90 жилийн ойн их баяр наадамд 2 болоод 3 давсан сумын заан, залуу бөхчүүд

А.Тэлмэн
2014 оны 5-р сарын 07 -нд

Ардын хувьсгалын түүхт 90 жилийн ой, Их Монгол Улс байгуулсны 805 жилийн ойн их баяр наадамд дуулиан шуугиантай, дуулгах сонин ихтэй болж байлаа. Саяхан мэт санагдавч гурван оныг үджээ. Их ойн наадамд цолтнуудыг шороодуулж цойлсон залуусын тухай бичиглэхийг хичээв.
1. Гурав давсан залуус
Улс аймгийн цолгүй залуу бөх улсын наадамд гурав давна гэдэг бөх хөгжиж, өрсөлдөөн ширүүссэн өнөө цагт үнэхээр хэцүү. Тэгвэл их ойн наадмаар хоёр залуу бөх улсад гурав давж байжээ. Тэд хэн байв?
БОЛДПҮРЭВИЙН СУГАРЖАРГАЛ. Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, жүдо бөхийн улсын шигшээ багийн тамирчин, сумын заан энэ залуу нэгийн даваанд Говь-Алтай аймгийн харьяат, а.н Д.Нарангаравыг, хоёрын даваанд Увс аймгийн харьяат у.н Ц.Цэрэнхүү нарыг шороодуулж 2 даваад гурвын давааны нугалаанд Баянхонгор аймгийн харьяат, улсын наадамд хоёр ч удаа 4 давж байсан, шилдэг арслан Р.Дамдинтай тунан барилдаж гурав давж байлаа. Тэр зунаа төрөлх аймгийнхаа ойн наадамд барилдсан 512 бөхөөс а.а Д.Болдбаатар, а.а Б.Батдорж, а.н Т.Ядамсүрэн, а.з Л.Батзориг нарыг дараалуулан өвдөг шороодуулж аймгийн заан хэмээх цолд хүрсэн бол 2012 оны наадамд у.н Ж.Гансүх, у.н Ц.Одбаяр, да.ав Г.Өсөхбаяр, у.з Б.Соронзонболд нарыг давж “Монгол улсын начин” хэмээх эрхэм цолд хүрсэн билээ. Арал жин ихтэй, биеэ сайн сулладаг, бяртай начин олон наадамд дүүрэн сайхан барилдах биз ээ.
ДАМДИНСҮРЭНГИЙН ПҮРЭВДОРЖ. Булган аймгийн Сайхан сумын харьяат, мөн жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, сумын заан цолтой энэ бөх нэгийн даваанд Төв аймгийн харьяат, а.н Н.Бямбацогтыг, хоёрын даваанд Говь-Алтай аймгийн харьяат у.н С.Эрхэмбаярыг тус тус шороодуулж 3-ын даваанд у.н Н.Бүрэнбаатарт амлуулж барьц сонгуулсан боловч давснаар есөн хөлт цагаан тугаа гурвантаа тойрсон билээ. Түүнийхээ хойтон жил бүх цэргийн наадамд начны даваанд шороодож аймгийнхаа наадамд а.н Д.Ихтамир, Ө.Сүхбат нарыг дараалан шороодуулж аймгийн харцага цолд хүрсэн Пүрэвдоржийг Булган аймгийнхаа наадамд түрүүлэх бөх гэж олон үзэгчид найдсаар.
2. Хоёр давсан залуус
ГАНБААТАРЫН ТҮМЭНЖАРГАЛ.
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, сумын заан Г.Түмэнжаргал их ойн наадмын нэгийн даваанд Архангай аймгийн харьяат, а.н Б.Баярааг, хоёрын даваанд Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, МУ-ын өсөх идэр начин Х.Амарааг тус тус шороодуулж гурвын даваанд у.з Ц.Мягмарсүрэнд өвдөг шороодсон байна. Тэр жилээ аймгийнхаа наадамд барилдсан 256 бөхөөс а.а Б.Батхуяг, у.н Ж.Гансүх нарыг шороодуулан түрүүлж аймгийн арслан болсон бол 2012, 2013 онуудын наадамд 6 даван их шөвөгт үлдэж сайн арслан болохоо баталсан билээ.
НЭРГҮЙБАЯРЫН ЭРДЭНЭЧУЛУУН. Дархан-Уул аймгийн Шарынгол сумын харьяат энэ залуу сумын цолтнуудын барилдаанд тун дөмөг үздэг байлаа. Харин их ойн наадмаар нэгийн даваанд Сүхбаатар аймгийн харьяат, сүүлд а.з болсон а.н Б.Эрдэнэбаярыг, хоёрын даваанд Хэнтий аймгийн харьяат, у.н Б.Батбаяр нарыг давж гурван даваанд өөрийн багш у.х Г.Элбэгт өвдөглөжээ. Түүнийхээ хойтон жил аймгийнхаа наадамд а.з С.Баянмөнхөөр тав давж а.н болоод өнгөрсөн жил а.х Ж.Бадрал, а.а С.Ерөөлт нарыг давж аймгийн арслан цол хүртсэн бөгөөд заал танхимын барилдаанд хүч үзсээр байна.
БЭГЗИЙН МИЖИДСҮРЭН. Өмнөговь аймгийн Булган сумын харьяат тэрээр ҮБТДС-ийг у.г Б.Гончигдамба, а.а Л.Шинэбаатар, а.н Ш.Нямсайхан нарын хамт дүүргэсэн бөгөөд их ойн наадмаар Хэнтий аймгийн харьяат а.н Г.Энхсүх, Төв аймгийн харьяат у.н Ц.Гэрэлт-Од нарыг өвдөг шороодуулаад Булган аймгийн харьяат МУ-ын өсөх идэр начин Ц.Цогтжаргалд шорооджээ. Дараа жил нь аймгийнхаа наадамд Булган аймгийн харьяат а.а Б.Бат-Эрдэнийг өвдөг шороодуулж а.н болсон бөгөөд өнгөрсөн жилийн наадмаар а.х М.Мэндсайхан, а.х Б.Жавхлансайхан, а.х Ц.Анхбаяр, а.з Э.Нямаа нарыг дараалан шороодуулж аймгийн арслан цолд хүрсэн билээ. Бэлтгэл сургуулилтаа жигд тогтмол хийж, сайн барилдсаар байна.
МӨНХБАТЫН ДАВААСҮРЭН. Бөхийн өргөө болоод Төв аймаг, ХААИС-ийн сумын заануудын барилдаанд олон удаа түрүүлж, үзүүрлэж шөвгөрч байсан энэ залуу Аварга ДС-ийг а.н Х.Гантулга, с.з Н.Даваадорж, Г.Азбилэг, Э.Ширнэн нарын хамт суралцан төгссөн. 90 жилийн ойн наадмаар Дундговь аймгийн харьяат, а.н Б.Төмөрбат, Увс аймгийн харьяат у.н Ц.Баянмөнх нараар 2 даваад 3-ын даваанд Завхан аймгийн харьяат МУ-ын өсөх идэр начин Ц.Сумьяабээстэй удтал хүч үзэж шороодсон билээ. Өнгөрсөн жил аймгийнхаа наадамд а.н Т.Ядамсүрэн, а.х О.Бундхорол нарыг өвдөг шороодуулж үзүүрлэн аймгийн заан цолд хүрсэн түүнийг өнөө жил аймгийнхаа наадамд түрүүлж арслан цол хүртэнэ хэмээн бөхийн хорхойтнууд таавар дэвшүүлсээр байна. Цаашлаад Бүрдний олон цолтныхоо залгамж болон төрийн наадмын дэвжээнд торойх хүчтэн болох биз ээ.
АВАРЗЭДИЙН ОТГОНБААТАР. Сумын заан цолтой тун сайн барилдаж бөх сонирхогчдын хараанд өртсөн энэ бөх Баянхонгор аймгийн Баянбулаг сумынх. Ойн наадмаар Булган аймгийн харьяат, а.н , жүдоч Я.Алтантулга, Говь-Алтай аймгийн харьяат, у.н Г.Гансүх нарыг өвдөг шороодуулаад нутгийн бөх у.н Б.Баянжаргалд өвдөглөжээ. Тэр жилээ аймгийнхаа наадамд тав даван шөвгөрч а.н цолд хүрсэн бол өнгөрсөн жилийн наадамд сумын шилдэг заан Г.Жамбалдорж, а.н А.Батзориг нарыг давж аймгийн харцага цол хүртсэн байна. Бэлтгэл сургуулилтаа тогтмол хийж, өөрийгөө дайчилж барилдвал илүү сайн барилдах боломж түүнд дүүрэн бий.
БАЯРААГИЙН ТӨРМАГНАЙ. Агуу Дамдин аваргын ач хүү тэрээр их ойн наадмын нэгийн даваанд Булган аймгийн харьяат а.н Б.Өлзийхутагийг, хоёрын даваанд Өмнөговь аймгийн харьяат, у.н Д.Багахүүг шороодуулаад гурвын даваанд нутгийн ах у.н Б.Баянмөнхөд өвдөглөсөн байна. Тэр жилээ аймгийнхаа наадмаар 6 даван шөвгөрч а.х цолд хүрсэн бөгөөд бөхийн хийц галбир сайхантай түүний хувьд аав, өвөө хоёрынхоо алдрыг дуудуулах их найдварыг тээж буй.
ЦЭРЭГБААТАРЫН ЭРХЭМБАЯР. Сумын заануудын барилдаанд аль хэзээнээс шуугиулсан энэ залуу Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат, аймгийн заан Сандагийн ач, аймгийн заан Цэрэгбаатарын хүү билээ. Давхар хамах, өмсөх, хөлд гүйж орох зэрэг хурц эрэмгий мэхтэй, хурдан түргэн барилдаантай тэрээр өнгөрсөн жил аймгийнхаа наадамд зургаа даван их шөвөгт шалгарч аймгийн харцага цолд хүрсэн байна. Уяачдын наадмаар их шөвөгт шалгарч байсан энэ бөх их ойн наадмаар Өвөрхангай аймгийн харьяат а.з Ц.Мөнхтогоо, Завхан аймгийн харьяат у.х Т.Нармандах нарыг шороодуулж 3-ын даваанд у.х Ө.Бат-Оршиход унаж байжээ.
ӨЛЗИЙБАЯРЫН ДҮҮРЭНБАЯР. Бөхийн мундаг удамтай тэрээр их багаасаа барилдсан бөгөөд улсын аварга шалгаруулах барилдаанаас гурван өнгийн гурван медаль хүртсэн нь хэр хэмжээний бөх болохыг харуулах болов уу. Энэ наадамд Өмнөговь аймгийн харьяат а.н Д.Наран, Дундговь аймгийн харьяат МУ-ын өсөх идэр начин Ц.Улаанхүү нарыг даваад өөрийн үеэл ах у.г Н.Ганбаатарт шороодсон бол 2012 онд Говь-Алтай аймагт 5 давж а.н цолд хүрээд өнгөрсөн жил улсын баяр наадамд у.ө.и.н Ц.Лхагвасүрэн, у.з Д.Хишигдорж нараар гурав даваад дөрвийн даваанд улсын даян аварга Г.Өсөхбаярт өвдөг шороодсон юм. Жүдо бөхөөр эх орныхоо нэрийг гаргаж яваа энэ залууг олон олон амжилт хүлээж буй биз ээ.
ТҮВДЭНДОРЖИЙН АЗЗАЯА. Увс аймгийн Малчин сумаас улсын заан Ө.Тулгаа, у.н Ө.Сумьяа хэмээх ах дүү алдарт бөхчүүд бий. Тэдний залгамж халаа болж, өсвөр үе залуучуудад нэрээ гаргасан бөх бол Түвдэндоржийн Аззаяа. Тэрээр 90 жилийн ойн наадмаар Өмнөговь аймгийн начин Д.Бямбацогт, Архангай аймгийн харьяат у.н Г.Батбаатар нараар хоёр даваад нутгийн ах у.а Б.Ганбатад өвдөг шороодсон бол аймгийнхаа ойгоор начин цолд хүрээд у.ав С.Мөнхбатад өвдөглөжээ. Увс аймгийнхаа наадамд цолоо ахиулах бүрэн боломжтой бөх өө.
ГАНБОЛДЫН ШИРЧИНБАТ. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын харьяат. 90 жилийн ойн наадмаар Архангай аймгийн харьяат, а.з Д.Цолмонбаатараар нэг, Төв аймгийн харьяат, у.х Ж.Намжилдоржоор хоёр даваад у.х Г.Ганхуягт өвдөг шороодсон бол 2012 онд аймгийнхаа наадамд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын харьяат, а.з С.Жиенханаар 5 давж аймгийн начин цолд хүрчээ.
ЦЭДЭВИЙН БАТНАСАН. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, үндэсний бөхийн улсын ахлах тайлбарлагч, МУ-ын СТА, сумын заан Цэдэвийн Батнасан. Түүний тухайд нутгийн бөх сонирхогч, Ч.Мөнхчулуун:
Монгол телевизээр бөх гарч байна
Монхор хамартай цагаан залуу тайлбарлаж байна
Цэнхэр дэлгэцээр бөх гарч байна
Цэдэвийн Батнасан бөх тайлбарлаж байна хэмээн бичсэн байдаг. Үнэхээр л цэнхэр дэлгэцээр, тэр дундаа ТВ9 телевизээр гарч буй бөхийн барилдаануудыг сэтгэлд хоногштол сайхан тайлбарладаг түүнийг монгол түмэн андахгүй сайн мэднэ. Мөн үндэсний бөхийн сумын заан цолтой гэдгийг ч андахгүй. Тэгвэл Батнасан ах маань өөрийн цолдоо эзэн гэдгээ батлаж их ойгоор хоёр давжээ. Нэгийн даваанд Өвөрхангай аймгийн харьяат а.н Ц.Амарбаясгаланг, хоёрын даваанд Булган аймгийн харьяат, у.н С.Ганхуягийг тус тус даваад у.а Д.Азжаргалд өвдөг шороодсон байна.
МАШБАТЫН РАЛДИЙЖАМЦ. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харьяат, сумын заан. Эдүгээ Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст ажилладаг тэрээр их ойн наадамд нэгийн даваанд Завхан аймгийн харьяат, а.н Л.Бат-Эрдэнэ, хоёрын даваанд Увс аймгийн харьяат, у.н Л.Цэвээн нарыг давж 3-ын даваанд у.з М.Өсөхбаярт шорооджээ. Түүний төрсөн дүү нь сүүлийн үед сайн барилдаж буй сумын заан М.Данзанжамц билээ.
АЮУШИЙН БОЛДБАЯР. Увсын Тариалангийн энэ бөх нийтийн монголд ч түрүүлж байсан, төмөр замчдын барилдаанд ч сайн барилдаж явсан бөх. Тэгвэл тэр улсын наадамд ч хоёр давж байсан бөгөөд нэгийн даваанд Увс аймгийн харьяат, а.н Л.Галбадрахыг, хоёрын даваанд Өвөрхангай аймгийн харьяат, у.н С.Мандахыг тус тус өвдөглүүлээд гурвын даваанд нутгийн бөх, у.х А.Бямбажавт шорооджээ.
ДАВААДОРЖИЙН ТӨМӨРХҮЛЭГ. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, МУ-ын улам нэмэх харцага Ч.Даваадоржийн хүү, жүдо бөхийн ОУХМ, сумын заан тэрээр их ойн наадмаар нэгийн даваанд Өмнөговь аймгийн харьяат а.н Ш.Азжаргалыг, хоёрын даваанд Булган аймгийн харьяат, у.н М.Болдбаатарыг тус тус давж гурвын даваанд нутгийн ах у.ө.и.н М.Жамьянпүрэвт өвдөг шороодсон байна. Төмөрхүлэгийн хувьд хэдийгээр жин багатай, бие жижигтэй боловч аргагүй уран барилдаант харцагын хүү гэдгээ нотлож бөхийн өргөөний болоод ШУТИС-ийн сумын заануудын барилдаанд тун уран барилдаан үзүүлдэг гэдгийг бөх сонирхогчид андахгүй ээ.
ДААЛХАЙН ТАМИР. Увс аймгийн Тэс сумын харьяат тэрээр у.х Ө.Даваабаатар, а.а Б.Баатарцол, З.Наранбаатар нартай хамт Шонхор дээд сургуулийг төгссөн байна. Түүний хувьд их ойн наадамд Завхан аймгийн харьяат, а.н Л.Отгонбаяр, Өвөрхангай аймгийн харьяат, у.н У.Сүхбаатар нарыг давж гурвын даваанд нутгийн бөх, у.ав О.Балжиннямд өвдөглөжээ.
НЯМЦОГТЫН ДАВААДАГВА. Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд гурван удаа түрүүлсэн, сумын заан Ц.Нямцогт гэж бөх бий. Түүний хүү Даваадагва бөхийн өргөөнд болсон сумын заануудын барилдаанд эдүгээгийн а.а Ш.Пүрэвгарьдыг орхин шөвгөрч байв. Тэгвэл улсын баяр наадамд Говь-Алтай аймгийн харьяат, а.н М.Чулуунбат, Өвөрхангай аймгийн харьяат, у.н И.Ганбаатар нарыг өвдөг шороодуулж хоёр даваад гурвын даваанд нутгийн бөх, у.а До.Ганхуягт өвдөг шороодсон билээ.
ГАНБОЛДЫН ХЭРЛЭН. Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин тэрээр үндэсний бөхөөр барилдахдаа ч бас хоосонгүй аж. Арга ч үгүй биз, түүний төрсөн ах, а.з Г.Ганзориг бөхийн өргөөнд сумын заануудын барилдаанд түрүүлж байсан сайн бөх. Г.Хэрлэн 90 жилийн ойн наадмаар Увс аймгийн харьяат, а.н Г.Ганзориг, Говь-Алтай аймгийн харьяат, у.н Д.Бадрах нарыг өвдөг шороодуулаад у.з Д.Амгаланбаатарт шороодсон байна.
ЁНДОНЖАМЦЫН АЛЗАХГҮЙ. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харьяат энэ бөх 2011 оны наадмын нэгийн даваанд Ховд аймгийн харьяат, а.н Д.Ганболд, хоёрын даваанд Завхан аймгийн харьяат, у.н Б.Цэнгэлсүрэн нарыг дараалан өвдөглүүлж хоёр даваад гурвын даваанд у.з /одоо у.г/ Д.Рагчаад өвдөг шороодсон байна.

МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна