Адуу засалч С.Дамдинхүү: Магнай халтар, Ноён хүрэн, Дөлгөөн хонгор гээд нэртэй цуутай адуунуудыг хатгаж эмчилсэн

А.Тэлмэн
2014 оны 5-р сарын 08 -нд

-Таныг зүүн гурван аймагтаа нэртэй засалч гэж сонсоод зорьж ирлээ. Ханах засах эрдмийг хаанахын хэн гэдэг хүнээс өвлөж авсан талаар яриагаа эхэлье?
-Манай аав 1945 оны дайнд малын санитараар явж байсан юм гэнэ лээ. Ааваасаа би 11 настай үлдсэн болохоор сурч үлдсэн юм байхгүй. Бага насаа сургуулиар өнгөрөөгөөд 1968 онд Шаамарын сургуульд тракторын курс төгсөж, Архустын сангийн аж ахуйд тракторчноор ажиллаж байгаад 1970 онд цэрэгт явсан. Цэргээс халагдаж ирээд Архустын сангийн аж ахуйдаа трактор барьж байгаад, 1978 онд Мөнгөнморьтын нэгдэлд шилжиж очин, бригадын тоо бүртгэгч, аж ахуйн дарга, адуучин, суурийн ахлагч гээд хийгээгүй ажил байхгүй. Тэгээд Багануурт 2000 онд шилжиж ирсэн юм. Морь хатгах эрдмийг Өвөрхангайн Цэрэндагва, Мөнгөнморьтын Сүндэв гуайн аав Зэвгээ гэдэг өвгөнөөс сурсан. Мөнгөнд адуучин байхдаа хааяа судас, янз бүрийн доголсон барьсан юмыг хатгачихаад байдаг байсан. Нэг удаа Сүндэв гуайн аав Зэвгээ гуайн шарга соёолон нь Мөнгөнморьтод түрүүлж ирээд асрын урд талд босож чадахгүй хэвтчихсэн. Тэдний хүү Батаахүү давхиж ирээд “өвөөгийн үрээ хэвтэж хөрвөөгөөд, цоллуулж чадахгүй байна. Чи очоод үзээд өгөөч” гэж байна. Очоод үзтэл дэлүүтчихсэн байхаар нь хатгаад орхитол үүрсэж босож ирээд, цоллуулж байсан юм. Түүнээс хойш Мөнгөний ард түмэн морь тэгчихлээ, ингэчихлээ гээд надаар морь малаа хатгуулдаг болсон юм. Намайг морь хатгадаг гэдэг яриа нэгээс нөгөөд  дамжсаар байгаад ойр хавийн сумдынхан ч ханддаг болсон доо. Ингэж явсаар 30 гаруй жил морь хатгасан байна.
-Хүн болгонд хатгах засах талаар заахад сурахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр мэдрэмж, төрөлх авьяас гэж нэг юм байх шиг байгаа юм?
-Би морь хатгах сонирхолтой байсан л даа. Ер нь адуу малд сонирхолтой, багаасаа хурдан морь унаж байсан юм. Морь хатгаж байгаа ахмад улсыг дагаад хараад, сонирхоод л, яадаг юм, ийдэг юм гэж асууж явсаар өөрийн мэдрэмжээр сурсан даа, ах нь. Надад гардаж зааж өгсөн хүн бол Өвөрхангайн Цэрэндагва гэдэг өвгөн байсан юм. Аль сумыг нь мартчихаад байна. Олон жилийн өмнө бурхан болсон доо хөөрхий. Ямарваа нэгэн юмыг сурахад хүний авьяас чухал. Гарын мэдрэмж, нүдний хараа бүгд л нэг цэг дээр очиж байж нөгөө судсыг олно шүү дээ.
-Онон Тод манлай нэгдлийн олон адуу маллаж байхдаа доголж, гэм суусан бага адууныхаа үүдэн шүдийг нь харж байгаад л баруун тал, урд талын хөл байна гээд л өөрийнхөө мэдрэмжээр хатгасаар байгаад сурсан гэж ярьдаг юм билээ.
-Би бас нэгдэл адуугаар дадлага хийсэн л дээ. Онон Тод манлайгийн хэлдэг үнэн. Гүүн сууринд унааны морь болгож үрээ байдас сургаад ав гээд өгнө. Буцаагаад өгөхдөө хойш нь, урагш нь доголгочихсон, нуруу турууг нь авчихсан ирнэ. Тийм адуугаа засаж нэлээд сургууль хийсэн. Буруу зөрүү хатгавал нөгөөдөхийг чинь агтанд өгч, бүр болохгүйг нь идэш хоолонд өгчихнө. Бас адуу хатгах, анагаах тухай ном их уншсан. 
-Адуу хатгах тухай Оргил докторын нэг ном байдаг юм. Тэр номыг сөхөж үзсэн үү?
-Тиймээ, Оргил докторын хатгуурын номыг уншсан. Батсайхан гээд спиртийн үйлдвэрийн захирал Цэнхэрмандалын Аюушийн зээрд гэж илүү нуруутай морийг Багануурт авчирч түрүүлгэсэн юм. Би тэр Батсайхан захирлын адуучин байсан. Тэгээд намайг тэр илүү нурууг нь эдгээж янзалж өг гэхээр нь үхэжсэн махыг нь приткаар өвчөөд янзалсан. Тэгэхэд Оргил доктор 2-3 сувилагчтай ирээд “Өө  Дамдинхүү байгаа юм уу, тэгвэл бидний хэрэг алга” гээд буцаад явж байсан юм.
-Бариач илээч, мал ханадаг хатгадаг чадвар ихэвчлэн удамшсан байдаг даа. Содов гуайн хүүхдүүдээс танаас өөр ийм чадвартай хүн байдаг уу?
-Би 11 хүүхэдтэй айлын 10 дахь нь. Тийм хүн байхгүй ээ. Миний доод талын дүү жолооч. Дээд талын ах малчин даа.
-Адууг ханаж хатгах нь тодорхой улирлын чанартай гэж ярьдаг. Сүүлийн үед ч согог оллоо гэнгүүт л өвөл, зунгүй хатгадаг болчихлоо. Ер нь адуунд гэм суухад ямар хугацааны дотор хатгавал тэр эмнэл болох вэ?
-Олон наадмаасаа л болж байна. Өвлийн уралдаан их болохоор уралдаад морь нь доголно. Халуун дээр нь даруйхан хатгуулахгүй бол болохгүй, цус нь бүлхрээд бороолно. Удахаараа хатуураад бороо авна. Түүнээс нь өмнө хатгуулж янзалж авахгүй бол болохгүй. Удвал эдгэх, эмчилгээ авах нь муу. Өнөөдөр наадамд уралдлаа, шөрмөсөө цохичихлоо, махайлчихлаа гэхэд дор нь богочлоод, цаг  юм уу, хоёр цаг хэрээтэй болгоод богочийг нь аваад шууд шөрмөсөн сиймхийг нь хатгах хэрэгтэй. Тэгвэл дорхноо л зүгээр болоод, дараа жил нь уралдаж л байна даа.
-Та сая Сүхбаатарын Халзан явж адуу хатгаад ирлээ гэж байна. Хол газар очих гэсээр байтал удчихсан адууг ханаж хатгахад хүндрэлтэй байдаг уу?
-Гайгүй ээ. Сум суманд нь хатгаач гэж байна. Жишээлбэл, Халзан суманд гэхэд ойр зуурын хатгачихдаг, Жаргалтхаанд гэхэд Жоогийн Равжир гэдэг өвгөн байлаа. Тийм улсаар хатгуулаад, бүр болохгүй бол над руу ярьдаг. Сая Халзан сумын хүн миний утсыг Дорнод аймгийн Дугар гэдэг хүнээс аваад л над руу ярьсан байсан. Ер нь хүмүүс сумандаа хатгадаг хүнээр хатгуулаад болохгүй бол Дамдинхүү гэдэг хүн Багануурт байдаг юм гэнэ лээ, зүүн бүсийн хатгаач сайн хүн гэсэн. Тэр хүнээр л үзүүлээд, хатгуулаад гомдлоо баръя гэх маягаар намайг дууддаг юм.
-Өөр хүн хатгачихсан, бас удаж гэм нь архагшчихсан тохиолдолд эдгэрэл авах магадлал хэр байдаг юм бэ?
-Хүндрэл бэрхшээл байна л даа. Ухаандаа түнхний ар буюу хойшоо доголчихсон адуу жил өнжчихсөн, хүнээр хатгуулсан байхад жилийн дараа хатгахад найдваргүй л дээ. Урьд нь хатгуулчихсан адуу хүний гар хүрэнгүүт л дав дав гээд биеэ бариад л, чөдөрлөөд цоровдонгуут цовхчоод л халширчихсан байдаг юм.
-Жилийн дараа очиж хатгахад эмчилгээ авах уу?
-Авах нэг нь авна, авахгүй нэг нь авахгүй. Гол нь 20 см-ийн цаана байгаа судсыг олох нь чухал. Шүдэнзний мод шиг зөрөх юм бол нөгөө судсаа олохгүй шүү дээ.
-Төрийн наадамд торгон жолоо өргүүлж байсан нэртэй цуутай аргамаг хүлгэдийг илаар болгож байв уу?
-Их л олон адуу хатгалаа даа. Баянжаргалын Магнай халтар Эрдэнэчулууны шаргыг дийлж түрүүлснийхээ дараа хөл нь муудсан юм. Баянжаргал ирж намайг Өлзийт хороололд аваачаад халтар азаргаа үзүүлсэн. Халтар азарга шөрмөсөн сиймхийдээ цустай болчихсон байсныг цусыг нь авч эдгээсэн. Түүнээс хойш Өвөрхангайд очиж нэг айрагдсан. Дуламсүрэн Манлайгийн Ноён хүрэн гэдэг азаргыг хатгаж байлаа. Багануурын олон адуу хатгасан. Бүргэд Батсүх гэдгийн бор азаргыг хоёр сиймхийг нь хатгаж өгөөд түүнээс хойш Багануурт нэг түрүүлж, нэг аман хүзүүдсэн. Багануур бүсийн Алдарт уяач Цэвээндоржийн хар халзан азарга гээд Багануур хавийн, тойрсон нутгийн сум, аймгийн Алдарт уяачдын олон сайхан морьдыг хатгасан. Өнгөрсөн намар Эрдэнэтийн Батсайхан Өвөрхангайд айрагдсан зээрд морио хойшоо доголуулчихаад “Булган, Эрдэнэтэд түнхний ар хатгадаг хүн олдохгүй нь, та ирж хатгаж өгөөч” гэж утсаар дууддаг юм. Түнхний арыг хатгах хэцүү. 20 см-ийн далд судсыг олж хатгадаг учраас барагтай хүн хатгахгүй. Өөр бас Дөлгөөн хонгорыг хатгасан.
-Дөлгөөн хонгор ямар оёг согогтой болсон байсан бэ?
-Баасанбазарын морь Багануурын наадамд айрагдчихаад уяан дээр хөрвөөгөөд байж. Уяач нь ирээд “та очоод үзээд өгөөч, цоллуулах гэсэн чинь хөрвөөгөөд болохгүй байна” гээд. Очиж үзээд дэлүүг нь хатгаад, 30 минутын дараа шөвгөө сугалж автал хонгор халзан морь нь босоод ирсэн. Түүнээс хойш 10 айрагдаж, 10 медаль авсан гэж Баасанбазар өөрөө надад хэлж байсан. Ер нь дэлүүг бушуухан хатгахгүй бол хонуут юм уу, хоёр өдөр болоход тийчлээд үхдэг юм даа.
-Хамгийн хол хаана уригдаж морь хатгаж байсан бэ?
-Хамгийн хол нь Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Дорнод аймагт хэд хэд очсон. Сүхбаатар аймгийн Халзан, Уулбаян, Түмэнцогт сумд руу ч явлаа. Түмэнцогтод Сайрийсүрэнгийн Төмөр-Очирын адууг хатгасан. Хотод Цэдэв, Тэрбиш гээд олон боссуудын адуун дээр очиж морь малыг нь хатгаж байсан.
-Энэ мэргэжлийн үнэмлэхийг хэзээ авсан юм бэ. Ямар нэг сургалтад суугаад авсан юм уу?
-Сургуульд сураагүй ээ. Дамдинбал гэж Сэргийлэхийн дарга олон жил хийсэн өвгөн байлаа. Тэр өвгөн Оргил эмчид “Дамдинхүү гэж энэ хүний юм чаддаг, чаддаггүйг нь шалгаж өгөөч” гэж хэлж. Тэгээд хүмүүс ирээд “Та тэрийг хатга, энийг хатга” гэх зэргээр шалгалт маягийн юм аваад надад ийм үнэмлэх өгсөн юм. Чадах чадахгүй улс чинь олон хатгана, хутга нь их мохоо байна, дөнгөж арьсыг нь цоолоод орхиж байна. Хажуу талд хатгаад, буцааж байна. Судсыг олон хатгавал адуу улам л халшраад байна. Амьд амьтан чинь тэгэлгүй яахав дээ. Уг нь нэг хатгалтаар судсыг олж байх хэрэгтэй.
-Эмчлэхэд хамгийн төвөгтэй, хэцүү нь ямар эмгэг байдаг вэ?
-Түнхний ар, зоогоо авч хойшоо доголох, шөрмөсөн сиймхий амаргүй. Шөрмөсөн сиймхийг олохгүй, шөрмөсөндөө хутга шүргэх юм бол тэгээд л хөлгүй болно.
-Ер нь хурдан моринд тохиолддог хамгийн түгээмэл эмгэг юу вэ?
-Голдуу л тавагны цус даа. Одоо чинь уралдаж ирээд л машинаа 2-3 тойруулав уу, үгүй юу аччихаж байна. Тэгээд машин дээр байнга зогсоогоороо яваад, цус нь доошоогоо таваг руугаа буудаг. Мөн хүүхэд амыг нь эвгүй татах, мориндоо ажил хийж яваад том хүн ч гэсэн жалга шуудуу, хонгор гүтгэр, замын ховилоор амыг нь эвгүй татах, тэр битгий хэл хойшоо бүдрэхдээ зоондоо юм хавчуулчихад хойшоо доголж байгаа юм. 
-Тавганд цус буухыг ханахгүйгээр, уяачид өөрсдөө эмнэх боломжтой юу?
-Сүүлийн үед элдэв эм түрхлэг хэрэглэдэг болсон байна лээ. Цусыг нь хатаадаг тос ч гэх шиг янз бүрийн юм сүүлийн үед гарч ирж л байгаа юм билээ.
-Төмөрхадуур доктор хатгахыг эрс эсэргүүцдэг. Орост докторын зэрэг хамгаалсан энэ хүн антибиотик буюу шинжлэх ухааны эмчилгээ хийх ёстой. Ханаж хатгах бол үрэвслийг дарж байгаа хэлбэр биш, харин ч сэдрээж байгаа хэрэг гээд дэмждэггүй юм билээ?
-Тийм байна лээ. Би сэтгүүл, номон дээрээс уншсан. Миний хувьд энэ хануур хатгуур зөв л гэж боддог, өвөг дээдсээсээ уламжилж ирсэн эмчилгээ шүү дээ.
-Хатгасан адуу тэр гэмтлээ дахиж авах, сэдрэх тохиолдол байдаг уу?
-Хатгаа судаснууд чинь эдгэх өөр өөр хугацаатай. Шөрмөсөн сиймхий гэхэд 1 сар, түнхний ар 2 сар, хөөсөн богино хавирга 6 сарын гам барих ёстой. Цээжийг нь авчихсан адууг богино хавиргаар нь  хийлж хатгадаг юм.Тэгэхдээ адууныхаа тарган, туранхайд тааруулна, хутганыхаа хэмжээг бооно. Туранхай адуунд дөрвөн хуруу тавиад боочих юм бол хавирганы завсраар хутга ороод зүрхний судас, цагаан ховдлыг цоолж үхнэ шүү дээ. Тэгж үхүүлж байгаа хүнтэй таарч л байсан.
-Муу цусыг нь авах гэж байгаа үед тан өгч ханах ёстой гэдэг юм билээ?
-Миний бодлоор олон судас зэрэг хатгаад их цус гаргахад шингэн хийж цусыг нь төлжүүлэхгүй бол болохгүй. Адуунд бас цус багадалт гэж байна. Зарим адуу цусаа үгүйлээд хамаг бие нь хөлрөөд харангасч байна. Тэгэхэд нь бушуухан услаад, дусал залгачихад тэр адуу сэхээд ирдэг. Ер нь цус муудсан адуу бол гадна үснийхээ өнгөөр мэдэгдэнэ. Энд тэндээ толбо сууж, үс нь зоос ороод ирдэг юм.
-Үс нь халцраад байгаа нь түүнтэй холбоотой юу?
-Нүүр ам, шанаа нь халцрахад цусархагсных шүү дээ. Муу цустай, цусархагссан байна гэсэн үг.
-Энэ тохиолдолд хаана нь хатгаж эмнэх ёстой вэ?
-Чамархай хатгаад зүгээр болно. Хойшоо бөгсөө шөргөөгөөд байвал голын цус нь муудсаных. Голын судсыг нь хатгахад бөгсөө шөргөөхөө больчихно. Нуруугүй морь байлаа гэхэд нурууны судас гэж  сүүлний угны хоёр захад нь байдаг юм, тэрийг хатгахад нуруу эдгэнэ. Дахиж нуруугаа авахгүй. Би энэ хатгааг буруу гэж би хувьдаа хэлж чадахгүй. Нуруугүй морины нурууны судас цус хурчихсан байхад Төмөрхадуур доктор ямар эм, ургамал өгч эдгээдгийг би мэдэхгүй л дээ.
-Та адууг ямар шинжээр нь хаанаа согог, гэмтэл суусныг нь мэддэг вэ. Уяачид өөрсдөө анхан шатны мэдээлэл авахад юуг нь ажиглах ёстой вэ?
-Би бол барьж үзээд мэднэ, хараад мэднэ, хөдөлгөөнөөр нь мэднэ. Цус байгаа газар харахад ч мэдэгдэнэ, бариад үзсэн ч мэдэгдэнэ. Уяачид адуугаа хөдөлгөж үзээд явдлыг нь харах хэрэгтэй. Хөлөө дутуу гишгэж байна уу, гүйцэд гишгэж байна уу гэдгийг хар.
-Дөрвөн мөчиндөө согог байхгүй хэрнээ цаагуураа муудаад байвал яах уу?
-Янз бүр л байна л даа. Унааны эмгэг буюу буруу эдэлгээний эмгэг гэж байна. Хар шүдтэй адуу, тагнайрсан адуу бол гаднаасаа хараад мэдэгдэнэ л дээ.
-Адууны гэмийг шүдээр нь засах гээд ном байдаг юм билээ?
-Ах нь тэрийг сонссон. Би бол гаднаас нь хараад, бариад тэмтрээд л мэднэ. Түнхний ар хатгалаа гэхэд гаднаас нь харахад ташаан толгой хоёр ондоо байдаг байхгүй юу. Нэг тал нь зүгээр, доголсон талын ташаан толгой хонхойчихсон байдаг юм. Тэрийг зарим хүн мэддэггүй юм л даа. Одоо ч мэдэхээсээ мэдэхгүй хүн нь их болчихсон. Морины хорхой болчихсон цаг боллоо шүү дээ.
-Уралдаан олон болсон болохоор адуу согог суух нь их болсон гэж дээр та хэлж байсан. Залуу уяачдад нэн тэргүүнд анхаарах ёстой зүйлийг хэлээч?
-Ер нь давхиад ирсэн морио залхууралгүйгээр сайн хөдөлгөж байх хэрэгтэй. Давхиад ирэнгүүт нь шууд зогсоогоод хөлсийг нь хусаж байна. Тэр бол буруу. Хамгийн их цус буух магадлал нь тэнд байгаа юм. Явдал дунд хөлсийг нь хусаж байх зүйтэй.
-Морь тэжээж байгаа хүмүүс тэжээлийн алдаа маш их гаргадаг. Ийм тохиолдолд ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Хөдөө гадаагүй залуучууд морио тэжээж байгаа боловч морио тагнайлж мэдэхгүй байна. Сар гаруй тэжээчихсэн, ганц ч тагнайлдаагүй, тэгээд тэжээлээ идэхээ больчихлоо, идэх уухдаа дургүй болчихлоо гээд над дээр ирж байгаа юм. Тагнай нь памбайгаад хөөгөөд ирэхээрээ ус уух дургүй, өвс хоолоо ч идэх дургүй болчихдог юм. Тагнай их удахаараа ханиад болж, ханиад нь удахаараа дөрвөн хөлдөө орно. Морио тэжээж байгаа улс тагнайг нь сайн харж байх хэрэгтэй. Шүдээ даваад памбайгаад ирэх юм бол тагнайлж байх хэрэгтэй. Ер нь 14 хоноод нэг удаа тагнайлж байхад гэмгүй.
-Тийм ойр ойрхон цус авч болох юм уу?
-Болно. Тэжээлийн адуу чинь их цусархагсаж байгаа шүү дээ. Тэгж байхгүй бол тэжээл өөдтэй авахгүй.
-Даага ч бас адилхан уу?
-Бүх нас адилхан. Тэгээд сүүлдээ гэдсээ татаад л ханиад болоод, ханиад нь хөл рүүгээ ороод, хойд хоёр хөл дээрээ оцойгоод суудаг юм. Түмэнцогтод хонгор буурал даага очиж хатгаж байсан. Хусран даага гээд өвөлжин тэжээчихсэн, нөгөөдөх нь бие нь чангарах нь битгий хэл, ханиад нь хөлдөө ороод нохой шиг оцойгоод суучихсан байсан. Энэ тохиолдолд тагнайлдаж цус гаргаад, янз бүрийн үрэвслийн тариа, тамирын тариа хийнэ л дээ. Үүнээ гадна хар шүдтэй, арангатай адууг залуучууд тэжээгээд байх юм. Олигтой тэжээл авахгүй шүү дээ, арангыг нь авахгүй бол. Шүд нь өвдсөн хүнтэй л адил. Зарим залуус тэрийг нь авч мэдэхгүй байна, дутуу авч байна.
-Өвлийн уралдаан дээр огцом давхиж ирээд битүү хөлөрчихсөн байгаа адууны уушгинд гэм зэм суух эрсдэлтэй гэж үздэг. Үүнийг яаж анагаах боломжтой байдаг вэ?
-Өвлийн уралдаанд хатгаа авах магадлал хамгийн их. Бушуухан л нэмнэх хэрэгтэй. Уушгинд гэм суусан адуу тарга тэвээрэхгүй. Тийм адууг бол ах нь уушгины судсыг нь хатгадаг юм даа. Тэгээд эм тариагаар эмчлэх хэрэгтэй. Ер нь анхны арга хэмжээ бол уушгины судас хатгах байгаа юм.
-Уушги мэтийн цулархаг эрхтний судас руу хатгахад зүгээр үү?
-Уушгины судас чинь хааны дотор талд ил байдаг байхгүй юу.
-Насаараа суралцдаг мэргэжил бол эмч. Мал эмнэлэг ч ялгаагүй байх. Алдаа оноо гаргах, түүнээсээ суралцах тохиолдлууд гарч байсан уу?
-Өө, гарна гарна. Ахад нь чадахгүй, мэдэхгүй судас байна шүү дээ. Зүү төөнүүртэйгээ нийлээд 30 хэдэн судас байна, адуунд. Түүнээс надад чадахгүй судас байна. Зүү төөнүүр гэдгийг л тавьж мэдэхгүй дээ. Бусад судсыг бол бараг л хатгана.
-Буруу судас хатгах, судсаа олохгүй морь малаа гэмтээх, цаашлаад амь насанд нь хүрэх тохиолдлууд гарч байсан уу?
-Миний хувьд бол гарч байгаагүй.
-Адууны хөлд халуун шавар тавьж эмчилдэг гэж сонссон. Шавар тавьж эмчлэх боломж бий юу?
-Шавар тавьж болно л доо, боломжтой. Бага зэргийн цусыг шавар хатаагаад байхгүй болгочихно. Хөхөөд авчихдаг юм уу гэж би боддог юм. Тэр бас нэг эмчилгээ. Өнгөрсөн өвөл нэгдүгээр сард билүү дээ Жаран нэгийн гарамд нүүдлийн уяачид дээр очлоо. Тэгэхэд нэг залуу уяач нь мориныхоо хавдсан хөлийг шавраар боогоод гурав хонолоо гээд намайг дуудсан. Задлаад үзтэл хөлийг нь хөхөөд хавдрыг нь байхгүй болгочихсон байсан. Шавар бол буруу биш. Дээр үеийн настнууд рашаан сувилалд явахдаа рашааныхаа шаварт мориныхоо хөлийг уяна гээд уядаг морио хөтөлж явдаг байсан юм.
-Залуу хойч үеэ бэлтгэх тал дээр хэр анхаарч байгаа вэ?
-Би Багануурын уяачдын холбооныхонд “Шавь бэлтгэх юмсан, нас сүүдэр өндөр болж байна” гэж хэлдэг юм. Яахав ойр зуурын, ил далд судсыг суръя гэсэн залуучууд байдаг боловч нутаг ус нь холдчихоод, тэр болгон дагаад явах боломжгүйдээд байна. Цэнхэрмандалын Алдарт уяач Цэгмид гэж хүний хүү Аз миний шавь л даа. Тэр хүү залуу хүний зоригоор хамаагүй хатгана. Жанцанхорлоогийн Амгалан гэж бас миний шавь бий, ойр зуурын юм хатгадаг юм.
-Морь мал хатгаад тодорхой хэмжээнд өөрийнхөө хөдөлмөрийг үнэлүүлж чаддаг уу?
-Яахав дээ, ах нь хүний өгсөн сүсгээр болдог юм. Хүн адуу ч өгдөг, хонь ямаа ч өгдөг юм, мөнгө төгрөг ч өгдөг юм. Тусдаа тариф байхгүй.
-Та морь мал уядаг уу?
-Залуу байхдаа уяж байсан. Төв аймаг, суманд айраг, түрүү авч л байсан. Сум, аймгийн цол байхгүй.
-Бидний урилгыг хүлээж авч ярилцсанд баярлалаа.
-Танай “Тод магнай” сэтгүүлийнхэнд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.
А.Тэлмэн


 

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.