Эрийн хийморь-Адууны тэнгэр

Наранхүү
2013 оны 5-р сарын 13 -нд

1999-2000 онуудын  хатуухан жилийн өвөл хавар цаг байсан юм уу даа. Тэр жилүүдийн өвлийн зуд турхан хатуу ширүүн нүүрээ байгалийн аясыг даган нүүдэллэдэг малчин ард түмэнд маань хайр найргүй хүртээж манай аймгийн нилээд хэдэн сумдын малчид адуучид Тосонцэнгэл сумын нутгаар оторлон байсан цаг. Тухайлбал тус сумын 3-р багийн нутаг болох Асгат, Тээлийн эхээр Галт, Жаргал, Шинэ-Идэр сумдын малчид оторлон байсан үе юм.
 Моринд дуртай монгол хүний зан ч юм уу, аль эсвэл угаасаа адуу гэдэг амьтны салхины үнэр, хийморь нь тийм байдаг юм уу аль нь ч бол. Галтын Дарамбазар гэж ихээ олон адуутай хүн Асгатын эхээр оторлон өвөлжиж  байгаа хэмээн чих дэлсэж байлаа. Чих дэлсэхдээ хурдан сайн моринд гар татдаггүй нэгэн гэнэ. Адуу мал их өсгөсөн сайн морийг үнэлж авдаг “панз”  хүн юм гэнэ гэлцээд л... Гэтэл чих дэлссэн яриа, сургийг бараг баталж байгаа юм шиг хэрэг тэр дороо сум даяар тархав. Тэгсэн Дарамбазар гуай С.Ганхуягийн “Буган халиун” гэж манай сум орон нутагт нэрд гарсан хурдан морийг тухайн цаг үеийнхээ ханшаас нилээд дээгүүр авч Тосон нутгийнхны чихийг дэлдийлгэж, морины хорхойтнууд амнаас ам дамжин шуугих нь тэр.
Шуугихын учир ч бас бий. Дарамбазар гуайн худалдан авсан “Буган халиун“ хэмээх хурдан хүлгийг “аймгийн Алдарт уяач” агсан Дуламын Ням-Очир Архангайн Цэцэрлэг чиглэлээс адууны наймаанд дамжуулан аваад 1995 оны Хөвсгөл аймгийн наадамд соёолон аман хүзүүдүүлээд, 1996 онд хавчиг насандаа дахин аман хүзүүдүүлээд, мөн тэр намартаа Эрдэнэбулган суманд болсон түүхт “Дани” толгойн баяр гэж хийхэд түрүүлгэн, 1998 оны хавар С.Ганхуяг багшид дамжуулан зарж шинэ эзэн С.Ганхуяг багш тэр жилээ улсын наадмыг зорин очиж алдарт Адис авахуйн даваа, Алдар толгойн бэлийн тоосыг сансарт өргүүлсэн улсын наадамд манай нутгаас анхлан уралдсан зартайхан хүлэг байсанд учир байгаа юм.
Харин миний бие Дарамбазар хэмээх сайн малчин, сайн уяач хүнийг анх харсан нь Тосонцэнгэл сумын 2-р багийн нутагт Ар сайр хэмээх газар жил бүрийн хаврын тэргүүн сард зохион байгуулагддаг уламжлалт хаврын уралдаан дээр бараа сүрийг нь харсан юм. Хүүхэд ахуй цагт болоод ч тэр үү нударгатай хар цэмбэн дээл өмсөж, дөрвөн чихтэй зэрлэг булган малгай өмссөн, халх даяар алдартай Далай Чойнхорын уран дархны хийцтэй мөнгөн хэт хутга, бэлээр гангарсан,  ширвээ хар сахалтай, өндөр бор хүн, аргагүй л  эрийн хийморь адууны тэнгэртэй хүн юм шиг санагдаж билээ. Тэр хаврын уралдаанд Дарамбазар гуай цуут “буган халиун” морь бас нэг сайхан хүрэн морь, хүрэн азарга зэрэг дээд 2 насны 4 адуу мордуулж байсан санагдана. Энэхүү Далай Чойнхор вангийн хошууны уугуул эрдэмт их уяач, хөдөлмөрч адуучин ахтай танилцаж хууч хөөрөх завшаан тэр үедээ  надад олдоогүй юм.  Тэгсэн харин хожмоо бүр тодруулбал энэ хавар хоёулаа “Дэлтэй цэнхэр” холбооны ажлын дагуу уулзаж танилцан, хууч хөөрөх завшаан гарсан юм. Ингээд Дарамбазар гуайнхаа намтар ажил үйлсийн талаар товчхон дурдая.
Тэрээр 1956 онд Хөсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн нутагт төрсөн бөгөөд бага наснаасаа эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1974-1977 онд ардын цэргийн албыг бусад монгол эрчүүдийн адилаар нэр төртэй хаасан байна. 1977 оноос төрөлх сумынхаа “Идэрийн Ундрал” нэгдэлд 1992 оныг хүртэл адуу маллан, адууны тэнгэртэй хүн гэдгээ харуулсан байдаг юм. Тухайлбал эдгээр он жилүүдэд “Мэнд сүрэгтэн”, “Аймгийн хошой аварга” адуучин болж 1991, 1992 онд зуун гүүнээс зуун унага бойжуулан аймаг, сум орон нутагтаа  үлгэр дууриал болсон адуучин болж байсан. Нэгдэл нийгмийнхээ адууг мянга орчим болтол өсгөн үржүүлж байсан тэрбээр ардчилал зах зээлийн нийгэмд шилжин орсон он жилүүдэд өөрийн адуун сүргээ тууштай өсгөхийг эрмэлзэн хөдөрмөрлөж 1992 оны малын тооллогоор 400 орчим адуу тоолуулан тэр үеийнхээ аймагтаа анхны хамгийн олон адуутан болж байв. Улмаар 2000 оны үест “Мянгат малчин” болж өнөөг хүртэл буянт мал сүргээ өсгөн үржүүлж  малч ухаанаа үр хүүхдүүд хойч үеийнхэнд өвүүлхээр хичээсээр явна.
Адуун сүргээ өсгөн үржүүлэхийн зэрэгцээ 1980 оноос эрдэнэт хурдан хүлэг морь уях сойх эрдэмд шамдан суралцаж энэхүү уйгагүй хөдөлмөрийнхөө хүчинд олон сайхан хурдан хүлгээ наадмын торгон дэвжээнд тодруулан 1999 онд “аймгийн Алдарт уяач”  цол тэмдгээр шагнагдсан юм.
Дарамбазар гуай сайн адуучин, уяач төдийгүй сайн шинжээч хүн байгаа юм. Өөрийн унаган адуугаар наадахын зэрэгцээ миний мэдэж байгаагаар Түнэл Тосонцэнгэлээс 3 сайн морийг өндөр үнэтэйгээр авч Халхын гурван сумандаа аатайхан наадаж байсан гэдэг. Тэр гурван  их насны морьдыг дурдвал дээр өгүүлсэн Тосонгийн Ганхуяг багшийн “буган халиун” мориноос гадна 1999 соёолондоо Түнэлд түрүүлсэн Түнэлийн “аймгийн Алдарт уяач” Зуна голын Эрдэнэчулууны унаган хүрэн морийг, мөн тус сумын нэрт уяач, сумын заан Эрдэнэбат агснаас бас нэгэн хүрэн морийг худалдан авч аймаг сумынхаа наадмын торгон дэвжээнд олон жил тод магнай, торгон жолоо өргүүлсэн байдаг. “Буган халиун” морь Халх гурван сум гэгддэг Галт, Жаргал, Шинэ-Идэр сумдын нутгаар болсон наадамд нэгэн жил зургаан удаа түрүүлж байсан зэрэг нь эр хүний сэтгэлд тод үлдсэн наадмын дурсамж байдгийн дотор Идэрийн голын гүүрний наадам хийж их олон морь уралдахад “Буган халиун” морь, түүний уясан хүрэн морь хоёрыг зайтайхан, аатайхан түрүүлсэн гэж Хөвсгөл аймгийн хурдан морь сонирхогчид наадмаас наадам дамжуулан хуучилсаар суудаг билээ.
Дарамбазар алдартын тухай цухас өгүүлэхэд түүнийг адууны тэнгэртэй, эрийн хийморьтой  монгол эр хүн гэдэг нь уншигч абугай танд ойлгогдох бөгөөд “сайн морь эзнээ хайдаг” гэх хэлц буюу халх, хотогойдын олон хурдан буяныг төрийн наадмын дэвжээнд цоллуулан алдаршуулсан монгол эр хүний нүнжигтэй адууны тэнгэртэй эр хүн гэдгийг бичигч миний бие бахархан өгүүлэхэд ийм буюу.

“Дэлтэй цэнхэр” МСУХ-ны ажлын алба Т.Наранхүү
Хөвсгөл аймаг. Мөрөн сум. 2013.05 сар

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна