Тунааны начин

А.Тэлмэн
2014 оны 5-р сарын 02 -нд

Тунана гэдэг тун сайжирсны шинж гэдэг. Тэгвэл улсын баяр наадамд, тэр дундаа начин цолны даваанд тунан барилдаж улмаар давж начин цолд хүрсэн бөхчүүд хэн хэн байдаг юм бол. Тэд ямар алдар цолд хүрэв. Энэ тухай өгүүлье хэмээн саналаа. Гэхдээ хагас зууны өмнөх наадмаас эдүгээг хүртэлх наадмын түүхээс сөхөж харъя.
1965 оны улсын баяр наадмын тавын даваанд у.з Х.Баянмөнх гурван бөхөөс нэг нутгийн Т.Артагийг амлаж заан Х.Баянмөнхийн найз, залуу начин П.Дагвасүрэн, мөн нэг нутгийн бөх Ж.Хайдав нар тунажээ. Энэ барилдаанд Ж.Хайдав давснаар “Монгол улсын начин” цолтон болсон байна. Жамбалын Хайдав түүнээс хойш улсын наадмын их шөвөгт дараалан шалгарахдаа ойн жилд нь начин цолны даваанд өвдөг шороодуулсан П.Дагвасүрэнгийн хамтаар үлдэж “Монгол улсын арслан” цолд хүрчээ.
1969 оны наадмын тавын даваанд у.н Д.Сэрээтэр Өвөрхангайн С.Жаамааг амлаж Увсын Т.Артаг, Булганы Ч.Лундаа нар тунажээ. Тунасан хоёрын барилдаанд Чимэдийн Лундаа давж начин цолд хүрчээ. Арал чац сайхантай, “Булганы тэрэг өргөдөг Лундаа” хэмээн алдаршсан энэ бөх начин болсон наадамдаа Ч.Бээжин аваргыг шороодуулж 6 давсан бол 1973 онд тухайн цагийн у.н Ч.Өвгөнхүү, залуу начин Д.Хадбаатар нарыг дараалан шороодуулж начин цолоо батлаж байжээ. Үеийнх нь хүчтэнүүд “Булганы Лундаа хүрэх цолдоо хүрч чадаагүй” гэх нь бий.
Ардын хувьсгалын 50 жилийн ойн наадмын 5-ын даваа. Нэг аймгийн, нэг сумын хоёр залуу тунасан нь Увсын Тэсийн Төмөрийн Артаг, Цэрэнгомбын Лхамаа нар. Хэн хэн нь өмнө нь хоёр ч удаа начны даваанд шороодсон бөхчүүд байв. Хоёр хүчтэний тунаа, “тулаан”-д Ц.Лхамаа давснаар Төмөрийн Артаг хэмээх дэлхийн хүчтэн начны босгоос, тэр дундаа тунаанаас хоёр дахь удаагаа буцав. Цэрэнгомбын Лхамаа начин улсад төдий олон жил зодоглосонгүй, Увс аймгийнхаа наадамд таван удаа түрүүлжээ.
1973 оны наадмын тавын даваанд мөн л Увс нутгийн хоёр хүчтэн тунаж үлджээ. Тэсийн Дамирангийн Баатаржав, Давстын Мядагийн Мөнгөн нар. Өсвөр үе, залуучуудад дөмгийн дөмөг байсан М.Мөнгөн томчуултай ч бас сайн барилдаж дөмөг байсан тул тунасан нь энэ. Энэ барилдаанд М.Мөнгөн давж начин цолд хүрсэн бол хожмоо улсын наадамд хоёронтоо үзүүр булааж, дөрвөн ч удаа их шөвөгт шалгарч байжээ.
Алдарт их Мөнхийн сүүлийн түрүүгээ хүртсэн жил  тавын даваанд Булганы Д.Галдандагва начин Баянхонгорын Г.Батсүхтэй тунан барилдаж а.а Г.Батсүх давснаар “Монгол улсын начин” болов. Гандолгорын Батсүх хойтон жилийн наадмаар мөн тав давж цолоо баталсан бөгөөд Монгол улсын гавьяат тамирчин, самбо бөхийн дэлхийн аварга бөх байв. Мөн олон бөхийн багш, нэртэй сурган хүмүүжүүлэгч байлаа.
1980 оны наадмын тавын даваанд бөхийн өлгий Увс нутгийн хоёр хүчтэн тунаж үлджээ. Ж.Ганболд, Ө.Тулгаа нар. Давсан Ө.Тулгаа дараагийн даваанд Д.Лхагва-Очир начинтай мөн тунаж давсан ч зааны даваанд өвдөг шороодсон бөгөөд хожмоо уран сайхан мэх, уулга алдуулсан барилдаанаар бөх сонирхогчдынхоо дунд домог мэт болсон сайхан заан болсон билээ.
60 жилийн ойгоор Дамдин аваргын Баяраа Довдонгийн Дашжамцтай тунажээ. Цэргийн арслан Д.Дашжамц давснаар улсын начны их гэр бүлд багтсан байна. Түүнийхээ хойтон мөн шөвгөрч цолоо баталсан начин маань дархан баруун ташаа, даацтай сайхан мэхүүдээрээ нэгэн цагт олон бөхийн зүрхэнд шар ус хуруулж явсан нэгэн. Монгол улсын гавьяат дасгалжуулагч цолтой.
1985 оны наадмын тавын даваанд хожмын хоёр их хүчтэн тунаж барилдсан байна. Тухайн үеийн у.н О.Балжинням, цэргийн арслан Б.Бат-Эрдэнэ нар. Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийн цолд хүрсэн энэ наадам 22 дараалсан шөвгийнх нь, хорих аргагүй их амжилтынх нь анхных байжээ.
1988 оны наадмын тавын давааны төгсгөлд у.н Ц.Улаанхүү у.н О.Балжиннямыг амлаж аймаг цэргийн арслан, заан цолтой зургаан залуу тунаж үлджээ. Энэ нугалаанд Архангайн П.Эрдэнэбаяр Ховдын Ло.Энхбаярыг , Налайхын П.Сүхбат Архангайн “өндөр” Хишигдоржийг, Өвөрхангайн Д.Эрдэнэбат Ховдын Ч.Бямбадоржийг тус тус давж начин болжээ. Пунцагийн Сүхбат төрийн наадамд үзүүрлэж, дэлхийн дэвжээнд “шөвгөрсөн” бол Дашзэвэгийн Эрдэнэбат даншгаар заан болж, дараа нь мөн шөвгөрчээ. Харин П.Эрдэнэбаяр начны тухайд цолоо батлах даваанд хоёронтаа шороодсон байна.
1990 оны наадмын тавын даваанд улсын начин Лодойн Эрхбаяр аймгийн арслан Лодойн Энхбаяр нар тунан барилджээ. Монгол наадмын түүхэнд цаашид давтагдахад бэрх энэ барилдаанд а.а Энхбаяр давж ихэр бөхчүүд маань цолоороо ч “ихэрлэжээ”.
1991 оны наадмын тавын даваанд Чадраабалын Бямбадорж, Дуламжавын Мөнх-Эрдэнэ нар тунасан байна. Ч.Бямбадорж начин цолтой, Д.Мөнх-Эрдэнэ цэргийн арслан цолтой байсан үе. Дуламжавын Мөнх-Эрдэнийн анхны шөвөг энэ байжээ.
1995 онд Ховд аймгийн харьяат ц.з Ч.Батзориг, “Шонхор” дээд сургуулийн залуу бөх Ц.Баянмөнх нар тунан барилдаж Ч.Батзориг илт илүүрхэж явсан ч шороодож Цогт-Очирын Баянмөнх “Монгол улсын  начин” болов. Хяргасын Ц.Баянмөнх начны хэр хэмжээний бөх гэдгийг бөх сонирхогчид андахгүй биз ээ.
Ардын хувьсгалын түүхт 80 жилийн ойн наадам. Энэ наадмын 5-ын даваанд Сэлэнгэ аймгийн арслан Ш.Зоригт, Завхан аймгийн харьяат ц.з Ш.Уламбаяр нар тунан барилдаж Шагдарын Зоригт дархан өмсөх мэхээрээ давж наадамчдын магнайг тэнийлгэж байв. Зоригтын хувьд сайн бөх төдийгүй сайн багш болохоо нотлож "Алдар" нийгэмлэгийн дасгалжуулагчаар ажиллаж байна.
2003 оны наадмын 5-ын даваанд урд жилийн начин Д.Азжаргал, Увс аймгийн арслан Э.Батбаатар тунан барилдаж Эрдэнийн Батбаатар давж, дараагийн даваанд шинэ начин Г.Эрхэмбаяртай мөн тунан барилдаж даваад “Монгол улсын харцага” цолны анхны эзэн болж байв. Эрдэнийн Батбаатар тухайн цагтаа үнэхээр гайхуулж, шуугиулж байлаа.
2004 онд урд онд мөн тунаж байсан Д.Азжаргал начин цэргийн арслан Т.Мөнгөнцоожтой тунан барилдаж Түмэнсанжаагийн Мөнгөнцоож давж, дараагийн даваанд мөн цэргийн арслан Даваанямын Лхагвадоржтой тунан барилдаж даваад “Монгол улсын харцага” цолод хүрэв. Т.Мөнгөнцоож одоо ч зааны тааварт нэр нь багтсаар байна. Улсын наадамд дахин хоёр ч удаа шөвгөрсөн билээ.
2006 оны наадмын тавын даваанд түрүү жилийн начин Түмэннасангийн Амартүвшин, Булган аймгийн залуу арслан М.Өсөхбаяртай тунан барилдаж Мөнхсайханы Өсөхбаяр “Монгол улсын начин” цолд хүрч, мөн даага хөтлөж байлаа. Иртэй, жавхаатай зааны анхны шөвөг энэ байсан бөгөөд улсад түрүүлэх бөхийн тааварт багтсаар явна.
2007 оны наадамд Алтай нутгийн хоёр залуу тунан барилдаж Нямдоржийн Ганбаатар давж начин цол хүртээд, дараагийн даваанд Завхан аймгийн арслан Л.Нямсүрэнтэй мөн тунаж давснаар “Монгол улсын харцага” цолд хүрэв. Түүнийхээ хойтон үзүүрлэж, төрийн наадамд хэдэнтээ шөвгөрсөн  залуу гардийг улсын наадамд түрүүлэх бөх хэмээн олон наадамчид хүлээдэг ээ.
2008 оны наадамд цэрэг аймгийн хурц арслан цолтой хоёр залуу, тэр дундаа үй зайгүй хоёр найз тунасан нь Арслангийн Бямбажав, Баттулгын Соронзонболд нар байв. Тэдний барилдаанд Б.Соронзонболд давж дараагийн даваанд у.а Х.Мөнхбаатар, д.ав Г.Өсөхбаяр нарыг шороодуулж “Монгол улсын заан” цолд хүрсэн билээ.
2009 оны наадмын тавын даваа хуртай, нартай болж байлаа. Энэ наадмын тавын даваанд у.н Т.Өсөх-Ирээдүй Хөвсгөл аймгийн хурц арслан Ц.Содномдоржтой тунан барилдсан бөгөөд начин хашиж мордсон боловч хурц арслан дагуулж мушгиж тонгороод давснаар олон наадамчдын хүлээлтийг биелүүлж байв. Цэдэвийн Содномдорж хоёр жилийн ард цолоо ахиулж харцага болсон бөгөөд түүнийг дэмжигчид төрийн наадмын түрүү бөхөөр нэрлэсээр байна.
90 жилийн ойн наадамд аймгийн арслан цолтой дөрвөн залуу тунан барилдаж байлаа. Алтангэрэлийн Алтанхуяг Батнасангийн Гончигдамбатай, Алтангэрэлийн Отгонбаатар Батмөнхийн Сангисүрэнтэй барилдаж Завханы Б.Гончигдамба, Өвөрхангайн Б.Сангисүрэн нар давж начин цолд хүрч байлаа. Унасан хоёр залууг улсын цолд хүрэхийг наадамчин олон хүлээсээр ...
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна