“Өмнийн говийн хүлэг” уяачдын холбооны тэргүүлэгч Ш.Баянбат: “Тэргүүн хүлэг” галын нэрэмжит наадам бүсийн статустай болсон байгаа

А.Тэлмэн
2012 оны 10-р сарын 31 -нд

-“Өмнийн говийн хүлэг” уяачдын холбооныхон энэ жил хэрхэн наадав даа?
-Манай “Өмнийн говийн хүлэг” уяачдын холбооны үйл ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж байгааг уяачдын гаргаж байгаа амжилтаас төвөггүй харж болно. Бид энэ жил нутгийнхаа уяачдын зөвлөгөөнийг хийлээ. Зөвлөгөөнд бүх сумдаас төлөөлөгчид оролцож, Монгол улсын Манлай уяач А.Батсүхийг урьж, туршлага солилцон, зөвлөгөө авсанд уяачид баяртай байгаа. Их сайхан арга хэмжээ болсон л доо. За бас хамгийн сүүлийн сонин гэвэл Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмаар манай аймгийн уяачид хоёр түрүү, нэг айраг хүртлээ шүү дээ. Энэчлэн холбооны үйл ажиллагаа идэвхитэй байгаа нь Тэргүүн Х.Түмэнбаяр, Дэд тэргүүн Амарсанаа нартай шууд холбоотой. Ярьсанаа ажил хэрэг болгодог сайхан хүмүүстэй хамтран ажилладагтаа баяртай явдаг юм.    
Миний хувьд уяачдын холбооны тэргүүлэгчээс гадна Хүрмэн сумынхаа “Тэргүүн хүлэг” галд “алба хашдаг”. Манай галынхан  байгуулагдсанаасаа хойш гурван жил дараалан нэрэмжит наадмаа хийж байна. Харин өнгөрсөн жил аймгийнхаа МСУХ-нд хүсэлт тавьснаар Өмнөговь аймгийн “Баруун бүсийн хурд” гэж бүсийн статустай наадам болгоод байна.
-Өмнийн говийнхон адууныхаа угшил гарвалыг сайжруулах тал дээр илүүтэй анхаардаг юм болов уу гэж харагдсан?
-Тийм шүү. Манай холбоо адууныхаа цусыг сэлбэх тал дээр олон бүтээлч ажлыг хийж хэрэгжүүлээд байна. Аймгийн хувьд 700 гаруй адуу гаднаас авснаас 200  гаруйг нь манай сумынхан авчраад байна. “Тэргүүн хүлэг” галынхан сүүлд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудаас адуу авчирлаа. Гаднаас ч авч байна. Ямартаа ч түрүүчээсээ үр дүн нь гарч байгаад баяртай байна даа. Энд Дорнод аймгийн Монгол улсын Алдарт уяачийн болзол хангасан Б.Цэндбаатар, Батзориг нар маань голлох үүрэгтэй оролцсон байгаа.
-“Тэргүүн хүлэг” гал яагаад нэрэмжит уралдаанаа зохион байгуулах болсон юм бэ?
-Энэ бас учиртай. Миний аав Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат Монгол улсын Начин Шоовдор гэж сайхан буурай бий. 1976 онд улсын начин цол авсан ч тэр жилдээ бэртэл аваад барилдах боломжгүй болсон юм. Аав минь ан, бөх, моринд дуртай хүн л дээ. Одоо бол сэтгэлээрээ барилдаад, морь уяад явж байгаа. Ийнхүү бөхөд хайртай аавынхаа нэрэмжит бөхийн барилдааныг жил бүр зохион явуулдаг болсон. Яваандаа энэ нь өргөжсөөр эрийн гурван наадам болсон юм даа. Нутгийн олон энд идэвхитэй оролцдог бөгөөд ам сайтай байдагт нь баярладаг. Нэг удаагийн наадмыг л гэхэд гучаад сая төгрөгөөр хийдэг. Ямартаа ч эхлүүлсэн ажлыг маань дэмжин, өдий хүртэл “амттай” хэвээр байлгахад  тус дэм болдог олон хүн бий. Энэ завшааныг  ашиглаад наадмыг хамтран зохион байгуулдаг “Уран ухаан”, “Гүний ус”, “Сэврээ харпек”, “Говьгарден”, “Нутгийн гоёо”, “Хүрээ дэл” компанийнхан болон нутгийн зон олон, найз нөхдөдөө баярлаж явдагаа хэлмээр байна.
-Начин аавын хүү бөх барилддаг л байх даа?
-Хөдөөгийн хөвгүүдийн адилаар дээлээ уралцаж өслөө шүү дээ. Багадаа бас аавынхаа уясан морьдыг унадаг байлаа. Адуу малтай ноцолдож өссөн, дээр нь удмын юм байдаг байхаа, “хоосонгүй” ээ. Хүүхэд байхдаа аймгийнхаа наадмын өсвөр үеийн барилдаанд түрүүлж явлаа. Бас 1999 оны аймгийн наадамд Гантогтох гарьдыг ирж барилддаг жил үзүүрлэж байсан. Тэрнээс хойш нэг их барилдаагүй. Тэгээд ч зориуд цаг гаргаад бэлтгэл сургуулилт хийгээд байхгүй юм даа. Сүүлд 2001 онд аймгийнхаа наадамд зодоглож, аймгийн Начин цол хүртэж, гурван жилийн дараа баталсан. Харин одоо бол морио л уяж байна.
-Унаач хүү байлаа гэлээ. Хүүхэд насны дурсамжид хамгийн тод үлдсэн ямар наадам байдаг вэ?
-Наадам бүхэн өөр өөрийн өнгөтэй. Айраг түрүү хүртээд магнай хагартлаа баярлах нь байхад  амжилтаас атгаад л алдах нь ч бий шүү дээ. Гэхдээ эндээс сэтгэлд тод үлдсэн нэг наадам байдаг юм. Тэр үед би томдоод мориноос хасагдчихсан байсан үе. Хилийн цэргийн 223-р ангийн адуунд алба хааж байсан нэг ах ирээд “даага унаад өгөөч” гэсэн юм.  Би ч дуртайяа зөвшөөрч аймгийнхаа баяр наадамд түрүүлгэсэн. Тэр даага ташуурдах болгонд бухдаг, бухуулсаар байгаад л түрүүлж билээ. Энэ мэт олон сайхан наадам байна.   
-Ярилцлага маань өндөрлөж байна. Морины босоо цагаан хийморь өнөд ивээж явах болтугай
-Та бүхэнд ч баярлалаа.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна