Дуучин аваргын дуурсах алдар М.Дашрэнцэн буюу Мөррэнцэн

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 26 -нд

Нутгийн буурлуудтай хуучилж суухад тэд "Ай даа, манай нутгийн хөх Майдарын Дашрэнцэн чинь ёстой мундаг бөх байж билээ. Өндөр нуруу, өргөн ханхар цээжтэй сэргэлэн хурц нүдтэй, тос даасан хүрэн бор царайтай эр сэн. Арван засаг, Даншиг наадамд барилдахдаа алдар цуутай аварга, арслангуудыг "айлгаж" явсан мундаг бөх. Бас төрийн их дууч гэгдэж явсан хүн шүү дээ!" хэмээн магтнам. Майдарын хүү Дашрэнцэн /бөхийн оноо дансанд Мөррэнцэн гэж
бичигдсэн бий/ Бадаргуулт төрийн зургадугаар он буюу 1880 оны цагаан луу жилийн хавар хуучин Сэцэн хан аймгийн Сүжигт бэйсийн / Хэнтий аймгийн Идэрмэг сум/ хошууны нутаг Хэрлэн мөрний урд бие Баян Хүрээгийн уулсын энгэрт төржээ. Эцэг нь нутаг усандаа царай зүсээрээ "хөх", нуруугаараа "өндөр" Майдар гэж нэрлэгдсэн, наадамд гурван даваатай, найранд гурван түрлэг дуутай, бас яггүй бяртай хүн байсан гэдэг. Нэг өвөл хэдэн нөхрийн хамт эрэл эрж яваад ховоогүй худаг дээр ирж унаа морьдоо услахын тулд Майдар талдаа хүртэл ус хөлдсөн ухмал модон онгоцыг нь нэг булангаас хүчлэн өргөж босгоод, хоёр гараар тэврэн худгийн амаар унаган худгийн мөсийг цоолон усалж байсан гэх яриа ч бий, Аваргын ээж Бүтэд гэгч бас л бяртай бүсгүй байсан гэдэг. Нэг өвөл Сэрвэн Хаалгын уулын энгэрт өвөлжиж байхад нь уулын бэлд үхсэн гунан үхрээ Бүтэд баглаж үүрч ирээд, гэрийнхээ гадаа тавьж байсан гэж   ярилцдаг.  Мөн  аавын нь дүү  Мажаа гэж начин цолтой бөх нутгийнхаа тахилгат уул Мөнххааны овоон дээр төлгөн хонины чинээ том чулууг өргөж  тавьчихсан ч гэцгээдэг. Удам судраараа ийм чадалтай айлын хүү  М.Дашрэнцэн багаасаа л үеийн хүүхдүүдтэйгээ дээл хувцасаа уран, дээр доороо орон ноцолдож, хурдан морь унаж эмнэг догшин адуу  номхруулж өссөн гэдэг. Бас сур, шагай харваж уухай хийхдээ сайн болохоор "Хөх Майдарын хөрслөг бор хүү ч юм юманд авхаалжтай юм" гэж нутгийнхан нь магтдаг болжээ. Дашрэнцэн нутгийн дууч, хожмоо хошуу ноён Дэмчигваанжилын хатан болж 30-аад оны үед Улсын төв театрт уригдан ирж олон нэрт дуучдын "чавганц багш" болсон дуучин Чимидцэрэн болон Шүхэр засгийн "хазгар" Амбаа зэрэг хүмүүсээр олон сайхан уртын дуу заалгаж дуу хөгжмийн дундаршгүй их авьяас нь улам дэлгэрч хожмоо хошуу ноёныхоо дэргэдийн дууч болж найр, наадамд явахад нь даган явж дуулж, хуурддаг болжээ. М.Дашрэнцэн дуучийн барьдаг том морин хуур байсан гэх ба урт богино ямар ч дууг ганц, хоёр дуулуулаад л өөрөө дуулж, сонсголоороо морин хуур хөгжмөө чадварлаг тоглодог болохоор  нутгийнхан  нь "Аваргын хуур өөрөө дуугардаг" гэж бахдан ярилцдаг  байжээ. М.Дашрэнцэн хүү адуу малд эртэй, арал чац томтой учир 20-иод наснаасаа үе тэнгийнхэндээ дийлдэхээ байж, бяр суун овоо тахилга, ойр зуурын наадамд зодоглодог болжээ. Нэг жил Сэцэн хан аймгийн наадамд очиж барилдаж түрүүлээд ирэхэд нь эгч хүүхэн нь сонжиж үзэхээр, -Ямар хүн Сэцэн ханы наадамд түрүүлдэг юм бэ, гарч үзье! гэж хэлээд хоёул барилдсан чинь эгч нь хаячихжээ. Ээж нь охиноо аашлан "Бөх болох гэж яваа хүүгийн хийморь гутаалаа" гээд зодох гэж савраа шүүрч аваад хөөж явсан гэдэг. Бяр амтагдаж, хүч орсон М.Дашрэнцэн Мөнххаан уулын овоон дээр авга ахынхаа тавьсан чулуунаас арай том нэг метр орчим урт, 50 см өргөн, 75 см зузаан бор улаан чулууг өргөж авчраад мөнөөх овооны зүүн хойт  талд тавьсан нь одоо ч байдаг ажээ. М.Дашрэнцэн том наадмын зүлэгт ногоон дэвжээнд анх зодоглохдоо 1904 оны Арван засгийн наадамд барилдан дөрөв давсан байна. Дараа нь 1906 оны Арван засгийн наадамд барилдаж шөвгөрөн "Манлай дэлгэрэх, улам нэмэх начин" цол хүртэж бяр чадал бялхаж, баяр хөөр оволзон байжээ. М.Дашрэнцэн начин 1907 оны Даншиг долоон хошууны их наадамд 1032 бөх зодоглохдоо арав давж, 11-ийн даваанд Түшээт хан аймгийн дайчин вангийн хошууны алдарт Ш.Намхай аваргад унаж үзүүрлэсэн байна. 1908 оны Даншигт 1032 бөх барилдахад мөн л Ш.Намхай аваргатай үлдэж 11-ийн даваанд аваргыг баруун, зүүнгүй тонгорч байгаад өвдөг шороодуулан түрүүлжээ. Дэргэдийн дуучин бөхөө даншиг наадамд анх удаа түрүүлээд ирэхэд нь хошуу ноён Сүжигт бэйс Дэмчигваанжил баярлан, -Чамайг сайн бөх гэдгийг Халх Монгол даяар мэдэх боллоо. Одоо сайн дуучин гэдгийг чинь үзье гээд их найр зарлан хийлгэхэд М.Дашцэрэн арслан "Хуурын магнай", "Дөмөн", "Уяхан замбуу тивийн наран" зэрэг олон дууг гаргууд сайхан дуулж шуранхай хийхэд нь найрт цугларсан хүүхнүүд хоолой түрлэг хийж гүйцэхгүй "Энэ том сүрлэг эрээс яаж ийм шингэн нарийн дуу гарна вэ" хэмээн гайхацгааж байсан гэнэ. Тэгээд ч Ардын урлаг судлаач Ж.Бадраа агсан М.Дашрэнцэн аваргыг "Бүдүүнээрээ бүрээ шиг, нарийн өнгөндөө лимбэ шиг хоолойтой сайн дуучин байсан" гэж бичсэн байх юм. Ер нь М.Дашрэнцэн аварга Төрийн дууч гэгдэн Богд Монгол улс, Автномитын үеийн том наадмын нээлтээр "Түмний  эх” дууг дуулж байжээ.М.Дашрэнцэн /Мөррэнцэн/ аваргын  нутгийнхан дуу хуурын дундаршгүй авъяастай билээ. Иймээс ч Монгол ардын уртын сайхан дуугаа уянгалуулан олныхоо сонорыг мялааж явсан сайн, сайн дуучдаа ч гарамгай сайн дуулдаг л дуугаар нь аваргын  "Түмэн эх", Жунайн "Өвгөн   шувуу” Ономын  Дэндэвийн "Дөрвөн цаг”  Д.Дэлгэржавын “Дуртмал сайхан", Б.Лувсангомпилын “Дөмөн” гэх   зэргээр алдаршуулан  нэрлэдэг БАЙЖЭЭ. Энэ       нутагт Чимидцэрэн,  Д.Найдан, Ж.Найдан гээд олон уртын дуучид  байсан  гэх   ба Жунайн  "Өвгөн шувуу"-г Дугаржавын “Шатар”хэмээх Жамбаа О.Дэндэвийн “Дөрвөн цаг"-ийг хүү Загд, Нанзаа  "Найдангийн “Түмэн эх"-ийг  хүү Гомбожав  нь өвлөн авч тэднийхээ дуулдаг өнгө, нугалааг гаргууд гарган дуулдаг байсан гэдэг. Эдүгээ ч Дашцэрэн аваргын хүү  Гомбоогийн Эрдэнэцогт, Т.Баярхүү гэх зэрэг  дуучдаараа энэ нутгийнхан бахархнам. Хошуу ноён Д.Дэмчигваанжил дэргэдийн дууч, алдарт бөх Дашцэрэнг Богдод өргөсөн болохоор  жил  бүрийн Даншиг  наадам болох үед Богд хаан Жавзандамба хутагт  Сэцэн хан аймгийн Сэжигт гүний рүү элч зарж “за гүнтэн аварга, дууч хатан хоёроо  дагуулаад морилон иртүгэй" хэмээн хэлүүлдэг байсан гэнэ. Богд хаантай шадарлан нөхөрлөсөн Дэмчигваанжил ноён бас Хужирбулангын цэргийн ангийн захирагчын албыг давхар хашиж байхдаа дуучин аварга М.Дашцэрэнгээ Хужирбуланд аваачин цэргүүдэд уртын дуу заалгаж байсан баримт бий… хэмээн нутгийн авъяаст хүү урлаг судлалын ухааны доктор яруу найрагч,зураач Ж.Саруулбуян бичсэн байх юм. М.Дашрэнцэн 1912 онд болсон сүүлчийн Даншигт 11-ийн даваанд Түшээт хан аймгийн дайчин вангийн хошууны “мундаг” Лувсандаш арсланг орхин хоёр дахь түрүүгээ авч даншгийн аварга  цолонд хүрсэн байна. Аварга хав дөрвөлжин барьцнаас харцагадаж дарах, давуулж гуядах, баруун зүүнгүй тонгорох зэрэг дархан мэхтэй сайхан барилдаантай бөх байжээ. М.Дашрэнцрэнцэн 1910 оны Арван засгийн наадамд 7 давж түрүүлжээ. Тэрээр 1911 онд 5, 1912 онд 4 давж 1913 онд долоогийн даваанд өөрийн төрсөн дүү М.Жунайдаа өвдөг шороодон үзүүрлэжээ. Мөн 1915 онд 7 давж үзүүрлэн, 1919 онд мөн үзүүрлэжээ. 1919 оны наадамд өөрийн дүү Жунай зааныг амлан авхад нь зарим хүмүүс нэгэн аварга дүүдээ бууж өгч даваа ахиулах нь дээ гэлцэж байтал аварга дүүгээ дэгээ хийхэд нь арагш хүчтэй дарж унагчихаад 8-ын даваанд хүрч барилдсан гэдэг. М.Дашрэнцэн аварга арван засгийн наадамд хэд давчихсан нэг залуу бөхөөс –Дүүгийн нэр хэн билээ гэж асуухад хажууд нь байсан нэгэн нэр цуутай бөх хөндлөнгөөс ярианд оролцож, -Хүү минь наадахдаа нэрээ битгий хэл, энэ даваанд чамайг амлаж авах гэж асууж байгаа юм гэж хариулахад аварга мушилзан инээх аядсанаа, -Тэгвэл нэр цолыг нь мэддэгээрээ чамайг амлая даа гэж хэлээд түүнийг амлан барилдсан гэдэг. Тэгэхэд их бороо орж газар шал нойтон болсон үе таарчээ. Амласан аварга барьж авах гээд хөөгөөд амлуулсан арслан ч зугтаад байж. Аварга гэнэт ухасхийж сэнжигдэж бариад гурав хүчтэй дугтартал өнөөх бөх нь элгээрээ нойтон газар харуулдан унасан гэдэг. Тэгэхэд аваргын дээлийн захыг мушгиж суусан Нанзадын Юндэн агсан, -Аваргыг уурлаж барилдахыг тэгэхэд л харсан юм даа хэмээн хуучилдагсан. Аврга бас нэг зун дүү М.Жунай заан, Гонгор дайчин бэйсийн хошуунд Чүлтэм начин гурвуулаа зэргэлдээ Далай вангийн /одоогийн Сүхбаатар аймгийн Мөнххаан сум/ хошууны наадамд барилдхаар очиж, аварга том эрээн асрын голд морилох Далай вангийн амрыг эрж: -Бид гурав танай наадамд тоосоо өргөх гэж ирлээ гэхэд вантан ч толгой дохин сууна гэнэ. Харин ойролцоо байсан Х.Буянтогтох аварга муухай харж өндөлзөж, -Юу гэнэ, Өндөр Майдарын хоёр манайг үхэж гэж дуулаагүй байгаа, Та хэдийг хэмхчиж хаяна даа хэмээн шүд зуун уурсаж байх юм гэнэ. Наадам ч эхэлж бөхчүүд ч барилдаад байж… дундуур даваанд М.Дашрэнцэнгийн аманд зориудаар өнөөх Чүлтэм начинг оноож дээ. Чүлтэм аваргад унаж, тахимаа өгч ирээд нөхөддөө, -Би аваргатай чадлаараа л үзлээ. Харин аваргын дунд хурууг булгалчих шиг боллоо гэхэд нөхөд нь, -Та яаж байгаа нь тэр вэ? Гэж халаглахад Чүлтэм начин, -Аварга ямар эдэнтэй барилдахад ганц хуруугаар дутах юм биш дээ гээд инээж суусан гэдэг. Үнэхээр ч энэ наадмын үзүүр түрүүнд М.Дашрэнцэн аварга, Х.Буянтогтох хоёр аварга  үлдэж барилдаад Майдрын хүү түрүүлж байсан гэдэг юм. Аваргын хүч чадлын талаар нутгийнхны дунд түгсэн хууч яриа зөндөө бий. Нэг намар тарвагачилж яваад буудсан тарвага нь нүхэндээ ороод үхчихсэн чинь ханцуйтай гараа нүхний амруу шургуулж нүхний магнай амсрын шороо чулууг сэт татан өргөж хаяад буудсан тарвагаа авч байсан гэх ба дэргэдүүрээ өнгөрч байсан тарвагыг нүхэндээ орохоос нь өмнө доштой хавсраад гараараа цохьчихсон чинь арьс нь яз үсрээд цус нөж, чацга баастайгаа холилдсон тухай ч ярих нь бий. Даншиг наадмын аварга М.Дашрэнцэн наадамчин олныхоо өмнө “Улам нэмэх, үнэн хүчит манлайн баясгалант, өрнөн дэлгэрэх, хотлоор баясгах, бардам түрэмгий, баатар зоригт олныг баярлуулагч даяар үзэсгэлэнт үнэхээр итгэлт цогт идэр цог нэмэх аваргаа!!! хэмээн алдар цолоо дуудуулан хангарьдын дэвэлтээр харьшгүй хүчээр хавтай сайхан барилдаж явсан бөх билээ. Сэцэн хан аймгийн Сүжигт бэйсийн  хошууны бөх, алдарт дуучин, даншиг наадмын нэрт аварга М.Дашрэнцэнгийн алдар Монголын хүчит бөх болон дуу хуурын түүхнээ мөнх юм аа.    

 

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.