайд

4-р араа

Төрөөд 2 долоо хоногтойд

4.0 настайд

Солигддоггүй араа

1-р араа

=

9-12 сартайд

2-р араа

=

2.0 настайд

3-р араа

=

3.5 настайд

 

Адууны насыг соёны ургалтаар тодорхойлох боломжгүй бөгөөд соёо нь 4-5 наснаас гарч ирэх хэдий ч зарим тохиолдолд 6-7 насандаа ч гарч ирэх нь байдаг. Үүдэн шүд нь дээд, доод талдаа тус бүр 6 шүдтэй нийт 12 шүдтэй байдаг. Энэхүү 12 шүдний элэгдэл үүнээс үүдэж солигдох зүй тогтолд тулгуурлан насыг нь тодорхойлдог.

Адууны шүдний элэгдэл дээрээсээ тэгширч явагддаг бөгөөд шүдний элэгдлээс хамаарч шүдний зуултын  хэлбэр өөрчлөгддөг. Залуу өсвөр адууны дээд, доод эрүүнийшүдний зуулт эгц босоо байдалтай байдаг бол энэ нь нас ахих тутам түүний зуултын хэлбэр налуу байдалтай болж шүдний зуулт хоорондын зай хурц өнцөг үүсгэж өөрчлөгддөг. Дээд эрүүний шүд доод эрүүнийхээс арай өргөн том байдгаас зуултын үед дээд эрүүний захын шүдний голд, доод эрүүний захын үүдэн шүд таардаг. Адууны нас хөгширч шүд элэгдэхийн хирээр дээд эрүүний захын үүдэн шүд дундуураа хонхойж онь гарч элэгддэг. Эдгээр онцлогийг харгалзан үзэж нас гүйцсэн адууны шүдийг тодорхойлдог байна.

Адууг шүдлэхдээ нялхын ба байнгын үүдэн шүдийг сайтар ялгаж таних шаардлагатай байдаг. Байнгын үүдэн шүд нь нялхын шүднээс ямагт хэмжээний хувьд арай том буйланд суух байдал нь арай гүн, урт, цөгц гүн байхын дээр өнгөний хувьд ч арай өөр байдаг. Шүдний цөгц жилд дунджаар 2мм орчим элэгддэг гэж үздэг бөгөөд доод эрүүний үүдэн шүдний цөгц тэгширч элэгдэх үед 6-8 насанд, дээд эрүүнийх 9-11 насанд явагдах бөгөөд 13-15 доод эрүүний үүдэн шүдний цөгцний мөр арилдаг байна.

Сүүн шүд байнгын шүдээр солигдох үйл явц 2 наснаас дээш ихэвчлэн 3 наснаас эхлэн явагддаг. Сүүн шүд бүрэн солигдсоны дараагаас шүд нь нас ахиж элэгдэх тусам шүднийхээ хэлбэр тогтоцыг байнга өөрчлөн хувьсаж байдаг. Доод үүдэн шүд нь дээд үүдэн шүднээсээ хэдэн сарын өмнө солигддог байна. Сүүн шүд нь хаш цагаан өнгөтэй байдөг бол байнгын үүдэн шүд нь шүдний гадна пааланд шар өнгөр сууж энэ нь цаашид нас ахих тутам харлаж ирдэг. Идэш тэжээлийн ядмаг буюу тэжээл дутагдсан үед өсвөр адууны шүдний өөрчлөлт бага зэрэг хожуу солигдох нь байдаг.  

МУ-ын зөвлөх мал зүйч, ХААУ-ны доктор Д.Зоригтбаатар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна