Ц.Лхагвасүрэн: Дүү минь тэнгэрээс, нутгийн минь уулс ус хажуунаас түшдэг болохоор би одтой нааддаг

А.Тэлмэн
2012 оны 10-р сарын 29 -нд


-Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа?
- Баярлалаа. Юуны өмнө “Тод магнай” сэтгүүлийн нийт уншигч, моринд хайртай ард түмнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтгая.
- Хэзээнээс эхлэн хурдан морины дэл сүүл боож байна даа? 
- Би хотын унаган хүүхэд болохоор аавынхаа нутаг  Дундговь аймгийн Сайхан-Овоо сумаар овоглож явдаг юм. Монгол хүүхдүүдийн л нэгэн адил аавынхаа нутагт очиж амрахдаа үе тэнгийнхэнтэйгээ морь унадаг байлаа. Багын л моринд элэгтэйг маань анзаарсан аймгийн Алдарт уяач Энхбаяр, Ганбат нарын найзууд маань “Чи өөрөө морьтой болбол яасан юм” хэмээн санал тавьсан нь моринд орохын эхлэл байсан гэлтэй. Ингээд 2011 онд аав, хоёр найз, “БОСА” ХХК-ийн баруун бүсийн захирал Гансүх ахтайгаа адуу цуглуулж эхлээд байна.
- Өөрийн адуун сүргээ аль газраас бүрдүүлэв дээ?
- Манай нутаг чинь хурдтай. Гэхдээ энд тэндхийн уралдаанд аргагүй зүүн зүг дийлээд байх юм. Тэр утгаараа Сүхбаатарын аймгийн Асгат сумын Шаравдорж гэдэг хүнээс хар үрээ, хээр даагаа, нэлээд хэдэн гүүтэй авсан. Нутгийнхаа адууг сайжруулах санаатай Сайхан-Овоодоо аваачихаад байгаа.
- Сүүлийн үед шинэ цагийн монгол адуу олширч байгаа. Таны хувьд эрлийз адуу сонирхож байна уу?
- Байхгүй ээ. Монгол адуу монголоороо л байвал зүгээр юмуу гэж боддог юм. Одоо энд тэнд наадамд эрлийз адуунууд монгол адуутай уралдахад ойрын зайд бол яалт ч үгүй эрлийз адуу хөлийн хурдаараа түрүүлчихээд байна. Гэхдээ цаг хугацаа Монгол адуу илүү хурдан, тэсвэртэй гэдгийг харуулна гэдэгт итгэлтэй байдаг.
- Энэ жил нутгийнхаа “Их мандал-2012” говийн бүсийн даншиг наадмаас айраг хүртсэн байгаа. Энэ таны анхны бүсийн хишиг байхаа? 
- Тиймээ. Нутгийн минь даншиг үнэхээр сайхан боллоо. Ойрын хэдэн жилдээ болоогүй дэлгэр зуншлагатай болж наадамчин олны сэтгэл ч тэнэгэр сайхан наадлаа. Говийн бүсийн даншиг наадмыг газар газрын уяачид зорин ирж хурдан хүлгийнхээ шандас юуг сорьсоноос миний хар шүдлэн айргийн дөрөвт хурдалсан. Сэтгэл маш өндөр баяртай, анхны бүсийн айргаа нутгийнхаа дэвжээнээс авлаа шүү дээ. Хар үрээг дааганд нь Сүхбаатараас авсан юм.  Энэ жилээс уягдан нутагтаа нэг түрүү, хоёр аман хүзүүдээд улсад гучин нэгээр давхисан. Тэгээд “Их мандал-2012”-д тав дахь давхар уяагаараа айрагдаж, Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд болсон Өндөр гэгээн Занабазарын Бат-Оршил өргөх даншиг наадамд айргийн таваар хурдаллаа. Энэ жил миний хар үрээ их хурдан байгаа л даа.
- Хар үрээ барианы зурхайд орж ирэх үеийг эргээд дурсвал? Анхны гэдэг утгаараа сайхан дурсамж үлдээж байгаа бизээ. 
- Айрагдсан айрагдаагүй морь, хүүхэд мэнд орж ирэх чинь л сайхан наадам шүү дээ. Гэхдээ олон хоног уяа сойлго гэж явсан уяач хүний хувьд тэр том наадмаас айраг хүртсэндээ үнэхээр сэтгэл догдолдсон. Өөрийн эрхгүй л огшоод нулимс гардаг юм билээ. Хүн болгон баяр хүргээд л. Сэтгэл хөөрөөд юу болж байгаа ч анзаарах сөхөөгүй байсан. Ямар ч байсан “Миний хүү сайн байна, аав нь хүүгээрээ бахархаж байна” гээд аав минь үнсэж байсныг л их тод санаж байна.
Би эхээс хоёулаа. Харамсалтай нь ганц дүү минь 22-тойдоо авто ослоор бурхан болсон. Дүүгээсээ хойш гундуу явсан үе бий. /хоолой нь зангирав/ Тийм ч болохоор миний хоёр найз намайг моринд уруу татаж өдийг хүртэл дэмжиж яваа. Морьтой холбогдсоноор сэтгэл санаа өөдрөг, хийх юмтай зорих зорилготой болдог юм билээ. Одоо бол би ганцаараа биш “тэнгэрээс миний дүү хамт морь уялцан ахтайгаа нааддаг” гэж бодон өөрийгөө тайвшруулах болсон. Дүү минь тэнгэрээс, нутгийн минь уулс ус хажуунаас түшиж байгаа болохоор би одтой наадлаа. Энэ дашрамд хар шүдлэнгийн уяа сойлгыг тааруулдаг Баатархүү ахдаа болон гэр бүлд нь баярлаж явдаг шүү, хамтдаа илүү ихийг бүтээнэ ээ гэж дамжуулъя.
- Хар үрээний амжилтаас дурдвал?
- Хавар овооны тахилгадаа айрагдан. Өвөрхангай аймгийн Сант сумын 81 жилийн ойд аман хүзүүдээд, улсад гучин нэгээр давхин, Дэлгэрхангай сумын 90 жилийн ойд түрүүлэн “Их мандал”, Есөнзүйлд тус тус айрагдсан. Аргагүй хурдан буян даа. Нэг жилд зургаан давхар уяагаар улс бүсийн хоёр айраг хүртэнэ гэдэг сайхан юм шүү. Есөнзүйлийн даншиг наадам маш өргөн дэлгэр сайхан наадам болсон.”Их мандал 2012” наадамд шүдлэнгийн айргийн таван үрээний дөрөв нь айрагдсан. Дэмчигцоодол гуайн “Их мандал”-д түрүүлсэн хул үрээ. Хишгээ ахын бор үрээ, хар үрээ, улсад гурваар давхисан Т.Ганзоригийн хар үрээ гээд халхын хурд чуулсан байгааг харахад бахархмаар бас сүрдмээр санагдаж билээ.
- Моринд сэтгэл зүрхээ өгч яваа хүнийг хурдан тууртын босоо цагаан хийморь ивээж ажил үйлс нь бүтдэг гэлцдэг? 
-Ёстой үнэн үг шүү. Морь уяад хоёр жил болоход миний ажил үйлс маш их бүтэмжтэй байгаа. Манайх хоёр охин, нэг хүүтэй. Морь сэтгэлээ өгсөн хүнд хишиг буянаа харамгүй заяадаг гэж үнэн байхаа л гэж боддог болсон. Энэ хавар аавынхаа төрсөн нутаг Өлгийтийн бууц гэдэг газар  ах дүү нартайгаа нийлж байгаад тахилга наадам хийлээ. Аавынхаа нутгийн уул ус баян хангайг баярлуулсан болохоор бүсийн наадмын хоёр ч хишиг хүртлээ хэмээн бэлгэшээж сууна даа. Овооны тахилга наадамдаа шүдлэн уралдуулж Сайхан-Овоогийн Алтангэрэл уяачийн шарга үрээ түрүүлж миний хар аман хүзүүдсэн. Эндээс урамшсан Алтангэрэл бид хоёр төрийнхөө наадмыг зорьж, шарга үрээ нь есөөр давхисан амжилт үзүүллээ.
- “Төгрөг хайрханы хурд” галынхан энэ жил хэр одтой наадав?
- Манай галыг анх санаачлан зохион байгуулсан хүн нь Сайхан-Овоо сумын Тэрбиш гэж хүн бий. Нутгийн ах өөрөө тэргүүнээр нь ажиллаж байгаад энэ жилээс намайг тэргүүн болгосон. Энэ жил манай галаас аймгийн Алдарт уяач Энхбаяр маань Говь шанх бүсийн уралдаанаас нэг айраг авлаа. Улсад хязаалан үрээ 13-р давхиуллаа.
Манай гал байгуулагдаад хоёр жил болж байна. Төгрөг хайрхан гээд манай нутагт нэг сайхан хангай байдаг. Энэ хангайнхаа нэрээр бид 18-уулаа нэгдээд гал уяагаа байгуулсан юм.
- Галынхаа нэрэмжит наадмыг хийсэн байхаа? 
- Энэ жил галын хоёр жилийн ойн наадмыг хийж,  32 бөх барилдаж гурван доод нас уралдсан. Үндэсний бөхийн барилдаанд аймгийн начин Ганбаатар түрүүлсэн байгаа. Манай галын наадамд Архангай, Өвөрхангайгаас хүртэл морь ирж уралдсан нь наадмыг өргөн дэлгэр болгосон. Хязааланд манай Дундговь аймгийн Хулд сумын аймгийн Алдарт Хуягбаатарын хар үрээ, шүдлэнд Алтангэрэлийн үрээ, дааганд миний хээр даага түрүүлсэн. Жил бүрийн таван сард уламжлал болгон зохион байгуулагдах галын наадамд уяачдыг өргөн дэлгэр ирж оролцохыг энэ дашрамд урьж байна. Анх галаа байгуулаад нээлтийн наадам хийсэн. Дараа нь хуралдаад галаас цолтон төрөх болгонд хийхээр болсон юм. Энэ жил аймгийн Алдартыг Энхбаяр маань хүртсэн. Ирэх жил аймгийн Алдартыг аав хүү Содном, Мөнх-Эрдэнэ нар маань авна. Болзлоо биелүүлсэн болохоор тэрний дараа жил ахиад ч цолтон шинээр төрнө. Энэ жил хоёр наадам зохион байгууллаа.
- Хар шүдлэнгээс өөр уягдаж байгаа ямар морьд байна?
- Сүхбаатар аймгийн Асгатын гаралтай Даваа-Очир ахын маань өгсөн хээр даага байгаа. Энэ даага маань нутагтаа нэг түрүү, хоёр аман хүзүүдсэн амжилттай. Улсад арван зургаагаар хурдлан, “Их мандал”-д 28-р давхисан. Миний бодлоор надад бараан зүсмийн адуу их зохиод байх шиг санагддаг. Хар, хээр гээд л. Гэхдээ манай найзын өгсөн нэг хул үрээ байгаа. Ноднин аймгийнхаа баруун бүсийн наадамд зургаалсан. Миний нэг халзан үрээ байгаа. Энэ жил хоёр эр унага гарсан хойтон хурдлах байхаа Эр гарсан болгоныг уях гэсэн ид хорхойн дээрээ л байна. Энэ жилийн хувьд наадам дуусчихсан гэж бодохоор сэтгэл нэг л хоосон хөндий байна. Ямар сайндаа яаж хойтон жилийг хүлээнэ ээ гэж хэлээд эхнэртээ загнуулж байхав. /инээв/ Миний бодлоор улсад шүдлэн гучин хэдээр, даага арван хэдээр давхисан нь том амжилт. Монголын бүх газраас ирсэн хүлгэдээс ингэж давхиж байгаа юм чинь уяа сойлгыг нь илүү сайн тааруулвал айраг түрүүнд хурдалнаа  л гэж бодож байгаа.
- Моринд орсон хүн гэрийнхнээ уруу татаж орхидог юм шиг байна лээ?
- Уруу таталгүй яахав. Манай том охин морь малтай ойрхон өсөөгүй хэрнээ их элэгтэй. Аавыгаа дагаад наадам алгасахгүй шүү дээ. Дунд охин бол яг морины улаан хоббитон. Хоёр настай охин маань морь дагаад явж байхдаа мориныхоо унаачийг нэрээр нь дуудаад л “чүү, чүү” гээд өөрөө унаж байгаа юм шиг л болно гээч. Аав ч ялгаагүй дээ. “Маргааш тэнд наадамтай гэнэ” гэхэд л аль хэдийнэ оччихсон байна шүү дээ. Хотоос ганцаараа ч байсан хамаагүй гараад л өгнө. Бас авга ах Энхтайван гэж бас нэг морины “хэнээтэн” байна. Намайг “Их мандал”-ын наадамд явлаа гэж утасдаад гарахад маргааш нь тэр хоёр хотоос шууд давхиад ирсэн байгаа юм чинь. Морь айрагдахад ах маань яг л жаахан хүүхэд шиг уйлаад л зогсож байсан. Намайг дэмжиж явдагт нь ахдаа баярладаг шүү.
- Түрүүн аавынхаа нутагт овоо босгон тахисан гэсэн. Уламжлал болгон зохион байгуулах уу?
- Манай нутгийн ах дүү нар их дэмжсэн. Би тухайн үед аавдаа хэлээгүй л дээ. Нутгийнхаа ах нар, багштайгаа ярьж байгаад л шийдсэн юм. Багш маань өөрөө Энэтхэгээс бумба залж ирээд тэрийгээ нутагтаа байрлуулж овоо тахисан. Их сайхан овоо болсон. Энэ жил манай нутагт нартай хуртай, дэлгэр сайхан зун боллоо. Одоо дэлгэр сайхан намар болж байгаа болохоор хангай дэлхийгээ баярлуулсан болохоор тэр байхаа л гэж бодож байна. Яваандаа жил болгон тахьж шүдлэн уралдуулна даа. 
- Яагаад заавал шүдлэн гэж?
- Овооны тахилга гэхээр их нас, соёолон, даага уралддаг. Би бодохдоо хязаалан шүдлэнгийн уралдаан яагаад байдаггүй юм бэ гэж бодоод шүдлэн уралдуулсан юм. Манай сумынхан тэр чигээрээ оролцсон. Энэ наадмыг зохион байгуулахад тусалсан “БОСА” ХХК-ийн захирал Батбаяр, Одсүрэн, баруун бүсийн захирал Гансүх ах, Сүнжидмаа захирал болон “БОСА” –гийн баруун бүс компанийнхандаа их баярлаж явдагаа “Тод магнай” сэтгүүлээр дамжуулан уламжлах байна.
- Баярлалаа. Таныг хурдан тууртын босоо цагаан хийморь өнөд ивээж яваг.
А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна