Дэлтэй цэнхэрээ дээдлэгч далай ээжийн нутгаар...

Тэлмэн
2013 оны 2-р сарын 24 -нд

“Дэлтэй цэнхэр”-ээ туг сүлдэндээ тахиж, дээдэс өвгөдийнхөө буян заяаг тэгшилсэн Хөвсгөл нутгийн уяачид хаврын тэргүүн сарын шинийн найманд дээд гурван насны морьдынхоо хийморийг сэргээн шандсыг нь шалгадаг уламжлалтай. Мөнх цаст сүрлэг уулсаар хүрээлүүлж мөрөн голоор эмжүүлсэн үзэмж гоо үзэсгэлэн төгөлдөр Хөвсгөл нутагт айлчлан, уламжлалт уралдааныг сурвалжлах боломжийг аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Хөвсгөл аймгийн МСУХ-ны нарийн бичгийн дарга Т.Болдбаатар бидэнд олгож, энэ сарын 16-ны  онгоцоор “Дэлтэй цэнхэр”-ийн орныг зорьсон юм. Хүлэг морин шүтээнтэй хөх Монгол орноо тойрон аялж, эрдэмт мэргэн уяачид, шандаст хурдан хүлгэдийнх нь талаар сурвалжлан хүргэдэг “Тод магнай” сайт, сэтгүүлийн хамт олон уралдаан болохоос даруй хоёр хоногийн өмнө тус нутгийг зорьсон нь буурлуудаас үг дуулах гэснийх билээ. Уяачдын холбооны нарийн бичгийн дарга Т.Болдбаатар урьдчилж тохирсон бидний ажилд туслан ёсоор хөтөч хийх хүмүүст хэдий нь дуулгачихсан байлаа. Хөвсгөл аймгийн морин спорт уяачдын холбоог үүсгэн байгуулагчдын нэг ахмад багш Намхайдорж, уяачдын гэр, утасны дугаарыг андахгүй Умбаа буюу Баянмөнх, “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн түүх нийгмийн багш Наранхүү нарын морины төлөөх сэтгэлтнүүд бидэнтэй нэгдэн, Хөвсгөл аймгийн хурдан морины үүх түүхийг Монгол даяар хүргэх үүргийг хүлээлцсэн юм. Дашрамд сонирхуулахад тус аймгийн морин спорт уяачдын холбоо ММСУХ-ноос ч өмнө буюу 1991 онд тулгын чулуугаа тавьж, голомтоо бадраасан юм билээ. “Үүлэн бор” холбооны анхны хурал аймгийн шүүхийн танхимд өрнөж, хэтийн төлөвөө хэлэлцэж байсан гэдэг. Улсын холбооноос ч урьтаж байгуулсан “Үүлэн бор”-ын анхдагчид өдгөө ч уяачдынхаа холбооны үйл хэрэгт ойроос оролцдог аж.
Хөвсгөл нутгаас МУ-ын Алдарт уяач цолтон 12 төрөн гарсан байдаг бөгөөд тэдгээрийн зургаа нь хорвоогийн мөнх бусыг үзүүлж бурхадын хүлгийн уяаг тааруулахаар оджээ.
Бид хурдан хээр азарга, халиун мориороо гайхуулж явсан Намсрайдорж, хурдан  хонгор мориороо  халх даяар шуугиулж явсан Хишигбат болон аймгийнхаа наадамд долоо түрүүлсэн хурдан бор азарганы эзэн Зоригт, хүрэн морьдоороо одтой наадсан Чулуунбаатар, бор азарга түүний үр төлөөр нь бахдам наадагч Галбадрах нарын МУ-ын Алдарт уяач нартай уулзан хууч дэлгэснээ  тун удахгүй уншигч танд хүргэх болно.
Хөвсгөл нутагт хэзээнээсээ бүгээн зүсмийн адуу илүүтэй хурдалдаг байсныг аймгийн баяр наадмын цуваанаас бэлхнээ харж болох аж. Уулзсан уяачид ч уяж хурдлуулж байсан хурдан хүлгэдийнхээ талаар ярихдаа бүгээн зүсмийн морьд нь илүүтэй давхиж байсан хэмээх юм билээ. Чухам тиймээс  ч үе үеийн холбоогоо хурдан бүгээн морьдоо товойлгон “Үүлэн бор”, “Дэлтэй цэнхэр” хэмээн нэрлэсээр иржээ.
Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд тус холбооны удирдлага хэд хэдэн удаа шинэчлэгдсэн гэнэ. Харин 2007 онд одоогийн тэргүүн Ц.Даваасүрэн сонгогдсоноос хойш ерөнхийдөө уралдаан наадам тогтмолжиж, үйл ажиллагаа нь ч жигдэрч байгаа талаар уулзсан болгон онцолж байсныг дурьдах нь зүйтэй байх. Сүүлийн үед илт сэргээд буй аймгийн морин спортын хөгжилд түлхэц болсон нэг үйл ажиллагаа бол Ц.Даваасүрэн нарын санаачлагаар бий болсон “Хотгойдын хурд” бүсийн наадам юм. Нутгийн наадмын түрүү алдахгүй гэх чармайлт нь залуусыг хурцалж, тус нутгийн адууны чанар чансаа жил ирэх тусам сайжирч буйг томоохон наадмуудаас бэлхнээ харж болно гэцгээж байлаа. Нээрэн ч өнгөрсөн жил Хөвсгөл нутгаас төрсөн отгон МУ-ын Алдарт Г.Доржпүрэвийн “Толбот” хүрэн хязаалан төрийнхөө их баяр наадамд түрүүлж, эрлийз дээд насны ангилалд Б.Ганбаярын Таван цагаан үрээ аман хүзүүнд хурдалсан билээ.
Түүнчлэн төвийн бүсийн болон Баян-Өлгий аймагт зохиогдсон баруун бүсийн даншиг, Сүхбаатар аймаг үүсгэн байгуулагдсны 70 жил зүүн бүсийн наадамд Хөвсгөл нутгийн уяачид хийморьтой наадан долоон айраг хүртснийг уншигчид санаж буй бизээ.
Адуу нь чанаржиж, уяачид нь сайжирч буй бусад аймгуудын нэгэн адил Дэлтэй цэнхэрийн нутгийнхан зүүн зүгийн адуугаар цус сэлбэж, тэр зүгийн адуугаар давамгай наадах болсон нь шинийн наймны уралдаанаас харагдаж байлаа.
Хаврын тэргүүн сарын уламжлалт уралдаан уяачид, хурдан мориныхны хүсэн хүлээдэг наадмуудын нэг болсон нь хамрагдаж буй цар хүрээнээсээ анзаарагдаж байлаа. Энэхүү уралдаанд оролцохоор Цэцэрлиг, Цагаан-Уул, Ханх, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр зэрэг таван сумаас бусад 19 сумдын уяачид, хурдан хүлгэдийн хамт зорин иржээ.
Уралдааны зохион байгуулалтанд холбооны  удирдлагын зүгээс ихээхэн анхаарч, замыг  тусгайлан засахын сацуу уралдааны өдөр ямар нэг хүндрэл үүсгэхээс сэргийлж урьд өдрийнх нь 22 цаг хүртэл морьдыг бүртгэсэн юм. 74 азарга, 84 соёолон, 114 их насны морьд шандас шалгахаар бүртгүүлсэн “Дэлтэй цэнхэрийн хурд-2013” уламжлал ёсоор азарганы уралдаанаар эхэлж, 10 цагийн үед азарга гарааны зурхай руу хөдөллөө.
Азарга эргэх 15 километрт гарааны төхөөрөмжийг байрлуулсан байх бөгөөд даамал замд гутлаа гээсэн 177 дугаартай унаач хүүг авч үлдэх шийдвэр гаргасны дараа азарга гарсан юм. Хурдан хүлгэдийн ган туурай зассан замын шороог онхичин нарийн ширхэгт тоос эрчилэхүйд эхний азаргууд тасран холджээ. Гарсан цагаас өнгөлсөн Мөрөн сумын уугуул Б.Галбадрахын хүрэн азарга газар ахих тусам хөл нь суларсаар Галт сумын уяач Н.Пүрэвдоржийн Мустанг хонгор, Тосонцэнгэл сумын уяач М.Бат-Очирын халтар азарганд дайруулан барианы зурхайд айргийн гуравт баригдав.
Азарганы уралдааныг магнайлсан Н.Пүрэвдоржийн Мустанг хонгор Хөвсгөл нутагт яригддаг хурдан хүлгэдийн нэг бөгөөд нэлээд хойноос эргэсэн ч замын дундаас ахисаар ийнхүү түрүүлэн тод магнай торгон жолоогоо өргүүлсэн юм. Наадамчин олон ч “Мустанг аргагүй өнгөтэй байна. Аргагүй дээ” гэх нь түрүү хүлгэдийн таамагт хэдийнэ багтсан байсныг гэрчилнэ.
Азарганы уралдааны дараа албан ёсны нээлтийн үйл ажиллагаа болсон бөгөөд /Холбооны тэргүүн Ц.Даваасүрэн гишүүнийг онгоцноос буухыг хүлээж байсан бололтой/ хуурын эгшиг, номын дуугаар уул усаа аргадсан юм.
Соёолонгийн уралдаанд 80 гаруй хурдан хүлэг шандас шалган, Рашаант сумын уугуул М.Бат-Оргилын саарал түрүүлж, Мөрөн сумын уяач Л.Ганболдын хул удаалсан бол УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн хүрэн айргийн гуравт хурдална билээ. Техник технологийн дэвшлийг эрхэмлэдэг Монголын толгой компаниудын нэг MSC группийн захирал ийнхүү өөрийн нэртэй хурдан хүлэгтэй болсон нь сайшаалтай санагдсанаа нуух юун.
110 гаруй хүлэг тоосоо өргөсөн их насны морьдын уралдаан хамгийн өтгөн нь байсан бөгөөд нэг морь бүдэрч унаснаас үүдэн хэд хэдэн хүүхэд мориноос унасан ч нэгээс бусад нь азаар гэмтэж бэртсэнгүй. Бэртэл авсан хүү анхны тусламж авч, эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд, эмч нар амь насанд аюулгүй хэмээж байсан юм. Орон нутагт нийтлэг тохиолддог унаач хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэгсэл Хөвсгөл аймгийн хувьд ч тулгамдсан асуудлыг нэг бөгөөд ойрын үед шийдвэрлэнэ хэмээн холбооны удирдлагууд нь ярьж байсан юм. Унаач хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэгслэлийн нийлүүлэлт хангамж тааруу байгаа нь ийнхүү хүндрэл учруулж байгаа тухай асуудал бидний очсон аймаг болгонд шахуу яригдаж байсныг энэ дашрамд  холбогдох хүмүүст нь дуулгая.
Уралдаан наадмын улирал ирж буй энэ үед унаач хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэгслэлийн нийлүүлэлтээ нэмэгдүүлж, салбар холбоодтойгоо хамтран ажиллах ёстой бизээ.
“Дэлтэй цэнхэрийн хурд-2013” хаврын уралдаанд түрүүлсэн хурдан буянгуудыг хагас сая төгрөг өргөмжлөл, медаль, “Тод магнай” сэтгүүлийн багц, нөмрөгөөр мялаасан бол аман хүзүүнд хурдалсан морьдыг медаль, өргөмжлөл, 400,000 төгрөг, ”Тод магнай” сэтгүүлийн багцаар урамшуулсан. Харин айргийн гуравт хурдалсан хүлгэдийг 300,000 төгрөг, айргийн дөрөвт хурдалсан хүлгэдийг 200,000 төгрөг, айргийн тавд хурдалсан хүлгэдийг 100,000 төгрөг медаль, өргөмжлөл, “Тод магнай” сэтгүүлийн багцаар тус тус урамшуулна билээ.
Нас болгоны 6-10-ын хооронд хурдалсан буянгуудыг тус бүр 50,000 төгрөг, 11-20 хооронд давхисан бол тус бүр 20,000 төгрөг, 21-30 хооронд хурдалсан бол тус бүр 10,000 төгрөгөөр урамшуулж, шагналыг холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, нарийн бичгийн дарга, аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар,  аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Амарбаясгалан нарын эрхмүүд гардуулсан юм.
Дашрамд сонирхуулахад Хөвсгөл аймгийн морин спортын хөгжилд өөрийн  хувь нэмрээ оруулж, “Дэлтэй цэнхэр”-ийг санхүүжүүлж явдаг хуруу дарам цөөн тэргүүлэгчдийн нэг Т.Болдбаатар, С.Гүншир, Ч.Цэрэнбат нарын эрхмүүд энэ өдрийн уралдааныг нас бүрээр нь хариуцан ивээн тэтгэжээ. Жишээлбэл холбооны нарийн бичгийн дарга, “Хөвсгөл зам” ХХК-ийн захирал, аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар их насны, харин тэргүүлэгч Ч.Цэрэнбат соёолонгийн, тэд тэргүүн С.Гүншир азарганы уралдааныг тус тус ивээн тэтгэн байлсан байна. Харин медаль, нөмрөг, сэтгүүлийн багц зэргийн санхүүжилтыг холбооны хөрөнгөнөөс гаргажээ. Энэ өдрийн уралдаанд Мөрөн, Их-Уул, Рашаант, Тариалан, Тосонцэнгэл сумдын уяачид илүү одтой байсныг та бүхэн цуваанаас харсан бизээ.
“Дэлтэй цэнхэрийн хурд” уламжлалт уралдааны доод гурван насны морьдын уралдаан 6-р сарын 1 нд Мөрөн сумнаа зохион байгуулагдах бөгөөд бид тухайн үед нь сурвалжлан хүргэх болноо. “Тод магнай” сайт, сэтгүүлийн хамт олон Хөвсгөл нутгаас бэлтгэсэн ярилцлага сурвалжлага, тэмдэглэлээ эрхэм уншигч та бүхэн тун удахгүй цувралаар хүргэх болно. Та бүхэн  бидэнтэй хамт байгаарай.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна