Өнгөнд барилдах шинэ цолтнууд

А.Тэлмэн
2014 оны 9-р сарын 03 -нд

Аймгуудын баяр наадамд өндөрлөж шинэ цолтнууд олноор “мэндлэв”. Зарим аймгийн наадмын талаар бөх сонирхогчид ам муутай байгаа боловч ихэнх аймагт шилдэг залуус цолд хүрчээ. Тэдгээр залуус хэний хэн болох, мөн энэ залуусын өмнө гаргаж байсан амжилтуудаас уншигчдадаа хүргэе хэмээн зорилоо.
1. Нацагсүрэнгийн Золбоо:
Монголын чөлөөт бөхийн хүнд жингийн шилдэг тамирчин. Өсвөр наснаасаа чөлөт бөх болон үндэсний бөхөөр барилдсан энэ бөх улсын заан Очирын Одгэрэлээр бөхийн эрдэм заалгаж байсан бөгөөд эдүгээ Их Богд дэвжээнд улсын харцага Даш-Очирын Батболдын удирдлагаар бэлтгэл сургуулилтаа базааж байна. Өнгөрсөн жил Баянхлнгор аймгийнхаа баяр наадамд 7 даван үзүүрлэсэн бол өнөө жил 8 даван түрүүлж аймгийн арслан болсон. Улмаар улсын баяр наадамд зодоглож улсын цолд нэрлэгдэж байсан а.х.а Б.Одгэрэл, шинэ аймгийн арслан Б.Гончигтавхай нараар 3 давж дөрвийн нугалаанд у.г Н.Ганбаатарт шороодсон билээ. Золбоо аймгийн цолд хүрээгүй байхдаа сумын заануудын барилдаанд тун сайн барилдаж олон удаа түрүүлж, үзүүрлэж, шөвгөрч байсан юм. Мөн улсын цолтны барилдаанд у.з Б.Соронзонболд, у.н Ц.Одбаяр нараар 3 давж байв. Аймгийн заан цолд хүрснээсээ хойш барилдааны ур чадвар илт өсч у.ав Г.Эрхэмбаяр, у.а П.Бүрэнтөгс, у.г Н.Ганбаатар, у.з Т.Санчир, Б.Соронзонболд нарыг улсын цолтны барилдаанд өвдөг шороодуулж цөөнгүй удаа бага дунд шөвөгт шалгарч, уран барилдааны шагнал хүртэж байлаа. Түүний хувьд хөлд орох, хөнтөрч суйлах, тавхайлдах, зайлах, дагуулж хавирах, дагуулж гуядах, хагалж цохих зэрэг мэхтэй цаашид сайн барилдах бүрэн боломжтой залуусын нэг. Өнөө жил бөхийн өргөөнд олон үзэгчийг өндөлзүүлэх болов уу.

2. Баярхүүгийн Бат-Өлзий: Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдаан Хөвсгөл аймагт болоход шөгнөлт 4 дүгээр байрт орж байсан тэрээр Шонхор дээд сургуулийг төгссөн. Говьсүмбэрт начин болсон Д.Энхболд, Баянхонгорт начин болсон Г.Жамбалдорж нар нэг анги. Өөрийн сургуулийнхаа барилдаанд анхлан сайн барилдаж эхэлсэн бөгөөд бөхийн өргөөнд сумын заан залуу бөхчүүдийн барилдаанд их сайн барилдаж үзэгч олны хараанд өртсөн билээ. Улмаар сумын заануудын барилдаанд түрүүлж, үзүүрлэж сайн барилдсан тэрээр өнгөрсөн хавар бүх цэргийн баяр наадмаар тав давж цэргийн начин болоод нутагтаа барилдаж харцага болсон юм. Намраас бөхийн өргөөнд болсон олон барилдаанд сайн барилдаж аймаг цэргийн цолтны барилдаанд олон шилдэг арсланг бярдан орхиж түрүүлсэн түүнийг бөх сонирхогчид Ховд аймагтаа өнөө жил түрүүлнэ хэмээн тооцож байсан авч үзүүрт Дарвийн Тайванд шороодож заан болов. Ховдын наадмын дараахан болсон Орхон аймгийн наадамд заан цолтой зодоглож мөн Ховд аймгийн харьяат, аймгийн заан Д.Бадамгаравтай үлдэн түрүүлж аймгийн арслан болсон билээ. Түүний үндсэн мэх шуудагнаас тойруулж татах, шуудагдаж мөргөөд буцааж эргэх, бярдаж мушгих, хөлд орсон хүнийг дугтарч зайлах. Ховд нутгаасаа тодорч буй хосгүй бяртай энэ бөх ирэх жилээс улсын цолд яригдах биз ээ.
3. Эрдэнэбатын Даш: Сумын заануудын барилдаанд дөрвөнтөө түрүүлж, улс аймгийн цолтны барилдаанд ч дөмөг барилдах болсон түүнийг бөхийн хорхойтнууд андахгүй сайн мэднэ. Бүх цэргийн наадмаар гурван хурц арсланг дараалан давж цэргийн харцага цолд хүрсэн бөгөөд аймгийнхаа баяр наадамд илүүрхэн түрүүлж аймгийн арслан болсон байна. Түүнд арал бяр, эрэмгий дайчин чанар, аль ч барьцнаас барилдах чадвар бий. Сэрвүү барьцнаас тахимдах, хөлд орох, хонгодох мэхийг даалгадаг бол лав барьцнаас татаж мордох, зүүн хавирах, хөмрөх, шахаж татах, тэвэрч өргөх мэхүүдийг даалгаж хийдэг. Өнгөрсөн онд бөхийн өргөөнд у.з Д.Баасандорж, у.н Ц.Одбаяр, Ч.Батчулуун нарыг шороодуулсан бол өнөө жил бүр илүү олон бөхийн өвдөглүүлж, үзэгч олноо баярлуулах болов уу.
4. Бальдаржамцын Тайван: Өнөө жил тун одтой наадаж Баян-Өлгийд зургаа давж харцага, Ховдод түрүүлж арслан болсон. Тун нягт, хийцтэй барилддаг энэ бөх улсын олон цолтныг шороодуулж байсан бөгөөд шинэхэн цолтойгоо барилдаад улсад гурав давсан билээ. Өнөө жил бөхийн өргөөнд тун сайхан барилдана даа.
5. Батцэнгэлийн Чимэдвандан: Өсвөр үед өнгөнд барилдаж байсан энэ бөх сумын заануудын барилдаанд хэд хэдэн удаа үзүүр түрүүнд шалгарсан. Мөн 18 насандаа аймаг цэргийн цолтны барилдаанд 3 арсланг дараалан давж мундаг гэдгээ харуулж байв. Тодорхой шалтгааны улмаас жил гаруй барилдаагүй тэрээр бөхийн өргөөнд эхэлж барилдсан барилдаандаа л үзүүр булаасан нь аргагүй сайны баталгаа болов уу. Тахимдах, хонгодох, шахаж татах, шуудагдаж түрэх дархан мэхтэй. Өнөө жил аймгийнхаа наадамд зодоглон түрүүлж арслан болжээ. Намраас бас л сайн барилдах залуусын нэг ээ.
6. Доржийн Анар: Жинхэнэ жүдогийн арга барилаар барилдана. Ачно, тохно, холоос мушгина, хөмрөнө, хутгана. Хэнийг ч давж мэдэх, хэнд ч унаж мэдэх энэ бөх өнөө жил аймгийнхаа наадамд тунаж барилдсаар арслан болсон байна. Их спортын бэлтгэлийг түлхүү хийж тэмцээн уралдаанд оролцдогоос тэр үү үндэсний бөхөөр төдийлөн барилддаггүй ч тогтмол барилдвал хэнээс дутахгүй барилдааны ур чадвар, уран мэх түүнд бий.
7. Бүрнээгийн Баянмөнх: Сумын заан цолтой бараг арван жил барилдсаны эцэст Баян-Өлгий аймгийн наадамд шууд түрүүлж арслан болов. Гэхдээ их залуугаасаа барилдаж, туршлага сууж, наадмын дэвжээ үзсэн түүнд боломж их бий. Мөн л жүдогийн тамирчин бөгөөд ардаа гаргасан хүнийг ч уран цэвэрхэн давдаг дархан мэхтэй. Ачна, тохно, хөмрөнө, хутгаад давхар тахимдана, хонгодно, шахаж татна. Сумын заануудын барилдаанд тун сайн барилдаж байсан тэрээр бүх цаг үеийн хамгийн олон шөвөг авсан сумын заан ч байсан байж магад. Заал танхимд олон цолтныг шороодуулсан тэрээр одоо цол дагаж бяр бүр олныг өвдөглүүлнэ ээ.
8. Бат-Очирын Гончигтавхай: Өнөө жили аймгийнхаа наадамд хийморь золбоотой барилдаж түрүүлсэн энэ залуу тун ч сийрэг, мөн зоримог сайхан барилддаг бөх өө. Мушгиж тонгорох, татаж хавирах, давхар хамах, өмсөх, хутгах мэхийг угсруулж уран сайхан барилдана. Мөн гараа дэвээ сайхантай. Өнөө жил улсын наадамд а.х.а Ш.Шинэбаяраар хоёр давж гурвын даваанд тунаад унасан. Цаашид аль ч барилдаанд сайн барилдах боломж дүүрэн бий.
9. Болор-Эрдэнийн Номиндалай: Аварга дээд сургуулийн чөлөөт бөхийн анги дүүргэсэн, ардын хувьсгалын 88 жилийн ойн баяр наадмын өсвөрийн барилдаанд түрүүлж байсан, Сүхбаатар аймгийнхаа баяр наадамд гурван жил дараалан даваа өгсөн шөвгөрч цолоо ахиулсан бөх. Хүний мэхийг хариулж, дагуулахдаа сайн, мэдрэмжтэй. Хонгодох, хутгах, татаж хавирах, мушгих мэхийг даалгаж хийдэг. У.г Ж.Бат-Эрдэнийг тун амархан хаясан энэ залуу заал танхимд сайн барилдах байх. Задгай талбайд хэрхэхийг цаг хугацаа харуулах биз ээ.
10. Авирмэдийн Хосбаяр: Өсвөр үеийн улсын аваргаас медальт байрт шалгарч гараагаа сайн эхэлсэн тэрээр бие хаа арал чац тун сайтай нэгэн. Бөхийн өргөөнд төдийлөн дээгүүр барилдаагүй ч ямар ч хүнтэй сайн барилдах бололцоо түүнд бий. Өнөө жил Говь-Алтайд барилдсан 512 бөхөөс 9 даван түрүүлж, хурц чимэгтэй арслан болсон байна. Цол нь хүчинтэй байвал тэр хэрээр дээгүүр барилдах болов уу.
11. Мухаалайн Баасанбат: Биеийн хийц тун уран сайхан бөх. Эрүү түүш томтой, өргөн сүрлэг мөртэй, урт гартай, хөл гарын үеүүд томтой гээд л бөхийн олон шинж түүнд бий. Дэвээ шаваа ч уран сайхан. Өнөө жил аймагтаа үзүүрлэж аймгийн заан болсон байна. Энэ бөхийн талаар дараа дэлгэрэнгүй мэдээлэл уншигчдадаа хүргэх болно.
12. Батбаярын Даваа-Очир: Өсвөр үеийн улсын аваргад тун сайн барилдаж байсан ч медальт байрт шалгарч байгаагүй. Харин залуучуудын улсын аваргад түрүүлж хэн гэдгээ таниулсан. Мөн Монгол бөхийг гиннест бүртгүүлэх барилдаанд тав давсан цөөн сумын зааны нэг. Тэр үедээ Даваа-Очир 18 настай байв. Мордох, гар ачих, хонгодох, хутгах мэхийг даацтай хийдэг, сугадсан барьц авсан байхад хэнтэй ч эн тэнцүү үзнэ. Өнөө жил аймгийнхаа баяр наадамд тунаанд үлдэж тун сайхан барилдсаар багшдаа амлуулж 7 даван аймгийн заан болсон билээ. Шуугиулах л залуусын нэг.
13. Лхагвасүрэнгийн Отгонбаатар: Жүдогийн шилдэг тамирчин, удам дамжсан хүчтэн. Төрсөн хоёр ах нь шилдэг аймгийн арслангууд. Өнөө жил Өмнөговь аймагт үзүүрлэж аймгийн заан болсон байна. Ирэх жилээс хоёр ахынхаа цолд хүрэх болов уу. Их л ирээдүйдтэй залуу даа. Бөхийн өргөөнд Э.Оюунболдыг хөмрөөд давсан барилдааныг нь бөхийн хорхойтнууд одоо ч санаж байгаа байх аа.
14. Дамдинпүрэвийн Бат-Эрдэнэ: Бөхийн хийц галбир сайхантай энэ бөх өнөө жил хоёр аймагт зургаалж хошой харцага болжээ. Хэнтийд Энхжаргалын Дарханбаттай тунан барилдаж зургаа давж харцага болоод аймагтаа Батын Даваадоржтой мөн тунаж зургаа давж баталсан байна. Хаалтын барилдаанд Батмөнх заантай барилдахдаа хэр өссөнөө бөх сонирхогчдод харуулсан даа. Дагуулж гуядаад, шахаж татаад байхад даваа олон бий Даниа Бат-Эрдэнэд.
15. Нурланы Мустафа:Өсвөр залуучуудад тун сайн барилдаж байсан энэ залуу өнөө жил аймагтаа үзүүрлэсэн байна. Улсын ямар ч цолтой бөхтэй шуудагдсан барьцнаас тэнцүүхэн үзчихдэг тэрээр Баян-Өлгийгөөс улсын цолд зүтгэх хүмүүсийн эхэнд бичигдэх л хүчтэн. Хоёр гартаа асар их бяртай гэдэг.
16. Чинзоригийн Эрдэнэсайхан: Өсвөр үеэс гараагаа эхэлсэн. Аймгийнхаа наадамд хоёр ч шөвгөрч цолоо баталсан нэмэх начин байв. Өнөө жил Ховд аймгийн наадамд а.з Д.Бадамгараваар 4 давсан хэдий ч тавын даваанд шинэ харцага Г.Энхбилэгтэй тунаж барилдаад унасан байна. Төрөлх аймагтаа барилдсан 512 бөхөөс тунан барилдсаар 8 даван үзүүрлэж арслан болжээ. Бөхийн өргөөнд улсын цолтны барилдаанд дунд шөвөгт үлдсэн удаа Эрдэнэсайханд бий.
17. Цэдэндоржийн Мөнхбаяр: Арал чац сайтай, нуруу урттай, шуундаа бяртай, татаж мордох, шуудагдаж татах мэхийг сайн хийдэг энэ залууд олон хүн итгэл тавьж байна. Өнөө жил аймагтаа түрүүлэх бөхийн тааварт орсон ч их шөвөгт шороодож харцага болжээ. Дараа жил дархан түрүүлэх болов уу. Бэлтгэл сургуулилтаа тун нямбай хийж, бөхөд сэтгэл зүрхээ зориулж явааг нь дэвжээнийхэн нь хэлдэг. Энэ залууг ихийн их ирээдүй хүлээж байгаа. Бөхийн өлгий Тэс нутгийн хүү дээ.
18. Пүрвээгийн Өсөхбаатар: Чөлөөтийн “чөмөгтэй” бөхчүүдийн нэг. Сумын заануудын барилдаанд тогтмол дээгүүр барилддаг энэ залуу чөлөөтийн 84 кг-ийн шилдэг тамирчин. Олон жил аймгийн цолд зүтгэсэн тэрээр өнөө жил аймагтаа зургаа давж харцага болсон байна. Хонгодно, хөлд орно, өмсөнө, хутгана, шуудагнаас түрж хөөнө, гарт эргэнэ, элдэвтэй шүү дээ.
19. Оргодолын Үйтүмэн: Мөн л чөлөөтийн шилдэг, П.Өсөхбаатарын “жинжав”. Үндэсний бөхөөр тийм ч олон барилддаггүй ч барилдахдаа тун дөмөг үздэг нэгэн. Улсын цолтны барилдаанд 3 давж явсан тэрээр өнөө жил аймагтаа түрүүлэх бөхийн нэг дугаарт нэрлэгдэж байсан а.з М.Даваасүрэнг хаяж харцага болсон байна.
20. Төрмөнхийн Бэгзсүрэн: Бөхийн галбир төрх, намба сайхантай тэрээр аймагтаа үзүүрлэжээ. Аливаа зүйлд амжилт гаргахын мөн чанар нь тууштай хөдөлмөр, үнэнч шударга зан байдаг хэмээдэг. Монгол бөхийн ёс жудгийг нандигнаж яваа энэ аралтай залууг монгол бөхийн дэвжээ ивээх биз ээ.
21. Навааны Хүрэлсүх: Тэсийн голын хүү. Аргагүй Тэс нутгийн хүү гэсэн шиг барилддаг даа. Хөмрөнө, гуядана, тонгорно, хутгана, өшиглөнө, суйлна. Бөх барилдах урыг улсын цолтонд Төрөөгийн Баасанхүү, сумын цолтонд Навааны Хүрэлсүх харуулсан. Одоо аймгийн цолтонд харуулах болов уу.
22. Энхжаргалын Дарханбат:Олон жил аймгийн цолд зүтгэсэн энэ бөхөд бөхийн авьяас үнэхээр заяасан гэлтэй. Бөхийн өргөөнд хэсэг барилдахгүй байгаад хөдөөнөөс ирснийхээ дараахан огт бэлтгэлгүй барилдаад шилдэг залуусыг хаяж шөвгөрч байв. Ер нь их сайхан сонгодог барилдаантай. Гуядах, суйлах мэхийг мөн ч уран хийнэ шүү.
Дээр дурдсан бөхчүүдээс гадна Өвөрхангайд хурцалсан Даваахүүгийн Цэвэлсодном, Сэлэнгэд хурцалсан Нэгдэлийн Жаргалбаяр, Өмнөговьд түрүүлсэн Пэрэнлэйжамцын Баярхүү, Төв аймагт түрүүлсэн Доржхандын Хүдэрбулга, Булганд түрүүлсэн Өрнөхбаярын Сүхбат, Дорнодод заан болсон Дашнямын Ариунмөрөн, Говь-Алтайд харцага болсон Тогтохмэндийн Сайханжаргал, Архангайд харцага болсон Цэнд-Аюушийн Цогт-Эрдэнэ, Төв аймагт харцага болсон Буянравжихын Энх-Очирхуяг, Ширнэндоржийн Алтангэрэл, Булганд харцага болсон Эрдэнэбилэгийн Энх-Амгалан, начин болсон Ганпүрэвийн Ганбаатар, Баянхонгорт начин болсон Ганзоригийг Жамбалдорж, Говьсүмбэрт начин болсон Доржпаламын Энхболд, Ховдын Гансүхийн Хишигбат, Одхүүгийн Очбат, харцага болсон Бадрахгэрэлийн Анхжаргал, Дорнодын Ганболдын Төрмөнх нарыг ч тооцооноос хасч боломгүй.
Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна