Аймгийн Алдарт уяач Д.Доржготов: Наранхүүгийн Монгол хээр, Бат-Эрдэнийн хүрэн морь манай адууны угшилтай

А.Тэлмэн
2014 оны 12-р сарын 25 -нд

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын хийморилог уяачдын нэг аймгийн Алдарт уяач Д.Доржготовын ярилцлагыг хүргэж байна.

-Эцгийн голомтыг сахин, үйлийг нь үргэлжлүүлж буй отгон хүүтэй нь уулзах сайхан байна. Дамба Манлайн хөвгүүдээс хэд нь уяа эвлүүлдэг юм бэ?
-Зургаан хүү нь бараг бүгд уяна даа. Түүнээс цол хэргэмд хүрсэн нь Борхүү ах, Очирваань ах бид гурав юм. Ууган ах Борхүү маань Монгол улсын Манлай хүлэгч, аймгийн Алдарт уяач цолтой. Одоо 60 гарсан буурал бий. Харин Очирваань ах маань сумын Алдарт уяач цолтой, аймгийн сайн малчнаар шалгарч байсан. Миний дээд талын ах Гочоо мөн л буянт малынхаа шимийг хүртсэн малчин хүн. Хоёр дунд ах минь хоёулаа төвд амьдардаг ч морь мал бас уяна аа.
-Таныг ааваасаа салдаггүй хүүхэд байсан гэдэг юм билээ. Магадгүй тиймдээ Манлайн уяаны арга барил, адуу таних шинжих эрдмийг илүү ойроос мэдэх болов уу хэмээн таамаглаж байна?
-Би энэ айлын отгон хүү. Айлын бага дээр нь аавын минь чих хатуураад юм сонсох нь муудаж, би хэлмэрч хийдэг байсан юм. Хурал зөвлөлгөөнөөс эхлээд амьтан ах дүүстэй уулзсан ч би хамт явж хэлмэрчилнэ. Тиймээс аавынхаа бодож санаж явдагийг илүүтэй мэднээ. Эргээд бодоход аав маань адуу гэдэг амьтныг үнэхээр мэддэг байсан. Адууг махбодоор нь ярина. Усан махбодтой адууг зун уявал илүү давхина. Гал махбодтой адууг өвөл уяхад сайн. Бээрдэггүй, даардаггүй. Зооны бариатай адууг өвөл уяхад бариа  нь буудаг юм шүү дээ гээд л хуучилна. Тэр ч бүү хэл ийм хэлбэр хийцтэй гүүг тийм азарганд хураалгавал тиймэрхүү унага гарна гэдгийг хүртэл бидэнд хэлж  сургадаг байлаа.
-Нэг үед азарга нэлээд цуглуулсан юм билээ?
-Тэгсээн. Гэхдээ сүүлдээ биднээр гүү их авахуулдаг болсон. Авчирсан гүүнүүдийг харж байгаад аль азарганд хураалгахаа шийднэ. Аав, Борхүү ах хоёр ганц шөнийн хоолыг гарамгай тааруулдаг улс. Зүүн гурван аймаг, залгаа хэдэн сумдадаа яригддаг л хүмүүс. Нэг жишээ ярья л даа. Дээхнэ үед чинь адууны хоолыг их хасдаг, хөнгөн хоолтой мордуулдаг байсан шүү дээ. 1983 онд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 60 жилийн ойд манай азарга түрүүлсэн. Би энэ наадамд зээрд азаргаа унаж түрүүлээд, отголж байсан юм. Аав азаргаа цаг 30 минутын хоолтой л мордуулсан. Тэр нутгийн хүмүүс харчихаад “Дамба энэ азаргыг алах нь” гэж яриад бүр эзэнд нь очиж хэлж байсан гэдэг. Нутаг ус минь бэлчээр муутай, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутагт манайх оторлож байхад нутаг усаар хавчиж хөөн, нэгдлийн даргын гарын үсэгтэй бичиг хүртэл ирдэг байсан юм. Харин зээрд азарга түрүүлсний дараа “худ ургийнхаа азаргыг түрүүлгэж сум орон нутгийн нэрийг гаргалаа, таныг энэ нутгаас дахиж хөөхгүй” гэж сум нэгдлийн дарга Батсүх гэдэг хүн баярлан, хүлээж авч уулзахдаа хэлж байсныг би тодхон санаж байна. Мөнххааны 60 жилд олон хурдан азарга уралдаж, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Чалаа хонгор, Даржаа хонгор, Очирхуягийн алаг, орос Дугаржавын цагаан зэрэг нэртэй хурдан азарганууд уралдаж айраг, түрүүнд орж чадаагүй юмдаг.
-Хүний азарга байсан юм уу?
-Манай дунд ахын хадмынх нь азарга байсан юм. Аав гурван жил уяхдаа дандаа түрүүлгэж байсан адуу л даа. Тэгсэн хүмүүс Дорж гуай дээр очоод “Дамба чиний азаргыг уяж хоночихоод өглөө үүрээр цаг 30 минут идүүлчихлээ. Чиний азаргыг алах нь” гэж хэлсэн байдаг. Зарим нь бүр Дамба шар Доржид өстэй байх гэцгээж байсан гэдэг. Гэсэн ч зээрд азарга маань Мөнххааны ойд түрүүлж, дараа жил нь буюу 1984 онд Түвшинширээгийн наадамд очоод мөн түрүүлсэн. Наадмын урьд шөнө уяж хоноод, өглөө уралдахаас нь өмнө 30 минут идүүлж мордуулаад тасархай хол түрүүлгэж байлаа. Миний аав ийм л гарамгай уяач байсан. Ер нь аав адууг их турааж уядаггүй, тарган ирийг нь маш сайн тааруулдаг хүн байсан.
-Тарган адуу хутаг суух, бэртэх гэмтэх нь амархан гэлцдэг?
-Аав “Би адуу эцээж чаддаггүй хүн. Эцэнхий адуу харахаар эвгүй санагдаад байдаг юм. Би ч муу уяач даа, эцэнхий адууг уяж чадахгүй байх” гэж хошигнодог байсан. Уяа нь зөв, ир нь орсон адуу тарган байсан ч хөл гараа авна гэж байдаггүй байх. Би бас нэгэн үе хүмүүсийг дуурайгаад эцэнхий уях гэхэд аав “чи ингэж уях юм бол адуу ална шүү. Нарийхан тавибал адуу ална. Эцэнхий адууны ирийг олно гэдэг нарийн ажил гээд. Тарган адуу нэг удаа ирийг нь тааруулж чадахгүй бол дараагийн уяан дээр таардаг. Харин эцэнхий адуу тэгээд л мултарна” гээд зэмлэж байсан удаатай. Аав адуугаа тарган уралдууллаа гээд ганц адуу доголгож үзээгүй. Манай адууны нэг онцлог нь ул тавагны хөндүүр суудаггүй. Аяга хөмөрчихсөн юм шиг тавагтай, бахим бүдүүн талдаа шүү дээ. Аав маань олон жилийн хөдөлмөрөө зориулж, ийм тэсвэртэй адуу гаргаж чадсан.Пунцагбалжир агсан нэг удаа ирж, нэлээд хэдэн адуу авсан юм. Тэгэхдээ “Дамба гуайн адуунд нэг азарганы төл дөрвөн азарга байна. Эдний адуу сөнөх нь ээ” гэж байсан. Тэр үгийг нь дуулчихаад би гаднаас хоёр, гурван азарга авах гэж оролдоод чадаагүй юм.
-Яагаад?
-Аав “Би адуугаа чиний энэ насанд хүрэхээр хэмжээнд сайжруулсан. Чи хамаагүй цусаа солиод байвал энэ цуглуулсан адууныхаа уяаны  арга барилыг олж чадахгүй байсаар дуусна. Манай адуу өөрийнхөө цусанд илүү давхина шүү” гээд зэмлэсэн юм. Аав маань Банди, Тайж, Адилаа, Орлой, Донир, Ширээтийн цагаан  зэрэг халхын хурдан буянгуудыг цуглуулж, өөрийн гэсэн угшил бий болгоод түүндээ тохирсон уяаны арга барилтай болсон юм билээ. Аав нутаг усныхандаа  ч гэсэн “их цус солих ер нь дэмий юм билээ” гэж ярьдаг байсан. Тэр нь сайжруулах гэж байгаа нь энэ гээд сайн адуунд  муу цус оруулах  дэмий л гэсэн үг байсан болов уу.
-Манлай адуугаа хэд дэх үед нь цусанд нь буцааж оруулдаг байсан юм бэ?
-Хоёр, гурав дахь үед нь эргүүлээд өөрийнх нь цусанд оруулдаг байсан. Аав адуугаа сайжруулъя гэвэл гүү л ав гэдэг байсан болохоор би гүү нэлээдийг авсан шүү. Хэнтийн Галшар, Баянхутаг руу оторт явж байхдаа тэндхийн сайн азаргануудын төл байдсуудыг авч байлаа. Аав маань бурхны оронд одоод арваад жил болчихлоо. Бас чиг адуугаа жаахан сайжруулъя гэдэг үүднээс би цөөн тооны азарга авсан. Тогоруу угшилтай хонгор халзан азаргыг Завхан аймгийн харьяат Доржготов гэдэг хүнээс авсан. Мөн Бор-Өндөрийн Мөнхбат гэдэг залуугаас даагандаа гурав айрагдсан цэвэр Будённый үүлдрийн зээрд халзан азарга авсан. Бас манай нутгийн Түдэвийн будангуудын угшилтай хээр халзан азарга, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат “Малын” хэмээх Пүрэвжаваас Мэнгэт хүрэнгээ, Асгат сумын Нямдоржоос хонгор будан азарга авсан. Тэдний маань үр төл одоо сайхан давхиж байна даа.
-Цөөн ч биш юмаа, танайх адуу олонтой юу?
-Аав минь ах дүү бидэнд үлдээсэн 20-иод азарга буюу 700-800-гаад адуу бий.
-Манлайн адууг сонирхох хүмүүс цөөнгүй байдаг байх. Наймаа арилжаа хэр хийж байна?
-Хурдан халзан азарганы маань төл хонгор халзан азарганыхаа төрсөн дүүг Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат Батбаатар гэдэг хүнд зарсан. Тэндээ очоод их хурдалж байгаа гэнэ лээ. Энэ жил гэхэд баруун бүсийн наадамд айрагдсан. Мөн та бүхэнд сонирхуулаад ярихад одоо ид хурдалж байгаа Наранхүүгийн Монгол хээр, Бат-Эрдэнийн хүрэн морины удам угшлыг нарийн хөөвөл манай адууных болж таардаг.
-Сонин л юм байна. Тэр тухайгаа дэлгэрүүлээч?
-Аав маань Бага хүрэн азарганыхаа төл хүрэн азаргыг Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын харьяат Дорждэрэм гэдэг хүнд бог малаар арилжсан байдаг юм. Тэр хүрэн азарга олон хурд төрүүлж, түүний үр төлүүд нь хурдалсаар байсны нэг нь Монгол хээрийн эцэг юм. Бат-Эрдэнийн хүрэн морины тухайд бол эх эцэг талаасаа манай хүрэн азарганы цустай адуу юм билээ. Хүрэн морины эцэг тал нь Монгол Улсын Алдарт уяач Шунуугийн зээрд азарга. Энэ зээрд азарганы эцэг нь Дорждэрэм гуайд зарсан манай их хүрэн азарга. Эх тал нь Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уран хэмээх Монхооровын адууны ногоон гүүнээс төрсөн юм билээ. Энэ ногоон гүү манай Бага хүрэн азарганы угшилтай. Ингэж үзэхээр хүрэн морины дээд угшил нь эцэг, эх талаасаа манай аавын зарсан хоёр азарганы цустай болж таардаг. Ер нь манай Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын гурван тайжийн адуу Сүхбаатарын адууг их сайжруулсан. Одоо хурдалж байгаа айлуудын адууг судлахаар ямар нэгэн байдлаар Тайж, Банди адууны цус орсон байдаг.
-Доржготов Алдартын нэрийг дуурсган хурдалж байгаа ямар, ямар хурдан буян байна?
-Халзан азарганы маань төл хоёр халзан азарга сайн давхиж байна. Нэг халзан нь Улсын наадамд 17-д давхиж байсан. Хэнтий аймгийн наадамд тавласан. Алтан овооны наадамд очиж долоолсон. Түүнээс гадна Дэлгэрэх сумын болон ойр хавийн бэсрэг наадмуудад олон айрагдаж, түрүүлсэн дээ. Ер нь миний унаган адуунууд хаана ч очоод наадсан айраг амсуулчихаад л байдаг юм.
-Алдарт аавынхаа арга барилаар л уях уу?
-Тэгнээ. Би чинь мориноос хасагдаад л аавыгаа дагаж  уяаны эрдэмд суралцсан хүн. Аавынхаа л арга барилаар уяна. Ааваасаа хойш нэг жил өнжилгүй морь уяж байна. Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Төв зэрэг аймгуудын сумдаар наадаж, айраг түрүү олныг авсан. Аав маань Манлай уяач цол хүртснээс яг 10 жилийн дараа би аймгийн Алдарт уяач цол авч, ихээхэн бэлгэшээж байлаа. Сумынхаа хаврын уралдаанд хүний өөрийн морь уяж, гурван түрүү, нэг айраг, нэг аман хүзүү авчихаад нутаг ус, аав минь харж ивээлээ хэмээн баярлаж аавдаа зориулан “Хийморь дуудсан хүлгүүд” нэртэй сайхан дуу хийлгэсэн. Шүлгийг нь би өөрөө бичээд, хөгжмийн зохиолч Чулуун гуайгаар аяыг нь хийлгэсэн. Хараахан дүрсжүүлж амжаагүй л байна. Удахгүй дүрсжүүлж, моринд дуртай түмнийхээ мэлмий, сонорыг мялаана аа.
-Санасан бүхэн тань сэтгэлчлэн бүтэх болтугай. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморь та бүхнийг өнө мөнхөд ивээж явах болтугай.

"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна