Аймгийн Алдарт уяач С.Нямдаш: Самдангийн боруудын удам одоо ч гэсэн хурдалсаар байна

А.Тэлмэн
2015 оны 2-р сарын 13 -нд

Дорноговь аймгийн Мандах сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Нямдашийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.

-Мандах, Сайхандулаан сумдын уяачдаас “Самдангийн боруудын угшилтай” гэх үгийг олонтаа дууллаа. Өөрийн гэсэн бэсрэг угшил бий болгож хурд цуглуулсан аавын тань талаар яриагаа эхэлбэл ямар вэ? 
-Таатай байлгүй яахав. Би олноо “хөл” Самдан хэмээн алдаршсан энэ агуу уяачийн өргөмөл хүү нь байгаа юм. Би 1945 оны тавдугаар сард Өмнөговь аймгийн Манлай суманд төрсөн юм билээ. Яг тэр үеэр өвгөн /аавыгаа хэлж байгаа бололтой/ “Морины хүүхэдтэй болмоор байна” гээд сураглатал манай ээжийн дүү “Өдрийн богинод нэгийг, уртад хоёрыг гаргадаг манай нэг эгч бий. Чи тэрнээс хүүхэд ав” гэсэн юм гэнэ лээ. Тэгээд л хэлсэн ёсоор нь дүүг нь дагуулаад морьтой давхиад очиж. Тэгсэн нэг настай хөгшнөөс өөр хүн байдаггүй. Хүүхэд байна уу гээд харсан чинь баруун өмнө хөдөс хөдөлж байсан гэдэг. Санаа амраад хүлээж байтал удалгүй ээж хониноос ирж, өвгөн ч хадгаа бариад “хүүг чинь үрчилж авъя” гээд угтаж. Тэгтэл нөгөөх нь “Мээмэд өгөхгүй юу” гэж байна гэнэ. Тэгсэн тэртээ орон дээр байсан эмгэн “чи авахгүй юу. Ав тэрийг нь гээд” зэмлэсэн манай эх хадгийг нь авсан гэдэг. Тэгээд л хэд хоногоос ирж авна гэж тохироод сарын дараа  ирж авсан юм билээ. Тэр үед одоотой адил машин тэрэг байх биш үйлний модон дээр тавьж өвөртөлчихөөд ирж байсан юм гэнэ лээ.
-Сар гаруйтай улаан нялзрай амьтныг тэр хол газар мориор аваад ирж байгаа хэрэг үү?
-Тэгэлгүй яахав. Манлай, Мандах хоёрын хооронд 100-гаад км зайтай. Бодвол хүүхдийнхээ голыг зогоох сүү авч явсан байлгүй. Ямар ч байсан зам зуур айлаар бууж хуурайлаад ирж байсан гэдэг юм билээ. Мандахын баруун хойно Толийн рашааны өмнө Эрдэнэ-Очирийн эцэг Батдоржийнх байсан.Тэднийд нэг хоноод ирж байсан гэдэг.
-Бас л бөх зүрхтэй байна шүү?
-Манай эцэг насаараа хүнтэй суугаагүй хүн.
-Тэгээд таныг өөрөө хүн болгосон юм уу?
-Төрсөн эгчтэйгээ хоёул амьдардаг байсан. Эгч нь ч бас хүнтэй суугаагүй. Тэгээд тэр эгч нь намайг хүн болгосон доо хөөрхий. Надаас хойш нэлээд хэдэн жилийн дараа бас нэг хүүхэд өргөж авсан одоо 53-тай хөгшин бий. Би 66-тай. Бид хоёр хоорондоо 13 насны зөрүүтэй. Манай эцэг эгчээсээ бас 13 дүү. Юм гэдэг сонин шүү. Манай тэжээсэн эх  94 хүрээд 1999 онд бурхны оронд одож жилийн дараа өвгөн 82-той өнгөрсөн дөө. Би яагаад энэ бүгдийг ярьж байна вэ гэхээр Самдан гэдэг бол монголын хурдан морины түүхэнд эрхгүй дурсагдах учиртай хүн. Тийм хүний намтар түүх үнэн байх учиртай.
-Их уяачийн голомтонд өссөн хүү эрдмийг нь өвлөө байлгүй?
-Дүүгээсээ олон насны зөрүүтэй болохоор би ер нь их эрх дураараа өссөн хүн. Айлын ганц хүү гээд аав их эрхлүүлдэг байсан. Гэсэн ч морь унах, уяж сойх тал дээр бишгүй ихийг сургасаан хөөрхий. Ах нь нэг зүйлд жаахан сэтгэл дундуур явдаг. Манай өвгөн амьд сэрүүн ахуйдаа аймгийн Алдарт цолоо авч чадаагүй. Өнгөрсөн хойно нь нөхөж олгосон. Одоо дүү хөгшнийд тууз, малгай хоёр нь  байдаг юм. Өөрийнхөө уясан морийг түрүүлгэж айрагдуулах гэж бус адуугаа сайжруулахын төлөө нэг насаа зориулсан хүн. Сайхандулаан, Мандах зэрэг сумд болон цаашлаад говийн хэдэн аймгаар тарсан олон бор адууг бий болгосон хүн бол яахын аргагүй мөн. Сүүлийн үед хүмүүс бор адууны сайныг нь мэдчихээд их шохоорхдог болсон байна.
-Хурдан борууд хэрхэн бий болсон. Суурь нь хаанахын адуу болох талаар хуучлаач?
-“Хараалт” хэмээх  Лувсандорж гэж өвгөн байлаа. Манайхыг Өндөршилээс нүүж явтал тэдний хамар цагаан харагч гүү манай адуунд ирж нийлчихээд салдаггүй. Их сайхан өндөр гүү байсан юм.
Манай өвгөн “энэ хэний гүү вэ” гээд сураглатал Лувсандорж гуайнх болж таараад хэл өгч, хоёр ч удаа аваад явсан, буцаад гүйгээд ирсэн юм. Өндөршилийн Цэрэнчомбо гэж морь сайн уядаг хүн байлаа. Аав тэр өвгөнөөс хөгшин хул азаргыг нь худалдан авч, энд тэндээс авчирсан угшил сайт гүүнүүдээ хураалгасан юм.  Манай өвгөнийг хүмүүс “хөл” Самдан гэдэг байсан. Тэр нь олон хөлийн газраар явдаг гэсэн утгатай нэр л дээ. Өвгөн тэгж явахдаа Төв аймгаас хүртэл гүү авчирч байсан юм билээ. Тэднийгээ нөгөө хул азарганд хураалгасан.  Мөн дээр ярьсан хамар цагаан харагч гүүг хул азарганд хураалгасан юм. Харагч гүүнээс эр унага гараагүй, харин гурван охин харагч унага гарсан. Аав  бага харагчийг нь өөрийнх нь морийг унадаг байсан Чулуунбаатарынхаа хүүд өгөөд  том, дунд хоёр нь өөрт нь үлдсэн. Тэгээд Өндөршилийн Гүрийн улааны адууны төл, хашин загал азаргыг морь мал уядаггүй Хайдав гэдэг хүнээс 75 төгрөг, хоёр хониор авч хоёр харагч гүүгээ  хураалгасан юм билээ. Тэгээд өөрт үлдсэн бага харагч гүүнээс Тайваны бор, хамар цагаан бор азарганууд гарсан. Том харагч гүүнээс нь дандаа охин унага гардаг байсан. Харин тэдгээр төл гүүнүүдээс нь нэг хэсэг олон бор морьд гарсан даа.
-Дүү Чулуунбаатарынхаа хүүд өгсөн харагч гүүний төлүүд хэр давхисан бэ?
-Өндөршилд Сосорын хүрэн гэж алдартай хурдан азарга гарсан. Ерөнхийдөө Тайваны бор, хамар цагаан бор азарганууд их хурд тарьсан. Тэдний үр төлүүд одоо ч гэсэн хурдалсаар байна.
-Хоёр бор азарга нэгэн үе хурдалж байсан гэх юм билээ?
-Тиймээ. Нартайхан өдөр байвал Тайваны бор нь түрүүлдэг. Хүйтэн эсвэл бороотой байвал хамар цагаан бор нь түрүүлдэг байсан гэдэг. Тайваны бор азарга гарсан чигээрээ явчихдаг бол манай хамар цагаан бор азарга хамгийн сүүлд шахуу гараад газар ахих тусам хөлс нь гараад урагшилж байдаг адуу байсан. Мандахт нэгэн үе хоёр бор алдартай байсан даа. Тэдний үр төлүүд одоо ч гэсэн сайхан давхиж байна. Тээр жил Мандахын наадамд очоод харж байтал манайхны боруудын угсааны есөн  бор азарга мордож, нэлээд айрагдсан шүү. Хүмүүс Гүр адуу гэдэг. Би хувьдаа Самдан адуу гэж хэлэх нь зүйтэй гэж боддог. Яагаад гэвэл Самдан гэдэг хүн Гүр адууг өөр бусад адуутай хольж сүлж нэгэн угшил бий болгосон. Гүр адуу гээд байгаа нь уралдаж байгаагүй хашин загал азарга шүү дээ. Загал азарга өөрөө уралддаг байгаагүй. Түүнийг сайн угшилтай гүүтэй эвцэлдүүлж байж гарсан төлүүд нь давхисан. Өөрөөр хэлбэл Самдан гэдэг хүн уяачийнхаа хувьд азарга гүүний тохироог сайн тааруулж, үржлийн зөв бодлого баримталсан учраас хагас зуун жил шахуу хурдалж байгаа хурдан адуунууд төрсөн байна.  Одоо гайгүй давхиж байгаа адуунуудыг судлаад үзэхээр манай боруудын цус холилдоогүй  байх нь ховор. Эцэг эх талыг хөөж байтал ямар нэг байдлаар борын угсааных болж таардаг. Ноднин Сайхандулаанд хурдан цагаан морь байна гэж яригдаад “хаанахын адуу юм бол гэсэн чинь зүүн чигийн адуу юм болов уу” гээд байсан. Гэтэл би хамар цагаан борын угсааны нэг бор гүү Сайханы хойд талд хүнд өгсөн байсан тэрний үр төл болоод явчихсан. Бор адуунууд ингэж олон үе дамжин хурдалж байгаад баярлаж, өвөг дээдсээрээ бахархаж явдаг юм. Өндөршилийн харьяат аймгийн Алдарт уяач Зандансүрэн гэж хүнд би айл гэр болоод тусдаа гарсан хойноо сайхан эр загал унагатай загал гүү өгсөн юм. Зандансүрэн бид хоёр их найзууд. Бие биенийхээ адуугаар ороод авъя гэснээ авдаг. Үнэ өртөг гэдэггүй сайхан нөхөрлөдөг байлаа. Тэгсэн манай өвгөн, “хүү минь загал гүүгээ яасан юм гэж байна. Зандансүрэн авъя гээд байхаар нь өгчихсөн” гэтэл “за яахав, чи найздаа сайн юмаа өгөлгүй яахав, хүнд муу юм өгч болохгүй. Гэхдээ өөрт юм үлдүүштэй л байдаг юм. Чамд ганц хэрэгтэй юм гаргаж өгөх нь тэр загал гүү байсан юм даа” гэж байсан. Нээрэн ч өвгөний хэлсэнчлэн загал гүү найзад маань хурдан загал азарга гаргаж өгсөн.
-Тайвангийн бор, манай бор гэж ялгах юм. Тайван гэдэг нь...? 
-Манай өвгөний Рэгзэн гэж хүн байсан. Аав найздаа бор азарга  өгөөд нөгөөдөх нь Гавьяат нэгдэлчин Тайванд дамжуулахгүй юу. Тэр нь Тайваны бор гэж хурдан азарга болсон. Хоёр борын эх харагч гүү ердөө дөрөвхөн унагалсан. Сая яриад байгаа хоёр бороос гадна  бас дахиад нэг бор азарга байсан. Тэр нь эрүүгээ хугалуулчихаад уралдаж чадаагүй. Харлаг гүүний отгон төл хамар цагаан хонгор морь залуудаа нэлээн аятайхан уралдаж, суманд хэд хэд айрагдсан.
