Аймгийн Алдарт уяач С.Шаравдорж: Шарга морь надад хамгийн олон айраг авч өгсөн

А.Тэлмэн
2014 оны 6-р сарын 25 -нд

Адуу гэдэг эр хүний хийморийг сэргээдэг буянтай амьтан. Тийм ч учраас хурдан моринд нэг орсон хүн буцаж гардаггүй. Яг л энэ жишгээр адуунд орсон хүний нэг бол Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Сэр-Одын Шаравдорж юм. Анх нутгийнх нь нэртэй хоёр хөгшин адуу бэлэглэж түүнийг уяач болох суурийг тавьсан гэдэг.
-Та сүүлд морь уяж эхэлсэн хүн. Өмнө нь танай удамд уяач хүн байв уу?
-Манай удамд морь уядаг хүн байгаагүй. Аав, ээж маань тэмээчин хүмүүс. Анх намайг адуунд дурлуулсан хүн бол Алтанширээ сумын Алдарт уяач Лувсан гэдэг хүн бий. Уг нь үндсэн гарал нь манай Хатанбулагийнх. Тэр хүн үрээ бэлэглэж байсан. Мөн Сайхандулаан сумын Монгол улсын Гавьяат нэгдэлчин Хужирын Жамбал гэдэг хүн хязаалан үрээ бэлэглэсэн. Хоёр сайн уяачаас адуутай болсондоо билэгшээгээд  моринд орчихсон хүн. Нэг мэдсэн чинь 2004 оноос хойш арваад жил морь уясан байна. Тэр хоёр маань адуу бэлэглэнэ гэдэг бол намайг моринд оруулах эх үндсийг тавья, моринд уруу татъя гэсэн санаагаар өгсөн байх.  Тэр ч санаа биелсэн. Одоо хүртэл буцалтгүй болчихсон, уяач гэдэг нэртэй явж байна даа.
-Санаа санааны үзүүрт тос гэдэг. Тэдний бэлэглэсэн адуунууд хэр давхисан бэ?
-Лувсан гуайн өгсөн адуу нэг айрагдсан. Гэхдээ тухайн үед туршлага дутуу, морио давхил гарах хэмжээнд нь уяж чадаагүй байх. Гэхдээ дараа дараагийн авсан морьд болгон хурдан байсан. Хүн үнэхээр чин сэтгэлээсээ сонирхох юм бол аз, өм гэдэг нь дагаад ирдэг юм билээ. Миний авсан морь бүр айрагдаж, түрүүлж байсан. Түрүүний хоёр адуу бол бэлэгнийх. Хамгийн анх хязаалан үрээ худалдаж авч байсан.
-Хэн гэдэг хүнээс, ямар өртөгтэй авч байсан бэ?
-Нутгийнхандаа Монгоо гэж нэрлэгддэг Алтанширээ сумын Жигмэдцэрэн гэдэг хүнээс 30 хургатай  хониор авч байсан. Тэднийх адуу цөөтэй айл. Долоо, наймхан адуутай. Би 200, 300 мянган төгрөгөөр авбал авчих л байсан. Нэлээн ядуувтархан өвгөн байсан болохоор “Би таныг малжуулъя” гээд 30 хургатай хонь өгсөн. Миний анхны айргуудыг тэр үрээ авч өгч байсан. 2004 онд Хатанбулагийн 80 жилийн ой болдог юм. Би чинь нутгийн хүн, бас бизнесмен гэдэг нэртэй. Тэр утгаараа 80 жилийнхээ ойд зургаан насны морьтой очъё гэж бодсон. Тухайн үед адуу их цөөхөн учраас зургаан нас бүрдэж өгдөггүй. Ой болохоос өмнө Алтанширээ сумын наадам боллоо. Тэгсэн чинь миний уясан мориноос ганц нь ч эхний арав дотор алга. Сумынхаа 80 жилийн ойд очих гэж байгаа хүн үгүй дээ айрагь давхих ганц морьтой очихгүй бол болохгүй гээд тэнд түрүүлж, айрагдсан морьдоос сонирхсон юм,
Нэг хүний Айраг чигийн шүдлэн үрээ түрүүллээ. “Зарах уу” гэсэн чинь “зарахгүй” гэж байна. Даага давхисан чинь нөгөө хүний даага түрүүлчихсэн. Тэгэхээр нь “Үрээгээ зараагүй, одоо даагаа зарах уу” гэсэн чинь “сая 500 мянгад авбал ав” гэж байна. 2004 онд сая 500 мянга гэдэг бол маш өндөр үнэ байхгүй юу. Бодъё гэлээ, бас зогтуслаа л даа. Жаахан байж байгаад “Би сая 500 мянгад чинь авъя, эхтэй нь өгөх үү” гэсэн чинь “Эхтэй нь өгөхгүй” гэж байна. Тэгэхээр нь би, битүү даага арай ч дээ, наймаа юм чинь  яриад сая 200-д авсан даа. Тэр даага надад анх айраг амсуулсан адууны нэг.
-Тэгээд сумынхаа 80 жилийн ойд очоод яаж давхисан бэ?
-Түрүүлсэн. Тэр жилийн наадамд даага хоёр тасарч эргээд миний даага будилсан дааганд нь орчихсон юм. Долоо хоногийн дараа Хөвсгөл сумын 80 жилийн ойд очлоо.  Тэнд аман хүзүүнд давхисан. Уг нь бараг л түрүүлсэн юм. Жалга довны үзэл гаргаад миний даагыг татаад барьчихсан юм. Би юм хэлээгүй ээ. Яагаад гэвэл сумандаа түрүүлэхэд нь огт бариулаагүй юм чинь хажуу суманд аман хүзүүнд барих бол юу ч биш.
-Тэр даага Айраг чигийн адуу байсан гэсэн. Дээд угшлыг нь асууж сонирхсон уу?
-Дээд угшил нь Иххэтийн үнэхээр хувилгаан адуу байсан. Даагандаа гурав түрүүлсэн. Тэр жил аймгийн наадам наймдугаар сард болсон юм. Манай аймаг гантай жил наадам хийдэггүй байсан. Тэр жил наймдугаар сард цаг гайгүй болонгуут гурван насны морь давхиулсан. Тэр гурван насанд нь даага орсон юм. Би тухайн үед эмнэлэгт хэвтээд морь малаа ч уяагүй, өөрөө ч айхтар уядаггүй байсан. Хүн гуйж уяулдаг. Нөгөө хүн рүүгээ яриад “Даага уралдана гэж байна” гэсэн чинь “Ганц гайгүй юмаараа өчнөөн уралдаад яадаг юм, бага насны адуу олон уралдах дэмий байдаг юм” гэж байна. Наадам болохоос гурав хоногийн өмнө нөгөө хэд маань даагаа аваад ирлээ. Харсан чинь цүдийсэн гэдэстэй хээлтэй гүү шиг юм зогсож байна. Уяж сайн мэдэхгүй  болохоор ийм бүдүүн гэдэстэй яадаг бол гэж бодсон ч уяачдаа юм хэлж чадаагүй. Наадам ч боллоо. Гуч гаруй даага мордсон. Тэр уралдаанд даага маань хол түрүүлсэн. Хамгийн гол нь тэр наадам чанартай, Айраг, Даланжаргалан, Өргөн, Замын-Үүд, Улаанбадрах зэрэг суманд түрүүлсэн дааганууд ирчихсэн байсан. Тийм учраас хурдан гэдгээ тэгж нотолсон юм даа. Шүдлэндээ Алтанширээгийн наадамд түрүүлсэн. 2006 онд адуу тэжээнэ гэдгийг манай аймгийнхан мэддэггүй  байхад аймгийн Алдарт Нармандах, уяачдын холбооны тэргүүн Ганболд бид гурав морь тэжээж эхэлсэн юм.  Өвлийн хүйтэнд адуундаа буруу ажил хийсэн юм байлгүй. Хатгаа маягийн уушгины сэвтэй болоод хязаалан насанд эндүүлчихсэн. 
-Та богино хугацаанд аймгийн Алдарт уяач болсон. Таныг аймгийн Алдарт уяач болоход олон айраг, түрүү авсан ямар адуу байна?
-Миний анхны авсан халтар азарга байна. Сүүлд нь Сүхбаатарын Халзангаас даага авсан. Тэр дааганаасаа  эхлээд айраг  тасраагүй. Бас миний өөрийн унаган гэж болохоор эх тал нь Сайхандулаан, эцэг тал нь Алтанширээгийн хонгор халзан даага байсан. Одоо их морь болсон л доо. Тэр даагандаа аймагт түрүүлсэн. Үндсэндээ би аймагт гурван түрүүтэй.  Шарга алаг морь маань соёолондоо аймагт түрүүлсэн. Ер нь хамгийн олон айраг, түрүү авч өгсөн адуу бол шарга алаг морь юм.
-Аль чигийн адуу вэ?
-Мөн л Алтанширээгийн  адуу. Миний адууны цөм үндэс нь Алтанширээ голдуухан. Тэгэхээр дээрээсээ  Банди, Тайж  адууны угшил ороод ирдэг юм.  Мөн Галшар, Иххэт адуу ч бий. Шарга морь надад хамгийн олон айраг авч өгч намайг олон баярлуулсан. Одоо уяхаа больсон.
-Хамгийн олон гэдэг нь хэд гэсэн үг үү?
-Арав гаруй медальтай. Манайхан чинь хойшоо явж нэг их уралддаггүй. 2009 онд соёолонд нь би Дүнжингаравт очиж 36-д давхиулсан. Тэр жилээ аймгийнхаа наадамд түрүүлсэн юм.
-Та хэдэн оны аймгийн Алдарт вэ?
-2009 онд болсон. 2007 онд нэг түрүү, хоёр айраг авсан юм. Өмнөх түрүүнүүд нэмэгдээд, 2007 онд хонгор халзан даага түрүүлээд, халтар азарга таваар ороод, шарга алаг шүдлэн  гурваар орсон. Ер нь нийт 30 гаруй медальтай болчихоод байгаа. Би адуунд ороод арваад жил болж байна. Энэ хугацаанд  өөрийн гэсэн дөрөв, таван  азарга адуутай, аймгийн Алдарт. Миний хувьд чамлахааргүй сайхан амжилт. Гэхдээ энэ амжилтыг гаргахад маш олон хүний хөдөлмөр орсон. Ялангуяа тусалж дэмждэг, анхны үед уяж өгч байсан уяачид, зөвлөгөө өгдөг хүмүүс, дээр нь адуу малладаг хүн гэдэг чинь маш их үүрэгтэй байдаг. Манай адууг Алтанширээгийн Батбаяр гэдэг хүн малладаг байсан. Тэр хүн өвөл унаж эдэлнэ, хорыг нь гаргана. Эхний үед тэр хүн морийг минь уяж байсан юм. Сүүлийн үед зөвхөн адуугаа маллаад, өвлийнх нь уналгаа эдэлгээг их тохируулдаг байсан. Энэ олон хүнд би баярлаж явдаг юм.
-Та түрүүн анхны адуу тэжээсэн хүмүүсийн нэг гэсэн. Дорноговийнхон цус сэлбэх гээд эрлийз, цэвэр цусны адуу мэр сэр авчирч азарга тавьж байгаа юм байна. Магадгүй тэр хүмүүсийн нэг байж мэдэх юм?
-Байлгүй яахав. Гэхдээ манай аймаг нэг онцлог нь шинэ цагийн адууг ямар ч наадамд оролцуулахгүй гэсэн журам гаргачихсан. Гэхдээ мэр сэр хүмүүс шинэ цагийн адууг өсгөж, үржүүлж байгаа. Говьсүмбэр аймгийн Алдарт уяач Адъяасүрэн гэж хүн байдаг юм. Бид хэд нийлээд одоогоос нэлээн хэдэн жилийн өмнө англи цэвэр цусны азарга 17 саяар авч байсан. Түүний төл нэлээн бий. Ер нь их сонин, гурван жил дараалан зургаан төл гарахад дандаа охин. Нэг ч эр гараагүй. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг утгаар нэгэнт уралдаж болохгүй юм чинь сав гарна гэдэг бол харин ч сайн. Ер нь сайн адуутай болъё гэхэд сав чухал гэж ярьдаг. Би нэг жил 13 айлаас 13 гүү авч байсан. Тэднээс гарсан адуу надад хурдалж байгаа. Түүнээс гадна “Макс”-ын Ганбаагийн Жигүүр хул, Таван цагаан гээд  хурдан азаргануудын төл хүртэл надад бий. Тийм учраас миний адуу ерөнхийдөө гайгүй, цус нь сайжирч, сэлбэгдэж байгаа гэж боддог.
-Та  2007 оноос хойш адуу  цуглуулсан. Одоо олон болсон байлгүй?
-Одоо 100-гаад адуутай л байна.
-Манай сэтгүүлээр дамжуулаад Дорноговьчууддаа, Хатанчууддаа мэндчилгээ дэвшүүлэх боломжтой?
-Ер нь аймгийн баруун урд тал сум, зүүн талд хурдны ялгаа байдаг. Зүүн тал нь арай илүү. Яг манай Хатанбулаг сум бол бүр дээд талаа ярих юм бол Сулинхээрийн нутаг юм. Сул хээр сул байж түрүүлдэг гээд л хоёр, гурван домог байдаг. Гэхдээ тодорхой хэмжээнд уяа сойлго нь, хурдлах нь завсардсан боловч сүүлийн үед сайхан хурдалж байна. Тухайлбал, улсад 11-ээр орсон  Жаргалсайханы алаг гэж хурдан азарга байгаа. Говь-Шанхад түрүүлээд,  Дундговийн бүсэд түрүүлсэн. Тэр хүн манай Хатанбулаг сумын уяачдыг нэлээн оройлж, залуучуудыг зориг зүрхтэй болгосон. Аймагт тэр хүн ирэхэд азарга нь гарцаагүй айрагт багтана. Тэгэхээр Жаргалсайхан шигээ Хатанбулагчууд маань энэ хүнээрээ тугаа хийж, энэ хүнээрээ манлайлуулаад олон сайхан уяачид төрж адууныхаа чанар чансааг сайжруулж, амжилт гаргахыг та бүхэндээ уриалж байна. Хурдан хүлгийнх нь босоо цагаан хийморь үеийн үед ивээж явах болтугай гэдэг ерөөлийг  Хатанбулагчууддаа зориулж айлтгаж байна.

А.Тэлмэн

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна