Удам дамжин төрийн наадмыг чимэгсэд

А.Тэлмэн
2012 оны 2-р сарын 03 -нд

Удам” булангийн энэ удаагийн дугаарт тал нутгийн хүү Монгол улсын Манлай уяач А.Ухна болон түүний хүү Улсын Алдарт уяач У.Эрдэнэбилэг, аймгийн Алдарт уяач У.Гансүх нарыг онцлон орууллаа.Улсын наадамд морь айрагдуулаагүй ч засгийн газрын тушаалтай бүсийн уралдаанд чамгүй амжилт гарган хурдан морины түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн энэ айлын талаар товчхон хүүрнэхэд ийм байна.
Түмэндээ хүндлэгдсэн Ааяа буюу Аюуш

Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Монгол улсын Манлай уяач А.Ухна агсны дээд үе Дарьгангын хошууны хуучин Хонгор сум, одоогийн Халзан сумаар нутаглан аж төрж байлаа.Тал нутгийн их хүлэгчийнх нутаг усандаа Амбуугийнхан хэмээн алдаршсан их бяр тэнхээтэй хүмүүс байсан гэдэг.Одоо ч түүний үр хүүхдүүд Амбуу овгоор овоглон өвөг дээдсийнхээ ариун удам хойчийг залгамжлан авч явна.Манлай уяач А.Ухна гуайн  дээдчүүлээс Хангай хэмээх Ишжамба, Пил гэсэн Алтан овооны ах дүү хоёр их аварга төрсөн байдаг. Эдгээр алдарт аваргуудын төрсөн ах дүү  Хутаг гэж хүн байсан бөгөөд энэ хүн өдгөөгийн Манлай уяач А.Ухна агсны өвөө юм. Хутагтын  хүү Аюуш буюу их уяачын аав мөн л их бяр тэнхээтэй хүн байсан бөгөөд нутаг хошууныхандаа Ааяа өвгөн хэмээн хүндлэгдсэн буянтай сайхан буурал байж.Аюуш гуай 1896 оны үед Дарьгангийн хошуунд төрж өссөн, угийн малчин удмын хүн бөгөөд тийм ч чинээлэг биш, дүүрэн сайхан амьдралтай, аян жин, өртөөнд их явдаг, Байшинтын дивизийн хонь хариулж байсан тухай нутгийн юм мэдэх хүмүүс хуучилсан байдаг. 1937-1938 оны үеийн их хэлмэгдүүлэлтэд Ааяа өвгөний төрсөн ах Хатавчийн хийдийн дэд хамба лам Түмэнжаргал өртөж,эргэн ирээгүй бөгөөд ах дүүс нь бүгд  хөрөнгөө хураалган амь зогоох төдий малтай үлдэж байсан гэдэг. “Аав маань хэлмэгдүүлэлтэнд өртөж амьдрал доройхон байсан ч  амьдралын хүнд хэцүүгээс шантралгүй мал сүргээ өсгөн, 1959 онд мал дахин нийгэмчлэхэд 50 толгой малтай үлдсэнээс гол нь хэдэн сайхан морьтой үлдэхийг хичээсэн” хэмээн Ухна агсан дурсамж болгон ярьсан байдаг. Мал нийгэмчлэгдэхэд авч үлдсэн хурдан азарга нь энэ айлд хурд залгуулж байсан бөгөөд өдгөө ч үр сад нь удмаараа морь уяж, бүгд тодорхой алдар цолтой явахын эх үндэс юм болсон билээ. Аюуш өвгөн тухайн цаг үеийн бэрхшээлээс шалтгаалж морь их уяад байдаггүй байсан хэдий ч аймаг сумын наадмын түүхчилсэн жагсаалтанд айраг түрүү цөөнгүй авч байсан үзүүлэлт харагдаж байдаг. Тэгэхээр Монгол улсын Манлай уяач Ухна гуайн халхад алдаршсан хурдан хүлгүүдийн түүх Ааяа буюу Аюуш хэмээх бууралтай хүйн холбоотой болж байна.
Тал нутгийн их уяач Аюушийн Ухна
1929 оны морин жилийн намар одоогийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг Дэрсэн хашаат гэдэг газар отор хийж явсан  Аюушийнд нэгэн хүү мэндэлсэн нь өдгөөгийн Манлай уяач А.Ухна билээ.1953 онд хугацаат цэргийн албанд татагдсан тэрбээр 3-н жил цэргийн агт хариулж байгаад 1956 онд цэргээс халагдсан байна.Цэргээс ирсэн идэрхэн залуу нэгдэл байгуулахад гар бие оролцон, багийн даргын албыг хашиж эхэлсэн түүхтэй. Их уяач А.Ухны дүү нар бүгд дээд боловсрол эзэмшин суурин газар шилжсэн бөгөөд өөрөө айлын том хүү болохоор аав ээждээ туслах ёстой гэсэн бодлоор сургууль соёлын мөр хөөлгүй, мал маллах арга ухаанд суралцан үлдсэн.Хэдийгээр боловсролын мөр хөөгөөгүй ч бие дааж бичиг үсэг суран, боловсролтой хүнээс дутахааргүй мэдлэг чадвартай,хурдан морь уях эрдэмд чамгүй нэвтэрч. баг, бригадын даргын ажлыг 30 жил тасралтгүй хийсэн зон олондоо хүндлэгдсэн буянтай сайхан буурал байлаа.
Аюуш гуай Надлын Жамсран гэж дүү хүүгээс хурдан халтар азарга байсан бөгөөд тэр азарганы үр төлөөс азарга тавьснаар Ухна Манлайнх хурдтай болсон гэдэг.Их уяач маань адууныхаа хурдыг сайжруулах тал дээр ихээхэн анхаарч Түвшинширээгийн “шар” хэмээх Гэндэнгийн хүү өөрийн найз Бадиагаас тайж адууны угшилтай хээр үрээг тухайн үедээ их өндөр үнэ болох 700 төгрөгөөр авч байсан байна. Ухна гуай тэр үрээгээ том хүүгээрээ унуулан аавындаа очиж шинжүүлэхэд аав нь олон юм ч хэлсэнгүй “Их л үнэтэй үрээ байна даа” гэж хэлчихээд яваад өгч.Энэ үед л үнэтэй адуу авсандаа ааваасаа эмээж байсан Ухна хүүгийн сэтгэл тайвширч, “анх удаа бие даан морь шинжиж наймаа хийсэндээ сэтгэл хангалуун үлдэж байсан” хэмээн хүү нартаа хуучилж байжээ.Тэрбээр буруу таниагүй бөгөөд түүний шинжиж авсан хээр үрээ тэр жилдээ суманд түрүүлж, 6-р сарын нэгэнд спартакиадад 3-т давхиад азарга болсон байна. Энэ азарганы төл байдсан гүү  найз Гунгаагийн хурдан халиун азарганд аяндаа давхиж очоод эр халиун унага гарсан нь түүний алдарт хурдан халиунуудын удам угшлын эхлэл болсон түүхтэй. Гунгааги?н халиун азарганы эцэг  нь олныхны шаргын удамтай Жаланзав гэдэг хүний азарга байсан. Ухна Манлайн шинжиж авсан хээр үрээний үр төлүүд одоо ч хурдалсаар буй. Тэрбээр хүүхдүүдээ өвлийн амралтаар ирэхэд морьдоо уяж сойгоод, уралдахад бэлэн болгочихсон хүлээж байдаг байлаа. Уясан морьдоороо үнэг хөөлгөж, гүйцэж очоод орхиулдаг байсан нь амьтан авлах гэсэндээ бус мориныхоо хурдыг шалгах гэж шивхрээдэг байсан байх.Магадгүй энэ нь түүний уяаны нэг нууц ч байж болох юм.Түүний нэг онцлог нь морины гэдсийг сайхан болгох гэж ноцолддоггүй, гэдсээр нэг их оролддоггүйд байсан гэдэг.Тэдний адуу ул туур сайтай, хоол сайн даадаг болохоор хоол хасах бараг шаардлагагүй, хоолоороо л давхидаг адуу байсан хэмээн нутгийнхан нь ярьдаг юм билээ. Тэрбээр олон уралдахыг нэг их таашаадаггүй, ялангуяа бага насны адууг хурдлуулахдаа үнэхээр гаршсан хүн байсан.
А.Ухна уяачын хүүхдүүдтэйгээ нийлэн морь уяж эхэлсэн үеийг оруулан тооцох юм бол 50 гаруй жил түмэн олноо баярлуулан бүс,аймаг,сум болон бусад жижиг уралдаануудаас 300 гаруй айраг түрүү авсан тооцоо байдаг байна.
“Аав 1999 оны Алтан овооны их тахилга наадамд алдарт халиун азаргаа түрүүлгэж, түүний төл шаргал халзан даага айрагдуулж байсан бөгөөд энэ наадмаар л өөртөө их сэтгэл хангалуун байсан” хэмээн хүү Аймгийн алдарт уяач У.Гансүх хуучилж байсан.Их уяач маань 1999 онд Монгол улсын алдарт уяач, 2003 онд “Монгол улсын манлай уяач” цол хүртсэн билээ.
Тал нутгийн их уяач А.Ухна гуай 9 хүүхэдтэй.Түүний үр хүүхдүүд бүгд багш, инженер, ня-бо гээд төрийн алба хашин нутаг нугийнхаа төлөө зүтгэж байна. Эрэгтэй 4 нь хүүхэд нь бүгд “Аймгийн алдарт уяач” цолтой, хамгийн бага хүү нь өнөө жил “Улсын сайн малчин” болж байгаа бол дундах хүү У.Эрдэнэбилэг нь аавыгаа залгамжлан “ Улсын алдарт уяач” хэмээх эрхэм цолыг хүртэхээр болсон билээ.Ийнхүү Монгол улсын хурдан морины түүхэнд эцэг хүү улсын цолтон нэгээр нэмэгдэж байна. Түүний том хүү хонгор азаргаа аймагтаа 3 түрүүлгэж, 2 айрагдуулсан  шаггүй уяач нэгэн.Харин бага хүү өнгөрсөн жил Манлай уяач аавынхаа хурдны удмыг мөнхөд үргэлжлүүлж,үргэлж манлайлахын бэлгэдэл болгосон “Мөнх манлайн хурд” нэртэй гал байгуулсан байна. 2010 онд энэ гал зөвхөн зүүн бүсийн наадмаас 1 түрүү, 3 айраг бөгөөд сар шинийн босгон дээр “Улсын алдарт уяач” нэг, “Аймгийн алдарт уяач” 3 төрлөө.
Манлай аавын залгамж Монгол улсын “Алдарт уяач” У.Эрдэнэбилэг
Манлай уяачын дунд хүү Эрдэнэбилэг аавыгаа залгамжлан туулай жилийн босгон дээр Монгол улсын “Алдарт уяач” хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртээд байгаа билээ.Ийнхүү эцэг хүү хоёр төрийнхөө хишгийг хүртэн түмэн олондоо хүндлэгдэж,хурдан морины түүхэнд нэгэн тод үсгээр тэмдэглэгдэж байна.У.Эрдэнэбилэг  1989 оноос эхлэн бие даан морь уяж эхэлсэн,моринд элэгтэй нэгэн. Тэрбээр засгийн газрын тушаалтай уралдаануудаас сүүлийн жилүүдэд тогтмол айраг түрүү хүртэж байгаа туршлагатай уяач.1999 оны Алтан овооны их тахилгын наадамд түүний халиун азарга түрүү магнай болж байсан бол 2002 онд Сүхбаатар аймгийн 60 жилийн ойн баяр наадамд халиун азарга аман хүзүүдсэн билээ.Түүнчлэн 2002 онд Дорноговь аймагт зохиогдсон ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит уралдаанд халиун шүдлэн, хар хязаалан хоёроо түрүүлгэн уяачын жаргалыг эдлэж байсан.Мөн 2003 онд болсон Хэнтий аймгийн 80 жилийн ойн баяр наадамд халиун азаргаа айргийн тавд, хар морио аман хүзүүдүүлж,тэндээсээ Мөнххаан сумын 80-н жилийн ойд очин халиун азаргаа түрүүлгэсэн байдаг.Түүний амжилт үүгээр хязгаарлагдсангүй 2006 онд Хэнтий аймгийн Дэлгэрхаанд болсон зүүн бүсийн даншиг наадамд Тожин / будан / азаргаа айргийн дөрөвт хурлуулсан билээ.Энэ уралдаанд халхын довтой хурдан хүлгүүд ирж уралдаж байсан бөгөөд түүнийг ямар хэмжээний уяач вэ гэдгийг батлан харуулсан уралдаан болсон.Шинэхэн “Алдарт” уяач маань өнгөрсөн жил Хэнтийн аймагт болсон зүүн бүсийн даншиг наадамд буурал даагаа айргийн 5-д давхиулж давхар уяагаар Эрдэнэцагаан суманд болсон Егүзэр хутагтын наадамд аман хүзүүнд хурдлуулсан.

 Улсын алдартын дайтай аймгийн алдарт уяач У.Гансүх
Монгол улсын Манлай уяач А.Ухны хүү аймгийн алдарт уяач Гансүх аав нь хаана явна тэнд дагаж явдаг байсан бага байхын л моринд элэгтэй шавилхан хүү байж.1970 оноос эхлээд 15 нас хүртлээ 8 жил хурдан морь унаж байсан унаач нэгэн. 15 настай 8-р ангийн том хүү болсон хойноо алдарт халиунуудын анхны төл хурдан халиун даагаа унаж Халзан сумын ойд түрүүлж, Асгат суманд өөрөө уяж очин өөрөө унаж дахин түрүүлж байсан нь түүний хурдан морь унасан сүүлчийн тохиолдол. Ингээд 16 настайгаасаа  эхлээд л аавыгаа даган морь уяж эхэлсэн бөгөөд энэ үеэс тооцвол 30 гаруй жил эр хүний хийморь сэргээсэн хүлгийн хөлс, тоосонд орсон байна.
Морь уяж эхэлсэн анхны жилээ нэг даага бие даан уясан чинь сумын наадамд хоцорчихож.Залуу насны ааг,цагаахан атаархалаар энэ даагаа аваад аймагт явах гэсэн чинь том ах нь “ Чи суманд хоцорсон даагыг аймагт аваачиж уралдах гэлээ. Аймгийн наадам чинь тэгж басаж болдог наадам биш” гээд л зэмлэсэн байна. Гэвч тэр өөрийн бодлоосоо буцсангүй, хадлан дээр байсан хүүхдүүдийн даагатай уралдуулж үзэхэд түрүүлээд байсан тул зөрсөөр байгаад аймгийн наадам руу даагаа хөтлөөд явлаа.Тэр наадамд түүний уясан даага түрүүлж ирээд үзүүр дээрээ сууж  аман хүзүүдсэн юм. Ингэж л түүний  морь уях эрдэм ухаанд суралцах гараа эхэлсэн гэдэг.
У.Гансүх уяач бага адууг арай зөөлөн, том насыг бол чангадуу талдаа уядаг. Тэр болгон тарлаад байдаггүй, ер нь аавтайгаа олон жил хамт морь уясан болохоор арга барилыг нь тэр чигээр нь авсан гэхэд болно. Сайн гүүнээс сайн төл гарна гэсэн бодолтой байдаг болохоор адууныхаа угшлыг сайжруулахад нилээд анхаарч  хэд хэдэн сайн гүү авсан байдаг.Тухайлбал Ширээтийн цагаан адууны угшилтай нэг хар гүүг чамлахааргүй үнээр авсан нь хоёр хурдан ажнайг гаргаж түүнийг олон жил баярлуулж байна.
Тэдний адууг харахад жижгэвтэр ч давхилдаа их том харагддаг, хөлийн хурд ихтэй, бие галбир ганган, сайхан тунгалаг нүдтэй адуунууд байдаг юм билээ.Уяачын хэлснээр бол давхар уях тутам хурд орж байдаг, яс сайтай, эдэлгээ сайн даадаг, газрын холоос айдаггүй, хүн харахад Ухна гуайнхны адуу байна гээд шууд танигддаг гэсэн.
 Аймгийн Алдарт уяач У.Гансүх бие даан морь уяж эхэлснээс хойш бүс,аймаг, сум,  бусад овоо тахилга,том жижиг наадмуудаас 60 орчим айраг түрүү авсан байна. Тэрбээр 2000 онд Хэнтийн Галшард болсон  өвгөн ноёны наадамд  хээр үрээгээ айргийн  4-т хурдлуулж бүсийн наадмаас анхныхаа айргыг хүртэж байсан бөгөөд  түүнээс хойш аймаг, бүсийн наадмаас айраг алгасаагүй хүртэж байна. 2003 онд Хэнтий аймгийн 80 жилийн ойд хээр шүдлэн, хүрэн хязаалан хоёроо түрүүлгэж, тэр их хурдтай нутгийн том ойд 2 түрүү авч магнай хагартал баярлаж байсан хэмээн ярих дуртай.Арга ч үгүй биз дээ. Тэр наадмаас Ухна гуайнх өмтэй сайхан наадаж 2 түрүү 4 айраг авсан бөгөөд  буцах замдаа аймгийнхаа Мөнххаан сумын 80 жилийн ойн наадамд оролцож 4 түрүү, 4 айраг хүртэн халхын хавтгайд данстай хурдан хүлэгтэй айл гэдгээ харуулсан. Мөнххаанд сумын тэр наадамд У.Гансүхийн хүрэн үрээ нь түрүүлж, хээр үрээ нь аман хүзүүдсэн билээ. 2004 онд халиун даагаа Алтан овооны их тахилгад аман хүзүүнд хурдлуулж ааваасаа “уяач болжээ” гэсэн магтаалын үг хүртэж байсан. Мөн “Дорнод-2009” зүүн бүсийн их даншиг наадамд хүрэн азаргаа халхын алдарт хурдуудтай уралдуулан айргийн 3-т давхиулж байсныг морь сонирхогчид маань санаж байгаа биз ээ.Түүний  хүрэн азарга аймагтаа зохион байгуулагдсан өвлийн уралдаанд 2 түрүүлж , аймгийн наадамд 2, сумын наадамд 2 айрагдаж, Дорноговьд болсон тайж адууны наадамд 5-д, Дорнодын гурилын үйлдвэрийн наадамд 3-т хурдалсан байсан хурдан буян.Мөн тэр бүсийн наадамд дүүгийнх нь буурал үрээ айргийн 3-т давхиж энэ айлыг удмаараа хурдан хүлэгтэй гэдгийн баталсан.
У.Гансүх өөрийгөө адуу хэр шинждэгээ сорьхын тулд нэгэн хар үрээ уясан нь 2008 оны Алтан овооны тахилгад 9-р, соёолондоо Хатгины наадамд түрүүлээд өнгөрсөн жил улсын наадамд 11, морины их олимп “Их хурд” уралдаанд  9-д хурдалжээ.Бар жилд Сүхбаатар аймгаас очиж улс, их хурдад уралдсан морьдоос түүний энэ хар азарга хамгийн дээд амжилт үзүүлсэн. Тэрбээр гурван хүүхэдтэй бөгөөд ганц хүүгээ моринд их дөртэй гэх юм билээ.Хүү нь хурдан морьдыг нь унадаг байсан болохоор моринд дуртай болохоос яахав. Харин хоёр охин нь ээжийнхээ мэргэжлийг өвлөн явж байгаа ба морь гэхээр л ухаанаа алддаг гэмтэй гэсэн.
Ийнхүү Монгол төрийнхөө наадамд үе удам дамжин хурдан хүлгээ айрагдуулсан Манлай уяач А.Ухна агсны үр хүүхдүүдэд сар шинийн мэнд хүргэж уясан хүлэг бүр чинь торгон жолоо өргүүлж Монгол наадмаа хийморь сүлдээр чимж байхын өлзийтөй ерөөлийг өргөн дэвшүүлье.
                                         "Тод магнай" сэтгүүл 2011 оны 2 сар дугаар № 13

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.