-Самдан гуай танд боруудынхаа төлөөс, хүүдээ мэдээж өмчинд өгсөн байлгүй?
-Өгөлгүй яахав. Хамар цагаан борын төл бор азаргыг өгсөн. Яг жинхэнэ гал үр нь. Бас нэг бор морь өгсөн. Авьяа цавьдар гэж Өндөршил угшилтай цавьдар азарга өгсөн. Үндсэндээ бор адуу, цавьдар адуу хоёр хоорондоо ороход ямар ч байсан цус нь ойртохгүй. Борынхоо гүүг цавьдартаа тавиад гарсан хүрэн азарга гарсан. Тэр нь хожмоо Өвгөн хүрэн нэртэй болж, төл бага хүрэн азарга нь 2011 онд Дундговь аймгийн 70 жилийн ойд аман хүзүүдсэн. Дундговь аймгийн Адаацагийн буурал азарга түрүүлж, Наранхүү Ландаар байлав даа. Тэгэхэд би Ландны үзүүрээс бариад л алдчихсан. Хүрэн азарга төхөөрөмжинд орж үзээгүй. Раашийн буурал азарга төхөөрөмж рүү дайрснаас болж нөгөөх нь ойчоод миний хүрэн дээгүүр нь гардаггүй. Тэгсээр байгаад  100-гаад азарга гарсан хойно гарсан. Мөн манай боруудын угшилтай цагаан морь “Говьшанхын хурд”-д гурвалсан.
-Хэдэн оныход нь вэ?
-1999 оны анхны “Говьшанхын хурд”-д манай нутгийн миний хуурай хүү Энхбаатар уяж гуравлуулж байлаа. Энэ цагаан морь бол манай хамар цагаан борын төл байгаа юм. Энхбаатар тэр цагаан мориороо сайхан наадаж, аймгийн Алдарт уяач цол авсан.
-Та хоёр аавынхаа хурдан боруудын удмыг хэрхэн сэлбэж байна даа?
-Манай өвгөн амьд сэрүүндээ надад “миний хүүгийн адуу цус холилдож болсоон. Гүүнээс л төл гардаг юм шүү. Аятайхан хэдэн гүүтэй бол” гэж захиж байсан юм. Би чинь нэгдлийн адуу 27 жил малласан хүн. Аймгийн аварга адуучин, мянган унаганы эзэн болж, 100 гүүнээс 109 унага бойжуулж магтагдаж явлаа. Гүр, Авьяа гаралтай хэдэн хүрэн адуу нэлээн өсгөсөн. Сүүлд хүрэн адууныхаа цусыг холдуулж Дундговийн Дэрэнгийн Цэлхээгийн Бямбасүрэн гэж гүү авсан. Хүрэн адуу өсгөж, түүгээрээ аймгийн Алдарт уяач цолны болзлыг хангасан даа. Миний өдий зэрэгтэй яваа нь манай өвгөний л ач. Манай өвгөн морийг их зөөлхөн, сайхан уяна. Эхний арваад хоног моринд ажил хийхгүй шахуу. Эхэлж биенийх нь хөндүүрийг гаргаж байж бага багаар ажил хий гэдэгсэн.
-Өдгөө таны үр хүүхдүүд удам залган уяа эвлүүлж буй биз?
-Би гурван охин, нэг хүүтэй. Манай өвгөн миний хүүд жигтэйхэн сайн байж билээ. Миний хүү сайн хүн болно л гэнэ. Хүү ч өвөөдөө сайн. Агаа гэж дуудна. Өвөөгийн харж байсанчлан хүү маань морь уянаа. Бас барилдана, аймгийн начин цолтой.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Танай гэр бүлийнхнийг хурдан тууртын босоо цагаан хийморь өнө мөнхөд ивээг.

"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна