“Хасу мандал” холдингийн захирал Ч.Мөнхбат: Адууны угшил, хүний удам хоёрыг худлаа хэлэх хамгийн том нүгэл

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 12 -нд

Монголын хамгийн олон уншигчтай, хамгийн хямд, мэдээллийн хамгийн өргөн агууламжтай сэтгүүлийн маань “Тод магнай зочин” булангийн энэ удаагийн зочноор Архангай аймгийн Морин спорт уяачдын холбооны тэргүүн, “Хасу мандал” холдингийн захирал Ч.Мөнхбат оролцож байна. ”Тод магнай” булангийн сэтгүүлчид Архангай аймагт ажиллахдаа түүнтэй уулзаж, ийнхүү ярилцсан юм.
-“Хасу”-гийн Мөнхбат гэхээр таныг эндхийхэн анддаггүй юм байна. Компанийн чинь нэр ямар нэг учир агуулдаг биз?
-Манай компани 1997 онд байгуулагдсан. Хасу гэдэг нэрийн тухайд миний аав, ээж, гэр бүлийхний маань төрсөн нутаг Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хануй голыг Зая гэгээн нэгэн бүтээлдээ Хасу гол гэж бичсэн байдаг юм. Нэгдүгээрт нутгийн голын маань нэр байгаа юм. Хоёрдугаарт Хасу гэдэг нь хаан суудал гэсэн үг. Тиймээс нутаг усныхаа нэрийг оруулаад компаниа ингэж нэрлэсэн. Манай компани “Хасу холдинг” гэсэн нэртэйгээр Улаанбаатар хотод 6, Архангай аймагт 7 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж 2000 орчим хүнийг ажлын байраар хангаж байна.
-Бизнесийн энэ их ажлын хажуугаар олон нийтийн байгууллага толгойлно гэдэг хүндрэлтэй байдаг байх. Би Архангай аймгийн МСУХ-ны тэргүүний чинь хувьд асууж байна л даа?
-Аймгийнхаа морин спорт уяачдын холбооны тэргүүнээс гадна Үндэсний бөхийн болон Шагайн холбооны тэргүүлэгчээр ажилладаг. Ер нь нэрлээд байвал нэлээд хэдэн сонгуульт ажилтай шүү.
-Бид энэ удаа адуутай холбоотой сэдвээр ярилцах ёстой?
-Манай аймгийн холбоо 31, сумдын холбоо 21 тэргүүлэгчтэй. Дөрвөн жилийн өмнө энэ холбоог авчихаад холбооныхоо гол зорилгыг олон зуун жилийн түүхтэй морин спортын уламжлалыг алдагдуулахгүйгээр хөгжүүлэх, нутгийнхаа адууны угшлыг сайжруулах гэж тодорхойлж байлаа. Түүндээ ч ямар нэг байдлаар хүрсэн гэж боддог. 2006 онд бид “Тамирын хурд” бүсийн уралдааныг Батцэнгэл сумын нутаг Тоглохын талд зохион байгуулсан.Би тэр уралдааныг морин спортын бас нэг түүх гэж боддог. Архангайчууд баян таргандаа биш зургаан насны морьдын түрүү бүрийг УАЗ-469 машинаар мялааж, шөвгөрсөн бүх морьддоо мотоцикль, бүх унаач хүүхдүүддээ 10.000 төгрөг өгсөн. Тухайн үед та нар яасан баярхуу юм, энэ мөнгөөр хэдэн жижиг үйлдвэр байгуулчихсан бол өдийд өчнөөн хүн ажлын байртай, насны хоолтойгооо залгачихсан байгаа гэж зэмлэж байсан.Тэр хүмүүсийг буруутгах аргагүй ч түүх соёлоо доогуур үнэлж болохгүй. Бид морин уралдааны бай шагналд жишиг тогтоосон гэж бодож байна. ”Тамирын хурд” болдог жил улсын наадмын зургаан нас будилж, уяачид гундуу байсан. Тэдний гомдол “Тамирын хурд”-д очиж тайлагдсан. Энэ жилийн улсын баяр наадамд ашигласан нэг талаар нь тууж олсны ард оруулаад нэгэн зэрэг гаргадаг тэр аргыг бид анх Тамирын хурдныхаа үеэр ашигласан.Бидний санаачлагыг улам боловсронгуй болгоод улсын наадамд ашиглаж байна.Энэ санаачлагыг маань үнэлж 2007 оны ММСУХ-ны “Шилдэг холбоо”-гоор шалгаруулсан.Энэ бол бидний морин спортын хөгжилд оруулсан хувь нэмэр. Харин нутгийн адууны удам угшлыг сайжруулах тухайд бол үр дүн нь Монголын шигшмэл хүлгүүд тоосоо өргөдөг “Их хурд-4” уралдаанд Архангай аймгийн гурван адуу эхний гуравт хурдалснаар харагдлаа. Тэгээд уяачдынхаа ур чадварыг дээшлүүлэх хэрэгтэй гэж үзээд Онон, Дуламсүрэн, Аюуш нарын Тод манлайнуудыг урьж морины уяа, заслын талаар зөвлөгөө авсан. Аюуш, Дуламсүрэн 2 чинь манай аймгийн улсууд шүү дээ.
-Хоёр тод манлай, гурван манлай арав гаруй Алдарттай аймаг юм биздээ?
-“Тод манлай” сэтгүүлийг “Хийморь” сонин байхаас нь уншдаг байлаа. Ер нь монголын бүх уяачид уншдаг. Тиймээс энд нэг зүйлийг хэлэх гэсэн юм. Манлай уяач Ганхуяг, бидний дуудлагаар бол Бандгаа маань одоогоос 5-н жилийн өмнө надтай уулзаад “Мөнхбат ахаа би уг нь Архангай аймгийн Төвшрүүлэх сумын хүн юм байгаа юм шүү дээ.  Амьдралын эрхээр Төв аймаг явсан юм шүү. Нутаг орныхонд маань хэлж ярьж байгаарай” гэсэн юм. Тэгэхээр Ганхуяг маань хэзээ нэгэн цагт энэ сайхан алдар нэрээ нутаг устайгаа холбож хэлэх байх. Бандгаагаас гадна Төрбат, Доржоо, Самдан  нарын дөрвөн Манлай уяачтай. Мөн Доржпалам, Төмөрчөдөр, Найманжин, Чулуунпүрэв, Дамдинсүрэн нарын 15 улсын Алдарт, 42 аймгийн Алдарттай. Баяр наадмын тухай хуулинд сумын наадамд 8 түрүү, 16 айраг авсан хүнд сумын аларт цол олгоно гэж заасан байдаг ч насаараа морь уясан, морь нь сумынхаа наадамд айрагдаж шөвгөрч түмэн олноо баясгаж явсан 70-аас дээш настнууддаа энэ цолыг харамгүй өгье гэж шийдсэн.
-Насаараа морины хийморьт сүсэлсэн тэдэнтэй барьцах хүн гарахгүй байх.Таны хувьд хэдэн жил морь уяж байгаа вэ?
-Адуучин аавын хүү билээ гэдэг шиг, миний бага нас морин дэл дээр хийсэж өнгөрсөн. Аав, ээж хоёр маань Эрдэнэмандал сумын уугуул, малчин хүмүүс. Ээж маань аймгийн 2 удаагийн аварга саальчин, аймгийн депутат  байлаа шүү дээ. 1997 онд нутагтаа ирснээс хойш эцэг эхээс үлдсэн адуун сүргийнхээ угшлыг сайжруулах тал дээр ихээхэн анхаарсан. Түүний хүчинд 15 угшлын 400-аад адуутай болсон.
-Түрүүн адуу усалж байхад ажиглагдаж байна лээ?
-Адууны угшил, хүний удам 2-г худлаа хэлэх хамгийн том нүгэл гэж хөгшчүүл ярьдаг. Олон угшлын адуу цуглуулж хурд бий болголоо гэхэд би бүгдээр нь уралдахгүй шүү дээ. Хамгийн гол нь нутагтаа хурд тогтоох л гэсэн юм. Төрийн наадамд тав дахиа түрүүлээд байгаа шарга азарга бол тэнгэрийн хүлэг хэмээн амтай бүхэн ярьж байна. Шарга азарга Тогоруу угшлын адуу. Тогоруу адууны угшлыг хөөвөл будёны үүлдрийн адуу шүү дээ. Архангайгаас яагаад Тогоруу үүлдрийн адуу төрж болохгүй гэж бодоод цэвэр будёны үүлдрийн азарга авчирсан. Энэ жил анхны төл нь гарсан. Ер нь адууны угшил сайжруулах гэдэг ганц нэг жилийн ажил биш олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр шим байдаг. Түүнийг маань бурхан хардаг байх. Энэ жил анх удаа улсын наадамд уралдлаа. Их насны морь Цагаан хөтөл хүртэл айргийн тавд давхиж байгаад есөөр орж, соёолон үрээ маань долоод давхисан болохоор сэтгэл их хангалуун байгаа. Цаашид хан Богд уул, хатан Туул эхийнхээ ээлд багтан жил бүр төрийнхөө наадамд тоосоо өргөнө гэж  бодож байгаа. Хүн мал аль алинд нь сурах юм байдаг юм байна.
-Адууныхаа удам угшилд анхаарал тавьсан арван жилд ямар амжилттай наадсан бэ?
-Энд байгаа медалиудыг тоолж байж гаргах байхдаа./унинд өлгөөтэй байгаа медалиудруу заав/. Одоогоос гурван жилийн өмнө аймгийн Алдарт уяач цолыг аймгийн чанартай наадмаас зургаан түрүү, 12 айргаар авдаг бол би 16 түрүү, 26 айргаар авсан.
-Улс бүсийн чанартай наадмуудад хэрхэн наадаж байв?
-Алаг азарга маань “Тамирын хурд” бүсийн наадамд даагандаа гурваар, хүрэн морь маань тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ой, Хэнтийн хөдөө аралын даншигт дөрвөөр, бор азарга маань АХ-ын 82 жилийн ойн баяр наадамд даагандаа дөрвөлж, Өвөрхангай аймагт болсон хаврын бүсын уралдаанд аман хүзүүдсэн. Морьдоо гаргачихаад залбирч суудаг даа. Түрүүлээд ирж байгаа морины туурайнаас гарсан тоос мянган ламын утлагатай тэнцдэг юм гэнэ лээ.
-Даатгал хээр азарганы уяач Сүхээ таны морьдыг уядаг болсон гэж сонссон?
-Тиймээ. Аав нь Тариат сумын уугуул манай ахтай худ ургийн холбоотой. Нутаг усандаа татагдаад гэрээрээ шилжээд ирчихсэн нь энэ.
-Түрүүн харж байхад адуундаа нэлээд чамбай ханддаг юм байна. Уяачдаа мөн тийм шаардлага тавьдаг уу?
-Морьтой холбогдсон хүмүүс ёс жудаг гээч юмыг их дээдэлдэг болчихдог. Уяачтай гэхээр л адуугаа ч таньдаггүй, цагаан гартан гэж боддог юм шиг байгаа юм. Би бол гадаа байгаа 400-аад адууг удам судар, амжилтыг нь толгой дараалан хэлж чадна. Дээр нь Архангай аймагт түүх болж уралдсан олон адууны амжилтыг угшилтай нь хэлж чадна. Яагаад гэхлээр би Архангай аймгийн баяр наадмын морины комиссын даргаар 10 жил ажиллаж байна. Эхлээд түрүүлсэн, хурдан байсныг нь нүдэлдэг байсан бол сүүлдээ ганц нэг морь таньдаг болчихдог юм байна. Аймгийнхаа морьдыг мэддэггүй тэргүүн байж болохгүй биздээ./инээв/ Мориныхоо уяанд их оролцоно шүү. Уяачтайгаа байнга зөвлөнө. Өвөл, хаврын уралдаанд оролцох морьд хажууд маань байдаг болохоор өглөө босоод мориныхоо баасыг цэвэрлэнэ, хоолыг нь өгнө. Үүнийгээ үүрэг юм шиг л хийнэ шүү дээ.
-Энд ирээд уулзсан морь уядаг залуусын ихэнх нь бизнесменүүд байдаг юм байна. Бооцоот уралдаанд хурд сорино биз?
-Сориноо. Түүхий эдийн бизнес эрхэлдэг хэдэн залуучууд нэлээд том тоотой бооцоо тавьж соёолон уралдуулж байсан. Эрчүүд гэдэг чинь янзын улс шүү дээ. Сонин юманд баярлаж, кайф авч байдаг. Өвөл ч гэсэн байсхийгээд л бооцоо тавьж уралдана. Бидний гол зорилго бол оролцогчдын хүрээг тэлэх.
-Нууц биш бол бооцооны ханшийг сонирхуулаач?
-Доод тал нь сая төгрөг, мотоциколь л гэж ярина шүү дээ.
-Морь уяснаасаа хойш би их өөрчлөгдсөн гэж ярих хүнтэй нэг бус таарч байлаа. Та өөрийгөө шинжиж байна уу?
-Би ямар ч үед нэг л зангаараа хүнийг хүндэтгэдэг. Өөрөө тийм байхыг хичээдэг. 10 жилийн өм?ө Архангайд ирсэн Мөнхбат жаахан хөгширсөн ч зан аашийн хувьд хэвээрээ байгаа байх л гэж боддог. Гэхдээ чамайг хэлсэн чинь ёс жудаг гэдэг юмыг их ярьдаг болсон санагдана. Ер нь морь уясан хүн хүссэн хүсээгүй ёс заншлаа дагадаг, шүтлэгтэй болдог юм шүү дээ. Мориноос өөр зүйл сонирхохоо больдог. Өмнө нь найзуудтайгаа дарвиад анд явдаг байлаа. Сүүлийн 3 жил буугаа гаргасангүй. Найзууд маань тоглоом шоглоомоор “бууны гол зэврүүлчихлээ” л гэдэг юм. Ер нь товчхондоо бол амьтан хайрлах сэтгэхүй дээд цэгтээ л тулдаг юмуу даа. Ямар сайндаа морь уяж байгаа үедээ ялаанд дээрэлхүүлээд сууж байхав./инээв/
-Хэр шүтлэгтэй вэ гэж асуумаар санагдлаа?
-Монгол хүн ёсоо ярихгүй байна гэж юу байхав дээ. Би өөрийнхөө хүрээнд л ёс төртэй хүн. Монгол төрийн маань баяр цагаан сар, наадмаа хүндэтгэдэг. Ялангуяа морьтой холбоотой ёс төрийг зөрүүлэхгүй байя гэж боддог шүү.
-Сонгуульт ажил гэдэг дарж байж сахил хүрэтхийн нэр биш байх. Эрийн гурван наадмын нөгөө хоёр төрөлд хэр вэ?
-Сонирхолгүй яахав. Тэглээ гээд барилдаад, харваад байхгүй. Харин бокс тоглоно шүү. Нэг үе шигшээ багт тоглодог байлаа шүү дээ.
-Гэр бүлээс нь нэг нь л моринд ороход бусад нь хүссэн хүсээгүй татагддаг. Танай гэр бүлийн хувьд?
-Манайхан бүгдээрээ уяач шахуу, тоглосон юм./инээв/ Уяач нь хаашаа юм гэхдээ бүгд морь сонирхоно. Хэдэн жилийн өмнө нэг хүүгээс угшил сайтай үрээ авах санаатай бид хоёр манай гэрт хуучлаад, хоол идээд сууж байлаа. Нөгөө хүү таван төгрөг гээд би дөрвөн төгрөгөөр авчих санаатай. Тэгсэн манай эхнэр хажуугаас “авчих авчих би нэгийг нь өгчихье” гэж билээ. Тэр нь одоо өөрийх нь нэр дээр уралддаг. Манайх гурван хүүхэдтэй, том нь охин, хоёр бага нь эрэгтэй. Морины уяа эхэллээ гэснээс хойш хүүхдүүд маань хоорондоо муудаж сайндах нь цөөрөөд байгаа нь анзаарагддаг. Морь гэдэг юм гэр бүлийхэнд хүртэл ингэж нөлөөлдөг. Дунд хүү маань ааваасаа дутахгүй адуунд их дуртай.
-Нийтлэг жишгээс тойроогүй юм байна. Бидний ярилцлага өндөрлөж байна. Манай сэтгүүлээр дамжуулаад сэтгэлийнхээ үгийг Монголын ард түмэнд хүргэх боломжийг танд олгоё?
-За баярлалаа. “Хийморь” сонин бол монголын морь сонирхдог олон уншигчийн хүртээл болж чадсан. “Тод магнай” сэтгүүл болоод бүр ч олон уншигчтай болсон байх. Тийм учраас та бүхний ажилд амжилт хүсье. Цаг зав гарган хөдөө орон нутгаар явж уяачидтай уулзаж байгаад баяртай байна. Өмнө нь сонин уншиж байхад голдуу төв орон нутгийн уяачидтай ярилцдаг байсан. Энэ удаа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6-р багт ирчихээд ийм сайхан яриа өрнүүлж байгаад баяртай байна. Би түрүүн хэлсэн түрүү морины тоос мянган ламын утлагатай тэнцдэг юм гэнэ лээ гэж. Монгол түмнийг маань тэр олон түрүүлээд ирж байгаа алтан туурайтын тоос ивээх болтугай гэж ерөөе.
Танд баярлалаа.
Ш.Бадамрагчаа


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна