Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон голдог байсан

Сэтгүүлч
2024 оны 2-р сарын 27 -нд

Өдгөөгийн Монгол төрийн тэргүүн Халтмаагийн Баттулга угтаа төрийн наадамд их морь айрагдуулсан хүн. Түүний нэртэй алаг морь хоёр жилийн хугацаанд улсын наадамд хоёр, бүсийн наадамд гурвантаа айрагдан шуугиулж байлаа. Халуун сэтгэлийн хариу талархал болж ирсэн нүдэнд торохооргүй алаг морийг анх таньж, уясан хүн нь тэр үеийн туслах уяач Ч.Сугар. Эзэн уяачийн хийморийг өргөж, эмээлт хүлгийн шандсыг гайхуулсан алаг морь түүнийг төрийн хишигт уяач болоход голыг нь нугалж ачийг нь хариулсан билээ. Бид энэ мэт сонин түүхийг хөндөхөөр Төв аймгийн Зуунмод сумыг зорин, улсын Алдарт уяач /Тухайн үед Алдарт уяач цолтой байсан/ Чулуунбатын Сугартай уулзсанаа хүргэж байна. Таалан соёрхоно уу?

-Онон Тод манлайн гэрт тоглож өссөн дэрсхэн хүүхдүүд өдгөө энэ үеийн нэрт уяачид болжээ. Та бол тэдний нэг. Гэхдээ би ярилцлагаа аавын тань удам, судар үүх түүхээр эхэлмээр байна? 
-Манай аавын талд морь уядаг хүн байгаагүй ээ, жирийн малчин улс. Өвөө малчин. Харин аав маань уурын зууханд ажилладаг байсан юм. Тиймээс морь уях болсон нь өөрийн чинь хэлснээр Онон ахтай салшгүй холбоотой. Миний ээж Энхтуяа Онон ахын төрсөн дүү нь. Яг дараагийнх нь дүү. Би таван настай тэднийд очоод айл гэр болж тусдаа гартлаа хамт амьдарсан. 
-Хурдан морь унадаг байжээ дээ. Хэдэн настай морь унаж сурсан бэ?

-Таван настайгаасаа л унасан болов уу. Онон ахыг морь уяж эхэлмэгц би унадаг болсон. Нэг жил унаа морь унаад, дараа жилээс нь хурдан морь унадаг болсон. Их л багадаа унаж санагддаг. 

-Тэр үеийнхээ дурсамжаас хуваалцаач?
-Анх Онон ахын хар морийг унадаг байгаад, залгаад хүргэн ах Жигжидсүрэнгийнхээ шарга азаргыг нэлээд унасан. Тэгээд ер нь голдуу ахын битүү морьдыг унаж, улсын наадамд 20,30-аадаар давхиулдаг байсан. Тэгж байтал Билгээ морь унаад, би тавиач болсон. 1989 онд халзан морийг улсад айрагдуулахад нь би тавьж өгсөн юм. 
-Эрт хасагдсаныг бодоход бие хаа томтой хүүхэд байжээ дээ. 

-Лагсдуу байсан юм уу даа. Морьд маань сайжраад арай хөнгөн гээд Билгээгээр унуулдаг болсон.
-Ононгийн шар үе үе сахилгагүйтдэг байсан гэлцэх юм билээ. 
-Унаж яваагаараа Билгээ Ононгийн шар толгой гэгддэг байсан ч жинхэнэ хэрэг таригч нь бид байлаа шүү дээ./инээв/ Сунгаан энэ тэрийг будлиантуулчихаад л байдаг. Одоо сайхан болж дээ. Морь дутуу эргэж, будлиантана гэдэг асуудал байхаа больж. 
-Хэргийн эзэн хэзээнээс уяач болсон юм бэ? 

-2000 оноос юм уу даа. Ганц нэг адуу уяад бага наадмуудад айрагдаж түрүүлгээд л байсан. Харин том наадмын амжилт гэвэл 2002 он болох нь. Онон ахын бэлэглэсэн зэгэл үрээ хязааландаа улсад тавласан.
-Эцэг нь ямар азарга гэдэг билээ? 

-Ахын Өвгөн саарал азарга. Эх нь болохоор тойруулгын цавьдар халзангийн төл ухаа зээрд гүү. Надад хязаалан болох хавар нь өгч байсан юм. 
-Даагандаа уягдсан уу?
-Хусран хэр нь хариугүй туранхай даага байсан юм. Гарч зугтаагаад л суучихдаг. Шүдлэндээ ч бас гавиагүй ээ. Хязаалангаасаа гайгүй давхисан. Улсад айрагдчихаад Дундговийн ойд очиж зургаалж байсан юм. 

-Үрээгээ айрагдана гэсэн тооцоо байсан уу? 
-Байгаагүй ээ. Би өвөл адуугаа аваад оторт явчихдаг юм. Хавар нэг ирсэн чинь зэгэл үрээг оруулаад тэжээчихэж. Зун ирээд ахад туслангаа үрээгээ хардаг. Сунгаануудад хурдан байна аа. Айрагдчихаж мэдэх юм гэж бодсон ч тэгтлээ итгэлтэй байсангүй. Тэр үед манай уяаны морьд хурдан байсан юм чинь. Хязаалан мордонгуут индэрийн хажууд радио чагнаад хүлээж байлаа.  Эхэндээ зарлагдахгүй л байсан. Тэгж байтал үрээнүүд Буянт-Ухаа уруудаад ирэхийн алдад хүүхдийнх нь номер сайн мэдэгдэхгүй зэгэл үрээ долоо, найм руу ороод ирлээ гэж байна. Тэгж байснаа зургаа руу ороод ирлээ л гэнэ. Мөн болов уу, биш болов уу гэж эргэлзэж байснаа хүмүүсийн үзүүр дээр ороод ирэхээр нь нэг хашгираадах сан чинь дайраад тавласан.  
-Бөөн баяр уу? 
-Сайхан л юм билээ. Айрагдчихаар тэгэлгүй яах вэ дээ. Хамгийн түрүүнд ахдаа л их баярлах сэтгэл төрсөн дөө. Цоллуулах гээд зогсож байхдаа хүртэл “Ийм хурдан адуу өгсөн ахдаа баярлалаа” гэж хэлмээр санагдаж байсан. Бэлгэнд авсан адуугаа шууд улсад айрагдуулах завшаан хүн болгонд тохиохгүй шүү дээ.
-Тэгэлгүй яах вэ. Дундговьд уралдах шийдвэрийг хэн гаргасан юм бэ?

-Онон ах. Би гүү бариад, адуугаа хараад үлдсэн юм. Тэгсэн зургаалчихлаа гэсэн. Тэр жил Дундговь будлиантай наадсан юм аа. Их морь будлиад хээр морь хасагдсан гэж байсан. 
-2003 онд соёолон яаж давхисан бэ?
-Тэр жил  би 61-ийн гарам орчимд Онон ахаас тусдаа бие дааж морь уясан. Гэхдээ зэгэл азаргыг Онон ах уясан. Аймгийн 80 жилийн ойгоор Бор үзүүр хүртэл өнгөлөөд татуулчихсан.
-Яагаад?
-Гэдэс нь болохгүй байсан юм. Тэр жил дахиж уралдаагүй. Харин миний зүүнтэйгээс авч уясан загал хязаалан таваар давхисан. Сүүлд Бадамсүрэн гуайд очоод улсад зургаалсан шүү дээ. Над дээр Бадамсүрэн гуайн нэг азарга адуу байдаг байсан юм. Тэрнээс нь уяад айрагдуулж байгаа нь тэр. Уг нь бас нэг зээрд азарга хурдан байсан ч айрагдаж чадаагүй. Тэр жил Говьшанхын хурд болоод тэнд очиж уралдсан чинь аман хүзүүнд явж байснаа гурав, дөрөвхөн километрийн наана шогшоод тэгэхээр нь татуулчихсан. Харин Төв аймгийн 80 жилийн ойд айрагддаг загал үрээ маань дөрвөлсөн.
-2004 онд яаж наадсан билээ. 
-Тэр жил бид нэг дороо уяцгаасан. Зэгэл азарга Батсүмбэрийн ойд аман хүзүүдээд, тэндээсээ “Их хурд”-д очсон хүүхэд нь буруу замаар явуулаад 22-т орсон. Эхний 21 азарганд мотоцикль өгч байсан юм. Зэгэл азарга авч чадаагүй. Дараа жил нь гавиагүй ээ. Тэрний дараа жил 2006 онд их хурдан байсан ч Соёмботой хамт хадуурчихсан. Миний алдаа л даа. Зурхай давж буух ёстой байтал амдаж буугаад хоёр азарга майхан руугаа хадуурчихсан. Уг нь ахыг хэлэхээр наадмын талбай дээр ирж буусан юм. Гэтэл азарганууд маань морины ажил хийж байсан майхан руугаа арилаад өгсөн байсан. 
-Уяач хүн наадмаас наадмын хооронд суралцдаг гэж...?
-Тэр л болсон. Улсын наадмын дараа Эрдэнэтэд болсон төвийн бүсийн уралдаан руу явсан Соёмбо аман хүзүүдээд, зэгэл зургаалсан. Тэгэхэд гурав, дөрвөн цэвэр цусны азарга уралдсан юм. Тэднийг хассан бол түрүү, аман хүзүүнд л баригдах байсан. Зэгэл азарга тэдэнтэй уралдсаар байгаад зургаалсан. 
-Тэндээсээ Архангай явж, Соёмбо түрүүлсэн санагдах юм.
-Тэгсэн. Соёмбо түрүүлж, зэгэл азарга есөд орсон. Олон уралдаад тамиргүй болсон байх л даа. Тэрнээс хойш зэгэл азаргаа бараг уяагүй. Миний зэгэл азарга чинь хаврын уралдаанд олон түрүүлж айрагдсан адуу. 
-Төлүүд нь хэр давхиж байна вэ? 

-Төл цөөнтэй. Уяж байсан юм болохоор цөөн  гүү хураалгадаг байсан. Хишгээ ахад очсон хонгор үрээ улсын наадамд арав гаргаж давхиад, Дундговьд нэг айрагдсан. Ер нь охин голдуу төлтэй. Манайх сүүлийн хэдэн жил отор нүүдэл хийж яваад төл авч чадаагүй. Энэ жилээс арай дээр болж байна. Охин төлүүдээс нь гайгүй юм гарах байх аа. 
-Зэгэл азарга одоо хэд хүрч байна вэ? 
-Энэ жил 20 хүрч байна. Зүүнтээ Онон ах дээр бий. Дажгүй байгаа дуулдана лээ. 

-Сугар Алдартыг Монгол түмэнд таниулсан хар алаг мориныхоо талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч?
-Хар алаг морь чинь Сүхбаатарын Эрдэнэцагааны адуу. Би аваагүй юм аа. 2003 онд зүүн талаас үхэр тууж ирсэн хүн ”энэ морийг танайд үлдчихээрэй гэсэн” гэж хэлээд орхисон юм. Тэгсэн Онон ахын эмч найзынх нь хүүд өгч явуулсан адуу байж. Нөгөөх нь “мал хуйтай айл байхгүй, Ононгийнд аваачаад өгчих” гэсэн юм билээ. Өвөл нь ганц нэг мордсон гайгүй ч юм. Тэгэхээр нь хавар жаахан тэжээгээд зун сунгасан явчих бололтой юмаа. Улсад уралдчих санаатай байсан Онон ах “гүү барь” гээд баахан эмнэг гүүтэй үлдээчихдэг юм. Ах зэгэл азарга, бас нэг гайгүй даага байсныг аваад явчихлаа. 
-Алаг морийг авч яваагүй юм уу?
-Үлдээчихсэн. Би ч бас нэг их тоосонгүй. Номхон юм болохоор нь ойр зууртаа унаж байгаад Шар хөвийн сунгаанд явуулчихсан чинь өнгөлж байна гэнэ. Би унага татаад амжихгүй, Алтанхуяг гээд найзыгаа явуулдаг юм. Нөгөөх маань ирээд “Гайгүй байна. Өнгөлж байна” гэдэг. Тэгж байтал аймгийн наадам боллоо. Би эмнэг гүүтэй явж чадахгүй. Нөгөө найз маань аваад явсан гурав дээр ирж байгаад улсууд руу ханараад дөрвөлчихлөө гэнэ. Намар нь гүү ч гайгүй номхорчихлоо нөгөө хэд маань ч наадмаас ирчихлээ. Би алаг морио аваад хоёр гурван ч бага наадамд түрүүлгэсэн. Тэр өвөл нь Онон ах авч тэжээгээд нэг  айрагдуулж, нэг долоод оруулсан. Тэгээд хавар нь морь уяж байснаа гэнэтхэн “Чи алаг морио аваад яв. Бид хэд арай л таргадуулчих шиг боллоо” гэхээр нь аваад зун нь тусдаа уясан. Авдарын арын сунгаанд гайгүй дөрөв таваар яваад байсан тэр эрчээрээ улсад очоод айрагдсан. 
-Давхар уяагаар Өндөр Гэгээний наадамд аман хүзүүдсэн. 
-Тэгсэн. Дараа жил нь улсад аман хүзүүдээд, “Тамирын хурд”-д аман хүзүүдээд, Эрдэнэтэд гурвалсан.
-Хавар Дүнжингаравт уралдсан уу? 
-Дүнжингаравт уралдаагүй. Өвөл уралдуулдаггүй юм. 
-2005 онд улсад анх айрагдахдаа таны нэр дээр цоллуулсан хэр нь төвийн бүсэд одоогийн Ерөнхийлөгчийн нэр дээр цоллогдсон байна. Хэзээ хийгдсэн ямар учиртай наймаа вэ? 

-Уралдаад ирснийх нь дараа олон хүн “Миний нэр дээр цоллуулчих. Авъя. Төдийг өгье” гэсэн. 
-Хэн, хэн тэгж санал тавих уу?
-Билэгдэмбэрэл, Алтанхуяг гээд олон хүн байсаан. Тэгэхээр нь би өөрийнхөө нэр дээр цоллуулъя. Зарах бол наадмын ар дээр болно биз гээд өөр дээрээ цоллуулчихсан. Тэгсэн наадмын дараахан Онон ах “Батхүү сайн морьгүй юм” гээд өгөхөөр болчихсон байсан. Гэтэл өнөөх нь цааш нь дамжуулаад одоогийн Ерөнхийлөгч Баттулгад бэлэглэчихэж. Өндөр Гэгээн рүү явах гээд замын зардал яригдаж байтал нэг өдөр Батхүү гуайн аав Пүрэв гуай Женко Баттулгыг дагуулаад хүрээд ирсэн. Тэгээд “Ах нь алаг морийг нь авсан. Гэхдээ чи уяж байснаараа уя. Би авч явахгүй” гэсэн юм. Тэгээд Өвөрхангайд айрагдахдаа Ерөнхийлөгчийн нэр дээр цоллуулаад, түүнээс хойшхи бүх амжилт нь Баттулга гэсэн нэрээр явсан.
-Өөрөө ирдэг байсан уу? 
-Хааяа ирнэ ээ.  

-2006 онд улс, бүсийн уралдаанд гурав айрагдаж. Түүнээс хойш амжилт нь тэмдэглэгдээгүй байдаг. 
-2007 онд долоолсон. Уг нь дархан айрагдах уяатай мордсон ч хоцорсон гэдэг шалтгаанаар авч үлдээд араас нь очиж нийлж уралдаад долоолсон ч тооцоогүй. Хүмүүс “Улсад айрагдсан морь шүү дээ, оруулаач ээ” гээд орилоод байдаг. Хэдэн чиггүй цагдаа нар халгаадаггүй. Нөгөө хэдийг чинь гуйж нааш цаашаа гүйж бүр хугацаа алдаад. Тэгээд аргаа бараад тойруулж авч давхиад цэргүүдийн үзүүр дээрээс оруулчихсан чинь хасчихсан байна лээ. Замаас нийлээгүй. Морьд явчихсан хойно араас нь гарч уралдсан байтал тийм шийдвэр гаргасан байсан. 
-Давхар уяагаар хаана уралдсан бэ?
-Эзгүй хойгуур хамаатны ах хүү адуунд унаад хөлийг нь эвгүйтүүлчихсэн байсан юм. Тэгээд дахиж уралдаагүй шиг санагдана. Ер нь давхиж ирээд тэр талаараа харж хэвтчихээд болохгүй. Хатгаж байж арайхийн босгоод байтал намар нь хулгайд алдчихсан.
-Сураг гарсан уу?
-Хулгайчийг нь барьсан ч нэмэргүй, хийчихсэн байсан. 
-Хурдан, хурц гэж мэдээгүй юм  байх даа? 
-Мэдэх нь мэдсэн л байгаа юм. Мөнгө улаан, нүд цагаан гэгч л болсон байна лээ. Би тэгэхэд 20 гаруй тооны адуу алдсан. Зэгэл азаргаа оруулчихсан. 11 гүү нь хамт явсан юм. Бүгд байхгүй.
-Тэр олон тооны адуу алдахад сураг гардаггүй юм байна уу?
-Айхтар хулгайчид. 80 гаруй хүний 400 гаруй бодыг хулгайлж, битүү гражинд хийгээд нядалдаг байсан юм билээ. Олон хохирогчтой гээд хохирол барагдуулаагүй. Цагдаагийнхан ч тоохгүй юм билээ. Саяхан таарсан. Гараад ирчихсэн явж байна лээ. 
-Алаг морь Эрдэнэцагаан сумын хэний адуу вэ?

-Нэрийг нь санахгүй байна. Би дараа нь явж эхийг нь авчирсан. Дээхнэ үед Монголд орж ирсэн үзэмчин айлын адуу юм билээ. Нэлээд чинээлэг хөгшин байсан дуулдсан. Эмэгтэй хэр нь морь мал уядаг. Бөөр нь өвдөөд хотод ирж эмчлүүлсэн юм билээ. Тэгээд, эмчилж байсан эмчдээ талархаад хүүд нь тэр алаг морийг явуулсан байсныг Онон ах унагатай гүүгээр сольж авсан юм билээ. Би эх харлаг гүүг нь Тэмүүжин гэдэг хүнээс авсан.

-Харлаг гүүнээс төл авч чадсан уу?
-Зэгэл азаргандаа хураалгаад нэг жаахан бондойсон зэгэл азаргатай болсон. Гарч зугтааж байгаад суучихдаг юм. Би уяж чадахгүй ч байж магадгүй л юм. Зэгэл азарганы төл бас нэг гүү бий. Тэрний төл даага харин аятайхан адуу болчихож мэдэхээр байгаа. Уг нь хоёр аятайхан байдас байсан зуданд үхээд өгсөн. 
-Алаг морины эцэг нь ямар азарга байсан гэдэг вэ?

-Эрдэнэцагаанд тав түрүүлж, нэг аман хүзүүдсэн халзан азарга байсан гэсэн. Алаг морины төрсөн ах нэг сайн үрээ байсан юм билээ. Хүүхэд хонинд унаж байгаад овооны наадамд уралдуулаад түрүүлгэчихэж. Тэгээд харамсалтай нь ирснийх нь дараа борооны тогтоол усаар услаад эндээчихсэн юм гэнэ лээ.
-Халзан азарганы төлүүдээс өөр хурдалсан адуу бий гэнэ үү? 
-Эмгэнийг өнгөрсний дараа хүү нь гэж будлиу нөхөр адууг нь дуусгачихсан юм билээ. Нутгийнхан нь уг нь олон малтай айл байсан хүү нь бүгдийг нь хатуу юманд өгөөд дууслаа гэж байсан. Намайг очиход халзан азарга, харлаг гүү хоёр үлдсэн байсан. Би гүүг нь авсан. Азаргыг нутгийн нэг хүн авсан гэсэн байх аа. Харлаг гүү надад ирээд дөрөв унагалснаас хоёр төл нь байна.
-Эмээтэй уулзвал чухал юм ярих байж дээ. 
-Тэгэх байсан байх. Алаг морь улсад айрагдахад уг нь хотод байсан юм билээ. Гэхдээ манай уяан дээгүүр ирчихээд оролгүй явчихсан байсан. 
-Алаг морины медалиуд хэнд хадгалагддаг юм бэ? 

-Надад бий. Улсын наадмын хоёр, бүсийн наадмын гурван медаль нь бүгдээрээ надад хадгалагддаг юм.
2005 оны улсын баяр наадам таны хувьд тод дурсамж үлдээсэн байх. Хязааланд түрүүлдэг Ц.Энхбатын -Холхоон зээрдийг та уясан гэдэг бил үү? Зээрд азарга тань Сүхбаатар сумын адуу байх аа?
-Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын адуу (Андуурав бололтой. Холхоон зээрд Сүхбаатар сумын Ойлон хэмээх Баттөрийн адуу гэдэг. Сур). Тэр өвөл нь намайг морь уяад өгөөч гэсэн юм. Тэгээд л Алтанхуяг, Эрдэнэ-Очир, Энхбат гэсэн гурван хүнийг морийг уядаг болсон. Зээрд үрээ чинь эхлээд хэл нь хатаад явдаггүй адуу байсан юм аа. Ард л үлддэг. Тэгээд эмчилгээ энэ тэр хийсэн хэл хатахаа байгаад сунгаанд хойноос нэхэж ороод ирдэг. Нэг өдөр соёолонгуудтай сунгасан чинь хамаагүй явж байна. Тэгээд л энэ хурдан юм байна гэж мэдсэн юм. Тэгээд улсын наадамд очсон. Мордохынхоо өглөө их аятайхан байсан юм аа. Тэгээд манай хүн дэлийг нь сүлжээд мордуулсан. Гурав, дөрөв дээр зарлагдаж байгаад Бадамсүрэн гуайн эрлийз борыг дийлээд түрүүлсэн дээ. Дараа нь Өндөр Гэгээний наадамд хоол нь ихдээд 11-ээр давхисан. Тэр намар нь би мал хуйгаа аваад зүүн тийшээ явахаар болж Энхбат ах адуугаа авсан. 
-2007 онд Монгол улсын Алдарт уяач цолыг хүртсэн бил үү?

-Тэгсэн. 

-2002 онд анх төрийн наадамд морь айрагдуулж байсан. Таван жилийн дараа улсын цол хүртжээ. Зарим нэгэнтэй харьцуулахад богино хугацаа шүү?
-Сайн морь таарч, аз эз ивээсэн биз дээ. Алаг морийг анх харсан хүмүүс бүгд голсон. Онон ах хүртэл шүү. “Ийм адуу явах уу?” гэж байснаа гайгүй давхиад ирсэн чинь “Өө энэ чинь явахаар юм байна” гэсэн.  Цуг адуунд давхидаг Жамсранпүрэв гээд ах байсан юм. Тэр ах “Чи үнэхээр таньсан байх аа. Тэрнээс энийг чинь хүн болгон л голдог байсан шүү дээ” гэж байсан. 
-Гурван адууны амжилтаар улсын Алдарт уяач болж. Залуу хүн аархмаар санагдах уу?

-Баярлахаас илүү балмагдаад булан бараадаж зогсож байгаад л гарч ирсэн. Харин  ордноос гараад иртэл аймгийн наадамд хязаалан үрээ түрүүллээ гэж утсаар яриад. Тэр л их сайхан бэлгэшээлтэй санагдсан даа. 
-Сүүлийн жилүүдэд хаагуур наадаж байна вэ? 

-2015 онд Увс аймгийн 90 жилийн ой, баруун бүсийн уралдаанд найзынхаа азаргыг уяж аман хүзүүнд давхиулсан. Өнгөрсөн жил бас нэг найзынхаа бор морийг Говь-Алтайн бүсэд гурваар давхиуллаа. 
-Тантай уулзчихаад Аварга хээрийн талаар асуугүй өнгөрвөл уншигчид зэмлэх биз. Хээр морийг таньсан түүхээс хуваалцаач?
-Болдоогийн /Манлай уяач Батболд/ хадам аав Ганхүү ахын ах Алагаа гэж хүн байсан юм. Тэр ах тэрүүгээр явж наймаа хийдэг. Ганхүү ах бид наймаанд ирсэн адуу малыг нь цуглуулах гээд явж байсан чинь овооны наадам болж байхтай таарсан юм. Тэнд хээр морь түрүүлээд. Эзэнтэй нь уулзсан битүү морь гэнэ. Тэгээд л наймаа яриад авах болсон доо.
-Энэ мэтчилэн хурд таньсан түүх олон уу?
-Лоолойгийн хүрнээс эхлээд ганц нэг адуунд цуг явсаан. Хүрэн азаргыг Мөнххаанд түрүүлээд байхад нь Онон ах бид нар очиж хараад “Дүү зээрд шиг азарга байна. Төрийн наадамд байнга орох байх аа” гэж хэлж байсан. Тухайн үед Алтангэрэл Тод манлай “Амыг чинь мялаагаад анхны төлийг нь өгнө өө” гэж байсан. Тэгээд л нээрэн хойтон жил нь улсад түрүүлсэн дээ.. 
-Мялаалгын төлөө өгсөн үү?
-Өгөөгүй ээ. Тухайн үедээ сэтгэл нь хөөрөөд л тэгээд хэлчихсэн байх. 
-Сайн их насны морь гэвэл...
-Талийгч Энэрэл ахын хар морь байна. Наймаа хийчихээд ирсний дараа би Галшар очиж, хөтөлж ирсэн юм. Тэгэхэд Онон ах “За ямар морь байна” гэхээр нь “Янзын морь шиг байна л” гэсэн.  Үнэхээр ч өөр төрсөн адуу байсан шүү. 
-Сайн морь ямар шинжтэй байдаг юм бэ? 

-Унаанд сайн морь нэг шинжтэй. Уяанд сайн морь өөр шинжтэй байдаг. 
-Уяхад сайн нь ямар шинжтэй байх вэ?
-Холхон унаад явахад биеэ аваад хөнгөрөөд байгаа морийг уяхад гэмгүй. Харин шарвалзаад хөөрөөд байгаа адуу ч дээ. 
-Таны амьдралдаа харж байсан хамгийн сайн адуу...

-Онон ахын Өлгөр хонгор л аргагүй хурдан адуу байсан. Улсад шүдлэн түрүүлж, хязаалан дөрөвт орсон. Соёолон азарга хатгаа авчихсан байхад нь мэдэлгүй Дорнодоос ачиж авчраад эндүүлчихсэн юм. Тэгж эндээгүй бол их олон баярлуулах байсан адуу. 
-Онон Тод манлайг адуу мал  эмнэж домнохдоо  гаргуун гэдэг. Та тэр эрдмээс нь суралцав уу? 

-Бүх л зүйлийг тэр хүнээс сурсан болохоор ойр зууртаа хатгана аа. 
-Алдарт адууныхаа угшлыг танилцуулаач ? 
-Мэдээж дийлэнх нь ахын /Онон Тод манлайнх/ адууных. Дээр нь тойруулга гаралтай адуу байна. Мөн Хэнтийн Мэндээгийн халтар азарганы төл бий. Мөрөнгийн адуу нэлээд бий. 
-Халтар азарганы төл яаж давхисан бэ?
-Миний хээрээс бусад нь улс, бүсэд орсон. 
-Таны хээр яагаад айрагдаж чадаагүй юм бэ?

-Тэвчээргүй зангаасаа болоод. Шүдлэн байхад нь азаргатай уралдуулаад хөлгүй болгочихгүй юу. Шүдлэн үрээ азаргатай уралдаад хоёр, гурав ч түрүүлээд хөл нь муудчихсан. Энэ жил есөн настай азарга гүү хураагаад явж байна. 
-Удам залган уяа эвлүүлэх залуусаа танилцуулаач. 

-Манайх хоёр хүү, нэг охинтой. Хоёр хүү хоёулаа моринд дуртай. Хотынхон өөрийнхөө хүүхдээр унуулдаггүй л гэдэг. Манайхан бол цөм өөрсдийнхөө хүүхдээр унуулдаг. Энэ хоёр яваандаа уях байлгүй дээ. 
-Эргэлзэхгүй байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Уясан хүлгүүд нь урам сэргээн хурдлах болтугай. 

-Ерөөлөөр болог.

"Тод магнай" сэтгүүлийн Төв аймгийн Зуунмод сумын тусгай дугаараас...


3 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 129.0.204.210

    Real OR fake Novelty Passports, Drivers Licenses, ID cards , Visas, Diplomas and many other documentsOur team has years of experience producing real passports,passports and other identity documents. We use high quality equipment and materials to produce counterfeit documents. All secret features of real passports are carefully duplicated for our falsified documents.we are unique producer of quality documents.We offer only original high-quality fake passports, driver|s licenses, ID cards, stamps, Visa, school Diplomas and other products for a number of countries like:USA, Australia, Belgium, Brazil, Canada, Italian, Finland, France, Germany, Israel, Mexico, Netherlands, South Africa, Spain, United Kingdom. This list is not full.To get further more detailed information about our high quality Authentic and passports/driving licenses/id cards/ stamps, Visa, school Diplomas and other product Email ( lifiben@gmail.com ) TEXT/CALL/WHATSAPP : 951-254-2452 https://clean-docume nts.com

    Reply
  • 103.57.93.238

    Сайхан ярилцлага болжээ найздаа амжилт хүсэе

    Reply
  • 66.181.161.41

    Сайхан түүх унших ч гоё шүү

    Reply