МУ-ын Манлай уяач М.Энхболд: Монгол хүүхдийн эр зориг, монголчуудын эв нэгдэлтэй байсныг онцлон тэмдэглэж байсан

Сэтгүүлч
11-р сарын 07 -нд

Төв аймгийн Баян сумаас Монгол Улсын Манлай уяач цолтон дөрөв төрсөн байдгийн нь нэг нь ММСУХ-ны тэргүүн, УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд юм.  “Ажнай шарга” галын гишүүн тэрээр 1998 оноос хурдан морь уяж уралдуулах болсон бөгөөд 2002 онд Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд болсон “Боржигон-2000” төвийн бүсийн уралдаанд хул соёолон айргийн дөрөвт хурдлуулан том наадмын өм нээж, хоёр жилийн дараа Мөлүү хул азаргаа шүдлэнд нь улсын наадамд түрүүлгэж байжээ. Мөн тэр жилээ уугуул нутаг Баян сумынхаа наадамд очиж азарга, шүдлэн түрүүлгэн, их нас аман хүзүүдүүлж, шүдлэн айрагдуулсанаа дурсах дуртай гэх юм билээ. Түүнээс хойш олон айраг түрүү хүртэн морин жилийн босгон дээр Манлай уяач цолыг хүртсэн юм.

-ММСУХ-ны тэргүүний албыг хаших болсоор багагүй хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудаасаа товч танилцуулаач?
-За даа, миний хувьд би тэгсэн, ингэсэн гэж өөрийгөө ярих жаахан онцгүй л юм. Бусад хүн дүгнэж цэгнэх нь зөв байлгүй дээ. 2013 онд хуралдсан холбооны VI их хуралд ажлын тайлангаа тавьж хэлэлцүүлсэн. Манай уяачид надад дахин ажиллах итгэл хүлээлгэсэн. Ажиллах хугацаандаа Монголын хурдан морины хөгжлийг урагшлуулж энэхүү үнэт өв соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээх чухал юм. Хожмын өдөр бидний үр хүүхдүүд биднийг дүгнэнэ. 


-Би хувьдаа “Монгол уяач-3000” зөвлөгөөнийг ихэд сайшаадаг. Зөвлөгөөн та бүхний хүсч байсан үр дүнг өгч чадсан уу. Орон нутгийн уяачдад ямар асуудлууд тулгамддаг юм байна?

-“Монгол уяач-3000” зөвлөгөөний агуулга бол төв холбоо гишүүддээ хүрч ажиллах, тэдний санал бодлыг сонсон бодлого, үйл ажиллагаандаа тусгах үндсэн зорилготой. Би ч бас үр дүнг сайн болсон гэж дүгнэдэг. Орон нутгийн уяачид маш их идэвхтэй оролцдог. Өнгөрсөн хугацаанд бидний хийж хэрэгжүүлсэн ажлуудад энэ зөвлөгөөний үеэр уяачдын хэлсэн ярьсан санаанууд тусгагдсан юм. Энэ жилээс бид “Монгол уяач-3000” зөвлөгөөнийг сумдад эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна. Монгол улсын бүх суманд очиж уяачидтайгаа уулзана даа. 
-Монгол адуугаа дэлхийн дээд амжилтанд нэг зэрэг хоёр төрлөөр бүртгүүлсэн түүхэн үйл явдлын талаар ярихгүй өнгөрч болохгүй байх. Ер нь энэхүү санаачилгыг хэн гаргасан юм бэ?

-Анх 2010 онд Сэргэлэн бид хоёр ярьж байсан юм. Ингээд 2012 онд бодит ажил болгоё гэж шийдвэрлээд Тэргүүлэгчдийн хуралд танилцуулан шийдвэр гаргасан. Энэ ажлын төлөө олон байгууллага, моринд элэгтэй, сэтгэлтэй олон хүн зүтгэсэн дээ. Анх Монгол улсад Адууны яам байгуулсны 750 жилийн ойг тэмдэглэе, 3000 морь уралдуулж, 10 000 морьтон жагсаахаар төлөвлөсөн. Бидний төлөвлөснөөс 30 гаруй хувиар илүү буюу 11125 морьтон жагсаж, 4249 морь уралдуулж гишүүд, уяачид, малчид маш их дэмжсэн. Нөгөө талаар аливаа зүйлийг хийж бүтээхийн төлөө монголчууд маань нэгдэж хөдөлвөл чадахгүй зүйл байхгүй. Ер нь эвлэж нэгдэж нэг зүйл дээр зүтгэж чадвал бид их зүйлийг бүтээж чадна гэдгээ харуулсан даа. 
-Хүндрэл бэрхшээлтэй асуудал олон байсан байх. Тэдгээрээс хамгийн бэрх нь юу байв?

-Тэр мэдээж ээ. Анх шийдвэр гарснаас хойш дуусах хүртэл бэрхшээлтэй олон асуудал байлаа. Хамгийн гол нь ямар нэг байдлаар морь хүүхэд эндэж осол гэмтэл гарчихгүй байгаа гэсэн болгоомжлол хамгийн их байсан. Нийгмийн зүгээс ч тийм дарамт их байсан шүү. Морьтон монголчуудын морины хийморь, буян заяа түшиж ямар нэг асуудал гараагүй. 4249 хурдан морины уралдааны шөнө бид Хүйн долоон худагийн газрыг усалж байтал үүрээр хур бороо орж тэнгэр хангай хүртэл ивээсэн. Юм гэж их сонин юм билээ. 
-Тэрхүү үйл явдал зөвхөн Монголын бус, Дэлхийн адууны тухайн жилийн онцлох үйл явдлаар нэрлэгдсэн гэсэн. Монголд ирсэн төлөөлөгчид нь тэрхүү үйл явдлын талаар ямар сэтгэгдэлтэй байсан бэ?

-Олон улсын болон Азийн морин уралдааны холбооны бүрэн эрхт гишүүний хувиар бага хуралд оролцоход Гиннесийн амжилт тогтоосон манай арга хэмжээг дэлхийн морины онцлох үйл явдлаар нэрлэсэн. Гиннесийн байгууллага өөрийн 60 жилийн ойн тусгай номондоо эмхэтгэж оруулсан байсан. Гиннесийн байгууллагын дээд амжилтаа бүртгэхдээ баримталдаг зарчим, шаардлага маш өндөр юм билээ. Биднээс их ч зүйл шаардсан. Гиннесийн төв байгууллагын албан ёсны шүүгч Итали эмэгтэй ирсэн. Тэр хүн монгол хүүхдийн эр зориг, монголчуудын эв нэгдэлтэй байсныг онцлон тэмдэглэн хэлж байсан шүү. 
-Танд 11125 морьтон жагсах, 4249 морь уралдахыг харахад ямар сэтгэгдэл төрж байв?
Эзэн Богд Чингис хаан 35 түмэн цэрэгтэй байсан юм билээ. Одоо харилцаа холбоо, техник хөгжсөн үед нэг түм буюу 10 000 морьтон жагсаах гэж бас овоо л юм болсон. Дээр үед 35 түмэн морьтой цэргийг удирдах, дэг журамд байлгах нь цаанаа маш нарийн боловсруулсан өвгөдийн аугаа ухаан байжээ гэж бодсон. Мөн 4249 хурдан морь нэгэн зэрэг гараанаас ухасхийхэд адууны туурайн нүргэлэх чимээ гайхамшигтай байсан. Чингис хааны их байлдан дагууллын үед морьтон баатруудын морин туурайн чимээ нь ялалтын үндэс байсан болов уу гэж бодсон шүү. Ер нь эцэг өвгөдийн сүр хүч, монгол морины эр чадлаар бахархаж огшиж байсан даа. 
-Таны унасан морь өөрийн адуу юу?
-Манай унаган морьд. Эхнэр, хүү, бид гурав морьтой жагссан. Эхнэр бид хоёр ижилхэн ногоон халзан мориор гангарсан даа. 
-Ер нь та хэдий үеэс энэ салбартай холбогдсон юм бэ. Би бол тэргүүн болсноос хойш хэмээн ойлгодог. Тухайн үед тэргүүн болооч гэдэг саналыг хэн танд тавьсан бэ? 
Миний аав чинь Төв аймгийн Баян сумын хүн. Багадаа сурагчдын амралтаар хөдөө аавын ах, дүүгийнд зусна даа. Морь унаж, малчин хүний хөдөөгийн цаг наргүй ажилд өөрийн хэмжээнд тус дэм болно. Би 11 жил Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны даргаар ажилласан. Холбооны ажлын тухайд 2009 онд тэр үеийн найман Тод манлай уяач надад санал тавьж байлаа. Би ч мэдээ орсон цагаасаа л монгол ахуй, морьтой ойрхон явна даа. 
-Хэдий үеэс морь уях болсон юм бэ. Хаана, хаанаас ямар удам угшилтай адуу авч байв?

-2000 оноос эхлэн морь уяж байна. Манай адуу Баян суманд миний дүү нар дээр байдаг. Айхтар үнэ хүргэж авсан адуу бол байхгүй. Гэхдээ Монголын нутаг нутгийн бэсрэг угшлын адууны цусаар адуугаа сайжруулсан. 
-Таны нэрийг гарган хурдалсан хурдан буянгуудаа танилцуулаач?

Миний халзан морь, хонгор азарга, Дүнжингаравт түрүүлсэн зээрд азарга, Мөлүү хул гээд улс, бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан морьд бий. 
-Улс, бүсийн чанартай наадмаас хичнээн айраг, түрүүтэй вэ?

-Морин жилд Монгол Улсын Манлай уяач цол хүртсэн. 
-Уяачийн баяр бахдалыг хамгийн ихээр мэдэрсэн сайхан наадмын дурсамжаасаа хуваалцаач?

-Төрийн их баяр наадам, ер нь том бай жижиг ч бай наадмын босго өндөр. Уяач болгон түрүүлгэх, айрагдуулах гэж ирдэг ч таван адуу л багтдаг хатуу. Мэдээж төрийн наадамд анхны айргаа хүртсэн тэр мөч сайхан байдаг. Гэхдээ их баяр наадамд их насны морь айрагдуулчихаад сууж байх  бас л сайхан мэдрэмж төрүүлдэг юм билээ. 
-Ярилцсанд баярлалаа.

Амжилтын товчоон:

2002 онд Төвийн бүсийн уралдаанд хул соёолон айргийн дөрөв
2003 онд Төв аймгийн 80 жилийн ойд Мөлүү хул даага айргийн гурав
2004 онд АХ-ын 83 жилийн ойгоор Мөлүү хул шүдлэн түрүү 
2004 онд Алтан Овооны их тахилга наадамд Мөлүү хул шүдлэн айргийн тав
2004 онд “Их хурд-3” уралдаанд зээрд азарга ес
2005 онд Өндөр гэгээн Занабазарын 370 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд шарга соёолон айргийн дөрөв
2008 онд АХ-ын 87 жилийн ойгоор хээр шүдлэн аман хүзүү
2008 онд “Заамар-2008” төвийн бүсийн уралдаанд хээр шүдлэн аман хүзүү
2009 онд АХ-ын 88 жилийн ойгоор хээр хязаалан аман хүзүү
2010 оны “Дүнжингаравын хурд” хаврын төвийн бүсийн уралдаанд зээрд азарга түрүү
2010 онд Амарбаясгалант хийдийн нэрэмжит бүсийн уралдаанд хээр хязаалан айргийн дөрөв
2012 оны “Дүнжингаравын хурд” хаврын төвийн бүсийн уралдаанд хүрэн халзан морь аман хүзүү 
2012 онд АХ-ын 91 жилийн ойгоор хүрэн халзан морь айргийн дөрөв
2012 онд Сүхбаатар аймгийн 70 жилийн ой, зүүн бүсийн уралдаанд хүрэн халзан морь айргийн гурав
2013 оны “Дүнжингаравын хурд” хаврын төвийн бүсийн уралдаанд хүрэн халзан морь аман хүзүү 
2013 онд АХ-ын 92 жилийн ойгоор хүрэн халзан морь 18
2013 онд “Их хурд-6” уралдаанд ногоон морь 16
2013 онд Дэлхийн адууны баяр, Гиннесийн дээд амжилтанд бүртгүүлэх уралдааны төвийн бүсэд хүрэн халзан морь айргийн дөрөв
2014 онд “Дүнжингаравын хурд” хаврын төвийн бүсийн уралдааны эрлийз дээд насанд өсгий цагаан хүрэн айргийн дөрөв
2015 онд АХ-ын 94 жилийн ойд өсгий цагаан зээрд даага айргийн дөрөвт тус тус хурдлуулж байжээ.

Тод магнай сэтгүүлийн Төв аймгийн тусгай дугаараас...


1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 197.210.70.163

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. и

    Reply