Уяач: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын САУяач Ш.Гансүх: Улсын наадмын дэвжээ хатуу юм билээ

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 01 -нд

Өнтэй сайхан өвөлжиж байна уу.Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
Сайхан өвөлжиж байнаа.Юуны өмнө манай нутаг орныг гээд зориод ирсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Намайг Шаравын Гансүх гэдэг. Мөнххаан сумын алдарт уяач цолтой хүн.

Хэзээнээс хурдан хүлгийн хөлс хусч эхэлсэн бэ?
Ер нь хөдөөний хүн болохоор багаасаа л морь малтай ноцолдож өссөн. Хурдан морь унадаг хүүхэд арван тавтайдаа морьноос хасагдаж, 18-тай цэрэгт явж ирээд  хорин хоёртойгоосоо эхэлж л  морь уясандаа
Уяач хүний амжилтыг дурдахгүй өнгөрч болохгүй.Mорь уяж эхэлснээсээ хойш аймаг сумынхаа наадамд хичнээн айраг түрүү хүртээд байна?
Тэгэлгүй яахав.Уяач хүн уясан мориныхоо амжилтаар бахархан суух шиг жаргал байхгүй.Сумын наадмаас гуч гаран айраг түрүү хүртсэн. Өвөл хаврын болоод бэсрэг наадмуудад бол олон морь оруулж байсан.

Адууны цөм угшил хаанахынх вэ ?
Эцэг эхээсээ уламжилж ирсэн адуутай гэж худлаа яриад яахав. Нутаг орны амьтан ах дүүс тэртээ тэргүй мэдэж байгаа. Ерөнхийдөө найз нөхдийнхөө морь малыг уяад л явж байна. Ноднин жилээс найз Чулуунсүхийнхээ морийг уяж байгаа. Гар сэтгэл нийлээд уяж байгаа болоод ч тэр юм уу сайхан л наадаж байна. Энэ жил том жижиг наадмаас есөн айраг түрүү хүртлээ. Унаач хүүхэд маань сумынхаа шилдэг уначаар шалгарлаа.Найз нөхөд,ах дүүсийн хэдэн адуу л байх шив дээ.
 Анхны айраг түрүүр хүртсэн наадам сэтгэлд тодхон байна биз?
Тэгэлгүй яахав.Мөнххаан сумынхаа наадамд  хамгийн анх хязаалан үрээ айргийн гуравт хурдлуулж байсан. Тэр жил Бураа хэмээх Ш.Пүрэвжав гуайн хурдан хонгор азарга хязаалан түрүүлж байсан. Түүний дараа сумынхаа наадамд даага түрүүлгэж байсан.

Наадам бүхэн уяачдад ямар нэгэн сэтгэгдэл үлдээдэг.Таны хувьд сэтгэлд уяатай нь ямар наадам байв?
Тэгэлгүй яахав.Нэгдэл тараагүй байхад би хоёр сайхан хусран даагатай Түмэнд уралдах гээд очсон байлаа.Захиргаадлын үе байсан болохоор “за чи Түмэнд уралдахгүй. Мөнххаан сумандаа очиж уралд” гэсэн тушаал аваад арга буюу сумандаа ирж уралдсан.Тэр наадамд миний том охин таван настай бор даагыг маань унаж тасархай түрүүлгэж байлаа.Залуу уяач, жаахан охиноороо даага унуулаад сумын наадмын түрүүг хүртэж байсан тэр наадам одоо ч сайхан санагддаг.

Өнгөрсөн жил сумынхаа наадмын их морь, даага хоёрын түрүүг хүртсэн гэж сонссон?
Тэгсээн. Мөнххаан сумынхаа наадамд найз Чулуунсүхийнхээ хонгор морь, хул даага хоёрыг түрүүлгэсэн. Хонгор морь маань бараг л хоёр километр хол ирсэндээ. Хүмүүс үнэмшихгүй байж магадгүй. Мөнххаанд хамгийн хол түрүүлж байсан мориор тодроод байгаа. Гараа муутай ч сайхан зүтгэж уралддаг морь байгаа юм. Дааганы зурхай өнгөрөхөд л хөтөлж эхэлсэн. Тэгээд зугуу зугуухан холдсоор хол тасархай түрүүлсэн.

Хонгор морины угшил гарвал?
Чулуунсүх маань сайн их насны морьтой болмоор байна гээд өнгөрсөн жилийн намар Уулбаяны нэг залуугаас авч байсан юм. Тэр залуу хонгор мориныхоо дээд удам угшлийг нь бас сайн мэдэхгүй юм билээ. Хөөгөөд үзвэл Уулбаяны цоохор хонгорын удамтай юм шиг байна лээ.
Урьд нь яаж уралдаж байсан бэ?
Өнгөрсөн жил найман настай битүү морь Уулбаяны наадамд наймаар ирсэн. Тэр намар нь би очиж авсан. Ерөнхийдөө уягдаж байгаагүй битүү морь байсан.

Морь шинжинэ гэдэг бол их ухаан.Хонгор морийг сайн л таньж дээ ?
 Би морь мал шинжээд байдаггүй ээ.Миний мэдэх гэж юу байхав.Манай сумын аймгийн алдарт уяач Уртнасан гуай “чи л уяж чадвал Уулбаянд нэг  хурдан морь байна” гэхээр нь Уртнасан гуайтай хоёул өглөө эрт адуун дээгүүр нь орж харсан. Тэгсэн сайхан хонгор морь байна. Уяж болмоор, сэтгэлд багтаад байхаар нь Уртнасан гуайд “би энэ хонгор морийг уяж чадна аа болох юм шиг байна” гэсэн чинь “за чи тэгвэл эзэнтэй нь очиж уулз” гэлээ. Тэгээд адуунаас нь бариулаад шилүү хүзүүг нь бариад үзсэн чинь мундааныхаа өмнө тасархай юм шиг хонхорхойтой адуу байсан. Эзэн нь түүнийг нь анзаараагүй юм байна лээ. Онгоныг нь сугалж байсан адуу юм болуу гэж жаахан хар төрөөд  эзнээс нь асуусан чинь ер тийм юм байхгүй гэсэн. Тэгээд л Чулуунсүхдээ авч өгсөн дөө.
 
Хонгор морь тан дээр ирээд ямар ямар наадамд яаж хурдлав?

Авсныхаа дараагаар сайхан унаж эдэлж байгаад тэжээлд оруулсан. Өвөл бэсрэг наадамд гурав уралдаж гурав айрагдуулаад, хавар нь “Мөнххаан хурд” МСУХ-ны баяраар түрүүлгэж тэр наадамд дээр би сумын алдарт уяач болсон. Тэрний дараагаар нэг овооны наадамд түрүүлээд,давхар уяагаар сумынхаа наадамд тасархай түрүүлж байгаа нь тэр.Их хурдан ч байсан. Нутаг орны хүмүүс улсад очиж уралд гэж хөөргөсөөр байгаад улсад очсон. Түмэнцогтын МУАУяач С.Төмөр-Очир гуай бид нар нэг уяа болж явсан юм. Хүн болгон л хонгор морь сайхан байна л гээд байсан.Наадмын эхний өдрийн орой улсад хязаалан түрүүлгэсэн гээд нэг хүн ирж харчихаад “за нөхөр минь маргааш энэ хонгор морийг айрагдуулахгүй юм бол чамтай хатуу тооцоо хийнэ шүү” гэж хэлчихээд яваад өглөө. Тэгэхээр нь бүр хөөрчихгүй яахав дээ. Маргааш нь цагаан хөтөл дээгүүр хорин хэдээр гарч ирээд л суусан. Хүүхэд нь хашир болохоор татаад зугуухан явуулсаар зуу гаргаж ирсэн.
Халхын хурдуудтай уралдана гэдэг бол хатуу даваа.Ямар дүгнэлтэнд хүрсэн бэ ?
Хангайн усан ургамал дээр очоод гэдсийг нь алдчихлаа л гэсэн дүгнэлтэнд хүрсэн.  Нутгийнхаа наадамд бол таваас хасхааргүй л мордуулсан гэж боддог. Тэхдээ надад том сургамж болсон.
Өмнө нь улсад очиж байв уу?
Монгол төрийнхөө наадамд гурван удаа очиж морьдынхоо тоосыг өргөсөндөө. Их Монгол Улсын 800 жилийн ойгоор Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул С.Батаагийн /өнөө жил улсад хязаалан үрээ айрагдуулдаг/ хээр даагийг уяж очоод наадмын өмнө Багануурын наадамд түрүүлгээд, улсад 20-д оруулсан.Хэдхэн хоногийн дараа болсон Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 80 жилийн ойд тэр хээр даагаа гуравт оруулсан.Улсын наадмын дэвжээ хатуу юм билээ.

“Эцгийнхээ даага уях эрдмээс нь өчүүхэн ч гэсэн суралцаж авсандаа баярладаг ”
Барс жилдээ өөр хаана хаана яаж наадав даа?
Хавар дөрвөн сард Налайхын “Наадмын толгой” гэдэг газар болсон “Сайхан монгол” даага, шүдлэнгийн уралдаанд хоёр даагатай очиж нэгийн нь аман хүзүүдүүлж нөгөөг нь айргийн таваар оруулсан. Аман хүзүүдсэн нь банкны Алтангэрэл гэдэг хүний хусран даага, тавд орсон нь хонгор морины эзэн Чулуунсүх найзын маань хул даага байсан юм. Сөнгө даага тэр наадамд уралдаж айрагдаад,зун сумын наадамд түрүүлж, жил бүрийн есөн сарын нэгэнд уламжлал болгон явагддаг уралдаанд аман хүзүүдсэн.
Ер нь дааганы уяаг их сайн тааруулдаг уу ?
За би даага л уях их сонирхолтой хүн дээ. Миний эцэг Шагдар гэж  дааганы уяанд их гаршсан сайн уяач байсан. Мөнххаан, Баянтэрэмдээ улаан дээлтэй дааган өвөө гэдэг л нэртэй хүн байлаа. Нэг жил зургаан настай ирээд хоёр түрүү дөрвөн айраг авч байсан түүхтэй гэдэг.  Би өөрөө морийг нь унадаг байсан. Тэгээд сайн эцгийн буянд  даага уях тэр эрдмээс нь надад жаахан ч болтугай юм үлдсэн юм болов уу л гэж баярлаж явдаг даа. Өөрөө дааганд их сонирхолтой болоод ч тэр юм уу даагаар л голдуу наадаж байна даа.

Тэгвэл таныг Мөнххааны дааган Гансүх гэж нэрлэмээр юм байна. Дааганы уяаг чухам яаж тааруулж байна, уяаны онцлог?
/инээв/.Даага их хөөрхөн амьтан ш дээ өлгийтэй хүүхдээс ялгаагүй. Тийм болохоор дааганы сэтгэлийг аль болох сэргэлэн байлгаж, их л зөөлөн гараар уядаг даа. Дааганы ажлийг өглөө эртхэндээ юм уу эсвэл орой бүрэнхий орох үеэр л хийдэг. Би ер нь даагийг өдрийн голд барьж үзээгүй. Өглөө жаахан уяж байгаад тавьчихдаг, орой сэрүүн унахаар бариад уячихдаг. Дээхнэ үед дааганы гэдсийг их л нарийсгадаг байсан юм гэдэг. Би бол гэдсээр нь нэг их оролдоод байдаггүй. Ер нь морь уяж эхэлснээсээ хойш сумын наадамд 10 гаран даага оруулсан даа. 2008 онд Алтан-Овооны наадамд сөнгө даагатай очоод 11-т оруулж байсан.

Сүүлийн асуултыг танд үлдээе?
За баярлалаа.Надад байгаа адууны ихэнх нь Чулуунсүхийн маань адуунууд. Найз маань ч өвс тэжээлээ хангалттай бэлдээд өгдөг. Тэгэхдээ энийг тэжээ, тэрийг тэжээ гэж надад хэлдэггүй.Энэ хүнийг л хаашаа явж уралдана гэнэ тийшээ л явж уралдана. Миний хувьд морьдынхоо эдэлгээг сайхан хийгээд, хөндүүрийг нь гүйцэд аваад, зөв онгойлгочихсон байхад хаана ч очсон ямар ч наадмаас айхгүй л гэж боддог. Морьдоо сайхан уяад алдар цолонд хүрч, улсын том цолтнуудын эгнээн орон ард түмнээ сайхан цэнгүүлж явахыг л боддог.За тэгээд удахгүй нүүдэлчин монгол түмний маань цагаан сар болох гэж байна.Сүхбаатар аймгийн Мөнххаан сумынхандаа болон нийт Монгол зон олондоо цагаагчин туулай жилийн сар шинийн мэндийг хүргэхийн ялдамд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.

"Тод магнай" сэтгүүл дугаар №12

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна